Баянгол дүүргийн нутаг Хувьсгалчдын гудамж, “Буурал ээж” дэлгүүрийн баруун замд Т.Ист маркийн автомашины жолооч А нь замын хашлага мөргөж зорчигч Х /20 настай эрэгтэй/ нарын дөрвөн хүн гэмтжээ. Уг хэргийн харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 389 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг ес бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Month: August 2015
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл
технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо.
Удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон
хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө
аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс
ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Паркийн дарга,
Удирдах Зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Гончигжав нар оролцлоо. Удирдах
зөвлөлийн хуралдаанаар Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ, Эмээлтийн паркийн
төслийг санхүүжүүлэх хувилбарууд, Нийслэлийн 2015 оны төсвийн тодотголд оруулах
санал гэсэн асуудлыг хэлэлцлээ. Тус гурван асуудлаас Улс болон нийслэлийн 2015
оны төсвийн тодотголд санал тусгуулах тухай тогтоол гаргаж, холбогдох
байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн,
үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-аас мэдээллээ.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн
“Цагаан чулуут” гэдэг газарт энэ сарын 23-нд түймэр дэгдсэн билээ. Түймрийг
аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, орон нутгийн 40 иргэн ажиллаж
25-ны 03:00 цагт цурамд оруулаад байсан. Тэгвэл өчигдөр 20:40 цагт түймрийг
бүрэн унтраасан байна. Түүнчлэн Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн
“Хүнхээ” гэдэг газар ассан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид
болон нутгийн иргэд 23-ны шөнө цурамд оруулсан. Одоогоор уг түймрийг бүрэн
унтрааж амжаагүй байгаа аж.
Хил хамгаалах ерөнхий газраас сэтгүүлчдийг хилээр танилцуулж авч явдаг билээ. Энэ жил сэтгүүлчид өмнөд хязгаар хил дээр хилийн манаанд гарлаа, Мөн хилийн дөрвөн захын цэгийн нэг болох Орвог гашууны бор толгой дээр гараад ирлээ.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.
-Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган маргааш (өнөөдөр) Улаанбаатарт эхлэх гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье.
-Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган нь ашгийн бус байгууллага. Бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой энэ байгууллага энэ жил 20 нас хүрлээ. Үүнтэй давхцаад XX бага хурлаа Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ хурлын хүрээнд нэлээд арга хэмжээ зохион байгуулагдана.
-Энэ байгууллагад манайх хэзээ нэгдсэн бэ. Хурлаараа бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх үү?
-Бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд АНДЧ-д гишүүнээр элсэх нь нээлттэй бөгөөд одоогоор 15 бүрэн эрхт гишүүн, долоон харилцагч гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бүрэн эрхэт гишүүнээр Парисын Зарчимд нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллагыг элсүүлдэг. Бүрэн эрхт гишүүн нь байгууллагыг төлөөлж, АНДЧ-ы шийдвэр гаргах байгууллага болох Чуулганы зөвлөлд санал өгөх эрхтэй зөвлөлийн төлөөлөгчтэй. Манай улсын хувьд бүрэн эрхт гишүүн нь. Энэ удаагийн хуралд бүрэн эрхт, харилцагч гишүүдээс гадна сонирхогч орнууд оролцоно. Эхний хоёр өдөр дотоод асуудлаа хэлэлцэнэ. Гэхдээ эхний өдрийн үдээс хойш хүний эрхийн хамгаалагчдын асуудлыг хэлэлцэнэ. Харин энэ сарын 28-нд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт, эрүү шүүлтийг зогсоох талаар хүний эрхийн байгууллагуудын хийж байгаа ажил, тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар ярилцах юм.
-Манай улсаас ямар сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх вэ. Манай улсад хуралдаж байгаа гэдэг утгаараа энд хүний эрхийн төлөв байдал ямар байгааг хэлэлцэж, шийдвэр гаргах болов уу?
-Манайхаас комиссын гишүүн П.Оюунчимэг “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, нэмэлт протоколыг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын ололт, амжилт, сургамж” сэдвээр илтгэл тавина. Эрүүдэн шүүх асуудлаар хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, УИХ-д хүргүүлсэн зөвлөмж гээд бүх асуудлыг илтгэлдээ тусгасан байгаа.
Гэхдээ хуралдаанаар аль нэг улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэхгүй. Туршлага солилцож, гол нь бүс нутагтаа хүний эрхийн дэвшилттэй тал юу байна вэ, болохгүй нь хаана байгааг хэлэлцэж хамтарч шийдвэрлэх гарц хайх чиглэлээр ажилладаг. 2013 онд Катарт болсон хурлаар дараагийн хуралдааныг Монголд хийх эрхийг авсан. Өнгөрсөн хугацаанд Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы орлогч даргаар ажиллаж, хуралдааны бэлтгэлийг хийлээ. Хуралдаанд хэн илтгэл тавих, ямар дараалалтай байхыг даргалж байгаа Катар шийднэ. Харин Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нөгөөдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд энэ байгууллагыг даргална.
-Энэ байгууллагын гишүүн байх, үйл ажиллагааг нь удирдахын ач холбогдол юу вэ?
-Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцан дээр гаргах, Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг сурталчлах гээд ач холбогдол их.
Үүнээс гадна байгууллагыг удирдаж байгаа гэдэг утгаараа гишүүн орнуудад тулгарч байгаа асуудал, зорилтыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлнэ. Нэгэнт байгууллага удирдаж байгаагийн хувьд зөвхөн өөрийнхөө биш өрөөлийн төлөө ажиллах боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын төдийгүй, Хүний эрхийн үндэсний комиссын нэр хүнд өснө.
-Энэ хуралдааны өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард НҮБ манай улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн. Хүний эрхийн байгууллагуудаас хүргүүлсэн илтгэлд Монголд эрүү шүүлт буураагүй, харин ч өссөн талаар тусгасан. НҮБ-аас манай улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт ямар байгаа бол?
-Үнэхээр дуулгавартай баймаар байна. НҮБ-аас 2011 онд манай Засгийн газарт өгсөн зөвлөмждөө эрүү шүүлтийн эсрэг авч буй арга хэмжээгээ улам бүр бэхжүүл гэсэн шүү дээ. Гэтэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгачихсан. Өнгөрсөн тавдугаар сард болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулган (UPR)-ы зөвлөмжид эрүү шүүлттэй холбоотой асуудал маш их орсон. Мэдээж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаа дахин байгуул гэхгүй шүү дээ. Өмнө нь үр дүнтэй ажиллаж байсан механизмыг бүрдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар ажиллах ёстой гэдэг асуудлыг тавьсан. UPR-ийн зөвлөмжийг эцэслэн батлах хурал ирэх сард Женев хотноо болно. Хүний эрхийн үндэсний комисс тэр хуралд оролцоно. Засгийн газрын төлөөлөгч оролцож илтгэлээ хамгаална. Тэндээс гарсан зөвлөмжийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой болно.
-Сэжигтэн, яллагдагчийг удаан хугацаанд хорьдог, хорих газар сэлгүүлэн эрүүдэн шүүдэг гэх гомдол танай байгууллагад цөөнгүй ирдэг бололтой. Тухайлбал,ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн гэх зэрэг цөөнгүй хүн гомдол гаргасныг олон нийт мэдэж байгаа.
-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд байгаа болон ял эдэлж байгаа хүмүүсээс ирдэг гомдол эрс нэмэгдсэн. Сүүлийн дөрвөн жилийн байдлыг өмнөх үетэй харьцуулахад гомдол тав дахин нэмэгдсэн. Зуны улиралд төрийн байгууллагуудын ажил багасдаг биз дээ. Гэтэл манайд хандах иргэдийн тоо улам бүр өсч байна. Эрүүдэн шүүсэн, мөрдөн байцаалтын шатанд үндэслэлгүйгээр хорьсон гэх гомдол маш их ирж байгаа. Гэхдээ манайд хандсан бүх хүний гомдол үндэслэлтэй гэж хэлж болохгүй. Анхаарал татсан асуудал ч бий. Эрүүдэн шүүсэн, өмгөөлөгчгүй уулзсан, бичиг үсэг мэдэхгүйгээр нь далимдуулж гарын үсэг зуруулсан, айлгасан, сүрдүүлсэн, дарамталсан, гэмтэл учруулсан гэх гомдол олон ирж байгаа. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байхад асуудлыг шийдэхэд амар байсан. Гомдлыг шалгаад тийшээ шилжүүлдэг байж. Одоо цагдаа өөрөө шалгадаг болсон учраас иргэд итгэхгүй юм. “Хамт сууж байгаа цагдаагаар нөгөөхийг нь шалгуулахдаа би итгэхгүй байна” гэж харддаг. Хардлага төрүүлэхээс гадна магадгүй гэдэг байдлыг ч бий болгочихдог. Тиймээс үүнийг цэгцлээч гэдэг асуудал тавьсаар байгаа шүү дээ. Хэрэв хуулийнхныг шалгадаг тусдаа байгууллагатай бол дураараа аашилдаг явдал багасна. Үнэнийг хэлэхэд эрүүдэн шүүх чинь цөөн тооны бүтэлгүй нөхдүүдийн л үйл ажиллагаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчидтай холбоотой гараад байгаа цөөн тооны үзэгдэл байна. Ганц нэг нь тодорхой болоод ажлаасаа ч халагдсан.
-Цөөн тооны нөхдүүдээс шалтгаалаад эрүүдэн шүүдэг, бусдын эрх зөрчдөг гэдэг муухай нэр зүүж байна гэж үү?
-Хэдхэн эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчийн муйхар үйлдлийг эс тооцвол Монгол Улсад эрүүдэн шүүх асуудал эрс багассан. Энэ нь бидний нэг ололт, бусдад үзүүлэх баримт. Хамгийн наад зах нь цагдан хорих байрны нөхцөл сайжирсан. 461 дүгээр хорих анги гэхэд Европын стандартад хүрсэн.
-Хүний эрх зөрчдөг, эрүүдэн шүүдэг цөөн тооны нөхдүүд байдаг гэлээ. 2014 оны хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг уншиж байхад эрүүдэн шүүсэн тухай олон баримт байна лээ. Харин бусдыг эрүүдэн шүүсэн гэдэг үндэслэлээр ганц, хоёрхон хүнд хариуцлага тооцсон байсан. Хариуцлага нь ихэнхдээ сахилгын шийтгэл төдий байна лээ. Танай байгууллага шалгалт хийгээд хүний эрхийн зөрчил байгааг тогтоодог ч хуулийн байгууллага буруутай этгээдэд хариуцлага тооцдоггүй юм болов уу?
-Одоо ч нөхцөл байдал ийм байна. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шиг чиг үүрэгтэй байгууллага байгуулсан цагт л нөхцөл байдал өөрчлөгдөнө. Хууль хяналтынхныг шалгадаг байгууллагатай байхад харин ч хамжааргатай болж байсан шүү.
-ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн бие тааруу, эмчлүүлж байгаа. Тэр хүн танай байгууллагад хандсан байх аа?
-Г.Дэнзэнгээс ирсэн гомдлын дагуу бид очиж уулзсан. Манайхныг очиход өлсгөлөн зарлачихсан байсан. Эмч нартай нь уулзсан. Ер нь бид очиж уулздаг, холбогдох байгууллагад асуудал тавьдаг. Г.Дэнзэнгийн тухайд улайм цайм эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн зөрчил илрээгүй.
-Зунжин хорихдоо хоёрхон удаа байцаах нь эрүү шүүлтийн хэлбэр биш гэж үү?
-Цагдан хорьчихоод нэг байцаалаа, хоёр асуулаа гэдэг асуудал ярьдаг. Байцаалтаар асуудлыг тодруулдаггүй. Хуулийн байгууллагын арга тактикийн л асуудал. Нэг хэсэг цагдан хорьчихоод байцаадаггүй, бүр таг болчихдог байсан. Одоо тэр байдал арилсан. Хуулийн хугацаанд цагдан хорьж байгааг буруу гэх үндэслэл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуулийн дагуух процесс. Түүнээс зодсон, дарамталсан гэх зэрэг зөрчил илрээгүй.
-БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисстой өнөөдөр (өчигдөр) санамж бичиг байгууллаа. Хоёр улсын хүний эрхийн байгууллагууд хамтарч ажиллахаар болов уу?
-Хоёр улсын хүний эрхийн байгууллагын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Манай байгууллага БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын хөдөлмөрлөх болон бусад эрхийн талаар 2007 онд тандалт, судалгаа хийж байсан.
Монгол Улсын 30 шахам мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Олон мянган иргэд эмчлүүлэхээр тийшээ явж байгаа. Манай Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалахаар тэнд ажиллах боломж байхгүй. Элчин сайдын яам байгаа нь хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол хүлээж аваад тэр дагуу ажиллаад байх боломж байдаггүй. Үүнээс гадна БНСУ-ын маш олон иргэн Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхэлж байгаа. Тэдний эрх ч зөрчигдөх явдал гардаг. Тиймээс хоёр улсын Хүний эрхийн үндэсний комисс нутаг дэвсгэр дээрээ тухайн улсын иргэний эрх, эрх чөлөөг өөрийн улсын иргэний адил хамгаалж үйл ажиллагаа явуулъя гэдэг дээр тохирлоо.
-Тэгвэл БНСУ-д гэрээгээр болон хараар ажиллаж байгаа хүмүүс эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн байгууллагад нь хандах эрхтэй болсон гэсэн үг үү?
-Хүний эрхийн үндэсний комисс нь гомдлыг өөрийн улсын иргэний адил хүлээн авч, шийдвэрлэх боломжтой боллоо. Хоёр улсын Хүний эрхийн үндэсний байгууллагууд иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түлхүү хамтрахаас гадна бүс нутагтаа үйл ажиллагаагаа уялдуулъя гэж тохирсон. Мөн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хороонд бие, биенийхээ үйл ажиллагааг дэмжихээр санамж бичигт тусгасан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын ажилтнуудыг мэргэшүүлэх, туршлага судлах тал дээр хамтарч ажиллахаар боллоо.
Ирэх сарын 3-нд БНХАУ-д болох чөлөөлөх дайны 70 жилийн ойд манай улс хэрхэн оролцох талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.
-БНХАУ дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн баярт бэлтгэж байна. Дайныг дуусгахад, ялалт байгуулахад монголчууд ч хувь нэмрээ оруулсан гэдэг. Бээжинд болох энэ арга хэмжээнд Монгол Улс хэрхэн оролцох вэ?
-БНХАУ энэ түүхэн ойг анх удаа олон улсын түвшинд ийм өргөн хэмжээнд зохион байгуулж байна. БНХАУ-ын Дарга Си Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Мөн манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл Тяньянминий талбайд болох цэргийн парадад оролцож, жагсана. Баярын арга хэмжээний үеэр хоёр орны удирдагчид хоёр талын уулзалт хийнэ.
-Бээжинд болох цэргийн парадад хэчнээн орон оролцох бол?
-Дэлхийн 16 орны цэргүүд жагсана гэж сонссон. Парадад оролцох Монголын цэргүүд Бээжинд очиж,бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
-Дэлхийн II дайн дууссаны баяр гэх юм. Бас Чөлөөлөх дайн ч гэх юм. Аль нь зөв бэ?
-Бидний хувьд аль аль нь зөв.1945 оны есдүгээр сарын 2-нд милитарист Япон үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурсан гэдэг утгаар дэлхийн II дайн дууссан өдөр. Монгол Улсын хувьд бол 1945 оны наймдугаар сарын 10-нд милитарист Японд дайн зарлаж, чөлөөлөх дайнд оролцсон нь тусгаар тогнолоо бэхжүүлэх, Зүүн хойд Хятад, өвөр монгол ахан дүүсээ харийн дарлалаас чөлөөлөх ариун зорилготой байсан. Чухамдаа энэхүү Чөлөөлөх дайнд оролцсон нь манай улс тусгаар тогтнол, статус кво-гоо тухайн үед дэлхийн бодлогыг тодорхойлж байсан их гүрнүүдээр зөвшөөрүүлэх болон хоёр хөршөөрөө албан ёсоор баталгаажуулахад чухал түлхэц болсон.
Хорьдугаар зуун бол монголчууд бидний хувьд тусгаар тогтнолоо сэргээн тогтоох, эрх чөлөөгөө бүрэн олох тэмцлийн зуун байсан. Тэрхүү урт, бартаат тэмцэл, түүхийн нэгэн нэн чухал, содон үйл явдал бол чөлөөлөх дайнд оролцсон явдал.
-Энэ хавар Москвад болсон Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхийлөгч оролцсон. Одоо Бээжинд оролцоно. Чөлөөлөх дайнд монголчууд яг яаж оролцсон бэ. Тоо, баримт дурдаж болох уу?
-Чөлөөлөх дайн бол дэлхийн II дайны төгсгөл. Монголчууд дэлхийн II дайны бүхий л үед ямар нэг байдлаар маш идэвхтэй оролцож, бараг чадлаасаа ахадсан хувь нэмэр оруулсан гэж боддог. 1941 оны зургадугаар сараас 1945 оны тавдугаар сар хүртэл монголчууд дайны ар талын үүрэг гүйцэтгэж, “Бүхнийг ялалтын төлөө, Бүгдийг фронтод” гэдэг уриан дор өдөр, шөнөгүй ажиллаж, бүр өлсгөлөнд нэрвэгдэн байж, байдаг бүхнээ ЗХУ, Улаан армид зориулж байсан. Ганц жишээ хэлэхэд, Монголын сор болсон хагас сая агт морьд дайн тулааны гал дундуур туулж, зарим нь Берлин хүрсэн түүхтэй. 1945 оны тавдугаар сарын 9-нд Европт дайн дууссан. Түүнээс хойш Холбоотон гүрнүүд Алс дорнодод дайныг дуусгахад шуурхай бэлтгэж эхэлсэн. Манай улс ч ялгаагүй. 35 хүртэлх насны бүх эрчүүдийг цэрэгт татсан. Ажлын цагийг уртасгаж, ээлжийн амралтыг халсан. Зөвлөлтийн армитай хамт цэрэг дайны бэлтгэлээ базааж, улмаар хилийнхээ дээс алхан өдөрт 80-100 км урагшлан давшиж, Зүүн хойд Хятадыг чөлөөлж, Жанчхүүгийн даваа, Цагаан хэрэм хүрсэн түүхтэй.
Энэ дайнд, манай улс Монгол ардын хувьсгалт цэрэг буюу арми, хилийн цэргийн ангиуд, дотоодыг хамгаалах байгууллагын хөдөлгөөнт отрядууд, ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд гээд тухайн үеийн Зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн, анги нэгтгэлийн төлөөлөл болсон 21 мянга гаруй цэрэг, офицер бүхий дөрвөн морьт дивиз, мото-хуягт бригад, танкийн хороо, нисэх анги, мотоциклийн анги, эмнэлэг болон ар талын ангиудыг бэлтгэж оролцсон. Дайны дараа БНМАУ-ын Засгийн газар Өвөр Монголын засаг захиргааг сэргээхэд ч тусалж байсан түүхтэй. Тухайн үед манай улсын хүн ам 700 мянга гаруйхан байсан. Товчхондоо, бидний өвөг дээдэс Хятадын ард түмнийг энх тайван, эрх чөлөөтэй амьдрахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан түүхтэй. Тийм ч учраас 70 жилийн ойн арга хэмжээнд манай улс өндөр дээд хэмжээнд уригдаж байгаа болов уу.
-Халх голын дайн, Чөлөөлөх дайн гээд ярихаар бидний сайн нөхдийн нэг Япон Улс эмзэглэн хүлээн авах тал бий юу. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Түүхийг засварлах боломжгүй. Өмнөх үеийн алдаа оноог одоогийн болон ирээдүй хойчид халдаах нь зохисгүй.Монгол улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих үед хамгийн ихээр тусалсан улс орнуудын нэг бол яахын аргагүй Япон бөгөөд өнөөдөр ч энэ хамтын ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. Монголчууд бид өнгөрснөө бус, ирээдүйгээ харж амьдардаг.
“Aurora Films”-ийн найруулагч Б.Чингүүний бүтээл “A Family Portrait” буюу “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино “London short film awards” наадмын шилдэг бүтээлийн нэгээр шалгарчээ. Тус наадамд 100 гаруй уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн бөгөөд наадмын шилдэг эмэгтэй гол дүрд Ононгийн дүрд тоглосон У.Цасжин охин нэр дэвшжээ. Шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид зургаан хүн нэр дэвшсэнээс хоёр нь охин ажээ. У.Цасжин “Хөгжилтэй гэр бүл” олон ангит инээдмийн кинонд тоглосон бөгөөд гурван жилийн өмнө “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт бяцхан охины дүрийг бүтээж байжээ. Ингээд У.Цасжин охинтой ярилцсанаа хүргэе.
-Олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид дэвшжээ. Энэ тухай анх хэнээс дуулсан бэ?
-Б.Чингүүн ах над руу утсаар ярьж хэлсэн. Бас энэ тухай мэдээллийг фэйсбүүкээр шэйрлэсэн байсныг нь би уншсан. “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино 2014 оны тавдугаар сард цацагдсан. Б.Чингүүн ах энэхүү киногоороо дамжуулж бидний харж байгаа болон нүднээс далд байгаа гэр бүлийн хүчирхийллийг гаргахыг хүссэн болов уу гэж боддог.
-Нэр дэвшсэн жүжигчдийн дунд өөрөөс чинь гадна бас нэг охин байгаа гэв үү?
-Тийм. Миний мэдсэнээр бол зургаан эмэгтэй нэр дэвшсэнээс дөрөв нь насанд хүрсэн хүн, хоёр нь бага насны охин юм билээ.
-Кинон дээр гардаг Онон охины дүрийг тодруулахгүй юу?
-Хойд аавдаа ад үзэгдэж, зодуулдаг хөөрхийлөлтэй охины дүр.
-Киноны үйл явдлаас яриач…?
-Аав нь бурхан болоод ээж нь өөр хүнтэй гэр бүл болдог. Ингээд хойд аавынхаа гэрт ээжтэйгээ хамт амьдрахаар очсон. Тэр айлын аав надад маш дургүй. Намайг их зоддог.
-Өөр хүүхэдтэй юм уу?
-Ээжтэй гэрлээд нэг хүүхэдтэй болдог. Тэгээд гэр бүлийн хөрөг зураг авахуулсан чинь би гай болсон юм шиг байна лээ. Үүнээс болоод үйл явдал өрнөдөг.
-Аав, ээжийнх нь дүрд ямар уран бүтээлчид тоглосон бэ?
-Ээжийн дүрд тоглосон эгчийг би сайн танихгүй ш дээ. Аавд Болд ах тоглосон.
-Танай аав ээжийг хэн гэдэг вэ. Ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?
-Аав Ууганбаяр зэвсэгт хүчинд алба хаадаг. Ээж Батцэцэг маань Монголын үндэсний радио телевизийн сэтгүүлч. Миний дүү Цэлмүүн зургаан настай.
-Хүчирхийлэлд өртөж аавдаа зодуулж чичлүүлдэг дүрд тоглоход хэцүү байв уу. Ямар санагдсан бэ?
-Үнэхээр аймаар. Уг нь зодуулсан ч уйлахгүй тэвчээртэй, шазруун дүр гаргах ёстой. Гэхдээ яг зоддог хэсэг дээр нь би тэсэхгүй уйлчихсан.
-Тэгээд уйлсан чигээрээ зураг авсан хэрэг үү?
-Тэгсэн. Хэдий намайг хуурамчаар зодсон ч гэсэн би дүрдээ хэт орсон байсан учраас айгаад дахиж зураг авч чадаагүй. Тэгээд кинон дээрээс уйлсан чигээрээ гарсан. Манай эмээ, өвөө хоёр тоглосон киног маань үзээд зөндөө уурласан гэсэн. Өвөө бүр босч ирээд “Энэ нэг юм чинь хүүхэд алаад хаячихлаа” гээд байсан гэж эмээ хэлсэн. Эмээ хүртэл кино үзээд их уйлсан байна лээ. Анх манай аав, ээж хоёр ч гэсэн энэ кинонд тоглохыг эсэргүүцэж байсан.
-Тийм үү?
-Тийм. Найруулагч Б.Чингүүн ахыг санал тавихад бага насны хүүхдэд ахадсан дүр гэж ярьж байсан. Би гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн байхгүй юу. Тиймээс би хүүхэд бүхнийг аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.
-Аль сургуульд сурдаг билээ?
-Би 48 дугаар сургуулийн 5б ангийг төгссөн. Одоо зургадугаар ангид орно. Сая кино зураг авалтын үеэр би 11 нас хүрсэн. Өдөржингөө зураг авалтад ороод завгүй байсан болохоор төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй. Тэгсэн зураг авалтын дараа найруулагч маань торт авч өгөөд миний төрсөн өдрийг гоё тэмдэглэж өгсөн.
-Саяхан телевизээр цацагдсан “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосон. Энэ кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?
-Надад санал тавиагүй. Боловсрол телевизээр дүр шалгаруулах тухай реклам гарсан. Би ээжид хэлээд очиж проб өгсөн. Зөндөө хүүхэд шалгаруулалтад орсон. Хэдэн үе шаттайгаар проб өгсөн. Би тэнцсээр байгаад ганцаараа шалгарч үлдсэн. Тэгээд СТА жүжигчин Д.Энхбаяр ах, Н.Цэнд-Аюуш эгчийн охин Мишээлийн дүрд тоглосон доо.
-“Хөгжилтэй гэр бүл” кинонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА С.Өлзийхүү зэрэг олон нэртэй жүжигчидтэй хамт тоглоход ямар санагдсан бэ?
-Дандаа л зурагтаар гардаг мундаг жүжигчидтэй тоглосондоо баярлаж байна. Эхлээд жаахан ичээд биеэ барьж байсан. Дараа нь илэн далангүй болсон. Энэ кинонд тоглосноос хойш намайг хүмүүс, хүүхдүүд их таньдаг болсон юм шиг байна лээ. Гадуур явахаар Мишээл гээд байдаг. Надтай хамт энэ кинонд тоглосон Хүслэн бид хоёр сургуулийнхаа 2015 оны шилдэг сурагч болсон ш дээ.
-“Х-ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжигт тоглохдоо хэдэн настай байсан бэ?
-Есөн настай байсан. Манай дугуйлан дээр Онон ах, Баттулга ах, Одончимэг эгч ирээд шалгаруулж авсан. Зохиолынхоо хэсгээс өгөөд намайг уншаад өөрийнхөө ойлгосноор жүжиглэ гэсэн.
-Хамгийн анх ямар кинонд тоглосон бэ?
-Б.Чингүүн ахын найруулсан “Мама миа” кинонд тоглосон. Бас “Миний сарнай” кинонд тоглосон.
-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?
-Алдартай жүжигчин болохыг хүсдэг.
-Хэн шиг?
-Яг И.Одончимэг эгч шиг. Би Холливудын сургуульд жүжигчний мэргэжлээр сураад Холливудын хэмжээний алдартай жүжигчин болохыг хүсдэг.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?
-Би зуны цагт зусланд амардаг. Би ном унших дуртай. Бас дуулах дуртай.
-Ямар төрлийн ном уншдаг вэ?
-Шекспирийн сонгодог зохиол унших дуртай.
-У.Шекспирийн ямар зохиолыг уншсан бэ?
-“Ромео Жульетта”-г уншсан. Өөр зөндөө зохиол уншсан. Бэрх нэртэй болохоор мартчихжээ.
Дашрамд дуулгахад “London short film awards” шилдэг дүрүүдээ шалгаруулахдаа олон нийтийн саналыг авах үүднээс facebook, twitter орчинд санал хураалт явуулах ажээ.
АХБ-ны
шугамаар хэрэгжүүлж байгаа “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн
үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хуримтлалын
бүлгийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготой “Хуримтлал ба
иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд
Blue Sky цогцолборт зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтаар хуримтлал үүсгэх боломж, хуримтлалыг өсгөх, удирдах
болон ач тусын талаар хэлэлцүүлэх юм. Энэхүү арга хэмжээний үеэр Монголд
үйл ажиллагаа явуулж буй хуримтлалын бүлгийн төлөөлөл өөрсдийн үйл
ажиллагааны талаар танилцуулахаас гадна энэ чиглэлээр олон улсад
ажилласан Тайланд, Тайвань улсын туршлагатай зөвлөхүүд Азийн орнуудын
туршлагаас хуваалцаж санал зөвлөмж өгөх юм. Хоёр өдрийн турш явагдах уг
арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкуудын төлөөлөл,
Хадгаламжийн даатгалын корпораци, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны
төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуримтлалын бүлгийн
төлөөлөл, иргэд хамрагдана.
Хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах уг арга хэмжээ
нь иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр
оруулна гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас
мэдээллээ.
Шанхайн хөрөнгийн биржээс эхэлсэн огцом уналт Европ, Америкаар
давалгаалж дэлхийн хөрөнгийн захынхныг
уржигдар паникт оруулав. Цэнхэр гаригийн хэмжээнд “хар даваа гариг” хоёр дахиа давтагдаж байгаа
нь энэ. Өмнө нь Америкаас улбаатай эдийн засгийн хямралын үеэр буюу 2008 онд хөрөнгө
оруулагчдыг сандаргасан “хар даваа гариг” болж
байсан юм. Хоёр өдрийн өмнөх арилжаагаар Шанхайн Хөрөнгийн биржийн
Shanghai composite индекс 8.5 хувийн уналттай гарч 2007 оноос хойш тохиогоогүй
огцом уналтад тооцогдов. Shanghai composite бол тус хөрөнгийн биржийн жишиг
индекс. Яг тэр өдөр Нью-Иоркийн бирж нээгдэх үеэр Америкийн гол хувьцаануудын
ханш огцом унасан нь хэвлэл, мэдээллийнхний анхааралд байв. АНУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг
бол Dow Jones. Dow Jones индекс эхний минутад 6.01 хувиар унасан юм. S&P
500 индекс 5.02 хувиар унасан нь
онцлохоос аргагүй уруудалт. Учир нь энэ
индекс Америкийн 500 компанийг багтаадаг. NASDAQ индекс бүр 7.7 хувиар унажээ. Азийн бирж дээр
Шанхайгаас гадна Японы Никкей индекс 4.6 хувиар, Хонконгийн Хан Сен индекс 5.2
хувиар унасан байна. Европын үндсэн индексүүд болох FTSE 100, DAX, CAC 40-ийн
хувьд 4.7-5.4 хувиар буурчээ. Бүх Европын Stoxx Europe индекс гэхэд тэр өдөр найман хувиар буурсан байна. Германы DAX
индекс өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулахад 22 хувиар буурсан аж.
Дубайн “DFM” индекс даваа гаригт 5,5 хувиар унасан бол Саудын Аравийн Тadawul 6.9 хувь, Египетийн индекс 5.4 хувиар унажээ. Европын биржүүдийн тухайд гэвэл Их Британи, Герман, Францад индексүүд унасан үзүүлэлттэй гарсан аж. Оросын РТС индекс 4.12 хувь, ММВБ индекс 1.13 хувиар буурчээ. Нэг өдөр ийм олон биржийн ханш зэрэг унасан тохиолдол өмнө нь 2008 онд гарч байсан юм. Аль аль нь эдийн засгийн хямрал гэсэн ганц шалтгаантай. Цаашид ч хөрөнгийн биржүүдийн гол индексүүд буурсан хэвээр байна гэсэн гутранги таамгийг шинжээчид онцолж эхэлжээ.
Акул компаниудын хувьцаанууд шил дараалан унасан мэдээлэл олны анхааралд байна. Шалтгаан нь мэдээж Хятадын үнэт цаасны зах зээлд гарсан хүсмээр биш өөрчлөлтөөс улбаатай. “Apple”–ийн хувьцаа 2.22 хувь, Microsoft-ынх 2.48, General Electric-ийнх 2,32, Google-ийнх 3.09 хувиар гэхчлэн буурчээ.
2008 оны хар өдөр ямар байв?
Өмнө нь тохиосон “хар даваа гариг” 2008 оны нэгдүгээр сард болсон юм. Лондон, Энэтхэг, Хонконг, ОХУ-ын хөрөнгийн биржүүдийн хувьцааны үнэ огцом унаж байв. Японы никкэй индекс 5.65 , Австралийн S&P/ASX200 7.1 хувиар унаж байж. Нэг өдрийн дотор 20 жилд тохиогоогүй их алдагдалд орсон гэж мэдээлж байв. Шанхайн биржийн индекс гэхэд л 7.2 хувиар унаж байжээ. Харин Энэтхэгийн биржийн үнэт цаасны уналт 11 хувь байсан аж. Тухайн үед шинжээчид Америкийн гучаад оны эдийн засгийн уналт давтагдах нь гэцгээж байсныг хэвлэлээс харж болно. АНУ-ын биржүүдийн хувьд тэр даваа гариг бүх нийтийн амралт гэсэн шалтгаанаар хаалттай байсан юм. Давосын чуулга уулзалтын анхааралд орж, Азийн хөрөнгийн биржүүдийг хоёр өдрийн турш цочоож, дэлхийн хөрөнгийн зах зээлийг үймүүлээд авсан энэ уналт тийм ч удаан үргэлжлээгүй. Хөрөнгийн зах эргэж сэргэж эхэлсэн юм.
Шанхайн цочролын шалтгаан
Шинжээчид Шанхайн цочролын шалтгааныг удааширсан эдийн засагтай нь холбон тайлбарлаж байна. Хөрөнгийн зах зээл шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Блүүмбэрг”-т ярилцлага өгөхдөө “Ийм хэмжээний уналт сар орчмын өмнө болсон. Тэр уналтаас жил орчмын өмнө Хятадын засгаас хөрөнгийн зах зээлийнхээ эдийн засаг дахь үүргийг нэмэгдүүлэх зорилгоор олон арга хэмжээ авсан. Тэмдэглэж хэлэхээр хоёр алхам бий. Нэгдүгээрт Хятадад хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн зээлээр хувьцаа авах эрхийг нээж өгсөн. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдад Хятад руу орох боломжийг бүрдүүлсэн. Ийм шалтгаанаар Шанхайн биржийн composite индекс 150 хувиар өсч хөөсрөөд дараа нь хагарсан юм. Зээлээр хувьцаа худалдаж аваад хөөс үүсгэсэн хэрэг. Хятадын эдийн засаг өнгөрсөн жилийн хугацаанд буурсаар байгаа. Аж үйлдвэрийн индекс нь ч уналттай хэвээр байна. Хятадын хөрөнгийн зах зээл дээр тоглож байгаа шинэ хөрөнгө оруулагчдын бараг 70 хувь нь эдийн засгийн суурь ойлголт багатай жижиг тоглогчид. Тийм учраас хувьцаа өсвөл өсөөд, унавал унаад байдаг эд юм гэсэн сэтгэл зүй Хятадын хөрөнгийн зах зээл дээр давамгайлаад байна” гэж Shanghai composite индексийн уналтын шалтгааныг тайлбарлажээ.
Сарын өмнө хөрөнгийн захаа хямрахад Хятадын бодлого тодорхойлогчид даатгалын сангуудаар хувьцаа худалдаж авахуулах, арилжааны банкуудад хувьцаа авах эх үүсвэр байрлуулах зэрэг арга хэмжээ авчээ. Тодруулж хэлбэл тэтгэврийн сангууддаа нийт хөрөнгийнхөө 30 хувийг хувьцааны арилжаанд оруул гэсэн зөвшөөрөл өгсөн юм. Түүхэндээ анх удаа ийм шийдвэр гаргасан нь энэ. БНХАУ-ын тэтгэврийн сангуудын нийт хөрөнгө өнгөрсөн оны эцсийн байдлаар 547 тэрбум ам.доллар байсныг статистикаас харж болно. Зургаан их наяд ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийн захаа хамгаалах ийм шийдвэрүүд гаргасан ч байдал сайжраагүй шалтгааныг шинжээчид хийхээр амласан арга хэмжээгээ амьдрал дээр хэрэгжүүлээгүй хэмээн тайлбарлаж байгаа гэнэ. Сүүлийн үед давтамжтай сонсогдох болсон Хятадын эдийн засагтай холбоотой сөрөг мэдээллүүд ч хөрөнгийн захын хямралд ташуур өгсөн гэсэн тайлбар бас бий.
Хөрөнгийн захын уналтаа өнгөрсөн сарынх шиг арга хэрэглээд босгоод ирэх болов уу гэсэн хүлээлт байгаа аж. Гэхдээ Хятадын засаг хэзээ ямар бодлого хэрэгжүүлэхийг урьдчилж таамаглахад эрт гэнэ. Хөрөнгийн захын шинжээчдэд нэг болгоомжлол төрөөд эхэлчихэж. Ханш уналттай хэвээр байвал зээлээр хувьцаа авсан хөрөнгө оруулагчид хувьцаагаа буцаагаад зарах эрсдэлтэй юм байна. Тэгвэл өнөөдрийнхөөс ч том уналт болох нь. Хятадын төрөөс 2008 оны хямралыг хурдан хугацаанд давсан аргаа энэ удаа хэрэглэвэл байдал дээрдэж мэдэх гэнэ. Урд хөрш өмнөх хямралаа дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбартаа 600 тэрбум ам.доллар хийж байж давсан туршлагатай. Энэ удаа ч ингэх нөөц хангалттай бий. Гэхдээ өрийн хэмжээ нь нэмэгдсэн, экспорт нь хумигдсан, мөддөө эргэж сэргэхгүй гэсэн хэд хэдэн саад байгаа аж. Зах зээл рүүгээ их хэмжээний мөнгө хийгээд ч урт хугацааны шийдэл болохгүй гэсэн болгоомжлол ч шинжээчдэд байна. Шинжээчдийн дүгнэлтийг багцлаад харахаар Хятадын хөрөнгийн зах зээлийн хямрал мөддөө шийдэгдэхгүй байж мэдэх нь.
Хямрал тойрсон таагүй мэдээнүүд
Дэлхийн хөрөнгийн зах зээл бүхэлдээ таагүй байгааг илтгэсэн мэдээллүүд цацагдсаар байна. Хятадын үйлдвэрлэл хумигдаж байгаа гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгүүдээ арилжиж эхэлжээ. Олон улсын зээлийн эрсдэлийн түвшин 2012 оноос хойших дээд хэмжээндээ хүрсэн таагүй мэдээ бий. Хөрөнгийн зах зээлийн хямрал дэлхийн чинээлэг 400 эрхмийн хөрөнгийг хэдэн тэрбумаар нь хийсгэжээ. Тэдний хөрөнгө зөвхөн нэг долоо хоногт 182 тэрбум ам.доллараар багассан байх юм. АНУ-ын “S&P 500” индекс өнгөрсөн долоо хоногт 2011 оноос хойш үзүүлж байгаагүйгээр доошилсон. Үүнээс болж баячуудынх нь хөрөнгө 76 тэрбум ам.доллараар багасчээ. Хамгийн өндөр алдагдал хүлээсэн нь Уоррен Баффет. “Berkshire Hathaway”-ийн хувьцааны ханш таван хувиар суларсан нь түүнийг 3.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд хүргэжээ.
Шинжээчдийн зөвлөгөө
J.P. Morgan Asset Management-ийн тэргүүн Ник Гартсайд түүхий эдийн салбарын компаниудын үнэт цаас арилжаалагчид анхааралтай байх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч байна. Түүнийхээр хөгжиж байгаа эдийн засагтай улс орнууд анхааралтай байхаас аргагүй нөхцөл үүссэн гэнэ. Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн шинжилгээний газрын тэргүүн Ражив Бушва бүх зүйл Хятад эдийн засгийн өсөлтөө барьж чадах эсэхээс хамаарна гэсэн дүгнэлт хийжээ.
Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН
Д.Цэрэндолгор
АНУ-ын Виржиня мужийн телевизийн хоёр сэтгүүлчийг буудан хөнөөжээ. Хохирогчид WDBJ7 телевизийн сурвалжлагч Алисон Паркер, зураглаач Адам Вард нар байсан аж. Сэтгүүлчдийг өмнө нь WDBJ7 телевизэд ажилладаг байсан 41 настай Вестер Ли Фланаган үйлдсэн байна. Тэрээр хэргийн газраас зугатаах үедээ баригдсан бөгөөд энэ үеэр өөрийгөө бууджээ. Тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй өөд болжээ. Энэхүү хэргийг өш хонзонгийн сэдэлтэй байж магадгүй хэмээн цагдаагийнхан үзэж байгаа аж. Хэргийн дараа Цагаан ордон Конгрессыг бууны хяналтын хуулийг батлахыг шаардсан албан бичиг хүргүүлжээ.
Ю.Дэлгэрмаа