Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: Г.Дэнзэн толгойгоо даахгүй болсон байна лээ

УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Г.Дэнзэнг та
эргэсэн юм байна. Нүдээр харахад бие нь ямар байна?

-Ер нь
өөрийгөө хэлмэгдсэн гэж бодож байгаа хүн
хурц тэмцлийн хэлбэрийг сонгодог. Урьд
нь Г.Дэнзэнгийн тухай би бусдын л адил сониноос уншаад явж байсан. Нүүр
нүүрээрээ уулзаж байгаагүй. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон болохоор нь би энэ
хүн буруугүй юм биш биз гэсэн асуултыг
өөртөө тавьсан. Г.Дэнзэнгийн өөрийнх нь
өгсөн болон өмгөөлөгчийнх нь ярилцлагыг анхааралтай уншлаа. Энэ хүн хэлмэгдэж
байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Энэ хүнийг буруутай ч бай
буруугүй ч бай амь насаараа дэнчин тавьж
байгаа учраас залуу хүний амь нас эрүүл мэндэд санаа зовсондоо би очиж эргэх шаардлагатай гэж үзээд албан бичиг хийгээд, өчигдөр очиж эргэлээ. 461 дүгээр ангийнхан намайг
саадгүй нэвтрүүлсэн. Уулзалтын үеэр хоёр эмч, харгалзагч, албаны хүмүүс
байлцсан. Намайг очиход эмнэлэгт хэвтэж
байлаа. Цоожтой, дөрвөн ортой өрөөнд ганцаараа байна лээ. Уруул нь хөдлөөд,
ярьж байгаа нь дуулдахгүй байв. Эмч нь
“Дуу нь сонсогдохгүй байгаа юм” гэж хэлсэн. “Гараа хөдөлгө дөө” гэхэд гараа
чанга атгаж чадахгүй, хуруунууд нь муу хөдөлж байсан. Толгойгоо даахгүй, тамир
тэнхээ байхгүй байсан.

-Өлсгөлөн
зарлаад хэр удаж байгаа юм бэ?

-Наймдугаар сарын
7-нд өлсгөлөн зарласан юм байна. Намайг очиход 12 хоног болж байна гэсэн.
Хоригдоод 89 хонож байна гэсэн. Энэ хугацаанд АТГ-аас хоёрхон удаа байцаалт
авчээ. Тодорхой нотлох баримт байхгүй. Ийм
нөхцөлд зохиомол хэрэг үүсгээд,
нэр төрийг нь гутаах кампанит ажил өрнүүлээд, улс орон даяар гутааж
байгаад л маш их гомдож байна лээ.
Өөрийгөө өмгөөлөх боломж гараад,
ганцхан удаа ярилцлага өгөхөд маргааш нь шууд баривчилжээ.

-Өлсгөлөн зарлахаас өмнө гэдсийг нь
цэвэрлэдэг гэсэн. Ингэхгүй бол эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг гэцгээх юм?

-Яагаад муудаж
байна, хордлогод орж байна уу гэж хорихын
эмчээс асуусан л даа. Г.Дэнзэнгийн яриа сонсогдохгүй ам нь хөдлөөд
байсан учраас эхний мэдээллийг эмч нар
өгсөн. Тэд “Г.Дэнзэн өөрөө татгалзсан
учраас шулуун гэдсэнд нь цэвэрлэгээ хийж чадаагүй” гэсэн. Өтгөнөө гаргасан гаргаагүйг нь мэдэхгүй
байсан. Өлсгөлөн зарласнаас хойш 13 хоноход энэ хүн түгжрэл болж байгаа юм уу,
хордлого болж байгаа юм уу мэдэхгүй.
Ямар ч шинжилгээ аваагүй, цэвэрлэгээ хийгээгүй гэсэн. Энэ нь Г.Дэнзэн өөрөө татгалзаж байгаагаас
болсон гэж эмч нар тайлбарласан. Дараа
нь би ганцаарчилж уулзахаар эмч,
харгалзагч нарыг гарч байгаач гэж хүсээд,
нүүрэнд нь чихээ нааж яриаг нь
сонссон. Яагаад клизм тавиулаагүй,
хордлогод орчихов, бие чинь яагаад муудчихав, хүндэрсэн үү гээд эрүүл мэндийн
зүгээс нь асуусан л даа. “Өлсгөлөн зарласнаас хойш огт хүндрээгүй, клизм
тавиулаагүй. Долдугаар сарын 21-нээс хойш өлсгөлөн зарлах хүсэлтээ удаа дараа
тавьсан. Тэр үед зөвшөөрөөгүй. Зөвшөөрөхгүй болохоор нь наймдугаар сарын 7-нд
шууд өлсөж эхэлсэн” гэж байна лээ. Энэ
хүн тэмцэл хийх гээд байгаа юм байна, эрхээ эдлэх гээд байгаа юм байна. Энэ
хүний биеийг цэвэрлээд өгчихье гэж уг нь
санаачилга гаргах хугацаа байжээ. Бие нь яаж байна гэж асуухад “Толгой заадал
болгоноороо маш их өвдөж байна. Биеийн бүх эрхтэн өвдөж байна” гэсэн. Хаанаа юу
нь өвдөөд байгааг мэдэхгүй. Цээж, дотор
тэр чигээрээ өвчтэй байгаа гэсэн.
Би хэлсэн л дээ. “Хордлогод орж, түгжрэл болоход хүний тархи толгой, бие
өвддөг, яс шархирдаг. Тийм учраас
клизмээ яаралтай тавиулж, эмчилгээндээ
орох хэрэгтэй” гэж зөвлөсөн. Өөрийн чинь
тэмцэл хурц, эрүүл мэндэд чинь муу хэлбэрээр явж байна гэж хэлсэн.

-Ус ууж байсан
уу?

-Уруул чийглэх
төдий ус хажууд нь байна лээ. Толгойгоо даахгүй, хэвтэрт орчихсон. Цэвэр усны саванд бие засч байгаа юм
билээ. Цай уулгачихъя гэж бодоод
өндийлгөөд хорихоос өгсөн хувцанцар саванд хийсэн цайг уулгах гэж үзсэн. Гурав, дөрөв балгачихаад
“Ходоод өвдөөд байна” гэсэн. Ус, цай уунгуут өвдөхийг бодоход ходоод нь
шархтай байж магадгүй. Хамгийн гол
зовиур нь юу байна гэж асуухад “Хамгийн
аюултай хүндрэл нь цөс” гэж эмч нь хэлсэн.
Гар хөл байнга хөлөрч, хүйтэн, цус багадалтын шинжтэй цагаан өнгөтэй
байсан.

-Эрүүл
мэндийнх нь байдлын талаар эмч нар нь мэдээлэл хийгээд, арга хэмжээ авч
болоогүй юм байх даа?

-Саяхан хорих
хугацааг нь сунгасан юм байна. Эрүүл мэндийн
байдлыг нь харгалзаад хорихгүйгээр гадуур байцааж болдоггүй юм уу гэж
асуусан л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан тэнд хорьж байгаа хүмүүс
“Энэ шийдвэрийг бид гаргадаггүй, шүүх гаргадаг” гэсэн. Шүүгч л мэдэж хорихоос
чөлөөлдөг. Сүүлийн үед АТГ-тай холбоотой хэрэг дээр тэдний саналаар бүх шийдвэр гарч байгаа гэнэ.
Шүүхийн шинэчлэл хийгээд шүүгчийг аль болох хараат бус байлгах гээд шүүхийн төсөв хэл амтай батлаад байгаа. Тэгэхэд шүүгч хараат бус
болж чадаж байна уу гэдэг эргэлзээ төрүүллээ.

-Өлсгөлөн
зарлалаа гээд хариуг нь өгч байгаа юм уу?

-Энэ баасан
гаригт шүүх дахиад хуралдах юм шиг байна лээ. Гэхдээ хорих хугацааг сунгах
эсэхийг хэлэлцэх хурал онлайнаар явдаг.
Тэр үед телевизийн цаанаас харж байгаа учраас шүүгдэгчийнхээ биеийн байдлыг
харж мэдэрч шийдвэр гаргах боломж
муутай. “Шүүхийн шийдвэр АТГ-ын хүссэнээр гардаг учраас би тэмцлээ үргэлжлүүнэ”
гэж Г.Дэнзэн яриад байна лээ.

-Н.Алтанхуягийн
ойрын хүн учраас Г.Дэнзэн хэлмэгдсэн гэж
та үзэж байна уу?

-Надад
харамсалтай дүр зураг харагдсан. Нэгдүгээрт манай нийгэм тэр чигээрээ яллах сэтгэлгээтэй байна. Өчигдөр Г.Дэнзэнг
эргээд ирлээ гээд жиргэхэд “Больж больж,
үхээсэй, хохь нь” ч гэх шиг сэтгэгдлүүд
орж ирсэн. Манайхан олон жилийн өмнө болсон хэлмэгдүүлэлтийг мартчихаад байна.
“Ногоон нүдэн лам” номыг бичсэн болохоор ч тэр үү өнөөдрийн улайрсан дүр төрх гучаад оныг санагдуулах боллоо. Улс
төрийн зорилгоор хэн нэгнийг яллахыг нийгмээрээ хүлээж авмааргүй байгаа юм.
1922 онд Бодоог бариад алчихсны дараа “Бодоо юу болчихов оо, хэлмэгдүүлчихэв
үү, гэмт хэрэгтэн байсан уу гэдгийг нийгмээрээ огт хэлэлцэхгүй, Данзангаа
буудаад алчихсан байдаг. Данзанг буудсан нь зөв үү буруу юу гэдгээ хэлэлцэж
амжаагүй дараагийн хэлмэгдүүлэлт үргэлжилсэн.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийг жижиг дүр гэлгүйгээр хэлэлцмээр байна. Тэгж
байж дараагийн хэлмэгдүүлэлтээс сэргийлэх дархлаа бий болгоно. Эрүүл мэндээ
бодоод өлсгөлөнгөө зогсоож, эмчилгээ хийлгэж болдоггүй юм уу гэхэд “Улс төрийн хэлмэгдэгч болж байна, би. Залуу
хүнийг хэлмэгдүүлэхийг зогсоохын тулд өлсгөлөн зарласан юм. Над шиг залуучууд
улс төрд орж ирнэ. Тэр бүхэн над шиг хэлмэгдэх юм уу” гэж бас хэлж байна лээ.
Чи яагаад муу хүн өмгөөлөөд байгаа юм гэж надаас зарим хүн асуусан. Үндсэн
хуульд сайн хүнийг өмгөөлж болно, муу хүнийг өмгөөлж болохгүй гэсэн заалт байхгүй. Хүн амьд явах эрхтэй, шударга
шүүхээр шүүлгэх эрхтэй, өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж байдаг. Гэм буруутай ч бай
үгүй ч бай би бол “Гэм буруутай нь шүүхээр тогтоогдтол гэм буруугүй гэж үзнэ”
гэсэн Үндсэн хуулийнхаа зарчмаар хандаж байгаа. Ардчилсан хувьсгалаас өмнө эрх баригчид хэнийг гэм
буруутай гэж зарлана тэр хүн шууд гэм буруутайд тооцогдоод өмгөөлөгч ч
олдохгүй, шууд шүүх хурал нь болоод, бууддаг байлаа. Авлигатай тэмцэх нь шударга
ёсны асуудал. Гэхдээ хүний эрхийг
дэвслээд хаячихаж болохгүй.

АТГ Н.Алтанхуяг
гэдэг хүнтэй яагаад дайн зарласныг мэдэхгүй. Яах аргагүй түүний хүүхэд, зөвлөх,
туслахуудыг АТГ онилж байна л даа. Онилж
хэрэг үүсгэж байгааг улс төрийн зорилготой гэж үздэг. Эрдэнэт үйлдвэр дээр
асуудал гарлаа гэхэд захирлыг нь асуудал дээр шалгахаас биш ТУЗ-ийн даргыг нь
хэн ч шалгаж байгаагүй. Гэтэл Эрдэнэс Таван толгой гэдэг компани дээр ТУЗ-ийн
дарга, тендер зарлах эрхгүй Г.Дэнзэн гэдэг хүнийг хорьсон нь ойлгомжгүй. Г.Дэнзэн гэдэг хүн
Н.Алтанхуяг гэдэг хүний туслах байсантай холбоотой суулгаад байна гэж
ойлгогдоод байгаа юм. Хатуу факт,
нотолгоо байхгүй бол тэр хүнд эрх чөлөөг нь зоригтой өг. Баримт нотолгоо байхгүй үед хүнд эрх чөлөө өгч чаддаггүй, хэргийг нь ч нотолж чадахгүй
амьдаар нь тамлаад байж болохгүй. Г.Дэнзэн бол яг ийм байдалд байна.

-Г.Дэнзэнг
эргэж, өмгөөлж хамгаалахыг Н.Алтанхуяг танаас гуйсан уу. Та
Н.Алтанхуягийн Засгийн газарт сайд байсан. Хүний эрхийн талаар өөрийн дуу
хоолойтой байдаг учраас хүмүүс сонирхож
магадгүй?

-Надад хэн ч хүн
өмгөөлөөд өгөөч гэж захиалга өгч байгаагүй.
Шударга бус санагдсан үед л би
дуугардаг.

-Г.Дэнзэн
гэрээслэлдээ юу бичсэн бол?

-Гэрээслэлийн агуулгыг олон нийтэд хүргэх эсэхийг өмгөөлөгч
нар нь шийдэх байх. Намайг ороод уулзахад гэрээслэлээ өгөөд “Үүнийг дамжуулж
өгөөч” гэж шивнэсэн. “Өмгөөлөгчид маань
гардуулна уу” гэсэн болохоор өмгөөлөгчид нь дамжуулсан. Гэрээслэлийг нь
цагдаагийн газрынхан ч хувилж авдаг юм шиг байна лээ. Бүртгэж аваад, тамга дарж
байсан. Би дамжуулж өгсөн.

Б.Янжмаа

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад эхэллээ

Монгол Улсын
нийслэлд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад анх удаа зохион байгуулагдахаар
болж, өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Өсвөрийн шатарчдын дэлхийн
олимпиадыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Эрүүл
мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, ОУШХ-ны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов болон
албаны хүмүүс оролцсон юм.

Тэмцээн энэ сарын
19-29-ний өдрүүдэд “Хүннү молл” цогцолборт болно. Тэмцээнд Хятад, Унгар,
Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг нийт 23 орны 170 гаруй баг
тамирчид оролцож байна. Чансаагаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний
дараа орох, Дэлхийн шатрын холбооны календартад орсон, оноо цуглуулдаг том
тэмцээн юм. Манай улсаас нийт 50 гаруй өсвөрийн тамирчин зургаан баг болж
оролцохоор бэлтгэлээ хангажээ. Тэмцээнд Их мастер найм, Олон улсын мастер 11,
ОУШХ-ны мастер 28, ОУШХ-ны дасгалжуулагч 27, ОУШХ-ны шүүгч 20 оролцож байна.

Тус тэмцээний
үеэр “Mongolia Open” олон улсын нээлттэй тэмцээн болно. Түрүүлсэн тамирчин
зургаан сая төгрөгийн шагнал авах аж. “Mongolia Open”-д дэлхийн супер их
мастерууд ирж тоглож байгаагүй бөгөөд энэ жил 20 гаруй орноос 150 тамирчин
оролцохоор бүртгүүлсэн байна. Үүнээс арав гаруй нь дэлхийн шилдэг их мастерууд
байна. Тус тэмцээнд манай улсын найман их мастерын зургаан нь оролцохоор
бүртгүүлжээ. Тэмцээний үеэр ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох сургалт,
сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай сургалт зохион байгуулна.
Олимпиадыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулснаар цаашид ОУШХ-оос жил бүр
зохион байгуулдаг нэр хүндтэй тэмцээн болох Азийн өсвөрийн аварга шалгаруулах
тэмцээн /2016/, Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн /2017/, Сурагчдын
дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2018/-ийг Монголд зохион байгуулах боломжтой.
Түүнчлэн, 2021 оны Дэлхийн цом, 2022 онд Дэлхийн Шатрын Олимпийг эх орондоо
зохион байгуулах таатай нөхцөл бүрдэх юм байна.

Нээлтийн үеэр
өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын
гишүүн Я.Санжмятаваас тэмцээний талаар сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Энэ
тэмцээнийг зохион байгуулахаас өмнө, өнгөрсөн жил Завхан аймагт 9999 шатарчдын
тэмцээн болсон. Тус тэмцээнээр ОУШХ-ны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ирсэн юм.
Энэ үеэр монголчууд шатраар дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болсон талаар
ярилцаж, ирэх жил энэ олимпиадыг монголд авахаар ярилцаж байлаа. Бидний
ярилцсан эрчүүдийн яриа өнөөдөр биелж байгаад баяртай байна. Манай эх оронд
зохион байгуулагдахаар зөвшөөрөл өгсөн ОУШХ-нд талархаж буйгаа илэрхийлж байна.
Мөн Засгийн газрын шийдвэр гарч Дэлхийн шатрын холбооны зөвшөөрлийн дагуу
өсвөрийн шатарчдын олимпиадыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу тус
ажлыг зохион байгуулах хорооны даргаар ажиллахдаа миний бие маш их баяртай
байлаа. Хүүхдүүдээ тивийн болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцуулах, сайн их мастеруудыг төрүүлэхийн тулд хичээж ажиллах ёстой. Тиймээс
энэ тэмцээнийг арав хоногийн хугацаатай Монголд зохион байгуулна. Монголоос
удахгүй дэлхийн аварга төрнө гэдэгт итгэлтэй байна. Бид энэ тэмцээний үед
өнгөрсөн жил шатар тоглосон 11 180 хүүхдээ дэлхийн шатрын холбооны гишүүнээр
элсүүлэх гэж байна. Энэ нь монголчуудыг дэлхийд сурталчилсан том арга хэмжээ
болно. Мөн “Mongolia open” тэмцээнийг өөрийнхөө ивээл дор зохион байгуулж
байгаа. Улмаар шатрын тэмцээнд ирсэн их мастеруудыг монголын шатарчидтай
танилцуулах, харилцан туршлага солилцох, багш шавь болох бололцоог бүрдүүлэхэд
өндөр ач холбогдол өгч байгаа” гэсэн юм. Харин ОУШХ-ны Ерөнхийлөгч Кирсан
Илюмжинов “Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа өсвөрийн шатарчдын дэлхийн
олимпиадад өөрийн биеэр оролцож байгаадаа их баяртай байна. 186 орныг
гишүүнээрээ элсүүлсэн ОУШХ-ны зүгээс монголын эрхэм сайд нар, шатарчдадаа
мэндчилгээ дэвшүүлж байна. ОУШХ 186 гишүүн холбоодтойгоос хамгийн идэвхтэй нь
Монгол Улс юм. Тиймээс үзэсгэлэнт Монгол Улсад дэлхийн өсвөрийн шатарчдын
олимпиадыг зохион байгуулах эрхийг олгосон. Энэ тэмцээнийг өндөр түвшинд зохион
байгуулж байгаа Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад зохион байгуулах хорооны
дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нартаа
маш их талархаж байгаагаа илэрхийлье. Энэ шатрын тэмцээнээс ирээдүйн дэлхийн
аварга төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тамирчдын буусан “Чингис” зочид буудал
их таалагдаж байгаа. Тав тухтай байгаадаа зочид их баяртай байгаа шүү” гэсэн
юм.

С.Ариун

Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Засгийн газрын үнэт цаасан дээр долоо хоног бүр 20-30 тэрбум төгрөгийн захиалга ирж байна

Монголын Хөрөнгийн
биржийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.

-Хөрөнгийн бирж
түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй арилжаагаа хийлээ гэсэн мэдээ эдийн засаг хэцүү
байгаа энэ үед таатай сонсогдож байна. Өмнө нь үүнтэй дөхүү арилжаа хийсэн жил бий
юу?

-Мягмар гариг бүр Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн
арилжаа явж байгаа. Уржигдрынх ээлжит арилжаа байсан л даа. 5041 дэх нь. Арван тэрбум
төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалагдсан. Энэ он гарсаар нийт арилжааны
дүн 356 тэрбум боллоо. Хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсанаас хойших дүнтэй харьцуулахад
хамгийн өндөр нь болж байгаа юм. Хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр арилжааг энэ
жил хийсэн нь дөнгөж эхлэл. Хөрөнгийн зах зээл цаашдаа улам хөгжих, дотоод, гадаадын
хөрөнгө оруулагчдыг татах бололцоотой. Дөхүү арилжаа хийсэн жил гэвэл 2011 он байна. Тэр үед Монгол Улс дэлхийн гэж хэлж болохоор анхаарлын
төвд байсан шүү дээ. Хөрөнгө оруулалтаас эхлээд бүх талаараа. Улс төр нь тогтвортой,
эдийн засгийн орчин дажгүй байсан. 2011 онд
350.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байдаг.

-Засгийн газрын
үнэт цаас гэсэн бүтээгдэхүүн орж ирээд бараг жил болж байна уу?

-Найм, есөн сар болж
байна. Үнэнийг хэлэхэд манай зах зээлийнхэн ч тухайн үедээ таашаалтай хүлээж аваагүй.
Манай зах зээлийн гол бүтээгдэхүүн бол хувьцаа. Засгийн газрын үнэт цаас Монгол
банкин дээр байхад л болно гэсэн хандлага давамгайлж байсан. Гэтэл Засгийн газрын
үнэт цаас зах зээлд бусад шинэ боломжуудыг нээж өгсөн.

-Компанийн бонд
арил­жаалахаар болсныг хэлж байна уу?

-Тийм.

-Ингэхэд компанийн
бонд гаргах ажил хэр амжилттай байгаа вэ?

-Засгийн газрын бонд
зарагдсанаар бусад санхүүгийн хэрэгсэл, ту­хайлбал, компаниуд бонд гаргах боломж
нээгдсэн. Ер нь Хөрөнгийн бирж гэдэг чинь дэлгүүр. Өмнө нь хүн ордоггүй, харанхуй,
авахаар бараагүй дэлгүүр байсан. Гэтэл одоо Засгийн газрын үнэт цаас зарагдсанаар
байнгын хүнтэй, байнгын эргэлттэй, үе үе том хэмжээний арилжаа хийчихдэг дэлгүүр
боллоо.

Энэ дэлгүүрийг бараагаа тавих, худалдан авалт хийх хүмүүсийн
аль аль нь сонирхдог. Анхны даатгагдсан корпорацийн бонд болох “Эрчим” бонд өнгөрсөн
долоо хоногт нээлтээ хийлээ. Энэ баасан гаригт захиалга нь хаагдах гээд байж байна.
500 орчим сая төгрөгийн бонд гаргах юм.
“Эрчим инженеринг” компани тендерийн баталгаа гаргах зорилгоор гаргаж байгаа юм
билээ. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн бүртгэлийн бүх шаардлагыг
хангаад олон нийтэд зарагдах нөхцөл нь бүрдсэн.

-Энэ бондыг худалдаж авах хүмүүсийн сонирхол
хэр байна?

-Захиалгын сан нээгдээд дөнгөж нэг цаг болоход 500 сая төгрөгөөс
дээш хэмжээний захиалга ир­чихсэн. Одоогийн байд­лаар анх төлөвлөснөөс хоёр, гурав
дахин их хэмжээний захиалга ирээд байна. Баасан гариг хүртэл нэмж захиалга орж ирэх
байх. Бидний харж байгаагаар дор хаяж хоёр тэрбум төгрөгийн захиалга ирэхээр байна.
Бусад компанийн хувьд хувьцаагаа биш юм гэхэд ямар ч байсан Хөрөнгийн зах зээл дээр
бонд гаргаж хөрөнгө татах боломж нээгдлээ. Ер нь бонд гэдэг тухайн компанийн нэрийн
хуудас байдаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүжилт нь зөв байх ёстой.
Компаниуд хэн хамгийн урт хугацаатай, бага хүүтэй бондыг хам­гийн хурдан хугацаанд
гаргаж байна вэ гэдгээрээ өрсөлддөг. Дахин хэлэхэд энэ бол тухайн компанийн санхүүгийн
зах зээл дэх нэрийн хуудас нь. Зээлжих зэрэглэл нь AAA үнэлгээтэй “Apple”,
“Coca cola” зэрэг компани гэхэд л
500 тэрбум ам.доллартай тэнцэх хэм­жээний санхүүжилтийг нэг сарын дотор 3-5 хувийн
хүүтэй босгоно гэдгээрээ өрсөлдөнө гэсэн үг. Үүнийг л Монголын хөрөнгийн зах зээл
дээр ажил болгоё гэж байгаа юм. Эхлэл нь “Эрчим” бонд.

-Тэгэхээр компаниудын хувьд банкны богино
хугацаатай зээлээс гадна урт хугацаатай, хүү багатай мөнгийг хөрөнгийн захаас босгох
боломж нээгдлээ гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Компаниудын санхүү­жилтийн зам сүүлийн
25 жилд нэг л байсан. Тэр нь аль нэг арилжааны банкин дээр очиж зээл хүсэх. Цаашаа
явахгүй зам л даа. Банкны системийн гаргадаг бүтээгдэхүүн нь урт хугацаатай биш.
Дэлхий нийтийн жишиг нь ч тийм. Манайд бусад зах зээл нь хөгжиж амжаагүй учраас
ямар нэг өөрчлөлтгүй яваад байгаа. Уг нь санхүүгийн зах зээл нь хөгжсөн бусад улсын хувьд богино хугацаатай санхүүжилтээ банкнаас,
урт хугацаатайг нь хөрөнгийн зах зээлээс босгодог. Энэ бол тогтсон зарчим. Бид ч
гэсэн ийм чигээр явахгүй бол эдийн засаг хөгжихгүй. Ингэлээ гээд банкны систем муудна гэсэн үг биш.
Хө­рөнгийн зах зээл, банкны зах зээл хамтдаа хөгжиж байж, эдийн засгийнхаа тулгуур
болох ёстой. Гэтэл өнөөдөр нийт санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк гэчихээр
эдийн засгийнхаа нийт хөгжлийг дэмжиж чадахгүй болчихоод байгаа юм. Өөрөө ч хөгжихгүй,
бусдыг ч хөгжүүлэхгүй яваад байна. Тэгэхээр юуны өмнө санхүүгийн гажуудлаа засах
ёстой. Засах арга нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Цаашлаад үе шаттайгаар бусад
зах зээл­дээ анхаарах учиртай. Жишээ нь даатгал байна. Даатгагдсан бонд гаргана
гээд байгаа нь ийм учиртай. Хөгжиж чадахгүй байгаа хоёр зах зээл дундаасаа бүтээгдэхүүн
гаргаж ирж байгаа хэрэг. Төрөөс ч бод­логоор дэмжих ёстой.

-Компанийн бондыг компаниуд хэр сонирхож
байна вэ?

-Маш их сонирхож бай­на.

-Аль салбарынхан голч­лон сонирхож байгаа
вэ, лав л барилгын сал­барынхан сонирхлоо
илэр­­хийлчихсэн…?

-Үйлдвэрлэл явуулдаг компаниуд их сонирхож байгаа.

-Ер нь ойрын үед ком­­панийн даатгагдсан
бондоор хэчнээн төгрөг босгох боломж харагдаж байгаа вэ?

-Ирэх нэгээс хоёр сарын дотор таваас арван тэрбум төгрөгийн
бонд гаргачих болов уу. Эрчимтэй судалгаа хийгээд явж байна. Бидний зорилго бол
ТОП-100 ком­пани. “Эм Си Эс”, “МАК”, “Петровис”, “Моннис” зэрэг компаниуд
бүгд хөрөнгийн зах зээл рүү орж ирэх ёстой. Бонд гаргаж, бондынхоо өгөөжөөр өрсөлдөж,
хам­гийн бага хүүтэй хамгийн найдвартай гэсэн нэрийн хуудсаа гаргах цаг ирсэн. Бонд
гаргаж байгаа компани муу гэсэн үг биш. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулагчдын
итгэлийг хүлээж байгаа л гэсэн үг. Банкнаас зээл авах нь зөвхөн хоёр талын нуугдмал
харилцаа учраас ямар хүүтэй, хэр итгэлцэл үүсэх нь мэдэгддэггүй. Олон нийтэд зарж
байгаа тохиолдолд өөр. Олон нийт таны гаргасан үнэт цаасыг авч байна гэдэг ондоо
зүйл. Тэд танд итгэж байгаа гэсэн үг. Хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсын гол үзүүлэлт
энэ л дээ.

-Хөрөнгийн зах зээл дээр тоглогчид хэт
цөөн, арилжаа нь хяз­гаарлагдмал хүрээнд эргэлддэг гэдэг. Үнэт цаасны захиалагч
эрс өссөн гэхээр энэ зах зээл дээр тоглох сонирхолтой хүмүүс нэмэгджээ дээ?

-Байдал өөрчлөгдөж байна. Цаашдаа ч тоглогчид нэмэгдэнэ гэж
харж байгаа. Өмнө нь хөрөнгийн зах зээл рүү орох гэхээр бү­тээг­дэхүүнгүй гэсэн
шалтгаан байсан. Ягаан, цэнхэр та­салбараар үүссэн хувьцаа л гэж байсан. 400 гаруй
компанийн хувьцаа. Энэ хувьцааг махаар зүйрлэж яривал хүмүүс сайныг нь сорчилсоор
байгаад хэдхэн яс үлдчихсэн. Тэр хувьцаануудаас нэмж харах юм байхгүй гэсэн үг.
Хөрөнгийн зах зээл мөлжөөд дууссан яс буюу хөрвөх чадвар багатай хувьцаа зардаг
учраас хөрөнгө оруулагчид сонирхох боломжгүй байсан юм. Одоо бол өөр. Засгийн газрын
үнэт цаас гэсэн бүтээгдэхүүн байна. Компанийн бонд гэсэн бүтээгдэхүүн ороод ирлээ.

-Компанийн бонд хөг­жих ирээдүй манайд хэр байна?

-Компанийн бондын хувьд ойрын тав хүртэл жилийн хугацаанд маш
хурдацтай хөгжинө. Хаалттай байгаа Монголын топ 100 компаниуд дунд хугацаандаа хувьцаат
компани болох зорилгын эхлэл нь бонд. Эхлээд бондоо гаргаад сурчих хэрэгтэй. Хөрөнгө
оруулагчтайгаа шууд харилцана гэсэн үг. Түрүүн
хэлсэн дээ. Сүүлийн 25 жилд ямар ч том компани зээлээ банкнаас л авдаг байсан учраас
олон нийтийн санхүүгийн харилцаа үүсч эхлээгүй. Хөрөнгийн зах зээл рүү энэ компаниудыг
оруулаад ирэхээр хөрөнгө оруулагчид хүссэн хүсээгүй олон сонголттой болоод ирж байгаа
юм. Дэлгүүрээр зүйрлэж яривал олон бү­тээгдэхүүнтэй болсон хэрэг. Засгийн газрын
үнэт цаас, компанийн бонд сайн хөгжвөл бусад үүсмэл үнэт цааснууд үүсч эхэлнэ. Өөрөөр
хэлбэл санхүүгийн бусад шинэ хэрэгсэл үүсэх боломж нээгдэнэ. Бонд, хувьцаа, өгөөж
дээр суурилсан ч байдаг юм уу. Хөрөнгө оруулагчдын сонирхол ондоо. Зарим нь эрсдэл
багатай хөрөнгө оруулалтыг сонирхдог. Нөгөө хэсэг нь эрсдэл ихтэй, өндөр өгөөжтэйг
нь илүүд үздэг. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэвэл хүн бүрийн онцлогт тохирсон
олон төрлийн бүтээгдэхүүн байх ёстой. Тоглох талбарыг нь өргөсгөөд өгчихвөл хө­рөнгө
оруулагчид аяндаа сонирхоод ирнэ. Учир нь хөрөнгийн зах зээл гэдэг дэлхийн санхүүгийн
200, 300 жилийн түүхэнд бат­лагдсан систем. Хөрөнгө оруулагчдын хувьд мөнгөө өсгөх
таатай боломж.

-Банкинд мөнгөө хад­галуулснаас юугаараа
давуу гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Банкинд зургаан сарын хугацаатай хадгаламж бай­даг байх. Гэхдээ
хүү нь бага. Жилийн 10, 12 хувийн л хүүтэй байгаа. Банкинд мөнгөө хадгалуулчихаар
хугацаанаас нь өмнө авч болдоггүй. “Эрчим” бондын хувьд бол өөр. Зуун мянган төгрөгөөр
бонд худалдаж авлаа гэж бодъё. Зургаан сарын дараа 9000 төгрөгийн хүүгийн ашиг гээд
ороод ирнэ. Ийм л боломж байгаа юм. Иргэд ихэвчлэн улс төр яриад байдаг. Н.Энхбаяр,
Ерөнхийлөгчийн хориг, авлига, шинэ сайдуудын таамаг яриад байна л даа. Яахав улс
төр ярьж болно, гэхдээ амьдралдаа хэрэг болохоор ийм зүйлийг со­нирхмоор, яримаар
бай­гаа юм. Ядаж л өөрт нь хэдэн төгрөг ороод ирнэ. Хэрэгцээнээсээ илүү гарсан мөнгөөрөө
хөрөнгийн зах зээл дээр тоглоод сурчихвал сар бүр хөрөнгө нь нэмэгдэнэ. Үүнийг л
“Эрчим” бонд нээж өгч байна.

-Хөрөнгийн зах зээл рүү оръё гэхээр өчнөөн
ажил болно гэж төвөгшөөдөг байж мэдэх юм?

-Маш энгийн процесс шүү дээ. Брокер дээр очиж дансаа нээлгэнэ. Үсрээд л 5000 төгрөг өгнө. Банкнаас үнэт цаасны
данс руугаа мөнгө шилжүүлэх нь хэдхэн минутын ажил. Захиалга өгөх нь хоёрхон минутын
ажил. Ингээд л хөрөнгийн бирж дээр идэвхтэй тоглогч байх боломж үүсчихнэ.

-Засгийн газрын бондын эрэлт өсөөд байгаа
ийм үед хязгаарыг нь нэмж болдоггүй юм уу?

-Сангийн яамны мэдэх асуудал л даа. Ямартай ч зах зээлийн эрэлт
их байна. Хөрөнгийн бирж дээр долоо хоног бүр 20-30 тэрбум төгрөгийн захиалга ирж
байна. Зөвхөн Засгийн газрын үнэт цаасан дээр гэхээр өндөр тоо байгаа биз. Сангийн
яамны хувьд зөвхөн арван тэрбумыг нийлүүлнэ
гэсэн хязгаар тавьж байгаа. Тийм учраас хүү нь буураад байна. Хөрөнгийн бирж рүү
орж ирэхээс өмнө Засгийн газрын үнэт цаасыг дөрөвхөн банкинд зардаг байсан. Нөгөө
хэд нь хүүгээ тогтоодог байсан учраас хүү нь 9-16 хувь хүртэл хяналтгүй өсч байсан.
Хөрөнгийн бирж орж ирснээр өнөөдрийн байдлаар гэхэд хүү нь хоёр хувиар буураад байна.
16 байсан хүү 14 хувь болсон гэсэн үг. Мэдээ тайлан нь, хэн авсан нь ил болоод өрсөлдөөн
үүсэхээр эрэлт нь нэмэгдэж хүү нь буурч байгаа хэрэг. Ач холбогдол нь энэ. Энэ бол
зөвхөн Хөрөнгийн бирж дээр гарч байгаа үнэт цаасан дээр яригдахгүй. Нийт зах зээлд
нөлөөлнө. Засгийн газар 16 хувиар гаргана гэхээр компани 18 хувиар гаргана гэсэн
үг. Засгийн газрын үнэт цаасны хүү 14 болонгуут компани 16 хувиар гаргах боломж
нээгдэж байгаа юм. Компаниудад санхүүжилт олдохгүй байгаагийн шалтгаан нь Засгийн
газ­рын үнэт цаас өндөр хүү­тэй болсных. 14 бол буурсан байгаа ч бага гэж хэлэхээргүй
хүү. Цаашдаа ч хүү буурах боломж бий.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Андрей Туяа: Эх орныхоо өв соёлыг “Монгол Арт” шоугаараа дэлхийд таниулна

Монгол
соёлыг дэлхийд түгээх чин хүсэлтэй нэгэн хөдөлмөрч бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг
Андрей Түвшинтуяа гэдэг. АНУ-д 13 жил ажиллаж амьдарчээ. Энэ хугацаанд
Монголынхоо өв уламжлалыг гадныханд сурталчлах олон ажлыг санаачилсан байна.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Сан-Фрациско хотноо “Монгол Арт“ шоуг анх удаа
амжилттай зохион байгуулж чадсан юм. Эх орондоо цөөхөн хоногийн хугацаатай
ирээд байгаа түүнтэй уулзлаа.

-“Монгол Арт”
шоу гадаадынхны сэтгэлийг маш их хөдөлгөсөн арга хэмжээ болсон гэсэн. Ийм шоу
зохион байгуулах санаа яаж төрсөн тухайгаа эхлээд сонирхуулахгүй юу?

-“Монгол Арт”
шоунд маань АНУ-д амьдардаг монголчууд төдийгүй дипломатууд, гадаадын томоохон
зочид төлөөлөгчид гээд 600 орчим хүн цугларсан ч үнэхээр дэлхий дахинд хүрч
чадсан шүү. Тэнд хүрэлцэн ирсэн зочдод шоу маш их таалагдсан. Ялангуяа
гадаадынхан Монгол орны болоод энэ улсын ард түмний талаар зөв ойлголттой болж,
ихээхэн хүндэлж байна. Америк бол шоу бизнесийн орон. Тиймээс зураачдын уран
бүтээлийг үзэсгэлэн хэлбэрээр гаргахын оронд шоу маягаар Монголын урлагийн
тоглолттой хослуулбал олон хүнд хүрнэ.
Учир нь уран зураг бол зөвхөн зураг сонирхдог хүмүүст л хүрдэг. Тиймээс
зургаан сарын турш бэлдсэн “Монгол Арт” шоугаа АНУ-ын Сан-Франциско хотод
зохион байгуулсан.

-Гол
оролцогчид нь ямар хүмүүс байсан бэ?

-Дэлхийн маш олон
оронд үзэсгэлэнгээ гаргасан Цацаа буюу Зазаа, калиграфчин Амарсанаа хоёр маань
гол баатрууд л даа. Шоу хийхэд нүсэр зардал гарсан. Тэглээ гээд би бууж
өгөөгүй. Хамгийн сайхан нь Америкт амьдардаг монголчууд маань чин сэтгэлээсээ
оролцож байсан. Америк дахь оюутны холбооны залуус, загвар өмсдөг охид
өөрсдийнхөө дээл хувцсыг бэлдээд ирэх жишээний. Мөн “Хөх тэнгэр” хамтлаг
Төмөрчөдөр багштай морин хуурын баг, нугараач охин гээд бүгд л Америкт ажиллаж,
амьдардаг урлагийнхан маань идэвхтэй оролцсон шүү. Бид зохиолдоо тааруулаад хувцас, тайзаа
өөрсдөө зассан. “Жалам хар”-ын ая эхлэхэд зураачид маань зургаа тэр хэмнэлд нь
тааруулан эмоцтойгоор зурж байлаа. Ингээд ая дуусахад манай хоёр зураач ч
зургаа дуусгаж, үнэхээр сэтгэл хөдөлгөж байсан. Тэнд очсон олон хүний омогшил
төрж, уйлж байсан гээч. Дундуур нь этник Зоригоогийн маань хөөмийн эгшиг
холбож, тэр орой үнэхээр гайхалтай, Монгол орныг таниулж чадсан.

-“Монгол Арт”
шоу дэлхийг тойрно гэлүү. Ойрын хугацаанд хаана зохион байгуулахаар төлөвлөж
байна вэ?

-Би Америкт
амьдардаг болохоор ямартай ч тэндээс эхэлсэн. Цаашлаад дэлхийг тойрно. “Монгол
Арт” шоу болсны дараа надад маш олон
захидал ирсэн. Монголчуудын зүгээс “Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсанд
баярлалаа” гэсэн бол гадаадынхан “Монголын талаар мэдээлэл өгч, бидний нүдийг
нээсэнд талархлаа” гэж байсан. Мөн Европын орнуудаас нэлээд захидал ирсэн.
“Хэзээ манай улсад ирэх гэж байна вэ. Бид туслахад бэлэн” гэж байсан л даа.
Ямартай ч энэ ондоо багтаад Лос-Анжелес, Лас-Вегас хотод шоугаа явуулна гэсэн
зорилготой байгаа.

Эхний удаад бид
Монголынхоо түүх соёлыг орчин үеийн гэрэл чимэглэл хосолсон байдлаар зохион
байгуулсан л даа. Яваа яваандаа сайжруулна. 3D, усан дэлгэц ашиглах санаанууд
бий. Монголынхоо бүхий л авьяастай залуусыг аваад дэлхийг тойрох зорилготой
байгаа.

-Таны энэ
санаачилга гадаадынхныг Монголд очиж үзэх хүслийг бадраах нь ойлгомжтой. Нэг
ёсондоо жуулчдыг татах чухал арга хэмжээ болох байх?

-Шоу маань аль
тавдугаар сард болоод дуусчихсан байхад одоо ч яригдсаар байгаа. Америкт урьд
нь шоу маягаар урлагийн тоглолт болж байгаагүй л дээ. Хамтлаг, дуучид Америкт
очоод тоглолт хийчихээд яваад өгдөг. Тэрийг нь зөвхөн тэнд ажиллаж, амьдарч
байгаа монголчууд л үздэг. Харин “Монгол Арт” шоуг бол гадаадынханд
зориулснаараа онцлогтой. Миний санаачилсан энэ ажил Монголд маань маш их
өгөөжтэй. Наад зах нь тэнд амьдарч байгаа монголчууд гадныхны хүндлэлийг авч
байгаа гэж би дээр хэлсэн дээ. Үүний нэг тод жишээ бол олон монгол хүн
гадаадынхантай гэрлэсэн байдаг. Гэтэл гадаад хүмүүс монголчуудын талаар ойлголт
байдаггүй. “Монгол Арт” шоунд ирсэн хүмүүс бидний түүх соёлыг үзчихээд хүндлэл
маш их авч ирсэн. Манай найз бүсгүй гадаад хүнтэй олон жил хамт амьдарсан. Гэтэл
өнгөрсөн хугацаанд тэр хүн гэрлэх санал огт тавьж байгаагүй. Харин манай шоуг
үзсэнийхээ дараа найз бүсгүйд маань гэрлэх санал тавьсан шүү. Энэ мэтчилэн
гадаадынхан Монголыг маш их сонирхож байгаа юм.

-Төр
засгийнханд энэ арга хэмжээнийхээ талаар танилцуулсан уу. Хэр дэмжиж байх юм?

-Нуулгүй хэлэхэд
манай төр засгийнхан дэмжихээс татгалзсан. Монголынхоо түүх, соёлыг дэлхий
дахинд таниулан сурталчлах арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаараа
Засгийн газар, УИХ-ын гишүүд, үндэсний үйлдвэрлэгчдэдээ уламжилсан. Харин улс
орны эдийн засаг хямралтай байгаа болохоор төр засгийн зүгээс хамтрах
боломжгүйгээ тайлбарласан л даа. Нэгэнт би шоугаа “June” продакшнтай хамтраад
хийхээр зорьж, тэднийг Америкт ирүүлчихсэн байлаа. Төр засгийнхан, үндэсний
үйлдвэрлэгчдээ хамтран оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлхий дахинд сурталчлах
болов уу гэж гурван сар хүлээсэн. Ингээд нааштай хариу ирээгүй болохоор бид
өөрсдийн нөөц боломжоо ашиглаж зоригтой хөдөлсөн.

-Хэдий
хэмжээний зардал гарсан бэ?

-Шоундаа нийтдээ
40 мянган ам.доллар зарцуулсан. Би баян хүн биш. Тэнд ажиллаж, амьдарч байгаа
жирийн л нэгэн монгол хүн. Тиймээс надаас ийм их мөнгө гарах боломж байгаагүй.
Найз нөхдөөсөө зээлж байж цуглуулсан л даа. Одоо тэдэндээ зөндөө өглөгтэй.
Зардал маш их гарсан ч тасалбараа
үнэрхээгүй, 60 ам.доллараар худалдсан.
Гэхдээ оролцогчдын ихэнх нь урилгатай хүмүүс байсан л даа. АНУ дахь Монгол
Улсын ЭСЯ биднийг ихэд дэмжиж ажилласан.

-Монголд ирээд
дараагийнхаа шоунд орол­цуулах уран бүтээлчидтэй уулзаад завгүй байгаа гэсэн.
Ямар ажил амжуулав?

-Эх орондоо ирээд
маш олон зураач, сийлбэрчидтэй танилцлаа. Тэд ямар мундаг юм бэ. Олон оронд
тэмцээн уралдаанд оролцож, шагнал авсан хүмүүсийг зөвхөн урлагийнхан л мэддэг.
Харин энгийн хүмүүс мэдэхгүй байна. Мөн “XIII зуун”-ыг бий болгосон залуустай
уулзлаа. Зураач Ганбаатар, Жаргалан хоёрын хаалттай үзэсгэлэнг сонирхлоо.
Тэдгээр залуусын уран бүтээлийг харахад толгойд маш олон шоуны зохиол бууж
байсан. Зазаа, Амарсанаа хоёртой “Монгол Арт” шоуг хийхдээ Бөртэ чоно, Гоо
Маралаас эхлүүлээд Монгол хэрхэн үүссэн тухай зохиомжтой байсан. Хэрэв хөрөнгө
мөнгө нь байвал Монголд уулзсан уран бүтээлчдийнхээ шоуг ээлжлээд хиймээр байна
л даа.

-Та 13 жилийн
дараа Монголдоо ирж байгаа гэсэн. Америкт яг юу хийж байна?

-Одоогоор “Монгол
Арт” шоугаараа занималдаад байна даа(инээв). Би “Отгонтэнгэр” дээд сургуулийг
Тээврийн эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн юм. Дараа нь Р.Гүрбазар
багшийн Радио телевизийн дээд сургуулийг
төгссөн. Анхны FM 105-д ажиллаж байлаа. Харин Америкт Невадагийн их сургуульд
сурч байгаад дараа нь бизнесийн чиглэлээр коллежид суралцсан. Уг нь
радиогийнхоо чиглэлээр суралцах хүсэлтэй байсан ч тухайн үед хэлний асуудлаас
болоод эмээсэн. Тэгээд хүмүүст бизнес хэрэгтэй юм чинь гээд коллежид орсон доо.
Нэг хэсэг Окландад хүүхдийн хувцасны дэлгүүр нээгээд ажиллуулдаг байлаа. Гэтэл 2008 онд Америк эдийн засгийн хямралд
өртөж, дэлгүүрээ татан буулгасан. Тэгэхэд ёстой нэг “шатсан” даа. Үлдэгдэл
бараагаа зараад олигтой мөнгө болохгүй байсан. Тэндхийн ядуу хүүхдүүдэд өгч
байхын оронд Монгол руугаа явуулсан нь дээр гэж шийдээд тэр том том хайрцагтай
хувцаснуудыг ээж рүүгээ илгээсэн. Манай ээж хүнд юм өгөх дуртай, тэрнээсээ кайф
авдаг хүн л дээ. Ачаа маань ч яг наадмын өмнөх өдөр Монголд очсон. Ээж маань
хавь ойрынхоо хүүхдүүдэд хувцаснууд тарааж өгөөд бөөн баяр болсон гэсэн. Харин
гоё нь наадмаар баахан адилхан хувцастай хүүхдүүд гүйлдэж байсан гэсэн.

-Ер нь
гадаадад очсон монголчууд нэрээ өөрчилдөг талтай. Харин таныг Андрей Туяа гэж
дууддаг гэсэн байх аа. Өөртөө ийм нэр өгчихөв үү. Эсвэл таны овог юм уу?

-Намайг угаасаа
Андрей Түвшинтуяа гэдэг л дээ. Харин гадаадынхан бүтэн нэрийг минь дуудаж
чаддаггүй юм. Тэгээд л овгоор маань Андрей Туяа гэдэг.

-Ингэхэд таныг
дэлхий дахинд шуугиан тариад байгаа “Грейгийн амьдралын 50 сүүдэр” номын
нэгдүгээр ботийг орчуулсан гэдгээр нь эчнээ танил байлаа. Одоо ямар ном орчуулж
байна даа?

-Би өөрийнхөө
номон дээр олон жил сууж байгаа. Сүүлийн үед “Монгол Арт” шоугаа хийх гээд тун
их завгүй байлаа. Хажуугаар нь Зазаатайгаа хоёр ч хүүхдийн номон дээр ажиллаж байна.
Мөн хоёр, гурван ном орчуулахаар бэлдсэн байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

К.Скуленд: Засгийн газарт хөрөнгө байж болно, харин аж ахуй эрхлэх чадвар байдаггүй

Хавайн их сургуулийн профессор, эдийн засагч, улстөрч Кен Скуленд АНУ-ын сенатад хоёр удаа сонгогдож байсан. Эдийн засгийн үзлээрээ А.Смит, М.Фридман нартай нэгддэг аж.

-Та олон жилийн өмнө Монголд ирж байсан. Өнөөдөр ямар өөрчлөлт харагдаж байна?

-Хамгийн том өөрчлөлт бол одоо миний хажууд эрч хүчтэй, аз жаргалтай, сэтгэл хангалуун хүмүүс маш их харагдаж байна. 22 жилийн өмнө ирэхэд хүмүүс эелдэг ч, маш хэцүү амьдралтай байсан. Та тэр үеийн нийгэм, эдийн засгийн байдлыг сайн мэдэж байгаа байх. Хүнсний бараа хомс, үйлдвэрүүд зогсчихсон, ажилгүй хүмүүс их байсан. Дотоодын үйлдвэрлэл зогссон боловч, иргэд гадаадад зорчих эрхгүй. Хүнсийг ямар нэгэн бичгээр тарааж байгаа тухай ярьж байсан. Маш цөөн машинтай. Хувийн машинтай хүн бараг байгаагүй байх. Харин өнөөдөр Монголд хувийн машинаар зогсохгүй том банктай хүмүүс бий болсон байна. Үүн шиг том өөрчлөлт гэж бараг хаана ч байхгүй байх.

-Манай орны ирээдүйг хэрхэн харж байна?

-Би олон удаа хэлдэг Монгол Хонконг шиг хөгжилтэй орон болох боломж байгаа. Өндөр хөгжилтэй орон болохын тулд иргэд нь их хөдөлмөрлөх хэрэгтэй. Иргэдэд эдийн засгийн эрх чөлөө олгох хэрэгтэй. Төр засгийн зүгээс иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй. Зарим орнууд хэдийгээр баялагтай ч өсөж дэвжихгүй байна. Гэтэл баялаггүй ч өндөр хурдаар өсөж дэвжсэн орнууд байна. Хонконгийг хар л даа. Тийм бизнес сэтгэлгээтэй, бизнес хийхийг зорьсон, чадварлаг хүмүүсийг тэнд нэг дор төвлөрүүлж чадсанаар тэд маш их хөгжиж цэцэглэсэн. Тийм болохоор материаллаг баялаг гэхээсээ илүү хүний толгойд юу байна. Хүний толгойг яаж ашиглаж болох вэ гэдгийг харах хэрэгтэй. Тийм орчин нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Баялгийг ашиглах чадвартай оюуны чадавхи байх шаардлагатай.

-Сүүлийн үед манай улсын төрийн өмчид харьяалагдах стратегийн ордууд, өмч баялаг хувийн өмчтэй бараг тэнцэж байна. Энэ сайн үзүүлэлт мөн үү?

-Миний хувьд чөлөөт зах зээлийг баримталдаг. Тийм болохоор Засгийн газар бизнесийн үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй гэж үздэг. Засгийн газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулах чадвар байдаггүй. Засгийн газарт өмч байж болно. Гэхдээ Засгийн газар өөрт байгаа хөрөнгөө маш их үр ашигтай, чадварлагаар удирдаж чадах хувийн хэвшилд шилжүүлж өгөх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хамгийн гол нь засгийн газар юу хийх хэрэгтэй вэ гэвэл аюулгүй байдлыг хангах, баталгаат байдлыг бий болгох хэрэгтэй. Бусдыг нь бол хувийн хэвшил хангана.

-Манай улс эдийн засаг муудлаа гэсэн нэрийн дор гаднаас маш их зээл тусламж авсан. Энэ тооцоог судалж үзсэн үү?

-Үнэндээ миний хувьд гадны зээл тусламжийг зохистой зүйл гэж үздэггүй.

-Яагаад?

-Учир нь хөгжсөн улс орнуудын ядуу иргэдийн татварын мөнгийг хөгжиж буй орнуудын баян иргэдэд өгдөг. Тийм болохоор миний хувьд мөнгөн шилжүүлэг гэж ярьж байгаа. Тэр мөнгөн шилжүүлгийг ашиглах хэрэгтэй. Буурай хөгжилтэй улс орнуудын хүмүүс хөгжсөн улс оронд ажиллаад багагүй хэмжээний мөнгө олдог. Тэр мөнгөө хэрэгцээтэй байгаа ар гэрийнхэндээ илгээдэг. Ер нь бол зээл тусламж гэдэг нь үр ашигтай зарцуулах байсан мөнгийг зориулалтыг нь өөрчлөөд үр ашиггүй зүйл рүү хийж байгаа үйлдэл гэж боддог.

-Авлигын эх үүсвэрийг гадны зээл тусламж, хөтөлбөр нэрийн дор орж ирсэн мөнгө бүрдүүлсэн гэж Японы эдийн засагч ярьж байсан. Үүнтэй санал нэгдэх үү?

-Миний хувьд ерөнхийдөө санал нийлж байна гэж хэлж болно. Гадны тусламж авлигыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байгаа. Хяналтгүй зээл, тусламж, элдэв хөтөлбөрүүд авлига газар авахад нөлөө үзүүлж байгаа байх. Энэ нь улс оронд төрийн байр сууринаас хандах ёстой төрийн албан хаагчийг илүү өөрийнхөө төлөө ажилладаг болоход нөлөөлж байгаа.

-Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Өмнө нь би лекц уншихдаа та бүхэнтэй Шинэ Зеландын туршлагыг хуваалцсан. Төрийн зардлыг бууруулж, өмч хувьчлалыг эрчимжүүлж, хувийн хэвшилд илүү их эдийн засгийн эрх чөлөө олгох хэрэгтэй. Энэ жишээг дагавал зүгээр юм болов уу гэж бодож байна. Мөн Монголын хувьд гадныхныг орж ирэхэд нээлттэй хандвал зүгээр.

– Бид цөөхүүлээ хөршүүд маань маш их хүн амтай?

-Зарим орон гадны хүмүүс орж ирнэ гэх айдаст автсан байдаг. Айдсаа дарж тэдэнд нээлттэй болбол эдийн засгийн өсөх боломжийг нэмэгдүүлэх чадварлаг хүмүүс орж ирнэ гэж хэлмээр байна. Яг ийм зоригтой, нээлттэй зам руу орвол илүү эдийн засгийн боломжууд нээгдэнэ. Эхний ээлжинд өөрсдийн иргэддээ эдийн засгийн боломж олгох хэрэгтэй. Танай иргэдийн эрхэлдэг бизнес хэр ашигтай байна тэр хэрээр гадаадынхан сонирхоно. Сингапур зэрэг орнуудын хөгжлийн нууц нь эдийн засгийн эрх чөлөө. Энэ эрх чөлөөг дагаж хөрөнгө оруулалт орж ирнэ. Маш их баялагтай Африкийн орнууд 50-иад жилийн өмнө бизнесийн таатай орчинтой байсан. Харин Сингапур мэтийн орнууд хоцрогдсон буурай хөгжилтэй байсан. Харин өнөөдөр нөгөө баялагтай орнуудад ядуурал нүүрлэж, ямарч баялаггүй орнууд цэцэглэн хөгжиж байна. Эндээс харвал баялаггүй ч эдийн засгийн эрх чөлөөтэй бол нийгэм өөрөө хэрэгцээг хангаж чадаж байна. Жишээлбэл, монголчууд маш их малтай. Уудам газар нутагтай. Эндээсээ хэр ашиг олдог вэ гэж асууж болно. Гадны хөрөнгө оруулагчид ч ямар нэгэн хууль зааврыг биш, бизнес хийж ашиг олох орчин байна уу гэдгийг л сонирхоно.

-Сүүлийн үед А.Смитийн номлолоос илүүтэйгээр зүүний үзлийг баримтлах улсууд барууны ертөнцөд гарч ирж байна. Зарим Европын орнуудаас гадна Европ парламентад зүүний намууд олонхи болсон. Эдийн засаг бас энэ зүг явах болов уу?

-Эдийн засаг баруун, зүүний үзлээс үл хамааран эрх чөлөөг эрхэмлэдэг байх ёстой. Аль болох эрх чөлөөтэй нийгмийг бүтээхээр явах хэрэгтэй. Мэдээж миний хувьд энэ утгаараа барууныг дэмжиж байж магадгүй. Гэхдээ барууны үзэл санаатай хүмүүс алдаа хийдэггүй юу гэвэл үгүй. Алдаа хийдэг. Хамгийн гол нь Шинэ Зеландын жишээг харахад зүүнээс барууны үзэл баримтлалтай болсон. Энэ бол шаардлагатай шинэчлэл. Үүнийгээ маш их үр дүнтэй хэрэгжүүлж чадсан. Ийм жишгийг барьдаг байх хэрэгтэй. Хямрал болоход хэрэгцээтэй зүйл рүүгээ тэмүүлж, эрх чөлөөг нь эрхэмлэх сэдлүүд гарч ирдэг. Ямар ч тохиолдолд эрх чөлөөг дээдэлдэг байх хэрэгтэй.

-Иргэний зарим эрхэд халдах нь бий. Жишээлбэл, Цагаан ордон иргэдээ чагнасан, түншүүдээ чагнасан гээд хэл аманд өртөөд байна. Энэ нь эдийн засагт аюултай гэж ярьдаг. Үүнтэй санал нэгдэх үү?

-Миний хувьд Э.Снөүдэн бол АНУ болон дэлхий даяар тагнуулын үйл ажиллагаа хэрхэн явагддагийг илчилснээрээ сайн зүйл хийсэн. Одоо ч гэсэн биднийг чагнаж байж магадгүй.

Х.Баттөгс

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Хөршийн өдөр”

Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх, зорилгоор жил бүрийн 8 дугаар сарын 22 ны өдөр “Хөршийн өдөр” арга хэмжээг зохион явуулахаар боллоо.

Нийслэл хотод орон нутгаас шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, хэт төвлөрөл бий болж хөрш зэргэлдээ айл өрх, иргэд бие биенээ таньж мэдэхгүйгээс найрсаг дулаан харилцаа холбоо алдагдсан, гудамж талбай, гэр, орон сууц, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх шаардлага гарч тус цагдаагийн газраас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлуулан, 2020 он хүртэл нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх болно.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр:

  • Ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурна.
  • Аюулгүй амьдрах нөхцөл боломж бүрдэнэ.
  • Нийслэлийн иргэд, оршин суугчдын нийгмийн хариуцлага нэмэгдэнэ.
  • Айл хөршийн нэгдлийг бий болгож тэдэнд өөрсдөөрөө бахархах сэтгэл төрүүлнэ.
  • Холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэнэ.
  • Иргэд, оршин суугчдаас ирүүлэх гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэл нэмэгдэнэ.
  • Цагдаагийн байгууллагад идэвхтэй дэмжлэг үзүүлэх ухамсар төлөвшинө,
  • Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ.
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, оршин суугчдын оролцоо дэмжлэгийг үнэлж, дүгнэдэг, урамшуулах нөхцөл бүрдэх зэрэг үр дүн хүрэх юм.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрөл бүрийн ашигтай төмс

Өдгөөгөөс 7000 жилийн өмнөөс
хүнсэнд хэрэглэж эхэлсэн төмсийг хүн төрөлхтөн өнөөдөр гоо сайхандаа ч хэрэглэж
байна. Учир нь төмсөнд залуужуулах үйлчилгээтэй С витамин их хэмжээгээр агуулагддаг
байна. Гэртээ амрангаа төмсөөр гоо сайхны маск хийх хэцүү биш. Томхон төмсийг хальстай
нь чанаад халуунаар нь хальсыг нь салгаж нухаарай. Дээр нь хоёр хоолны халбага сүү
хийчих. За тэгээд бүлээнээр нь нүүрэн дээрээ тавьж, 15-20 минут байлгахад л таны
арьсны асуудал шийдэгдэнэ гэж гоо сайханчид зөвлөж байна. Түүхий төмсийг үрж жижиглээд
зовхи орчимдоо 25-30 минут тавих бас сайн үр дүн үзүүлдэг гэнэ. Төмсийг уламжлалт
анагаах ухаанд ходоодны шарх, үрэвсэл, гэдэсний түгжрээ, түлэгдлийн шарх, экземийг
эмчлэхэд өргөн хэрэглэж ирсэн туршлага бий. Цусны даралт бууруулахад ч сайн гэдэг.
Харин хүнсэндээ хэрэглэхдээ төмсний витаминыг нь алдуулахгүй гэвэл хальстай нь чанах
хэрэгтэй. Хальстай нь чанавал витаминаа 25 хувь алддаг, хальсыг нь арилгаад бүтнээр
нь чанавал 40 хувь алддаг, хэрчиж чанавал агуулагдах витаминыхаа 60 хувийг алддаг
аж. Бас нэг анхаарах зөвлөгөө гэвэл төмс, цагаан гурил, гоймон зэрэг цардуул ихтэй
зүйлийг махтай хольж идэх сайн биш гэж эмч нар хэлдэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан” шаантаг

“Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явна”

Эрэлхэг цэрэг Швейк. (Я.Хашек

Нэг. Залгихыг нь би, зогьсохыг нь чи

Өнөөдөр монголын улс төрийн тогтоц эргэлтийн гэмээр ноцтой хямралд ороод байна. Төрийн гол шийдвэрийг хэн хаанаас гаргаж байгааг оношлоход бэрх. Төрийн ордноос уу, гудамжнаас уу, аль нэгэн тасгаас уу, онцгой камераас уу? Бүгдэд нь тийм гэж хариулмаар элий балай өдрүүд.

Хямралын буруутан нь мэдээж улс төрчид,төрийн түшээд. Яалт ч үгүй бидний дунд “шургалсан этгээд”-ээс хамаг юм болж байгаа.

Гэхдээ энэ хямралын уг сурвалж монголын ард түмний 2012 онд хийсэн сонголтоос эхтэй. Энэ сонгуулиар Н.Энхбаярын нам үнэн хэрэгтээ ялсан юм. (МАХН гэдэг бол түүний хоч төдий зүйл бөгөөд үнэн хэрэгтээ гэр бүлийн нам билээ).

Сонгуулиар АН ялж, МАН чамгүй олон санал авсан. Харин МАХН-д ард түмний өгсөн жаахан санал(2012 оны сонгуулиар) энэ намгүйгээр засгийн эрх барих ямар ч боломжгүй болгосон. АН эрх барихуйц олонхи болохын тулд тэднийг засагтаа оруулах хэрэгтэй, засагтаа оруулахын тулд юу хүссэнийг нь хийхээс өөр аргагүйдээ тулсан. Энэ утгаараа, МАХН-ын эзэн Н.Энхбаяр дарга хаана суугаагаасаа үл хамааран монголын засгийн газрын “албан бус тэргүүн” хийсээр дөрөв дэх жилдээ орох гэж байна. Сая өршөөлийн хуулийн талаар ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд буй “хилийн чанадаас засгийн газрыг удирдаж буй хүн”-ий тухай тодорхойлолт үүнд холбогдоно.

Ийм учраас хууль цаазаа боловсронгуй болгож, засгийн эрхэнд шаантаг болж орсон гэр бүл, компанийн намууд болон онцгойлон тодорсон сайн дурын уран сайханч нарын хамаарлыг тодорхой болгох хэрэгтэй байна. Цаашдаа манай хууль, төрийн тогтоц энэ хэвээрээ явах юм бол улс төрийн намуудаас илүү гуравдагч хүчин, парламентад шаантаг болж орсон бүлэглэлийн гарт улс орны хувь заяа шилжих болно.

Үүнээс болоод улс төрийн намууд төлөвшин хөгжих, дотоод ардчилал бүхий хүчирхэг улс төрийн нам бүрдэх процесс өөрөө зогсох болно. Олонхи, цөөнхийг бүрдүүлдэг эрх баригч намын хэсэг буюу“барын сүүл” байсанд орвол ямар ч үед эвсэл бүрдүүлээд, болж өгвөл сангийн, багадаа эдийн засгийн яамыг нь авчихдаг гэр бүлийн нам, “батганын толгой” явсан нь дээр гэдгийг захын тэнэг ойлгоно биз дээ. Нэгэн үе манай улс төрд “алтан гадас” фракци гэж их чухал бүлэглэл байв аа. Харин өнөөдөр “алтан шаантаг” болж, түүгээрээ “алтан шантааж” үйлдэж чадвал бүхнийг шийдэх цаг ирж.

Ингээд зогсохгүй хамаг хариуцлагыг хоёрын хооронд олонхи болсон улс төрийн нам хүлээдгийг хэлэх үү? “Залгихыг би залгина, зогьсохыг чи зогьс” гэсэн үг мөн үү?

Гэтэл өөр хүнд идүүлчихээд өөрөө зүгээр суултай биш. Хамаг лайг нь үүрч байж бусдаасаа бага идэлтэй ч биш, тийм үү?

Хоёр. Улс төрийн “улаан бурхан”

Нөгөө талаасаа энэ бол монголын төрийн нялхсын өвчин, туулан гарахаас өөр замгүй жам ёсны үзэгдэл юм. Монголын ардчиллын хорин тавны жил (хий насгүйгээр)орж байна.Энэ бол ардчилсны ой ч биш ерөөсөө орчин үеийн маягтай, тусгаар тогтносон монгол улсын өөрийн гэсэн төрийн хорин тавны ой.Хүний үеийг дундаж наслалтаар бус үржлийн чадвар бүрдэх мөчлөгөөр тооцдог аргачлалаар бол хүмүүний амьдралын нэгэн үе дуусч, шинэ нь эхэлж байгаа гэсэн үг.

Монголын төр наанадаж найман зууны, цаанадаж хоёр мянганы түүхтэй ч өнөөгийн ертөнцийн залуу, бүр орь залуухан төр. Хүннүгийн төр, Чингисийн Их монголын төр нь үндэстнээрээ баялаг бүтээж, улсаа цэцэглүүлэхийн оронд дайны олз хувааж, бэлэн юм хуваарилдаг ганц бизнестэй байгууламж байсан.

Олз хуваахгүй бол овог аймгийн гишүүд эзнээ хаяад явна. Ийм учраас байнгын “нөхөр”-тэй, үргэлжийн олзтой байхын тулд хажуу хавиргынхан руугаа байнга довтолж, дайтахаас өөр гарц байсангүй. Монгол төрийн “нийгмийн хамгааллын бодлого”-д байнга хэлмэгдэж ирсэн хөршүүд нь үе дамжин хаширч, залхаж ирсэн нь дамжиггүй

Яг нарийндаа, Манж нар, сүүлд Зөвлөлтүүд учиргүй их олз олох, тал нутгийн тодорхойгүй баялагт шунахаасаа илүүтэйгээр хэдэн жил тайван амьдрахын тулд монголчуудыг эрхшээлдээ байлгахаас өөр гарцгүй болсон ч юм билүү!

Үйлдвэрлэх, бүтээхийн оронд булааж аваад хуваадаг монголын төр ёсны уламжлал нийгмийн халамж гээч юмыг анх бий болгожээ. Орчин үеийн судлаачид ч нийгмийн халамжийн ууган жишээг Монголын их гүрэн, Юань улсаас хайж олж, энэ санаагаа батлах нь байдаг.

Өнөөгийн монгол төрд ч энэ уламжлал бат шингээстэй.Дайн хийж олз олохоо байсан ч гэсэн бөөн мөнгө, гэнэтийн олз тараагаастай. Хүүхдийн мөнгө, оюутны далан мянга, уул уурхайн хувь, ерөөсөө монгол хүн болсны шан харамж гэхчлэн тараана. Сонгуульд орохдоо иргэд нь “Бидэнд хэр хэмжээний дайны олз хуваах вэ” гэдгийг сонирхож, аль болох их мөнгө өгөх нам эвсэлд “биеэ худалдана”. Харамсалтай нь өнөөгийн монголчуудад дайн хийж юмыг нь булаах гадаадын дайсан олдохгүй. Иймээс гадаадын хөрөнгө оруулагчдынхаа юмнаас зээлж, булааж тараана.

Хөрөнгө оруулагчид аа гэж… Очиж байлдах, хот сууринг нь эзлэх илүү дутуу ажилгүй. Өөрснөө хөрөнгөө авч ирээд булаалгадаг гадаадын хөрөнгө оруулагчид бол юун Хорезм, юун Алтан улс, юу яасны Тангуд вэ,бэлэн зэхээний, буян нь дэлгэрсэн дайсан ажгуу. Өнөөдөр монголын сонгогчид “Хэн гадаадын хөрөнгө оруулагчдын бусдаасаа илүү дээрэмдэж, бидэнд ахиухан юм хуваах бол” гэдгийг сонирхож байна.Хуучин цагийн дайны олз нь өнөөдөр эх орны хишиг хувь нэртэй болжээ. Ийм учраас монголын уламжлалт төр нь орчин үеийн төрөөс нэлээн ялгаатай. Эдийн засаг хөгжүүлж, үндэстнээрээ баялаг бүтээлгэн хөгжихийн оронд бусдын юмыг булааж аваад тараадаг “дайн үеийн жанжин штаб” маягтай, нэг талаасаа. Эсвэл манж ч юмуу, Зөвлөлтийн төрийн бодлогыг дагаж хэрэгжүүлдэг тийм онцлогоор хөгжиж ирсэн байна. Энэ уламжлалаасаа одоо ч салж чадахгүй хэцүүдсээр.

Монголын төр анх удаагаа биеэ дааж, дайн олз хуваахын оронд баялаг бүтээн үндэстнээ хөгжүүлэх замаар орсны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Хулгайч луйварчин аль ч үед байсан л байх. Гэхдээ хулгай луйвраа хуулиар халхлан хийж, булхайгаа хууль ёсны болгож, өөрсдөө өөрсдийгөө хууль ёсоор өршөөж байгаа энэ бүхэн бас л анхны тохиолдлууд. Бие даасан, энх цагийн монгол төрийн, иргэншлийн замд бэдэрсэн, ардчилсан нялх төрийн ууган шуухинаа, анхны ханиад, эхний хатгаа эрэмбэ ёсоороо тусч байх шиг байна.

Гурав. Сайн хүн дууссаан, дууссан!

Нөгөө талаасаа бидний уламжлалт итгэл үнэмшил үеэ өнгөрөөн хямарч байна гэж хэлж болно. Үлгэр домог, хаант ёс, ард түмний нэрээр дарангуйлах тогтоцоос үүдэлтэй итгэл үнэмшил хямарч байгаа хэрэг. Хувь хүн өөрөө тавилан заяагаа хөтлөн тодорхойлох чадваргүй бөгөөд хүн ард улс үндэстнээ аврах заяатай төрсөн баатар л тэднийг жаргааж өгдөг тухай домог амьдаараа л байна. Чингис хааны цадиг, ардын хувьсгалыг санаачлан хэрэгжүүлэгч Сүхбаатарын домог, ард түмний эцэг Чойбалсангийн хайр халамжийн үлгэр, удирдагч Цэдэнбалын мэргэн жолоодлогын туульс… одоо ч амьд, идэвхтэй хэвээр. Ард түмнийг аз жаргалын замаар удирдан залсан МАХН-ын зөв мэргэн жолоодлогын тухай нэн шинэ домог ч амьд, идэвхтэй хэвээр.

Ийм болоод л “монголыг аврах учиртай сайн нам маань юу болчих нь энэ вэ” гэж балмагдаад л, тэнд л нэг “сайн хүн” гарч ирж байна хэмээн шаваад л, энд л харин “эх орноосоо өөр юм боддоггүй гайхал” төрсөн шиг байна гэж хуйлраад л, одоо тэр нам л хамгийн сайн нь бололтой гэж уяан дээр нь тоос босгоод л байгаа юм. Онош нь тодорхойгүй хүнд өвчин туссан хүн тэр ч бариач, энэ ч үзмэрч, эндхийн ч маарамба, тэндхийн ч зайран руу гүйсээр тамираа бардаг шиг үзэгдэл.

Үнэн хэрэгтээ орчин үеийн улс төрийн ертөнцөд “Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно”, “Ард түмний заяа буянаар төрсөн жанжин Түгжил” байдаггүй. Харин системийн сул тал, нийтийн итгэл үнэмшлийн сиймхийг соргогоор харж тоглолт хийдэг, эрх мэдлийг гартаа оруулж чаддаг овжин гарууд бол байсан, байгаа, байх ч болно.

Ний нуугүй хэлэхэд, ард түмний төлөө төрдөг “сайн хүн” аль эрт бурхан болсоон. Алтан савыг нээлгэхэд “Үүрд нирвааныг олсон тул завсрын ертөнцөд эгэхгүй” гэсээн. Сайн хүн эрж хаширсан хүн төрөлхтөн “хүн сайн байхаас өөр аргагүй” хяналтын тогтоц, удирдлагын механизм бодож олсон.

Америкийн ерөнхийлөгч, тэдний төр бол бурханы бэлэг, иргэдийнх нь заяа буяны хэмжүүр биш. Харин улс үндэстнийх нь мөн чанарын тусгал. Оросын ерөнхийлөгч ч ялгаагүй. Нэг айхавтар нөхөр хаа нэгтэйгээс гарч ирээд Кремлийн эзэн болчихоогүй, үндэстнийхэээ чин эрмэлзлийн биелэл болон тодорсон удирдагч. Цаашлаад, Ленин, коммунизм, Сталин бүгдийг үндэстний онцлогтой холбон судлаачид тайлбарлах нь байдаг.

Яг түүнчлэн Үндэсний удирдагч, “улсын гурав дахь”, ардчилал, АН, МАН, МАХН бүгд л бидний мөн чанарын илэрхийлэл. Эрх баригчид авлига авах, авлигаа хамтарч цагаатгах, үүнийг хуулиар дамжуулан хийх нь зөв гэж байгаа юм биш. Энэ талын дархлаа суугаагүй эмзэг нялх төрийг хамгийн түрүүн нэрвэдэг халуун ханиад, ужиграх аваас раак болдог эмгэг туссан тухай ярьж байна.

Хүн болгон хувь заяаныхаа эзэн бөгөөд ямар ч улс төрч, зүтгэлтэн түүнийг удирдах жолоодох заяанд төрөөгүй гэдгийг ухаарахад өнөөдрийн туршлага багадаж байгаа бол “сайн хүмүүс”цаашдаа ч дахин дахин төрж, үндэстний хувь тавилангаар тоглосоор байх болно.

Олон хүний хувьд нам нь сайн муугийн зааг, танай тал ба манай талын хуваагдал хэвээр байна. Сайн улстөрчид таны төлөө байдаг юм биш, харин муу улстөрчдийг, хэзээд хулгай хийж мэдэх албатуудыг өөрийнхөө төлөө байлгах, хулгай хийлгэлгүй зүтгүүлэх учиртай гэдгийг ухаарах хэмжээний туршлага хуримтлагдаагүй бол “сайн улс төрч” нар эргэн төрсөөр цаашаа явна.

Энэ нь зөвхөн эрх барьж буй ардчилсан намуудад тохиож байгаа хямрал бэрхшээл ч биш.Харин үндэсний шинжтэй үзэгдэл. Авлига хэмээх төр ёсны “улаан бурхан”, “салхин цэцэг” туйлдаа хүрч төр үндэстнээрээ халуурч, дэмийрч байгаа гэмээр үе. Энэ үзэгдэл бараг зайлшгүй бөгөөд үүнийг амжилттай туулж чадвал манай төр нэгэн дархлаа тогтох учиртай.

Төгсгөл.

Гурван төгсгөл

Өрнөж буй үйл явц биднийг гурван гарцтай төгсгөл рүү хөтөлж байх шиг. Сайхнаас эхэлж ярихад, бид давах ёстойгоо туулаад, Монголын төр зохих дархлаагаа тогтоогоод цаашаа явна. Ингэхийн тулд сайн хүн ба сайн намын эрин дууссан байх ёстой. Улс төрийн зөв итгэл үнэмшилгүйгээр зөв механизм тогтох аргагүй.

Бидний ямар ч байсан “ухаалаг төр” гэж томъёолоод байгаа тэр хөтөлбөрийг хэлж байна. Гэтэл ухаалаг төр ухаарсан иргэнгүйгээр бүтэх юм биш. Төрд нүүрлэсэн хулгай, ичгүүргүй авлига, маргааш илүү том юм үмхэхийн тулд өнөөдөр гэмгүй царайлан гайхуулж яваа бэртэгчингүүд өөрснөө гэм буруутай. Гэхдээ тэднийг сонгож, бүтээн амилуулж өгсөн бид нар толинд өөрсдийгөө нэг сайн харах учиртай. Толинд юмны байршил солигдож, баруун гар зүүн талд гардгийг ч бодон бодон харах учиртай.

Хэрвээ…хэн нэгэн маань бусдаасаа илүү биднийг хайрлана гэдэгт үнэмшсээр байгаа цагт… Эх оронч гэж эх орноо хайрладаг тусгай сайн хүн төрдөг гэдэгт найдсан хэвээр цагт… Тэр сайн хүнийг л олоод толгой дээрээ залахын цагт жаргаана гэж санасаар яваа цагт… Бүх юм энэ л хэвээрээ байна. Яг л ээжийн мөөм бол хамгийн сайхан мөөм, амттан гэж итгэсэн хэвээр яваа жаал орь нас руу хэзээ ч алхаж чадахгүйн адил. Бас сүүлийн хоёроос өөр гарц биднийг тосохгүй.

Сүүлийн хоёр гарц гэж юуг хэлээд байна вэ гэхээр ийм юм. Төр нь тогтворгүй, дээр нь улс орноо бүрэн хянах чадамжгүй хөрш бол ямар ч гүрний аюулгүй байдалд харшилна. Дээр нь бас орчин үеийн терроризмын бялтыг нэгэн үзүүрээс нь асааж байдаг үл хүлцэх үзэл, эс тэвчих итгэл үнэмшлийн голомттой гэж байгаа. Ийм хөршийг өөрсдийн эрх ашгийн үүднээс хянах, тодорхой утгаар эрхшээлдээ байлгах нь хүчирхэг гүрнүүдийн ашиг сонирхол мөн болно.

Яг л, гэрт орж ирээд түйвээхгүй мөртлөө байнга зодолддог, архидаж эсэн бусын амьтан цуглуулдаг, гэмт хэрэг гаргахаас ч сийхгүй хөрш ямар түвэгтэй билээ. Яаж ийгээд хавчиж байгаад нүүлгэх, боломжтой бол байрыг нь худалдаж авахаас өөр замгүй болдог шиг зүйл. Гэтэл хөрш айлыг нүүлгэж болдог ч хөрш улсыг нүүлгэж болохгүй. Иймд “байрыг нь худалдаж авах” л үлдэж байна, зүйрлэвээс. Яригдаад байгаа “Авлига тусгаар тогтнолд заналхийлж байна” гэдэг үг ийм учиртай.

Нөгөө талаас авлига цэцэглэж, хямрал үргэлжилсээр байх юм бол үндэстнээрээ цөхөрч болно.Төрийн түшээддээ алдарч байсан итгэл нь сүүлдээ төр рүү шилжинэ. Дунд нь амьдарч байсан сайн сайхан “эх оронч” нар нь төрийн жолоо барингуутаа л цагаандаа гарсан амьтан болчихоод байхаар төрдөө итгэл алдахаас өөр яах билээ.

Өөрийн гэсэн төрдөө итгэхгүй болж эхэлнэ. Эндээсээ цаашлаад өөрийн гэсэн төртэй байхдаа эргэлзэж, өөрөөр хэлбэл тусгаар тогтнол эрх чөлөөндөө эргэлзэнэ. Хүн өөрөө хууль цааз,эмх журмыг хүсэж, нэхэж байдаг амьтан.Ингээд эмх журам, хууль цааз, шударга ёсыг сэргээгээд өгвөл хэн ч байсан яах вэ гэсэн бодол төрнө. “Авлига тусгаар тогтнолд заналхийлж байна” гэдэг үг ийм учиртай юм шүү.

Олон хүнийг уурлуулсан нэг үнэнийг төгсгөлд хэлэхээс өөр арга алга. Тусгаар тогтнол газар нутгийн том багаас хамаардаггүй. Тусгаар тогтнол эдийн засаг дээр тогтдог юм. Аз жаргал мөнгөн дээр тогтдоггүй байж болох ч тусгаар тогтнол мөнгөн дээр л тогтоно. Монголд хөрөнгө оруулалт хийлгэхгүй, эдийн засгийг сэргээсэн том төслүүдийг хэрэгжүүлэхгүйн төлөө хийж байгаа бүхий л тэмцэл хөдөлгөөн нь манай эх орны нутаг руу орчин үеийн аргаар довтолж байгаа, газар нутгийг булаан эзэлж байгаа явдал мөнөөсөө мөн.

Мөнгөгүй болсон хүн гуйлга гуйж, өөрийг нь наашаа гэсэн хэний ч болов угаадсыг долооход хүрдэг шиг эдийн засаг нь унасан ямар ч орон хандив тусламж амласан ямар ч гүрний хараат болоход бэлэн дээрээ очдог.

Манайхан социализмын үеийн “Алтан өргөө” киног ишлэн “алтгүй амьдарч болно, усгүй амьдарч болохгүй” хэмээн цэцэрхэх нь их болж. Үлгэрийн киноноос зүгээр сэтгэлийн таашаал авчихаж чаддаггүй сонин “народ” шүү. Үнэн хэрэгтээ, устай хүн биш алттай хүн цангадаггүй юм. Алтаар усаа хамгаалж, усаа цэнгэгшүүлж, өөрийн усыг гамнахын тул бусдын усыг худалдаж аваад уучихдаг, бүр ерөөсөө байгаагүй усыг ч бий болгодог юм. Саудын араб устай учраас биш мөнгөтэй учраас баян байгаа юм. Ээрэм цөлийн энэ үндэстэн алттай учраас хангалттай устай болж, тэр байтугай Антарктидаас зөөсөн эрмэл мөсийг усандаа холин ууж, тансаглаж байгаа хэрэг. Хэзээ ч энд орж байгаагүй цасыг хүртэл бий болгож, цанаар гулгаж явна, ямрав дээ?

Гэтэл дэлхийд хоёрт ордог цэвэр усны нөөц болох Виктори нуурын эрэг дээрх Уганда, Танзани энэ тэр устай боловч мөнгөгүй учраас ядуу. Ус алт хоёрын бодит харьцаа гэж энэ. Меконг мөрний эрэг дээрх Лаос, Камбож, цэнхэр Нилийг хөвөөлөх өмнөд, хойд Судан, Египетийг ч хар.

Тусгаар тогтнолыг нь булаахын тулд газрыг нь булаадаггүй юм. Зүгээр л эдийн засгийг нь унагаад өөрийнхөө хараат болгочихоод “Чи муу өлсөхөөрөө намайг гэхгүй өөр яах юм бэ” гэж тавладаг юм даа.

…Төлөг тааруу л байна. Гэхдээ хүн төрөлхтний хайрыг булаасан баатрын нэг, цэргийн комиссоос “албан ёсны мангуу” гэсэн дүгнэлт авсан эрэлхэг цэрэг Швейк “юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” хэмээн хэлдэг билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-нд “Улстөржиж хийрхсэнээс хөрөнгийн зах зээл дээр тоглож мөнгөө өсгөе” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар таньд хүрч байна. Хичээлийн шинэ жил ойртсонтой холбоотой орон нутгаас
оюутан, сурагчид ирж нийслэлийн хөл хөдөлгөөн ихэсч байна. Энэ үеэр “Нарантуул”
олон улсын худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ. Зах дээр барааны үнэ ханш
ямар байгаа, иргэдийн худалдан авалт хэр байгааг өнөөдрийн тэргүүн нүүрнээс
уншина уу. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүний талаар АН-ын бүлэг хаалттай
хэлэлцсэнийг тэргүүн нүүрэндээ онцолж байна. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө дал
гаруй настай эмгэнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Гэмт хэргийн сэжигтэнг
өчигдөр орой баривчилжээ. Дэлгэрэнгүй сурвалжлага өнөөдрийн дугаарт нийтлэгдээ.

УИХ-ын
гишүүн Ж.Батзандан хэвлэлийн бага хурал хийснийг Улс төрийн нүүрэнд тоймлон
хүргэж байна. Мөн Хөдөлмөрийн сайд асан С.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр салбар
хариуцсан сайдаар ажиллахдаа юу хийснээ ярьсан юм.

Баримт,
үзэл бодол нүүрт “Улстөржиж хийрхсэнээс хөрөнгийн зах дээр тоглож мөнгөө өсгөе”
нийтлэл хэвлэгдлээ. Улстөржиж хийрхсэнээс ард иргэдэд юу ч үлдэхгүй. Харин
хөрөнгийн зах зээл дээр тоглож, мөнгө босгох боломж байгааг энэ нийтлэлээс
уншина уу.

ЗГХЭГ-ын
дарга асан Г.Дэнзэнгийн бие муу байгаа. Тэрбээр өлсгөлөн зарлаж байхдаа
гэрээслэл бичжээ. Гэрээслэлдээ юу бичсэн тухай VI нүүрт нийтэллээ.

Дэлхийн ур
чадварийн олимп өнгөрсөн өдрүүдэд болсон. Уг тэмцээнд амжилттай оролцсон тогооч
Б.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсад анх удаа болж буй Өсвөрийн шатрын дэлхийд олимп
улсаа төлөөлөн оролцож байгаа Е.Төгстөмөр нартай хийсэн ярилцлагыг 11 дүгээр
нүүрээс уншина уу.

Мөн
Мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох тэмцээнийхээ талаар
ярилаа.

Шинжлэх
ухаан нүүрээс энэ сарын 27-нд тэнгэрт хоёр сар үзэгдэх эсэхийг мэдээрэй. Мөн
хүний уураг тархийг лабораторийн тавган дээр ургуулж байгаа, электрон тамхийг
тойрсон шуугиан зэрэг мэдээлэл энэ нүүрт багтсан юм.

Эдгээр болон цаг үеийн бусад
мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч
та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь
35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас
очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан
авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт
холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

МҮЭХ цалин нэмэхийг шаардлаа

Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын хэлж буйгаар өнгөрөгч
долдугаар сараас төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн мөнгийг
нэмэхээр төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгасан. Гэвч энэ нь сайд нарын
томилгоо, улстөрчдийн үймээнээс үүдэн хойшилсноос төрийн албаныхны
цалин, тэтгэвэр нэмэгдээгүй гэв.

Х.Амгаланбаатар “Засгийн газар бүрэлдэхүүнээр ажиллаагүй учраас энэ
асуудлыг хойшлуулсан. Сайд нарын томилгоо удааширч, улстөрийн үймээнээс
үүдээд иргэд хохирч байгааг дахин сануулмаар байна” хэмээн ярилаа.

Тиймээс МҮЭХ-ноос ээлжит шаардлагаа дахин хүргүүлж байгаа бөгөөд эл шаардлагад,

  • Төрийн албан хаагчдын цалинг 90 тэрбум төгрөгийн төсөвт багтааж нэмэгдүүлэх
  • Ажлын байрны баталгааг хангах
  • Төрийн албан хаагч, бусад салбарын ажилтнуудын ажлын байрны тогтвортой байдлыг хангах
  • Сайд нарыг нөхөн томилох асуудлыг хурдасгаж, дараагийн асуудлаа шийдвэрлэхийг сануулж байгаа ажээ.