Categories
мэдээ цаг-үе

Шекспирийн театр айлчлан ирэх нь ээ

Английн Лондон хотын “Шекспирийн Бөмбөрцөг” театр манай улсад удахгүй ирж их зохиолчийнхоо “Гамлет” жүжгийг үзүүлэх гэж байна. Харин Уильям Шекспирийн “Бөмбөрцөг” театр нь түүний жүжгийн компанид суурилан 1599 оноос эхэлсэн байдаг. Европын соёлын түүхэнд Лондонгийн сэргэн мандлын үе хэмээн нэрлэгддэг XV зууны сүүлчээс XVII зууны эхэн хүртэл Английн соёл, урлагийн шилжилтийн он жилүүд байв. Энэ үед Лондонд байнгын ажиллагаатай жүжгийн компаниуд ажиллаж байсны нэг нь Шекспирийнх байжээ. Ийм компаниудыг 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй жүжигчид, жүжгийн зохиолч, найруулагч нар, эсвэл ухаалаг менежменттэй мөн арав орчим хувьцаа эзэмшигч нийлж байгуулж байж. 1613 оны зургадугаар сард “Бөмбөрцөг” театрын байр галд өртөж үгүй болжээ. Дараа жил нь 1614 оны долдугаар сард театрыг дахин барьж босгосон байна. Ингээд 1942 оныг хүртэл ажиллаад хаагдсан байна. Энэ хугцаанд Шекспирийн нэлээн хэдэн жүжгийг тавьж чаджээ. Өнөөгийн Англи орон их зохиолчийнхоо үндэс­лэн байгуулсан “Бөмбөрцөг” театрыг орчин үед “Шекспирийн Бөмбөрцөг” нэртэйгээр дахин сэргээн босгож 1997 онд нээлээ. Театрын барилгыг анх байрлаж байсан газраас нь 200 гаруй метрийн зайд барьж босгосон байдаг. Нэгэн өөр мэдээлэл дуулгахад, орчин үе дэх “Бөмбөрцөг”-ийн дахин сэргэлтээс өмнө буюу 1909 оноос эхлэн Английн орчин үеийн анхны театруудын нэг Гилгудын театрыг мөн “Бөмбөрцөг” хэмээн нэрлэх болж 1994 он хүртэл энэ нэрээр ажилласан байх аж. Гилгудын театрыг ийн нэрлэх болсны учир нь, 1906 онд байгуулагдсан энэ театр анх үндэслэн байгуулагч нэрт жүжигчин, жүжгийн зохиолч менежер Сеймур Хиксийн нэрээр нэрлэгдэж байсан ч 1909 онд Америкийн театрын менежер ирж ажиллахдаа “Бөмбөрцөг” болгон өөрчилсөн байх юм. Гилгудын “Бөмбөрцөг” театр нь Английн Вестминстрт байрладаг гурван давхар барилга бүхий орчин үеийн театр юм. Гилгуд гэж хэн бэ. Артур Жон Гилгуд бол 1904-2000 оны хооронд амьдарч байсан Английн нэрт жүжигчин, театрын найруулагч, менежер хүн юм. Тэрбээр театрын түүхэнд Шекспирийн дүрүүдийг гайхамшигтай бүтээсэн гүйцэтгэлээрээ алдартай жүжигчдийн нэг байв. Тэрбээр орчин үеийн тайз дэлгэцийн урлагийн гол шагналууд болох Оскар, Грэмми, Эмми, Тони, BAFTA-гийн болон Алтан бөмбөрцөг шагналтай. Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг зургаан удаа хүртсэн цорын ганц жүжигчин байв. 1994 онд тэр Японы Эзэн хааны шагналыг хүртэл хүртэж байв. 1909-1994 он хүртэл 85 жилийн турш “Бөмбөрцөг театр” хэмээн нэрлэгдэж байсан Гилгудын театрын тухайд ийм. Одоо харин Шекспирийн Глоб театрынхаа сэдэв рүү оръё. Анх тус театрын хувьцаа эзэмшигч зургаан хүн байв. Хувь нийлүүлэгч ах дүү жүжигчид Ричард, Кутберт Бёрбеж нар тус бүр 25 хүртэлх хувийг, Шекспир, Жон Хемингс, Августин Филипс, Томас Поп нар 12,5 хүртэлх хувийг эзэмшиж байжээ. Долоо дахь хувь нийлүүлэгч Уильям Кэмп өөрийн эзэмшдэг 10 гаруй хувиа дээрх дөрөвт зарж төслөөс гарсан байдаг. Цаг хугацаа өнгөрч шинээр хувь эзэмшигчид нэмэгдэхийн хэрээр эзэмшлийн анхны харьцаа өөрчлөгдөж Шекспирт ногдох хувь дөрөвний нэгээс бүр 16-ны нэг болтлоо хумигдсан байна. “Бөмбөрцөг” театр 1599 онд нээлтээ Шекспирийн “Генри V” жүжгээр нээхээр төлөвлөж, жүжгийг тайзнаа тавихад бэлэн болгосон ч өөр жүжгээр хөшгөө нээсэн гэсэн баримт байдаг. Энэ талаар XХ зууны Английн утга зохиолын профессор, сэргэн мандлын үеийн драмын урлаг судлаач Довер Вильсон таамаг дэвшүүлэхдээ, “Генри V” жүжгийг “дотоод хяналт”-аар хэлэлцээд тааруухан жүжиг хэмээн үзэж ийм жүжгээр “Бөмбөрцөг” хөшгөө нээх учиргүй гэж үзсэн бололтой гэжээ. Ингээд 1599 оны зун уг жүжгээр нээлтээ хийхэд бэлэн болоод байсан ч намар есдүгээр сар хүртэл хойшлуулжээ. Энэ тохиолдолд профессор Вильсон тухайн үеийн швейцарь жуулчдын тэмдэглэж үлдээсэн баримтыг авч үзсэн байна. Уг баримтад “Бөмбөрцөг театрт 1599 оны есдүгээр сарын 21-нд “Юлий Цезарь” жүжгийн анхны тоглолт гайхалтай сайхан боллоо” гэж дурдсан байжээ. “Юлий Цезарийн эмгэнэл” бол Ромын түүхээс сэдэвлэн бичсэн Шекспирийн цөөн жүжгүүдийн нэг бөгөөд зохиолч жүжгээ 1599 онд бичсэн. 1611 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Макбет”, 1613 оны зургадугаар сарын 29-нд “Генри VIII” жүжгийг тавив. Энэ үеэр “Бөмбөрцөг” театрын дотоод ахуй нөхцөл нь огцом өсөн дэвжээд байсан үе. Лондонгийн бусад театруудын нэгэн адил “Бөмбөрцөг” театр 1642 онд хаагдлаа. XVI-XVII зууны Англи оронд хүчээ авсан протестант ёс суртахууны хатуу үзэл баримтлалын улмаас эдгээр театр хаагдсан. Энэ байдал 1644, 1645 он хүртэл үргэлжилжээ.

“Бөмбөрцөг” театр орчин үед “Шекспирийн бөмбөрцөг” нэрээр дахин сэргээн босгогдож Шекспирийн “Генри V” жүжгээр 1997 онд нээлтээ хийсэн. Ийнхүү уг театрыг сэргээн босгохдоо барилгын зохиомжийг нь 1599, 1614 оны үеийн баримтад тулгуурлан сэргэн мандлын үеийн оргиналь эхтэй нь онолын хувьд ихэд ойртуулж, анхны “Бөмбөрцөг” театрын байсан газраас 230 метрийн зайд босгосон байдаг. Орчин үеийн дэлхий ертөнцөд Шекспирийн драмын академийн шууд нөлөөн дор байгуулсан “Бөмбөрцөг” театрууд цөөнгүй байна. Жишээ нь, АНУ-д Орегано мужийн Эшландад 1935 онд байгуулж 1947, 1959 шинэчлэн сэргээсэн “Элизабет” театр, 1935 онд байгуулсан Сан-Диего дахь “Глобус” театр, Юта дахь Адамын Шекспирийн театр, 1936 онд Техаст байгуулсан “Глобус” театр, 1999 онд Иллинойс мужид байгуулсан Чикагогийн Шекспирийн театр, 1975 Виржиния мужид байгуулсан Уильямсбургийн “Глобус” театр, ХБНГУ-д 1991 онд байгуулсан “Глобус Нойс”, 2000 онд Баденд байгуулсан “Европ-Парк”, мөн Баден-Вюртенберг, Италид Римд 2003 онд байгуулсан Сильвано Титогийн нэрэмжит “Глобус” театр, Орост Москва дахь Драмын урлагийн сургуулийн “Глобус” танхим гэхчлэн.

“Шекспирийн Глобус” театр өнгөрсөн 2012 оны Лондонгийн зуны Олимпийн өмнөхөн 4-6 дугаар сард театр урлагийн Их наадам зохион байгуулсныг уншигчид санаж байгаа байх. Үүгээр Шекспирийн жүжгүүдээс өнөө цагт үлдсэн 37 жүжгийг гуч гаруй улс орны театрууд тоглосон нь хүн төрөлхтний оюуны соёлын бахархал байлаа. Шекспирийн жүжгийн Их наадам “Бөмбөрцгөөс бөмбөрцөгт” нэрийн дор Лондон хотод тийнхүү өрнөхдөө түүний жүжгүүд гуч гаруй улс үндэстний хэлээр тоглогдов. Энэ нь Шекспирийн жүжгээр дамжуулан дэлхийн үндэстнүүд эх хэлнийхээ яруу сайхан, гүн гүнзгий илэрхийллийг нэгэн тайзнаа дуурьсгасан олон үндэстний соёлын Их наадам болсон юм. Тухайлбал, Италийн Ромын театр “Юлий Цезарь”, Иракийн Багдадын театр “Ромео Жульетта”, БНХАУ-ын Бээжингийн театр “Гуравдугаар Ричард”, БНСУ-ын Сөүлийн театр “Зуны шөнийн зүүд”, Америкийн Чикагогийн театр “Отелло”, ОХУ-ын Минскийн театр “Лир ван” жүжгийг нь тоглосон. Энэчлэн Франц, Бразил, Мексик, Энэтхэг, Израйль зэрэг 37 орны театрууд Шекспирийн жүжгийг өөрсдийн эх хэлээр тоглосон. Энэ Их наадам нь үндсэндээ дундад зуунаас өнөөг хүртэл дэлхийн театр урлагийн түүхийн нэгэн тулгуур багана болж, хүн төрөлхтний оюуны урлагийн гүнзгий нэгэн урсгал болон хөгжсөн шекспиризмын тод үзэгдэл байв.

Манай театрууд 1960-аад оноос эхлэн Уильям Шекспирийн жүжгүүдийг тавьж эхэлснийг хүмүүс мэднэ. УДЭТ 1955 онд “Отелло”-г найруулагч С.Гэндэн, зураач Л.Гаваа нар тавьсан. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай Отеллод 45 жилийн турш тоглосон гэдэг. 1964 онд “Лир ван”-г зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюун, зураач Ц.Доржпалам тавьж Лир ванд мөн Г.Гомбосүрэн гуай тоглосон байдаг. 1966 онд С.Гэндэн найруулагч “Ромео Жульетта хоёр”-ыг тавьсан. Харин 1978 онд Б.Мөнхдорж найруулагч “Отелло”-г шинэчлэн тавихад Отеллод ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Ягод Л.Жамсранжав гуай тоглож байжээ. Дараа нь 1979 онд “Гамлет”-ийг Галсанжав гуай найруулан тавьсан байна. Улмаар 1991 онд “Макбет”-ыг 1996 онд найруулагч Ч.Найдандоржийн шинэчилсэн найруулгаар “Ромео Жульетта”-г, 2000 онд найруулагч Ч.Түвшин “Зуны шөнийн зүүд”-ийг”, 2012 онд найруулагч Н.Наранбаатар “Гамлет”-ыг шинэчлэн тавьсан.

Харин Дуурь бүжгийн эрдмийн театрт найруулагч Л.Эрдэнэбулган, нэрт удирдаач Ч.Жамсранжав нар Ж. Вердийн “Отелло” дуурийг 1989 онд тавьснаас хойш энэ дуурь өнөөг хүртэл тоглогдож байна. 2000-гаад оны эхээр тус театр С.Прокофьевын “Ромео Жульетта” балетыг тайзнаа тавьсан ч удалгүй тоглогдохоо больсон юм. Шекспирийн “Бөмбөрцөг” театр бол дундад зууны Английн сэргэн мандлын удиртгал юм гэж бодогддог. Эртний тэр театрын оюун санааны өнөө үе дэх тус­гал болох Лондонгийн “Шекс­пирийн бөмбөрцөг” театр манай улсад энэ сарын дундуур айлчлан тоглох гэж байна. Тус театрын арав гаруй жүжигчин ирж “Гамлет” жүжгийг нь тоглохоо мэдэгдээд байгаа юм.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жанч халсан ламын шарилд мөргөхөөр жаал жуул мөнгөө үрэхийн хэрэг юун

Монголчууд
бид шулуухан хэлэхэд хэзээнээсээ нааш бүтээгч ард түмэн биш. Ганц хадаас байсан
ч, нэг ширхэг дэвтэр, цай, тамхи, шатахуун тос, машин тэрэг гээд хэрэглээний бүхий
л эд зүйлсээ гаднаас авна. Тэгсэн атлаа мухар сүсэгт автан хэрэгтэй хэрэггүй нэгэнд
тархиа угаалгаж, олсон хэдэн төгрөгөө салхинд хамаагүй цацна. Үүний захын нэг жишээ
бол ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын Иволгын дацанд байдаг Итгэлт хамбын шарилд очиж
залбирах мөргөлийн аялал. Өвөл зун, өдөр шөнөгүй л тийш зорих ардын зам балрахгүй
байгаа. Хэчнээн ч олон автобус дүүрэн хүн тийш зорчиж, хэтэвчээ нимгэлдгийг тооцож
үзвэл нэлээд их тоо гарна. Итгэлт хамбын гэх тэр шарилыг очиж үзэхэд хатаж хорчийгоод
гурав дөрвөн настай хүүхдийнх шиг болсон байдаг.

Манайд ийм
шарил шуумал байдаггүй юу гэвэл байдаг. Наймдугаар богдын багшийнх нь шарил байж
л байна. Өнгөрөгч хавар айлын хашаанаас олдсон шарил бол Итгэлт хамбын шарилын дэргэд
маш сайн хадгалагдсан зүйл байсан. Үнэхээр л үхсэн хүнд мөргөх сайн байдаг юм бол
ийм шүтээнүүд манай өргөн дэлгэр уудам нутагт үй түмээрээ байж л байна. Тэгэхэд
Итгэлт хамбын итгэлт үгүй шарилд очиж мөргөх гэж үйл тамаа үзэн, хил гаалийн оросуудыг
царайчлан, баахан мөнгө төгрөг үрэн, ах дүү хамаатан саднаараа шуурцгаах нь бүр
хэрээс хэтэрсэн үзэгдэл болж. “Айст Монголиа” суваг харж байхад тэнд очиж мөргөж
байгаа монголчууд “Хамбадаа мөргөөд бие, сэтгэл ариуслаа. Орлогын үүд нээгдлээ”
гээд ёстой нэг донгосч өгөх юм аа. Юугаа, хэрхэн шүтэх нь Монгол Улсын “Үндсэн хууль”-аар
олгосон хувь хүний эрх ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед жанч халсан хилийн
цаана байх нэг ламын шарилд олсон долсон хэдэн бор юмаа аваачиж өгч, аж амьдралаа
доройтуулахын учир баймгүй л санагдах юм даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Умард Солонгосын дэглэм хэнд хэрэгтэй вэ?

Баабар ингэж өгүүлэв

1990 он гэхэд коммунист систем нуран унаж бараг тавин жил үргэлжилсэн хүйтэн дайн зогслоо. Зөвхөн хүйтэн дайны зөрчил дээр амьдарч байсан Этиоп, Ангол, Өмнөд Йэмэн, Никарагуа, Конго, Сальвадор, Камбож мэтийн орон дахь коммунист маягийн дэглэмүүд тэр дороо даган сөхөрсөн юм. Хятад, Вьетнам дахь дэглэмүүд хэдийгээр албан ёсоор коммунист суртлаас татгалзаагүй боловч эдийн засгийн либералчлал хийн, үзэл суртлын хувьд аажим ухралт хийх замыг сонгов. Харин сталинизмын сүүлчийн тулгуур болж Умард Солонгос, Куба гэсэн хоёр орон коммунист дарангуйлалтайгаа үлдсэн юм. Энэ хоёр дэглэм нэгэнт тэжээгчээ алдсан тул тун удахгүй нуран унана хэмээн дэлхий даяараа хүлээж байлаа. Гайхалтай нь дэглэмүүд эдийн засгийн болон үзэл суртлын хуучин хэв маягаа хадгалсаар 25 жил буюу хүний бүхэл бүтэн үе өнгөртөл тэсэн үлджээ.

Кубын ард түмэн өлсгөлөн, гуйланчлалын бэрх замыг туулсан боловч зөрүүд Кастро бууж өгсөнгүй. Хэзээнээсээ хувьсгалч хүн пракматизмаас хөндий байдаг. Кастро дэлхий дахины коммунизмаас өөрийн эрхгүй татгалзаж, Латин Америк социализм гэдгийг Уго Чааваасын мөнгөөр хийх гэж хэсэг оролдсон ч бүтэлтэй юм бололгүй хүндээр өвдөж төрийн эрхийг дүүдээ шилжүүлсэн. Цаадах нь илүү пракматик нэгэн бололтой, юутай ч бууж өгөх зам руугаа шулуудав.

Хойд Солонгосын хувьд өөрийг нь бүтээгч Хятадын амь тээх хэмжээний тэжээлээр өлөн зэлмэн амь зогоож эхний арван жилийг өнгөрөөжээ. Өлсгөлөн нүүрлэж гурван сая хүн турж үхсэн боловч Кимийн гэр бүлийнхэн дэглэмээ авч үлдэхийн тулд ямар ч гамшгийг туулан эцсээ хүртэл тэсэн үлдэхээр шийджээ. Үе залгамжилсан энэ харгис дэглэм өөрийн түүхэн нөхцөл, гадаад хүрээлэл, хүчирхэг орнуудын геополитик бодлогын дунд уран нүүдэл, зальжин тоглолтоор дэглэмээ авч үлдэх арга замыг сонгосон юм. Умард Солонгос сталинизмтай зууралдаад буй нь үзэл суртлын гэхээсээ дэглэмээ авч үлдэх бодит шалтгаанаас үүдэлтэй. Коммунист болон бусад харгис дэглэмүүд унахад тогтолцоо буруушаагдсан төдийгүй удирдагчид нь хүнд шийтгэл хүлээсэн тэр жишээг дагахыг Кимийн хүрээллийнхэн яавч хүлээн зөвшөөрөх аргагүй. Дэглэмээ авч үлдээд эдийн засгийн реформоор аажмаар чөлөөт зах зээл рүү шилжих оролдлогыг хэдэнтээ туршсан боловч хэт харанхуй дэглэмд хүний 2-3 үе дамжин амьдарсан алдах юмгүй ядуу ард түмний нүд гэнэт нээгдэн дэглэмд өөрт нь аюул учруулж болох нь харагдлаа. Ийм парадокс нөхцөлд орсон дэглэм өөрийгөө аварч үлдэхийн тулд дотооддоо харгислал, суртал нэвтрүүлгийг улам идэвхжүүлж, гадагшаа болохоор өөр рүү нь хандсан хүчирхэг орнуудын байнга өөрчлөгдөж байх бодлогын зөрчил дээр тоглох арга замыг нэгэнт сонгожээ. Цөмийн зэвсэг агсах төсөл энэхүү зөрчил дээр тоглох аргын гол хэрэгсэл байлаа. ЗХУ задарч, Орос орон эмх замбараагүй болсон ерээд оны эх нь умардынханд цөмийн технологийн нууцад нэвтрэх том боломж олгожээ. Дараа нь Иран, Пакистаны тусламжаар технологио улам сайжруулсан. Асуудал Ёнбёонд атомын цахилгаан станц барих төлөвлөгөөнөөс эхэлсэн бол аяндаа цөмийн зэвсэгтэй болох гэж байгаагаа ил тодоор зарлаж эхэлсэн юм. Иймээс тэднийг хэлэлцээний ширээнд урьж “зургаан талт хэлэлцээ” хэмээх дуу шуугиантай ярилцлагыг 2003-2007 онд зургаан удаагийн раундаар хийсэн боловч тухай бүрдээ хэлэлцээнд оролцогсод умардынханд чадуулаад өнгөрсөн билээ. Цөмийн туршилт, балластик пуужин, зургаан талт хэлэлцээ зэрэг нь Умард Солонгосын хувьд дэглэмээ хадгалахын зэрэгцээ гаднаас тусламж авч өөрийнх нь эсрэг байгаа дэлхий ертөнцөд тэсэн үлдэх үндсэн арга, заль мэх болсон юм.

Зургаан талт хэлэлцээ мухардалд орж тасарсан 2007 оноос хойших бараг арваад жилд дэлхийн улс төрийн байдал ихээхэн өөрчлөгдөж, Умард Солонгост хандах хүчирхэг гүрнүүдийн бодлогод багагүй өөрчлөлт гарлаа. Умард Солонгосыг өөртөө хэрэгтэйгээр хэрхэн ашиглах талаар талууд ч өөр өөрийн бодолтой, бодлоготой болж, Умард Солонгос ч энэхүү шинэлэг бололцоог хэрхэн ашиглах талаар стратеги тактикийн шинэ хэлбэрт шилжиж эхлэв.

ХЯТАД. Хойд Солонгосыг төрүүлсэн эцэг нь Орос боловч өргөж аван өдий хүргэсэн өргөмөл эцэг нь Хятад юм. Солонгосын дайны үед үхлээс аварсан Хятадтай Кимийн дэглэм ах дүү бололцсон ч Зөвлөлт-Хятадын зөрчлийн үед тэд оросуудтай муудалцаагүй. Дэн Сяопиний шинэчлэлийн үеэс хятадууд умардынхныг ижил төстэй реформ хийхийг янз бүрээр ятгасан авч тэд үгийг нь хүлээж авсангүй. Тэгсэн мөртөө хятад туршлагыг нэвтрүүлэх гэж байгаа маяг гарган шуугиантай айлчлал хийх, тэр байтугай худалдааны чөлөөт бүс хүртэл зарлаж үзсэн. Ийм маягийн алхам бүр дэглэмд аюул учруулаад буйг ойлгосон учир эдийн засгийн хувьд “суллах-чангалах” арга хэрэглэх болжээ. Тухайлбал тодорхой итгэгдсэн бүлэгт гадаад худалдаа хийх эрх олгох мөртөө тэднийг сэхээд ирэнгүүт нь эргүүлж дарж аван буруутгах жишээтэй. Умард Солонгос нь Хятадын хувьд Франкэнштайн юм. Тэндээс 300 мянга орчим дүрвэгчид өдгөө Зүүн хойд Хятадад хууль бусаар амьдарч байна. Оростой хөршилдөг хорь хүрэхгүй км хил, 38 дугаар өргөргийн хаалттай бүсийг эс тооцвол Хятад нь Умард Солонгостой хуурай газраар хиллэдэг цорын ганц орон мөн. Хэрэв Кимийн дэглэм нурвал Хятад нь умардынхны олон сая дүрвэгчдийн эхний золиос болно. Хятадууд ийм явдал гарахаас ялангуяа Бээжингийн олимпийн өмнө ихэд болгоомжилж байсан. Хэрэв Умардын дэглэм унавал хяналтаас гаран үймэх энэ орны бужигнааны эхний золиосын нэг нь Хятад болно. Дүрвэгчдээс эхлээд улс төрийн хариуцлага ч Хятадад ноогдоно. Хил дээр олон арван мянган цэрэг байрлуулж дүрвэгчдээс хамгаалах гэсэн оролдлого нь ямар ч үр дүнгүй дампуурсны дараа ерөөс энэ аюулаас зайлах аргагүй юм байна гэсэн ойлголт өгөв. Нөгөө талаас энэхүү эрүүл бус дэглэм маргааш ямар алхам хийх нь тодорхойгүй, магадгүй хөршүүдийнхээ өртгөөр “амиа хорлож” ч болох учир дэглэмийг байлгаад байх нь Хятадад бас л хортой. Чухам ийм парадоксон дээр тэд тулжээ.

Орос ч, Хятад ч умардынхныг геополитик тоглоомдоо ашиглан АНУ, Японы эсрэг “зуудаг нохой” болгон хэрэглэсээр ирсэн. Энэ нь ялангуяа НҮБ-ын чуулган дээр илт харагддаг. Тэд Умард Солонгосыг өрнөдийнхөнд өгөхгүй, гэхдээ дэглэмийг илт дэмжилгүйгээр үхүүлчихгүй хэмжээнд тэжээн тусалж, улс орныг нь дэлхийгээс салангид вакуум болгон өөртөө хэрэглэсээр иржээ. Гэвч алив тоглоом хэмжээ хязгаартай тул умардынхны илт гааруу ажиллагааг номхотгохоор шийдэн тэдний цөмийн хөтөлбөрт тавьсан хоригт нэгдсэн юм. Ингэснээр Хятад-Хойд Солоносын худалдаа эрс буурч, тэдэнд үзүүлэх тусламжийн хэмжээ анх байгуулагдсан цагаас нь хойш хамгийн доод цэгтээ тулжээ.

ӨнөөдөрӨмнөд Солонгосын эдийн засаг Хятадаас бараг бүрэн хамаарах болсон ба Хятадын хувьд ч Өмнөд Солонгос нь худалдааны маш том түнш нь болсон. Энэ болон бусад шалтгаанаар умардынхан Хятадад дайсагнаагүй юм гэхэд үл итгэх, ил далд өдөөн хатгах субъектээ болгожээ. Умард Солонгос Хятадтай хэрхэн харилцахаа шийдэж чадахгүй байгаатай нэгэн адил Хятад ч дэглэмийг хэрхэх талаар шийдэлд хүрч чадахгүй байна. Нэг талаас хэрэгтэй, нөгөө талаас аюултай. Хятадууд Кимийн дэглэмийг арай зөөлөн өөр дэглэмээр солих хүсэлтэй ч тэр нь улс орноо хянаж чадахгүйд хүрвэл АНУ-ын Иракт хийсэн ажиллагааны нэгэн адил төгсгөлтэй болохоос эмээж байна.

ОРОС. Оросууд хүйтэн дайны төгсгөлөөс хойш Умард Солонгосыг бараг мартаж орхижээ. Хааяа санахаараа “зуудаг нохой” болгон ашиглах талыг нь л сонирхоно. Зургаан талын хэлэлцээрт хамгийн идэвхгүй оролцогч нь байлаа. Крымын анексаас болж дэлхий дахиныг өөрийнхөө эсрэг эргүүлсэн Путинд өчүүхэн Ванатуа улс ч хань хамсаатны хувьд гологдохоо больсон өнөө үед солонгос “зуудаг нохой” ашиг тустай нөхөр болон өөрчлөгдлөө. Крымын асуудалд илүүтэй төвийг сахисан байр суурь баримталж буй Өмнөд Солонгосын мөнгөөр оросууд Умард Солонгост хөрөнгө оруулах боллоо. Пусанаас Лондон хүртэл төмөр зам босгох солонгосчуудын хэт амбицтай мөрөөдлийг ч оросууд хөөргөх боллоо.

Тэд дайны дараа япончуудын орхиод явсан Рансоны боомтыг сэргээхэд идэвхийлэн оролцож зарим хэсгийг нь ашиглалтад оруулав. Хэнд ч итгэдэггүй умардынхан оросуудын хэт ойртолтоос жийрхэн хэрэглэж сурсан аргаараа нөхөрлөлийн алхам бүрийг асар их мөнгөөр үнэлэн нэхэж шаардаж буйд оросуудын дургүй хүрч байгаа ч дэглэмийнх нь оршин тогтнож буй ач холбогдлыг нь юутай ч өмнөхтэй харьцуулахад илэрхий сайшаах хандлагатай боллоо.

ЯПОН. Барьцаалагдсан иргэдийн асуудал гэгч нь Японы хувьд Умард Солонгос руу чиглэсэн хамгийн том шоу юм. Үнэндээ 20-100 орчим гэж таамаглаж байгаа барьцаалагсдын дийлэнх нь тухайн үеийн “улаан арми” хэмээх Японы террорист байгууллагын идэвхтнүүд болон дэмжигчид сайн дураараа болон ятгалгаар Умард Солонгост очоод тэндээ үүрд барьцаалагджээ. Үнэхээр хулгайлагдсан 15 настай охиныг голчлон сурталчилдаг ч ийм тохиолдол ганц хоёроос илүүгүй. Абэгийн Засгийн газар гарч ирэхдээ Хууль зүйн яамаа “хууль зүй ба барьцаалагдсан иргэдийн асуудал хариуцсан яам” хэмээн шинээр нэрлэх болсон нь ч шоуг улам хүчжүүлж буй хэрэг билээ. Харьцуулахад Өмнөд Солонгос өөрийн хэдэн мянгаар ч тоологдож магадгүй иргэнээ умардын ах дүү нартаа барьцаалуулан тэр чигээр нь алдсан билээ.

1952 оны Сан Францискогийн гэрээгээр өөрийн армигүй, хязгаарлагдмал санхүү бүхий зөвхөн өөрийгөө хэмгаалах хүчинтэй болсон Япон нь АНУ-ын цөмийн шүхрийн хамгаалалтад орж асан тэр үе нэгэнт улиран өөрчлөгджээ. Америкийн цэргийг Оканивагаас хөөн гаргах санал дэвшүүлсэн Ардчилсан нам сонгуульд ялсан нь япончуудын хорвоод хандах хандлага ч хүчтэй өөрчлөгдсөнийг харуулна. Далан жил ивээлдээ авч явсан АНУ-ын дэлхийн улстөрд нөлөөлөх хүч ч илт буурлаа. Хятад, Энэтхэг гэсэн эдийн засгийн хүчирхэг шинэ гүрнүүд тодорсон төдийгүй үндэсний үйлдвэрлэлийн нийт хэмжээгээр Хятад нь Японыг ардаа орхив. Дэлхийн дайны дараа яс тодорхойлогдоогүй боловч өдий хүртэл Японы харьяалалд байсан арлыг хятадууд хатуу нэхэн илтээр өдөөн хатгах болов. Хятадууд ижил нэхэмжлэлийг өөр бусад хөршүүддээ тавин, заримыг нь цэргийн хүчээр эзлэн авсны эцсийн зорилго нь Зүүн өмнөд Ази дахь тэнгисүүдэд хяналтаа тогтоох гэсэн санаархал юм. Цагтаа нэрт аялагч Жэн Хэ ч хяналтаа тогтоож байгаагүй эдгээр усан далай нь өнөөдөр дэлхийн худалдааны хагасаас илүүг гүйцэтгэдэг стратегийн асар их ач холбогдолт талбай болжээ. Номхон далайн энэ хэсэг хятадуудын хяналтад орох аваас хамгийн түрүүн хохирох улс нь Япон. Дэлхийн цагдаагийн үүргийг ганцаар гүйцэтгэх роль нь улам буурч буй АНУ энэ бүс дэх хяналтаа алдаж болох магадлал ч ихсэж байна. Тэгээд ч дэлхийн хамгийн хүчирхэг хоёр орон болж буй АНУ, Хятад хоёрын биенээсээ хамаарсан хамаарал сүүлийн жилүүдэд огцом өссөн учир биендээ найр тавих, харилцан буулт хийх, наймаалцах бололцоо нэмэгдэж байгаа юм. Энэ нь дэлхийн шинэ хуваагдал руу ч хөтөлж болох. Ийм тохиолдолд Япон нь ирээдүйн аюулгүй байдалдаа илүүтэй өөртөө найдах, түүнд одооноос бэлтгэхээс өөр аргагүй болж байгаа хэрэг.

Япончууд олон жил шургуу хөөцөлдсөний хүчинд өөрийгөө хамгаалах хүчнээ Батлан хамгаалах яам болгон өөрчилж дөнгөв. Зэвсэглэлээ сайжруулж, тоо хэмжээг нь ихээр нэмэгдүүлж байгаа ч энэ нь хэрэвзээ Хятадтай толхилцох дээрээ тулбал дэндүү хангалтгүй. Тэгээд ч өнөөдөр мөрдөж байгаа дэлхийн дэг журам, Сан Францискогийн гэрээнээс хальж болохгүй учир илэрхий цэрэгжин зэвсэглэх явдал хориотой. Чухам ийм нөхцөлд Умард Солонгос нь япончуудын хувьд хүрээнээс халих сайхан далим юм. Үнэндээ Умард Солонгосын хараал зүхэл байтугай тэдний “тоглоомон” цөмийн бөмбөг ч, харваад далайд живчихдэг балластик пуужин ч Японд ямар ч хор үзүүлэхгүй. Энэ зэргийн ядмаг довтолгооноос бүрэн хамгаалах чадвар Японы өөрийгөө хамгаалах хүчинд элбэг бий. Хэрэв Умард Солонгосын цөмийн бөмбөгийг олон улс хүлээн зөвшөөрвөл хамгийн түрүүн Өмнөд Солонгос, Япон, Тайвань гурав цөмийн гэр бүлд багтах бололцоо нээгдэнэ. Эдэнд технологийн хувьд маш амархан. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хамгийн аюултай тал нь бөмбөг дэлбэлэх гээд байгаадаа биш, цөмийн хүлээн зөвшөөрөгдсөн хүрээг улам тэлэхэд оршино.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС. Хавай дахь Долдугаар флот, Япон, Филиппин, Өмнөд Солонгост байрлах цэргийн хүчин нь АНУ-д Номхон далайг тэр чигээр нь хяналтдаа байлгах бололцоо олгож буй юм. Чухам энэ хяналтын хүчээр дэлхийн II дайнаас хойших бүс нутгийн аюулгүй байдлыг зохицуулж энх амгалан амьдралыг хангасан билээ. Солонгосын болон Вьетнамын дайнаар коммунизмын түрэлтийг зогсоож чадсан юм.

Хүйтэн дайны төгсгөлөөс хойшихАНУ-ынУмард Солонгост хандах хандлага тууштай нэг чиг шугамтай байж чадаагүй юм. Умардынхан цөмийн хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн төдийгүй Олон улсын атомын эрчим хүчний байгууллагаас шалгалт оруулахыг шаардахад тус байгууллагаас гарч буйгаа зарласны дараа Клинтоны Засгийн газрын зараалаар Ерөнхийлөгч асан Картэр Пхеньянд айлчилж өвгөн дарангуйлагчтай уулзлаа. Ким түүнд цөмийн хөтөлбөрөө царцаахад бэлнээ илэрхийлж хариуд нь АНУ-Умард Солонгосын диалоги эхлүүлэх, элдэв хоригийг цуцлуулах, атомын цахилгаан станц барихад технологийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Америкчууд ч энэ хэлэлцээрийн үр дүнд итгэлтэй хандан элдэв тусламж үзүүлснээс гадна умардынхны эсрэг тавьсан хуучны хоригоо ихээхэн сулруулжээ. Клинтоны Засгийн газар найман жил оршин тогтнохдоо Умард Солонгостой хэлэлцээрт орж амжилт олно гэж итгэсээр байлаа. Чухам иймээс л Ким Даэ Жуныг Нобелийн шагналд хүргэсэн “Нарны бодлого” хэмээх түр зуурын “нарыг” идэвхтэй дэмжсэн юм.

2000 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Олбрайт Ардчилсан намын сүүлчийн горьдлогыг тээн Пхеньянд айлчиллаа. Харин дараахан нь Ерөнхийлөгч Буш Умард Солонгосыг “Ороолонгийн тойрог”-т оруулж зарлах нь тэр. Түүний Умард Солонгосын эсрэг хатуу байр суурь 2003 оноос “зургаагийн хэлэлцээ”-г эхлүүлжээ. Бушаас хойш зургаагийн хэлэлцээ сураггүй болсон. Обама дараагийн гурав дахь үеийн Кимтэй учирлаа. Хоёр орон биенээ хатуу ширүүн үгээр дайралцах нь улам ихсэв. Гэвч аль аль тал биенээ тандан шууд харилцаанд орох арга мэхийг сурвалжлах боллоо. Умардынхны эсрэг авсан НҮБ-ын хатуу хоригт Орос, Хятад хоёр нэгдсэн нь тэдний байр суурийг ихээхэн сулруулсан авч АНУ-ын Оростой харилцах харьцаа сүүлийн үед эрс муудсан, Хятадын зүгээс Зүүн өмнөд тэнгисүүдэд хяналт тогтоон Америкийн хүчийг сулруулах гэсэн санаархал зэрэг нь АНУ-ын зүгээс Умард Солонгосыг “ойлгох” үүд хаалга нээгдэх магадлал нэмэгдэж байна. Ороолонгийн тойргийн гол гурван орны хоёр нь болох Иран, Иракыг “элбэн тохинуулсны” дараа энэ амбиц нь нэмэгдэх төлөвтэй. Залуу Кимийн зүгээс ч ямар нэг хэлэлцээнд ордог юм гэхэд Сөүл, Токиог үл тоомсорлоно, зөвхөн Вашингтонтой гэсэн санаагаа удаа дараа илэрхийлэх боллоо. Сүүл нь нохойгоо үл тоомсорлох хандлага Ази, Номхон далайн бүс нутагт мэдрэгдээд ирэхийн цагт “зуудаг нохой” ч заримдаа хэрэг болох л доо.

ӨМНӨД СОЛОНГОС. Хүйтэн дайнаас хойших Өмнөд Солонгосын Засгийн газар бүрийн ярьдаг хамгийн алдартай онигоо бол хоёр Солонгосыг нийлүүлэх үлгэр юм. Энэ бол хамгийн багаар бодоход 50 жилээс нааш үл бүтэх мөрөөдөл ба өнөөгийн улстөрчдөд бараг огт хамаагүй сэдэв. Хэрэв нийлдэг дээрээ тулах юм бол 3-4 их наяд долларын зардал гарах ба энэ нь Өмнөд Солонгосын Үндэсний үйлдвэрлэлээс хэд дахин давна. Хүйтэн дайны дараа хоёр Герман нэгдсэнийг үлгэр жишээ болгон хөөрөлд автсан ерээд оны эхэн үеийн мөрөөдлийг ойлгож болох ч үүнээс хойш дахиад хүний нэг үе өнгөрчихөөд байхад “хүүхэд насны” ярианаасаа салахгүй байна гэдэг нь цаанаа өөр санаа агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Үнэндээ Өмнөд Солонгос нь умард хөршөөсөө болж хамгийн их зовж байгаа орон мөн. 1950 оны умардын гэнэтийн довтолгоо, үүнээс үүдсэн гурван жилийн дайн тэдний зүрхэнд орж сэтгэл санааны хувьд мөнхийн айдас түгшүүрт амьдрах болсон. Умард хөрш нь харьцуулахад технологийн үлэмж хоцрогдолтой ч балмад дэглэм нь сүйрэх дээрээ тулбал хамт үхье хэмээн амиа хорлохоор шийдэн өөрийн хил дээрээ атомын бөмбөг дэлбэлвэл яах вэ? Галзуу хүнээс юу ч гарч мэднэ.

Гэвч дэглэм гэнэт нуран унаж Солонгосын хойгийн хойд хэсэг хэний ч хяналтаас гарах юм бол энэ нь Өмнөд Солонгосын хувьд жинхэнэ сүйрэл болно. Хамтын аюулгүй байдлаас улам бүр холдон, улс бүр илүүтэй амиа бодох болсон өнөөгийн нөхцөлд хойд хөршийн задралын хариуцлагыг өмнөд ах дүү нь бараг ганцаараа үүрэх болно. 38 дугаар өргөргийг нэвтлэн хэдэн сая зэвсэггүй ард иргэн түрэн орж ирэхэд өмнөдүүд юу хийж чадах юм бэ? Хүйтэн дайн дуусангуут Зөвлөлтийн КГБ шууд л оросын мафи болон хувирч Өрнөд Европ, АНУ-ын хувьд дуусашгүй бэрхшээл болсон ба Зүүн Европ, Дундад Азийн дүрвэгсдийн дарамт өрнөдийнхний зан авир, амьдралын тогтсон хэвшилд ихээхэн өөрчлөлт оруулсан билээ. Гэтэл дэлхийн түүхэн дэх магадгүй хамгийн харгис хатуу дэглэмд гурван үеэрээ амьдарч хүний нийгмээс тасарсан ард түмэн бусадтай таарч тохирон нийгэмшихэд маш урт хугацаа шаардана. Тэр дундаа баян ах дүүтэй бол тэднийгээ дээрэмдэн талах нь илүү хялбар арга юм. Зургаан талт хэлэлцээнд оролцогч аль ч улс Солонгосын хойгийн хяналтаас гарсан бужигнаанаас өөрийгөө хамгаалж дөнгөх бол ийм боломж Өмнөд Солонгосын хувьд бараг байхгүй гэж хэлж болно. Иймээс л зүдэргээтэй зовлонтой боловч хойд хөрш нь юутай ч өөрийн дэглэмийн хяналтад байж байх нь өнөөдрийн байдлаар өмнөдийнхөнд илүү бага хохиролтой нөхцөл байдал юм. Хоёр муугийн арай бага хохиролтойг нь сонгодог биз дээ.

Умард Солонгосын дэглэмийг түлхэн унагаж, Солонгосын хойгийг энх амгалан болгох хорхойсол ийнхүү цагийн эрхэнд улам элэгдэн хуучирч байна. Хүйтэн дайны дараах дэлхийн ирээдүйн тухай өөдрөг үзэл улам бүр унтран холдож байна. Дэлхий өнөөдөр хүйтэн дайны үеийнхээс илүү аюултай хэврэг болж, шинэ хуваагдал руугаа дөхөх боллоо. Хүйтэн дайны үеийн хуваагдлын утга учрыг авч явсан үзэл суртал алга болонгуут орлон гарч ирэх үзэл суртал үгүй, байлаа гэхэд тэр нь маш олон, салангид болж буй өнөөгийн ертөнцөд улс болгоныг өөрийн эрхгүй амиа бодсон үзэл руу шахаж байна. Ийм л шалтгаанаар Умард Солонгосын дэглэм унаж сүйрсэнд орвол оршин тогтноод байвал илүү ашигтай, эсвэл хор багатай гэсэн улс орнуудын хувиа бодсон үзэл давамгайлж эхэллээ.

2014.8.3

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос “Монгол харагдах…” нийтлэлийг уншаарай

Өглөө бүрийн ургах нарыг тантай хамт угтдаг “Өдрийн сонин”-ы шинэ дугаар танд хүрч байна. Пүрэв гаригийн энэ дугаар 16 нүүрээр хэвлэгдлээ.

Тэргүүн нүүрнээс Ардын намын зургаан сайдыг огцруулах тогтоолын төслийг Ерөнхий сайд өргөн барьсан тухай мэдээллийг онцоллоо. Мөн газар тариалангийн нөхцөл байдлын талаар “Гацуурт” компанийн ерөнхийлөгч Л.Чинбатын ярлцлага нийтлэгдсэн байгаа. Тэрбээр “Ургац алдахад бидний талаас ч бий. Р.Бурмаагийн талаас бүр их байгаа” гэж ярьжээ.

Улстөрчийн ярилцлагаас УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ярилцлагыг уншаарай. Тэрбээр сүүлийн үед өрнөөд байгаа улс төрийн үйл явдал хийгээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярьжээ.

Улс төр нүүрнээс УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд хийгээд Б.Болор гишүүний тодруулгыг унших боломжтой.

Баримт, үзэл бодол нүүрт нэр нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол харагдах…” нийтлэл хэвлэгджээ.

Үзэл бодол нүүрт доктор, профессор Ч.Даваадашийн “Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог, ээдрээ” нийтлэлийг үргэлжлүүлэн уншаарай.

Баримт, үйл явдал нүүрт хар тамхины хэрэгт холбогдоод байсан урлагийн төлөөллүүд ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тухай хөнджээ. Тухайлбал, “Дижитал”-ын Ш.Батбаяр, “Ice top”-ын Д.Манлайжаргал нар орон нутагт аялан тоглолтоор явж байхдаа мансууруулах бодис авч явж байсэн зэрэг мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай. Мөн энэ нүүрт Тэрхийн цагаан нуурт завиар аялж явсан хүмүүс осолдсон золгүй байдлын талаар мэдээллэжээ. Завь хөмрөхөд аврах хантааж өмссөн байсан дөрвөн эмэгтэй эсэн мэнд гарч, хантаазгүй байсан гурван эрэгтэй нь амиа алдсан байна.

Сав шим ертөнц нүүрт байгаль дээрх хамгийн амгалан тайван амьтны нэг нугас шувууны тухай өгүүллээ. Нугас дэндүү тайван болохоор бусад шувуу нь ихэд дээрлэхдэг ажээ.

Уншигч захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт улс оронд болоод дэлхий дахинд өрнөсөн онцлог үйл явдлууд цөм багтсан байгаа.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Элчин сайд Пайпэр Э.Кэмбэллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр /2015.08.05/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш болохыг онцолсон юм.

Элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэлл, Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажилласан гээд “Өнгөрсөн хугацаанд дэмжиж ажилласан Та бүхний туслалцаанд гүнээ талархаж байна” гэлээ.

2013 онд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, 2015 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, мөн онд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар тус тус Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийсэн бөгөөд АНУ-ын Сенатор МакКейн, Шэлдон нар 2013 онд, Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Бөрнз 2013 онд, Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд Ч.Хэйгэл 2014 онд Монгол Улсад тус тус айлчилсан. Хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн эдгээр айлчлал хатагтай Пайпэр Э.Кэмбэллийг Элчин сайдаар ажиллаж байх үед болсныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр, 2008 оноос хойш таслалдаад байсан Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдааныг энэ онд зохион байгуулж, Монгол-Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг Америкийн талаас санаачлан анхны хурлыг зохион байгуулсанд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улс 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурал, 2015 онд Онлайн эрх чөлөөний эвслийн Сайд нарын бага хурлыг тус тус амжилттай даргалахад Америкийн Нэгдсэн Улс бүхий л талаар дэмжсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, үүнд Элчин сайд Пайпэр Э.Кэмбэлл чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Элчин сайд Пайпэр Э.Кэмбэллийн цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

12.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэсэн төв замын нээлт болов

Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийсэн ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх юм. Уг ажлыг 2015 оны 06 дугаар сарын 7 – ны өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 14-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК – ийн захирал Р.Хайдав, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх, Төв шуудангаас Улсын Драмын Эрдмийн театр хүртэлх дулааны шугам хоолойг солих, өргөтгөн шинэчлэх, цэвэр усны нөөц шугам барих энэхүү ажил хугацаанаасаа 10 хоногийн өмнө дууслаа. Уг ажлыг чанартай хийж, гүйцэтгэсэн компаниудын нийт ажилчиддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Дулааны шугам хоолой шинэчлэх ажил бол өвлийн бэлтгэлийн нэгээхэн хэсэг. 1987 онд Баруун дөрвөн замаас Их дэлгүүр хүртэлх дулааны шугам, 20 дугаар дэлгүүрийн урд талын туннелийн шугамыг сольсон байдаг. Өөрөөр хэлбэл 30 гаруй жилийн өмнө шинэчилсэн эдгээр шугам өвлийн хэт их ачааллын үед гэмтэж, цоорох юм бол хотын төв тэр чигээрээ хөлдөж, өвөлжилтийн тав тухтай байдал алдагдана гэсэн үг. Энэ том аюулыг бид энэ жил даван туулж чадлаа. Бид энэ талаар Монгол Улсын Засгийн газарт санал оруулж 2013 оны 08 дугаар сард үүнийг шийдэх нь зүйтэй гэж үзэн Засгийн газрын тогтоол гарсан. Үүнээс хойш бэлтгэл ажил, ажлын зураг гэж явсаар байгаад энэ жилээс биелэлээ оллоо. Хамгийн гол нь эдгээрийг өргөтгөн шинэчилснээр хотын төвийн дулаан хангамж эрс сайжирч байгаа юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Дэнжийн 1000, долдугаар хороолол орчмыг дулааны эрчим хүчээр хангах боломжийг бий болгосон. Энэ бол Улаанбаатар хотын хувьд нэн чухал ажил болсон. Нийслэлийн удирдлагуудын зүгээс уг ажилд маш их анхаарч ажиллана гэдгийг хэлье. Зам хаалттай байх хугацаанд нилээдгүй түгжирч, энэ орчмын айл өрхүүд халуун усаар олон хоног тасалдсан. Гэсэн хэдий ч нийслэлийн иргэд Та бүхэн тэвчээртэй хандаж, уг ажлыг дэмжиж, бидний ажилд туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье” гэлээ.

Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих, өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ.

Нэгдүгээр үе: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэлх замын зорчих хэсгийг 06 дугаар сарын 07-ны өдрөөс хааж, шинэчлэл, өргөтгөлийн ажил хийв. Эхний хэсгийн ажлыг 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж хийсэн тул хугацаанаас нь өмнө буюу 06 сарын 21-ний өдөр дуусгасан.
Хоёрдугаар үе: Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзвар хүртэл замыг 2015 оны 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хааж, дулааны шугам хоолой өргөтгөн шинэчлэх ажил гүйцэтгэлээ.
Гуравдугаар үе: Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун дөрвөн зам хүртэлх шугам, хоолой өргөтгөх ажил 2015 оны 07 дугаар сарын 13-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ний өдөр дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 14 цагаас автомашины хөдөлгөөн саадгүй зорчиж эхэллээ.

Дулааны шугам сүлжээний өргөтгөлийн шинэчлэлийн ажлыг 12.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хөгжлийн банкны санхүүжүүлтээр, “Хангилцаг” ХХК, “Эй Би Жи Энерго” ХХК, “Гандирс орд” ХХК-уудын түншлэл хийж гүйцэтгэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч зургаан сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүрүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр өгөв.

Төрийн тэргүүний өгсөн хариу бичигт “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зургаан сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

рдчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр доор нэр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах саналтай байгаа юм байна.

1. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;

2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;

3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;

6. Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулахаар тогтоолын төсөлд тусгасан байна

Categories
мэдээ улс-төр

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо

Эрүүл мэнд спортын яамны хурлын А зааланд Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Япон Улсын Шизүока мужийн Изунокүни, Яйзу хотууд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд бэлтгэн оролцуулахад хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизүока мужийн Захирагч Кавакацү Хэйта, , Изунокүний хотын дарга Оно Тошико, Яйзу хотын дарга Накано Хиромичи нар болон албаны зочид төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа юм.

Айлчлалын багийнханыг эхлээд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзсан. Сайд хэлэхдээ “Манай хоёр орон эртний найрамдалт харилцаатай. Одоо баг тамирчдынхаа бэлтгэлийг танай сайхан оронд хамтран хийх гэж байгаадаа маш их талархаж байна” гэсэн юм.

Үүний дараа харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон. Энэхүү ажиллагааг нээж Эрүүл мэнд, спортын дэд сайд Г.Болдбаатар үг хэлсэн.

Энэхүү үйл ажиллагаанд Япон Улсын Шизүока мужийн Захирагч Кавакацү Хэйта болон бусад албаны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, Изунокүний хотын дарга Оно Тошико, Яйзу хотын дарга Накано Хиромичи нартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

alt

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Үндэсний шигшээ багийн чөлөөт, жудо, пара жудо бөхийн тамирчдыг Токио-2020 олимпийн өмнөх бэлтгэлд дээрх хотуудад бэлтгэл хангуулах бөгөөд олимп, паралимпийн хүртэлх хугацаанд бусад спортын төрлүүдийн бэлтгэл, сургуулилт хийх нөхцөл бололцоогоор Япон Улсын Шизүока мужын Изунокүни, Яйзу хотууд хангаж ажиллах юм.

alt

Монгол Улсын тамирчид 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамд анх оролцож байсан бөгөөд сүүлийн хоёр олимпийн наадамд спортын 7-8 төрөлд 28-29 тамирчинтай оролцож Бээжин-2008 олимпийн наадмаас анхны алтан медалиа авч байсан бол Лондон-2012 олимпийн наадамд анх удаа 5 медаль авсан амжилтыг үзүүлж байсан түүхтэй.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаар ахлуулсан Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны зүгээс цаашид Монгол Улсын баг тамирчдын олимпийн наадамд оролцох спортын төрөл, тамирчдын тоог нэмэгдүүлэх нь медалийн тоо, чанар нэмэгдэхэд чухал гэдэг үүднээс одооноос Токио-2020 зуны олимп, паралимпийн наадамд оролцох асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа юм.

alt

Нэмж мэдээлэхэд Токио-2020 олимп, паралимпийн наадам Япон Улсын нийслэл Токио хотноо болохтой холбогдуулан Япон Улсын Шизүока, Нийгата мужуудаас Эрүүл мэнд, спортын яаманд 2020 оны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэхэд болон Рио-2016 олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл хангуулахад хамтран ажиллах хүсэлтийг гарагсан билээ. Үүний дагуу Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 05 дугаар сард Япон улсын Фукуока, Шизүока, Нийгата мужуудад ажиллаад ирсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Малын тэжээлийн экспортыг хязгаарлана

Энэ
жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим
хувь нь гантай буюу гандуу байна. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээл,
тариа будааны ургацад муугаар нөлөөлнө гэж салбарын яамны мэргэжилтнүүд үзэж
байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын
хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комиссыг
байгуулах шийдвэрийг өнгөрөгч долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар
гаргасан юм. Тус комиссын анхны хурал Монгол Улсын Шадар сайд, тус комиссын
дарга У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо.

Хүнс,
хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн байдлын талаар ХХАА-н сайд Р.Бурмаа, цаг
агаарын төлөв байдлын талаар Ус цаг уурын хүрээлэнгийн секторын эрхлэгч Ж.Цогт
нар мэдээлэл хийлээ.

Хуурайшилт
гангийн улмаас ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн
ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын
тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын
улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад
хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах
хуваарийг баталж ногоон тэжээл худалдан авах, улсын нөөцөд малын тэжээл нэмж
бэлтгэх зэрэгт шаардагдах нийт 10,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн
зээлийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхээр болсон.

Мөн
малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын
гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг энэ оны
есдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд
хязгаарлах,

2016
оны хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний болон үрийн буудай нөөцлөхөд
шаардагдах 80, тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэр
бүрдүүлэх махны нөөц бүрдүүлэхэд 180 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн
зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст даалгасан
Засгийн газрын тогтоолын төслийг Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцой комиссын
гишүүдэд энэ үеэр танилцууллаа.

Мөн
Засгийн газар, Монгол банкны хооронд 2012 онд байгуулсан “Гол нэрийн бараа,
бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд
хүнсний агуулах зоорийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулан аж ахуйн нэгжүүдэд
олгосон 33 тэрбум, махны менежер компаниудын 25 тэрбум, гурилын үйлдвэрүүдийн
17 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ
тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дуусгавар болох өдрөөс хойш нэг
жилээр сунгаж гэрээ байгуулахаар шийдвэрлэснийг танилцууллаа.

Гурилын
үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 онд нийт 57,8 тэрбум
төгрөгийн зээлийг 14 гурилын үйлдвэрт олгосон. 2015 оны есдүгээр сарын 1 хүртэл
нэгдүгээр зэргийн гурилын үнийг 850-950 төгрөгөөр дээшгүй үнээр хэрэглэгчдэд
борлуулахаар заасныг гурилын үйлдвэрүүд гэрээний дагуу биелүүлж ажиллаж байгаа
нь 2015 оны 1-6 сард үйлдвэрээс гарч буй гурилын үнэ дунджаар 727 төгрөг байсан
дүнгээр нотлогдож байна. Гэрээг сунгаснаар гурилын үнэ нэмэгдэхгүй байх боломж
бүрдэж байна гэж салбарын яам үзэж байна.