Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог.

Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. 9 дүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна. Өнөөдөр буюу 08 сарын 23-ны ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сургуулиудад хийжүүлсэн ундаа зарахыг хориглов

Олон улсын Хэрэглэгчийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оныг дэлхий нийтээрээ “Эрүүл зөв, зохистой хооллолтын жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчдад үзүүлж байгаа зарим үйлчилгээ, тухайлбал үнэгүй цэвэр усаар хангаж байгаа байдал нь холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ. Нийслэлийн зургаан дүүргийн 69, 18 аймгийн 402 дунд сургууль, нийт 471 төрийн болон хувийн сургуулиуд хамрагджээ.

Улсын хэмжээнд төрийн болон хувийн 630 сургууль байдаг бөгөөд нэг сургуульд дунджаар 1000-1500 орчим хүүхэд суралцдаг юм байна. Хяналт шалгалт судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулиудын цэвэр усны крантад 360 ширхэг цэвэр усны төхөөрөмж суурилуулж, зөөврийн савтай ус цэвэршүүлэгч 382 ширхэг байгаа нь нийт суралцагчдынхаа тоотой дүйцүүлэхэд сурагчид цэвэр усаар үйлчлүүлэх боломж нь хязгаарлагдмал байгаа нь тогтоогдсон байна.

Сургуулиудын зарим нь эцэг, эхчүүдийн хандив, “Unisef”, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тусламж, НҮБ-ийн хүүхдийн сангийн санхүүжилтээр цэвэр усны төхөөрөмжтэй болсон ба сурагчдын цайны газаргүй сургуулиуд ч цөөнгүй байна. Иймд ШӨХТГ-аас аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарт 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр усны төхөөрөмжөөр бүрэн хангах асуудлыг шийдвэрлүүлэхээр улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлжээ.

Мөн түүнчлэн Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг хэрэгжүүлж улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгон, бүх сургуулиудыг хамруулан зохион байгуулах, сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоох тал дээр сургуулиудын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлж гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх аравдугаар сард хийхээр болсон байна

Categories
мэдээ спорт

Б.Мөнхнаран, Г.Энхсувд нар түрүүлжээ

Олон улсын хүүхдийн VI наадам ОХУ-ын Буриад улсын Кабаны районы “Энхалук” спортын зуслангийн Биеийн тамир, спортын цогцолборт үргэлжилж байна.

Наадмын чөлөөт бөхийн охидын 44 кг-ын жинд Архангай аймгийн бөх Ш.Шүрэнцэцэг алт, 62 кг-д Б.Сарнай хүрэл медаль хүртсэн тухай мэдээлж байсан.

Тэгвэл тэмцээний 48 кг-ын жинд барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнаран аваргалжээ. Мөн жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн тамирчин Б.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн байна.

Охидын 57 кг-ын жинд хүч үзсэн Налайх дүүргийн тамирчин Г.Энхсувд жиндээ аваргалсанбол нэг жинд барилдсан Өмнөговь аймгийн тамирчин Н.Энхтуяа, ОХУ-ын бөх Дахаева Дашимамтай хамт хүрэл медалийн тавцанд зогсчээ.

Харин хөвгүүдийн 46 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Г.Сүхбаатар мөнгөн медаль хүртсэн бол 50 кг-ын жинд Дархан-уул аймгийн тамирчин Д.Жамсранжав хүрэл медаль зүүжээ. 58 кг-д А.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол 63 кг-ын жинд н.Оюундалай мөнгө, Орхоны Б.Бат-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ.

Тус тэмцээнд Багануур, Налайх дүүрэг, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хороо болон “Ховд нутгийн бөх” дэвжээний дасгалжуулагчид дасгалжуулагчаар МҮДС-ийн багш, олон улсын шүүгч Б.Эрдэнэболд шүүгчээр оролцож байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр багийн барилдаанууд болно

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ долоо дахь өдөр буюу өнөөдөр багийн барилдаанаар өндөрлөнө. Өнөөдөр болох багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 баг оролцоно. Манай эрэгтэй баг эхний барилдаанаа Кубa, эмэгтэй баг Казахстаны багтай хийхээр оноолт таарчээ.

Өчигдрийн хувьд эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан Олимпийн аварга Н.Түвшинбаяр шагналт VII байрт оров. Тэрээр торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровтой барилдаж, вазари үнэлгээ алдсанаар хожигдлоо.

Н.Түвшинбаяр энэ өдөр өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм. Хэсгийн аваргын төлөө Германы жүдоч Карл-Ричард Фрейтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожигдсон ч торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровыг дийлсэнгүй.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн +78кг-ийн жинд О.Жавзмаа эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт олимпийн аварга, дэлхийн хошой аварга Кубын жүдоч И.Ортизод хожигдсон.

Монголын шүүгч Машбатын Бөхбат энэ өдөр шийдвэрлэх барилдааныг дэнсэллээ. IJF-ийн Шүүгчийн зөвлөлөөс 15 шүүгчийг ДАШТ-д томилсон бөгөөд Ази тивээс дөрвөн шүүгч багтсаны нэг нь тэр юм. М.Бөхбат дэлхийн аваргыг шүүж буй Монголын хоёр дахь шүүгч боллоо. 2007 онд Дамдин багш дэлхийн аваргыг шүүж байжээ.

137 орон чуулснаас 120 орон оролцож буй энэ удаагийн дэлхийн аваргаас 23 орон ямар нэгэн медаль авлаа. Багийн дүнгээр Япон улс 6 алтан медаль, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар илт тэргүүлсэн бол Франц, БНСУ хоёр алт, Казахстан, Словени, БНХАУ, Аргентин улсууд тус бүр нэг алтан медаль авлаа. Манай улс гурван хүрэл медаль, шагналт байранд 5 жүдоч орж, XII байрт жагслаа. Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль, эрэгтэй жүдочдоос Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр нар шагналт V байр, олимпийн аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдээс А.Цолмон VII байр эзлэв.

Categories
мэдээ нийгэм

47 цэцэрлэг ашиглалтад орно гэв

Нийслэлд 2012-2014 онд 29032 хүүхдийн хүчин чадалтай 61 сургуулийн, 9440 хүүхдийн хүчин чадалтай 94 цэцэрлэг, 2715 хүүхдийн хүчин чадалтай 26 дотуур байр, 28 спорт заал барьсан бол 2015 онд нийт 5690 суудал бүхий 14 сургууль, 5820 ор бүхий 47 цэцэрлэг, 2460 суудал, 1440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 920 ор бүхий 9 дотуур байр, 7 спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил явагдаж байгаа бол концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана. 2012 оноос хойш барилга нь ашиглалтаас гарсан Сүхбаатар дүүргийн 3, 11 дүгээр сургуулийн барилгын ажил дуусч энэ онд ашиглалтад орох юм. Мөн 2012 оноос барилга нь ашиглалтаас гарсан Баянзүрх дүүргийн 10 дугаар тусгай цэцэрлэг, 146 дугаар цэцэрлэг, Баянгол дүүргийн 18 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 32, Баянгол дүүргийн 73, 38, 2014 онд зогссон Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажлын төсөв нь шийдэгдэж, гүйцэтгэгч нь тодроод байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгах ажил энэ онд эхэлнэ. Мөн нийслэлд БНХАУ-ын тусламжаар 19 сургууль шинээр барьж эхлэх юм. Улс, орон нутгийн хөрөнгөөр 2015 онд баригдаж байгаа 179 барилгын 91 нь энэ онд ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 8150 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 7260 ороор нэмэгдэх тооцоотой байна. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 суудлын хүчин чадалтай 8 сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон байна. Мөн 350 хүүхэд хүлээн авах 2 дотуур байр, 4 спорт заалны барилга шинээр ашиглалтад орлоо. Харин 9 дүгээр сард 15 барилга (825 хүүхдийн 7 цэцэрлэг, 890 суудалтай 3 сургууль, 180 ортой 2 дотуур байр, 3 спорт заал) нэмж ашиглалтад орно гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Анхны Ерөнхийлөгчийн нэг анги

Нийслэлийн арвандөрөв­дүгээр бүрэн дунд сургуулийн анхны буюу 1960 оны төгсөгч­дийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан, гавьяатай эрхмүүд. Энэ ангид Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монголын нефть хангамжийн салбарыг өөд нь босгосон ууган мэр­гэжилтэн Маньбадар, 200 гаруй сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн эдийн засагч Дарьчулуун, Эрдэнэт, Бүрэнцогт, Мардай зэрэг уурхайн төслүүдэд эх орны нүд чих болж ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир, ШУТИС-ийн доктор, багш О.Батмөнх, Шараа нар сурч байжээ.

Товлосон цаг, болзсон газартаа анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй арваад хүн цугларчээ. Нэгнийхээ амар мэндийг мэдэлцэхийн сацуу ирж амжаагүй бусдынхаа тухай бие биеэсээ сураглацгаана. “Байнга уулзалдаж, холбоо харилцаатай байхыг хичээдэг ч жилдээ ганц хоёрхон л уулзалдах юм. Нас өндөр болоод явах суухаа үр хүүхэд, ач зээ нараараа заалгадаг болоод байна шүү дээ. Харамсалтай нь уулзах бүрт ширээ тойрсон хоосон сандлууд нэг нэгээр нэмэгдээд …” гэцгээснээ дор бүрнээ чимээгүй болцгоов. П.Очирбат “Бурхан болсон гэдгийг нь дуулаад сүүлд нь 20, 20 мянган төгрөг цуглуулж ар гэрийнхэнд нь өгөх биш, амьддаа л аль болох олон уулзалдахыг хичээх юм” гэвэл бусад нь “Тэр ч ёстой үнэн шүү” гэцгээн толгой дохив.

Тэд 1960 онд аравдугаар ангиа 32-уулаа төгссөн бөгөөд өдгөө 17 нь сэрүүн тунгалаг, насны намартаа сууна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат “Хар хилэн формоо өмсөөд, улаан бүчээ зүүгээд дэгж, дэрвэж явсан нь өчигдөрхөн мэт санагдавч өдгөө хагас зуун жил өнгөрчээ. Бараг хоёр хүүхэд тутмын нэг нь бурхан болж. Хорвоогийн жам юм даа. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэе” гээд өндийвөл бусад нь ч мөн адил босч зогсон, хэсэг дуу хураалаа. Тэдний сургуульд 1958-1959 оны хичээлийн жилд нийт 70-аад сурагчтай есдүгээр ангийн хоёр ч бүлэг хичээллэдэг байсан ч аравдугаар ангид тэн хагас нь л тэнцэн, элсэн оржээ. Тэр ч утгаараа эдний ангийнхан бүгд хичээл сурлагадаа жигд сайн байсан талаар ангийн дарга Эрдэнэ-Очир “Өнөөдөр бол бага, дунд, дээд гээд аль ч шатны сургуульд элсээд, төлбөрөө төлсөн л бол төгсдөг. Бидний үед тэгдэггүй байсан. Сахилга бат сул, хичээл сурлагадаа тааруу сурагчдыг үг дуугүй улираана. Хичээл сурлагаас гадна зан суртахууныг давхар шалгана. Энэ өндөр шалгуурыг давж манай ангийнхан төгсөх жилээ бүрэлдсэн юм. Харин П.Очирбат наймдугаар ангиасаа шууд арав руу дэвшиж орж ирсэн. Шалгалт дээр бүгд онц сайн авдаг байсан учраас дүнгээрээ бус шалгалтын материалыг хэн хэдэн минутад хийхээрээ өрсөлддөг байлаа шүү дээ. Шалгалтын хугацаа 40 минут байтал ангийнхны маань талаас илүү нь 30 минутын дотор хийчихнэ. Хичээл завсарлатал ангийн гадаа хүлээх зуураа “Би 28 минутад өөрийн вариантынхаа таван даалгаврыг хийчихээд багшид хураалгасан” гэвэл “Би тэрнээс чинь ч өмнө хийж дуусчихаад, материалаа хянаж байсан юм. Хэрэв багшид шууд хураалгасан бол чамаас түрүүлэх байсан. Хэн гурав дөрөвт орлоо” хэмээн ярилцах зуур шалгалтын хугацаа дуусч, хонх дуугарахад ангид үлдсэн хүүхдүүд хажуугийн вариантаа давхар хийгээд хугацаа алдчихлаа” гэсээр гарч ирдэгсэн” гэвэл бусад нь “Үнэхээр тийм шүү” гэцгээн толгой дохив. Бүгд сурлагадаа жигд сайн байсан учраас хоёр хүүхэд тутмын нэг нь тухайн үеийн ЗХУ буюу хойд хөршид суралцан, мэргэжил эзэмшжээ.

Өдгөө автын инженерээр ажиллаж буй Нарангэрэл ангийнхаа Тогостой гэрлэжээ. Тэд энэ ангиас төрсөн хос. Бүр, нэг ширээнд тохой нийлүүлэн суудаг байжээ. Ангийн хөвгүүд нь Нарангэрэлийн захиаг, охид нь Тогосынхыг өөр хооронд нь зөөдөг байснаа дурсан ярилцана. “Тэр үед одоогийнх шиг гар утас бүү хэл гэртээ телевизор, радиотой айл ховорхон байлаа. Сэтгэлээ илчлэхдээ бүгд захиа бичнэ. Манай ангид дан захиа бичдэг, түүгээрээ “мэргэшсэн” хүүхдүүд ч байлаа. Бүр захианы төрлөөрөө шүү. Хайрын захиаг бол Цэрэнханд, хэн нэгнээс уучлал хүссэн захиаг Дамдинсүрэн бичдэг байлаа” гэцгээв.

Тэд бол сургуулийнхаа анхны төгсөгчид бөгөөд төгсөлтийн баярынхаа үеэр сургуулийнхаа гадаа мод тарьжээ. П.Очирбат “Одоогоос 55 жилийн өмнө тохой хэрийн урттай зулзаган хус, хайлаас тарьсан. Сургуулийн жижүүр, манаач нар сайн усалж тордсоны хүчинд хэдхэн жилийн дотор сагсайтал ургасан. Одоо бид өвгөрч, хөгшрөөд жижгэрсэн бол бидний тарьсан зулзаган модод сургуулиас өндөр ургасан харагдана лээ. Багахан цэцэрлэгт хүрээлэн болчихсон юм уу даа. Хааяа салхинд гарахдаа, сургуулийнхаа хажуугаар, тарьсан моддынхоо доогуур алхах юутай сайхан. Сургууль руугаа орвол хана тааз, ширээ сандлаас өгсүүлээд шатны гишгүүр бүрт шингэсэн нандин дурсамж сэргэдэг байсан. Хэрэв тэд бүгд хэл амтай байсансан бол мөнчиг сайхан түүх өгүүлэх байсан даа. Таван жилийн өмнө бид ангийнхаа ширээ сандал, шал зэргийг иж бүрнээр нь шинэчилж өгч байлаа. Харамсалтай нь хоёр жилийн өмнө сургуулийн барилга нурж магадгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гараад, орохыг хориглочихсон. Сурагчид нь ойр хавийн гурав, дөрвөн сургуульд хуваагдаж очсон сурагтай байна лээ. Сургуулийн барилгыг шинэчлэх ажил эхлэхгүй удсан учраас саяхан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй биечлэн уулзсан. Сайд ирэх жилээс шинэ сургууль барих төсөлд хамруулж өгөхөөр амласан” гэв. Тэд төрөлх сургуулиа барихад гар бие оролцжээ. Тоосгыг нь зөөж, элсийг нь шигшиж байсан гэнэ. Тэр ч утгаараа сургуульдаа элгэмсүү байдаг бололтой.

Тэгтэл нэг нь “Ангиараа олон ч удаа жүжиг давтаж, түүнийгээ хөдөө малчдад тоглодог байснаа санаж байна уу” гэвэл “Яалаа гэж мартах билээ. Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын “Нэг анги” зохиолыг өдөр шөнөгүй бэлтгээд, Хэнтий аймгийн Давшил нэгдлийн малчдад сонирхуулна. Муухан жүжигчнээс хавьгүй дээр. Ямар сайндаа малчид өөр хоорондоо “Ажилд туслуулахаар сурагч хүүхдүүд явуулна гэсэн чинь жүжигчид илгээсэн юм биш үү”, “Харахад хүүхдүүд хэрнээ жүжиглэж байгаа нь томчуудаас ялгаа алга” хэмээн ярилцаж байсныг тодоос тод санаж байна” гэсэн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангиа алгасаад, шууд аравдугаар ангид элсэн оржээ. Сурлага сайтайгаас гадна наргианч, хүнээр тоглоом хийхдээ элдэвтэй гэдгийг ангийн нөхөд нь хуучилна. Түүнчлэн “Ерөнхийлөгч болсон ч гэсэн бидэнд бол ангийн хүүхэд хэвээрээ” хэмээн Төөдөө хэлэв. Тэрээр “Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа П.Очирбат ажил хэргийн шугамаар Ховд аймаг орсон. Би тухайн үед Ховдод малын эмчээр ажилладаг байв. Олон жил уулзалдаагүй ангийн хүүхэдтэйгээ уулзаад мэндийг нь мэдчихмээр байсан ч улсын тэргүүнд амар ойртуулахгүй нь мэдээж. Ямар ч байсан холоос ч болтугай бараа сүрийг нь харчихъя гэж бодоод яваад очлоо. Тэгтэл цугласан олны дундаас намайг таниад, танихаар барахгүй гар бариад тэвэрсэн. Бүр хэсэг зуур ярилцаж зогссон. Чи минь хэзээний хар хэвээрээ шив дээ гээд надаар тоглоом хийхээ мартаагүй. Тэгэхэд ангийн анд минь мөн дөө гэсэн өөриймсөг бодол төрж байсан. Одоо ч хэвээрээ” гэв. П.Очирбат “Манай ангид надаас гадна дуурсах алдар, бүтээсэн гавьяатай эрхмүүд олон бий. Наад зах нь 60, 70-аад онд Тээврийн яаманд ганцхан газрын тосны мэргэжилтэн байсан нь манай Маньбадар. Тэрбээр 1978 онд нефть хангамжийн бааз болон 1992 онд НИК-ийг толгойлон байгуулж явсан нэгэн. Эдийн засагч, ангийн анд Дарьчулуун бол Монголын бараг бүх сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн. Эрдэнэтээс авахуулаад Мардай зэрэг уурхайн төслүүдэд ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир болон доктор, О.Батмөнх, Шараа нар бий” гэв.

Тэд сургуульдаа анх удаа “Анд нөхөрлөлийн зөвлөл”-ийг байгуулжээ. Уг зөвлөлийн хурал долоо хоногт нэг удаа, хичээлийн бус цагаар болох бөгөөд ангийнхан бүгд гишүүд нь. “Хичээлээ тасалж, муу сурч, сургууль завсардан, хэн нэгнийг дээрэлхэн, үг хэлээр доромжилж, зодоон цохион хийдэггүй их л “дэгтэй” байсан та бүхэнд ийм зөвлөл байгуулах хэрэг байсан юм уу” гэвэл “Хурлаараа бид хэн нэгнийгээ шүүмжилж, шийтгэдэггүй байсан нь үнэн. Тэгэх ч шаардлага байдаггүй байсан юм чинь. Харин бид хичээлээс гадуур ямар ном зохиол унших, гэрийн даалгавраас гадна нэмэлт дасгал хичээл хэрхэн хийх, хүн бүл дутмаг нэгнийдээ хэзээ ус түлээг нь бэлдэлцэж өгөх зэргийг ярина. Бас хөдөө орон нутагт илгээлтээр очиж, тэндхийн малчдад толилуулах жүжгээ ч бэлдэнэ” хэмээн тэд хариулцгаасан юм.

М.Дорж “Ангийнхантайгаа уулзана гэсэн чинь манай ач нар мэл гайхчихсан. Хөгширчихсөн хэрнээ одоо ч нэг анги хэвээрээ юм уу гэж хүртэл асуусан. Тэгэхээр нь өвөө нь та нар шиг жаахан байхдаа сургуульд сураад, ангийнхантайгаа та нарын нэгэн адилаар хөөцөлдөж тоглож байлаа. Түүнээс биш өвөө нь төрөлхийн ийм хөгшин байгаагүй юм шүү гэхээр нээрээ тийм шүү дээ гээд инээлдээд байгаа юм. Тэгснээ бас ангийнхан чинь бүгдээрээ ирэх үү, бас тантай адилхан хөгширчихсөн үү гээд элдвийг шалгааж гарсан даа” гэвэл бусад нь “Бид нар ч мөн ялгаагүй. Ангийнхныхаа уулзалтад явлаа гэхээр гайхаад байдаг юм. Одоо өвгөчүүл, эмгэчүүл болоод алхаж гишгэх, хаашаа явахаа хүүхдүүдээрээ цагдуулдаг болоод байна. Арга ч үгүй биз дээ, автобусанд 15 мөнгөөр зорчдог байх үеийн сурагчид юм чинь. Одоо бол ач зээ нараа дагаад тоглоомын талбай л ордог ажилтай” гэцгээв.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Марийнскийн театрт урилгатай хэрнээ Цэргийн чуулгаа санагалзаж яваа нь гайхмаар

Олон улсын уралдааны шагналт манай залуу баритонуудын нэг Чулуунбаатарын Бадрал ээлжит чихэнд чимэгтэй мэдээгээ энэ долоо хоногт дахин дуулгалаа. Тэрбээр энэ сарын 18-25-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болсон Оросын нэрт дуучин, ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож дэд байрт шалгарлаа. Хорин улс орны 220 гаруй дуучин оролцсон энэ уралдаанд Ч.Бадрал Б.Монголхүү нар оролцжээ. Бадрал өдгөө ОХУ-ын Москвагийн Гнисений нэрэмжит академид сурч буй. Энэ уралдаанд Монголынхоо дуучдаас анх удаа оролцоод ийнхүү дэд байрт шалгараад байна.

Монголын гайхалтай сайхан баритонуудын нэг тэрбээр өнгөрсөн жил мөн Орост болсон дуурийн залуу дуучдын нэгэн томоохон уралдааны тайзан дээрээс дэлхийн сонгодог дуурь дахь томоохон дууриудын гол гол ариг хэрхэн бахархалтайгаар дуулж байсныг санаж байна. Тэгэхэд Оросын сонгодгууд дотроос А.С.Рахманиновын Алеко, Бородины “Игорь ван” -г дуулахад нь Монголынхоо дуучдын ид хавыг харж, үнэхээр сэтгэл ханаж байлаа. “Игорь ван” бол орос дуурийн сор. Түүнд дуулсан Оросын нэртэй баритонуудыг бодож, манай дуучид тэр Игорийг нь ямар гайхалтай дуулж байгааг харьцуулсхийн харахад сэтгэл үнэнхүү ханаж байж билээ. Тэрбээр уг уралдаанд мөн Вердийн “Риголето” дуурийн Риголетогийн ари, “Травиата” дуурийн Жермоны ари гэхчлэн баритонуудын хүчээ сорьдог томоохон бүтээлүүдийг дуулсан юм. Бас нэгэн сэтгэл хөдлөм мөч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн их хааны ариг дуулсан нь байлаа. Игорь ванг нь мартахын аргагүй бол Чингис хааны ариг дуулахад нь танхимд өчүүхэн ч чимээ аниргүй байв. Их хааны ари:

“Зовлон бэрхийг даваад гарах

Зоригийг өөртөө чангалъюу би

Золгож ээждээ очоод үнсүүлээд

Зол жаргалыг эрьюү би

Хасар Бэлгүтэй дүү нар минь

Хайртай ээжээ хүндлэн асраарай

Хатуу бэрхийг туулах хатан зоригоо чангалаарай

Өөдгүй муу Хирилтуг улс гэрийг минь бусниуллаа

Эцгийн үгийг басамжилж элэг зүрхийг минь шархлууллаа

Хуруу гартаа гавтай өвдөг хөлдөө дөнгөтэй ч

Өөдгүй муу Хирилтугаас өсөө заавал авч

Өрлөг эцгийнхээ их үйлсийг хураана би, хураана би…” хэмээн цааш үргэлжилдэг. Монгол дуурийн Европынхоос ялгарах ялгаагаар нь, үндэсний онцлогоор нь, оркестрынх нь сүрлэг дуурьсал тэгээд Бадралын дуулах цараагаар Монголын дуурийн урлагийг олон улс орон өнгөрсөн жилийн зун тийнхүү амьсгаа даран чагнасан. Харин өнгөрсөн өдрүүдэд болсон олон улсын уралдаанд тэрбээр Вердийн “Риголетто”, “Трубадур” , Чайковскийн “Мазеппа” зэрэг дууриудын гол дүрийн ари, мөн Орос болон баруун Европын романсуудаас дуулжээ. Ч.Бадрал энэ намар Москвагийн Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг төгсөх аж. Дэлхийн тэргүүлэх театруудын нэг Санкт-Петербургийн Марийнскийн театрт дуулах урилга өвөртлөөд буй тэрбээр сургуулиа төгсөөд эх орондоо ирж, нөгөө л Цэргийн дуу бүжгийн чуулгадаа уран бүтээлээ хийнэ гэсэн юм. Марийнскийн театрт урилгатай хэрнээ Цэргийн чуулгаа санагалзаж яваа нь гайхмаар.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малыг хөлөөр биш махаар нь гаргая

Улсын онцгой комисс хэд хоногийн өмнө хуралдахдаа дотоодын хэрэглээнээс илүү гарч байгаа амьд мал, махыг экспортлох асуудлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгосон. Нэг ёсондоо монголчууд малыг амьдаар нь гадагш гаргаж болно гэж үзлээ. Ингэж болохгүй. Дэлхийн бусад орнууд махыг үйлдвэрлэлийн технологид оруулаад, боловсруулаад, эрүүл ахуйн шаардлага хангасан үед нь зах зээлд нийлүүлдэг. Манайх шиг амьдаар нь экспортолно гэх сэтгэлгээ байхгүй. Махаар нь гаргавал бидэнд ямар ч ашиггүй. Хөлөөр нь гаргахдаа зөвхөн махаар нь тооцоолж үнэлээд гаргавал түүн шиг хэрэггүй зүйл байхгүй болно. Малд ашиггүй эд эрхтэн, үс ноос гэж нэг ч байдаггүй. Баас нь хүртэл бүтээгдэхүүн болно. Хатуу ширүүн уур амьсгалтай манай улсын мал шиг бат бөх арьс, ширтэй газар хаа ч байхгүй. Жишээ нь, хүмүүсийн төдийлөн анзаардаггүй сарлаг байна. Монгол сарлагийн шир дэлхийн гутлын үйлдвэрүүдийн сонгодог түүхий эд болдог. Чоно ч мэрээд дийлэхгүй тийм бат бөх ширийг монгол сарлагаас л авна. Түүнтэй адил монгол үхрийн ширийг сайтар боловсруулчих юм бол хүйтэн нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй. Гутлаар зогсохгүй техникийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн туузан дамжлага, жийргэвч, тоноглолын сур гээд олон зүйлд өргөн хэрэглэх боломжтой. Бэлчээрийн үхрийн шир бусад улсынхтай харьцуулбал таваар, технологийн шинж чанар сайтай байдаг гэсэн. Түүгээр ч үл барам чийг 63.3 хувь, уураг 30.1 хувь байдаг нь бусад улс орныхтой харьцуулшгүй өндөр үзүүлэлт гэх юм билээ. Зөвхөн арьс, шир гэлтгүй эд, эрхтнээр нь эм бэлдмэл хүртэл хийдэг гэсэн. Тэгэхээр төрөл бүрийн ашигтай монгол малыг гадагш хөлөөр нь гаргаж хэрхэвч болохгүй. Амьд мал экспортлохыг түргэн шийдэх талаар яригдсаны дараахан Дорнодын “Хавирга-Ар хашаат” боомтоор адуу гаргаж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тарсан байна лээ. Гаргахдаа голдуу шүдлэн, хязаалан насны адуу ачсан байх бөгөөд нэгийг нь 500 мянган төгрөгөөр үнэлэн урд хөрш рүү нийлүүлсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татсан. Иймэрхүү маягаар үнэлэн малаа амьдаар нь экспортод гаргана гэдэг нүүрсээ хямд зарж байгаатай адил зүйл. Монголчууд мал аж ахуй дээрээ нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж гадны зах зээлд нийлүүлбэл уул уурхайгаас дутахгүй ашиг олно. Зөв бодлогоор ажиллаж чадвал “Чалко”-гоос зээлсэн 250 сая ам.долларыг хэд нугалсан ашиг олох боломж бий. Малыг боловсруулж гаргахад бидэнд ашигтай. Түрүүн хэлсэнчлэн амьсгалаас бусдад нь нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн гаргаж авах хэрэгтэй. Ингэж бид мөнгөтэй болох юм. Монголчууд түүхийнхээ турш малыг амьдаар нь гаргадаг байлаа. Тийм ч болоод бид баян байж үзсэнгүй. Чингисийн үед л дайны олзоор баян, хангалуун амьдарч байсан байх. Тэрнээс хойш дутмаг амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар малаа амьдаар нь гаргаж байжээ. Гадныхан манайхаас мах авч буй нэрийдлээр амьдаар нь импортлоод тэндээ өсгөж, үржүүлээд байдаг. Монгол малынхаа генийг гадны улс орнуудад алдаж байхаар хурдхан шиг малын арьс, шир, түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдээ өргөжүүлмээр байна. Байгаа хэдэн үйлдвэрээ өөд нь татаж, шинэчлэл хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн зөв бодлоготой болбол амьд мал гаргахаас хэд дахин илүү орлого олно. Тэгээд ч Хятадаас бусад улс боловсруулаагүй мах худалдаж авахгүй л болов уу. Учир нь олон улсад эрүүл ахуйн стандартын шаардлага өндөр байдаг. Манайхаас мах авъя гэсэн бүхэн эрүүл малын мах авна гэх ганцхан зүйлийг шаардах нь тодорхой. Саяхан Вьетнам улс манайхаас мах нийлүүлэх сонирхолдоо хөтлөгдөн шинжээчдээ ирүүлсэн байна лээ. Ямар үнэлгээ тавьсан нь өнөөдөр тодорхойгүй байна. Энэ зуурт зүүн хилээр малыг амьдаар нь гаргаад эхэллээ. Мал, амьтнаас гаралтай халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хилээрээ ч давуулах ёсгүй. Гэтэл урд хөршийнхөн маань амьд мал авах санал тавьсан нь цаанаа учиртай юм. Тэд малын юуг, яаж ашиглах вэ гэдгээ мэднэ. Түүхий эдийг нь боловсруулж, үнийг нь хэд дахин нэмээд эргээд манай улсын зах зээлд нийлүүлнэ.

Хэд хоногийн өмнө Зуунмод хотын гутлын үйлдвэрийн дарга зурагтаар ярьж байна лээ. Манайхан арьсаа гүйцэд боловсруулж чаддаггүй болохоор ашиглахад тохиромжгүй байдаг. Түүний оронд хятад арьс хамаагүй сайн байдаг тухай ярьж байсан. Бас нийлүүлэлт бага байгаа талаар ярьж байв. Импортоор орж ирсэн арьсыг өндөр үнээр худалдаж аваад байхаар түүнийгээ дагаад бүтээгдэхүүнээ үнэтэй зарахаас өөр аргагүй болно. Өнгөрсөн жил “Чингис бонд”-ын хөрөнгөөс зээлж авч хэд хэдэн үйлдвэр шинэчлэл хийсний дотор гутлын үйлдвэрүүд байсан. Тэд түүхий эдээ бас л гаднаас авч байгаа. Гаднаас өндөр үнээр аваад байгаа боловсруулсан арьс нь угтаа бол Монголынх. Биднээс хямд үнээр худалдаж авсныхаа дараа боловсруулаад эргээд бидэнд зах зээлийн үнээр зардаг. Энэ нь нэмүү өртөг тэдэнд шингэж байна гэсэн үг. Хэрэв бид малаа боловсруулаад бүтээгдэхүүн хийж гадны зах зээлд гаргавал гурав дахин их ашиг олно гэх тооцоо бий.

2015 оны эхний хагас жилийн байдлаар 66 сая мал зусч байгаа гэсэн тоог салбарын яамнаас гаргасан. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гадаад, дотоодын зах зээлд нийт 20 сая малын мах нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ. Одоогоор найман компани нийт 4051 тонн мах экспортлох эрх аваад байгаа. Үүн дээр амьд малын тоо нэмэгдэнэ. Тэгэхээр Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр хэрэгжиж эхэлбэл бид мөнгөө алдаж эхлэх юм. Хэрэв боловсруулах үйлдвэртэй болчихвол мал аж ахуйг түшиглэн орж ирж буй мөнгө гурав дахин нэмэгдэнэ.

Хөдөө аж ахуй бол ажлын байрыг олноор нэмэгдүүлдэг салбар. Бас стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгээрээ уул уурхайгаас давуу талтай. Эдгээрийг бодолцож боловсруулах үйлдвэр барих ажлыг хурдхан эхлүүлэхгүй бол амьдаар нь гаргаж байгаа малынхаа тоогоор алдагдалтай ажиллах нь ээ, бид.


Categories
мэдээ цаг-үе

Чөлөөлөх дайнд оролцсон ээжийнхээ тухай “Тэр жилийн тэр өдөр” кино хийжээ

Хятадыг
чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож
байна. Чөлөөлөх дайнд оролцсон ээжийнхээ тухай охин нь ийнхүү дурсав.
Б.Батчулуун БЗД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн. Ноос ноолуурын үйлдвэрт ажиллаж
байгаад тэтгэвэрт гарчээ. Эхээс зургуулаа гэнэ.

-Ээж, аавынхаа
тухай яриач?

-Ээж, аав хоёр
маань 1939 оны Халх голын, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан юм. Аавыг
маань Л.Бадарч гэдэг. Миний ээж Д.Норовдаваа гэж хүн байлаа. Дайнд оролцсон нийт
эмэгтэйчүүдэд зориулж, ээжийгээ төлөөлүүлэн элсэн цөлийг туулж, тушаал аваад
явж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл болгоод “Тэр жилийн тэр өдөр” кино хийсэн
юм.

-Та ээжийгээ
дайнд оролцсон гэж хэзээнээс мэдэх болов. Ээжийнхээ түүхийг судлахад юу нөлөөлсөн бэ?

-Ээж маань дайнд
оролцсон тухайгаа сурвалжлагчдад ярьж байсан. Сонин сэтгүүлд тухайн үедээ
бичигдэж байлаа. Ээжийн маань намтар түүх номонд янз янзаар бичигдээд, музейд
янз бүрээр тавигдаад, толь бичигт алдаатай тусгагдаад байхаар ээжийнхээ түүхийг
судалж эхэлсэн. Хэнтий аймгийн Галшар сумын хүнийг Дорнод аймгийн Матад
сумынх гэх мэтчилэн ташаардаг. Түүнийг
зөв болгохын тулд би “Галын шугамын байлдагч Галшарын охин” гэж Хэнтий аймгийн
Галшар сумын хүн гэдгийг баримтаар нотолсон.
Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга, “Хасу мегават” компанийн
Ж.Түмэн-Аюуш гэдэг хүн киног маань ивээн
тэтгэсэнд гүн талархал илэрхийлье. С.Пүрэв гуай тууж бичиж, Нагнайдорж
найруулагчийн хийсэн киноны зураг авалт дуусаад, эвлүүлгийн ажилдаа ороод явж
байна. Хятадыг чөлөөлсөн дайны ялалтын 70 жилд зориулсан кино.

-Ээж тань
яагаад дайнд явсан юм бол. Эмэгтэй хүнийг цэрэгт татаагүй байлгүй дээ?

-Монгол айл гэр болгоноос л насанд хүрсэн хүмүүс нь дайнд
явж байсан. Ах дүүтэйгээ цэрэгт явах нь энгийн үзэгдэл. Гэсэн ч миний ээж
долоон ахтайгаа дайнд явсан хүн. Нөхөр нь хошууч цолтой. Бас дайнд явсан хүн.
Миний аав бол байлдагчаас хошууч хүртэл
явсан хүн.

-Дайны үед ээж
тань ямар үүрэг гүйцэтгэж байсан бол?

-Ээж маань ариун
цэврийн зааварлагчаас авахуулаад сувилагчийн үүрэг гүйцэтгэсэн. Ариун цэврийн зааварлагчаар томилсон 528 дугаар ангийн 1936 оны аравдугаар сарын
23 гэсэн баримт байна. Өөрөө 1945 онд жолооч болъё гэсэн хувийн өргөдөл армид
өгсөн байдаг.

-Дайны үед
ээж тань хэдэн настай байв?

-Миний ээж
16-17-той л байсан. Дорнод, Хэнтий дайны
голомтод ойрхон байсан. Цэргийн алба хаасан ах нартайгаа ойрхон байсан байх.
Монгол Улсаа хамгаалах хүсэлт өргөдөлд
нь туссан байдаг. Музейд тавигдсан. Монгол бичгээр бичсэн байна лээ. “Дайны хар
балгийг би бие сэтгэлээрээ мэдэрч
яваагийн хувьд жолоочийн мэргэжилд
сураад, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхэд бэлэн байна” гэсэн
өргөдөл байсан.

-Шархдаж
байсан уу. Дайны үед юу үзэж туулсан бол?

-Шархдаж
байгаагүй. Дайны үед усыг хордуулсан эсэхийг өөрөө амсч, хоол унд үзэж
шалгаж байсан талаар хамт явж байсан
хүмүүс нь ярьдаг юм. Байлдааны үүрэг гүйцэтгэж, хүн эмчилж, эм найруулж байсан. Эм хангамж хүрэлцээгүй
үед давшилтад орсон цэргүүдийн
хойноос явахад их хүнд байсан
гэдэг юм.

-Дайнаас буцаж
ирсэн эмэгтэй хүний амьдрал яаж өрнөсөн
бол?

-Би ээжийнхээ
38-тайд гарсан хүүхэд нь. Гэхдээ дээр үеийн улсууд чамбай байсан. Ээж маань
дайнаас ирээд Гэмтэл согогийн больницод насаараа ажилласан. 1939 оны цэргийн ангиудыг татан
буулгалгүйгээр бэхжүүлээд чөлөөлөх дайнд оруулсан бололтой. Ном бичихдээ архивт
суусан. Цэргийн улсуудын хүүхдүүд аав ээж хаана томилогдоно тэр газар сургууль соёлд орж гарч байдаг жамтай. Ялалтын баяраар ахмад дайчдын
хоёрдогч амь болсон бид дуу хоолойгоо нийгэмд хүргэх ёстой.

-Та багадаа
аав ээж чинь дайнд оролцсон хүмүүс гэдгийг хэр мэдэрч өссөн бэ?

-Мэдрэлгүй яах
вэ. Дайнд оролцож байсан ахмад дайчид, дайны баатрууд манайд зочилдог байлаа. Зургууд
дээрээ ч тод харагдах байх аа. Ээж маань дал гаруй настай үедээ ангийнхаа
байлдагч нартай авахуулсан зургууд. Батлан хамгаалахын эмэгтэйчүүд, ангийн
дарга Нянтайсүрэнтэй авахуулсан зураг.

-Дайны хүнд
бэрхийг үүрсэн ч урт насална гэдэг сайхан хэрэг?

-Гэмтэл
согогийн больниц дайны үеийг
санагдуулахаар хүнд ажил. Осол гэмтэлтэй
хүмүүстэй ажиллана гэдэг амаргүй.
Цэргийн хатуужил насан туршдаа хэрэг болсон байх. Армиар хүмүүжсэн хүмүүс шаргуу үнэнч
хөдөлмөрлөдөг.

-Хүүхдүүдээ
яаж хүмүүжүүлдэг байв?

-Манай ээж зүйр
цэцэн үг их хэлдэг. Эмэг ээжийг маань Шүхэртийн Жалхаасүрэн гэдэг. Эмэг ээж маань бас агуу хүн. 13 хүүхэд
төрүүлээд, долоог нь дайнд явуулна гэдэг амар юм биш. Нэг л хүүхэд нь дайны
талбарт нас барсан гэдэг.

Гэмтлийн эмнэлэгт
өвчтөн яаралтай ирэхэд ээжийг боосон үед
бол эмч задалж үздэггүй итгэл хүлээлгэдэг. Хүний гар хөл хугарч гэмтсэн үед ч
хэвийн байдалд нь хурдан оруулдаг.
Үрэвсэж, идээ бээр болсон хөл гартай хүний хөл гарыг нь тайруулахгүйгээр үлдээж,
эдгээж байсан гэж нүдээр харсан хүн дурссан юм. Одоогийнх шиг
эм тариа хангалттай биш үед
боолтын сайнаар л эдгэж байсан гэдэг.

-Ахмад дайчдын
ярианы сэдэв юу байдаг бол?

– Энэ зураг таны
асуултын хариу болог. Энэ зургийг авахуулах үед би дэргэд нь байсан юм.
“Эмэгтэйчүүд дайнд оролцоход нэг баатар төрөх байлгүй дээ. За Норов минь ээ,
100 наслаарай, баатар болоорой” гэж дайчин нөхөр нь хэлэхэд ээж “Хүн болгон
намайг 100 наслаарай, зургаадай таяг тулаарай” гэж ерөөдөг юм чинь би 100
наслах байх аа гэж инээж байсан даа.


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 26 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.