Агаарын долгионоор
“Алтан намар” дуу хангинаад ирэхээр л намар хэдийнэ эх нутагт минь айлчилсныг тодхон
мэдэрнэм. Энэ мэдрэмжийг сэтгэл зүрхээрээ мэдрэх болоод удсан Монголын радиогийн
тоймч, “Ургацын далай” нэвтрүүлгийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөртэй уулзаж хөөрөлдлөө.
-Монгол орны маань
намрын ургацын байдал ямаршуухан байна. “Ургацын далай” нэвтрүүлгийн гол хөтөч маань
сайн мэдэж байгаа даа?
-Монголын газар тариалангийн
салбарт зарим хүний хэлж байгаагаар сүүлийн хориод жилд тохиолдоогүй байгалийн ширүүн
уур амьсгал нөлөөлж, тариа ид боловсрох үед гантай байснаас улсын хэмжээнд ургацынхаа
тавин таван хувийг авах тооцоотой байна. Үрэндээ аваад, хог хаягдлаа тооцоод, гурил
үйлдвэрлэлд нэг зуун мянган тонн улаан буудай л авах болж байна л даа. Энэ жилийн
хувьд агротехнологи, цаг агаарын хүчин зүйлээ тооцоолсон тариаланчид харьцангуй
гайгүй ургац авах төлөвтэй байгаа. Сайн чанарын уриншид тариалсан талбай гайгүй
ургасан. Арван центнер авах газраас долоо найман центнер авах шинжтэй байна. Өнгөрөгч
долоо хоногт газар тариалангийн гол бүс Дархан, Хонгор, Сэлэнгийн Цагааннуур зэрэг
газарт ажиллаад ирлээ. Харж байхад Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний
хүрээлэнгийн гаргасан монгол орны хуурайшилттай нөхцөлд тохирсон богино болцтой
“Дархан-144” сортыг тарьсан талбайгаас боломжийн ургац авахаар ургасан байна. Ийм
сайн чанарын сортуудыг Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд нийлүүлэхгүй бол
болохгүй нь гэдгийг сануулсан зүйл болж байгаа юм.
-Үүлийг цаг
тухайд нь буудаж амжаагүйгээс ган боллоо гээд тариаланчид нэлээд бухимдах шиг
болсон. Ган гачиг ч газар тариаланд ёстой л халгаатай эд юм даа?
-Пуужингийн нөөц
нь дууссан байсан гэсэн. Буудах нөхцөл нь бүрдээд зургадугаар сарын эхээр буудсан
бол хамаагүй нэмэртэй байх байсан. Үүлгүй хоосон тэнгэр рүү буудаад ямар ч
нэмэргүй шүү дээ. Энэ жил техникийн тохиргоог сайн хийхгүй бол болохгүй жил юм.
Удаан, намхан тохиргоонд тааруулж ажиллавал ургасан жаахан буудайгаа боломжийн
авчихмаар янзтай. Будааны чанарын хувьд жин багатай ч цавуулаг сайтай байгаа нь
анзаарагдсан.
-Агаарын долгионоор
“Ургацын далай” дуу яваад ирэхээр нарийн хялганын орой намилзаад ирэх шиг санагддаг.
Таны хувьд намрын тухай ямархан мэдрэмж төрж эхлэх вэ?
-Монголын радиогоор
энх улирал ханхлахад “Таван эрдэнэ” дуу яваад ирэхээр “Хавар эхэллээ” гэсэн мэдрэмж
төрж, “Ургацын далай” хангинаад эхлэхээр “За намар боллоо доо” гэж монгол хүн бүхэн
ойлгодог. Ингэж л хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Анхны редактор Дэндэв
гуай “Ургацын далай” дууны үгийг бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Чимэддорж
гуайг “Оргил” амралтад амарч байхад З.Далхжав гуайгаар өгч явуулж, нэг шөнийн
дотор дуутай болж байсан нэвтрүүлэг. Зориулсан дуугүй байхад яруу найрагч
Б.Явуухулан, Ц.Гайтав гуай нараар дөрвөн шүлэг зохиолгоод л тухайн үед нь нэвтрүүлгийнхээ
өмнө уншуулаад явдаг байсан байгаа юм.
-Та “Ургацын
далай”-тай амьдралаа холбоод нэлээд удсан байх аа?
-“Ургацын далай” хэмээх
энэ сайхан буянтай нэвтрүүлгийн алтан тоостой микрофоныг Монгол Улсын соёлын гавьяат
зүтгэлтэн, “Монголын радиогийн бүдүүн дуут” хэмээн олон түмэндээ алдаршсан зохиолч,
сэтгүүлч Базарын Цэдэндамбаа багшаасаа хүлээж авснаас хойш хорин гурав дахь намраа
угтаж байна даа. Хори шарайд Базарын Цэдэндамба хэмээх хаа холоос дуу нь
сонсогдох энэ хүнийг нэгэн үе танихгүй монгол нэгээхэн ч үгүй байсан даа гэж
санадаг юм. Ямартаа л Монголын радиогийн “бүдүүн дуут” гэх вэ дээ. Багш маань
тэнгэрийн орноо залраад хоёр ч жил болж байна. Наадмын маргааш намар гэж монголчууд
бид сүрхий онож хэлсэн шиг байгаа юм. Намар айсуй ийм л гэгээн шаргал өдрүүдэд
багшийгаа дурсан санаж, өөрийн эрхгүй содон сайхан дуу хоолойг нь үгүйлдэг дээ.
Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэр нүүр нь, нэрийн хуудас нь
явсан энэ хүний дуу хоолой өдийд л радиогоор хүнгэнэж, эх орон даяар намар
болсныг зарлан тунхагладаг байлаа. Энэ бүдүүн дуутай хүний газар дээрх ганц
шавь нь гэж хорь гаруй жил явсандаа би тун их бэлгэшээдэг. Тэр чинээгээрээ энэ
сайхан хүний тухай бусдаас арай илүү мэддэг юм. Мэдээж насаараа үерхэж явсан
үеийнхнийг нь яаж гүйцэхэв. “Ургацын далай” нэвтрүүлэг цацагдаад тавин нэгэн
жил боллоо доо. Тэрний тэн хагасаас илүү жилд нь багш ажилласан байдаг.
-Таны багшийг тариан
талбай дээр очилгүйгээр угаалгын өрөөндөө оёдлын машин тачигнуулж трактор комбайны
дуу чимээ орлуулаад нэвтрүүлгээ хийчихдэг, бичлэгийн аппаратандаа “ховлуулаад” ажлаасаа
халагдсан ч гэх шиг яриа байдаг. Тэр бүхэн нь үнэн юм болов уу?
-Цэдэндамбаа багш
их хошин шогийн мэдрэмж сайтай мундаг зохиолч, том сэтгүүлч, гайхалтай халуун сэтгэлтэй
найрагч байсан даа. “Эзэн Чингис хаан бид хоёр чинь нэг улсын, нэг аймгийн, нэг
сумын, бүр нэг бригадын хоёр шүү дээ” гэх дуу нь одоо ч чихнээ сонсогдох шиг болж
байна. Хэнтий аймгийн Дадал сумын буриад гэсэн үг л дээ. Их хошин ертөнц шүү дээ.
Тиймээс өөрт нь зориулж л найз нөхөд нь ийм сайхан амьд домог зохиож байсан болов
уу. Газар тариалангийн салбараа гарын арван хуруу шигээ мэддэг, энэ салбарын жинхэнэ
дууч нь байсан даа. Нэг удаа багш халчихаад “Ардын хянан шалгах хорооныхон нисдэг
тэргээр шалгалтаар явж байна. Миний баруун гар талд Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ардын
хянан шалгах хорооны дарга Бугын Дэжид, зүүн гар талд Сайд нарын зөвлөлийн орлогч
дарга, Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Шаравын
Гунгаадорж, дунд нь би. Бид гурав яг л төрийн далбаа шиг юмнууд явж байна” гэж шууд
тайлбарлаж байснаа ярьж байсан юм. Тэр аппаратандаа ховлуулсан гэдэг чинь бас л
бодит зүйл юм билээ. Аппаратнаас хальсыг нь монтажилтал “Муусайн дарга нар ямар
ч ажил хийдэггүй. Мань мэт л зүтгэх юм” гэж бичээстэй байсныг нэг нөхөр алтан хошуу
өргөж, ажлаасаа хүртэл халагдсан байдаг юм.
-Цэдэндамбаа
гуай нэвтрүүлгээ яаж хийж байсан туршлагаа гарынхаа шавьтай хуваалцана биз?
-Багш маань
радиод орчихоод л нэвтрүүлгээ гялалзуулж өгдөг байж. Тэр үед Хөдөө аж ахуйн
редакцийн хариуцлагатай редактор, алдарт сэтгүүлч Мятавын Цагаан байж л дээ.
Багшийн занг арван хуруу шигээ мэднэ. Жаахан тааруухан нэвтрүүлэг хийчихээрээ
андашгүй гэнэ л дээ. “За, Цагаан дарга аа, алаад өгсөн дөө” гээд л текстээ
ширээн дээр нь тавьдаг гэж байгаа. Сайн нэвтрүүлэг хийчихвэл чимээгүйхэн тавиад
л гардаг байж. Нэг удаа “Алаад өгсөн дөө” гэсэн тодотголтой нэвтрүүлгийнх нь
текстийг уншаад “За Дамбаа ах аа, та ийм ч юм бичих гэж дээ” гээд текстийг
өгтөл багш маань “Харин тийм ээ, амиа хорломоор текст” гэнгүүт урж хогийн сав
руу шидчихээд дахиад л бичгийн машинаараа тачигнуулж өгсөн гэж байгаа. Ийм л
сонин сайхан хууч дүүрэн хүн бол багш маань юм даа. Багш “Ургацын далай”
нэвтрүүлгийн томилолтоор Дорнод аймагт оччихоод дарга нартай нь уулзаж хадлан
өвс бэлтгэх ажлын явцын талаар асууж тодруулжээ. Дарга нар нь баахан хүснэгт
төлөвлөгөө дэлгээд л ярьж өгч. Маргааш нь багш радиогоор “Дорнодынхон
харандаагар хадлан хадаад л сууж байна” гээд ярьсан гэж байгаа. Иймэрхүү цэц
онч, дүр дүрслэл зохиол бүтээлээс нь олоход төвөггүй шүү. Харьцуулал зүйрлэл,
егөөдөл ёжлол дүүрэн түүний бичсэн зүйлийг нэрлээд байвал зөндөө зөндөө.
Үнэхээр л адтай зүйрлэгч дүрслэгч нэгэн л дээ. “Алтан хоргойн өөдөс шиг алаг цоохор
эрвээхий ангас ангас дэвнэ” ч гэх юм уу, “тэнгэрт дүүжлээстэй юм шиг тэр
хөөрхөн болжмор” гээд уншихад мөн ч урамтай сан.
-Алтан намрын
эл сайхан хонгор шаргал өдрүүд аргагүй л багштай чинь холбогдож сэтгэлийг чинь
хөглөдөг юм байна даа?
-Багшийн маань
тухай амтай бүхэн л дурсан ярина. Яруу найрагч Данзангийн Нямаа нэгэн
ярилцлагадаа “Гайхалтай, бадрангуй яруу найрагч. Шүлгийг нь багаасаа л уншдаг
байлаа. Дайчин, давшингуй, сэтгэл хөдлөлтэй хүн. Цаанаасаа л, бурханаас тэр
хүнийг радиогийн сэтгүүлч болгож төрүүлсэн гэмээр. Яриаг нь сонсохоор жигтэйхэн
гоё дүрсэлж ярьдаг хэрнээ бичсэн нь ярьдаг шиг нь сэтгэлд буудаггүй” гэсэн.
Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай багшийн дотно хүмүүсийн нэг байсан.
Тэр нэг удаа “Зохиолчид золигийн улс л даа. Бие биеийнхээ тухай хошин яриа
хөөрөө гаргадаг. Тэр нь заавал нэг учиртай. Дүртэй байснаас биш нэг нэгийгээ
доромжилсон, давхар санаа агуулсан зүйл байхгүй ээ. Ухаан нь зохиолчдыг нохой
болгосон онигоо бий. Тэнд янз янзын нохой гардаг. Зарим нохой Удвал даргын өмнө
дээш харан унаж эрхэлж, зарим нь хэзээ хуцахаа даргаасаа асууж байдаг. Базарын
Цэдэндамба мундаг улаан шар овчарк болчихсон, дээгүүрээ нисэж өнгөрсөн “АН-2”
онгоцны сүүдэртэй хөөцөлдөж, сүүдэр нь туссан газрыг шороотой нь үмхэн авч,
сэгсчиж байгаагаар гардаг. Зохиолчдыг зуух болгосон удаа бас бий. Манай Дамбаа
бас л лут гарна даа. Зуухны бөөр улаан болчихсон, хүнгэнээд л байдаг, тэгсэн
мөртлөө дээрх цай нь ер буцалдаггүй зуух гэж гардаг шиг билээ, манай Дамбаа аа
чинь” гэж дурссан удаатай. Ийм сайхан амттай яриа дурсамж багшийн маань эргэн
тойронд цагийн мөнхөд бүчиж байсан даа. Багш маань Соёлын гавьяат зүтгэлтэн
алдар цолыг хүртээд ярилцлага өгөхдөө “Монголын радиог сонсоогүй чих байхгүй”
гэсэн юм. Энэ бол радиог дээш нь суга татсан реклам юм даа.
-Сайн хүний
тухай дурсамж аяндаа хөврөх юм даа. Та багшийгаа нутагт нь нэг аваачсан гэл үү?
-Балжийн голын
эрэг хөвөө, Ламын хөхүүртийн өвөлжөө бол Цэдэндамбаа багшийн төрсөн тоонот нь.
Ламын хөхүүрт гэдэг нь өвөрмөц сонин домогтой л доо. Нэг лам хөхүүртэй айраг ганзагалж
даваа хөтөл давах гээд унаа морь нь эцэж хөхүүртэй айргаа модонд өлгөж
үлдээгээд явсан гэх юм билээ. Үүнээс хойш тэр газрыг нь Ламын хөхүүрт гэх
болсон домогтой. Хэдэн жилийн өмнө цагаан сарын өмнөхөн багшийгаа нутагт нь
очуулах, төрсөн гэрийн буурин дээр нь аваачих гээд зүтгэлээ. Цас шуурга болсон
цавцайсан цагаан хангай юм. Их сүрлэг. Дадалын төвөөс багшийн маань танил
Чимиддоржтон хэмээх өвгөн буриад газарчлан Балжийн гол тийш явлаа. Сумаас гуч
орчим километр явж хүрэх юм. Багш маань төрсөн буурин дээрээ ирээд их л
сүсэглэн залбирч, “Энэ чинь Ганц улиас, тэр чинь Ламын хөхүүрт шүү дээ” гэж нүд
нь сэргээд ярьж байсан. Тэгээд буцахдаа,
“Эх болсон
тоонот минь ээ
Ижий болсон
газар шороо минь ээ
Зуны аагимд
сэрүүцэж суусан ганц улиас минь
Зудалж үзээгүй
их сайхан хангай дэлхий минь
Эцэг минь энд
ходоог тэрэг дархалж байлаа
Эжий минь энд
мойлтой тос хутгаж байлаа
Эргэж ирж
чадахгүй ээ, нутаг минь
Элбэрэл бүхэн
чинь надтай хамт шүү…”
гээд нулимсаа урсган сөхөрч байсан даа. Энэ мөрүүд багшийн минь цээжнээс урсан
гарч хоолой нь зангиран хэлсэн тэр цагаас хойш үнэхээр нутагтаа явж амжаагүй.
Зөн совингоороо мэдэж л байсан юм байлгүй
дээ. Багш маань нутаг очоод буцах замдаа “Мөнхтөр өө, багш нь мөн ч их
баярлаж байна даа. Хөдсөн дээл хөмөн гутлынхаа мөрийг гаргасан газартаа ирээд
сэтгэл их хөдөллөө. Түүх яримаар санагдлаа 1915 оны гантай зун аав ээж маань
хойд нутгаас хэдэн буриадын хамт морин тэргэндээ ойр зуурын новшоо ачин
нохойгоо дагуулаад гарсан гэдэг. Тэр зун тууврын малд ч идэх өвс байгаагүй гэдэг.
Тэгж явсаар байгаад Чингис хааны нутаг Ононд нүүж ирсэн юм билээ. Зарим нь орос
хувцастай ядарч сульдсан гэж жигтэйхэн морь үргэмээр амьтад ирсэн. Би 1931 онд
Ононы Балж Галттай дахь Ламын хөхүүртийн өвөлжөөнд төрсөн Хорь буриад хүн.
Манайх дөчөөд оны үед хоёр мянгаад хонь, хоёр зуу гаруй үхэр, хоёр азарга адуу,
дөчин хоёр тэмээтэй лут айл болсон байлаа. Нутгийн хөгшчүүд Чингис хааныг
буриад анчдын задгай гал дээр мах шарж зооглоод Балж голын хатуу яргайгаар нум
хийж сур харваж явсан гэдэг домог ярьдаг. Тийм нутагт нүд нээсэн болохоор
бардам сайхан л амьдарч явна даа. Ан хийж баавгайнаас бусдыг нь унагаж явлаа.
Ер нь би янз бүрийн ажил их хийсэн дээ. Онондоо эмээл хийж, Зүүнбаянд өрөмдөгч,
Баянгийн модны уурхайд чулуу ачигч, Кино үйлдвэрт реферэнт, Зохиолчдын хороонд
мэргэжлийн зохиолч, 1957 оноос хойш сэтгүүлчийн ажилд болсон болоогүй хэдэн
насаа цацаад дуусах шив дээ. Хүүхэд байхдаа мал дагана гэж л боддог байлаа.
Гэвч Улаанбаатарт эрдэм номын мөр хөөж ирсэн хүн” гэж дурсамжийн богцоо задалж
байсан даа. Миний багш ийм л хүн байсан юм.
-“Ургацын
далай” хангинасан энэ өдрүүдэд Базарын Цэдэндамба хэмээх тэр том найрагчийн
уран бүтээлийг дурдахгүй өнгөрвөл алдас болох мэт санагдлаа?
-Өөрийнх нь
хэлснээр бол Монголын бүдүүн хоолойтой бүхэн дуулсан “Монголын сайхан орон” дуу
нь байна.
“Эрээлжлэн
эрээлжлэн харагдамтгай
Элгэн сэнхэр
нютаг минь
Эцэг эхээс
заяатай
Эх сайхан
Монгол минь”. Энэ дуу
үнэхээр л сэтгэл зүрхнээс нь урсан гарсан юм шиг сайхан дуу. Багш маань
дуунуудаа ер тоохгүй. Хамгийн сайхан нь Дарамзагдтай хийсэн “Монголын сайхан
орон” л гэнэ. Ардын жүжигчин Жаргалсайхан олонд хүргэсэн дуу шүү дээ. Үүнийгээ
гурван буриадын дуу л гэнэ. Түүний бичсэн “Ятгын эгшиг”, “Монголын сайхан
орон”, “Улаалзай”, “Алтан намар”, “Хонгор нутгийн жороо”, “Хангайн дуу”, “Эх
орон”, “Сарлагчин”, “Говь хангайн цэнхэр орон”, “Барилгачин хүүхнүүдийн дуу”
зэрэг олон дууг нь уншигч олон сайн мэднэ дээ. Тэнгэрийн оронд заларсан бүдүүн
дуут багшаа бодохоор алтан намар аяндаа налайж, ургацын далай халиурах шиг
болох юм даа.