УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” албан тоот өнөөдөр хүргүүллээ. Уг албан тоотод Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу наймдугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны наймдугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны есдүгээр сарын 06-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд өргөн барихыг хүсье гэжээ.
Month: August 2015
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэдгээ энэ үеэр дуулгав. Мөн Прокурорын байгууллагын баяр дээр хэлсэн Ерөнхийлөгчийн үгэнд тус бүлгийн хуульчид анализ хийсэн байна. Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хориг болон Прокурорын баяр дээр хэлсэн үгтэй нь холбогдуулж тус бүлэг доорх мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хориг, прокурорын байгууллагын баярын хурал дээр хэлсэн үгтэй танилцлаа. “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” нь 2012 оны сонгуульд оролцохдоо “Намын харьяаллаар нь иргэдээ ялгаварлан гадуурхах, хяхан хавчих, улс төрийн өрсөлдөгчдийг хилс хэрэгт холбогдуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг нь зөрчихгүй байх нөхцөлийг бий болгоно. Иргэний болон захиргааны хариуцлага ногдуулж болох хэрэгт эрүүгийн ял оноож залуучуудыг олноор нь гэмт хэрэгтэн болгох аюултай хандлагыг нэн даруй өөрчилнө” гэж амласан билээ.
Монгол Улсын эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зүгээс намын харьяалал болон бусад байдлаар хяхан хавчиж, улс төрийн өрсөлдөгчөө хилс хэрэгт холбогдуулах, хэрвээ хууль бус үүрэг даалгаврыг нь биелүүлэх тохиолдолд цалин, хангамжийг нэмэх тухай туйлын тодорхой үүрэг чиглэлийг Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 85 жилийн ойн баярын хуралд оролцохдоо өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь төр засгийг иргэдтэй нь, УИХ-ыг Засгийн газартай нь, улс төрийн нам, бүлгүүдийг өөр хооронд нь зөрчилдүүлэн, улс төр, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг улам гааруулж, улмаар гарах гарцгүй хямрал, талцал тэмцэлд турхирч байгаад гүнээ харамсаж байна.
Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч түрэн хууль бусаар баривчилж ял шийтгэл тулган оноож, зарим иргэдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө хилсээр баривчилж байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлэх заналхийлэл гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх болох уучлал үзүүлэх, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах зэрэг шийдвэрт УИХ оролцдоггүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэж заасан байдаг. Өршөөл үзүүлэх тухай шийдвэрт хориг тавих нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын төрт ёсны түүхэнд гарч байгаагүй үзэгдэл юм.
Өршөөлийн хуульд хэсэгчлэн буюу 4.1, 7 дугаар зүйлүүдэд хэсэгчлэн хориг тавьсан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн боловч үнэн хэрэгтээ уг хоригийг хүлээж авсан тохиолдолд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хүүхэд, эмэгтэйчүүд, санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж хөнгөн, хүндэвтэр ял шийтгэл хүлээсэн бүх хүн өршөөлд хамрагдахгүй юм.
Хэнийг ч өршөөлд хамруулахгүйгээр бүхэлд нь хориг тавьсан нь хүнлэг энэрэнгүй байх зарчмын эсрэг, монгол ёс заншил, төрт ёсны уламжлалд нийцэхгүй бөгөөд, төрийн өршөөл энэрлийг хүсэн хүлээж байсан олон хүн, тэдний гэр бүл, үр хүүхдэд нь хүндээр тусна гэдгийг цохон тэмдэглэж байна.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн үндсэн зарчмаас ухарч, өршөөлд хамрагдсан хүний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт хийх замаар өршөөлийн хуулиас эргүүлэн хасах нь хойшид тооцож боломгүй үр дагаварт хүргэх болно.
Илт улс төрийн зорилготой, Үндсэн Хууль болон Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчиж УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан хоригийг хүлээж авах ямар ч үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Мөн тус бүлэг сайд нарынхаа нэрсийг тодруулсан гэдгээ хэллээ. Тус бүлгийн дарна Н.Батцэрэг энэ талаар “Ерөнхий сайдын зөвлөх Ц. Мөнхтөр мэдээлэл хийж сайд нарыг тодруулж чадахгүй байгаа нь улс төрийн намуудтай ойлголцож чадахгүйтэй холбоотой. Тиймээс сайдад нэр дэвшигчдийн нэрийг ирэх 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулсан гэсэн. Манай бүлгийн зүгээс гацаагаад байгаа юм байхгүй. Бид дотооддоо асуудлаа аль хэдийн шийдсэн. Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг өргөн барина л гэвэл бид өөрсдийн хүмүүсийн нэрийг өгөхөд бэлэн байна” гэв.
ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаа хийж байна. Энэ нь хоёр дахь удаагийн судалгаа аж. Хоёр жил дамнах уг судалгааг ДЭМБ-ын мэргэжил, арга зүйгээр Засгийн газар, олон улсын Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр явуулж байна.
Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөж, одоогийн байдлаар томоохон хот, суурингуудын 78 нэгжид 40 мянган хүн хамраад байна. Судалгааны явцад хотынхны дундах сүрьеэгийн тархалтын байдал өндөр байгаа нь ажиглагджээ.
2014 оны байдлаар сүрьеэ өвчний 4,172 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 12.5 хувийг эзэлжээ. Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 гаруй хувь Улаанбаатар хотод, тэр дундаа хүн амын төвлөрөл ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт илүү тархалттай байна. Өвчлөгсдийн 70 хувь нь 16-44 насныхан, өвчний тохиолдлын 60 хувь нь агаараар дамжин халдварладаг уушгины сүрьеэ аж.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны хоёрдугаар давхрыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр боллоо.
Хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа эсэх, зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг шалгаж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.
Төрийн өмчийн бус цэцэрлэг ажиллуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон гэрчилгээ гаргаж өгөх нэрээр бусдаас их хэмжээний мөнгө залилан авах хэрэгт автахгүй байхыг мөн сэрэмжлүүллээ.
Гэрчилгээг бусдаас худалдаж болон бэлгэнд авсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог хуулийн заалттай гэнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлах болсон гэдгийг онцоллоо. Мөн “Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг ирэх намрын ээлжит чуулган хүртэл хойшлуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Энэ нь Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлнэ гэдэг утгаараа бүрдүүлж чадахгүйд хүрвэл огцрох ёстой гэсэн ойлголтыг бий болгоно. Улс орны хэмжээнд өвлийн бэлтгэл ажил эхэлж байхад зургаан сайд томилогдоогүйгээс гурван давхар дээлтэй сайд нар ирэх 10 сар хүртэл ажил хийх болоод байна. Мөн Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх ээлжит бус чуулганыг зарлаж, хүлээн авах эсэх асуудлаар шийдвэр гаргах эсэх нь уг асуудлаас болоод тодорхойгүй байдлыг бий болгоод байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.3-т зааснаар “Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” хэмээн заасан байгаа тул ирэх намрын чуулганаар хоригийг хэлэлцэх хүртэл өршөөлд хамрагдсан иргэдийн хувьд хүлээлтийн байдлыг бий болгоод байгаа юм. Ерөнхий сайд танхимын сайд нараа томилохгүй гэснээс болж иргэд хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд Өргөдлийн байнгын хороонд энэ талаар ирүүлсэн хүсэлт, өргөдлийн талаар болон Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хүлээж байгаа тухайгаа ийнхүү та бүхэнд мэдээлэх гэж цуглуулсан юм” гэлээ.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан манай цагаар 14:00-д эхэлнэ. Эдгээр жинд манайхаас Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нар зодоглоно.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин буурч хуучин жиндээ барилдаж байгаа. Тэрээр “В” хэсэгт эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарчээ.
Харин энэ жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Тажикстан, Серб бөхчүүдийн аль хожсонтой нь хоёрдугаар тойрогт барилдах юм.
Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон “В” хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийнэ. Гавьяат М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай оноолт таарчээ. Тэрээр “С” хэсэгт багтсан.
Энэ намрын ургац хураалт ямар байх талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. Манай улсын хэмжээнд өнгөрсөн хавар нийт 390 мянган га талбайд үр тариа тариалсан байна. Үүний 370 орчим мянган га-д улаан буудай тариалжээ. Тариалалт хэдий сайн эхэлсэн ч энэ зун нийт нутгаар гантай байсан тул ургацын нэлээд хувийг авч чадахгүй болоод байна. Газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсны дээр зургаадугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, олон хоног үргэлжилсэн аагим халуун болж, хур бороо багатай байснаас гангийн нөхцөл байдал үүсчээ.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарсан” гэж мэдээлэв.
Харин урьдчилсан балансаар ургац хураах шатанд 252 мянган тонн улаанбуудай үтрэмд буух бол үрийн нөөцөд 30 мянган тонн, малын тэжээлд 12 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд 9 мянган тонныг хэрэглэх тооцоо гарсан байна. Ингэснээр 141 мянган тонн улаанбуудайг гурил үйлдвэрлэх хэрэгцээнд үлдээх аж. Мөн үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөцөд байгаа 27 мянган тонн улаан буудай нэмэгдэх юм байна.
Монгол Улс жилдээ 240 мянган тонн гурил буюу 320 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг аж. Тэгэхээр энэ жил 100 мянга гаруй тонн улаан буудай дутах болж буй юм. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар гурил үйлдвэрлэхэд шаардлагатай улаан буудайг гадаадаас импортоор авахыг салбарын сайдад үүрэг болгосон.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хэдий ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Монгол түмэндээ батлан харуулсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан билээ. Тэрээр одоогийн байдлаар 2000 орчим км зам туулан Дорнод аймаг хилийн 0104 салбар очоод байна. Одоогоор аяллын 44 дэхь хоног бөгөөд түүнийг очсон газар бүрт нь МЗХ–ны салбар, аймгийн залуучуудын холбоодын тэргүүн болон тэргүүлэгч гишүүд угтах, үдэх, байрлуулах, аймгийн удирдлагуудтай уулзуулах, нутаг оронтой танилцуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн замд тааралдсан айл, хоолны газар, буудлууд Монгол хүний зочломтгой зангаар түүнийг угтан авч амраасаар байгаа юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их дээд сургуулиудын удирдлагууд сургалтын төлбөрөө ямар шалтгаанаар нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар тухайн газрын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “ Өнгөрсөн хавар улсын хэмжээнд анх удаа арванхоёрдугаар анги төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаа. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус. Өмнө нь инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад сургалтын төлбөрийг нэмдэг байсан. Тиймээс бид их, дээд сургуулийн сургалтын төлбөр хуулийн хүрээнд нэмэгдсэн эсэхийг судалж, шалгаад хариуг олон нийтэд мэдээлнэ” гэлээ.
Түүнчлэн тус газар сургалтын төлбөрөөс гадна оюутны дотуур байрны үнийг нэмсэн асуудлыг ч мөн давхар шалгах юм байна.