Categories
мэдээ нийгэм

Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл маргааш эхлэнэ

Бүгд найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл маргааш буюу энэ сарын 5-аас эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд гурав хоног үргэлжилнэ.

Бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 06-аас 1997 оны наймдугаар сарын 05-ны хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой аж.

Мөн Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх буюу 2010.01.01-нээс хойш ирсэн иргэд, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангах ёстой юм байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах бөгөөд БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Дахин санхүүжүүлэлтэд 176.2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ

2008-2014 оны төсөвт тусгагдсан ч тухайн жилдээ санхүүжилтээ бүрэн аваагүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр болжээ. Ингэхдээ ажлын гүйцэтгэл нь 80 хувиас дээш байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ ажилд 176,2 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар банкуудаар дамжуулан 176.2 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгож, дуусаагүй төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ. Харин нэг жилийн дараа 176.2 тэрбум төгрөгийг таван хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад буцаан олгох юм. Ирэх онд векселийн эргэн төлөлтөд шаардлагатай дүнг ирэх оны төсөвт тусгахаар болсон гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн.

Нийтдээ 235 төсөл арга хэмжээг хянаж, давхардсан тоогоор 286 ААН-д 172,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм. Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж, Монголбанкнаас үнэт цаас худалдан авч, вексель бичин, аж ахуйн нэгжүүдэд олгоно.

Ингээд ААН-үүд банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэх юм байна. Энэ хүрээнд арилжааны долоон банк Засгийн газартай хамтран ажиллаж, векселийг мөнгөжүүлэхээр болжээ. Вексель гэдэг нь Засгийн газрын бонд, нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Эрээн-Улаанбаатар хотын хооронд хурдны галт тэрэг аялана

Монгол Улсад төмөр замын байгууллага үүсч хөгжсөний 77 жил, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ байгуулагдсаны 66 жилийн ойг тохиолдуулан 2015 оныг авто тээврийн чанарыг сайжруулах жил болгон зарлажээ. Мөн Монгол Улсыг дамжин өнгөрөх хурдны галт тэрэгний маршрутыг судлан, хурдын төмөр замыг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар Эрээн-Улаанбаатар хотын хооронд 200 км цагийн хурдтай хурдны галт тэрэг аялуулах төлөвлөж байгаагаа дуулгажээ.

Categories
мэдээ улс-төр

Тогтоолын төсөл нь УИХ-аар батлагдвал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдана

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч” батлах тухай УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх боллоо. Төсөл батлагдвал “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” байгуулагдах гэнэ. Түүнчлэн уг төсөл батлагдсанаар Үндсэн хуулиар тогтоосон иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхээ хэрэгжүүлэх, “Даатгуулагч” төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх үндэс тавигдах гэнэ. Тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Засгийн газрын наймдугаар сарын 3-ны ээлжит хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Засгийн газрын өчигдрийн /VIII.04/ хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Мөн намырн ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл гээд цаг үеийн асуудлаар Засгийн газар хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэжээ.

Газар тариалангийн бүс нутаг болон төвийн аймгуудаар зуншлага муу, гантай байгаатай холбоотойгоор хадлан тэжээл бэлтгэх ажил хэцүүдэж байна. Хэдийгээр сүүлийн өдрүүдэд бороо хур элбэг байгаа ч бэлчээрийн өвсний гаралт сайжирсан болохоос хадлангийн ургамал ургаагүй байгаа юм. Тиймээс ган, гачиг нүүрлэсэн аймгуудын өвөлжилтөд зориулж, зуншлага сайтаа аймгуудаас хадлан тэжээл бэлтгэхээр болжээ. Тодруулбал, ногоон тэжээл бэлтгэхэд 10 тэрбум, улсын онцгой нөөцийн бүсэд хадлан тэжээлээ хүргүүлэхэд 2 тэрбум гэхчлэн нийт хадлангийн ажилд 12 тэрбум төгрөг зарцуулахыг Сангийн сайд болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан байна.

Энэ жил 395 га талбайд үр тариа тариалсан. Үүний 80 орчим га талбай гандуу байгаа. Тиймээс гандуу байгаа тариалангийн талбайн ургацыг ногоон тэжээлд авахыг тариаланчид салбарын сайдаас хүссэн аж. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярилцаж, тариаланчдыг дэмжихээр болсон байна.

Энэ өвөл Монгол Улсын хэмжээнд 58 сая мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо байгаа аж. Засгийн газар нийт 1,2 сая бог, 250 мянга гаруй бод малыг экспортлохоор төлөвлөсөн байна. Харин дотоодын хэрэгцээнд зориулж хоёр сая бог, мөн багагүй хэмжээний бодын махыг нийлүүлэхээр тооцжээ. Үүнд 180 орчим тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлэнд зарцуулахыг Сангийн сайдад даалгасан байна. 58 сая малын өвөлжилтөд 1.2 сая тонн өвс тэжээл шаардагдана гэсэн тооцоо байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Жолоочгүй өнхөрч байсан машины урдуур орж зогсоожээ

Жолоочгүйгээр уруу газар,
хүүхдүүдийг чиглэн өнхөрч явсан портерыг нэгэн цагдаа албаны машинтайгаа амжиж
урдаас нь мөргөж зогсоон, хүүхдүүдийн амийг аварчээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар
хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин өчигдөр
орой 21 цагийн
орчимд
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо долоон буудлын замаас Чингэлтэй салдаг
уулзвар замд албаны “киа рио” маркийн
авто машинаа жолоодон явж байх үед нь “ммс кантер” маркийн авто
машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд
бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж
зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан
байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цааш өнхөрч байх замд нь хүүхдүүд явж
байжээ. Хэрэв цагдаа амжиж тухайн портерийг зогсоогоогүй бол хэрхэх байсныг
төсөөлөхөд бэрх. Тиймээс амь насаа үл хайхран үүргээ биелүүлсэн цагдаагийн
ахлах ахлагч Н.Энхтүвшинд баярласанаа илэрхийлье.

Categories
мэдээ соёл-урлаг

“ЭТЮД” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Blue Moon” арт галлерей нь 2012
оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд арав хоног тутамд
мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой юм. Урлагаар дамжуулж
хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэхээс гадна үзэгчдийг бэлдэх, уран
бүтээлчид болон урлагт элэгтэй хүмүүсийг холбох зорилгоор тус арт галерей энэ удаад “Этюд” уран бүтээлчдийн нэгдсэн
үзэсгэлэнг анх удаагаа буюу өчигдөр
нээлээ. Энэхүү үзэсэгэлэнг Blue Moon арт галерейгаас
нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх аж.

Categories
мэдээ спорт

М.Дэлгэрхүү Монголын рекордыг шинэчлэн тогтоожээ

“Хангарьд” клубийн тамирчин спортын мастер М.Дэлгэрхүү Дэлхийн оюутны универсиад их наадмын гуравдахь өдөр 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдаж 00:55.71 амжилтаар Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна. Энэ рекордыг Лондонгийн олимпод оролцсон спортын мастер А.Тамир 2012 оны Лондонгийн олимпид 00:56.37 амжилтаар эзэмшиж байжээ. Харин одоо тэрээр ОХУ-ын Казаньд болж байгаа усанд спортын 16 дахь удаагийн ДАШТ-д оролцож байгаа юм. Уг тэмцээнийг БНХАУ-ын баг тамирчид хошуучилж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр тамирчин оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Автобус үнэгүй үйлчилнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам хөтөлбөрийн эхний өдөр буюу наймдугаар сарын 08-ны өдрийн 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулж ном айлдах тул тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар болжээ. Тодруулбал Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үнэ төлбөргүй иргэдийг тээвэрлэх аж.

Харин Хүй 7 худагт болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хүлээгдлийн хугацаатайгаар зорчуулна. Сүүлийн автобус 22:30 цагаас Хүй 7 худаг-аас МУБИС-руу хөдөлнө. Дараах чиглэлүүд доорх цагийн хуваарийн дагуу Даншиг наадмын буюу 2015 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

Талийгчийг шавьжинд хатгуулж нас барсан эсэхийг шинжилгээгээр тодруулна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн шавжинд хазуулснаас биеийн байдал нь хүндэрсэн билээ. Түүнийг Улаанбаатар хот руу авчирч эмнэлэгт үзүүлсэн ч өнгөрөгч сарын 28-нд нас барсан юм. Одоогоор нас барсан шалтгааныг шавжинд хазуулснаас болсон уу, эсвэл хууч архаг өвчтэй байсан уу гэдгийг тодруулахаар шинжилгээ хийж байгаа ажээ. Түүнээс гадна Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шавжинд хазуулсан нэг хүүхэд, нэг том хүн хэвтэн эмчлүүлээд гарчээ. Сүхбаатар аймагт тохилдсон энэ үйл явдлаас үүдэн аймгийн халдвар судлалын эмч нараас бүрдсэн тандалт судалгааны баг ажлаа үргэлжлүүлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүн хазсан шавжийг үхэр хэдгэнэ байж магадгүй гэжээ.