Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын өрөөнд өнөөдөр Улсын онцгой зомиссынхон хуралдахаар тов тараажээ. Хурал 10.00 цагаас эхэлэх бөгөөд чухам ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна. Саяхан засгийн газрын хуралдаанаар Шадар сайдаар ахлуулсан Өвөлжилтөд бэлтгэх онцгой комиссыг байгуулсан. Тэрхүү комиссын анхны хуралдаан өнөөдөр болж байх магадлалтайг албан эх сурвалж тодотгож байлаа. Ирэх өвлийг өнтэй давах, бичин жилийн хаварт бэлтгэх гээд тус онцгой комисст хийх ажил мундахгүй их. Тиймээс ажлын төлөвлөгөөгөө боловсруулан, хийх ажлаа тодотгож байж мэдэх юм.
Month: August 2015
Саяхан нэг
өгүүллэг уншлаа. Өгүүллэгт монголын нэгэн тансаг баян эрхмийн гэр бүлийн тухай гарах
юм. Тансаг зэрэглэлийн байранд дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч буй гэр
бүл. Эднийх хүү, охин хоёртой бөгөөд хүүхдүүд нь гадаадад сурдаг. Гэтэл энэ гэр
бүлд гай тохиож эцэг нь хүнд өвчнөөр өвчилж, эмчилгээний зардалд бүхий л зүйлээ
зориулж байлаа. Хоёрхон жилийн дотор ямар ч эд хөрөнгөгүй болж тансаг харшид байсан
айл хашаа байшин хөлсөлж, өнгөтэй өөдтэй явахад салдаггүй байсан найз нөхөд ч бараа
сураг нь тасарчээ.
Хоёр хүүхэд
нь сургуулиа ч төгсч чадалгүй эх орондоо ирж нэг нь барилгын туслах ажил хийж, нөгөө
нь эмнэлгийн үйлчлэгчээр ажилд орж аавынхаа эм тариа, хоногийн хоолныхоо мөнгийг
олохын төлөө эцэж, цуцталаа ажиллаж тансаг өссөн хүүхдүүд хүртэл туйлдаа хүрэв.
Энэ бүхэнд эхнэр нь хамгийн ихээр шаналж, шөнөжин уйлсан хоногийн тоо ч алдарчээ.
Ханиа харахаар хэзээ хорвоог орхих бол гэхээс зүрх нь шимширч, хар бор ажил хийж
яваа хүүхдүүдээ бодохоор сэтгэл нь сэмэрч байв. Ингээд эцсийн мөчид эхнэр нь хуримын
бөгжөө ломбарданд тавьж нөхрийнхөө гурав хоногийн тариаг авч байгаа зураглал гарна.
Энэ айлд
үүнээс өөр үнэд хүрээд байх зүйл ч үлдсэнгүй. Нөхөр нь эхнэртээ зориулж 2000 ам.доллараар
авч байсан боловч ердөө 500 мянган төгрөг л хүрсэнд эхнэр нь жаахан гонсгор гэртээ
харив. Гэвч нөхөр нь гомдсонгүй нөгөө мөнгийг нь авч дарга байхаас нь жолоочийг
нь хийж ирсэн хөгшинд өгөв. Энэ гэр бүлд ганц тус болдог хүн нь цагтаа эхнэрийнх
нь арчаагүй, заваан гэж ад үзэж байсан өнөөх жолооч байсан юм. Жолооч ч өнөөх мөнгийг
аваад эм, тариа авчрахаар гарав. Яг энэ мөчид нөхөр нь амьсгал хураалаа. Маргааш
нь уй гашууд нэрвэгдсэн эхнэрт жолооч нэгэн захиа өгөв. Энэ бол түүний нөхрийн үлдээсэн
захиа.
Захианд хоёр
хадгаламжийн дэвтэр болоод тэдний амьдралд хүрэлцэхүйц хангалттай хөрөнгө үлдээсэн
болохыг мэдэв. Захианд “Би нэгэнт эдгэршгүй өвчтэй учраас чинийхээ төлөө ийм шийдвэр
гаргасныг минь уучлаарай. Зовлон үзээгүй өссөн хоёр үрээ эцгийгээ үгүйд барьц алдаж,
ээжийгээ ямар ихээр зовоох бол гэж бодохоос элэг эмтэрч зориуд амьдралд сургасан
юм шүү. Одоо та гурав минь алзахгүй ээ. Намайгаа дахин уучлаарай” гэсэн байжээ.
Эцэг хүн ийм л алсын хараатай, агуу хүмүүс байдаг аж.
Д.ДАВААСҮРЭН
Энэ зургийг Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын
даргын гэрт намын бүлгээрээ өдрийн зоог барилаа” гэсэн тайлбартайгаар уржигдар
цахим сүлжээнд тавьжээ.
Өчигдөр
10.00 цагаас үд дунд хүртэл хуралдсан АН-ын бүлгийн хуралдаан хаалттай боллоо.
Зарим мэдээллийн сувгууд нэлээд ширүүн уур амьсгалтай болсон тухай мэдээлсэн.
Хурлын эхэнд Ч.Сайханбилэгийн танхимын зургаан сайдыг чөлөөлөх жижиг эрх ашгаас илүү чухал асуудал байгааг
ЗГХЭГ-ын дарга бүлгийн гишүүддээ сануулсан гэх. Энэ нь бүлгийн зарим гишүүдийн
дургүйцлийг хүргэсэн ч эцсийн бүлэгтээ АН-ын бүлгийн гишүүд ойлголцсон талаар
эх сурвалжууд мэдээлж байна. Ч.Сайханбилэгийн танхимаас МАН-ын зургаан сайд
огцорсон ч цаашид танхим нь тогтвортой байлгах дээр бүлэг санал нэгджээ.
Тэгэхээр МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг Ч.Сайханбилэг оруулж ирэх юм
байна. Харин тэдний оронд УИХ дотроосоо сайд тавина гэдэг дээр АН-ын бүлэг бас
санал нэгджээ. Энэ бүх процесс УИХ дээр явагдах үед АН-ын бүлгийн гишүүдийн
зүгээс эсрэг үйлдэл хийвэл намын зүгээс хүлээлгэх хариуцлагын асуудлыг тодорхой
ярьжээ. Тэгсэн нөхдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор
мэдэгдсэн байна. Эс үйлдэл хийгсэд гэсэн нэр томъёо Н.Алтанхуягийн Засгийн
газрыг огцруулсан цагаас хойш гарах болсон. Энэ нь юу гэхээр чуулган дээр
асуудал хэлэлцэх, санал хураах үед ямар нэг шалтгаанаар хурлаас чөлөө авдаг,
утсаа салгадаг, сураггүй болдог, улайм цайм картаа сугалж аваад юбкаа урчих
шахан гарч гүйдэг, сөрөг хүчнийнхэнтэйгээ хамт өрөөндөө ура хашгираад зогсож
байдаг АН-ын нэр бүхий гишүүдэд зориулсан үг хэллэг юм. Ялангуяа ингэсэн нөхдөд
дээрх хариуцлагын асуудал хатуу яригдана гэдгийг сануулжээ. Тийм болохоор
сонгууль болоход ердөө 10-хан сар үлдсэн энэ мөчид АН-ынхан АН-ын гишүүн шиг
байхыг хичээцгээх бололтой. Зарим нэг мэдээллийн хэрэгслийн дамжуулсан шиг
АН-ын бүлгийн хуралдаан эхнээсээ дуустал ширүүн уур амьсгалтай болсон гэдэг нь
юу л бол. Хаалттай бүлгийн хуралдаан дуусч хаалга нээгдэхэд тус намын бүлгийн
гишүүд бүгдээрээ Б.Гарамгайбаатар гишүүний төрсөн өдөрт баяр хүргэн инээлдэж
хөхрөлдсөөр гарч ирцгээсэн юм. Гэхдээ яаж ч мэдэх түгжлүүд байдаг л даа.
Бүлгийн
хурал тарсны дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүтэн таван цаг орчим
хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлцсэнийг
хэвлэлийнхэнд товчхон танилцуулсан. Олны анхаарлыг татаж буй зургаан сайдын
асуудлын талаар тэр ингэж мэдээллээ. “Засгийн газрын гишүүдийн асуудал
Ерөнхийлөгчтэй зөвшилцлийн хүрээнд явагдаж байгаа. Ерөнхий сайдын зүгээс АН-ын
даргад өргөн барьсан шаардлага манай намын дүрмээр явагдана. Хэрэв ээлжит бус
чуулганы 14 хоногийн хугацаанд Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудал
хэлэлцэгдэхгүй бол дахин ээлжит бус
чуулган зарлана. Манай намын дүрэмд ҮЗХ-г намын дарга нь хуралдуулах шийдвэр
гаргадаг. Үгүй бол гишүүдийн гуравны нэг нь шаардлага тавьсан тохиолдолд ҮЗХ-г хуралдуулж болно” гэсэн юм.
Ерөнхий
сайдын зүгээс Засгийн газрын зургаан гишүүний асуудлаар Ерөнхийлөгчтэй
зөвшилцөх хугацаа ажлын тав хоног байдаг юм байна. Мөн “Олонхи болоогүй олон
намаас бүрдсэн Засгийн газрын тэргүүн заавал намын дарга байх шаардлагагүй”
гэдгийг ч бүлгийн хуралдаанаар сөхөж ярилцсан бололтой.
Монгол
Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт Ардчилсан намын ҮЗХ-нд
шаардлага хүргүүлж байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдсэнийг дахин товчоор
хүргэхэд “…Зургаан сайдыг чөлөөлснөөр асуудал өөрөө шийдэгдэхгүй. Асуудал
нээлттэй хэвээрээ байсаар байх болно. Тийм учраас миний түрүүний хэлдэг намын
дарга, Ерөнхий сайд хоёр хамт байх ёстой
гэдэг асуудлыг үндсэнд нь шийдэх ёстой. Тийм учраас дөнгөж сая УИХ-ын дарга,
Ардчилсан намын дарга З.Энхболдод Ерөнхий сайдын хувьд шаардлага хүргүүллээ.
Энэ шаардлагад дээрх асуудлуудаа шийдэх үүднээс АН-ын Үндэсний зөвлөлдөх
хорооны хуралдааныг наймдугаар сарын 3-ны УИХ-ын ээлжит бус чуулганаас өмнө
зарлан хуралдуулж, намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр нэг байх
асуудлыг шийдэх ёстой гэдгийг тусгасан.
Үүнийг ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр шийдэх ёстой… Тиймээс маш яаралтай хугацаанд
ҮЗХ-ны ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагыг намын даргад хүргүүллээ”
хэмээн мэдэгдсэн билээ.
Харин
өчигдрийн ээлжит бус чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ
“Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг
огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж
байгаа гэж мэдэгдсэн тул энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд
өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа
үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит
бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн
бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, дээрх
асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Өчигдөр
МАН-ын бүлгийн гишүүд Удирдах зөвлөлтэйгөө хамтран намынхаа цагаан байранд
хаалттай хуралдсан тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тэд юу гэж үзсэн гэхээр
тэртэй, тэргүй АН-ынхан хоорондоо зодолдоод эхлэх нь. Их хурлын сонгууль ч
ойртож байна. Манай нам дундуур нь орж элдвийн юм яриад яахав, тэдний яаж зодолдохыг
харж байя. Намжмаар болвол гал өрдчихөөд л хараад байя. Харин одоо С.Бямбацогт,
Д.Хаянхярваа хоёр гараад хэвлэлийнхэнд жаахан мэдээлэл өгчих, Эрүүгийн хууль,
Эдийн засгийн ил тодын хууль нь буруу гэдэг талаар. Дээр нь АН-ынхан ингээд
Засаг барьж чаддаггүй хүмүүс гэсэн пиарыг өргөн фронтоор сайн явуулах талаар
ярилцжээ. Харин бүлэг нь тусдаа ордонд хуралдах үеэр Д.Лүндээжанцан гишүүн
“Манайхан завсарлага л аваад байгаарай” гэж чангаар хэлэх нь хаалганых нь цаанаас хамгийн тод сонсогдож
байсныг эх сурвалжууд ярьж байсан юм.
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Өдрийн сурвалжлагаараа арван хувийн урьдчилгаа төлөөд орон сууцанд орох боломжийн талаар сурвалжиллаа. Ийн иргэд байрныхаа урьдчилгаа төлбөрийн 10 хувийг төлөх бол 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гаргах бөгөөд зарим нэг асуудлыг шийдчихвэл энэ зээлийг өгч эхлэхэд арилжааны банк бэлэн аж. Гуравдугаар нүүрний “Баабар ингэж өгүүлэв“ буланд “Умард Солонгосын дэглэм хэнд хэрэгтэй вэ?” нийтлэл орсон бол нийгмийн анхаарал татсан, дуулиант гэмт хэргийн халуун мөрөөр үнэнийг илчлэн хүргэдэг долдугаар нүүрт “Сэлэнгэ ноёд” компанийн захирал Г.Буяндоржийн өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн ярилцлага багтлаа. Тэрээр өөрийн үйлчлүүлэгчийг С.Билэгтэд хөрөнгөө үрэн таран хийлгэсэн учраас Г.Буяндоржид хамаарах хэрэг нь иргэний хэрэг гэж үзэж, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцаж, ээлжит бус чуулганыг зургаан сайдыг өөрчлөх гэж зарласан эсэхэд түүнээс хариулт авлаа. Тэрээр ээлжит бус чуулганыг Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрлөлт оруулах, МАН-ын зургаан сайдыг огцруулах гэж бус Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль зэргийг батлахаар зарласан гэдгийг онцлов. Энэ талаарх дэлгэрэнгүйг ярилцлагаас уншаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурхи явган хүний замыг тохижуулах, автомашины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр болжээ. Энэхүү сан нь Хуульзүйн сайд Д.Дорлигжав охины нэрээр нэрлэгдсэн сан аж.
Түүний охин өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн Истанбул хотноо усанд живж нас барьсан билээ. Тиймээс аав нь охиныхоо дурсгалд зориулж, ийнхүү сан байгуулж, томоохон бүтээн байгуулалт хийхээр шийджээ.
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Хуралд Баавар хорих ангиас онлайнаар оролцсон юм. Шүүх бүрэлдэхүүн Бааварын гаргасан гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм. Мөн Д.Манлайжаргал, М.Бадрал нарын ялыг хэвээр үлдээсэн бөгөөд Д.Манлайжаргалын чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
Өнөөдөр “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009 стандарт”-ын дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ариун цэврийн өрөөг тохижуулан хүлээлгэн өглөө. Италийн Засгийн газрын бус АИФО байгууллага 5 сая төгрөгөөр санхүүжүүлэн гүйцэтгэгчээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв” ажилласан юм байна. Энэхүү ариун цэврийн өрөөнд ямар ч тэргэнцэртэй хүн өөрөө бие даан чөлөөтэй хөдлөх, бие засах боломжтойгоос гадна яаралтай тусламж дуудах хонхыг суурилуулан өгснөөрөө давуу талтай юм. Шалны гадаргуу нь чийгтэй байсан ч хальтарч гулгахгүй аюулгүй байдлыг стандартын дагуу бүрэн хангасан плитагаар хийснээс гадна угаалтуурыг энгийн угаалтуураас доор байрлуулсан нь тэргэнцэртэй хүн хэрэглэхэд саадгүй болсон байна. Уг ариун цэврийн өрөөг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гадна өндөр настан хэрэглэхэд боломжтой аж.
БНСУ-ын хэвлэлүүд өчигдөр Их Хурлын гишүүн Шим Ханг Бук хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдээллэжээ. Шим Ханг Бук нь өнгөрсөн долоо хоногт нэгэн бүсгүйг зочид буудалд дуудан хүч хэрэглэсэн хэмээн хохирогч бүсгүй цагдаагийн газар мэдээллэснээр уг хэрэг шалгагдаж эхэлсэн талаар “Ёнхап” мэдээллэсэн байна.
Гишүүн Шим нь сайхь бүсгүйд 300 мянган вон өгсөн нь батлагдаж, түүний зочид буудалд орж буй, удалгүй хохирогч бүсгүй түүний амарч буй өрөөнд орж буй бичлэгийг цагдаагийнхан нотолгоо болгон бүрдүүлжээ.
Дээрх байдалтай холбогдуулан Их Хурлын Шим Ханг Бук нийт иргэдээсээ уучлалт гуйжээ. Тэрээр “Би намынхаа үйл ажиллагаа, нэр төрд бараан толбо үлдээж байгаадаа маш их харамсаж байна. Би цаашид Сенүри намын гишүүн байх эрхгүй тул намаасаа сайн дураараа гарлаа” гэж мэдэгдсэн байна.
Түүнийг дээрх хэрэгт холбогдсон даруй Сенүри намын гишүүд “Их Хурлын гишүүн хүн гэр бүлээсээ гадуур харьцаа үүсгэх нь байж боломгүй явдал юм. Их Хурлын гишүүн хүн, хувийн харьцаа үүсгэх зорилгоор зочид буудлын хаалга татсан бол түүний гишүүний эрхийг цуцлах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 8, 9 – ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм.
Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгоно.
Монголын талбайн теннисний холбооноос зохион байгуулж байгаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрлөөр явагдах юм байна.
Харин техникийн зөвлөгөөн МҮОХ-ны 409 тоотод ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 6-ны өдрийн 18.00 цагт болно хэмээн албаны эх суравлж мэдээлэв.