Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт 88 мянган хүүхэд хамрагдана

Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116.500 хүүхэд байгаа гэх судалгааг холбогдох албаныхан хийсэн байдаг. Энэ жил дээрх тооны хүүхдийн 77 хувь буюу 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой аж.

Харин цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-нд явуулахаар болжээ. Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх шаардагдах гэнэ.

Ингэхдээ цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авах аж. Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харьяалалгүй хүүхдийг авахгүй. Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргах боломжтой юм байна.

Categories
гадаад мэдээ

Пуэрто-Рикогийн Төв банк дампуурлаа зарлалаа

Пуэрто-Рикогийн эрх баригчид энэ сарын 1-ний өдөр олон улсын зээлдүүлэгчдэд 58 сая ам.долларын зээлээ эргэн төлөх байсан ч өнөөдрийн байдлаар зөвхөн хагас сая ам.долларыг шилжүүлжээ. Тус улс 2006 оноос хойш эдийн засгийн хүнд байдалд орж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар олон улсын зээлдүүлэгчдэд 72 тэрбум ам.долларын өртэй юм байна. Пуэрто-Рикогийн улсын өр сүүлийн 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, ДНБ-ийнх нь 93 хувьтай тэнцэж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монголд болно

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Азийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн манай улсад болох гэж байна. Тэмцээн энэ сарын 8-15-ны өдрүүдэд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болохоор төлөвлөгджээ. Одоогийн байдлаар таван орны шатарчид цэц сорихоор бүртгүүлээд байгаа аж. Олон улсын сонсголгүй иргэдийн шатрын хороонд Азийн долоон орон харьяалагддаг юм байна. Энэхүү тэмцээн нь анх 2001 онд зохиогдож байсан бол хоёр дахь удаагийн тэмцээн нь 2005 онд болж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдаан энэ сарын 10-нд өндөрлөнө

Найрсаг Улаанбаатар аяны хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, “JCI” олон улсын байгууллагатай хамтран “Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдааныг долдугаар сарын 10-наас эхлэн зарласан билээ. Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг цахим сүлжээгээр иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээний дүн энэ сарын 10-нд гарах юм байна. Тиймээс та бүхэн фейсбүүк дэхь “Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар” гэсэн хаягаар орж, уралдаанд оролцож буй бүтээлтэй танилцан, өөрсдийн саналаа өгөх боломжтой.

Тэмцээнд цагдаагийн алба хаагчдаас гадна иргэдч оролцох боломжтой.

М.Эрдэнэ

Categories
мэдээ улс-төр

Хадлан тэжээл бэлтгэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөлөө

Төвийн аймгуудаар зуншлага муу, ган болсонтой холбоотойгоор улсын төсвөөс хөрөнгө гаргаж, хадлан тэжээл бэлтгэхээр боллоо. Тодруулбал, ногоон тэжээл бэлтгэхэд 10 тэрбум, улсын онцгой нөөцийн бүсэд хадлан тэжээлээ хүргүүлэхэд хоёр тэрбум гээд нийт 12 тэрбум төгрөг зарцуулахыг Сангийн сайд болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгалаа. Наадмаас хойш бороо хур элбэг орж, өвсний гаралт сайжирсан ч хадлангийн ургамал элбэг ургаагүй аж.

Categories
энтертаймент-ертөнц

Миранда Керр найз залуутай болжээ

“Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхөр Орланда Блумээс салснаас хойш Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй хэсэг хугацаанд болзож, зургаан сарын өмнө салцгаасан билээ.Тэрбээр тэрбумтантай дотно харилцаатай байгаагүй хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж “Би тэр хүнийг хүндэлдэг учир хэд хэдэн удаа хамт хоолонд орсон” гэж хэлжээ. Тэгвэл модель бүсгүй өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шинэ хайртайгаа учирсан тухайгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр твиттертээ “Хайр ирлээ” гэж жиргэжээ.

Мирандагийн найз залууг Эван Спегил гэдэг бөгөөд 25 настай аж. Эван олны танил нэгэн биш бөгөөд “Yahoo” компанийн гар утсанд зориулсан “Snapchat” аппликэйшнийг зохион бүтээсэн нэгэн аж. Энэхүү аппликэйшн жилд 500 саяыг олдог байна.

Categories
мэдээ цаг-үе

Академич Б.Энхтүвшин: Зүүний магнайд хэн гарах вэ гэж маргалдах нь ёс, уламжлалаасаа хөндийрсний шинж

ШУА-ийн ерөнхийлөгч, Азийн олон улсын зан үйлийн нийгэмлэгийн тэргүүн Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Саяхан болсон Азийн олон улсын зан үйлийн нийгэмлэгийн хурал дээр таны тавьсан “Язгуур сэтгэлгээ ба соёлын экологи” илтгэл сонирхолтой санагдсан. Монголчууд байгальтайгаа зохицож амьдарч ирсэн ард түмэн юм байна. Байгалийг хохироодоггүй, байгалийг хүнтэй адилтгаж, хүнээс ч дээдэд тооцож ирсэн нь өнөөгийнхөөр бол байгаль хүн эн тэнцүү зохицож амьдрах гүн ухаан юм гэж тэнд дурдсан?

-Азийн зан үйлийн нийгэмлэг Солонгос, Япон, Хятад, Вьетнам, Монгол, Тайвань багтдаг олон улсын байгууллага юм. Жилд нэг удаа зан үйлийн асуудлаар хуралддаг. Өнөөдөр гурван экологийн тухай эрдэмтэд бичиж, судалгаа хийж байна. Энэ бол байгалийн экологи, хүн төрөлхтний цэнхэр гариг цаашдаа яах вэ гэдэг асуудал, хүний экологийн асуудал буюу ёс суртахуун, иргэншлийн асуудал голлож тавигдаж байна. 2001 оноос ЮНЕСКО “Иргэншил хоорондын зөвшилцөл” гэдэг төсөл хэлэлцүүлсэн. Сүүлийн 15 жил энэ асуудал хурцаар яригдаж байна. Хүн төрлөхтний оршихуй гэдэг амьдралын бодит хэрэгцээнд тулгуурлахын зэрэгцээ хүний өөрийнх нь ёс зүй, хандлага, язгуур мэдлэгтэй холбоотой юм. Энэ талаасаа улс орнууд хоёр хэсэгт хуваагдаад байна. Нэг оршихуй нь байгалиа тэтгэж амьдрах ёс зүй. Нөгөө нь байгалийг өөрийн эрхшээлд оруулах, байгалийг ашиглах, байгалийг захирах юм.

Өрнө дахины сэтгэгчдийн нэг Гегель “Монголчуудын язгуур сэтгэлгээ тэднийг дэлхийд давалгаалан гарч ирж, түүхэн үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлсөн юм” гэсэн байдаг. Одоо бол манайхан Чингис хаан тэнгэр шүтлэгтэй, бүх зүйлээ тэнгэрт даатгадаг хүн байсан гэцгээдэг. Энэ бол шүтлэг биш байгаль хүний хүйн холбоо дээр үндэслэсэн байгальд хандах дотоод энерги, түүнээсээ хүчээ авч байгаа мэдлэгийн хуримтлал. Энэ мэдлэгийг бид язгуур ухаан гээд байгаа юм. Энэ бол биднийг хүчтэй байлгадаг эрчим хүч мэдлэгийн суурь үндэс. Энэ суурь үндсээ бид яаж мэдэрч чадна мэдлэг оюуны чадвар нэмэгдэнэ. Н.Рерих гээд зураач, дорно дахин судлаач байсан. “Дорнын ард түмэн агуу их соёлтой, агуу их хүчтэй ард түмэн юм“ гэсэн. Хүн байгалиасаа тасраад амьдрах бололцоогүй гэдгийг ухаарах цаг ирсэн байна. Харин нүүдэлчид бол байгаль, хүн, мал гэсэн гурван холбоонд амьдарч ирсэн. Аль ч ард түмэн хангалуун сайхан амьдрахыг мөрөөддөг. Үүнийгээ хэрэгжүүлэх арга, мэдлэг ухаан нь өөр. Нүүдэлчдийн хувьд хангалуун амьдаръя гэвэл малаа бодно. Малаа бодно гэвэл байгаль бэлчээрээ бодно. Бэлчээрээ бодвол өөрийнхөө үйлийг хянана. Бууцан дээрээ хог хаяж болохгүй, булгийн эхийг булингартуулж болохгүй гэх мэт мэдлэг хуримтлагдсан юм. Америкийн угсаатны зүйч Т.С.Уэйскел “Өнөөдөр бид байгальд хандах анхан үеийн сэтгэлгээгээ эргэж харах цаг болжээ. Өөрөөр хэлбэл барууны ертөнцийн бидэнд, бидний түүхэн туршлага, соёлын уламжлалаас өөр, байгальтайгаа эн зэрэгцэн зохицон амьдарч байгаа улс түмний соёл сонирхолтой байна” гэсэн нь санамсаргүй үг биш. Барууныхан эргэж байна.

Байгаль шүтлэг гэдгийг бид сүсэг бишрэлээс өөр язгуур сэтгэлгээ гэж ойлгохыг санал болгож байгаа юм. Энэхүү язгуур ухаарлаас зан заншил, зан үйл, ёслол хүндэтгэл,цаг улирлын баяр наадам үүсэн гардаг.

-Эрийн гурван наадам гэхэд л зан үйл, зөн бэлгэдэл, наадам цэнгээн зэрэг олон утгатай юм байна. Бөх барилдах, сур харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг хэр сахидаг юм бол гэж бодогдсон шүү?

-Эрдэмтэд гаргаад бичээд байна шүү дээ. Тухайлбал академич Х.Сампилдэндэвийн “Монгол зан үйл, баяр ёслолын товчоон” гэж ном бий. Жишээлбэл бөх барилдана гэдэг баясгах, хүч тамираа харуулдаг байсан бол одоо тэмцэлдэх, өс хонзонгоо авах ёс зүйгүй юм руу хөтлөгдөөд байна. Зүүний магнайд хэн нь гарах вэ гээд маргаад байсан. Энэ бол нарийн дээрээ нэг их ач холбогдолтой зүйл биш. Үндэснийхээ бөхийн ёс зүй уламжлалаас хөндийрсний шинж. Монгол ахуйд тохирсон зан үйл л манайд хэрэгжинэ шүү дээ. Сүүлийн үед Солонгос, Хятадын олон зүйлийг даяаршил нэрийн дор авч байна. Ер нь соёл зан үйл хөгжлийн явцад шинэчлэгдэж сэлбэгдэж байдаг. Тэглээ гээд гадны юмыг хэтэрхий хуулбарлаж таарахгүй. Амьдралаар нотлогдож батлагдсан байх ёстой. Манай том аваргууд “Хасуу барилдаан” гэж санаачилж байсан. Ерөнхий сайд нь хүртэл очиж үзэж байлаа. Сураар тойрог хийж байгаад барилдсан, Бөхийн өргөөнд. Нэг л хүн тийм ухаан гаргаж л дээ. Гэтэл монгол бөх гэдэг орон зай, цаг хугацаа, жин харгалзахгүйгээр барилддаг шүү дээ. Хүнийхээ язгуур шинж чанарт тохирсон байх ёстой. Монгол хүн гэдэг өөрийн гентэй, ахуйтай, оршихуйтай. Манай сур гэхэд л их ойлгомжтой байдаг. Өөрийн дүрэмтэй байдаг.

-Монголчуудын байгаль хамгаалахтай холбогдсон зан үйлийн нэг нь уул овоо, ус мөрний тахилга гэж Азийн зан үйлийн олон улсын хурлын үеэр яригдсан. Овоо тахилгын газрыг сонгохдоо орчноо тэтгэдэг өвөрмөц газруудыг сонгодог байсан гэнэ?

-Өөрөөр хэлбэл монголчуудын уул овооны тахилга нь эртний монголчуудын тэнгэр шүтлэг, байгалийн шүтлэг зэргийг агуулсан ч хамгийн гол нь эх байгалиа хамгаалах үндсэн зорилготой. Монголчууд овоо босгохдоо тухайн нутгийн бэлгэдэл сүр сүлд болсон уул хайрханыг сонгож, дархлан хүндэтгэж хамгаалж иржээ. Тахилга шүтлэгтэй уулнаас дураараа мод огтлохгүй, ан амьтныг нь хөнөөхгүй, булаг шандыг бохирдуулахгүй хад чулууг нь хөндөхгүй зэрэг олон арван уламжлалт цээрийн ёс тогтоосон нь хэрэг дээрээ байгаль хамгаалах үүрэг зорилготой юм. Манайд эрчим хүчний төвлөрөлтэй газрууд орон нутаг болгонд байдаг. Сая Архангайд явж байхад ч тийм газрууд байж л байна. Түүнийг малчид, ахмад үеийнхэн олоод тогтоочихсон байгаа юм. Цагааннуурын овоо гэхэд л нуураа дүүрэн байлгах, усаа татах, оргилох зүг дээр нь овоо байгуулжээ. Газрын хөрсөн дорх баялгийг үндсэндээ тогтоочихсон уул овоогоо тэрүүгээрээ нэрлэсэн байх жишээтэй. Эрдэнэт, “Алтан овоо” гээд нэрлэчихсэн. Түүний цаана язгуур мэдлэг нь бий. Ерөнхийлөгч зарлиг гаргаад, төрийн тахилгатай уул овоог бий болгож байна.

Гэхдээ орон нутгийнхан уул овооны тахилгыг зохион байгуулахдаа хэт баяр ёслолын байдалтай, олон хүн цуглуулж хог хаяж баахан машинаар газрын хөрсийг гэмтээх эрсдэлтэй байгааг бодолцох учиртай.

-Лус савдаг, уул усны эзэн гэх мэтээр ярихыг мухар сүсэг гэж ойлгодог. Гэтэл энэ маань хүн байгаль зэрэгцэн орших гүн ухаан гэж тодорхойлогдож байна?

-Байгаль амьтай юм. Энэ бол зөвхөн монголчуудад ч байдаг юм биш, Азийнхны ухаан.

-Солонгосын нэг арлын загасчид аварга могой шүтдэг. Аварга могойтой таарсан чинь өргөл өргөвөл та бүхнийг ивээнэ гэсэн гэх мэт домог байдаг гэж яригдсан. Тэгэхээр Азийнхан язгуур шүтлэгээрээ ойлголцох, ижилсэх хандлага яваад байна уу гэж бодогдсон шүү?

-Тийм. Германы эрдэмтэн Шольц гэж хүний бичсэн ном бий. Африкийг олон жил судалсан. Түүн дээр байгаа зан үйл, өвөлжөө хаваржаа нүүдэл, сав суулга, малдаа хандах хандлага Монголын нүүдэлчидтэй их төстэй. Нүүдэлчид гэдэг хүн байгаль мал гурвын уялдаа холбоог ойлгож чадсан хүмүүс юм.

-Эрдэмтэд бол байгаль хамгаалах уламжлалт зан үйл, язгуур шүтлэг байгаль хамгаалахад нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна лээ?

-Тийм. Ер нь бид байгалиа ивээх, байгальтайгаа зохицож амьдрах хэв маяг руу явах ёстой, явж ч байсан. Уул уурхайн хамгийн том аюул тэр мэдлэг уламжлалыг алгасаад байна. Тэмцэж байж л “Ноён уул”-аа нэг юм авч үлдлээ. Зарим улс төрч хэлж байна. “Тэнд байгаа хэдэн булш ямар хэрэгтэй юм” гэж. Булшиндаа биш тэр газрын онгон, Монголын ард түмний ирээдүйн сүр сүлдэнд л байгаа юм. 2200 гаруй жилийн түүхтэй л гэж байна. Хүннү гүрэн Модун шаньюгийн домог байдаг. Газар бол төрийн үндэс гэдэг. Тэр чинь байгаль орчинтойгоо харьцах нүүдэлчдийн арга ухаан.

-Азийн зан үйлийн олон улсын холбооныхон өөр юунд анхаарал хандуулдаг вэ?

-Жилд нэг удаа хуралддаг. Зан үйлийн тухай хэлэлцэж төр засагт зөвлөмж өгдөг.

-Энэ удаа ямар зөвлөмж гаргасан бэ?

-Экологийг ивээн тэтгэхэд язгуур мэдлэгийг зүй зохистой ашиглая, байгаль хүн шүтээн гурав хүйн холбоотой, хүн бүхнийг шийдэхгүй, хүн байгальтай зохицож амьдрах учиртай гэсэн цөөхөн зөвлөмж бий.


Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр амаржих газар ирэх онд ашиглалтад орно

Одоогоос таван жилийн өмнө Яармагийн дэнж дээр 300 ортой амаржих газар байгуулахаар болсон. Гэтэл хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан таван жилийн турш ажил нь дорвитой урагшлаагүй өдийг хүрсэн билээ. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр тус амаржих газрын бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна. Ингэснээр дөрөвдүгээр амаржих газар ирэх онд ашиглалтад орохоор болжээ. Одоогоор хоёр компани барилгын ажлыг гүйцэтгэх санал ирүүлээд байгаа бөгөөд бүрэн дуусгахад 39 тэрбум төгрөг шаардагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногийн сүүлээр Говьсүмбэрт уяачдын баярыг тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал суманд энэ сарын 7-9-ний өдрүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны хоёр жил, Монголын уяачдын баярыг тэмдэглэх гэж байна. Эхний өдөр эрлийз дээд, дунд, доод насны болон хязаалан насны морьд уралдах бол 8-нд азарга, шүдлэн насны морьд уралдах гэнэ. Мөн хүчит 128 бөх барилдана. Харин сүүлийн өдөр буюу 9-нд их нас, соёолон, дааганы уралдаан болох юм байна.

М.Эрдэнэ

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаан тус тус болно.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь нар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/