Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын цаг агаарын төлөв

Наймдугаар сард агаарын температур 1981-2010 оны дунджаар Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1980 оноос хойш зөвхөн 1984, 1985, 1990, 1993, 2003 онд бүх нутгаар дээрх дунджаас 1-3 градусаар хүйтэн байсан бол 2001-2002, 2005-2008, 2011 онд уг дунджаас 1-4 градусаар дулаан байв. Ялангуяа 2002 онд агаарын үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 30-35, Орхон-Сэлэнгийн сав, Говийн нутгаар 35-39, хөрсний гадарга дээр 55-65 градус хүрч халсан байна. Зарим жилд баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүрч цочир хүйтэрдэг бөгөөд энэ нь арван жил тутамд 1-3 удаа тохиолддог.

1981-2010 оны дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-99, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүх нутгаар 13-40, бусад нутгаар 41-70 мм бороо орсон. Гэвч 1996, 2001, 2002, 2004, 2006, 2011 онд ихэнх нутгаар бороо харьцангуй бага орсноос бэлчээрийн ургамал хатаж, гантай байсан бол 1981, 1984, 1987, 1990, 1991, 1994, 1998, 2000 онд бороо хур их орсон бөгөөд ялангуяа 1998 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 дахин их бороо орсон. 2000 онд Хөвсгөл, Архангай, Булганд 18-38 цаг үргэлжилсэн усархаг хүйтэн бороо, 2003 онд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатарт 12-17 мм голчтой мөндөр, 2007 онд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хагас хоногтоо 32-60 мм хүчтэй аадар орж иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хохирол учирч байв.

Салхи 15 м/с-ээс дээш түр зуур хүчтэй ширүүсэх тохиолдол говийн нутгаар жил бүр 1-2, бусад нутгаар арван жилд 2-4 удаа тохиолддог. Тухайлбал, 1980 онд Дорноговийн зүүн хэсгээр 42 м/с, 1997 онд Дундговийн нутгаар 34 м/с хүрч байжээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нийт нутаг, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр 16-21 градус буюу олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус хүрч хална. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Увс, Завханы ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Архангай, Булганы нутаг, Хөвсгөлийн зүүн, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд ба сүүлчээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөл, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцсээр түр зуурын бороо орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст болон сарын эцсээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 15-20 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус дулаан, хөрсний гадаргад хасах 3 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 20-25 градус буюу олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоног, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-33 градус дулаан байна.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эх ба сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд хоёр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Наранбаатар: Дуучин болох миний багын мөрөөдөл

Улсын Филармоны гоцлол дуучин
МУСТА Н.Наранбаатартай ярилцлаа.

-Та ямар мэргэжилтэй билээ. Хэдэн
онд сургуулиа дүүргэж байв?

-2004 онд Хүмүүнлэгийн ухааны их
сургуулийн аялал жуулчлал, япон хэлний ангийг төгсөж байлаа. Мөн тэр онд
“Nature sound” төвд анхны элсэгч болоод шилдэг төгсөгч болж байсан. Түүнээс
хойш 2011 он хүртэл студидээ дуучнаар ажилласан. Тухайн үед студид ажиллаж
байхад бүх төрлийн жанраар дуулдаг хүмүүстэй хамтарч дуулж үзсэн. Мөн хүмүүсийн
50-60 CD хийлцэж байлаа. Энэ нь томоохон туршлага болсон.

-Улсын филармонид яаж орсон юм
бол?

-2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд
Тусгаар тогтнолын ордонд бие даасан жазз оркестр тоглолт хийсэн юм. Тухайн үед
Улсын филармонийн удирдлагаас ирж үзээд надад филармонид орох урилга өгсөн.
Тэгээд л 2012 оны есдүгээр сараас ажиллаж эхэлсэн.

-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй
юм бэ?

-Дуучин болох миний багын
мөрөөдөл. Миний аав Баянхонгор аймгийн соёлын төвийн захирал байлаа. Тухайн үед
“Од” хамтлагт гитар тоглож байсан юм. Гитараас гадна даралтат хөгжим тоглодог.
Ээж минь ч бас бүжиглэдэг, дуулдаг хүн. Миний урлагт дурласан нь үүнтэй
холбоотой байх. Багаасаа л аавынхаа дуулахыг харж өссөн. Мөн Францын классик
дуучдыг харж тэдэн шиг үнэ цэнтэй дуучин болно гэж боддог байсан. Мөрөөдлөө
биелүүлээд байгаадаа баяртай байгаа.

-Ер нь жазз дууг яагаад сонгох
болов?

-Би классик, поп чиглэлийн дуу
дуулах дуртай. Жазз бол сэтгэлгээний урлаг гэж хэлж болно. Ийм чиглэлийн уран
бүтээл аливаа хүнд сэтгэлийн таашаал өгч чаддаг. Хөгжимчин болоод дуучнаас асар
өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг шүү.

-Урын сандаа одоо хэдэн дуутай
болсон байна. Анх ямар дуу дуулж байв?

-Өөрийн гэсэн 20 гаран дуутай
болсон байна. Анх 2005 онд “Чиний зүг” гээд поп дуу дуулж байлаа.

-Хэд хэдэн киноны дуу дуулсан
байх аа?

-Тийм шүү. “Хоёр шөнө гурван
өдөр”, “Танхай тээгч”, “Хуримын срюприз” кинонууд болон “Энэ бол гайхамшигтай”
жүжгийн дууг дуулсан байна.

-Та бие даасан CD гаргасан уу.
Дуучин Ц.Хулантай хамтарч тоглолт хийж байсан байх аа?

-Удахгүй өөрийн бие даасан хоёр
дахь CD-гээ гаргахаар төлөвлөөд байна. “Hot spot” хамтлагт байхдаа ретро поп
урсгалаар нэг CD гаргаж байсан.

Харин жил болгон тоглолт хийдэг
уламжлалтай болоод байгаа. Сүүлийн гурван жил тоглолтоо хийсэн байна. Жазз
дуугаа томоохон оркистртой дуулдаг. Нэг тоглолтоо дуучин Ц.Хулантай хамтарч
хийсэн. Тэр тоглолт маань үнэхээр сайхан болж байлаа. Ц.Хулан гайхалтай
чадварлаг дуучин. Хамтарч ажиллахад таатай байсан.

-CD-ндээ ямар дуунууд оруулж
байгаа вэ. Голдуу цоглог хэмнэлтэй дуу дуулаад байгаа харагддаг?

-Энд тэнд шоунд очвол үзэгчдээ
хөгжөөхийн тулд мэдээж цоглог дуу дуулна. Намуухан хэмнэлтэй дуу дуулалгүй
яахав. Нэг CD-гээ монгол, гадаад дуугаар гаргах байх. Нөгөө CD-ндээ ардын
дуунууд оруулж байгаа. CD-ний бичлэгээ солонгос, австри, германы мэргэжлийн
хөгжимчдийг авчирч хийсэн. Эхний CD маань наймдугаар сард гаргах байх.

-Та гэр бүлээ танилцуулаач. Таныг
хэр сайн дэмждэг вэ?

-Миний ханийг Энхмарал гэдэг.
Гадаад харилцааны мэргэжилтэй. Бид хоёр одоогоор нэг хүүхэдтэй байна. Тун
удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. Урлагт амжилт гаргана
гэдэг гол хүч нь ар гэр байдаг. Бүх зүйл гэр бүлийн хүний маань дэмжлэгтэй
сайхан бүтдэг.

-Жазз дуулахаар хүмүүс хэр хүлээж
авдаг вэ?

-Жазз сонсдог хүрээлэл нь өөр л
дөө. Ерөнхийдөө мэргэжлийн чадвар шаарддаг урсгал. Тиймээс хөгжмийн боловсролтой
хүмүүс сонсдог.

-Дууны үг, клип тань бусдаас
ялгарахаар байдаг. Клипнийхээ санааг яаж гаргадаг вэ?

-Уран бүтээлч хүн өөрийн санааг
гаргаж байж бусдаас ялгарна. Ер нь миний дуунаас миний үзэл бодлыг харж болно.
Мэдээж дууны үг маш чухал. Дууны шүлэг бичдэг найз нөхөдэйгөө л сайн ярилцаж
байгаад бичүүлдэг юм.

-Таны амьдралдаа баримталдаг
зарчим юу вэ?

-Хүн хүн шиг байх ёстой. Хүн
болно гэдэг урт хугацаа шаардана. Их юм үзэж алдаж, онож байж хүн чанартай
болдог байх. Ярьсан зүйлээ хийдэг байх. Ярьж байгаа зүйл нь үйлдэлтэйгээ
нийцсэн байх ёстой гэж боддог. Аав маань ч намайг зөв бай гэж захидаг юм. Хүн
оюун санаагаа удирдаж чадвал зөв зарчмаар явах ёстой гэж олон улсын шинжлэх
ухаанаар хүртэл баталчихсан шүү дээ. Би хүний сайнтай нь нөхөрлөдөг. Сайн хүн
гэдэг утгаар нь биш. Муу хүнд ч сайн чанар байгаа гэдгийг харах хэрэгтэй. Хувь
хүн талаас нь түүний сайнтай нь нөхөрлөдөг.

Мөн хүнд баруун, зүүн гар гэж
байх ёсгүй. Хүмүүс солгой гараараа хийсэн гэдэг шүү дээ. Тийм юм байж болохгүй
л гэж боддог. Хүний итгэлийг алдаж болохгүй шүү дээ. Миний ингэж төлөвшсөн
байдал өвөө, аав, ээжийн минь байгаль дэлхийг, хүнийг яаж хайрлахыг зааж өгсөн
хүмүүжил шүү дээ.

-Нөхөрлөлийг та юу гэж боддог вэ?

-Олон жилийн хугацаанд шалгарч
үлддэг зүйл. Найз гэдэг найдаж, итгэхийн нэр. Зовсон ч, жаргасан ч үргэлж хамт
байвал нөхөрлөл тэр. Гайгүй сайн байхад нь хамт байчихаад л жаахан гундуухан
үеийг нь хуваалцаж чадахгүй бол тэр чинь нөхөрлөл биш. Нөхөрлөлийг цаг хугацаа
л харуулдаг. Найз, нөхөр хүний амьдралд гол орон зайг эзэлдэг чухал зүйл.

-Найзуудынхаа дурсамжаас
хуваалцаач?

-Сургуулиа төгсдөг жилээ
Сүхбаатарын талбай дээр хоёр дотны найзтайгаа алхаж байсан юм. Тэгтэл “Даашка”
студи байгуулагдаж байгаа юм байна, чи ор гээд хоёр найз маань явъя гэсэн. Би ч
энэ жилдээ больё гэсэн чинь хоёр найз маань намайг чирч аваачаад оруулж байсан.
Зүгээр ч үгүй бэлтгэл нь дууссан байхад ярьж байгаад оруулж байлаа. Ингэхээр
найзууд маань намайг үнэхээр сайн мэддэгийн дээр миний мөрөөдлийг биелүүлэх гол
түлхүүр болж байлаа.

-Монголд жазз хөгжим ямар түвшинд
явна вэ?

-Монголд жазз хөгжим 1950-аад онд
тоглож эхэлсэн байдаг. Энэ нь Д.Лувсаншарав гуайн “Би чамд хайртай” дуугаар
харагддаг юм. Үнэхээр сайхан жазз дуу шүү. 60,70,80-аад оны дууны үг, ая, утга
санаа гайхалтай авцалдсан байдаг. Одоо эргээд жааз сонсоод хуучнаа сонсож
байгаа. Би энэ дууг бүх зөвшөөрлийг нь аваад CD-ндээ оруулахаар төлөвлөөд
байгаа. Залуус бид өнгөрсөн үеэ мартах учиргүй. Байгаагүй юмыг бүтээчихсэн юм
шиг байх хэрэггүй гэж боддог. Ахмадууд маань бас залуу үеэ дэмжих хэрэгтэй.
Өнгөрснөө мартахгүй, ирээдүйгээ харах ёстой. Сор хүмүүс хийх зүйлээ хийгээд тэр
нь домог болоод үлдчихсэн байгаа. Одоо орчин үеийн залуус бидэнд тэднийг авч
явах хариуцлага үлдсэн. Үүнд бид л чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Монголд сонгодог урлаг хөгжиж байгаагийн
илрэл болж саяхан Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар олон улсын тэмцээнд хүндтэй
байр эзэлчихлээ?

-Урлагаар улс орны хөгжил
харагддаг. Нэг үеэ бодоход манай улс урлагаа сайхан дэмждэг болсон байна.
Саяхан дэлхийн түвшинд хүрсэн Э.Амартүвшин, Г.Ариунбаатар хоёрыг сайхан дэмжиж
байна. Тэд ч ур чадвараараа сайхан гарч ирлээ. Монгол Улс 2015 онд Олон улсын
тэмцээнээс сонгодог урлагаараа гурван гранпри авлаа шүү дээ. Нэг нь би.
Өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд Буриад улсад Олон улсын страд дуулаачдын тэмцээнд
гранпри шагнал авсан байгаа. Тус тэмцээнд Солонгос, Хятадын олон сайхан залуу
дуучид орсон. Тэднээс их зүйл суралцаж байна. Амжилттай, олз омогтой байгаа.
Мэдээж энэ хоёртойгоо барьцаад байгаа юм биш. Одоо л страд, сонгодог урлаг
хөгжиж байна гэдгийн илрэл.

-Та олон улсын тэмцээнээс гадна
өөр ямар амжилт гаргаад байна вэ?

-Өнгөрсөн жилийн рок попынхны
шинэ жилээр шилдэг залуу дуучин болсон. Энэ нь миний хувьд пентатоникын шагнал
шиг л санагдсан. Мөн энэ жил Улсын филармониос намайг МУСТА болгосон юм.
Битүүний өдөр БСШУЯ-нд очиж сайдаас гардан авсан. Энэ цол үнэхээр том хүндэтгэл
байсан. Энэ нь миний хувьд чи цаашаа улам илүү ажиллах ёстой гэсэн ташуур
болсон. Тэгэхээр өөрийгөө илүү нээж, боловсруулах ёстой болж байна.

-Өөр тэмцээн уралдаанд орох уу. Цаашдаа
та юу хийхээр төлөвлөөд байна?

-Намар Япон улс руу олон улсын
дууны тэмцээнд оролцохоор явах байх. Урилгаа ирүүлсэн байгаа. Намар хоёр CD-гээ
гаргана. Мөн энэ намар бие даасан тоглолтоо хийх санаатай байна. Чанартай
тоглолт хийхийн тулд сайн хөдөлмөрлөж байна даа.

Categories
мэдээ нийгэм

А.Цэрэнтогтох хүү хөл дээрээ босчээ

Хэрэглээний газ дэлбэрсэний улмаас гал гарч, бяцхан дүүгээ дүрэлзсэн их галаас аварч өөрөө 80 хувийн түлэгдэлттэй амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан А.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч, хөл дээрээ зогсдог болжээ. Хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Солонгос Улсад шилжүүлэн эмчлүүлэхээр хандивын аян өрнүүлж, 100 сая орчим төгрөг цугласан ч эмчилгээний зардалд нийтдээ 350-400 сая төгрөг шаардлагатай байсан билээ.

Гэхдээ МЗХ, түүний дэргэдэх байгууллага, жүжигчин Г.Ундармаа гээд олон сайхан сэтгэлт хүмүүс сайн үйлсийн хандивын аянг зарласан нь үр дүнгээ өгч А.Цэрэнтогтох хүү хоёр хөл, хоёр мөр, зүүн гарт арьс нөхөх хагалгаанд орж, зүүн чихэндээ косметик хагалгаа хийлгэсэн юм.

Тэгвэл өдрөөс өдөрт баатарлаг хүүгийн бие сайжирсаар одоо хөл дээрээ зогсож, алхаж эхэлжээ. Дашрамд дурьдахад, хүүг эмчилж байгаа БНСУ-ын эмнэлэг эмчилгээнийх нь зардлыг 270 сая төгрөг болгон бууруулсан бөгөөд А.Цэрэнтогтохын эмчилгээнд одоо 50 гаруй сая төгрөг дутуу байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн шүүх хурал маргааш болно

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа аж. Шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, шүүх хурлыг наймдугаар сарын 3-нд 10.00 цагт хийхээр товлосноо зарласан билээ.

Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаж, АТГ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн оныхоо аравдугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа.

Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Нисэх загварын ДАШТ болж байна

Монгол Улсад анх удаа Чөлөөт нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хотоос 50 км-ийн зайтай Налайхын Дархан ноёны худаг хэмээх газарт болж байна. Долдугаар сарын 27-ны өдөр Цонжин болдогт албан ёсоор нээлтээ хийсэн энэ тэмцээнд 37 орны нисэх загварын онгоцны тамирчид оролцож байгаа аж.

Эрүүл мэнд, спортын яам, Монголын агаарын спортын холбоо, Монголын нисэх загварын спортын МАСА нийгэмлэг хамтран энэхүү тэмцээн маргааш буюу наймдугаар 3-ны өдөр өндөрлөнө.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын хуваарь

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.07.31-ний өдрийн хурлаар батлав.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

08 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

09.30 цагаас:

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ НЭЭЛТ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

10.00 цагаас:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

08 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь нар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

09.30 цагаас:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь нар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Тайлбар: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2015 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдөр хэлэлцэх асуудлыг жич шийдвэрлэнэ.

Categories
мэдээ цаг-үе

“Нэг ангийн хоёр” кинонд тоглож “Соёл-Эрдэнэ”-ийг шүтэж явсан сурагчид

“Нэг ангийнхан” буландаа эл удаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн тэргүүний 52 дугаар сургуулийг тэртээ нэгэн мянга есөн зуун далан таван онд төгссөн хамт олныг урьсан юм. Тавин хоёрдугаар сургууль бол Кубын тусгаар тогтнолын цогтой тэмцэгч, Латин Америкийн орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Хосе Мартийн нэрэмжит гэдгийг манайхан мэдэх билээ. Ачит багш Нанзадынхаа эрдэм оюуны үр шим, ээжийн дулаан сэтгэл, энэрэл хайранд нь өлгийдүүлэн аравдугаар ангиа дүүргэж, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ баяртай их амьдралын харгуйд хөл алхсанаас хойш эдүгээ 40 жилийн хаврыг үджээ.

Уг ангийнхан хэд хэдэн зүйлээр онцгой байсан нь хамт олны дурсамж дурдатгалаас бэлээхэн анзаарагдах аж.

Монголын орчин цагийн хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж, өнөөдөр домог мэт яригдаж буй “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” хамтлагуудыг шүтэн биширч, хаана л тэдний тоглолт болно тэр бүгдийг ангиараа, хэсэг нөхдөөрөө алгасахгүй үзэж, тухайн цагтаа залуусын мөрөөдөл болж байсан Зундарь, Галсанбат, “Цэнхэр залаа”-гийн Баатарсүх нарыг үлгэрлэн дуурайж явсан гэдэг. Мөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Халтарын Дамдингийн бүтээл “Нэг ангийн хоёр” кинонд одоогийн гавьяат жүжигчин Б.Туяа, мөн Ч.Үржинбадам нарын тавин хоёрдугаар сургуулийнхан тоглоход тус ангийн хүүхдүүд болох Д.Энхбаяр, З.Оюунцэцэг, Дулмаа нар туслах дүр бүтээж, дэлгэцэнд мөнхөрсөн түүхтэй.

“Сурагч ахуй насандаа бид олон зүйлийн тухай мөрөөднө. Ирээдүйд нэр алдартай хүмүүс болохын төлөө хичээл номондоо шамдаж, бүгд их дээд сургуульд орцгоох тухай ярилцана. Гадаад дотоодын олон гоё сургуулийн сураг дуулдаж хорхой хүргэхийг нь яана. Манай ангийнхан хичээл номондоо шамдахын зэрэгцээ сургуулиас зохион байгуулсан соёл урлагийн ажилд идэвхийлэн оролцож, урлагийн үзлэгт цахилгаан хөгжмийн хамтлаг бүрдүүлэн жинхэнэ бут авч байсан үе бий. Цахилгаан хөгжмийн хамтлагийн маань соль гитарыг Г.Ганхуяг, ритм гитарыг Ч.Энхсайхан, басс гитарыг С.Ганхуяг, даралтат хөгжмийг И.Энхсайхан нар тоглож шуугиан дэгдээж байлаа. Р.Отгонбаатар бөмбөр нүдэж, цээл сайхан хоолойгоороо гайхагдаж байсан Б.Энхтайван, торомгор нүдэн Л.Цэрэндулам нар маань гоцлон дуулж, нарийн бүрээ хөгжмөөр сонгодог аязыг Г.Ганхуяг гоцлож, С.Туул шүлэг найргийг уран яруу уянгалуулж шилдгээр тодорч явлаа. Мэдээж бидний шүтээн бол Зундарь, Галсанбат нар. “Битлз”, “Смоки”, “АББА” –гийн дуунуудыг дуулж, “Манго” бүжгийг нийтээрээ бүжиглэн хөгжилдөн баясч явжээ” хэмээн 10Б-гийнхэн дөчин жилийн өмнөх нандин дурсамжаа хуваалцаж байна. Мөн “Манай ангийнхан тухайн үеийн залуусын дунд ихэд моодонд ороод байсан “Охидын бүжиг” гэх аялгууны бөмбөрийн цохилтыг цохиж сурцгааснаас хичээл дээр ширээгээ нүддэг хэргээр эцэг эхийн хурлаар хэд хэдэн удаа орж донгодуулж явсан тал ч бий” гээд инээлдэж байлаа.

Дуу хуур, хөгжим, бүжиг наадаанаас гадна спортын талбарт 10Б-гийнхэн манлайлж явсан гэнэ. Ангийн хөвгүүд завсар зай гарвал хичээлийн дундуур Намын дээд сургуулийн хөл бөмбөгийн талбайд очиж их тоглоно. Сургуулиас зохион байгуулдаг намрын спартакиадад чөлөөт бөхөөр Д.Энхбаяр, сагсан бөмбөгөөр С.Ганхуяг, Л.Отгонбаатар, Р.Отгонбаатар, Д.Туул, Л.Цэрэндулам нар хамт олноо төлөөлөн оролцож амжилт үзүүлдэг байжээ. С.Ганхуяг гурван метрээс гоол алддаггүй байсныг, Л.Отгонбаатар самбараас бөмбөг авахдаа гарамгайг, С.Энхжаргал буудлагын спорттой хувь заяагаа холбон улмаар олон улсын хэмжээний мастерын зэрэг хамгаалж, дасгалжуулагчийн алба эрхлэх болсныг нөхөд нь дурсч байлаа.

Арван таван хүү, хорин найман охинтой 10Б-гийнхэн бүгд дээд боловсрол эзэмшиж төр түмэндээ үнэлэгдсэн хүндтэй эрхмүүд болжээ. Тэднээс С.Баярсайхан ЗХУ-ын Иркутскийн их сургуулийг дүүргэн санхүүч мэргэжил эзэмшин төр захиргааны салбарт мэргэжлээрээ ажиллаж ирсэн нэртэй санхүүч юм.

Г.Ганхуяг ЗХУ-ын Волгоградын Цагдаагийн дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, дүүргийн прокуророор ажиллаж байсан. Монголын нэртэй өмгөөлөгчдийн нэгэн. С.Ганхуяг Польшид дээд сургууль төгссөн, гидрогеологич мэргэжилтэй. Усны хайгуулын төсөлд ажиллаж байна.

С.Ганбат ЗХУ-ын Иркутскийн бэлтгэлд суралцсан, УБДС төгссөн, хэвлэн нийтлэгч мэргэжилтэй. Чэйзийн детектив цувралыг орчуулан хэвлэгчээр ажиллаж буй. Л.Отгонбаатар мөн Польшид дээд сургууль төгссөн, механик инженер мэргэжилтэй, Барилгын цэрэгт офицер, “Монроуд” компанид хэлтсийн дарга, Р.Отгонбаатар ЗХУ-д Галын дээд сургуульд суралцсан, Улаанбаатар вагон депод мастер, бригадын даргын албыг тус тус хашиж байв. Д.Туул ПДС төгссөн, холбооны инженер мэргэжилтэй, Холбооны яам, “Хасу мегаватт”, “Өндөр буянт” компаниудад инженерээр ажиллаж байна. Б.Энхтайван ЗХУ-ын Ленинградын их сургууль төгссөн, холбооны инженер мэргэжилтэй НАХЯ-нд ажиллаж байжээ.

Тус анги олон амидай сурагчтай. Тэдний хоёр нь болох Ч.Энхсайхан Польшид дээд сургууль төгсч эдийн засагч мэргэжил эзэмшсэн бол И.Энхсайхан Германы Ростовын их сургуульд суралцсан байна. Тэрээр ЭНЭШТ-д эмчээр ажиллаж байгаад одоо хувийн эмнэлэг эрхлээд явж байгаа аж. Б.Энхтөр ХААДС төгссөн, ойн инженер мэргэжилтэй, Д.Энхбаяр Цэргийн ерөнхий дээд сургууль төгссөн, улс төрийн мэргэжилтэй, ардын цэргийн бэлтгэл ахлах офицер. Ж.Эрдэнэбат Германы Лейпцигийн их сургуульд суралцсан, инженер эдийн засагч, аж ахуйн менежер мэргэжилтэй, Улаанбаатар хотын Барилга засварын нэгдсэн трестэд дарга, “Шинэчлэл” хувьцаат компанид ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар ажилласан, одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажиллаж байна. Энэ бол 10Б-гийн хөвгүүдийн товч намтар юм. Эрмэг сайхан 15 хөвгүүнээс Р.Отгонбаатар, Б.Энхтөр нар нь бурхны оронд одож ангийнхаа олны сэтгэл зүрхэнд харууслын манан татуулсан байна. Тэр хоёрынхоо дурсгалыг үргэлж хүндэтгэж явдгаа нөхөд нь хэлсэн юм.

“Сурагч насны үерхэл нөхөрлөл хүмүүний амьдралд юунаас ч илүүтэй ариун нандин, хэзээ ч мартагдашгүй гэдэг ямар үнэн юм бэ. Манай ангийн хөвгүүд одоо ч холдоогүй. Бид үргэлж уулзалдаж, биесээ түшиж явдаг. Олуулаа цуглаж бага балчир насны хөгжилтэй хөөртэй дурсамжаа ярьж суух хамгийн жаргалтай. Дөчин жилийн уулзалтаа тэсч ядан хүлээж байна” хэмээн ангийн хөвгүүдийн төлөөлөл Жамсрангийн Эрдэнэбат хэлсэн. Харин ангийнхныхаа дурсамж дурдатгалыг цуглуулж, бичиж тэмдэглэх ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэж, аливаад жинхэнэ сэтгэл зүрхнээсээ ханддаг хүн бол Д.Энхбаяр юм. Тэрээр ойн уулзалтдаа ангийн нөхдөө урихын ялдамд 40 жилийн босгон дээр багш нараа ийн дурсч байна. “Бидний зүрхэнд залуугаараа мөнхрөн одсон ангийн багш Нанзад, сургуулийн МХЗЭ-ийн хорооны дарга, Монгол хэл уран зохиолын багш Эрдэнээ, Банзрагч, физикийн Баатар, орос хэлний Хандсүрэн, Ядвига, химийн Чимид, Янжмаа, биологийн Бавуудорж, ургамал судлалын Жаргал, түүх нийгэм судлалын Ааяа, Намсрай, биеийн тамирын Дугарсүрэн нарын эрдэм оюун, их өглөгийн хүчээр бид өдий зэрэгтэй явна” гэв.

10Б-гийн охидыг төлөөлж ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга С.Сэргэлэнчимэг дурсамжаа хуваалцсан юм. “Бид хичээл номдоо жигд сайн сурдаг байлаа. Ялангуяа тооны хичээлд Р.Амарбаясгалан, Т.Бүжидмаа, Д.Оюунцэцэг, С.Туул, Б.Түмэнжаргал, Ц.Цэнгэлмаа болоод миний бие сайн байсан. Харин нийгмийн ухааны хичээлд Л.Гэрэлтуяа, С.Нэргүй, Б.Цэрмаа, О.Цэнд-Аюуш, Л.Цэрэндулам, Цэндмаа, монгол хэл уран зохиолд М.Аюурзана, С.Алтанцэцэг, С.Туул, Тунгалагхараа, У.Туяа, гадаад хэлний хичээлд Б.Долгормаа, Ё.Энхтуяа нар тэргүүлдэг байлаа. Цэвэр сайхан бичгээр ангийн дарга М.Аюурзана, Алтантариа нар бусдаасаа ялгарна. Зурах авьяасаараа С.Туул, Р.Амарбаясгалан нарыг нэрлэх хэрэгтэй” гэсэн. Ийнхүү 40 жилийн тэртээд тавин хоёрдугаар сургуулиас их амьдралын алтан харгуйд хөл тавьсан гэгээн сайхан нөхдийн тухай өгүүллээ.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Хайртай бүсгүйдээ дөрвөн машин цэцэг бэлэглэжээ

Хурим найрын улирал эхэлсэнтэй холбогдуулан хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд хөл ихтэй байна. Сүүлийн үед хосууд хуримаа хийхдээ мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэхийг илүүд үзэх болжээ.

Учир нь хосуудын ярьж буйгаар бол хуримын даашинз, хослол, машин, ресторан, зурагчин гээд бүхий л зүйлийг нэг дороос хөлслөх нь цаг хугацаа алдахгүй, хийх ажлыг нь хөнгөвчилдөг байна. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд ч олон болжээ. Бид шинээр гал голомтоо бадраахаар зэхэж буй хосууддаа зориулж хэд хэдэн газраар орлоо. “Best event” студи, “Жакс” энтертаймент групп, “Me” энтертаймент, “Crocus event hall” зэрэг олон газар хуримын цогц үйлчилгээг зохион байгуулдаг юм байна. “Crocus event hall” гэхэд л саяхан хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад зориулж хуримын нээлттэй өдөрлөг хүртэл зарласан байна. “Таны хуримын хамгийн жаргалтай мөч бүхнийг бид сэтгэлд тань мөнхөлнө” уриатай ажилладаг “Me marketing” энтертайментаар орлоо. Тус газарт хуримын захиалга өгөхөөр 25 орчим насны хоёр хос уулзаж байв. Тэд энэ сарын дундуур хуримаа хийх гэнэ. Сүйт залуу тус газрын видео бичлэг, зурагчин, гэнэтийн бэлэг зэрэг үйлчилгээг сонгохоор төлөвлөж байгаа юм байна. Харин сүйт бүсгүй даашинз, хослолоо өөр салонд захиалж хийлгэж байгаа талаараа ярив. Тэд хуримаа хийхэд хичнээн төгрөг зарцуулж болох талаар олон талаас нь судалгаа хийжээ. Дунджаар 15 сая төгрөгөөр хурим хийхээр төлөвлөсөн гэнэ. Хоёулаа төрийн байгууллагад ажилладаг бөгөөд хуримаа хийхийн тулд 10 орчим сая төгрөгийн цалингийн зээл авсан байна. Үлдсэн мөнгийг хоёр талын аав, ээж нэмэрлэжээ. Өөрсдөө бүх зүйлээ худалдаж аваад, зохион байгуулна гэхээр явдал ихтэйгээс гадна насан туршид нь дурсагдах ганц аз жаргалтай мөч нь учраас аль болох дурсгалтай хийхийг хүссэн гэнэ. Тиймээс ийн мэргэжлийн байгууллагад хандаж байгаа юм байна.

Ингээд “Me marketing” энтертайментын захирал Т.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хичнээн жил болж байна вэ?

-Манайх үүсэн байгуулаг­даад зургаан жил болж байна. Анх найзтайгаа хамтарч хуримын видео бичлэг хийж гүйцэтгэдэг байсан. Эхэндээ хурим зохион байгуулахдаа нийтлэг энгийн маягаар л хийдэг байлаа. Яваандаа илүү туршлага суусан. Ер нь хосуудын амьдралын хамгийн аз жаргалтай мөчийг дахин давтагдашгүй гайхамшигтай зохион байгуулвал үйлчлүүлж буй хүмүүст ч үлдэцтэй, хэзээ ч мартагдахааргүй байх болно шүү дээ. Тиймээс арай шинэлэг санаа, шийдлийг илэрхийлж, аль болох өвөрмөц байдлаар хийхийг хичээдэг болсон. Өнгөрсөн хугацаанд 80 гаруй хуримыг бие даан зохион байгуулсан бол 200 гаруй хуримыг хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа хийсэн байна.

-Танайд хуримын захиалга хэр байна?

-Энэ наймдугаар сард манай байгууллага таван хурим зохион байгуулахаар захиалга авчихаад байна. Бид аль болох чанарын өндөр түвшинд хурим зохион байгуулахыг хүсдэг. Тиймээс давхцаж захиалга авдаггүй. Хурим зохион байгуулна гэдэг маш нямбай, хариуцлагатай ажил. Шинэ гэр бүл болж буй хосуудад сэтгэгдэл төрүүлэх нь хамгийн чухал. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хосууд мэргэжлийн байгууллагад хандах нь эрс ихэссэн.

-Сүүлийн үед хосууд ямар хэлбэрээр хурим хийхийг илүүд үзэж байна. Ерөнхийдөө европ маягийн хурим хийх хандлагатай болсон юм шиг?

-Тийм. Үзэгдэх байдлаараа европ хандлагатай болчихсон. Гэхдээ хуримын агуулга нь үндэсний хэв шинжийг илэрхийлдэг. Жишээ нь ураг батжих үйлийг хийхдээ мөнгөн аяганд сүү хийгээд хосууд солилцож уудаг. Сүүлийн үед олон давхар хундганд хийдэг мода дэлгэрч байгаа. Мөн фэйсбүүк, твиттер гээд сошиал медиа орчноос хүмүүс олон санаа авч түүнийгээ бодит амьдралд ашигладаг болж. Олон сайхан санаагаар хурим хийж болно. Бид ашгийн төлөө байгууллага хэдий ч үндэсний ёс заншил, уламжлалаа хадгалсан хурим зохион байгуулахыг хичээдэг. Тийм санал үйлчлүүлэгчидээ тавьдаг. Өнгөрсөн жил XIII зууны үеийг харуулсан хурим зохион байгуулсан чинь “Соронз” сэтгүүл дээр гарсан Монголын топ 12 хуримын нэгээр шалгарч зураг нь тавигдсан байсан. Ер нь л хуримыг илүү өвөрмөц, энтертаймент байдлаар хийх нь хосуудад илүү сэтгэгдэл үлдээдэг.

-Танайхаар хуримаа зохион байгуулуулхаар гадаадаас хүртэл санал ирдэг гэж сонссон?

-Тийм ээ. Манай хаягаар холбогдоод хуримаа зохион байгуулахыг хүсдэг. Гадаадаас эх орондоо ирээд хуримаа хийнэ гээд хугацаагаа хэлээд захиалга өгдөг. Манайх зөвхөн хурим гэлтгүй хайр сэтгэлээ илэрхийлсэн олон гэнэтийн бэлэг барих үйлчилгээг явуулдаг. Гэхдээ зарим тохиолдолд үйлчлүүлэгчид эхнэрээ гомдоочихоод гэр бүл салах хэмжээнд тулсан үедээ эхнэртээ гэнэтийн бэлэг барихыг хүсдэг. Тийм тохиолдолд би арай өөр зөвлөгөө өгдөг. Асуудал хурцадсан үед ганц гэнэтийн бэлэг бариад хүний сэтгэл өөрчлөгдөнө гэж байхгүй шүү дээ. Бид яахав орлогоо бодоод хийж өгч болно. Гэвч миний хувьд мөнгөнөөс илүүтэйгээр хосуудын аз жаргалын төлөө ажиллахыг хүсдэг. Хэрвээ хайртай л бол эхнэртээ, нөхөртөө өдөр болгон хайртайгаа илчилж өөрөө хичээх ёстой шүү дээ.

Мэргэжлийн байгуул­лагуудын хуримын цогц үйлчилгээ дунджаар 20-40 сая төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Цогц үйлчилгээнд хуримын бөгжнөөс бусад бүх зүйл багтсан гэсэн үг. Тухайлбал, хуримын чимэглэл, гоёлын нүүр будалт, мастер үсчний гоёлын үс засалт, уран сайхны найруулгатай видео цомог, мэргэжлийн гэрэл зурагчин, хөтлөгч, хамтлаг дуучид, сюрприз бүхий эвэнтүүд, хүлээн авалтын ресторан зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн сүүлийн үед хосууд бүрэн хэмжээний баримтат кино хийлгэх захиалга их өгдөг болж. Мөн хуримын өмнөх гэрлэх санал тавих үйлчилгээ их эрэлттэй болсон гэнэ. Саяхан нэгэн залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих үйлчилгээ авчээ. Энэ үйлчилгээнд дөрвөн портер машин цэцэг орсон байна. Ер нь залуус илүү өвөрмөц байдлаар хайр сэтгэлээ илэрхийлэхийг хүсдэг болсон талаар мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салон, автомашины үйлчилгээ үзүүлдэг газрууд ч олон байдаг юм байна. Хуримын даашинз дунджаар 500 мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй бол нэг удаагийн түрээс буюу прокатын үнэ нь 200 мянган төгрөг байдаг аж. Мэдээж өнгө дизайн, хэлбэр хийцийн хувьд өргөн сонголттой. Загварын хувьд сиси болон нуруу нь ил гардаг торон даашинз моданд орж байгаа гэнэ.

Харин автомашины цуваа сонирхвол ”Lexus” 470, 570 ”Ланд-200” машинуудыг 150 мянган төгрөгөөр түрээсэлж болох бол Лимузин зэрэг тансаг зэрэглэлийн машин цаг нь 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн аварга М.Гонгор

Эх оронд
маань анх удаа зохиогдож буй нисэх загварын чөлөөт нислэгийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин
М.Гонгор аваргалжээ. F1B буюу резинэн хөдөлгүүрт төрөлд Япон, Өмнөд болон Хойд
Солонгос, Хятад, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 30 гаруй орны
тамирчид өрсөлдсөнөөс долоон нислэгийн нийлбэр дүнгээр тэрбээр тэргүүлж,
дэлхийн аварга хэмээх цолыг хүртлээ. Харин хоёр, гуравдугаар байрт Украйны тамирчин
Стефанчик Стефан, Кулаковски Олег нар шалгарчээ.

М.Гонгор
1968 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өдгөө 47 настай хэдий ч залуустай мөр
зэрэгцэн нисэх загварын онгоц зохион бүтээж, дэлхийн чансаатай тэмцээнд ийн
амжилт гаргажээ. Тэрээр 13 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн сурагч
байхаасаа л тухайн үеийн Залуу техникчдийн ордонд хичээллэдэг байж. Харамсалтай
нь 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны нийгэм эдийн засгийн шилжилтийн үед ихэнх
дугуйлан, ордон үүдээ барьсан агаад тэдгээрийн тоонд Залуу техникчдийн ордон ч
мөн багтжээ. Энэ нь хийж бүтээх ирмүүн хүсэл зорилготой, зохион бүтээх
авьяастай түүнд хүндхэн цохилт болсон гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр хэсэг нөхдийн
хамт 1996 онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулжээ. М.Гонгор
“Хүүхэд ахуй цагаасаа энэ спортоор чин сэтгэлээсээ хорхойсон хичээллэж байсан
учраас дугуйлан татан буугдлаа гээд энэ спортоо орхиогүй. Нисэх загвараа хэсэг
хугацаанд гэртээ хийсэн. Ганцаараа учраас тэр бүр шинэ санаа орж ирэхгүйгээс
гадна бусад зохион бүтээгчидтэй харьцуулахад өөрийгөө ямархуу түвшинд явааг
мэдэхээ больдог. Тиймээс Б.Амарсайхан тэргүүтэй найзуудтайгаа нийлээд Монголын
нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулсан. Нийгэмлэгийн зүгээс идэвх
санаачлагатай ажилласны үр дүнд 2006 оноос улс, бүсийн аваргаас гадна “Монголын
цом”, “Түвшингийн дурсгалын цом” зэрэг тэмцээнийг давхар зохиох болсон. Эдгээр
тэмцээнүүд 2011 оноос дэлхийн цомын тэмцээний ангилалтай болсон. Бас 2012 онд
чөлөөт нислэгийн Азийн аварга, 2014 онд Ази Номхон далайн бүсийн орны аварга
шалгаруулах тэмцээнийг Монголдоо тус тус амжилттай зохиолоо. Харин энэ жил
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хийж, дуусах шатандаа орлоо.
Хоёр жил тутам зохиогддог энэхүү тэмцээнийг энэ онд Монголд хийх эрхийн төлөө
Итали, Серби гэсэн улстай өрсөлдсөн. Эдгээр орнууд бол Европ тивтэй ойр, замын
зардал бага, аялал жуулчлал хөгжсөн. Гэсэн хэдий ч манай тамирчдын өсөн
нэмэгдэж буй ур чадвараас гадна Монгол дахь салбар нийгэмлэгийн өнгөрсөн
хугацаанд хийсэн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт зэргийг үндэслэн Дэлхийн
агаарын спортын холбоо манайхыг сонгосон болов уу.

Дэлхийн
аваргын тэмцээнд 2007 оноос манай тамирчид оролцож эхэлсэн. 2009 онд Хорват
Улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд багаараа орж, амжилтаараа 42 орноос 16
дугаарт эрэмбэлэгдсэн. 2011 оны Аргентиний тэмцээнээс манай тамирчин н.Батзориг
хувийн амжилтаараа дөрөвдүгээрт шалгарсан. 2013 онд Францын тэмцээний резинэн
хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа мөн дөрөвдүгээр байрт орсон. Харин энэ
жил буюу Монголд нисэх загварын спорт үүссэний 50 жилийн ойгоор би эх нутагтаа
дэлхийн аварга боллоо. Энэ бол ганц би гэлтгүй Монголын нийт тамирчдын ур
чадвар, амжилт тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаагийн илрэл” гэсэн юм.

Дэлхийн
агаарын спортын дүрмийн дагуу резинэн хөдөлгүүрт төрөлд оролцох онгоцыг 200
граммаас багагүй жинтэй, 19 дм-ээс ихгүй хэмжээтэй байхаар зохион бүтээх ёстой
аж. Энэ шаардлагын дагуу тэрээр Бразилд ургадаг бальза хэмээх хөнгөн хэрнээ бат
бөх мод, карбон зэрэг материалаар онгоцоо хийжээ. Онгоцыг агаарт хөөргөсний
дараа удирддаггүй онцлогтой учраас тамирчид салхины хурд, чиг, газрын тогтоц
зэргийг сайтар тооцоолж, онгоцоо хөөргөдөг байна. Ийнхүү тус төрөлд 30 гаруй
орны тамирчид хүч үзсэнээс финалын шатанд 14 нь үлджээ. Эхний удаад дөрвөн
минут, дараагийн зургаан удаад тус бүр гурван минутаар нислэг хийлгэж чадсан нь
финалд шалгарсан байна. Финалд үлдсэн тамирчид онгоцоо таван минутаар нисгэжээ.
Цөөн хэдэн зохион бүтээгч энэ босгыг давсан агаад тэдгээрээс ганцхан М.Гонгор
дараагийн шат буюу долоон минутын чөлөөт нислэгийг хийж чадсанаар дэлхийн
аварга болжээ.

М.Ууган-Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний диваажин болгох тавдугаар станцын гэгээтэй сонин

Хэдэн
жил дамнан яригдсан ч өнөөдрийг хүртэл ажил болоогүй тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт
ирэх онд эхэлнэ. Хөлийн голын хөндийд буюу нийслэлийн зүүн хэсэгт 2016 онд мега
төслийн том бүтээн байгуулалт эхлэх нь тодорхой болчихлоо. Энэ мэдээ эдийн
засаг хүндхэн үргэлжилсэн зуны өдрүүдийн
гэгээтэй сонин болж байна. Монгол Улс 1984 оноос хойш анх удаа дулаан,
цахилгаан хослон үйлдвэрлэдэг том хэмжээний цахилгаан станц барих гэж буй нь
энэ.

Цахилгааны
асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болоод өчнөөн оныг элээж байгаа. Ямар
сайндаа л хотын удирдлагууд дахиад барилга баривал цахилгаан, дулаанаар хангаж
чадахгүй гэж мэдэгдэж суухав. Сүүлдээ бүр цахилгаан станцад гарсан багахан гал
нийслэлийг тэр чигт нь цахилгаангүй болгож сандаргасан. Ердөө хоёрхон сарын
өмнөх явдал. Дэд станцын нүхээр шувуу орсноос болж богино холбоос үүсч ойр
орчмын шар өвс шатжээ, иймхэн явдал л нийслэлийг бүхэлд нь гал алдуулж байна
гэж ирээд тухайн үедээ баахан шуугисан. Дахиад ийм шуугиан дэгдэхгүй гэх
баталгаа байхгүй. Өвөлдөө хажуудаа барьсан уурын зуухны буянаар дулаацаж,
бүлээцэж буй орон сууцны хотхон жил ирэх
бүр нэмэгдэж байна. Агаарын бохирдолд сөргөөр нөлөөлөхөөр шийдлийн нэгдүгээрт
эргэлзэх юмгүй бичигдэхээр үзэгдэл. Цахилгаан, дулаан гэдэг хоолой татсан
асуудал болсныг ийм хоёрхон жишээгээр нотолчихож болно. Жилийн дөрвөн улиралдаа
байшин, гэр хороололгүй цахилгааны хязгаарлалт байнга хийгээстэй нийслэлтэй
улс хөгжиж байгаа орнуудын дунд биднээс
өөр бараг үгүй дээ. Байгаа дөрвөн станц маань Оросын хуучны технологитой гэсэн
ядруу тайлбартай. Байсхийгээд л засвар
үйлчилгээ хийж байгаа дуулддаг ч элэгдэж муудсан учраас засвар, шинэчлэлгүй жил
өнжинө гэж үгүй. Цахилгаан, дулаантай холбоотой иймэрхүү зовлон тоочъё гэвэл
барагдахгүй учраас ингэсгээд орхиё. Уг нь эрчим хүчний диваажинд амьдрах боломж
бидэнд бий. Хэдэн Засгийн газар дамнан яригдсан тавдугаар станцаа барьчихад л
цахилгаангүй бүүдийж, дулаангүй дагжиж амьдрах зовлонтой амьдралдаа баяртай гэж
хэлэх боломж монголчуудад байгаа.

Сүүлийн
үед таг гацчихаад байсан тавдугаар станцын ажил наашилж эхэлснийг нотолсон үйл
явдал энэ долоо хоногт боллоо. Өнгөрсөн өдрүүдийн онцлох сонин гэвэл тавдугаар
цахилгаан станцын төслийн концесс эзэмшигчид Засгийн газрыг төлөөлсөн
байгууллагуудтай цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан
явдал байв. Цахилгаан станцаа барьчихвал үйлдвэрлэсэн дулаан, цахилгааныг чинь
худалдан авъя гэсэн амлалтыг Монголын төр өгч, гарын үсэг зурж за зүй болчихлоо
гэсэн үг. Арилжааны нөхцөлөө тохирно гэдэг том алхам. Хамгийн чухал гэрээнийхээ
ард гарсан гээд ойлгочихож болно.

450 МВт
цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай тавдугаар станцыг барих
ажлыг “Энжие”, “Сожиц”, “Поско энержи”, “Ньюком групп” гэсэн олон улсын
компаниудаас бүрдсэн консорциум барьж ашиглалтад оруулна. “Энжие” Францын
компани. Дэлхийн хамгийн том бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч групп. “Сожиц”-ийн
хувьд Японы хамгийн том худалдааны корпорациудын нэг. “Поско энержи”-г
Солонгосын хувийн хэвшлийн хамгийн том үйлдвэрлэгч гэдгийг дэлхий андахгүй.
“Ньюком” энэ чиглэлдээ манайдаа ганц нь.

Тэд
станцыг 25 жилийн дараа төрд хүлээлгэж өгөх үүргийг гэрээгээр хүлээж байгаа.
Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн нэг КВт цагийн гарааны үнэ долоон цент.
Салхин паркийн нийлүүлдэг эрчим хүчний үнэ есөн цент гэхээр боломжийн, дажгүй
тохироо.

Эрчим
хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын хэлснээр энэ мега төслийн бичиг
цаасны ажлын 70 хувь нь гараас гарчихаж. Удахгүй дулааны гэрээ байгуулах юм
билээ. Нүүрс, усны гэрээний хэлцлүүд эхэлчихсэн, нааштай яваа дуулдсан.
Тавдугаар станц гээд ярихаар газрын
асуудал гацаа үүсгэдэг. Харин сүүлийн
үед албаныхан газрын гэрээ асуудалгүй гэцгээх болсон. Цаанаа учиртай л даа. Гадаадын хөрөнгө
оруулагчид энэ төсөл дээр хамтрах учраас газар эзэмшиж болохгүй. Ийм
шалтгаанаар станцын газрыг Эрчим хүчний яам эзэмшинэ. Станц газраа түрээсээр ашиглана гэсэн үг.
Гацаа энэ мэтээр арилж л байвал сайн. Тавдугаар станц нүүрсээ Багануур,
Шивээ-Овоогоос авах тохироотой. ДЦС-5
төслийн хувьд өнгөрсөн зун хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээ байгуулсан.
Намраас өмнө бусад гэрээгээ нугалж, есдүгээр сард нэмэлт гэрээнүүдээ шийднэ гэж
төлөвлөсөн юм билээ.

Мега
төслийн амин асуудал нь мэдээж санхүү­жилт. Худалдах, худалдан авах гэрээг
үзэглэсэн учраас тавдугаар цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх консорциумд
банкуудад хандаж, төслийн санхүүжилтээ босгох ажил үлдсэн. Станц барихад
1.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. ДЦС-5 төслийг Азийн хөгжлийн банк, Европын
сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын банк, санхүүгийн
байгууллагууд санхүүжүүлнэ гэж буй. Сүүлийн нэг жилийн хугацаанд улсын зээлжих
зэрэглэл буурсан гэх мэт таагүй үзүүлэлтээс болж зээлийн хүү өсөх эрсдэл
байгаа. Гэхдээ худалдах, худалдан авах гэрээг хоёр тал үзэглэсэн учраас хөрөнгө
босгоход асуудалгүй болсон.

Төр
хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй энэ төслийн хувьд Засгийн газраас нэг ч төгрөгийн хөрөнгө
оруулалт хийхгүйгээр улсынхаа эрчим хүчний хэрэглээг шийдэхээрээ давуу талтай. Франц, Япон, Солонгос, Монголын
компаниудын хамтарсан консорциум станцаа барьж, эзэмшиж, оруулсан хөрөнгөө
нөхөж, ашгаа олсны дараа төрд үнэ төлбөргүйгээр хүлээлгэж өгөх тохироо хийгээд байгаа.
Цахилгаан станц барьсны дараа төмөр зам, цахилгаан, дулааны шугам зэрэг дэд
бүтэц барих үүргийг засгийн зүгээс хүлээж буй. Төр, хувийн хэвшлийн түншлэл
гээд байгаагийн утга нь энэ.

Станцын
барилга угсралтын ажил дөрвөөс таван жил үргэлжилнэ гэж буй. Төлөвлөсөн
хугацаандаа амжвал тавдугаар станц 2020
оноос ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ хугацаанд гэхэд л 2700 ажлын байр бий болно
гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байгаа. Тавдугаар станцын бүтээн байгуулалтын
туслан гүйцэтгэгчээр зөвхөн монгол компаниуд ажиллах тохироотой. Тэр хэрээр
эдийн засагт ирэх өгөөж нэмэгдэх нь ойлгомжтой.

Тавдугаар
станц техно­логийн хувьд одоо ажиллаж буй оросын хуучин технологитой
харьцуулахааргүй шинэ, дэвшилтэт, орчин үеийнх. Гол санхүүжүүлэгчид болох Азийн
хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөрөнгө оруулалтын банкууд байгаль
орчинд нөлөөлөх байдалд онцгой анхаарал хандуулдаг. Тийм учраас хамгийн сүүлийн үеийн байгальд хал
багатай технологи бүхий дулааны цахилгаан станц Монголд хэрэгжинэ гэдэгт
эргэлзээд байх зүйлгүй. Наад захын жишээ гэхэд л тавдугаар станц жилд гурван
сая орчим шоо метр ус хэрэглэнэ. Одоо ашиглаж байгаа технологиос гурав дахин
бага ус хэрэглэнэ гэсэн үг. Усны нөөц багатай манай улсын хувьд амин хэрэгтэй
шийдэл.

Юутай ч
тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхлэхийн өмнөх хамгийн том алхам
энэ долоо хоногт хийгдсэн нь олзуурхаж онцлохоор үйл явдал. Ерөнхий сайд энэ мега төслийн
ажлыг түргэтгэх үүрэг өгсөн гэсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ингэж даалгасан
даалгаагүй тавдугаар станцын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлэхээс өөр
аргагүй болсныг хэдэн тоогоор нотолъё. Өнгөрсөн өвлийн өмнөхөн “Улаанбаатар
дулааны сүлжээ” ХК-иас есөн дүүргийн 98 барилгад дулааны зөвшөөрөл өгөх
боломжгүй гэсэн мэдэгдэл хийснийг уншигчид санаж байгаа байх. Хан-Уулд 22,
Баянголд 27, Сонгинохайрханд 26, Сүхбаатарт 21 барилгад дулаан өгөх ямар ч
боломжгүй гэж ирээд дүүрэг дүүргээр нь
жагсааж байсан нь ердөө жилийн өмнөх явдал.
Энэ жил дулаан, цахилгаанаар хангах боломжгүй барилгын тоо өнгөрсөн
оныхоос нэмэгдэж таарна.

Ц.Баасансүрэн