УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-АН МАН-ыг Засгаас хөөх үү гэдэг яриа сүүлийн үед газар авлаа. АН бүлэг хуралдаад МАН-ыг Засгаас гаргах нь зөв гэсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөл нь гаргана. Эдийн засаг ийм хүнд байхад холио солио хийх нь зөв үү. Улс төрийн энэ процессыг та хэрхэн харж байгаа вэ?
-Улс төрийн холио солио хийх нь эдийн засагт тийм ч бэрхшээлтэй биш. Ажил нь урагшаа явахгүй байгаа бол солих л хэрэгтэй. Эдийн засаг хямарчихсан байна гээд ажил нь таг зогсчихоод байхад байлгаад байж болдог юм уу. Энэ намууд Засагт яах гэж хамтарсан юм. Ажил хийх гэж хамтраа биз дээ. Гэтэл хоёр нам ажлаа дүгнээд үзсэн чинь ажил нь явахгүй байна гэсэн. Одоо бол ажил хийх хүмүүсээ томилоод ажиллуулах нь зөв. Тэгэхгүй нэг нь хөөнө, нөгөө нь хөөгдөнө гээд заваараад суугаад байх юм уу. Ийм улс төрийн соёл байдаг юм уу.
Ажил нь явахгүй байгаа бол ажил хийх хүмүүсийг нь томилж чадвал харин ч ажил хэрэгч явдал болно гэж хувьдаа бодож байгаа. Тэгэхгүйгээр дургүй ламд дарж байж сахил хүртээх юм уу. Хэрэв тэгвэл энэ улс орны эдийн засаг чинь улам л муудна. Хэн хэн нь ажлаа дүгнээд ажил нь явах замыг олох ёстой.
-Таны харж байгаагаар ямар зам байна вэ?
-Ажил хийдэггүй, хийж чаддаггүй хүмүүсийг солих хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Өөр аргагүй. Тэгэхээс өөр аргагүй гэдэг нь харагдаж байна.
-МАН Засгаас гарлаа гэхэд Засгийн газраа хэрхэн бүрдүүлж ажиллах юм. Бас л цаг хугацаа алдсан зүйл болох болов уу?
-Ард түмний сонголт ямар байна түүнийг дагах хэрэгтэй. 2012 оны сонгуулиар ард түмэн ямар сонголт хийсэн юм. Хэн нь ачаагаа үүрч, хэн нь хяналт тавиад яв гэсэн юм гэдгийг бодох л ёстой. Тэр саналыг харгалзан үзэх ёстой байх аа.
Нөгөө талаар ажлаа үр дүнтэй явуулах замаа олох шаардлагатай. Дубайн гэрээ шиг ийм олон гэрээ хэлцэл хийгээд байвал ард түмний эрх ашигт ноцтой харшилна. Тэгээд үүнийгээ засч залруулахгүй юм. Монголчуудын эрх ашигт нийцсэн гэрээг оруулж ирэхгүй бол энэ сайд нараа солиод чаддаг хүмүүсийг нь оруулж ирээ гэсэн байр суурьтай байна. Алдаа дутагдлаа засах бололцоог нь бид олгосон. Бид харсаар л байна. Гэвч таг дуугүй амандаа ус балгачихсан юм шиг байсаар байна л даа. Нийтлэг эрх ашгаа хохироож байснаас нийтлэг эрх ашигт нийцэх шийдвэр гаргаж чадах хүнээ тавиад яв.
-“Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн энэ асуудалд ямар байр сууринаас хандах юм?
-“Шударга ёс” эвслийн бүлэг Дубайн гэрээгээ засч сайжруул. Тодорхой заалтуудаа эргэж хараад зас гэдгээ хэлсэн. Бид нэгдмэл байр суурьтай байгаа. Хэрвээ энэ Засгийн газарт боломж олгоод байхад сайжруулж чадахгүй бол Засгийн газартай хариуцлага тооцно гэдгээ би мэдэгдэл гаргаад зарласан.
-Дараагийн Засгийн газрын зураг гээчийг гаргаад эхэлчихэж. МАН-ын зургаан сайдын оронд Шударга ёс эвсэл Сангийн сайдад хүнээ оруулна. Тэр нь таныг гээд бичигдээд эхэлсэн байна?
-Одоогоор албан ёсоор яригдсан юм алга. Энэ яахав таамаг төдий зүйл явж байгаа байх.
-Хэрэв энэ таамаг үнэн байгаад таныг сайд бол гэвэл яах уу?
-Эхлээд энэ Засгийн газар ямар байх ёстойг шийдэх хэрэгтэй. АН аль нам, эвсэлтэйгээ хамтарч, ямар харьцаатай Засгийн газраа байгуулах вэ гэдэг нь яригдаагүй байхад янз бүрийн таамаг дэвшүүлээд хэрэггүй байх. Одоогоор МАН Засгаас гараагүй байна. АН дараагийн Засаг байгуулах ажилдаа ороогүй байгаа биз дээ. Урьдчилж ярина гэдэг чинь цуурхал дэгдээсэн хэрэг болно шүү.
-УИХ, Засгийн газарт нэлээд удсан хүний хувьд Засгийн газарт ямар боломж гаргаад ажиллавал үр дүнд хүрэхээр харагдаж байна. Засгийн газрын алдаа нь кабинет толгойлж буй Ерөнхий сайддаа байна уу эсвэл энэ намуудад байна уу?
-Улс орны хөгжилд дэмтэй сайн сайхан зүйл хийж чадахгүй бол ядаж монголчуудын эрх ашигт муу юм л битгий хийгээсэй. Сонгууль дөхсөн, хугацаа бага үлдлээ. “Ид шид гэдэг зүйл байдаггүй юмаа. Асар их зүйлийг хүлээж байна. Энэ бодитой биш шүү. Амьдралаа зөв залгуулахаас ажлаа эхлээрэй” гэдгийг энэ Засгийн газар байгуулагдахад хэлж байсан. Өнөөдөр бид Монгол Улсын ирээдүйд хортой асуудлуудыг шийдэж бужигнуулмааргүй байна. Одоо ид шидэнд найдаад хэрэггүй ээ. Монголчууд бид өөрсдөө л энэ байдлаас гарна. Ухаанаа уралдуулж байж зөв замаа олох хэрэгтэй байна. Юуны өмнө нөхцөл байдлаа ойлгож түүнд тохирсон бодлого явуулах шаардлагатай. Өнөөдөр (өчигдөр) УИХ дээр Төсвийн гүйцэтгэлийг батлах асуудал хэлэлцэгдэж эхлэхэд “Хоёр удаа тодотгол хийж өгчихөөд байхад яагаад төсөв тасраад байна” гэдгийг гишүүд асууж байна. Тэгэхээр бид бодлогоо онож гаргаж чадахгүй байгаа гэсэн үг. Өнөөдөр байгаа байдалдаа бодитой үнэлэлт дүгнэлт өгч өөрсдийнхөө хүчин чармайлтыг нэмэгдүүлж ажиллах ёстой. Хэн нэгэнд итгээд, ид шидээр бүх зүйл шийдэгдэнэ гээд суух шаардлагагүй.
Шаварт унасан шарын эзэн өөрөө зүтгэдэг юм. Бид энэ байтугай хүнд байдлаас гарч байсан ард түмэн. 1990-1992 онд нөхцөл байдал ямар байсныг та бараг санаж байгаа байлгүй. Тийм хүнд байдлыг бид даваад л гараа биз дээ. Улс төрийн систем солигдоод эдийн засгийн чадвар ямар байдалд байсан билээ. Бүгд л санаж байгаа. Үйлдвэрүүд зогсож, юмны үнийн өсөлт 320 хувьд хүрчихсэн байхад саалийн ганц үнээ Эрдэнэтийн баялгийн үнэ урьд хожид байгаагүйгээр уначихсан байлаа. Улсын төсөвт орлого бүрдүүлэх нь бүү хэл улсаас дэмжлэг авдаг болчихсон байхад бид зөв бодлогоор даваад гарсан. Өнөөдөр бол Эрдэнэт хэвийн үйл ажиллагаагаа явуулж, Оюу толгой гээд Эрдэнэтээс гурав дахин том үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орчихсон байна. Зөв бодлого явуулж чадвал энэ байдлаас гарна.
-Зөв бодлогоо тодорхойлж чадахгүй байгаа нь юундаа байна вэ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гээд парламентад суудалтай бүх нам хамтарсан. Өнөөдөр гэтэл би, чи дээ тулаад сууж байх юм?
-Мэдээж улс төржилт шүү дээ. Бүгдээрээ нийлээд эрүүл саруулаар үзэл бодлоо нэгтгээд явахын оронд улс төрийн хожоо хайж байна. Бие биенийхээ үйл ажиллагааг гуйвуулж байна. Үүнээс болоод бид улс төрийн нэгдмэл бодлогоо зангидаж чадахгүй байгаа юм. Энэ гэхдээ бидний муугаас ч болоод байгаа юм биш.
-Өөр ямар хүчин зүйл байна гэж?
-Гаднаас орж ирсэн бодлогын нөлөөнд автагдчихаад байна.
-Тухайлбал?
-Ойлгомжтой. Монголчуудыг аль болох дотор нь нэгдмэл байр суурьтай байлгахгүй байх. Хооронд нь талцуулж, толхилцуулах бодлого бариад тэр хооронд нь байгалийн баялгийг нь хямд үнээр цөлмөж авах гэсэн гадны бодлого явж байгаа нь нууц биш.
Харамсалтай нь бид үүнийг нь ухаарч, луйврын аргыг нь олж хардаггүй. Нэг хэсэг нь тэдэнд худалдагдаад гар хөл нь болчихоод давхиад байдаг.
Нийлээд нөхцөл байдлаа сайжруулаад гадныхантайгаа хэл амаа ололцъё гэхийн оронд хоорондоо толхилцоод дууслаа.
-Ер нь сүүлийн сонгуулиудыг харж байхад аль нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж дангаараа засаглах боломж харагдахгүй байна. Аль нэг намтай эвсэж Засгийн газраа байгуулан ажиллаж байж үр дүнд хүрэхээр байгаа. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хамтраад ч нэмэргүй болж байх шиг байна?
-Энэ бол 2004 оноос хойш болж байгаа үйл явдал. 2004 оны сонгуулиас хойш үнэмлэхүй олонх болсон нам байгаагүй. Ганцхан манайх гэлтгүй дэлхийн бусад орнуудын жишиг ч мөн ийм л байна. Одоо бол хуучных шиг нэг нам нь 72 суудал авдаг нөхцөл байдал алга болсон. Аль болохоор эвсэж, хамтарч ажиллах нөхцөл байдал бий болоод байгааг ухаалгаар шийдэх болохоос хамтарч байна гээд хуйвалдаж, нуудаг байж болохгүй.
Ирэх оны сонгуулиар ч гэсэн аль нэг нам үнэмлэхүй олонх болж чадахгүй байх. Тиймээс эвсэж хамтарч л ажиллана. 1990 оноос хойш эдийн засгийн өөрчлөлтийг ажиглаад байхад эвсэж, хамтарсан үедээ бид алдсан байдаг. Хамтрах бүрт эдийн засгийн бэрхшээл, уналт явагддаг байсан нь тодорхой болчихсон зүйл. Тэгэхээр бид хамтарч ажиллах тал дээрээ чадвар муутай юм болов уу. Үүн дээр дүгнэлт хийх хэрэгтэй байх. Ийм нөхцөл байдал үүсвэл уулын согоо үзээд унасан морио мартдаг байж болохгүй. 2012 оны сонгуулийн дараа улс төрийн хүчний хуваарилалт оновчтой болсон гэж боддог. Олонх болсон АН нь улс орныхоо төлөө үүрэх ачаагаа үүрч, МАН хяналтаа тавиад явах боломж байсан ч бие биедээ дэгээ тавьсан. Бие биенээ үгүйсгэсэн. Ил далд, гадна дотноос нь шахаж, хатгасаар байгаад Засгаа өөрчилж авсан. “Бид чадна, ороод сайхан болгоод өгнө” гэсэн. Сайхан болж байгаа зүйл харагдахгүй л байна даа. Сүүлдээ багтахаа байгаад бие биенээ хөөж туухдаа хүрч байна. Улс төрийн хамгийн соёлгүй явдал чинь энэ. Хариуцлагатай улс төрийн хүчнүүд ийм хариуцлагагүй юм яриад сууж байхаасаа ичих хэрэгтэй. Тиймээс бид туйлын буруу замаар яваад байна.
-Зөв замдаа ороод явъя гэхээр бүлгүүдийн ашиг сонирхол, фракцуудын зөрчил нь яалт ч үгүй талцуулаад байх шиг?
-Нийтлэг эрх ашиг гэж нэг юм байх ёстой. Түүнд бүх эрх ашиг захирагдаж байх ёстой гэж би боддог. Гэтэл хэсэг бүлэг фракцийн эрх ашиг давамгайлаад ирэхээр бүх зүйл утгаа алддаг. Нэг эрх ашгийнхаа доор нэгдээд явбал ийм зүйл болохгүй. Дээр асуудал намуудад байна уу гэж та асуусан. Тиймээ асуудал намуудад байна гэдгийг одоо хэлчихье. Парламентыг намууд бүрдүүлдэг. Нам бол үзэл бодлоороо нэгдсэн хамт олны төлөөлөл байдаг. Гэтэл намууд маань гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалалгүйгээр тодорхой эрх ашиг, намын удирдлагад гарсан хүмүүсийн сонирхлоос болж буруу яваад байна.
-Тэгэхээр энэ Засгийн газрын аль намд нь асуудал байгаа юм бол. Олонх болсон АН, Засагт дагаж орсон МАН-д байна уу?
-Аль алиндаа байна. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг зүйл болчихсон. Нэг нь цав цагаан нөгөө нь хав хар байгаа юм биш. Парламентад байгаа намуудын төлөвшил ийм л байна.
-Засгийн газраас наадмын өмнө Таван толгой, Гацууртын ордын төслийг дахин өргөн барьж хэлэлцүүлнэ гэсэн яриа гарчээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ. Үүнийг сонсохоор Засгийн газар тийм ч хурдан сэлгээ хийхгүй бололтой гэж ч бодогдох юм?
-Чуулган завсарлахын өмнө, баяр наадмын үеэр хүмүүсийн анхаарал төвлөрч амжаагүй байхад нь асуудлыг чимээгүйхэн шийддэг муу зуршил хэвшил болчихсон. Бүх чуулганы төгсгөлийг аваад үзээрэй. Яг ийм байгаа. Магадгүй хаврын чуулганы төгсгөлөөр зарим асуудлууд хоёр, гурав дахиа орж ирэх байх. Цаана нь ямар нэгэн сонирхол байгаа болоод зүтгүүлдэг биз. Тийм болохоор чуулганы төгсгөлд ямар нэгэн иймэрхүү асуудал хэлэлцэхгүй байх нь зөв. Намрын чуулганы төгсгөлд гэхэд “Шударга ёс” эвслийн бүлэг таван удаагийн завсарлага авсан. Асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй гээд завсарлага авсан юм. Бидэнд байгаа хөшүүрэг нь тэр байсан ч бид чадаагүй. Тиймээс энэ байдал давтагдахыг үгүйсгэхгүй.
Би бол өөрийнхөө энэ байр суурин дээр хатуу байна. Нөхцөл байдал өөрчлөгдлөө гээд хувираад байдаг хүн биш. Гацууртын ордыг дахин оруулж ирээд хэрэггүй. Тэртэй тэргүй шийд гарчихсан. Тавал толгойн орд газрын асуудлыг нэлээд нухацтай шийдэх ёстой. Түүнээс биш босон суугаа ийм үед шийддэг асуудал биш. Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг нухацтай ярих хэрэгтэй. Асуудлыг нухацтай авч үздэггүйгээс болоод алддаг. Оюу толгойн гэрээг үндсэндээ Их хурал хэлэлцэж батлаагүй шүү. Их хурлаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хийчихлээ гэсэн. 2008 оны тогтоолоор удирдамжийг нь баталж өгсөн. 2009 онд Эдийн засгийн байнгын хороогоор нарийвчлах асуудлуудыг нь зааж өгсөн юм. Гэхдээ тэр нь гэрээнд яаж туссан бэ гэдгийг Их хурлаар авч хэлэлцээгүй. Үүнээс болж өнөөдрийн энэ ойлгомжгүй байдал үүссэн. Ил тод нээлттэй хэлэлцэж нэгдмэл байр суурьт хүрэх ёстой.
Э.ЭНХБОЛД