Categories
мэдээ цаг-үе

Д.Тод: Ил хаадын улсад түүхийн хүрээлэн, Одон орны төв ч байжээ

ШУА-ийн Түүх, ар­хеологийн хүрээ­лэнгийн Баримт, мэдээллийн төвийн эрхлэгч Д.Тодтой ярилцлаа.

-Саяхан та бүхэн Ил хаадын нутгаар яваад ирсэн гэв үү?

-Иран яваад ир­сэн. 2012 оны сүүл­чээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лалын Бүгд найрамдах Иран улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Тэр үеэрээ Ил хаадын үеийн түүхийн баримт материал, уран барилга, урлагийн бүтээлүүдийг судлах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэр дагуу бид сая явсан. Ираны архивт байгаа Ил хаадын үеийн бичиг баримтуудын жагсаалт каталоги ном гаргахаар тохирсон. Гадаад явдлын яамны харьяа судалгааны төв гэж байдаг . Тус төвтэй манай академийн зүгээс харьцаж, гэрээ хэл­цэл байгуулах төсөл бэлтгэсэн юм. Иранаас Монголын Ил хаадын үеийн түүхийн холбогдолтой баримт бичгүүдийг авах, судалгаа хийх, хоёр орны эрдэмтэд хамтарч ажиллах боллоо. Өмнө нь манайхаас түүхч судлаачид нэг их очиж байгаагүй. Харин Анкарагийн их сургуулийн докторант, түүхч Д.Анхбаярын “Монголын Ил хаант улсын түүх соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” гэж ном бий. Гадаадын түүхчдийн Ил хаадын тухай бичсэн бүтээлүүд нэлээд бай­даг. Рашид-ад Дины “Судрын чуулган” Иранд бүтээгдсэн. Энэ бүтээл нь монголчуудын үүсэл гарлаас эхлээд Ил хаант улсын Газан хааныг хүртэлх түүхийг хамруулсан судалгааны чухал эх сурвалж юм. “Судрын чуулган”-ыг Хүлэгү хааны ач Газан хааны зарлигаар 1300-1311 онд бичсэн байна. Уг бүтээлийг туурвихад Хубилай хааны зарлигаар томилогдсон, нэрт түүхч Болд чинсан тэргүүтэй монгол түүхчид гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ бүтээл гурван хэсгээс бүрддэг. Нэг­дүгээр ботийн эхний гурван дэвтэр нь Монголын түүхтэй холбоотой, бүхэлдээ дэлхийн түүхийг багтааж бичсэн анхны ном юм. Дээрхээс гадна Ил хаадын дэмжлэгтэйгээр Персийн түүхч Ата-Малик Жүвейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” гээд Чингэс хааны байлдан дагууллын түүхийг бичсэн. Ираны түүхчдийн бүтээлүүд бий. Эдгээрээс харахад Ил хаадын үед түүхийн судалгаа маш өндөр хөгжсөн нь мэдэгддэг. Тэр байтугай Газан хааны дэргэд Түүхийн хүрээлэн байжээ. Тэр хүрээлэнд олон орны эрдэмтэд ажиллаж байв. Тэрхүү түүхийн хүрээлэнгийн гол хүн нь Болд чинсан байж. Болд чинсан алтан ургийн түүхийг нэвтэрхий мэддэг хүн байж. Газан хааны зарлигаар Болд чинсаны тусламжтайгаар Рашид ад Дин монгол, перс, хятад, энэтхэг эрдэмтэд түүхчидтэй хамтраад “Судрын чуулган”-ыг бүтээжээ. Одоо энэ түүх Монголд орчуулагдаад байгаа. Ц.Сүрэнхорлоо гэдэг эрдэмтэн”Судрын чуулган”-ыг орос хэлнээс орчуулсан. Түүнчлэн нэрт орчуулагч Г.Аким гуай англи хэлнээс орчуулсан. Гуравдугаар дэвтэр нь гарах гэж байгаа. Перс хэлнээс орчуулга хийх бодлого бий. Перс хэлтэй хүн цөөн. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр эртний перс хэлээр монгол судлаач сургах асуудал яригдсан юм билээ. 2014 онд Туркт суугаа Элчин сайд Б.Батхишиг, Ил хаадын түүхийг бичсэн түүхч Д.Анхбаяр нар “Судрын чуулган”-ы эх хувийг Туркийн Үн­­дэсний номын сангаас хуулбарлаж, нэг хувь хэвлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.

-Ил хаадын дипло­мат харилцааны баримт болж үлдсэн бичиг захидал олон байх?

-Н.Энхбаяр Ерөн­хийлөгч Францад, Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч Ватиканд айлчлах үеэр Ил хаад Аргун, Өлзийт, Газан нараас Ромын пап, Англи, Францын хаадад лалын шашинт мамлюкуудын эсрэг хамтарч байлдах хүсэлт тавьж, холбоотон болохыг санал болгож байсан захидлын эх хувийг авчирсан шүү дээ.

-Монголын хаад шашны асуудалд тө­вийг сахисан байр суурьтай хандаж ирсэн. Лалын шашинтны эсрэг эвсэл байгуулъя гэдэг нь ямар учиртай юм бол?

-Иракт байсан лалын шашны төвийг монголчууд устгачихсан. Иракт байсан Халифат гээд Ойрхи, Дундад Дорнодын лалын шашинтай орнуудыг ха­марсан шашны төв нь Египт рүү шилжчихсэн. Египт мамлюкуудын гарт орчихсон байлаа. Мамлюкууд гэдэг нь Монголд хөөгдсөн түргүүд. Оросын өм­нөд нутгаар байсан тал нутгийн хагас нүүдэлчдийг монголчууд барьж аваад Итали, Венецийн худалдаачдад худалддаг байж. Италийн худалдаачид тэднийг Египтэд боол болгож худалддаг. Тэд хөлс­­­­ний цэрэг мамлюк болж өсжээ. Туркт яничарууд гээд хүүхдийг эцэг эхээс нь хулгайлаад өөрийнхөө шашинд оруулж, өсгөж хүмүүжүүлээд дайн байлдаанаас өөр юм мэддэггүй, хөлсний цэр­гүүд болгочихдог. Тийм хүмүүсийг монголчууд өөрсдөө бий болгочихсон. Тийм учраас мамлюкууд Монголд хонзонтой бай­сан. Лалын шашинтны төв Кайрт шилжчихсэн болохоор монголчуудын байлдан дагууллын эсрэг гол төв болчихсон хэрэг. Сүүлд Газан хааны үед Ил хаад лалын шашинд орсон байдаг. Нэгэнт лалын шашинт орныг эзэлж суурьшаад олон жил болсон, хоёрдугаарт нутгийн ард олныг шашнаар нь дамжуулж захирахын тулд лалын шашинд орох хэрэгцээ байсан болов уу. Лалын шашинд орсон ч Монголынхоо ёс заншлыг дагаж байсан нь оршуулгын зан үйл зэргээс нь ха­рагддаг.

-Чингэсийн удмын­хан хоорондоо бас зөрчилдөж дайтаж бай­сан шиг байдаг?

-Алтан ордны улс, Цагаадайн улсууд зөр­чилдөж байж. Каспийн тэнгисээс зүүн тийшээ өвс ургамал малын бэл­чээр ихтэй сайхан тал нутаг байдаг юм байна. Тэр хэсгийг анх Чингэс хаан Зүчид гэрээсэлж үлдээжээ. Тэгтэл тэр нь Алтан ордны улсаас хол. Сүүлдээ Хүлэгүгийн үед энэ газар нутгийг байлдан эзэлжээ. Гэтэл Алтан ордны улсынхан бэлчээрийн төлөө тэмцэж Ил хаадын улс руу халдах болов. Энэ хоёр улс хэд хэдэн айхавтар дайн хийсэн байдаг. Ил хаадын улсыг дийлэхгүй болохоороо Алтан ордны улс мамлюкуудтай холбоо тогтоосон. Мамлюкуудыг өөртөө татахын тулд Алтан ордны алтан ургийнхан лалын шашинд оржээ. Цагаадайн улс Дундад Азийн орнуудыг хамарсан малын бэлчээр муутай уул хадтай элсэрхэг нутаг. Цагаадайн улс малын бэлчээрийн төлөө Перс, Ираны зүүн нутгаар довтолсон. Ингээд гурван фрон­тоор дайтаж байж. Сүүлдээ Алтан ордны улсын Узбек гэж хаан гарч ирээд, Алтан ордны бүх монголчуудыг лалын шашинд оруулахын тулд харгис арга хэмжээ ав­даг. Зүчийн удмын язгуур­­­­­­­т­нуудыг лалын шашинд хүчээр оруул­сан. Эсэргүүцсэн ал­тан ургийн 70 хүнийг цаазалсан түүхтэй. Тэрнээс болоод Зүчийн удмын олон цэргийн жанжин, язгууртнууд Орос руу зугтаав. Тэд Орост дагаар орж, тэдний армийг бэхжүүлжээ. Оросын цэрэгт шинэчлэл хийж, тэд хожим Куликовын тулалдаанд эргээд Алтан ордны улсын Мамайн цэргүүдийг бут цохисон байдаг.

-Хүлэгүгийн үр удмынхан 80 жил хаан­чилсан гэсэн үү?

-Албан ёсоор 88 жил хаанчилсан гэдэг юм. Түүнээс хойш ч Хүлэгүгийн удмынхан дахиад бараг 200 жил байсан. Бутарсан жижиг улсуудын хаад ихэнх нь Хүлэгүгийн удмынхан байсан.

-Ил хаадын урлагийн бүтээл их үлдсэн үү?

-Өлзийт хааны бун­хныг үзсэн. Ираны Султания хотод байдаг ордон. Өлзийт хааны ордон Ираны хамгийн эртний бөмбөгөр оройтой, барилгад тооцогддог. Уран зураг, гоёмсог хээ шигтгэмэл чимэглэлээрээ Перс дэх уран барилгын хөгжлийг илтгэдэг хосгүй бүтээл гэж ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Өлзийт хааны бунхан 53 м өндөр, гурван давхар юм билээ. Найман талт хана­тай, гэр хэлбэртэй бөмбөгөр оройтой, ну­ман хэлбэртэй хаалга, цонхтой. Нүүдэлдчийн болоод Персийн соёл хосолсон уран барилга. Өлзийт хаан эцэг Аргуны зарлигаар байгуулсан хотод Ил хааны улсын нийслэлийг байгуулсан. Өлзийт хааныг нас барахад ордонд нь бун­­­­халжээ. Гэхдээ тэнд нь одоо шарил байдаггүй. Сүүлд монголчууд нуусан юм билээ. Сэргээн засварлах ажил хийж байна. Үнэхээр аварга том байгууламж учраас гүйцэд засварлаж чаддаггүй гэсэн.

-Ил хаад Монголын эзэнт гүрэнд юу нийлүүлж байсан бол. Мэдээж худалдаа арилжаа цэцэглэж бай­сан байх?

-Мэдээж Юань гү­рэнтэй холбоотой байсан. Хүлэгү хааны төрсөн ах нь Хубилай шүү дээ. Ах дүүгийн холбооноос гадна эдийн засаг, улстөрийн холбоотой. Ил хааныг хаан ширээнд залахад Ил хаадын хурилдайгаар батлаад, дараа нь Монголын эзэнт гүрний их хаан баталгаажуулдаг. Ил хаадын улсад дэлхийн анхны шахуу Одон орны оргил төв байжээ. Энд Итали, Арабын эрдэмтэд хүртэл байсан гэдэг. Алтан ордны зах зээл дээр Ил хаадын улсын гоёл чимэглэл маш гүйлгээтэй. Персийн нэхмэл алдартай учраас Ил хаадын улсад Алтан ордныхон нэхмэлийн үйлдвэр байгуулж байсан гэдэг.

Зөвхөн Иранд тө­дийгүй Туркад Монголын түүхийн дурсгал маш их юм билээ. Туркад алтан ургийнхны занданшуулсан шарилыг музейд тавьчихдаг юм байна. Одоогийнхоор бол Туркийн захирагч байсан Жумударийн занданшуулсан шарил өнөөг хүртэл хадгалагдаж үлджээ. Ил хаадын улс гэхээр Иранаас гадна өнөөгийн Афганистан, Пакистан, Турк, Сир, Туркменистан, Армен, Азарбейжан орно. Тэ­гэхээр Ил хаадын су­далгааны талбар үнэхээр өргөн.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хуулийн өнгө төрх ийм

Ирэх даваа гаригт хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд арван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч цаг үеэсээ хоцорсон, хүний эрхийг зөрчсөн зүйл заалтуудтай гэж эрдэмтэн, судлаачдаас шүүмжлэл хүртдэг. Тиймээс энэ удаад ардчилсан нийгмийн харилцаанд тохирсон, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх, халдашгүй байдлыг баталгаажуулсан, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн урт хуга­цаанд тогтвортой үйлчлэхээр шинэчлэн найруулж байгаагаа хууль санаачлагчид онцолсон.

Энэ хууль батлагдсанаараа хүнийг эрүүдэн шүүх, орон байранд хууль бусаар халдах, баривчлах, саатуулах, нэгжих, эд хөрөнгө хурааж битүүмжлэх, мөр­дөж, мөшгих зэргийг хязгаар­лаж, хуулийнхны үйлдэлд хязгаар тавина гэж байгаа. Мөн ялын бодлогод өөрчлөлт оруулснаар шоронж­сон тогтолцоо өөрчлөгдөнө гэж таамагласан. Үүгээрээ нийгэмд хүлээлт үүсгэж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын өнгө төрхийг тоймлон хүргэе.

Цаазын ялыг хуульчлан хална

Одоо мөрдөж байгаа хуульд цаазаар авах ял бий. Харин Ерөнхийлөгч уучлалаараа цаазын ялыг халсан. Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ял байхгүй. Мөн баривчлах ялыг хуулийн төсөлд тусгаагүй. Харин хорих ялыг долоо хоногоос 20 жил хүртэл байхаар тооцжээ. Мөн бүх насаар нь хорих ялын зүйл заалт бий. Бүх насаар нь хорих ял нь 20 жилээс дээш хугацаатай байх бөгөөд суллагдах үндэслэл нь 25 жилээс дээш хугацаагаар хоригдсоны дараа үүснэ. Өөрөөр хэлбэл, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлөх зохицуулалт хийх аж.

Одоогийн хуулиар гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилж байгаа бол шинэчилсэн найруулгаар ердийн болон хүнд гэж хоёр ангилж ял онооход харгалзуулна. Таван жилээс дээш хугацаагаар хорих ялын хэмжээ тогтоо­сон хэргийг хүнд гэмт хэрэгт тооцно. Хүнд гэмт хэр­гээр шүүгдсэн хүн тэнсэх боломжгүй. Гэхдээ гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлоо арилгасан тохиолдолд оногдуулсан ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасах талаар заажээ.

Гэрийн хорионд байх ялтан электрон гав зүүнэ

Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгад хорих ялын шинэ төрлийг тусгасан нь гэрийн хорионд байлгах. Энэ ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заажээ. Ийм ял сонссон хүн хуулийнхны тодорхойлж өгсөн хүмүүстэй л харьцана. Хуулийнхны хяналтад оршин суугаа газраа өөрчлөлгүй тогтоож өгсөн замаар л зорчино. Тухайн этгээд бусдад аюултай байвал хүнтэй харьцахыг нь хориглоно. Ялтанд электрон гавны тусламжтайгаар хяналт тавих аж.

Хэрвээ тогтоосон дүрэм зөрчвөл эдлээгүй үлдсэн ялыг хорих болгон өөрчлөх аж.

Харин торгох ялыг нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр оног­дуулахаар төсөлд тусгажээ. Ялтны орлого олох боломжийг хар­галзан гурван жилд баг­таан барагдуулахаар тусга­сан байна. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих аж.

Хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, 51-ээс дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйгээс бусад хүмүүст нийтэд тустай ажил хийлгэх ял оноож болохоор тусгажээ. Ийм ял сонсвол өдөрт дөрвөөс дээшгүй цагаар буюу нийтдээ 121-480 цаг нийтэд тустай ажил хийх аж. Энэ ажлыг хийхгүй бол хорих ялаар солих гэнэ.

Одоо мөрдөж байгаа эрх хасах ялыг шинэ хуульд мөн хэрэглэнэ. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний төрийн болон нийтийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуу­лах, эсхүл тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориг­лож нэмэгдэл ялын шинжтэй хэрэглэх юм байна. Гэхдээ үндсэн ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээр тусгажээ. Одоогийн хуулиар эрх хасах ялыг хорих ялтай хамтатган хэрэгжүүлж байгаа.

Хүүхдэд ял оноохоос зайлсхийнэ

Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16 наснаас дээш байхаар төсөлд тусгажээ. Харин хүний амь хөнөөсөн, хулгай, дээрэм хийсэн, бусдыг хүнд гэмтээсэн зэрэг долоон төрлийн гэмт хэрэг үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдэд ял оноох аж. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас хүрсэн, 18 хүртэлх насны хүүхдэд хорих ял оноохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болох шинэ зохицуулалтыг тусгажээ. Хүмүүжлийн чанартай арга хэмжээ гэдэг нь өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэхээр заахыг хэлэх аж. Өсвөр насны хүүхдэд нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, сургалт хүмүүжлийн тусгай хорионд байлгах гурван төрлийн ял эдлүүлэх шинэ заалт төсөлд оржээ. Мөн өсвөр насны хүүхдийн учруулсан хохирлыг эцэг эх нь төлөх заалт оруулсан байна.

Ялтай байдлыг хүндрүүлэх нөхцөл болгохгүй

Сүүлийн арван жилийн дунджаар манай улсад жилд 7272 хүн хорих ял эдэлдэг бөгөөд хорих байгууллагаар дамжиж байгаа хүмүүсийн тоо 12 мянгад хүрчээ. Улсын хэмжээнд 2000-2010 онд 40 мянган хүн шоронгоос суллагдсанаас 47 нь дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Өмнө нь ял эдэлж байсан хүн дахин гэмт хэрэгт холбогдоход өмнөх ял нь хүндрүүлэх нөхцөл болдог тогтолцоо бий. Тэгвэл үүнийг өөрчилж ялтай байдлыг хүндрүүлэх нөхцөл болгохгүй байхаар төсөлд тусгажээ.

Ингэснээр гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, албад­лагын арга хэмжээ нь хохирол төлсөн, хор уршгаа арилгасан байх, гэм буруу, тухайн хүний хувийн байдалд тохирсон байх шинжийг харгалзан үзэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Мөн хэргээ өөрөө илчил­сэн, хохирогчид тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг барагдуулсан, дарамтад байсан бөгөөд өөрийгөө хамгаалах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Хэрвээ ердийн төрлийн гэмт хэрэг үйлдээд өөрийгөө илчилсэн, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн бол тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй бага ял оногдуулахаар тусгажээ.

Зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, гэрэл зураг авбал ял онооно

Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөлд заналхийлэх, хууль бусаар нэгжих, хураан авах, орон байранд нэвтрэх, зөвшөө­рөлгүй гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг шинэ зүйл, заалт оруулжээ. Тухайлбал, бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардвал торгохоос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зүйл, заалттай аж. Харин эрх бүхий албан тушаалтан хууль бусаар бусдын гэр, эд хөрөнгө нэгжиж, битүүмжилбэл нэг сараас нэг жил гэрийн хорионд байлгах, мөн хугацаагаар хорих ял шийтгэхийг төсөлд тусгажээ. Үүнээс гадна оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч чөлөөтэй байх эрхэд халдсан бол иргэн гурван сар хүртэл баривчлах, албан тушаалтан таван жил хүртэл хугацаагаар хоригдох юм байна.

Хүн бүр ухаалаг утастай болсон өнөө үед бусдын зураг авч дүрс бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр цацах нь ихэссэн. Тэгвэл оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр гэрт нь болон гаднаас нь зураг авч, дүрс бичлэг хийсэн, олон нийтэд тараасан бол гэрийн хорионд байлгах, хорих ял эдлүүлэх юм байна. Эрх бүхий албан тушаалтан дээрх үйлдлийг хийсэн бол хорих ялын хугацаа ихсэхээр хуулийн төсөлд тусгажээ. Эрх бүхий албан тушаал­тан хүнийг хууль бусаар баривчилсан бол мөн хорих ял хүлээхээр заасан байна.

Дээрхээс гадна эдийн засгийн шинэ нөхцөл байдал­тай холбогдуулан хууль бусаар өрсөлдөх, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс татгалзах, худал мэдээлэл тараан дампууруулах зэрэг гэмт хэргийн шинэ төр­лийг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн олон нийтийг уриалан дуудаж хэт туйл­ширсан, хорлон сүйтгэх ажил­лагаа явуулахад бэлт­гэсэн, явуулсан бол хүлээлгэх хариуцлагыг шинээр томъёолжээ.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тусгай бүлэг болжээ

Одоо мөрдөж байгаа хуулийн энэ төрлийн гэмт хэрэг зүйл, заалт төдий бай­сан. Харин шинэчилсэн найруул­гын төсөлд бүлэг болжээ. Гэхдээ булш сүйтгэх гэмт хэргийг хуулиас хасч түүх соёлын дурсгалт зүйл, бунхан сүйтгэхийг гэмт хэрэгт тооцсон байна. Үүнээс гадна цаг үеэ дагаад цахим мэдээллийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг төсөлд оржээ.

Одоо мөрдөж байгаа хуулийн зарим зүйл заалт хасагдана

Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгыг дагаж хэд, хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Тиймээс Эрүүгийн хуулиас эдгээр хуульд давхцах хэд хэдэн зүйл заалтыг хасчээ. Тухайлбал, цэрэг татлагаас зайлсхийх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, мөрийтэй тоглох, гэмт хэргийг нуун далдлах, үл мэдээлэх, үнэт цаасны тухай хууль зөрчих, Банкны тухай хууль зөрчих, доромжлох зэрэг зүйл заалтуудыг хуулийн төслөөс хасчээ.

Ц.Өрнөх

Categories
мэдээ нийгэм

Зуурмаг зуурагч автомашин хоёр суудлын тэрэг дарж унажээ

Өчигдөр орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн байрнууд руу эргэх замд ноцтой осол гарав. Тодруулбал 37-97 УНЯ дугаартай том оврын шавар зуурагч машин осол эргэлтэн дээр өндөр хурдтай орж ирэн эргэх явцдаа хажуу тийш унасан талаар албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Улмаар хажууханд нь явж байсан 90-40 УНН улсын дугаартай Honda Civic болон 35-99 УНХ улсын дугаартай Chevrolet Cruz автомашинуудыг дарж унасан байна.

Суудлын тэрэгнүүдэд жолоочоос өөр хүн яваагүй учир азаар хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртээгүй бөгөөд шавар зуурагч машины жолоочийг оройн 21:00 цагийн үед онцгой байдлын албаныхан ухаангүй байхад нь гаргаж, эмнэлэг рүү авч явжээ.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулгантай

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн баасан гаригийн хуралдаанаар УИХ-ын хаврын ээлжит бус чуулганы хугацаанд нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг баталжээ.

Өнөөдөр 09.30 цагаас УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы нээлт болно.

Дараа нь 10.00 цагаас эхлэн УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах аж. Тодруулбал, “А” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан, “Б” танхимд УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан, “В” танхимд УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан тус тус болох юм. Харин ажлын хэсгийн хуралдаанууд үдээс хойш явагдана. Тухайлбал, ЗГ-ын “Г” танхимд 14.00 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр болжээ.


УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

08 дугаар сарын 03-ны Даваа гариг:

НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус 10.00 цагаас хуралдаж эхэлнэ.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:


08 дугаар сарын 04-ний Мягмар гариг:

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:


08 дугаар сарын 05-ны Лхагва гариг:

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.30 цагаас:


Тайлбар: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2015 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдөр хэлэлцэх асуудлыг жич шийдвэрлэнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Харшлаас салъя гэвэл сорил хийлгэхийг зөвлөж байна

Монголын харшил судлалын нийгэмлэгээс ийм нэгэн зөвлөгөө хүргэж байсныг хуваалцъя. Хэрвээ харшилтай эсэхээ сайн мэдэхгүй байгаа тохиолдолд сорил тавиулах хэрэгтэй аж. Сорилыг харшил өвчин байж болох нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах зэрэг амьсгалын замын зовиур илэрвэл, биеийн аль нэг хэсэг газарт загатнах, арьс улайж туурах, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах зэрэг арьсанд шинж тэмдэг илэрвэл сорил тавиулах хэрэгтэй гэнэ. Мөн ямар нэгэн хоол идсэний дараа гэдэс гэнэт хүчтэй өвдөх, гүйлгэх, шавьжинд хатгуулснаас том хэмжээний хавдар үүсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл сорил тавиулахыг тус нийгэмлэгээс зөвлөсөн юм. Мэдээж харшлыг эмчлэхийн тулд эхлээд шалтгааныг нь тогтоох шаардлагатай тул чухамдаа сорил тавиулж байж уг шалтгааныг тогтоодог байна. Харин сорилыг хэд хэдэн аргаар хийдэг гэнэ.

Тухайлбал, арьсанд хатгах аргаар сорил тавилаа гэхэд жишээ нь, шарилжинд харшилтай бол, гүвдрүү нь шарилжны уусмал хүрсэн тэр хэсэгт улайж, бага зэрэг загатнаж, жижиг хэмжээтэй бэлцрүү илэрдэг байна. Энэ урвал нь биед түргэн зуур явагдаж, сорилын хариу 15 минутад гардаг аж. Ийнхүү сорил тавиулсны ачаар хэн хүн өөрийгөө харшилтай эсэх, эсвэл юунд харшилтайгаа ажиглаж төөрөлдөхгүй байх боломжтойн дээр сорилын үед улайх, бага зэрэг бэлцрүү үүсэхээс өөр шинж тэмдэг илэрдэггүй гэнэ.

Улмаар улайлт бэлцрүү сэлт нь 30-аад минутын дотор арилдаг байна. Мөн арьсан доторх сорил гэж байдаг байна. Энэ сорил нь арьс хатгах сорилоос илүү мэдрэг бөгөөд арьс хатгах сорилоос илүү үр дүнтэй аж. Энэчлэн хавар намрын улиралд хөдөлдөг ургамлын харшил, хоол хүнсний болон бусад төрлийн харшлаас салъя гэвэл зөвхөн харшилд сайн гэсэн нэрийн дор элдэв эм хэрэглэхгүйгээр нэн түрүүнд сорил хийлгэвэл эмчилгээ илүү үр дүнтэй байх ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы танайд өнжье буланд “Монгол туургатны хөгжмийн зохиолч Б.Наранбаатарынх” сурвалжлага хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт уламжлал ёсоор “Танайд өнжье” булан орсон. Түүнд саяхан “Алдрын од” шагналыг хүртээд буй “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үүсгэн байгуулагч, МУУГЗ, Буриадын ардын жүжигчин, ОХУ-ын төрийн шагналт Б.Наранбаатар орсон юм.

Мөн өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган болно. Түүний өмнө УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Бид одоо боллоо, Засгаас гарлаа гэх юм уу. Юу гэж тийм юм байхав дээ” хэмээх ярилцлага нийтлэгдсэн. Түүнчлэн “Гурилын үнэ нэмэгдчихлээ, талх “аврагдах”-аас өнгөрөв бололтой” хэмээх эрэн сурвалжлах баримт, үзэл бодол буланд нийтлэгдсэнийг долдугаар нүүрээс уншаарай. Мөн “Бөх тэх гэх нөхдүүд монгол үндэстнийг мөхөөх бодлогыг явуулж эхэллээ” хэмээх нийтлэл гуравдугаар нүүрт хэвлэгдсэн.

Түүнчлэн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавын “Эдийн засгийн ил тодын хууль хэрэгжвэл авлига өгөх хүн байхгүй болно” хэмээх ярилцлагыг тавдугаар нүүрээс сонирхоорой. Мөн “Ц.Баттөр: Чикагод дуулахад гадныхан дуучны карьераа битгий орхиорой гэцгээж байна лээ” ярилцлага уран бүтээлч буланд нийтлэгдсэн байна. Энэ мэтчилэн “Спорт”, “Уул уурхай” хэмээх нүүрнүүдэд сонирхолтой материалууд хэвлэгдлээ.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Нисэх загварын ДАШТ маргааш өндөрлөнө

Монгол Улсад анх удаа Чөлөөт нисэх загварын Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн хотоос 50 км-ийн зайтай Налайхын Дархан ноёны худаг хэмээх газарт зохион байгуулагдаж байна. Долдугаар сарын 27-ны өдөр Цонжин болдогт албан ёсоор нээлтээ хийсэн энэхүү тэмцээнд 37 орны нисэх загварын онгоцны тамирчид оролцож байгаа юм.

Эрүүл мэнд, спортын яам, Монголын агаарын спортын холбоо, Монголын нисэх загварын спортын МАСА нийгэмлэг хамтран энэхүү тэмцээн маргааш буюу наймдугаар 3-ны өдөр өндөрлөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сараас эхлэн авто замын өвлийн бэлтгэлийг хангана

Зам засварын ажил 10 сарын нэгэнд дуусахтай зэрэгцүүлэн түүнээс урьтаж өвлийн бэлтгэл ажлыг хамтатган хийнэ. Автозамын өвлийн бэлтгэлийн ажлыг нийслэлийн автозамын газар нийслэлийн захирагчийн ажлын алба болон улаанбаатар нэгтгэлтэй хамтран хэрэгжүүлэх юм.

Наадмын дараанаас намар гэдэг. Энэ жилийн хувьд урин дулаан цагт нийслэл хотод зам засвар шинэчлэл өргөтгөлийн ажлыг эрчимтэй хийсэн. Тун удахгүй өвөл цаг хаяанд ирнэ. Хэн хүнгүй өвлийн улиралд бэлдэн өвлийг давах гэж чамгүй хөлс хүч, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Өвлийн улиралд хамгийн хүндрэл бэрхшээлтэй асуудлын нэг бол авто зам. Халтиргаа гулгаа, хөлдөлт гэсэлт гээд автозам дээр яригдах асуудал цөөнгүй.

Харин энэ жилийн хувьд авто зам дээр өвлийн бэлтгэл ажлыг нийслэлийн захирагчийн ажлын алба болон Улаанбаатар нэгтгэлт, нийслэлийн автозамын газартай хамтран цэвэрлэгээний ажил болон байгалийн гамшигт үзэгдэл болсон үед засварлах хөрөнгийг тусган бэлтгэл ажлуудыг хамтран хийх юм.

Нийслэлийн автозамын газрын орлогч дарга Д.Баясгалан хэлэхдээ “Энэ жилийн зам засварын ажлын гүйцэтгэгч компаниуд стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа билээ. Өвлийн улиралд зам дээр цаснаас үүдсэн хальтаргаа гулгаа хүндрэлтэй асуудал. Гэсэн хэдий ч эдгээр цэвэрлэгээ болон зам нөхөх зэрэг ажлуудыг цаг тухай бүрд нь засварлан хяналт тавин ажиллах юм.” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажил 10 сарын 1-нд дуусна гэв

Нийслэл хотод хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт бол зам засварын ажил. Яг одоогийн байдлаар зам засварын ажил урагштай явагдаж байна. Ямартай ч 10 сарын нэгэн гэхэд зам засварын ажлыг бүрэн дуусгах юм.

Энэ жилийн хувьд зуслангийн чиглэлийн болон хотын төвийн энхтайвны өргөн чөлөө зэрэг чиглэлийн томоохон замууд дээр өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийсэн. Яг одоогийн байдлаар Улиастайн уулзвараас гачууртын чиглэл хүртэлх 11 км автозамын засварын ажлын 5км-г нь бүрэн хучин ашиглалтанд оруулаад байна. Харин хандгайтын чиглэлийн 16,3 км авто замын зарим хэсгийг ашиглалтанд оруулан газар шорооны ажил болон бусад ажлын гүйцэтгэлийг хийж байгаа юм. Харин хандгайтын гүүрний хувьд захын болон голын тулгуур багануудыг суурилуулж дуусжээ.

Нийтдээ 55 хувийн гүйцэтгэлтэйгээр ажил явагдаж байна. Нийслэлийн автозамын газрын орлогч дарга Д.Баясгалан хэлэхдээ “Зам засварын ажилд Автозамын газраас хяналтын инженерүүд хяналт шалгалтыг өдөр бүр хийж удирдан зохион байгуулж ажиллаж байна. Мөн давхар хяналтын лабораторид хөрсний болон аспалтын шинжилгээ зэрэгт үе шатлалтайгаар шалгалт хийн ажиллаж байгаа юм. Тийм учраас чанарын хувьд ямар нэгэн асуудал байхгүй байгаа юм. Зам засварын ажлын цаад хугацааг 10 сарын нэгэн гэж тогтсон байгаа. Харин ажил түргэн шуурхай хийгдэж байгаа учраас тэрнээс ч наана ашиглалтанд орох боломжтой байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэдэг болно

Төмөр замыг дагалдан хот тосгод байгуулагдаж хөгжил иржээ. Цаашдаа монголын төмөр зам уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн томоохон сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Үр дүнд нь ачаа тээврийн хэмжээ 30 гаруй хувиар нэмэгдэх юм.

2015 оны судалгаагаар Улаанбаатар төмөр замаар 540 сая тонн ачаа тээвэрлэж, 124 сая зогчигчдод үйлчилжээ. Харин жилдээ 20 орчим сая тонн ачаа тээвэрлэж байгаа юм. Хөгжилийн хурдцыг дагаж, уул уурхайн бүтээгдэхүүн монголын эдийн засгийн гол тулгуур боллоо. Энэ тулгуурыг зөв ашиглаж, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэхийн тулд нөгөө л тамар замын дэд бүтцийг сайжруулах шаардлага гарч байна. Зам тавьж, техникийн шинэчлэлийг хийвэл ачаа эргэлтийн хэмжээ дараагийн жилүүдэд 30 сая тоннд хүргэх боломжтой байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар хэлэхдээ “Төмөр замын ачаа эргэлт нэмэгдэх нь эдийн засгийн нэг хөлд бас дахин хөл нэмэх ач холбогдолтой. Ази европыг холбосон энэ зам өдөр тудамдаа монгол улсад мөнгө оруулдаг юм. Хэмжээгээ нэмэх тусам орж ирэх мөнгөний хэмжээ, түүнийг дагасан техник технологийн шинэчлэл хийгдэх юм” гэсэн байна.