Categories
мэдээ улс-төр

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.08.05/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.

2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай асаж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байгаа талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Монгол Улсын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлэхээр, мөн зохицуулах хорооны бүтцэд эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тусгай нэгж байхаар тусгажээ. Түүнчлэн эрчим хүчний барилга байгууламж барих, машин тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авсан үүрэг хүлээсэн хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх урамшууллыг зохицуулахаар тусгасан байна.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл нь 5 бүлэг 17 зүйлтэй байх ба хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын тухай болон Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Барилга, хот байгуулалтын сайд тогтоолын төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2015.08.05/ “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.

Барилга, хот байгуулалтын яам, Гадаад хэргийн яам, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, мөн шинээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2014 оны А/222 дугаар тушаалаар байгуулжээ.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дээрх Ажлын хэсгийн Газрын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах” журмыг тус тус үндэслэн зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг тусгасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын 2009 оны 37 дугаар тогтоол, 2013 оны 52 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн зааг, эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тус тус шинэчлэн батлуулахаар тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Болор: Санал гомдлуудын мөрөөр шалгалт хийх нь санхүүжилт хийхгүй гэсэн үг биш

Төсвийн байнгын хороо өчигдөр вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан аж ахуй нэгжүүдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгараад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор мэдээлэл хийлээ.

-Өчигдөр өглөө байнгын хорооны хуралдаанаар вексель бичилтэд шалгалт хйих тухай яригдсан. Хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй асуудлыг оруулж ирсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэх яриа гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Энэ асуудлыг маш их улстөржүүлж байна. Миний хувьд Монгол Улсын төсөв маш чухал. Байнгын хорооны маань үндсэн үүрэг энэ. Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аас Засгийн газарт аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилтийг гүйцээж олгох үүрэг өгсөн. Энэ даалгаврыг биелүүлэхгүй долоон сар шахам явчихаад гэнэтхэн нэг өдөр, энэ долоо хоногийн эхээр вексель бичих гэж байна гэсэн мэдээлэл, санал гомдол ирсэн. Үүний дагуу уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхэд, түр хугацаагаар зогсоож, нягталж үзэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд “Гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг дарааллаар нь олгохгүй байна, хамаарахгүй аж ахуйн нэгжүүд арын хаалгаар урдуур орж ирээд, санхүүжилт аваад байна” гэсэн гомдол удаа дараалан ирж ирж байсан. Энэ бүхэн шалгалт хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Гэхдээ энэ нь санхүүжилт хийхгүй гэсэн үг биш. Бид ажлын тав хоногийн дотор нягтлаад, түүний дараа мөнгийг нь гаргаж аж ахуй нэгжүүдээ хохиролгүй болгоно гэсэн байр суурьтай байгаа. Долоо хоногийн сүүлчээр асуудлууд шийдэгдээд явна гэж ойлгож байна.

Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг дээр ямар тайлбар хийх вэ?

-Ер нь Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаснаас биш энэ ажлыг зогсоо гэсэн шийдвэр гаргаагүй. Дэгийн тухай хуулиар Байнгын хороо ажлын хэсэг байгуулах эрхтэй. Энэ удаа байнгын хорооны гишүүн М.Зоригтын саналыг үндэслэж Ажлын хэсэг байгууллаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд тусгагдсан гол заалтуудын талаар тодруулаач?

-Энэ хуулийг гаргахыг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон. Далд эдийн засгийг ил болгохын тулд хөшүүрэг болгодог энэ хуулийг нэлээд олон оронд хэрэглэсэн байдаг. Манай улсын эдийн засаг хүндрэлтэй үед энэ хуулийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. Оны эхээр өргөн барьсан ч буцаагдсан. Ингээд долоодугаар сарын гуравны өдөр дахин өргөн барьсныг нэлээд нухацтай хэлэлцэж байна. Засч сайжруулах зүйл байгаа. Хэлэлцүүлэгт гишүүд идэвхтэй оролцоно байх гэж найдаж байна. Манайд 2007 онд Татварын өршөөлийн тухай хууль гарч байсан туршлага бий.

Далд эргэлдэж байсан хичнээн тэрбум төгрөг ил болох вэ?

-Ер нь судалгаагаар ДНБ-ий 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байгаа гэж гарсан байдаг юм билээ. Наад зах нь 20 орчим хувийг ил гаргавал улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Векселийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардлаа

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Төсвийн байнгын хорооноос вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг мэдэгдсэн билээ.

Тэрбээр мэдэгдэлдээ Улсын Их Хурлын Төсвийн байнгийн хорооны өнөөдрийн 17 дугаар тогтоолоор Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргахгүй байхыг Засгийн газарт даалгасан тухай хэлсэн.

Тэгвэл өнөөдөр векселиэр санхүүжих ААН-үүдийн төлөөлөл “Ус-Эрдэнэ” ХХК-ий удирдлагууд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Тус компани нь 1991 онд байгуулагдсан бөгөөд худаг гаргах, засварлах, услалтын систем барих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тэд 2014 онд ХХААЯ-ны захиалгаар Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын систем шинээр барих ажилд 322.9 сая төгрөгийн барилгын ажил гүйцэтгэж, 2014 оны аравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл нийт санхүүжилтийнхээ 82 хувийг авч чадаагүй байгаа аж.

Улмаар тэдэнд үлдсэн санхүүжилтийг авах векселийг 2015 оны долоодугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн бөгөөд даруй гурав хоногийн дараа шийдвэр өөрчлөгджээ.

Тус компанийн захирал О.Пүрэвдорж “Тус ажлын санхүүжилтийг манай компани банкны зээлээр хэрэгжүүлсэн бөгөөд улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш есөн сар өнгөрч байна. Үүнээс үүдэн төслөөс олох нийт ашгаа банкны зээлийн хүүд төлж, 15 хувийн алдагдалд ороод байна.Манай компани нийт 60 ажилтантай. Ажилчдынхаа цалинг сүүлийн хоёр сар хугацаанд нь тавьж чадахгүй хүнд нөхцөл байдалд ороод байна. Хэрэв векселийн асуудал шийдэгдэхгүй удвал манай ажилчдын нийгмийн асуудал тун хүнд байдалд орж, компани цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно” гэв.

Тиймээс тэдний зүгээс векселийн асуудлыг маш яаралтай шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яаманд тавьж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ил тодын хуулийг хэлэлцэх явцад хэн юу гэж хэлэв?

Нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлах үүднээс ээлжит бус чуулган зарласан билээ. Ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Уг хууль батлагдсанаар манай улсын эдийн засагт ач холбогдолтой болохыг улс төрийн хүрээнийнхэн онцолж буй. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хэн нь юу гэж хэлсэнийг хүргэж байна.

Л.Цог: Энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Бүр хүчиндээд шийдье гэвэл улстөрчдийн хэргийг салгах хэрэгтэй. Яагаад УИХ хэлэлцэхгүй гэж буцаасан юмыг дахин, дахин оруулж ирээд байгаа юм бэ?

Д.Дорлигжав: Түрүүчийн орж ирсэн төсөл ямар шалтгаанаар буцаагдсаныг мэдэхгүй. Эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулж бодлого боловсруулж, УИХ-д оруулж ир гэж УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу л оруулж ирж байна.

А.Бакей: Энэ хууль батлагдлаа гэхэд үйлчлэх үү. Сайн дураараа нуусан мөнгөө гаргаж өгөх гээд байна л даа. Сайн дурын үндсэн дээр өөрийгөө илчлэх хуулийн үндэслэл байна уу. Мөн орлогоо нуусан хувь хүн, хуулийн этгээд хэр байдаг юм. Энэ хуулийг батлагдсанаар хичнээн хүн орлогоо ил болгох вэ гэсэн судалгаа байна уу?

Д.Дорлигжав: Энэ хууль батлагдвал энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжжэд явах байх. Урьд нь үзүүлсэн татварын хугацаа богино, зарим хүмүүс мэдээгүй өнгөрсөн гэсэн шүүмжлэл гарсан учраас хугацааг нь урт тавих санал гарсан.

Б.Ариунсан: Ил тодын хуулийг баталъя гээд байгаа нь цаанаа учиртай. Эдийн засгийн хямралын хэдэн том компани Монголын хямралыг авч гарахын тулд нуруугаа авахуултал зүтгэж байна. Бүх юмыг тэг балансаас эхлүүлээд өртэйг нь нурууг нь амраагаад, далд байгааг нь хөшүүрэгдээд мөнгөө гаргах боломж олгоё гэсэн зорилготойгоор энэ хуулийг оруулж байна. Энэ хуулийг батлаад өгвөл нэлээд том үр дүн гарна. Өнөөдрийн байдлаар ийм хэмжээний орлого далд эдийн засгаас татварын бааз руу орж ирнэ гэсэн тооцоо алга.

37-40 хувийн далд эдийн засаг байна гэж судалгаагаар гарсан. Ил болсон үед ямар тоо гарахыг нь тайлагнаж болно. Өмнөх өршөөлийн үеэр аж ахуйн нэгж, иргэн нийлээд 40-өөд мянган хуулийн этгээд тайлангаа цэгцлээд, улсын хэмжээнд 4 их наядын хөрөнгийг ил болгосон.

С.Одонтуяа: Эдийн засгийн хямралын үед чухал үр дүнтэй гэсэн учраас энэ хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Иргэд маань татвар төлдөг соёл, боловсролд сургахад НӨАТ-ын хууль чухал гэж хаврын чуулганаар баталсан. Татвар төлөгчдийг 3 ангилж болно. Татвар хэзээ ч төлдөггүй нэг хэсэг байна. Хоёр дахь нь бүх орлогоо ил тод мэдээлдэг. Гэхдээ татвараа төлж чаддаггүй. Гуравдахь нь татвараа шударга төлдөг. Бид нарт статистик тоо тараасан бол илүү хэрэгтэй байлаа. Шударгаар төлж байгаа хэсэгт ямар нэгэн урамшууллын заалт байна уу. Татвараа нуусан хүмүүсийг энэ хуулиар зуун хувь өршөөх юм уу, эсвэл тодорхой хэсэгт өршөөл үзүүлэх юм уу. Манайд бол татварын асуудал хүнд байдаг. Бид жингийн туухай дээр тавиад үзэхээр жирийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх үү, нийгэмд ямар үр дүн авчрах вэ?

Д.Дорлигжав: Зөвхөн хөрөнгөө сайн дураараа мэдүүлж ирсэн хүмүүс хамрагдана. Өршөөлийн хуулиар зарим нэг зохицуулалт хийгдэнэ.

Ж.Батзандан: Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд хоёр асуудал байна. Эрүүгийн өршөөлийн хуулийг Өршөөлийн хууль нэртэйгээр гаргах гэж байна. Гэтэл энэ хуулийг харахаар яг л нөгөө Эрүүгийн өршөөлийн хуулиас ялгарах юм алга. Өршөөнө уучилна гэдэг муу зүйл биш. Ялангуяа жирийн иргэд, бизнес эрхлэгчийг өршөөж, уучлах нь сайн хэрэг. Харин улстөрчдийг, төрөөс мөнгө идсэн хүмүүсийг өршөөж, уучилж болохгүй. Энэ хуульд төрийн албаны дарга нарыг төсвөөс хумсалсныг нь уучилж болохгүй гээд зааж болохгүй юу?

Д.Дорлигжав: Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд албан тушаалын хэрэг байхгүй. Өршөөлийн хуулийг ярих үед хэлэлцэх асуудал байна.

Ө.Энхтүвшин: Хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг нууцална. Нотлох баримт болгохыг хориглоно гэсэн байна. Өршөөж болно, яагаад нууцлах гэж. Энэ хүн ийм хөрөнгөө ил болголоо гэж нийтэд мэдээлэхэд яагаад буруу гэж. Хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг гаргаж торгоно гэсэн байна. Үүний ард ямар их айдас байна. Ингэх хэрэг байна уу. Өршөөсөн юм бол энэ, энэ хүмүүсийг өршөөлөө гээд мэдээллээ ил тод болгох ёстой бус уу. Хоёрт, Ариунсан дарга хэлээд байна. Компаниуд хүнд байдалд орсон гэнэ. Компаниуд юунаас болоод хүнд байдалд орсон гэдгээ Засгийн газар судалж үзсэн юм уу. Хуулийн орчин хуучин хэвээр байвал ахиад л хөрөнгө нуух асуудал үүснэ. Гуравдугаарт нь, 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого өршөөл үзүүлснээр орж ирсэн гэдгийг яаж нотлох юм бэ?

Д.Дорлигжав: Мэдээллийг нууцалж байгаа нь Хүний хөрөнгийг гаргаж авахуулчихаад дараа нь нөгөөхөөр нь дарамтлаад байж болохгүй гэсэн санаа.

Б.Ариунсан: Ил болгосон хөрөнгийн тайланг тусгай авч байсан. Тэр тусгайлсан тайлан дээр ил болгож бүртгэгдсэн хөрөнгө нь 4.5 их наяд. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Татварынхаа орчинг шинэ болгоод ажиллая гээд НӨАТ-ын хуулийг гаргасан. Татварын ерөнхий хуулиа Ил тод байдлын хуультай хамтруулбал цаашдаа шив шинэ орчин бүрдэх юм. Хөрөнгөө ил болгосон тохиолдолд яах ч үгүй гээд баталгаа гаргаж өгөхгүй бол бизнесийнхэнд хөрөнгөө ил болгочихсоны дараа нь яах ч юм билээ гэсэн эмзэглэл байсан. Тиймээс мэдээллийг нууцлахаар заалт оруулсан.

Ө.Энхтүвшин: Ил тод байдлыг дэмжих хууль гэж хэлчихээд дотроо нууна гэсэн заалт оруулдаг нь ямар учиртай юм бэ. Өршөөл үзүүлэхээс илүү Засгийн газрын холбоотой асуудал байна шүү дээ. Ажлаа хийлгэчихээд төр мөнгө өгөхгүй хэдэн жил болдог. Энэ нь компаниудад том дарамт болдог шүү дээ.

Д.Дорлигжав: Хүний ил болгосон хөрөнгийг зарлаад байж болохгүй. Тэр хүн түүнийгээ яриад, бусад журмаар мэдээлэл гарахыг хориглохгүй. Өршөөчихөөд энэ хүн ийм хөрөнгө нуужээ гэдгийг дараа нь зарлахгүй гэсэн үг.

С.Дэмбэрэл: Гадаад хүчин нөхцөл хязгаарлагдмал байгаа нөхцөлд дотоод хүчин зүйлээ ашиглаж эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй. Нөгөө талаас буруу авир төрхийн эрсдэл үүсдэг. Үүнийг хоёр байдлаар шийдэж болж байна. Энэ хуулийг гарснаас хойш дахиж 10 жилийн хугацаанд хөрөнгөө нуухгүй байхыг хуульчлах ёстой. Гаалийн хуулиудыг бас давхар оруулж ирэхгүй бол тэнд эдийн засгийн харилцааг зохицуулсан олон заалт байдаг. Гаалиар бараагаа дутуу, буруу мэдүүлж орж ирдэг. Тэр бусармаг үйлдлээ тогтмол давтдаг аж ахуйн нэгж байна. Энд ганц жишээ дурдахад 105 мянган аж ахуйн нэгжийн 49 хувийг эзэлж буй бөөний худалдаа эрхэлдэг хүмүүс татварт тун бага оролцоотой байна. Татвараа шударгаар төлсөн, нууснаа ил болгосон хүмүүсийг бодсон заалт оруулж ирэх ёстой. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлнэ гэсэн байна. Нэг удаагийн өршөөл бол тэр чигээрээ өршөөгөөд явах ёстой. Энэ хуулийн төслийг Төсвийн , Эдийн засгийн, Хууль зүйн байнгын хороогоор маш сайн хэлэлцэх ёстой.

Д.Дорлигжав: Хувь хүний эрх ашиг байгаа учраас Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлэх ёстой. Үндсэн хуулийн цэц энэ асуудлаар дүгнэлт гаргасан. Сөрөг үр дагавар гаргахгүйн тулд дараагийн 10 жилийн хугацаанд ийм өршөөл байхгүй гэдэг саналыг дэмжиж байна.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын нэр бүхий 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.

Галт зэвсгийн тухай хуулиар зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд галт зэвсэг эзэмших, өмчлөх хандлага нэмэгдэж байгаа аж. Хууль санаачлагч галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд тодорхой шаардлага тавих, эзэмшигч, өмчлөгчийг галт зэвсэгтэй харилцах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, галт зэвсэгтэй адитгах хэрэгслийг хуульчлах, галт зэвсгийн ашиглалтын зориулалтыг тодорхой болгох, галт зэвсэг болон сумыг нийтэд худалдах, импортлох хяналтыг сайжруулах, галт зэвсэг болон сумны бүртгэлийг нэг байгууллага дээр төвлөрүүлж, нэгдсэн сантай болгох, галт зэвсгийн зохистой хэрэглээг багасгах зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг хэлэлцэн шийдвэрлэж энэ талаарх санал, дүгнэлтээ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна. Мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Д.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа одоо малчдын гар дээр байгаа буу галт хэрэгслийг бүртгэлд хамруулан хууль ёсны болгож иргэний өмч хэвээр үлдээнэ, харин үүнийг ангийн зориулалтаар ашиглаж болохгүй, зөвхөн сургалт, спортын зориулалтаар ашиглаж болно гэлээ. Мөн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар сумны зохицуулалт байхгүйгээс сумны эргэлт хар зах дээр хууль бусаар явагдаж байгаа. Харин энэ хуулиар галт зэвсгийн ангилал, зориулалтыг тодорхой болгох, сумны асуудлыг зохицуулалтад оруулж сумыг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу тусгай цэгүүдээр дамжуулж худалддаг болох юм гэсэн хариулт өгөв.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараагаар нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү нар танилцуулсан юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл юм. Татварын өршөөл гэж улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэж буй арга хэмжээ бөгөөд төрөөс татвар төлөгчдөд төлөх ёстой татвараа тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байхаар өгч буй амлалт юм.

Манай улсад анх 2007 онд уг асуудлыг зохицуулсан хууль батлагдаж хэрэгжсэн. Мөн 2007 онд батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.

Түүнчлэн 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн тухай хуулиар зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан аж. Дээрх хуулиудын дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нэмж мэдүүлсэн аж ахуйн нэгжийн судалгаанаас үзэхэд өршөөлийн хуулиар нэмж мэдүүлсэн орлогын 49.1 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байдаг аж. Тэр дундаа боловсруулах аж үйлдвэр (14.6%), барилга (13.9%), уул уурхайн салбар (7.0%) Татварын өршөөлийн хуульд хамгийн ихээр хамрагджээ.

Эдгээр үндэслэл, шаардлагыг харгалзан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ч төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан тул уг хуулийн төслийг дахин боловсруулжээ.

Хууль санаачлагч илтгэлдээ, энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлсон болно. Уг хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв голдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж Засгийн газар үзэж буйг дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Цог, А.Бакей, С.Одонтуяа, Ж.Батзандан, Ө.Энхтүвшин, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу энэ хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов. Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан болон ажлын хэсгийн зарим албан тушаалтнууд гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Д.Ганхуяг, Х.Болорчулуун нар үг хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 37 нь буюу 63.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай дэгээр хэлэлцэх байсан ч үдийн завсарлагын цаг болсон тул уг хуулийн төслийг 14 цагаас чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэхээр боллоо

Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэнэ

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн
хуулийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх бөгөөд
УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандаж, утсаа унтрааж, Ipad-гүй орж ирэхийг
санууллаа. Өчигдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн
хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай явуулахыг
дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гарагт буюу долоодугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихэрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дараагийн хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл сайн бойжиж байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хивэгний экспортыг хязгаарлана

Малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг хязгаарлахаар болжээ.

Уг хязгаарлалт ирэх есдүгээр сарын 1-нээс ирэх 2016 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна.

ХХААЯ-наас гаргасан тооцоогоор 2015-2016 онд нийт 58 орчим сая мал өвөлжиж хаваржихад 1.4 сая тн өвс, 150 орчим мянган тн үйлдвэрийн болон таримал тэжээл шаардлагатай байгаа аж.

Энэ нь нийт мал сүргийг 10 хоног байнгын тэжээлтэй байх хэмжээний нөөц аж.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын 11 байгууллагын барилгыг шинэчилнэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр энэ онд нийгмийн даатгалын байгууллагын нийт 11 нэгж, хэлтэс, тасгийн барилгыг шинэчлэх юм байна. Тэгвэл Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нийгмийн даатгалын хэлтсийн шинэ барилгын шавийг саяхан тавьжээ. Тус арга хэмжээндХүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон албаны бусад төлөөлөгчид оролцжээ.

Энэ барилгууд ашиглалтанд орсноор төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн сайжруулах, иргэд даатгуулагчдын ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.