Б.Бадрууган агсны хүү Б.Гийгүүлэнтэй ярилцлаа.
-Аавын тань талаар хүн бүхэн сайнаар дурсаж ярьдаг. Гэртээ аав хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ гэдгээр яриагаа эхэлье?
-Ноён нуруутай ханхайсан нөмөр нөөлөгтэй хүн байсан даа. Гэрт орж ирэхээр гэр дүүрээд л явчихна. Гэртээ их л энгийн, жирийн хүн байсан санагддаг. Ер нь хүмүүстэй уулзахдаа, ажлаа хийж байхдаа ч энгийнээрээ элдэв ааш аяггүй хүн. Тийм болохоор хүмүүсийн зүрх сэтгэлд их хоногшоод үлдчихсэн юм болов уу. Аавтай хамт ажиллаж байсан хүмүүс үргэлж сайхнаар дурсдаг.
-Хүүхдүүддээ юу гэж захьдаг байв?
-Ном унш гэдэг байсан. Дандаа би чиний хажууд байхгүй. Юм болгоныг би чамд хэлж өгч чадахгүй. Тийм болохоор чи мэдэхгүй чадахгүй юмаа номноос л олж унших хэрэгтэй. Хорвоо мөнх бус. Эд хөрөнгийг чинь хулгайч хулгайлаад аваад явчихаж болно. Харин чиний сурч мэдсэн зүйлийг хэн ч тархи толгойноос чинь авч чадахгүй. Тиймээс ном их унш. Эрдэм мэдлэгийг шүтэж бай гэдэгсэн. Хорвоо ертөнцийн жам ёс мөн чанар гэх мэт жаахан хүүхдэд ахдахаар том сэдвийг их л ойлгомжтой хэлдэг байсан. Яг юу гэдэг байсныг нь санахгүй ч ойлгочихсон л юм.
-Та аавынхаа захиасаар олон ном уншсан уу?
-Тэр хүмүүжил нь надад үлдчихсэн байна. Учиргүй их ном уншсан гээд байх нь ч хаашаа юм. Гэхдээ ер нь ном их уншихыг хичээдэг. Өвөөгөөс аавд, ааваас надад уламжлагдан ирсэн хамгийн их үнэ цэнтэй бөгөөд үнэлж барамгүй өв хөрөнгө болох хэдэн сайхан ном байна. Аавд өвөө маань би чамд эд хөрөнгө өгч чадахгүй энэ хэдэн номыг л өгье гэсэн юм билээ.
-Өвөөгийнхөө талаар дурсаач ямар хүн байсан бэ?
-Бага байхад ням гариг бүр өвөөгийнд очдог байсан. Очихоор зулай дээр нэг үнсдэг байсан. Намайг уг нь бичгийн талын ажлыг нь үргэлжлүүлэх байх гэж найддаг байсан юм билээ. Өвөө маань бүр бага байхад өөд болсон болохоор хожуу л ямар агуу хүн байсныг нь ойлгосон. Монголчуудын дунд бараг албан бус төрийн дуулал шиг дуулагддаг “Халуун элгэн нутаг” дуугаар нь их бахархдаг. Дууных нь хөшөөнд хүмүүс хүндэтгэл үзүүлж байхтай хааяа таардаг. Сэтгэлд их таатай байдаг.
-Аав тань сайн хүмүүстэй илүү нөхөрлөдөг байсан гэж ярьдаг юм билээ. Найз нөхдийнх нь тухай ярья л даа?
-Аав маань хүнийг дугаарлаж, дэс дараа өгч харьцдаггүй. Найз нөхөд нь ч одоо бидэнтэй холбоотой аавыг дурсаад л явж байна. Аавыг дурсаж ярих найз нөхдийг нь тоочих юм бол барагдахгүй дээ. UBS телевизийн Баяр ахын өрөөнд аавын зураг одоо болтол байдаг. Өрөөнд нь яваад орохоор аавын зураг ширээн дээр нь байхад сайхан л санагддаг юм. Бас Г.Золжаргал ах аавын талаар сайхан дурсамж нийтэлдэг. Тэрийг уншихаар надад аавтайгаа тухайн цаг үед нь очоод уулзсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг юм. Энд тэнд хүмүүстэй уулзаад явж байхад аавын найзууд олон л доо. Бүгдээрээ л Ууганы хүү гээд их сайн байдаг юм.
-Аав тань жүжигчин, дуучин, найруулагч гээд олон төрлийн авьяастай хүн шүү дээ. Алинд нь илүү дуртай байсан юм бол?
-Тийм. Юм юманд адтай хүн байдаг шүү дээ. Аав маань юм юманд оролцож, хийж явсан хүн. Дуучид, ая зохиогчид гээд дуутай холбоотой хүмүүсийн хувьд аав дуучин, киноныхондоо кино найруулагч гэдгээрээ үлдсэн. Би жаахан байсан юм чинь миний хувьд аав гэдэг утгаараа л сэтгэлд үлдсэн байдаг. Аав найруулагч гэж дуудуулах дуртай байсан.
-Таныг аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлэхээр шийдсэн гэж ойлгож болох уу. Зураглаачаар ажилладаг байх аа?
-Би 2012 онд Радио телевизийн сургуулийг кино зураглаач мэргэжлээр төгссөн. Тэрнээс өмнө СУИС-д соёл урлагийн удирдлагаар сурч байсан юм. Соёл урлагийн удирдлагаар сурч байснаа гэнэт кино руу өөрийн эрхгүй татагдсан. Би кино урлагаар хоолоо олж идэх ёстой хүн юм байна гэж ойлгосон хэрэг. Одоо кино зураглаачаар ажиллаж байна. Гэхдээ яваандаа найруулагч болох бодол бий.
-Хэдэн кинонд ажилласан бэ?
-Анх “Рашаантын 18” кинонд дууны оператороор ажиллаж эхэлсэн. Дараагаар нь “Помогите нам-3” кинонд мөн ажиллаад, “Улаан Эрэг” телевизийн түүхэн сэдэвт олон ангит кинонд зураглаачаар, “Үхлийн Симфони” УСК-нд анх удаа ерөнхий зураглаачаар Аси найруулагчтай хамтран ажиллаж байсан. Мөн “Эх Орон дуудаж байна” кинонд зураглаачаар, “Хөгжилтэй өдөр” УСК-нд ерөнхий зураглаачаар ажилласан байна.
-Бага наснаасаа л урлагаар явъя гэж бодож байсан уу?
-Угаасаа л урлагийн гэр бүлд өссөн хүүхэд болохоор урлагаар л явна гэж боддог байсан. Манай гэрийнхэн аав, ах, эгч, өвөө гээд бүгд л урлагийн хүмүүс шүү дээ.
-Аавынхаа найруулсан киноноос онцолж нэрлээч?
-Аав 1990-ээд онд кино найруулж байсан. Тэр үед одооных шиг олноор нь кино хийдэггүй байлаа. Аавын найруулсан хүмүүсийн мэдэх киноноос илүү мэддэггүй нэг киног нь онцолмоор байна. Тухайн үед олонд хүрч чадалгүй хөрөнгө санхүүгээсээ болоод кино театраар олигтой гараагүй юм. Тэр “Ертөнцийн сүүлчийн чулуу” гэдэг кино Бадрууган гэдэг хүний найруулагч талаасаа өөрийн бодлыг шингээсэн, илүү уран бүтээлч тал руугаа хандсан, ашиг орлогын бус бүтээл. Их цөөхөн жүжигчинтэй. Гол дүрд нь Равдан, Урнаа гэх зэрэг жүжигчид тоглосон юм.
-Дуулж байсан үеийг нь ярь л даа?
-Аавын зарим хуучны сайхан дуунуудыг сүүлд Наранзун, Мөнхгэрэл хоёр ах маань Радиогийн алтан санд хадгалагдсан байсан дуунуудаар нэг цомог гаргасан юм. Тэр цомгоос мэддэггүй сонин содон дуунуудыг сонссон шүү. Аавын дуулж байсан үеийг би сайн мэдэхгүй л дээ. Дуу хуур талаас нь Наранзун ах сайн ярих байх.
-Одоо дууг нь сонсоход ямар санагддаг вэ?
-Сайхан л санагддаг юм. Аавын дуу хоолой тэр хуурцганд хадгалагдаад үлдсэн гэдгээрээ мэдээж их дотно санагддаг.
-“Тунгалаг тамир” киноны туслах дүрд тоглосон хэсгийг ярьж их инээдэг байсан гэдэг юм билээ. Хэдэн кинонд тоглож байсан юм бол?
-Аав “Тууврын замд” кинонд тоглосон байдаг. Бас кино үйлдвэрт туслахаар ажилладаг байхдаа “Тунгалаг тамир” кинон дээр олны хэсэгт тоглосон юм билээ. Дараа нь хойшоо Ленинградад кино найруулагчаар сураад ирсэн байдаг.
-Өөрөө дурсан ярьдаг ярианаас нь санадаг уу?
-Би аавынхаа уран бүтээл талаас нь ярих юм бол миний мэдлэг жулдахаар л даа. Намайг их жаахан байхад аав өнгөрсөн шүү дээ. Би тухайн үед 13 настай байсан.
-Бага байхдаа аавынхаа ажил дээр очиж байв уу?
-“Төрийн сүлд өршөө” киноны зураг авалтан дээр харах хүн байхгүй гээд намайг ганц, хоёр удаа авч явж байсан. Тэрнээс биш киноных нь зураг авалт руу явж байгаагүй. Гэхдээ хэрвээ тэр үед хамт явж байсан бол гэж одоо их боддог. Хэрвээ тэгсэн бол тухайн үедээ ойлгохгүй ч гэсэн аавын жүжигчидтэй ажиллаж байсан арга барилыг одоо эргээд санахад их том гарын авлага болох байж гэж боддог юм. Харамсалтай нь аав намайг дагуулж явж байгаагүй. Очоод үймүүлээд ажлыг нь хийлгэхгүй гэж боддог байсан байх л даа. Хааяа ингээд кинон дээр ажиллаж байхад аавтай хамтарч байсан хүмүүс их хууч хөөрдөг юм. Хүн болгон л магтаж байдаг болохоор бахархам сайхан байдаг.
-Юу гэж магтдаг вэ?
-Ууган найруулагч мундаг хүн, сайхан хүн байсан гэдэг. Зан аашийг нь энгийн сайхан хүн гэж их ярьдаг. Тэгэхээр аав эргэн тойрон, хамт ажилладаг байсан хүмүүсийнхээ сэтгэлд одоо болтол байдаг хэрэг.
-Өөрөө айлын бага хүү шүү дээ. Хэр эрх хүүхэд байв. Аав тань эрхлүүлдэг байв уу?
-Би аюулын эрх хүүхэд байсан шүү. Аав хүний урманд нэг ч удаа надад гар хүрч үзээгүй. Голд ортол цөөн хэдэн үгээр загнана. Жаахан хүүхдэд яаж тааруулж, санаа сэтгэлд нь тэгж шингэтэл хэлдэг байсан юм бол бүү мэд. Одоо болтол зарим нэг загнуулж байсан үе санаанаас гардаггүй юм.
-Юу гэж загнадаг байсан юм бол санаж байна уу?
-Би багаасаа элдэв янзын юманд орооцолдох дургүй, зугтдаг зантай. Тэгсэн аавыг Радио телевизийн сургуулиа байгуулчихсан, захирал болчихсон байхад нь нэг удаа ажил руу нь дагаж явсан юм. Тэгээд л дээгүүр доогуур гүйж байсан чинь Үндэсний телевизийн нэг нэвтрүүлэгт дуу оруулах гэсэн дуу оруулах хүүхэд олдохгүй байж. Би тэгэхэд гуравдугаар ангийн хүүхэд байсан. “Хөөе миний дүү наашаа хүрээд ир. Алив чи энд дуу оруулаатах” гэдэг юм байна. Би “Үгүй ээ, чадахгүй” гэсэн чинь “Зүгээр, зүгээр” гээд намайг чирээд дагуулаад орчихгүй юу. Тэгээд текст өгөөд “Үүнийг уншаад сайн цээжилж бай” гэсэн. Би уншихгүй гэж зөрүүдлээд “Би бичиг үсэг мэдэхгүй” гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь нээрээ юу гэхээр нь “Тийм сургуульд ороогүй, бичиг үсэг мэдэхгүй” гээд нөгөөдөхөөс бултаад байж байсан аав намайг алга болчихлоо гэж хайж яваад олоод ирдэг юм байна. “Хүүе чи энд юу хийж яваа юм” гэхээр нь “Энд харин намайг хүмүүс дуу оруул гээд байна” гээд л ховлочихсон. Тэгсэн чинь аав дагуулж ороод “Манай хүүг дуу оруулаатах гэсэн юм уу” гээд асуучихлаа. Нөгөөдүүл нь “Харин дуу оруулаач гэсэн чинь танай хүү чинь бичиг үсэг мэдэхгүй гэж байна” гэдэг юм байгаа биз дээ. Аав тэрэнд их санаа зовж ичсэн юм шиг байна лээ. Тухайн үед тэр хүмүүстэй инээд наргиа болгож өнгөрөөд гарч ирэхдээ намайг хараад “Бичиг үсэг мэдэхгүй гээд юун элдэв балай юм яриад байгаа юм. Хүний нэр баастаад байгаарай чи” гэж зэмлэсэн. Тэр үед “За ер нь хамаагүй хүн амьтанд муу хэлэгдэхээр байж болохгүй юм байна” гэж бодсон. Одоо бодоод байхад намайг гуравдугаар ангийн аравтай хүүхэд бичиг үсэг мэдэхгүй гэхээр “Бадрууганы хүүхэд бичиг үсэг мэддэггүй” гэж хүмүүс харлаа гэж бодсон байх даа. Тэгж нэг загнуулж байсан юм.
-Аавынхаа ажил дээр л өнждөг хүү байж дээ?
-Манай ээж гадаад руу уран нугаралтаар байнга явчихна. Би багадаа ээжийг дагаад хоёр удаа гадаад явж байсан юм. Бусад үед аав, эгч хоёртой л үлдэнэ. Тэгээд аавыг дагаад ажил дээр нь очоод л гүйж байдагсан.
-Гэрт чинь аавын тань найзууд байнга ирдэг байсан байх. Тухайн үед сонсож байсан дурсамжуудаас яриач?
-Гэрт аавын найзууд байнга ирнэ л дээ. Тухайн үеийн, одоо ч гэсэн урлагийн салбарт нэр хүндтэй толгой цохиж яваа эрхмүүд манай гэрээс салахгүй. Нэг нь гараад явахаар нөгөөдөх нь ороод ирнэ. Ер нь ёс зүй гэрийн хүмүүжил тал дээрээ аав чанга шүү. Том хүний ярианд хамаагүй битгий оролц гэдэг байсан. Одоо бодоод байхад ярьж байсан яриаг нь сонсож байсан үе байхгүй юм. Цаана нь хичээл номоо хийгээд л суудаг байсан байх.
Манайд аавын найзуудаас Жаргалсайхан ах анх орж ирснийг ер мартдаггүй юм. Хүмүүс орж ирэхэд сонин содон зүйлгүй л байсан юм. Гэтэл цаад өрөөнд орчихоод аавыг дуудахаар яваад очтол нэг хүн нь халзан болчихсон сууж байсан. Гайхаад үүдэнд малгай өлгөж үү гээд баахан харж билээ. Тэгээд хэсэг хугацааны дараа хиймэл үстэй гэдгийг ойлгосон.
-Ээжийнхээ талаар яриач. Тэр олон хүн ирж байхад мэдээж цай ундтай байх гээд ажил их шүү дээ?
-Манай ээж уран нугараач хүн л дээ. Наранцэцэг гэдэг юм. Монголд хамгийн анхны хос уран нугаралт хийж байлаа. Уран нугараачид их эрт тэтгэвэрт гарчихдаг шүү дээ. Харин манай ээж тухайн үедээ 44 хүртлээ нугарсан юм. Дээрээс нь уран нугараачид хүүхэд гаргах юм бол дахиж нугарахаа больдог гэж байхад ээж маань эгч бид хоёрыг гаргачихаад эргээд нугараад эхэлж байлаа. Тэр нэг үзэл онолыг буруу гэдгийг биеэрээ баталж харуулсан чадварлаг эмэгтэй. Одоог болтол уран нугаралтын багш хийж байгаа. Мэдээж гэр оронд хүн орж ирэхэд айлын ямар ч эзэгтэй цай унд гэх нь тодорхой л доо.
-Гэр бүлээрээ тэмдэглэж байсан хамгийн сайхан баяраа дурсвал?
-Ер нь манайд шинэ жилийн баяраар их гоё уур амьсгал ороод сайхан болдог байсан. Аав шинэ жилээр олдохгүй. Янз бүрийн хүлээн авалтад явчихна. Тэгсэн ч гэр бүлээрээ он гаргах сайхан байж.
Би багадаа их сэжигч үнсүүлэхээрээ хацраа арчдаг хүүхэд байсан. Цагаан сарын баярт тухайн үед дуртай биш. Одоо бодоход гэр бүлээрээ цагаан сарыг их л гоё тэмдэглэдэг байж дээ.
-Их алиа хошин мэдрэмжтэй хүн байсан гэж дурсдаг байх аа?
-Тийм шүү. Онигоо их ярина. Хүн инээлгэх дуртай. Ааваас надад хүн инээлгэх дуртай зан л үлдсэн юм шиг байна. Тэрнээс тэр эрдэм мэдлэг нь бага заяасан юм уу даа. Би өөрийгөө их голдог юм.
-Аавынхаа мэргэжлийг өвлөж авсан юм биш үү?
-Өвлөх гээд л ядаад явна. Гэхдээ урлагт үнэхээр авьяастай бол тодроод гараад ирнэ л дээ. Хэрвээ авьяасгүй бол эртхэн зайгаа тавиад өгсөн нь дээр гэж боддог. Өөрийгөө авьяастай үгүйг шалгах гээд сорьж байна. Үнэхээр аавын авьяас мэдлэгээс жаахан ч атугай үлдсэн бол яваандаа тэр нь харагдах байх.
-Бадрууганы хүү гэхээр их хүндлэл оршдог байх даа?
-Жаахан байхаас минь аав, өвөөгийн нэр нуруун дээр явна гэдэг хүнд ачаа л даа. Өөрөө өөдтэй биш хэрнээ би Бадрууганы хүүхэд гээд чадахгүй байж цам харайгаад явах дургүй. Тийм болохоор Бадрууганы хүү гэдгээрээ хүмүүст танигдаж элдэв янзын хийсэн бүтээснээ гайхуулахаасаа илүү өөрийн хүч чадал, авьяас, эрдэм мэдлэгээр тодорч хүмүүст танигдахыг хүсдэг.