Categories
мэдээ улс-төр

Зургаан сайдаас дөрвийг нь огцруулахыг одоогоор дэмжээд байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг огцруулах хуулийн төсөл өчигдөр УИХ-д өргөн барьсан. Уг асуудлаар Төсвийн байнгын хорооны хуралдаж, МАН-аас Сангийн сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив.

Эдийн засгийн байнгын хороогоор Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарын асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанд 11 гишүүн оролцсоноос зургаа нь Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг чөлөөлөхийг дэмжлээ.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 13 гишүүнээс 11 нь Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулах зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Бурхан хулгайлсан этгээдүүд баригдлаа

“Пунцоглин” хийдийн но­мын өргөөнөөс наадмын өмнө Очирваань болон Ногоон
дарь эх бурхан алдагдсан. Баянгол дүүргийн I хороонд байрлах уг хийдэд долдугаар
сарын 10-ны өдөр хулгайч орж, хоёр бурхан хулгайлсан байдаг. Энэ хэргийг Баянгол
дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлт­сийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч
Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар ил­рүүлжээ.
Хийдийн бурхныг 38 настай В хулгайлснаа хүлээжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн
II хэл­тэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ичинхорлоо: Миний үйлчлүүлэгч Г.Буяндорж хөрөнгөө С.Билэгтэд өгөөд үрэн таран хийлгэчихэж. Энэ нь иргэний хэрэг

“Сэлэнгэ
ноёд” компанийн захирал Г.Буяндоржийн өмгөөлөгч Н.Ичинхорлоотой ярилцлаа.

-Анхан шатны
шүүх таны үйлчлүүлэгч Г.Буяндоржид 3.6 жил хорих ял оноолоо. Шүүхийн шийдвэрт
дүгнэлт өгөхгүй ч өмгөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлэх болов уу?

-Миний
үйлчлүүлэгчид холбогдох хэргийг давах, хянал­тын шатны шүүх хэлэл­цэж,
эцэслээгүй байна. Тэгэ­хээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эцсийнх гэж ойлгож
болохгүй. Энэ хэрэг олон жил хууль, шүүхийн байгууллагаар шалгагдсан учраас
олон нийт анзаарч байгаа. Олон жил шалгагдаж, анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн
байцаалтад буцаж байгаа нь хэргийг шалгах ном журмынх нь дагуу яг таг шалгаж,
тогтоогоогүйг л харуулж байна. Нөгөө талаар энэ хэрэг эрүүгийн гэмт хэрэг үү,
иргэний хэрэг маргаан уу гэдгийг ялган зааглаж чадахгүй байгаатай холбоотой.
Угаасаа энэ хэрэг иргэний маргаан шүү дээ. Г.Буяндорж, С.Билэгт гэдэг хоёр
хүний хооронд үүссэн өмчийн маргаантай иргэний хэрэг. Гэтэл шүүх иргэний
хэргийг эрүүгийн хэрэг болгоод шийдвэрээ гаргачихсан.

-Анхан шатны
шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр ч хоёр тал өмч, хөрөн­­гөтэй холбоотой маргал­даад
байсан. Гэхдээ таны үйлчлүүлэгчийг шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн
гэж яллаж, шүүсэн шүү дээ. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Хуурамч нотлох
баримтыг шүүхэд бүрдүүлж өгөөд хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн, эсвэл иргэний
шүүн таслах ажиллагаанд өнөөх баримт шийдвэр гаргах түвшинд нөлөөлсөн бол яалт
ч үгүй Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлд зааснаар буруутгагдах ёстой. Гэтэл
Г.Буяндорж, С.Билэгт хоёрын хооронд иргэний ямар маргаан үүсээд, шүүх яагаад
шийдчихсэн бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Г.Буяндорж агуулга,
үг хэллэг нь өөрчилж, тамга тэмдэг хуурам­­чаар үйлд­сэн баримтыг шүүхэд гаргаж
өгөөд, иргэний шүүх түүнийг нь үндэслээд шийдвэр гаргачихсан бол Эрүүгийн
хуулийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгагдана. Гэтэл Г.Буяндорж,
С.Билэгт нарын хооронд үүссэн иргэний маргааныг шүүх шийдсэн нь өнөөдөр ч хүчинтэй
байгаа.

-Уучлаарай, яг
ямар маргааны тухай ярьж байна вэ. Таны үйлчлүүлэгч өмчөө С.Билэгтэд бэлэглэсэн
тухай маргаан уу?

-Шүүхийн хоёр
шийдвэрт хуурамч нотлох баримт бүр­дүүл­сэн гэх асуудал бий. Нэг нь, Г.Буяндорж
бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал
болох С.Билэгт, Д.Батжаргал нэхэмжлэлийг зөвшөөрөөд эвлэрлийн гэрээ байгуулсан.
Тэр эвлэрлийг л шүүх баталсан. Энд ямар нэгэн хуурамч баримт бичиг байх­гүй.
Гэтэл миний үйлчлүү­лэгчийг буруутгахдаа Сэлэнгэ аймаг дахь 1100 м.кв тал­­байтай
обектыг С.Билэгтэд бэлэглэсэн атлаа Д.Батжаргалд мөн бэлэглэсэн гэж нотариатаар
батлуулсан хэмээн буруутгаад байгаа юм. Өмч хөрөнгөө бэлэглэх эрх хэнд ч
байдаг. Гэхдээ шүүх хоёр бэлэглэлийн гэрээг үнэлээгүй. Зөвхөн талуудын эвлэрлийг
л баталсан. Үүний төлөө миний үйлчлүүлэгчийг хуурамч баримт бичиг гаргаж өглөө
гэж буруутгах ямар ч үндэслэл байхгүй.

-Өмчөө нэг
хүнд бэлэглэ­чихээд дараа нь дахиад өөр хүнд өгч болдог юм уу.Эхлээд бэлгэнд
авсан хүнийх нь өмч болчихдоггүй хэрэг үү?

-Үл хөдлөх
хөрөнгийг бэлэг­лэсэн гэрээ Улсын бүрт­гэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр
болдог. Иргэний хуулийн 110, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн
дөрөвдүгээр зүйлийн 4.3-т энэ тухай тодор­хой заачихсан. Энд яригдаад байгаа
бэлэглэлийн гэрээ Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй.

-Тэгвэл ямар
утгатай эвлэрлийн гэрээг шүүхээр батлуулсан гэж?

-Г.Буяндорж
нэхэмжлэлээ­сээ татгалзсан, бэлэг хүлээн авсан гээд байгаа Д.Батжаргал
нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн. С.Билэгт “Чи нэхэмжлэлээ татаж авч байгаа бол
хамтран ажиллая” гэж эвлэрсэн. Болсон явдал ерөөсөө л энэ.

-“Ноёд
констракшн” компанийг хэний өмч болохыг тогтоолгох хүсэлт гаргахдаа таны
үйлчлүү­лэгчийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж мөн ялласан. Тэр нь ямар
учиртай юм бэ?

-Энэ хэрэгт
Г.Буяндорж нэхэмжлэгч ч биш, хариуцагч ч биш. Ерөөсөө оролцогч биш. Шүүх “Ноёд
констракшн” компанийн үүсгэн байгуулагч нь Г.Дамдиндорж мөн байна гэсэн шийдвэр
гаргасан. Эрүү­гийн хуулийн 253 дугаар зүйлийн онцлог нь энэ хэргийг үйлдсэн
байх этгээд нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч эсвэл иргэний хэргийн оролцогч
байхыг шаард­даг. Гэтэл Г.Буяндорж ерөөсөө оролцоогүй учраас эрүүгийн гэмт
хэрэг үйлдсэн гэж буруутгагдах ямар ч үндэслэлгүй.

-Г.Дамдиндорж
бол таны үйлч­лүүлэгчийн төрсөн ах. Г.Буяндорж “Ноёд конст­­ракшн” компанийг
гэр бүлийн бизнес гэж тодот­­­гох­доо өөрөө зөвхөн хөрөнгө оруулагч, оролцоо
байхгүй гэж шүүхэд мэдүүлж бай­сан. Тэгвэл энэ компани хэнийх вэ гэдгийг
нотлуулах үндэслэл, шаардлага юу байв?

-Нэхэмжлэлийг
Г.Дамдин­дорж гаргасан. Гэтэл “Ах дүүс учраас Г.Дамдиндоржид зөвлөсөн л байж
таараа” гэж хамаатуулж ялласан.

-Тэгтэл
С.Билэгт “Ноёд констракшн” компанийг Г.Буяндоржоос 540 сая төгрөгөөр худалдаад
авчих­сан гэж ярьдаг. Г.Буяндорж тэр компанид хөрөнгө оруулахаас өөр оролцоогүй
бол зарах эрхтэй юү?

-С.Билэгт 540
сая, 514 сая төгрөг өгсөн гэх мэт өөр өөр зүйл ярьдаг. Нэгдүгээрт, Г.Буяндорж
“Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал болохоос “Ноёд констракшн” компанийг зарах
эрхтэй этгээд биш. Хоёрдугаарт, С.Билэгт 540 эсвэл 514 сая төгрөгөөр “Ноёд
констракшн” компанийг худалдаж авсан гэдгээ нотолж чаддаггүй. “540 сая төгрөг
хүлээлгэж өгсөн, хүлээж авсан гэсэн Буяндоржийн гарын үсэгтэй бичиг байгаа” гэж
ярьдаг. Гэтэл тэр бичиг дээр “Ноёд констракшн” компанийг худалдаж авлаа гэсэн
нэг ч үг, үсэг байхгүй. Хоёр хүний хооронд тооцоо нийлсэн гараар бичсэн баримт
л бий. Үүнээс гадна С.Билэгт 540 сая төгрөгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж
чаддаггүй. Төрийн банкнаас зээл аваад өсгөсөн, хүнээс авсан гэх мэтээр янз
бүрээр мэдүүлдэг. Энэ хэргийг шалгаж байх явцад С.Билэгт өөрөө “Би 540 сая
төгрөг өгөөд Д.Батжаргалаас “Ноёд констракшн” компанийг худалдаж авсан юм” гэж
хоёр удаа цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгуул­лага
Д.Батжаргалыг шалгаад хэргийг нь хэрэгсэхгүй бол­гож байсан. Гуравдугаарт
өнгөрсөн онд хуралдсан анхан болон давж заалдах шатны хуралдаан дээр “Тал
цаасан дээр “540 сая төгрөг Буяндоржид өгсөн” гэсэн бичгээрээ компани худалдаж
авсан юм уу, барилга авсан юм уу. Үүгээрээ Буяндоржид мөнгө өгсөн гэдгээ нотолж
байна уу” гэж шүүгчид асуухад С.Билэгт хариулж чадаагүй. Нэг болохоор байшинг
газартай нь авчихсан гэдэг. Эндээс С.Билэгт яг хэнд 540 сая төгрөг өгөөд “Ноёд
констракшн” гэдэг компанийг худалдаад авчихсан бэ гэдэг нь огт нотлогдоогүй нь
харагдаж байгаа биз.

-Д.Батжаргал
компанид ямар хамаатай хүн бэ?

-“Ноёд
констракшн” ком­панийн гүйцэтгэх захир­лаар ажиллаж байсан хүн. Г.Буяндоржийн
адил ком­пани худалдах эрхгүй этгээд гэсэн үг. Тэр хоёр хүн “Ноёд конст­ракшн”
компанийг зарах ямар ч хууль зүйн үндэслэлгүй.

-Одоо “Ноёд
констракшн” компани яг хэнийх нь нэр дээр байдаг юм бэ. С.Билэгт тэр компанийн
захирал гэдэг шүү дээ. “Сэлэнгэ 888” орон сууцны хороолол нь бас хэнийх юм бэ?

-Г.Дамдиндорж
“Ноёд констракшн” компанийн үүс­гэн байгуулагч мөн гэдгийг тогтоосон шүүхийн
110 тоот шийдвэр хүчин төгөлдөр байгаа. С.Билэгт уг компанийн гүйцэтгэх
захирлын албан тушаалтай. Гүйцэтгэх захир­лын эрх мэдлийг Компанийн тухай
хуульд тодорхой заачих­сан байгаа. Хувь нийлүүлэгчдээс олгосон эрх хэмжээнд л
ажиллах ёстой.

“Сэлэнгэ 888”
орон сууц С.Билэгт гэдэг хүний нэр дээр байхгүй. Г.Буяндоржийн эзэмшлийн газар
дээр арван давхар карказ босгочихсон байсан. С.Билэгт хамтран ажиллах хүсэл,
саналаараа тэр ажлыг цааш нь авч явахаар тогтсон. Гэхдээ тэр орон сууц
захиалагчдын хөрөн­гөөр боссон болохоос С.Билэгтийн хөрөнгөөр өдий хүрээгүй.

-Таны
үйлчлүүлэгч арав гаруй жил бизнес эрхэлсэн хүн. Гэтэл хамтран ажиллах санал
тавьсан хүнд шууд орон сууцны хороолол барих ажлыг даатгаад өгсөн нь сонин биш
гэж үү. Эд хөрөнгөө бэлэглэхээр гэрээ бас байгуулсан гэдэг. Олон жилийн
бизнесийн турш­лагатай хүн тийм гоомой, гэнэн байна гэж үү?

-С.Билэгт
“Хөрөнгө оруулагч оллоо” гээд Наран­хишигт буюу үнэндээ Хишигт гэдэг нэртэй
хүнийг танилцуулсан. Түүнийгээ 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж
итгүүлсэн. Үүнтэй холбоотой олон удаа уулзаж, ярилцсан байдаг. Барилга дээр
хөрөнгө оруулалт шаардлагатай байсан учраас С.Билэгтэд итгэсэн нь хавтаст хэрэг
дэх баримтаас харагддаг. Хөрөнгө оруулалт татахын тулд С.Билэгт болон
Наранхишиг гэдэг хүнд мөнгө, бэлэг өгсөн ч байдаг. Иргэний хэргийн шүүх дээр
эвлэрлийн гэрээ хүртэл байгуулж хоёр, гурван сар хүлээсэн. Гэтэл С.Билэгт
гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй. Өнөөх хөрөнгө оруулалт хийх мөнгө нь ч орж
ирэхгүй байсан учраас миний үйлчлүүлэгч цагдаагийн байгуул­лагад хандахаас аргагүй
болсон. С.Билэгтэд 65 сая төгрөг өгсөн хүний хувьд цагдаагийн байгууллагад
хандах нь аргагүй биз дээ. Цагдаагийн байгууллага С.Билэгтийг гурав хоног хорьж
шал­гасан. Тэр нь цагдаа­гийн байгууллагын эрх хэмжээний л асуудал. Үүнээс
гадна өнөөх Наранхишигт гэж танилцуулсан хүн нь залилан­гийн хэргээр шалгагдаж
байгаад гадаадад оргон зайлсан учраас хэргийг нь түдгэлзүүлсэн Хишигт гэдэг
нөхөр байсан нь тодорхой болсон. Ийм байхад “С.Билэгт Хишигт гэдэг нөхөртэй
нийлээд намайг залилчихаж” гэдэг бодол хэнд ч төрнө биз дээ. Тийм учраас
цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл үүнийг “С.Билэгтийг 65 сая төгрөг
залилсан гэж гүтгэлээ” гэж миний үйлчлүүлэгчийг яллаж, шүүсэн.

-65 сая
төгрөгийг залилсан гэх С.Билэгтэд хол­богдох хэргийг цаг­даагийн байгууллага
хэрэг­сэх­гүй болгосон юм уу?

-С.Билэгтэд
холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр түүнд холбогдох өөр хэргээр
цагдаад хандсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон тухай баримт л бий. Зөвхөн
Г.Буяндорж биш өөр хүн С.Билэгтэд залилуулсан гэж цагдаад хандсан байна. Тэр
хүнийх нь гомдлыг л хэрэгсэхгүй болгосон тогтоол бий. Гэтэл байцаан шийтгэх
ажиллагаанд процессын алдаа гарч, тэр чигээрээ шүүхэд шилжсэн байдаг.

-Бас
сэтгүүлчтэй хамтран сайтад худал мэдээлэл нийтлүүлж, хүнд хохирол учруулсан гэж
ялласан. Тэр нь бас өмч хөрөнгийн маргаанаас эхтэй биз?

-Г.Буяндорж
цагдаагийн байгууллагад 2012 оны дөрөвдүгээр сард хандсан. Гэтэл сэтгүүлч
нийтлэлээ 2013 оны зургадугаар сард бичсэн байдаг. Цаг хугацааны хувьд ч
бүлэглэсэн, хамтарсан байж тохирохгүй. Миний үйлчлүүлэгч тэр сэтгүүлчтэй үгсэн
тохиролцож, бүлэглэсэн гэх нэг ч нотлох баримт байхгүй. Худал мэдээллээр хүнийг
гутаан доромжлох зорилготой байгааг гүтгэх гэдэг. Гэтэл ямар худал мэдээл­лээр
С.Билэгтийг гутаая гэж яаж үгсэн тохиролц­соныг нотлоогүй. Сэтгүүлч мэдээллээ
олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор бичсэн гэдгээ мөрдөн байцаалтын
шатанд ч, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Г.Буяндорж “Ийм асуудал боллоо.
Иргэний хэр­гийн шүүхийн хоёр шийдвэр байна. Би цагдаад хандсан. Эд хөрөнгөө
алдчихлаа” гээд баримтуудыг сэтгүүлчид өгсөн. Сэтгүүлч эх сурвалжийг үндэслээд
эрхийнхээ хүрээнд бичсэн байх. Түүнээс Г.Буян­­дорж мөнгө өгөөд бичүүлчихсэн юм
биш.

С.Билэгт
өнөөдрийг хүртэл “Г.Буяндоржоос огт мөнгө аваагүй, Наранхишигттэй
танилцуулаагүй” гэж ярьж чадахгүй байгаа. Тийм хүнтэй танилцуулсан гэж
мэдүүлдэг.

-Таны ярьснаар
Г.Буян­дорж шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөөгүй. Бас хүн гүтгээгүй
гэж ойлгогдож байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд алдаа гарчихав уу. Шүүх
нотлох баримтыг хангалтгүй үнэлэв үү?

-Шүүх, цагдаагийн
алдааг олж харж, засдаг хүн би биш. Миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа нь
нотлогдож, тогтоогдсон эсэхэд гол анхаар­лаа хандуулан ажил­лаж байгаа. Хүнд ял
өгөх гэж байгаа бол хөдөлшгүй нотлох баримт байх ёстой. Нотлон тогтоох
ажиллагаа нь хуулийн дагуу явагдах ёстой. Өөрөөр хэлбэл, байцаан шийтгэх
ажиллагааг зөрчөөгүй байх ёстой. Байцаан шийтгэх ажиллагааг зөрчиж цуглуулсан
нотлох баримт шүүхэд үнэлэгдэх ёсгүй. Мөрдөн байцаалтад буцаагаад зөрчлийг
арилгуулах учиртай. Гэтэл ийм зүйл хийгдээгүй байж тийм баримтаар хүнийг гэм
буруутай гэж үзээд ял шийтгэл хүлээлгэх нь байж боломгүй. Засдаг, хянадаг
дараагийн шатны шүүхүүд засах байх гэж найдаж байна.

-Өнгөрсөн жил
давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн
байцаалт хийхдээ юуг тодорхой болгосон юм бэ?

-С.Билэгт гэдэг
хүн гүтгүүлсэн үү, хохирол учирсан уу гэд­гийг шалгаж тогтоо гэсэн. Гэтэл
тогтоогдолгүй дахиад шүүхэд шилжүүлсэн. Тиймээс анхан шатны шүүх С.Билэгтэд
учирсан хор хохирлын асууд­лыг шийдээгүй. С.Билэгт ч өөрөө хор хохирлоо нотолж
чаддаггүй. Өнөөдрийг хүртэл хэний үйлдлийн улмаас яаж хохирсон нь
тогтоогдоогүй.

-Таны ярьснаар
Г.Буян­дорж, С.Билэгт нарын хоорондох асуудал иргэний маргаан гэж үзвэл хэн нь
хохирчихсон юм бэ?

-Миний олж
харсанаар Г.Буяндорж гэдэг хүн бизнес эрхэлж байгаад өөрийнхөө өмч хөрөнгийг
С.Билэгт гэдэг хүнд өгөөд үрэн таран хийлгэчихэж л гэж харагдаж байгаа.
Үүнийгээ иргэний журмаар шалгуулах бололцоо байх биз. Эрүүгийн журмаар
Г.Буяндорж С.Билэгтийг яаж хохироогоод юуг нь авчихсан нь харагддаггүй.

-Сэлэнгэ аймаг
дахь 1100 м.кв талбайтай обьект С.Билэгтэд бэлэглэлийн гэрээгээр шилжээгүй
гэлээ. “Ноёд констракшн” компа­нийн үүсгэн байгуу­лагч Г.Дамдиндорж гэдэг хүн
болж таарлаа. Тэгвэл С.Билэгт таны үйлч­лүүлэг­чийн ямар хөрөнгийг үрэн таран
хийчихсэн хэрэг вэ?

-Таны дээр ярьсан
“Сэлэнгэ-888” буюу карказыг нь босгоод арван давхарт хүргэчихсэн байсан барил­га,
газрыг С.Билэгт өөрийн мэдлийн болгоод авчихсан байгаа. Орон сууц захиалсан
хүмүүсээс мөнгө авсан мөнгөний баримт нь байдаг. Энэ асуудлыг иргэний журмаар
шалгуулах гэхээр эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр хаалт
болгочихдог. Тиймээс энэ хэрэг дөрвөн жилийн турш үргэлжилж байгаа.

-Дараагийн
шатны шүүх ямар шийдвэр гарна таамаглаж байна вэ?

-Шүүх тийм
шийдвэр гарга­на гэж таамаглаж чадахгүй. Гэхдээ хуульч хүний хувьд, хуулийн
доор амьдарч байгаа гэдэг утгаараа анхан шатны шүүхийн шийдвэр давж заал­дах
шатны шүүхэд хэвээр үлдэх боломжгүй гэж үзэж байгаа.

Ц.Өрнөх

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд буу барьж яваад сум алдав

Баянзүрх дүүргийн
20 дугаар хорооны нутаг “Бага шар хоолой”-н задгайд оршин суудаг 12 настай хүү буу
барьж яваад сум алдаж хүүхэд гэмтээсэн хэрэг өнгөрсөн даваа гаригт гарчээ. Хүү өвөөгийнхөөсөө
бууг нь гэр рүүгээ авч яваад сум алдсан байна. Түүний ойролцоо явсан найман настай
хүүхэд суманд оногджээ. Хүүгийн баруун бөөрний орчимд буудаж гэмтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгост ажил хийж байсан монгол залуус осолджээ

БНСУ-д цагийн ажил
хийж байсан манай улсын хоёр иргэн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг энэ
сарын 4-ний өдөр гарлаа. Тэд БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль
гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд унаж осолджээ. Энэ тухай Канвон мужийн
Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгасан байна.
Талийгаачид БНСУ-д гурван сарын визээр ирж, цагийн ажил хийж байгаад осолдсон байна.
Гадаад хэргийн яам талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУ- руу явахад тусламж
дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төрөөс өрөө барагдуулахыг шаардав

Хувийн хэвшлийн
компаниуд төрөөс өрөө барагдуулахыг
шаардаж хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь төсвийн
хөрөнгөөр гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлыг жилийн жилд хувийн хэвшлийнхэн
өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэдэг байна. Ингээд Улсын комисс хүлээж авсны дараа
төр санхүүжилтийг нь хийх гэрээний дагуу ажиллаж байжээ. Гэвч хувийн
хэвшлийнхэнд гаргасан зардал мөнгийг нь төрөөс өнөөг хүртэл бүрэн гаргаж
өгөөгүй талаар тэд ярилаа. Тодруулбал,
200 гаруй аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр барилга бүтээн байгуулалтын ажил
хийсэн байна. Эдгээрээс 81 аж ахуйн нэгжийн ажлын гүйцэтгэл 80-аас дээш хувьтай
явна. Ингэхдээ компаниуд ихэвчлэн банкнаас зээл авч бүтээн байгуулалтын ажлаа
явуулдаг аж. Энэ нь эргээд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч улмаар үйл
ажиллагаагаа зогсооход тулжээ. Тухайлбал худаг гаргах, засварлах, услалтын
систем барих ажлыг гүйцэтгэдэг “Ус-Эрдэнэ” компани өнгөрсөн онд ХХААЯ-ны
захиалгаар Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын системийг барих
гүйцэтгэгчээр нь шалгарч, 322.9 сая төгрөгийн өртөгтэй барилгыг зээлээр барьж,
өнгөрсөн аравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэтэл одоог хүртэл буюу
есөн сарын дараа “Ус-Эрдэнэ” компани хийсэн ажлынхаа хөлсийн 82 хувь буюу 260
орчим сая төгрөгийг төрөөс авч чадаагүй байгаа гэв.

Уг нь компаниудад төр вексель буюу өрийн бичиг бичиж өгөн наймдугаар
сарын эхэн гэхэд санхүүжилтийг нь арилжааны банкуудаар дамжуулан өгөхөөр болоод
байсан. Гэвч өчигдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр уг ажлыг
судлах, шалгах ажлын хэсэг байгуулж, тодорхойгүй хугацаагаар вексель бичихийг
зогсоосон юм. УИХ-ын төсвийн байнгын хорооноос гаргасан тус шийдвэрт аж ахуйн
нэгжүүдийн төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь Сангийн яамнаас эхний
ээлжинд 81 аж ахуйн нэгжид 95.2 тэрбум төгрөгийн Векселиэр бичиж, холбогдох
гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр
мэдэгдлийг хүргүүлээд байсан билээ. Тиймээс эдгээр компаниуд төрөөс өрөө барагдуулахыг шаардлаа.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадамд хутагтууд оролцоно

Монголын шашин соёлын тэргүүн Өндөр гэгээн Занабазарт зориулан Монголын
хошуу аймаг, ноёд бүгдээр эвлэн нэгдэж, нэгэн санаа зорилготойгоор анх даншиг
наадмыг хийж эхэлсэн байдаг. Түүнээс хойш манай орон зарим харийн орны эрхшээлд
орсон хэдий ч өөрийн тусгаар тогтнол, үндэсний онцлог соёл, зан заншил, Монгол
гэсэн төрх байдаг юмаа гэдгийг илэрхийлж, хадгалж байсан хамгийн том илэрхийлэл
нь Даншиг наадам байсан тухай өчигдөр Гандантэгчэнлин хийдэд болсон хэвлэлийн
хурлын үеэр Мамба дацан хийдийн Хамба лам Д.Нацагдорж хэлж байлаа. Энэ удаагийн
Даншиг наадам цаашид дуурсагдах түүхэн үйл явдал болно гэдгийг хэлцгээж байв.
Бямба гаригийн өглөө Чингисийн талбайд санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх,
эрүүл байх, урт насалж удаан жаргах үйлсийг даатгасан номыг 500 лам уншихаар
болжээ. Ирэх амралтын өдрүүдээр болох Даншиг наадамд Халимаг, Тува, Буриад,
Европын зарим буддын шашинтнууд ирэхээр болсон бөгөөд олон хутагт хувилгаад
оролцохоор болжээ.

Мөн “Даншиг наадмын талаар нийгэмд сөрөг хандлагууд их байна. Төр шашин
хоёр нэгдэн ийм их төсөв мөнгө гаргасан наадам хийх гэж байгаад зарим иргэд
бухимдангуй байх шиг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ” гэхэд “Юм
шударга байхдаа сайхан. Бусад үндэстэн ястан өөрийн орны шашинд хөрөнгө
оруулалт хийдэг. Монголчууд харин устгасан болохоос дэмнэж чадаагүй.
Нөгөөтэйгүүр, Бурхны шашныг ингэж буруу өнцгөөс харж болохгүй. Бурхны шашинтан
хүмүүс үйлийн үрийн хуульд захирагддаг юм. Энэ удаа Хотын захиргаа биднийг
дэмжиж байгаад талархаж байгаа, сүсэгтэн олон ч талархах хэрэгтэй. Хотын
захиргаа тусалж дэмжээгүй бол бид үнэндээ чадахгүй шүү дээ. Санаа байгаад, ном
нь байгаад, мэдлэг нь байгаад болохгүй байна. Тийм учраас үүнийг минь дэмжээд
өгч байгаа дээр нь хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой гэж бодон бодон хичээж байна”
хэмээн хариуллаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Н.Тумуров: Найргаар илэрхийлсэн үзэл бодол хашгирснаас илүү цуурайтаж үлдэнэ

Буриадын нэрт
яруу найрагч Сергей Николаевич Тумуровын “Хүннү уулын нойрсогч өвс” номын баяр өнөөдөр
Үндэсний төв номын санд 15 цагаас болох аж. Түүний эл номыг соёлын гавьяат зүтгэлтэн,
зохиолч яруу найрагч Г.Аюурзана орчуулсан байна.

-Ном тань хэвлэгдэж
гарсанд баяр хүргэе. Магадгүй, буриад яруу найрагчдаас анх удаа Монголд шилмэл түүврээ
хэвлүүлсэн хүн та болж байх шиг.

-Баярлалаа. Анхны
эсэхийг би сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь миний шүлгүүд Аюурзанад таашаагдаад
бүтэн номын хэмжээнд орчуулах санаа төрүүлсэнд их баяртай байгаа.

-Буриадын уран
зохиол өнөөдөр яг ямаршуу түвшинд байна?

-Олонхи хүн унаж сөнөж
байна, төр засаг дэмжихгүй байна л гэцгээдэг юм. Би бол төр засгаас юм харах шаардлагагүй
гэж боддог. Зохиол бичиж байгаа хүн олон бий. Ихэвчлэн оросоор бичиж байгаа л даа.
Бичдэг нь уншдаг, сонсдогоосоо ч олон болчихсон цаг үе юм шив дээ. Тэдэн дотроос
зарим нэг ялгарал харагдаж байна. Жишээ нь, Амарсанаа Улзийтүевийн анафоруудыг Орост
их сонирхон хүлээж авч байгаа. Бахыт Кенжеев зэрэг нэртэй яруу найрагчид Амарсанаагийн
анафоруудыг Оросын яруу найрагт шинэчлэл, зүг чиг авчирлаа гэж зарласан ч удаатай.

-Анафор гэдэг маань
яг юу билээ?

-Монгол шүлгийн толгой
холбох тогтолцоо л доо. Орос үгийг монгол сэтгэлгээгээр толгой холбоод шүлэглэчихсэн
гэсэн үг. Амарсанаа задгай хэлбэрээр ч бичдэг. Миний хувьд толгой холбосноосоо задгай
шүлгүүд нь илүү сайн санагддаг юм.

-Ер нь буриад хэлний
ирээдүйн талаар та ямар бодолтой явдаг вэ. Сэргээж аврах боломж харагдаж байна уу?

-Миний сүүлд гаргасан
“Иргэншлийн нулимсаар хэлхсэн цахирмаа цэцгэн эрих” гээд ном бий. Тэнд буриад оюун
санааны тэсч үлдэх, амьд байх арга замыг эрэлхийлсэн бүх сэтгэлээ шингээсэн. Ер
нь яруу найргаар илэрхийлсэн үзэл бодол бол зүгээр хашгирснаас илүү тод, удаан цуурайтаж
үлдэнэ гэж би боддог. Би Алаар нутгийн буриад хүн. Манай буриад хэл таван аялгуутай.
Ихэнх хүн хорь аялгууг л буриад хэл гэж ойлгоод байдаг. Тийм ойлголтыг 1931 оноос
хуульчлан хэвшүүлчихсэн юм. Би алаар аялгаараа чөлөөтэй ярьж чадна. Гэтэл хорь аялгаар
бичихгүй л бол, буриад утга зохиолын хэлээр бичээгүйд тооцох жишээтэй. Адил тэнцүү
хэрэглэгчтэй таван аялгын, магадгүй, монгол хэлнээс хамгийн зөрүүтэйг нь голлох
аялгуу болгож хуульчилсны цаана өөр бодлого явж байсан хэрэг. Тэгэхээр буриад хэлний
аврал хэмээх ойлголт бол орос, монгол хэлээр дамжиж оюун санаа маань түгэхэд л оршино
гэж би боддог.

-Та хэдэн настайгаасаа
шүлэг бичиж эхэлсэн бэ?

-12 настайдаа анхны
шүлгээ бичсэн. Яагаад тийм сайн санаж байна вэ гэвэл, Гагарин сансарт ниссэний дараах
өвөл манайх Алаараас Буриад руу нүүсэн юм. Нүүж очсон Можайк сууринд би нэг шүлэг
бичсэнээ хадгалж байгаад, хожим нь засч цэгцэлсэн юм л даа. Анхандаа би хайрцагласан
хэмнэлтэй шүлэглэж байгаад, 18 настайгаасаа верлибр буюу задгай хэлбэрийг сонгосон.
Одоо хэр тэр л янзаараа шүлэг бичиж явна.

-Эмэг эх тань удган
байсан тухай номоос тань уншлаа. Эмээдээ, ээждээ та шүлгээ үзүүлдэг байсан уу?

-Үзүүлдэг байсаан.
Би бүр багаасаа л үг холбож, элдвийг зохиож явдаг байсан юм. Халхууд “баабан бээбэн”
гэдэг шиг багваахай цэцгийг амандаа үмхээд дуулдаг буриад хүүхдийн нэг дуу байдаг
юм л даа. “Нямнаахай-тябтаахай. Бухаан үбэр хутирхай. Нямнаахай-тябтаахай. Хусаан
үбэр хатируухай” гээд. Би түүнийг нь “Нямнаахай-тябтаахай. Миний нүхэр буржаахай.
Нямнаахай-тябтаахай. Миний ахай мангад гахай” гэж гуйвуулаад ээжид зэмлүүлж байлаа.
Буржаахай гэж еврейг хэлсэн үг. Манай тосгонд еврей жаалууд цөөнгүй байлаа л даа.

-Та зурдаг уу.
Хүү чинь зураач юм байна.

-Зурдаг байсан. Зураач
болохоор зорьж явсан ч үе бий.

-Ер нь та их олон
зүйл сонирхжээ. Хөнгөн атлетик, тулааны урлаг гээд л…

-Буриадын хүүхдийн
шигшээ багт багтаж, хөнгөн атлетикийн нэгдүгээр зэрэг авснаар л тамирчны хувьд зодог
тайлсан. Каратэгаар хичээллэж эхэлсэн минь бүр хожуу, Москвад аспирантурт сурч байх
үе юм. Яг хоёр жил идэвхтэй явсны дараа каратэгийн хичээл хориотой болж хаагдсан.
Улаан-Үдэд ирснийхээ дараа нууцаар хичээллэдэг байв. Багш маань дорно дахин судлаач
хүн байсан юм. Тэр хүний ачаар би зэн сонирхдог болсон. Зэнг бага сага үзсэний дүнд
би зогчинг ойлгохтойгоо болсон. Угаасаа яруу найрагч байх гэдэг нь асар олон зүйлийг
ойлгож таньсны л үр дүн юм уу даа гэсэн ойлголт надад одоо сууж байна.

-Таны хамгийн дуртай
яруу найрагч хэн бэ?

-Олон доо. XIX зууны
сонгодгуудаас эхлээд Мөнгөн зууныхан. Хувь хүнийхээ хувьд Цветаева, Ахматова хоёр
их бишрэл төрүүлэм эмэгтэйчүүд санагддаг. ХХ зууныхнаас Рубцов, Кузнецов, Бродскийг
нэрлэж болох юм. Яруу найрагчийн минь хувьд гоц нөлөөлсөн нь гэвэл Уитмэн, Неруда
хоёр л доо.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэлийг хангах ёстой

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явцын талаар ярилцъя. МАН-ын бүлгийн зүгээс ээлжит бус чуулганыг зургаан сайдыг чөлөөлөх хүрээнд зарласан гээд байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл зургаан сайдын нэрийг Засгийн газраас өргөн бариагүй байна. Үйл явцын процессыг хэрхэн харж байна вэ. Зургаан сайдын асуудал хэлэлцэгдэнэ гэж байна лээ?

-Ээлжит бус чуулганыг Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, МАН-ын зургаан сайдыг огцруулахын тулд зарлаагүй гэдгийг хэлэх ёстой байх. Учир нь хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй ард түмний хүсэн хүлээж байгаа хуулиудын төслийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эрүүгийн болон Зөрчлийн, Өршөөлийн зэрэг иргэдэд тун хэрэгтэй хуулиуд хэлэлцэгдэнэ.

Эдгээр хуулиудын нэлээдийнх нь хэлэлцэх асуудлыг шийдсэн, заримынх нь анхны хэлэлцүүлэг явагдаж байна. Тиймээс эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөлд нэг хоногийн өмнө ч гэсэн хуулиудаа батлах хэрэгтэй. Нөгөө талаас иргэдийн хүлээлт үүссэн хуулиудыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан юм.

Үүний хажуугаар МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудал орж байгаа л даа. УИХ дахь Ардчилсан нам болоод МАН-ын бүлэг хооронд байгуулсан харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа тул Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй болсон гэсэн саналыг УИХ дахь АН-ын бүлгээс тавьсан. Өнөөдөр нэгэнт ийм байдалд хүрсэн тул нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй болсон. Үүнийг даруйхан шийдэх хэрэгтэй. Засгийн газрын зургаан сайдын нэрийг өнөөдрийн байдлаар (өчигдөр) хараахан өргөн бариагүй байна. Учир нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барихдаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн саналыг нь авах ёстой. Энэ нь хуулийн хүрээнд ажлын тав хоногт багтах учиртай. Тэрхүү санал албан ёсоор ирээгүй тул хуулийн хугацаандаа хүлээгдэж байгаа юм. Тиймээс бүрдэл хэсэг нь бэлэн болсны дараа өргөн баригдаад хуулийн дагуу хэлэлцэгдэнэ. -Яг хэд хоногийн дотор Засгийн газрын гишүүдийн асуудлыг огцруулж, дараагийн сайдыг томилох ёстой вэ?

-УИХ-ын чуулганы хуралдаан дэгийн тухай хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж санал дүгнэлтээ гаргасан байх ёстой. Байнгын хорооны санал дүгнэлт гарсны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар долоо хоногийн дотор чөлөөлөх асуудлыг шийдэх учиртай юм. Үндсэндээ Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал 14 хоногт багтаан шийдэгдэх боломжтой.

-Гэхдээ энэ долоо хоногийн хувьд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд дуусах төлөвтэй байна. Баасан гаригт зургаан сайдын нэрийг өргөн барилаа гэхэд ирэх долоо хоногт шийдэж амжих юм уу. Хэрэв ээлжит бус чуулганы хугацаанд шийдэхгүй бол дахин үргэлжлүүлж ээлжит бус чуулган зарлах уу?

-Хэлэлцэх үеэр дунд нь завсарлага авахгүй бол нэг долоо хоногийн дотор ч гэсэн шийдэгдэх бололцоотой. Хэрэв тийм асуудал гарвал ээлжит бус чуулганы хугацаандаа амжихгүй байх магадлал ч бий. Ийм нөхцөл байдалд хүрвэл ээлжит бус чуулганыг дахин зарлах нөхцөл байдалд хүрч магадгүй.

-Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдын асуудлыг бус намынхаа даргад эсрэгээрээ шаардлага өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаараа намын даргадаа шаардлага хүргүүлсэн. Эх сурвалжуудын хэлснээр Ерөнхий сайд өөрөө зургаан сайдын нэрээ өргөн барихаар болсон гэж дууллаа?

-Ерөнхий сайд Засгийн газар тогтвортой ажиллаж, илүү үр дүнтэй байх нэг зам нь Ерөнхий сайд нь намын даргынхаа албан тушаалыг давхар хашвал үр дүнтэй гэдэг үүднээс шаардлага хүргүүлсэн байна лээ. УИХ дахь АН-ын бүлэг дээр үүнийг ярилцсан.

-Тэгээд ямар шийдвэр гаргасан юм?

-Ардчилсан намын дарга томилогдоод удаагүй байна. Нөгөө талдаа дараагийн сонгууль хүртэл богино хугацаа үлдлээ гэж үзсэн тул ийм нөхцөлд намын даргын асуудлыг дахиж ярих шаардлагагүй гэсэн юм. Харин ч Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэлийг хангах ёстой гэж үзсэн. Тэр нөхцөл боломж нь юу гэхээр үлдсэн богино хугацаанд Засгийн газар болон Ерөнхий сайдыг огцруулах санал гарч, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс дэмжиж огцруулахын төлөө ажиллах юм бол намын дүрмээр хариуцлага тооцно гэсэн. Ийм нөхцөлд харин ч Засгийн газраа хамгаалан үлдээд богино хугацаанд үр дүнтэй бодит ажлуудыг хийхийг дэмжих ёстой юм.

-Хэрэв эсрэг явбал бүр 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байна лээ…

-Засгийн газрыг тогтвортой ажиллуулж Монгол Улсын эрх ашгийн төлөө саналаа нэгтгэх ёстой л доо. Тиймээс Засгийг тогтвортой байлгахын тулд УИХ-ын гишүүд анхаарч, хамгаалах ёстой гэсэн зарчим дээр манай бүлэг санал нэгдсэн. Хэрэв эсрэг явсан асуудал гарвал улс төрийн хариуцлага тооцно гэдгийг манай бүлгийн гишүүд дэмжсэн.

-Шаардлагын хүрээнд ҮЗХ хуралдах боломжгүй байгаа нь үнэн үү?

-ҮЗХ хуралдах шаардлага гарвал намын дүрмийн дагуу хуралдана. Түүнээс Ерөнхий сайдын хүргүүлсэн шаардлагын хүрээнд заавал хуралдах шаардлагагүй гэж үзсэн.

-Ээлжит бус чуулган нээлтээ хийсэн ч МАН-ын бүлгийн гишүүд суугаагүй. Байнгын хорооны хуралдаан дээр ч мөн тийм хандлага ажиглагдаж байна. МАН сайдын суудлаа хамгаалсан бойкот хийж байна гэж ойлгож болох уу?

-Шууд бойкот хийсэн үү, үгүй юу гэдгийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болон бүлгийн удирдлагуудаас нь энэ талаар уулзаж асуусан. “Ээлжит бус чуулганы хуралдааны үйл ажиллагаанд оролцох юм байгаа биз дээ” гэхэд “Бид оролцоод явна” гэж байна лээ. Харин ямар шалтгааны улмаас ээлжит бус чуулганы хуралдааны нээлтэд оролцоогүйг тус намынхнаас асуусан нь илүү оновчтой байх. Энэ чухал хуулиудыг хэлэлцэж байхад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гадуур сууж болохгүй гэдгийг биднээр хэлүүлэлтгүй өөрсдөө ч мэдэж байх учиртай. Ээлжит бус чуулганы асуудал бол зөвхөн Засгийн газрын асуудал биш. Тиймээс эдгээр чухал хуулийн төслүүдээ батлалцаад явах байхаа гэж бодож байна. Ардын намынхан энэ асуудалд оролцохгүй гээд хойш суугаад байвал тэр бүгдийг нь сонгогч, ард түмэн нь харж байгаа юм. Ийм чухал асуудал хэлэлцэж байхад бидний сонгосон гишүүд яагаад хууль батлалцахгүй суугаад байна гэж харж л байгаа шүү дээ. Нөхцөл байдлыг ч гэсэн бодолцоцгоох байлгүй.

-Зургаан сайдын асуудал яахав процессын дагуу явж байгаад шийдэгдэх байх. Харин бусад хуулиуд батлах боломж хэр байна. МАН-ын зүгээс бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдсэн…

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр ард түмний нийтлэг эрх ашигт нийцэхгүй, цөөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан хуулийн төсөл болсон бол тухайн заалтуудыг хасах бүрэн боломж байгаа. Энэ нь гишүүдийн бүрэн эрхэд байгаа асуудал. Тиймээс уг хуулийн төслийг хойш нь тавих биш сайжруулаад гаргах боломжтой. Ямарваа асуудлыг хойш нь тавилаа гээд шийдэгддэггүй.

-Ер нь зургаан сайдыг огцруулснаар Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал давхар сөхөгдөнө?

-Зургаан сайдыг чөлөөлснөөр Засгийн газрыг огцруулж байгаа хэрэг огтхон ч биш шүү. Тиймээс Засгийн газар хэвээрээ байна. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Тийм болохоор гадаад орчинд Монголын төр тогтворгүй байна гэж харагдах үндэс байхгүй. Ажил нь урагшлахгүй байгаа сайд нараа сольдог жишиг аль ч улсад байдаг үзэгдэл. Гадна талд буруу сөрөг нөлөөлөл, үр дагавар үзүүлэх зүйл байхгүй байх.

Мэдээж Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар улс төрийн албан тушаалтан тул солигдож таарна. Бусад төрийн албан хаагчид хуулийн дагуу явна. Тогтвортой байгаа нь энэ гээд бие биедээ харилцан итгэлцэхгүй байх зарчмаар явж болохгүй. Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ гэдэг гэрээг хоёр нам байгуулсан. Тэгсэн хэрнээ харилцан бие биендээ итгэхгүй яваад байхаар асуудал шийдэх биш асуудлыг улам хүндрэлтэй буюу тодорхой бус байдалд хүргэх эрсдэлтэй л дээ. Үүнийгээ Ардын намын бүлэг ч гэсэн ойлгож байгаа байх.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны зээлийг тун удахгүй арван хувийн урьдчилгаатайгаар олгоно гэв

Орон сууцны зээлд
хамрагдагсад арван хувийн урьдчилгаа төлөөд байранд орох боломж хэзээ нээгдэх
нь тодорхойгүй байна. Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Хөгжлийн банк
баталгаа гаргана гэж байгаа юм. Барилга,
хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Арилжааны
банкууд арван хувийн урьдчилгаа талбөрөөр байрны зээл өгөх хугацаа өдөр
хоногоор хэмжигдэж байна” гэсэн тойм хариу өгсөн юм. Засгаас шийдэх учиртай
асуудлаа өнгөрсөн сард эцэслэн шийдсэн гэнэ. Тодруулж хэлбэл Засгийн газар
арван хувийн урьдчилгаатай зээлийн журмыг баталчихсан. Одоо таван яамны
хамтарсан гэрээ байгуулагдах аж. Уг нь энэ гэрээ өнгөрсөн баасан гаригт
зурагдах байж. Зохицуулах асуудлууд гарсан учраас хойшилсон гэж Д.Цогтбаатар
сайд тайлбарлав. Хамтарсан гэрээ өнөө,
маргаашгүй зурагдах бололтой. Дараа нь Хөгжлийн банк, Монгол банк хооронд гэрээ
хийх ажил байгаа аж. Ингэснээр Монгол банк арилжааны банкуудтай гэрээ хийх
боломжтой болох нь.

Арилжааны
банкууд гучин хувийн урьдчилгаа авч байна

Арилжааны банкууд
одоогоор 30 хувийн урдчилгаатайгаар байрны зээлээ олгож байна. “Голомт” банкны
Зуун айл дахь салбараар орлоо. Байрны зээлийн материал авч байгаа аж. Зээлийн
шаардлагын нэг нь 30 хувийн урьдчилгаа. Арван хувийн урьдчилгаатайгаар орон
сууцны зээл өгөх чиг ирээгүй гэсэн тайлбарыг зээлийн эдийн засагчид нь хэлж
байлаа. Зээл өгч байгаа дээд хэмжээ нь 160 сая гэнэ.

Метр квадрат нь 2.1 саяас дээш үнэтэй байр авах гэж байгаа бол метр квадрат
тутамд илүү гарсан мөнгийг иргэн өөрөө төлөх юм байна. 2.3 сая төгрөгөөр метр квадратыг
нь үнэлсэн байр авлаа гэхэд илүү гарсан 200 мянга иргэдийн халааснаас гарах аж.
Одоогоор 80 метр квадратаас илүү хэмжээний байр авах бол найман хувийн зээлд хамрагдахгүй
гэж тус банкны зээлийн мэргэжилтнүүд тайлбарлаж байв. Метр квадратын хязгаарын талаар Барилга, хот байгуулалтын сайд өчигдөр “Аравдугаар
сараас 80 м.кв-аас дээш талбай бүхий байруудыг иргэд 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр
худалдан авах боломж нээгдэнэ” гэсэн юм. Харин аравдугаар сар хүртэл 80-аас доош
метр квадрат байрыг л арван хувийн урьдчилгаатайгаар олгох аж.

“Голомт” банкны хувьд зээлийн хугацааг насны хязгаараар шийдэж байгаа юм
байна. 35-45 насныханд 15 жилээр, 45-аас дээш насныханд 10 жилээр, 35-аас доош насныханд
20 жилээр орон сууцны зээл олгож байгаа гэнэ. Бас “Голомт” банкны картаар сүүлийн
зургаан сар тасралтгүй цалингаа авсан байх шаардлагыг тавьжээ. Үндсэн зээлдэгч тухайн
байгууллагадаа доод тал нь хоёр жил тасралтгүй ажилласан байх ёстой аж. Хамтран
зээлдэгчийн хувьд сүүлийн жилийн хугацаанд нэг байгууллагад ажилласан байх учиртай
юм байна.

Арван хувийн урьд­чилгаатай зээлийн шинэ журамд хуучин байр хамрагдахгүй.
Ашиглалтад ороод борлуулагдаж чадаагүй байруудын борлуулалтыг өсгөх бодлогоор, тодруулж
хэлбэл барилгын салбарыг дэмжих зорилгоор ийм заалт тусгаж өгчээ. Тэгэхээр шинэ
байрны үнэ өсөх магадлал байгаа аж. Гэхдээ
хуучин байрны үнэд өөрчлөлт орохгүй гэж үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллагсад онцолж
байна.

ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТ МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧЭЭ

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч” компанид хандлаа. Тус компанийн
гүйцэтгэх захирал Б.Батзориг “Орон сууцны борлуулалт буурсан. Өнгөрсөн оны эхний зургаан сарыг энэ оны эхний
зургаан сартай харьцуулсан тоонууд хэлье.
Улсын хэмжээнд шинэ орон сууцны борлуулалт 22.5 хувиар буурсан дүн гарсан.
Хуучин орон сууцных ч ялгаагүй. 32.4 хувиар буурсан. Улаанбаатарт гэж онцолбол шинэ
орон сууцны борлуулалт 25.8 хувиар, хуучин орон сууцных 26.8 хувиар буурлаа. Хөдөө,
орон нутагт арай өөр дүр зураг ажиглагдаж байгаа. Шинэ орон сууцны борлуулалт найман
хувиар, хуучин орон сууцных 53 хувиар буурсан” хэмээн ярилаа.

Ипотекийн зээл олголт буурсан, банкууд зээлээ багасгасан гэсэн яриа гараад
байгаа. Энэ талаар тодруулахад “Өнгөрсөн оны нэгдүгээр сард 918, хоёрдугаар сард
1326, дөрөвдүгээр сард 1309, тавдугаар сард 1017, зургадугаар сард 1165 хүнд байрны
зээл өгсөн дүн бий. Энэ оны нэгдүгээр сард 1365, хоёрдугаар сард 1093, гуравдугаар
сард 1226, дөрөвдүгээр сард 1397, тавдугаар сард 1395, зургадугаар сард 1202 хүн
байрны зээл авсан. Тэгэхээр зээл огцом буурсан гэж хэлэх үндэсгүй. Ер нь тогтмол
олгож байгаа гэж хэлж болно. Зээл олголтын хувьд өмнөх оны эхний зургаан сарыг энэ
оны эхний зургаан сартай харьцуулбал 10.2 хувиар буурсан. Харин арилжааны банкуудын
өөрийн эх үүсвэрээр олгодог зээл 34 хувиар буурсан статистик бий” гэсэн хариу өгсөн
юм.

АРВАН ХУВИЙН УРЬДЧИЛГААТАЙ ЗЭЭЛД ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ХАМРАГДАНА

Арван хувийн урьдчилгаатай зээлд хүссэн хүн бүр хамрагдах боломжгүй. Анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууц авах
гэж байгаа хүмүүст л хамаатай. Сүүлийн хоёроос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл
тасралтгүй төлсөн, “Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-16 дугаар бүлгийн иргэн байх шалгуур
ч бий. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хүн амын нарийвчилсан судалгаа хийж
иргэдийг 20 ангиллаар хуваагаад байгаа юм. Хэддүгээр ангилалд багтсанаа тус яамнаас
лавлах боломжтой аж. Зээл хөөцөлдөх хүмүүс орлого, цалин гэх мэт бүх мэдээллээ яаман дээр авч очиход ангиллаа мэдэхэд төвөггүй
гэнэ. Уг ангилалд дундаж давхаргынхныг хамааруулжээ. Найман хувийн зээлийн дээд хугацаа нь 20 жил бол,
шинэ журмаар 30 хүртэл жилийн хугацаанд зээлээр байр авах боломж иргэдэд нээгдэж
байна.

Хөгжлийн банк нийтдээ 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж байгаа аж. Зээлийн
урьдчилгаа төлбөрийн 20 хувийн баталгааны хөрөнгө гэсэн үг. Энэ баталгаагаар арваад
мянган өрх байртай болох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Дашрамд дурдахад зах зээлд
худалдагдаагүй 30 мянган орон сууц байгаа юм байна. Арван хувийн урьдчилгаатай зээлийн
хажуугаар 30 хувийн урьдчилгаатай зээлийг ч үргэлжлүүлэн олгох нь.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ