Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гранпри эхэлнэ

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагддаг “Чингис хаан” гранпри өнөөдөр 12:30 цагт Буянт-Ухаан спорт цогцолборт эхэлнэ. Олимпийн эрхийн оноо олгох энэ тэмцээнд дэлхийн 35 орны 200 гаруй жүдочид өрсөлдөхөөр Улаанбаатар хотноо ирээд байна. Тухайлбал, Лондонгийн олимпийн алтан медальт Арсен Галстян, Мансур Исаев, Хайбулаев Тагир, Каори Мацүмото нарын шилдгүүд “Чингис хаан” гранпри-д өрсөлдөнө. Мөн Монголоос Олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Дэлхийн аварга Д.Болдбаатар, Д.Төмөрхүлэг зэрэг шилдэг жүдочид оролцох юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ийн жингийн барилдаанууд болж, медальтнууд тодрох юм. Гурван өдрийн турш үргэлжлэх энэ тэмцээнийг үзэх үзэгчдийг өдөр бүр “Баянгол” зочид буудлаас Буянт-Ухаа хүртэл үнэгүй автобус үйлчилж зөөвөрлөнө. Тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 16:00 цагт болох аж.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг цагдаа шалгарууна

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цагдаагийн байгууллага болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, цагдаагийн алба хаагч нь эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг хангах чиглэлээр дүүрэг, хороодын Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй газар, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн өртөж болзошгүй иргэдийн тоо, гаралтын түвшинг бууруулах зорилгоор “Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах” уралдаан зохион байгуулах гэж байна.

Тус уралдаан нь нийслэлийн 9 дүүргийн 17 цагдаагийн хэлтэс, 152 хорооны хороо, хариуцсан хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, хорооны цагдаа, зохицуулагч цагдаа нарын дунд болно. Уралдааныг ажлын хэсэг байгуулж, тусгай журам гарган дүгнэхээр төлөвлөжээ.

Уралдааныг зохион байгуулсанаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын албан хаагчдын ажлыг дүгнэн урамшуулах улмаар гэмт хэргийн гаралтыг бууруулж, эрүүл аюулгүй байдлын индексийн зарим үзүүлэлтийг сайжруулах үр дүнтэй ажил болно гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар хэллээ.

“Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах” уралдааны удирдамж, зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамж гарган, шийдвэрлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг “Financial Times”, “Ройтерс” агентлагт ярилцлага өглөө

ИБУИНВУ-д
ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн
томоохон агентлагууд болох “CNBC” телевиз, “Financial Times” сонин, “Ройтерс”
агентлагт ярилцлага өглөө.

Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг
татах чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа талаар сэтгүүлчидтэй ярилцаж, сонирхсон
асуултад хариулт өгсөн юм.

Тэрээр
Монгол Улс бизнесийн салбарт эргэн ирсэн. Өнөөдөр Монгол Улсыг хөрөнгө
оруулагчид анхааралтай харж байгаа. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг 7,8
хувийн өсөлттэй гарсан. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт богино хугацаанд
эерэг нөлөө үзүүлдэг. Бид хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулж
баталсан. Уг хуулиар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгдэд нь
ижил нөхцөл өгсөн гэдгийг ярилцлагуудын үеэр онцоллоо.

Монголын
эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай байх ёсгүй. Бид эдийн засгаа
төрөлжүүлэх дээр ажиллаж байгаа. Монгол Улсад хөдөө аж ахуй, аялал жуулчлал
гээд хөрөнгө оруулах олон салбар байна.

Манай улс
гурван сая хүн ам, өргөн уудам нутаг дэвсгэр, 60 гаруй сая толгой мал, 80 орчим
төрлийн элементтэй 6000 гаруй байгалийн баялаг ордтой. Өнөөдөр эдийн засагт бий
болж байгаа боломж бололцоог урт хугацаанд ашигтай байлгахад хүчин чармайлт
гарган ажиллаж байна.

Ерөнхий сайд
“Бидний зүгээс хөрөнгө оруулагчдад өгч байгаа хамгийн чухал мессеж бол хөрөнгө
оруулалт хийх, бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх
бүх харилцаа чөлөөтэй. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын үүд хаалга үргэлж нээлттэй” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Цэцэг” төвийн замыг ирэх долоо хоногт нээнэ

Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх дулааны болон цэвэр усны шугамыг гурван үе шаттайгаар өргөтгөн шинэчилж байна. Хоёр дахь шат буюу “Цэцэг” төвийн уулзвараас Улсын их дэлгүүр/УИД/-ийн уулзвар хүртэлх хэсгийн шугамын ажлыг энэ сарын 6-нд дуусгаж, автозамыг бүрэн нээх гэнэ.

Харин УИД-ийн баруун уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын уулзвар хүртэлх шугамыг энэ сарын 16-наас эхлэн шинэчлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 07 дугаар сарын 04-нийн өдөр буюу маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.

Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдан оролцох юм.

Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуухийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 м газрыг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэнэ.

Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцно.

Мөн Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд ямар ажлууд хийж хэрэгжүүлснийг шалгаж, их цэвэрлэгээнд хэрхэн оролцсонд үнэлэлт өгөх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг цувралаар танилцуулж байна.

Оройд нь дүнхийх мөнх цасаа жилийн дөрвөн улиралд гялалзуулж, огторгуйн чимэг мэт дүнхийх гоёмсог, эрхэмсэг уулыг Отгонтэнгэр гэдэг. Тэнгэрийн нэг хэсэг газарт буусан мэт сүрлэг учраас Отгонтэнгэр хэмээн нэрлэсэн болов уу гэмээр. Энэ цаст уулын түүх домгийг хүүрнэвэл нэлээд эртний улбаа хөөх бөгөөд галав юүлж, дэлхий усан далайгаар бүрхэгдсэн гурван тэрбум жилийн өмнө усан доороос Отгонтэнгэр хайрханы орой цухуйжээ. Ингэж Монголд анх эх газар үүссэн гэдэг домогтой.

Энэ тухай “Хаадын сан” цувралын Чингис хааны ботид түүхч, академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулсан байна. Өнө эртнээс цаст цагаан Очирваань хайрханыг монголчууд шүтэж мөргөж, хувь заяагаа даатгаж ирсэн түүхтэй. Хүн, байгалийн харилцан шүтэлцээний хамгийн утга учиртай холбоог цаст уулаа тахиж тайж ирсэн уламжлалт ёсноос мөн харж болно. Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Богд Очирваань хайрханыг тахиж эхэлжээ.

Эртний Хятадын Тан улсын бичиг сударт манай эриний VII зуунд Орхон мөрний хөвөөнөө мандаж асан Түрэгийн хаад Очирваань хайрханыг тахиж, рашаан усыг нь эм эмнэлэгт ашиглаж байсан тухай дурдсан байдаг аж. Отгонтэнгэрийг 1818 оноос дархан цаазат уул болгож байжээ. 1911 оноос Богд хааны зарлигаар жил бүр шашны ёсоор тахиж, мөн “Халхын бишрэлт түшээ гүн” цол өргөмжилсөн түүхтэй. 1992 онд дархан цаазат уул болгон улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд төрийн тахилгатай болгох зарлиг гарч, түүнээс хойш дөрвөн жилд нэг удаа тахиж ирэв. 2015 онд Юнеско-гийн дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн байна.

Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 45 км-т, Улсын нийслэл Улаанбаатар хотоос 1000 км алслагдмал байх Отгонтэнгэр хайрхан үнэхээр байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар бөгөөд хамгийн халуун улиралд ч мөнх цастай орой нь дүнхийн цайвалзаж байх авай.

Монгол Улсын улаан номд орсон олон зүйлийн болон дэлхий дахинд устах аюулд ороод байгаа амьтан ургамлаар элбэг. Энэ бүс нутагт 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, зургаан зүйл нэн ховор ургамал ургана. Мөн вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур зэрэг 70 төрлийн эмийн ургамал ургадгийг судлаачид судлан тогтоожээ. Бор гөрөөс, буга согоо, аргаль, янгир гэхчилэн хангайн сүрлэг амьтад уулын асга хаданд сүрэглэн оршдог. Уул орчимд ан ав хийхийг цээрлэдэг учир амьтдын тоо толгой жилээс жилд үржин олширсоор байгаа ажээ. Завхан аймгийн Отгон сумын нутагт далайн түвшнээс дээш 4031 метр өндөрт орших Отгонтэнгэр хайрханыг 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөм тойрон мэлтийж байдаг.

Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц цогцлон байдаг билээ. Уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд уулын хархираа хүрхрээ ихтэй, түргэн урсгалт голуудын хамгийн том нь ар суганаас эх авч урсах Идэрийн гол.

Идэрийн гол хойд мөсөн далайн ай савд цутгах бол өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч, Их нууруудын хотгорын ай савыг сэлбэдэг юм. Уулын урд өврийн алдарт Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт байрлана. Хөлгүй их усан мандал Бадархундага нууранд монголчууд эртнээс хамгийн үнэтэй цайтай мөнгөн ембүү, мөнгөн аяга гэх мэт зүйлсийг өргөж иржээ. Отгонтэнгэр уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл, асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан оройн мөнх цас доороосоо шуугдсаар байгаа гэх ч зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг хэвээрээ. Отгонтэнгэр уулын эргэн тойронд 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанартайг нь аль XIII зууны үеэс олж мэджээ. Халуун рашаан бүхий Отгоны амралтанд Завхан аймгийн төдийгүй бусад аймаг, ОХУ, Тувагаас хүртэл хүмүүс ирж амарч сувилуулдаг.

Мөн Бага Отгонтэнгэр, Даянхайрхан, Хөх нуур, Бадархундага нуур, Ногоон нуур, Алтан элс зэрэг байгалийн нэн үзэсгэлэнтэй өвөрмөц тогтоц бүхий газар нутгаар баян. Даян хайрханыг мөргөлчдийн газар гэх бөгөөд жилд дунджаар 2000 орчим хүн очиж, Эндээс Отгонтэнгэр уул болон өндөр уулын бүсийн байгалийн сайхныг, холбоо нууруудыг харж болно.

Эдүгээ Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байна. Уг хамгаалалтын захиргаа нь Отгонтэнгэр уулын хамгаалалтын менежментийг хариуцахаас гадна Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Идэр, Алдархаан сумдын хэсгийн 200.000 га талбайг, Улаагчины хар нуурын байгалийн цогцолборт газрын 253.300 га талбайг тус тус хариуцан хамгаалдаг.

Байгаль орчны сайдын 1994 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар анх байгуулагдсан уг хамгаалалтын захиргаа өнөөдөр дарга, дөрвөн мэргэжилтэн, есөн байгаль хамгаалагч, нягтлан бодогч, нярав-бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч гэсэн 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Уг хамгаалалтын захиргааны даргаар 11 жил ажиллаж байгаа Д.Батдэлгэр сүүлийн үед эко системийн өөрчлөлттэй холбоотойгоор байгаль хамгаалалд шинэ бэрхшээл тулгарч байгааг хэлсэн юм.

Том газар нутгийг цөөн хүн хамгаалдаг учраас байгаль хамгаалагчийн орон тоог нэмэх зайлшгүй шаардлагатай ажээ. Мөн тахилга тайлга болдог, уулчид ирдэг, сүүлийн үед аялагчдын тоо нэмэгдэж байгаа тул Отгонтэнгэр уулын дархан цаазат газрын хилийн цэс, аяллын маршрут дагуу тэмдэг тэмдэглэгээ хийх, тохижуулах хэрэгцээ байгаа юм.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол үзэсгэлэнт байгаль, анагаах ариун ид шидтэй бүхнийг олон хүнд хүртээх, их уулаа түшин байгаль дэлхийгээ хамгаалж байгаа нутгийн ард иргэдийн амьжиргааг тэтгэх зорилгоор Отгонтэнгэр хайрханыг аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгохоор ажиллаж байна.

Цаст цагаан уулын домог өнө мөнх үргэлжлэх болтугай.

Т.Үлэмж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Арвин: Монголчууд хүний итгэлийг алдах ард түмэн биш, хэдхэн улстөрчид эх орныхоо нэрийг унагаж байна

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-МАН-ыг засгаас гаргах асуудал улс төрийн гол сэдэв болоод байна. АН-ын бүлэг хаалттай хуралдахад гишүүдийн дийлэнх нь МАН-ыг засгаас явуулахыг дэмжсэн сурагтай. Харин та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүлгийн хурлаар МАН-тай байгуулсан гэрээний дүгнэлтийг авч хэлэлцсэн юм билээ. МАН засагт хамтарчихаад Монгол Улсын хөгжил, эдийн засагт хэрэгцээтэй хуулиудыг баталж өгөхгүй байна. Улсынхаа ажлыг урагш явуулахгүй байгаа тэд ингэх гэж засагт хамтарсан юм уу. Ер нь яагаад МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан бэ гэхээр өмнөх Засгийн газрыг ажил хийлгүүлэхгүй сайд нарыг огцруулах гэж гурван удаа өргөн барьж төрийн ажлыг явуулахад хүндрэлтэй байсан.Засгийн газарт ороод Монгол Улсын төлөө нэгдэж ажиллая гэсэн боловч үгүй юм. Сүүлийн үед МАН зохион байгуулалттайгаар УИХ-ын үйл ажиллагааг үймүүлж байна. Чуулганы хуралдааныг өглөөгүүр нэг нь, өдөр нь өөр нэг нь, үдээс хойш дахиад нэг нь зориудаар үймүүлдэг. Бид эд нараас дор байна уу. Засгийн газрын гишүүд нь засаг дээр ажиллаж байгаа дүр гаргаж, парламентын гишүүд нь Их хурлын ажлыг гацааж, Монгол Улсын хөгжлийг зогсоогоод байна. Үүнийг АН ажсан. Иймээс ч бид гэрээний дүгнэлтээ хийж байгаа.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад гол гол хуулиудаа баталж чадсангүй. Ер нь аливаа хуулийн төсөлд МАНзавсарлага авч байгаа харагдах юм. Энэ тал дээр таны бодлыг сонирхъё?

-Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн гол хуулиудаа баталж чадсангүй. Дандаа хэрүүл маргаантай байлаа. Ардын нам хэдэн хүнээ сайд болгох, ажилтай болгох гэж засагт орж ирсэн байна. Тэгээд зогсохгүй, Өршөөлийн хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль гээд хэд хэдэн чухал хуулийг цааш явуулахгүй байна. Монгол Улс дөрвөн жил тутамд татварын өршөөл үзүүлдэг. Дэлхий нийтийн жишиг ч ийм. Бизнес хийж байгаа хүмүүс өнөөдөр улс төрчдөөс илүү хүнд нөхцөлд ажиллаж байдаг. Ийм хүмүүсээ төр нэг удаа харж үзэх ёстой.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль наад зах нь эрүүл ахуйн стандарт шаардлага хангахгүй болохоор унагаж байна гэж Ардын намын нэр бүхий гишүүд тайлбарлаж байсан л даа?

-МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар гээд хэдэн эрэгтэй гишүүд энэ асуудлаар хэрэлдэн, маргалдаж Нийгмийн бодлогын байнгын хороон дээр дөрвөн эмэгтэй гишүүнийг доромжилсон. Би үнэхээрийн гутсан. Тэд хуулиа уншаагүй байгаа юм. Уншихыг ч хүсэхгүй байна. Зөвшөөрөл авах бүх стандартыг Засгийн газрын журмаар тогтооно гэсэн байгаа. Дэлхий нийтэд өнөөдөр хүүхдийнхээ асуудлыг 100 хувь шийдсэн орон байхгүй. Цэцэрлэгийн хүртээмж муутай байгаа манай нийгэмд хүүхэд харах үйлчилгээ хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнууд хүүхэд харах үйлчилгээгээрээ хүүхдийн эрхийг хамгаалж байдаг. Энэ чинь өөрөө маш том асуудал болдог. Өөрийнхөө болоод танилуудынхаа хүүхдийг харах нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Нэг талаар ажилгүй хүмүүсийг ажилтай болгоно. Хувьсах зардлыг улсаас өгчихнө. Хүүхдээ хараад маш олон эмэгтэй ажил хийж чадахгүй байна. Тэдэнд хүүхдээ өгөөд ажил хийх таатай боломж нээгдэж байна шүү дээ.

-МАН-ынхны тайлбараар энэ хуулиар далимдуулан улсаас их хэмжээний мөнгө төсөвлөж, хэдхэн хүн сонгуул ийнхаа сурталчилгаанд зарцуулах гэж байгаа юм биш үү?

-Энэ бол Монгол Улсад сайн сайхан зүйл хийлгэхгүй гэсэн балмад этгээдүүдийн санаа. Д.Хаянхярваа гишүүн өөрийнхөө тойрогт ахмадуудад Улсын мөнгө тарааж байгаад гарч ирээ биз дээ. Ингэж тараах болохоор мөнгө нь байж байдаг. Хүүхдэд болохоор байхгүй гэдэг. Хүүхэд бол ганц эмэгтэй хүний асуудал биш. Эрэгтэй хүний оролцоо ч байгаа шүү дээ. Яг асуудлыг шийдэх болохоор өөрийнх нь хүүхэд биш гэдэг байдлаар хандаж байгаа юм, тэд. Тиймээс Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч гээд байгаа энэ хүмүүсийг харахаар үнэхээр итгэл алдарч байна.

– МАН-д улс орноо урагшлуулъя гэсэн бодлого алга гэж хэлэх гээд байна уу?

-Ухаантай улсууд тэдний үйлдлийг хараад гутаж байгаа байх. Өнгөрсөн парламентад байхад МАН-ын иргэдэд тараасан 21 мянган төгрөгийн асуудлыг хөндөн гаргаж ирж байлаа. Энэ бол цэвэр Ардын намын мөнгө угаалт байсан. Тэрийгээ иргэдэд тараахдаа нэг банкаар дамжуулсан. Санаж байгаа бол тухайн үед маш том мэдэгдэл гаргасан боловч Засгийн газар нь авч хэлэлцээгүй. Эд нар өөрсдийнхөө хувийн эрх ашигт нийцсэн бодлого явуулахдаа сайн. Жирийн иргэдэд ард түмний төлөө гэхээр бодлого нь байхгүй болчихоод байгаа юм. Би сая ОХУ-ын Чита, Улаан-Үүдэд томилолтоор яваад ирлээ. Тэнд ард түмэн нь ямар сайхан амьдарч байна вэ. Бодлого нь хичнээн сайхан тодорхой байна гээч. Гэтэл манай гэр хорооллынхон хүй нэгдлийн үеийнхэн шиг амьдарч байна. Тэнд маш олон цэцэрлэг, сургууль, зам барих хөрөнгийг 21 мянган төгрөг тараасан нэрээр угаасан. Би хувьдаа ажилгүй, орлого багатай иргэдэд халамжийн мөнгө өгөхийг шүүмжлээгүй, амьдрал нь сайн Төрийн албан хаагч хүмүүсийг хамруулан тараасан нь буруу юм. Ингэж улс орныхоо мөнгийг шамшигдуулсан албан тушаалтнуудад ногдуулах хариуцлагын тогтолцоо алга. Тэгвэл жирийн иргэд телевизор хулгайллаа гэхэд хэдэн жилийн ял авдаг билээ. Яагаад улс төрчид парламентын засаглалыг дэмждэг, энэ засаглалд дуртай вэ гэхээр хариуцлагагүй шийдвэр гаргаж, улс орны хөрөнгийг шамшигдуулж хариуцлага хүлээх хүн гардаггүй учир дэмждэг юм.

-Гадныхан Монголд итгэхээ болилоо, үргэлээ л гэх юм. Улс төр тогтворгүй байгаа болохоор хөрөнгө оруулагчид зүглэхгүй байна уу. Учир мэдэх хүмүүс ийм цуу яриаг албаар тараадаг зохион байгуулалттай бүлэглэл бий гэх юм билээ?

-Өнөөдөр гадныхан монголчуудад итгэнэ. Итгэсээр ч ирсэн. Монголчууд бол хүний итгэлийг алдах ард түмэн биш. Хөрөнгө оруулагчид Монголд итгэхгүй байна гэдэг бол зүгээр зохиомол яриа. Үүнийг улстөрчид тэр дундаа парламентын танхимаас гаргаж ирж байгаа юм. Энэ бол Монгол Улсыг хөгжүүлэх сонирхолгүй гишүүдийн тараасан цуурхал. Эдийн засгийн ашиг сонирхолтой тэдгээр гишүүд “Хөрөнгө оруулагчид хөрөнгөө татлаа” гээд байна. Тиймээс “Монгол Улсаа битгий балбаад бай улстөрчид өө” гэж би олон удаа хэлдэг. Монголын ард түмэн амьдарч байна, тэмцэж байна. Өнөөдөр УИХ дээр Гацуурт, Төмөртэйн орд гээд Таван толгой, Оюу толгойг сайн ярьж, маргалддаг. Тэгсэн атлаа Монгол Улсыг хөгжүүлэх өөр хуулиудыг огт ярихгүй байна. Гадны хөрөнгө зогслоо гэж Оюу толгойн хөрөнгө оруулалт зогсохоос айж байна. Монгол Улсын гадаад харилцаа ямар ганц Оюу толгой юм уу. Тэгэхээр цуу яриаг гадаад хэл эзэмшсэн, мөнгөнд сонирхолтой, улс орноо боддоггүй, хүмүүжилгүй улстөрчид хийж байна. Тэд бол Монголыг гадныхантай нийлээд бүр идээд сурчихсан хүмүүс. УИХ-д ийм тав, зургаахан гишүүн байна. Ихэнх нь МАН-аас үүдэлтэй. Ийм улсууд Оюу толгойн асуудлыг зөвөөр явуулъя гэхээр гадныхны хөрөнгө оруулалт зогссон гээд байдаг. Тэгвэл Монголд гадаадын жирийн компаниуд хамтраад маш сайхан ажил хийж байна. Тэд нар тэгвэл яагаад монголчуудад итгээд байгаа юм бэ. Монголын улстөрчид эх орноо дэлхийд итгэлгүй улс гэж зарлаж байгаа. Зарим улстөрчдийн тендер зарлаж, мөнгө иддэг байсныг хязгаарлачихсан. Монгол Улсад цүнхтэй компанийн захирлууд явдаг байлаа шүү дээ.Тэдний мөнгө иддэг байсныг чөдөрлөчихөөр “Гадныхан Монголд итгэхээ больж, эдийн засаг хямарлаа” гэх зэрэг яриа албаар тарааж байгаа. Би үүнийг хоёр талтай харж байгаа л даа.

Нэгдүгээрт, улстөрчдийг улсын төсөв рүү оруулдаг нь аажмаар хумигдаж байна. Бид дэлхийн соёлт жишиг рүү явж байгаа. Зарим нь үүнээсээ салж чадахгүй үхэлдээд буй нь шууд харагддаг. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байна. Тэрбээр албан тушаалгүй, эрх мэдэлгүй, жирийн гишүүн байж чадахгүй байгаа нь мэдрэгдээд байгаа. Хоёрдугаарт, Монгол Улс өөрийнхөөрөө хөгжих ёстой. Энэ хөгжлийн төлөө явж байна. 1990-ээд онд өрнөсөн Ардчилал, зах зээлийн нийгэм өрнөж Монгол хүн малтай, газартай, гэртэй, өмчтэй болж хүн бүр чөлөөтэй гадаадад зорчих эрхтэй болсон. Хүн болгонд өөрийнхөө эдийн засаг, өрх гэрээ аваад явах эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх ёстой. Хувь хүний хашааны газрыг эргэлтэд оруулах боломжийг нээсэн хууль УИХ-д орж ирсэн. Гэтэл МАН-ын бүлэг асар их эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Иргэдийн газрыг барьцаалуулж, өрөнд оруулуулах гэлээ гэдэг. Хүн болгон газраа барьцаанд тавьж эргэлтэд оруулах ёстой. Гэхдээ банк хүн болгонд зээл олгочихгүй. Юм хийж чадах хүнээ судалж байж өгнө. Энэ эрх зүйн орчинг нь бүрдүүлээд өгье гэхээр МАН тээг болоод унагаачихаж байх жишээтэй.

-Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон төслүүдээ урагшлуулбал эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт бас нийгэмд бий болоод удаж байна…

-Оюу толгой батлагдаад хэдэн жил болж байна вэ. Эрдэнэтээс том орд л юм бол Монгол Улсын төсөв өнөөдөр хахаж цацаж байх нь яасан юм бэ. Их хурлын гишүүд гадны мөнгөтэй хүмүүсийн удирдлага дор яваад байна. Оюу толгой Таван толгой бол сонин зүйл биш. Энэ том төсөлгүйгээр Монгол Улс хөгжихгүй юм шиг яриад байх юм. Авах мөнгөө авах хэрэгтэй. Ер нь хариуцлагагүй шийдвэр гаргасан Их хурлын гишүүдэд хариуцлага тооцох цаг нь болсон. Парламентын засаглал хэрэгтэй л гээд байдаг. Тэгвэл хариуцлагын тогтолцоо алга байна. Ойрын жишээ хэлэхэд Казахстаныг хар л даа. Улс орноо яаж хөгжүүлж, ямар ухаалаг бодлогоор удирдаж байна вэ. Гэтэл манай Их хуралд эцэг, эх нь бизнестэй, мөнгө угаадаг хүмүүсийн эрх танхи хүүхдүүд суучихсан байгаа. Бодлого тодорхойлох чадваргүй эрх танхи банди нар дарга, дэд сайд болсон байхад улс орны маань хөгжил дэвшил яаж урагшлах билээ дээ.

-МАХН дотроо нэлээд хагаралтай байна. Тус намын дарга Н.Энхбаярын рейтинг өндөр байна гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Энэ үйл явдлыг хашир улстөрчийн хувьд та хэрхэн харж байгаа вэ?

-Ер нь улс төрийн намуудын хуулийг маш зөв гаргах ёстой. Н.Энхбаяр дарга бол Монгол Улсын Ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч байсан хүн. Тэрбээр өндөрлөг рүү гүйгээд явах хүн биш байхаа гэж би боддог. Одоо Н.Энхбаяр дарга лидер хүний хувьд Монгол Улсын хөгжлийн төлөө намаа зөв удирдаад явах байх. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг АН-ын одоогийн удирдлагуудтай муудалцуулах бодлого зориуд явагдаад байгааг ажиж байна. Учир нь Н.Энхбаярын рейтинг өндөр байна, бусдынх нь бага байна гэдэг санаатай явуулгыг явуулж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Н.Энхбаяртай хагаралтай мэт харагдуулах, хооронд нь муудалцуулах, улмаар МАХН, АН хоёрыг муудалцуулах үйлдлүүдийг хийгээд байна. Ер нь бол монгол эрчүүд уужуу ухаанаар харж, энэ мэт яс хаялтыг даваад л гарах чадвартай байх ёстой баймаар. Ямар бид нар Манжийн дарлалын өмнөх үеийн хаад, ноёд биш. Ер нь Эзэн Чингис хаан хэзээ ч дотны хувь хүнээс зөвлөгөө авдаггүй, асуудлыг зөвлөлөөрөө шийддэг байсан, тиймдээ ч Чингис хаан Дэлхийн хаан байж чадсан.

-Өнгөрсөн долоо хоногт Эх Дагинын дуган галд өртлөө. Үүнийг зохион байгуулалттай гэж хэвлэлүүд мэдээлж байна. Та ямар бодолтой байна?

-Гал юунаас болж гарсныг шинжээчид тогтоочих байх. Хэдийгээр Эх Дагины дуган үгүй боллоо ч гэсэн түүний түүхэнд оруулсан хувь заяаг хэн ч гишгэж, шатааж чадахгүй. Богд хаанд тулгарсан хүнд хэцүү үеүдэд хажууд нь хат шиг сууж байсан тэр сайхан Монгол хатан 1911 болон 1921 оны хувьсгалыг удирдахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ хүний үйлсийг хэн ч дарж чадахгүй. Тиймээс Эх Дагинын ордонг бид дахин байгуулна. Богд хааны өвлийн ордонг ч засна. Дондогдулам хатан бол маш их зовлон бэрхшээлийг туулж ирсэн. Тиймээс сэтгүүлч Жавзандуламын зохиолоор “Эх Дагинын хувь заяа” уран сайхны кино хийхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын нэртэй түүхч, доктор профессор Урангоо зөвлөхөөр ажиллаж байгаа. Монголын ард түмэнд Дондогдулам гэж ямар агуу хатан байсныг харуулна. Энэ кино үзэгчдийн хүртээл болсноор Эх Дагинын тухай маш олон худлаа түүхийн эргэлзээ тайлагдана.

-Улсын баяр наадам хаяанд ирлээ. Аливаа баяр ёслол, арга хэмжээнд таны өмссөн үндэсний хувцас олны нүдийг хужирладаг. Ингэхэд та энэ жилийн наадмаар ямар дээлээр гоёх вэ?

-Долдугаар сарын 10-ны орой “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглох юм байна. Үндэсний хувцастай хүмүүсийг зөвхөн оруулж, дээл, хувцасны зохион байгуулна гэсэн. Би ч бас оролцох бодолтой байгаа. Үндэсний хувцас гэснээс сүүлийн үед Монгол ёсонд харшилтай зүйл ихэд дэлгэрч байна. Энэ бол эмэгтэйчүүд хөөрөг зөрүүлээд байх юм. Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Хөөрөг зөрүүлнэ гэдэг бол Монгол эр хүний маш том ёс. Дээрээс нь Дондогдулам хатны хөөрөг гээд хэдэн жилийн өмнөөс худлаа ярилаа. Эх дагина хэ зээ ч хөөрөгтэй байгаагүй. Харин монгол эмэгтэйчүүд эр нөхөртөө даалин урлаж, хэнийх нь сайхан болсныг шинждэг байсан. Эмэгтэйчүүдтэй хөөрөг зөрүүлж байгаа эрчүүдийг ямар эр хүн гэх вэ дээ. Эмэгтэйчүүд хамрын тамхи татна гэдэг бол эмгэнэл, энэ Монголын зан заншил биш.

Categories
мэдээ цаг-үе

Манай хамтлаг 18 жилийн түүхэнд хүнээс үг, ая авч байгаагүй

“Guys” хамтлагийн ахлагч М.Мягмартай ярилцлаа.

-Сүүлийн үед цахим ертөнцөд нэлээд эрэлттэй байгаа “Байна уу ээжээ” дуу төрсөн түүхээс яриач. “Unitel”-ийн реклам гэж хараад байгаа?

-Хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн уран бүтээл л дээ. Дууны үгийг Мөнхжаргал гээд манай уран бүтээлийн хамтрагч ах бичээд надад санал тавьсан. Уран бүтээл болгож чадахгүй яваад байсан юм. Сүүлд 2015 оны гуравдугаар сард Солонгос руу явж ирэхэд “Unitel” компани албан ёсоор энэ дуун дээр хамтран ажиллахаар болсон. Тэр даруй ажилдаа шаргуу орж нэг дуу хийсэн ч тэр нь хөгжмийн урсгалын хувьд жаахан таагүй болчихоод дахин ажиллаад одоо яваад байгаа дууг гаргасан л даа. Тавдугаар сарын 28-нд нээлтээ хийж, олон нийтэд сонсгосон.

-Хамтарч дуулсан бүсгүйнхээ талаар яриач?

-Монгол модель агентлагт харьяалагддаг загвар өмсөгч Сарнай гэдэг бүсгүй бий. Гэр бүлийн талдаа урлагийн хүмүүс их байдаг юм билээ. Тэр утгаараа урлагт их дуртай байсан. Нэгдүгээрт, залуу уран бүтээлчийг дэмжсэн. Хоёрт, миний хоолойны өнгөтэй нийцэх хоолой ховор байсан.

-Дуугаа дуулахдаа ээжийнхээ талаар их бодсон уу. Ээжийнхээ талаар яриач?

-Би 1996 онд ээжийгээ тэнгэрийн оронд алдчихсан хүн. Газарт нэг хүн ээжгүй болж, тэнгэр нэг ээжтэй болсон. Урлагийн замд орсон ч ээжийнхээ ачийг хариулах ямар нэг зүйл хийж байгаагүй юм. “Байна уу ээжээ” дуу ээждээ зориулж хийж байгаа анхны уран бүтээл. Тэр утгаараа маш их сэтгэл хөдөлж байсан. Хоолойгоо бичүүлж байхдаа найзтайгаа компьютерийн наана, цаанаас харж уйлж байж бичүүлсэн. Яг тэр нулимстай хэсгийн дублүүд нь дууны хэсэгт орчихсон явж байгаа. Уран бүтээл хамрах цар хүрээний хувьд нийт хүмүүсийн ээжид зориулсан. Ээжтэй болон ээжгүй хүмүүст ч таалагдах ёстой гэдэг үүднээс ганцхан хүний үзэл бодол байгаад байж таарахгүй. Энэ дуунд маш олон хүний үзэл бодол, төлөөлөл үгнүүд бий. Тэрийг сонсоод нээрээ би ингэдэг. Манай эгч яг ингэж ярьдаг гэж олон хүн хэлсэн. Дууны уран бүтээл дээр яривал миний ярианы өнгө, дууны өнгийг янз бүрийн байдлаар гаргасан.

-Жүжигчин хүний хувьд таныг “Ану хатан” киноны Галдан Бошгот хааны дүрээр чинь андахгүй. Энэ кинонд тоглосон тухайгаа яриач. Яаж сонгогдож байв?

-Киноны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн надад тавьсан санал. Уг нь би өөр дүрд тоглохоор болчихсон байсан. Сахлаа ургуулчихсан байсан болохоор бэлэн ургачихсан сахалтай байгаа дээрээ яагаад түүхэн кинонд тоглож болохгүй гэж гэж бодоод саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэр дүр дээрээ ажиллагаа хийгээд явж байсан чинь зураг авалт эхлэхээс 14 хоногийн өмнө Галдан Бошгот хааны дүрийг санал болгосон. Тухайн үедээ их айж, эмээсэн. Тийм том дүр дээр миний хувьд бэлдэх цаг цав бага байсан. Надад өөрийгөө бэлдэх хугацаа хэрэгтэй байсан ч 14 хоногийн дараа зураг авалт эхлэх гээд байна гэдэг миний хувьд нэлээд авцалдахааргүй байсан л даа. Шахуу хугацаанд энэ дүрийг авч ажилласан. Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид, найз нарынхаа түшиг тулгуурт найдсан. Өөрөө бас нэлээд том үүрэг хариуцлага үүрсэн. Урт хугацааг хамарсан зураг авалт байсан болохоор дүрдээ уусч, ажиллаж байгаад орсон л доо.

-Түүхэн кинонд дүр бүтээх ямар байв?

-Сайхан шүү. Уран бүтээлчийн хувьд түүхэн кинонд тоглох их сайхан. Би гэртээ ирж унтахдаа XXI зуунд эхнэр хүүхэдтэйгээ байна. Өглөө XXI зуунд сэрнэ. Ажилдаа гараад ажлынхаа салбарт очихоор би XIII зуунд орчихож байгаа юм. 24-хөн цагийн дотор хоёр зуунаар дамжаад байхаар сонирхолтой. Зураг авалтынхаа талбай дээр очингуутаа би дээл хувцсаа өмсөнө. Хоорондоо ярьж байгаа үг харилцаа болгон өөр. Натурт байгаа бүх хүмүүс намайг “Хаантаан” гэж дууддаг байсан юм. Хоёр зуунаар дамжиж байна гэдэг сайхан. Мэдээж хэцүү зүйл байлгүй яахав. Гэхдээ би хэцүү гэхээсээ илүү сонирхолтой байдлаар нь харах дуртай. Хүн албатай юм шиг ажиллачихаад хүнд хэцүү байсан гэж ярихад би дургүй. Яагаад гэвэл анхнаасаа цаг зав гаргаж сонгосон учраас би илүү дурладаг. Аливаа юмны хэцүүг олж харж тэрэндээ шантраад явж болохгүй.

-Та бизнес эрхэлж байна уу. Фенүүд дунд чинь та нарыг юу хийгээд алга болчихов гэсэн хүлээлт үүсээд байна уу даа?

-Уран бүтээл дээрээ л ажиллаж байна. Уран бүтээл гэдэг өнөөдөр хийчихээд маргааш цацахдаа чухал биш. Багаар ажиллана. Тэгж хийхийн тулд их төлөвлөгөө зарцуулна. Бид хийсэн ажлаа “Guys official” page дээр тайлагнаад бичдэг. Тэрийг олж хараагүй хүмүүс биднийг зүгээр суугаад байна гэж хардаг. Гэтэл бид ажиллаад л байгаа. Шинэ жилээр завгүй ажилтай байж байгаад он гарсны дараа хосуудын баярт зориулж хоёрдугаар сарын 14-нд “Хайрын бүжиг” тоглолтоо хийсэн. Тоглолтоо дуусгаад нэг хоног амарчихаад Солонгос явж тоглосон. Сөүлд тоглоод Бусанд тоглоод эргээд үзэгчдийн хүсэлтээр Сөүлд буцаж ирж тоглосон. Мөн тавдугаар сард Япон руу явсан. Хаврын баярт нь оролцчихоод ирсэн юм. Дараахан нь АНУ явахаар болсон ч жаахан хойшилчихсон байгаа. Сая Эрдэнэт хотод 6000-8000 хүнийг хамарсан стадионы тоглолтоо хийчихээд ирсэн. Одоо орон нутгаар ажиллана. Дараагийн тоглох газраа тодорхой болгох гээд ажиллаж байна. Маш завгүй ажиллаж байгаа учраас энэ хооронд бизнес хийх ямар ч зав чөлөө байхгүй. Фенүүддээ битгий хэл гэр бүлдээ ч олдох завгүй ажиллаж байна. Хийж байгаа зүйл маань хүний нүдэнд ил биш байгаа байх л даа.

-Гадаадад тоглолт хийхэд хүмүүсийн хүлээлт хэр их байна?

-2006 оноос “Зун орсон цас” гэж мюзикл тоглолт хийснээс хойш тоглолт хийгээгүй есөн жил өнгөрсөн байна. Есөн жилийн хугацаа гэдэг “Guys” хамтлагийн дууг мэддэг хүний хувьд асар их хүлээлт. “Guys” хэрвээ тогловол үзнэ гэсэн хүлээлт Монгол оронд төдийгүй гадаадад ч их байдаг. Нөгөө талаасаа киноны уран бүтээл. 2008 онд “Сайн уу амьдрал минь” кинонд ажилласнаас хойш дахиж уран бүтээл хийгээгүй. Манай хамтлагийн төлөвлөгөөгөөр 2015 оныг дандаа аялан тоглолтын жил болгоно. 2016 онд киноны уран бүтээлд орно. Энэ жилдээ Монгол орондоо төдийгүй гадаадад байгаа монголчуудтайгаа уулзахаар төлөвлөсөн.

2008 онд “Тэнгис” кино театр гээд ганцхан кино театртай байхад “Сайн уу амьдрал минь” кино киноны хөгжлийн түвшинд нэг шат ахих зүйл хийж байсан. Гурвалсан үйл явдлын хэлхээг үзүүлж, киноны маркетинг продакшны ажлыг илүү шат ахисан түвшинд оруулсан. Одоо эргээд харахад кинонууд тэр зарчмаар ажиллаж байна. Official постерууд байх ёстойг мэдсэн байна. Анх зүгээр нэг плакат наадаг байсан ш дээ. Манайхан анх Official постер гаргаснаас хойш кинонууд тэр зарчмаар л ажиллаж байна. 2016 онд техник технологийн хувьд ч юм уу, хамрах хүрээний хувьд шинэ ахиц гарахаар кино хийнэ. Өнөө маргаашийн дэлгэцийн уран бүтээлийг хэдэн хүн үзсэн гэсэн статистик хардаг киноны түвшинд биш гадаад зах зээлийн кино хийхээр зорьж ажиллаж байна. Одооноос хамтарч ажиллах багаа бүрдүүлээд, зохиолоо судалж ажиллаж байна. Хэр зэрэг холыг зорьж байна, тэр хэмжээндээ илүү эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй байдаг учраас одооноос киноныхоо ирээдүйг харж ажиллаж байна. Бид тодорхой хугацаанд өөрсдийн төлөвлөгөөг гаргачихсан байдаг. 2017 онд “Gyus” хамтлагийн 20 жилийн ой болох гэж байна. 20 жилийн ойгоо угтаад цаг наргүй шахуу хөтөлбөрөөр ажиллаж байгаа учраас дундуур нь ямар нэг ажил хийх боломж байхгүй.

-Бага насаа дурсаач. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын бага, дээрээ хоёр эгчтэй. Аав, ээжийн хайранд өсөж торнисон үе бий. Гэхдээ намайг шилжилтийн нас буюу бие хүн болж төлөвших үед ардчилал гараад картанд ороод эхэлсэн. Тэр үед нийгэм нь тийм байхад эрхлэх завгүй л байсан үе. Илүү их биеэ дааж, өөрийгөө олж хардаг юм билээ. Талхыг хоногт талоноор, хүнсний хэрэглээг картаар өгдөг байсан. Маргаашийнхаа ажлыг яая даа гэж байхад юун хүүхэд эрхлүүлэх л биз дээ. Тийм болохоор би шалгууртай нийгэмд хэрсүүжиж өссөн хүүхэд гэж өөрийгөө ойлгодог.

-Яагаад СУИС-д орсон юм бэ?

-Урлагт дуртай, илүү их сонирхолтой хүүхэд байсан. Кино үзэх, уран зохиолын ном унших дуртай. Уран зохиолын ном уншихаар өөрөө жүжигчин нь болоод, найруулагч нь болоод л явчихна ш дээ. Тэр үүднээсээ тэр сэтгэхүй нь хөгжчихсөн хүүхэд урлагт илүү дуртай байсан. Уншсан зохиол маань кино болж гарвал миний төсөөлж байснаас хэр өөрчлөгдсөн байна гэж хардаг. Энэ мэтчилэн сонирхол нь урлаг тал руугаа явчихсан байсан.

1997 онд улсын сургуульд орно гэдэг тэр болгон хүүхдүүдийн хийж чаддаг зүйл биш байлаа. Аав ээжүүдийн хувьд ч ямар мэргэжил сонгох нь гол биш улсын сургууль илүү байсан үе. Тэр үед улс, хувийн сургуулийн ялгаа хурцаар тавигдаж байсан. Тухайн үед 1997 онд МУСУИС-д элсэн орж аавыгаа баярлуулж байлаа.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Хоёр ой гарантай нэг хүүтэй. Гэргий маань бизнесийн эдийн засгийн салбарын хүн. Урлаг өөрөө маш их цаг хугацаа гаргадаг мэргэжил. Тиймээс нэгэн биеийн нөгөө тал нь цаг хугацааны талд бас их өгөгдөлтэй хүн байхгүй бол болохгүй ш дээ. Хоёр сэтгэл нэг болоод явахаар дундуураа дүүргээд л явах юм.

-Одоо “Guys” хамтлагийг хэдэн насныхан сонсож байна?

-18-45 насныхан байдаг. Энэ нь нэлээд том цар хүрээ шүү. Одоогийн 18 настай хүүхдүүд биднийг жүжигчин ах нар гэж хараад байдаг. Жүжигчин ах нар нь хамтлаг болоод гараад ирэхээр та энэ дууг дуулдаг байсан юм уу гэдэг. Манай ах, эгч нар намайг бага байхад энийг дуулдаг байсан гэдэг. Энэ үүднээсээ 18-аас дээш насныхныг хамраад байна. Одоо “Guys” хамтлагийн сонсогчид харьцангуй залуужиж байна. Нөгөө талаас бидний нэг үеийнхэн байна. Бидэнтэй адил нас нэмээд л яваад байгаа. Энэ хүмүүс нийгэмд эзлэх байр суурьтай, эрхэлсэн ажилтай, төлбөрийн чадвартай болоод ирэхээр бидэнд айгаад байх зүйлгүй болчихож байгаа юм. Эргээд уран бүтээл хийхэд бидэнд санхүүжилт байхгүй, хүн үзэх болов уу гэсэн айдас байхгүй. Тэр хүмүүс маань багаасаа сонссон хамтлагаа санхүүжүүлээд эхэлж байгаа юм. Манай CD одоо HIFI re­cords-д шилдэг борлуулалттай CD-ны хоёрт жагсдаг. Энэ чинь үнэнч фенүүдийн чадамжийн асуудал.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар яриач?

-Бодсон ажил байна. Цаг хугацааг зарлах болоогүй. Одоогоор өнгөрсөн 18 жилийн турш гаргасан уран бүтээлээ хүмүүст хүргэх нь чухал байна. Гэхдээ мэдээж шинэ уран бүтээл гаргана. Илүү их цар хүрээг хамарсан буюу 18-45 насны бүх хүмүүст таалагдах уран бүтээл хийнэ. Манай хамтлагийн хувьд 18 жилийн түүхэнд хүнээс үг, ая авч байгаагүй. Өөрсдийнхөө уран бүтээлийг өөрсдөө хийдэг хамтлаг. Тиймээс энэ удаад ч тэр зарчмаараа ажиллаж байгаа. Бид уран бүтээлээрээ оюуны өмчийн зохиогчийн эрхийн дагуу 100 хувийн баялаг бүтээгч нар болно. Өөрсдийн оюуны бүтээлийн эрхийг хамгаалах эрх бүхий хүмүүс.

Бусад уран бүтээлчид хүмүүсээр ая зохиолгоод, үгээ бичүүлээд өөрөө дуулахаар нэг дуу гурван эзэнтэй болж байна гэсэн үг. Энэ нь оюуны өмчийн эрх дээр саад болдог. Дуучин, ая зохиогч, шүлэг бичсэн хүн аль нь дууныхаа эрхийг авах вэ гэдэг асуудал гардаг. Тэгэхээр бид ямар ч цаг үед зөвшөөрөгдөх өөрсдийн гэсэн уран бүтээл хийдэг. Клипнийхээ зохиолыг ч бас өөрсдөө гаргах жишээтэй. Уран бүтээлийн хувьд илүү даацтай гэсэн үг л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Наадмын талбайн хуушуурын асруудад газ хэрэглүүлэхээр шийдвэрлэсэн

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Хуурамч цагаан будаа орж ирсэн тухай мэдээлэл цахим хуудсуудаар гарч байна. Энэ талаар танайд мэдээлэл байна уу?

-Хуурамч цагаан будааны талаар яг манай байгууллагад албан ёсоор ирсэн мэдээлэл алга. Фэйсбүүк хуудсуудаар хоёр, гурван хүн тийм мэдээлэл тавьсан байна билээ. Түүнд бид хандаж мэдээллийн эх үүсвэрийг нь олох гэж үзсэн. Олдохгүй байгаа. Ерөнхийдөө манай байгууллагад иргэд энэ цагаан будаа хуурамч байна, шаардлага хангахгүй байна гэж хандаж байна л даа. Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст өчигдөр (уржигдар) нэг гомдол ирсэн.

Уг гомдлын дагуу тухайн будаанаас нь дээж аваад лабораторид шилжүүлсэн байгаа. Лабораторийн шинжилгээний дүнг гарахаар олон нийтэд мэдээлнэ. Хуурамч мөн эсэхийг бид сайн мэдэхгүй байна. Учир нь үнэхээр хуурамч биш хадгалалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсан будаа ч байж болно шүү дээ. Тэгэхээр лабораторийн шинжилгээний дүн гарсны дараагаар хуурамч эсэх нь мэдэгдэнэ.

-Энэ жил наадмаар хоолны үйлчилгээ үзүүлэх цэгүүд газ ашиглах юм байна?

-Наадмын талбайд 850 орчим цэг гарна. Тэд бараг бүгдээрээ л хоол үйлдвэрлэл явуулдаг. Цахилгааны хэрэглээ ихэссэнээр хүчдэл нэмэгдэж тог тасрах асуудал үүсэх нь бий. Тиймээс энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хуушуурын асруудад газ хэрэглүүлж үзье гэж шийдсэн юм билээ.

-Хийн баллоныг буруу хэрэглэвэл аюултай. Тэр тал дээр нь хэрхэн анхаарч байна вэ?

-Үүн дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар байнга хяналт тавьж ажиллана. Манайхаас газтай хэрхэн зөв харьцах вэ гэсэн зөвлөмж гаргасан байгаа. Энэ зөвлөмжөө баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх хүмүүст тараана. Түүний дээр наадмын үеэр ажиллах худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зургаан дүүрэг дээр энэ сарын 7, 8 орчим сургалт зохион байгуулах юм. Сургалтаар газтай хэрхэн харьцах, яаж хадгалах вэ гэдгийг манай Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн мэргэшсэн байцаагчид заана. Мэдээж хэрэг тусгай зөвшөөрөлтэй газ оруулж ирдэг компаниудтай хамтарна. Тэд ч үйлчлүүлэгч нартаа бас зөвлөгөө өгөх юм.

-Наадамд танай байгууллага хэрхэн бэлдэж байна?

-Үндэсний их баяр наадам болж байгаатай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үеэр аюулгүй байдлын бэлтгэл ажлыг хангуулах, баяр наадмын үеэр хэрхэн яаж ажиллах вэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөний дагуу явж байна.

Эхний ээлжинд бид Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн усны дээжинд шинжилгээ хийсэн байгаа. Хүй долоон худагт байдаг таван худгаас дээж аваад лабораторид шинжлүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн дээр байгаа төвлөрсөн уснаас мөн дээж авсан байгаа.

Мөн баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл ажлыг шалгаж байгаа. Уг шалгалтын дүнг энэ сарын 10 гэхэд гаргана. Ер нь бол баяр наадмын үеэр хоол үйлдвэр үйлчилгээний 850 орчим газар ажиллах юм. Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллагын 250 орчим улсын байцаагч хяналт тавьж ажиллана. Иргэддээ уриалахад баяр наадмын үеэр зөвшөөрөлтэй хүнсний цэгээс үйлчилгээ аваарай. Гар дээрээс худалдаа хийж байгаа хүмүүсээр битгий үйлчлүүлээрэй. Зөвшөөрөлгүй байна гэдэг чинь хаана, хэн, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг шүү дээ.

-Гар дээрээс худалдаа хийж байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн дээр наадмын өдрүүдэд байцаагчид байнга ажиллах юм. Хэрвээ зөвшөөрөлгүй шорлог, зайдас, хотдог гэх мэтчилэнгийн гар дээрх худалдаа байвал үйл ажиллагааг нь зогсооно. Бараа бүтээгдэхүүнийг нь устгах арга хэмжээ авна. Гар дээрх худалдаанаас нийтийг хамарсан хоолны хордлого ч гарах магадлалтай. Ер нь зөвшөөрөлгүй юм битгий зараачээ эдийн засгаараа хохирно шүү гэдгийг хэлмээр байна. Наадамтай холбоотойгоор зөвшөөрөлгүй барилга байгууламжийн ажил хийх нь ихэсдэг. Тиймээс иргэд баяр наадамтай холбоотой гомдол байвал манай 70128012 утсанд хандаж болно.

-Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хориглосон бараа худалдвал үйл ажиллагааг нь зогсоох уу?

-Тэр даруй үйл ажиллагааг нь зогсооно. Түүнчлэн архи согтууруулах ундаа, тамхи, эм гээд тусгай зөвшөөрөлтэй зарагддаг зүйлс байвал хурааж улсын орлого болгоно. Устгах ёстойг нь устгана. Мөн хүнсний зориулалтын сав баглаа боодол хэрэглэхийг шаардана.

Манайхан гол төлөв наадмын талбайгаас гэртээ хуушуур аваачдаг. Ингэхдээ зориулалтын сав баглаа боодол авч яваарай гэж хэлмээр байна

Хоёрдогч түүхий эд болсон буюу шар, бор янз бүрийн өнгөтэй гялгар уутанд хийсэн зүйлсийг битгий хэрэглээрэй. Зориулалтын сав баглаа боодлоор үйлчлүүлээрэй гэж байгаа.

-Наадмаар ариун цэврийн газрууд ачаалал ихтэй байдаг. Энэ нь эрүүл ахуйн талдаа ямар байдаг бол?

-Төв цэнгэлдэх хүрээлэн өөрсдийн ариун цэврийн газруудаас гадна контейнер нойл тавьж байгаа юм билээ. Түүнчлэн Улаанбаатар нэгтгэл био нойл тавьж байгаа. Цэнгэлдэх хүрээлэн орчимд нийт 119 бие засах газар ажиллана гэсэн мэдээ ирсэн. Энэ бол маш хүрэлцээгүй тоо. Эрүүл ахуйн талаасаа нэг бие засах газар 200 орчим хүн орвол болно гэсэн тооцоо бий.

Гэтэл наадамчид олноор цуглардаг газруудад хүрэлцээ муу байгаа. Жилийн жилд л бие засах газар хүрэлцээгүй байдаг. Нэмэгдүүлэх нь Төв цэнгэлдэх хүрээлэн компанийн асуудал болчихоод байгаа. Бид бие засах газраа нэмээрэй гэсэн шаардлага тавьсан. Хүй долоон худагт Монгол наадам цогцолбор ОНӨҮГ бие засах газрыг нэмсэн байналээ. Стандартын дагуу бие засах газар нь төвлөрсөн бохирт холбогдсон, усаа цэвэрлэдэг, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой гэх мэтчилэн шаардлага тавина л даа. Манайхаас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ариун цэврийн газруудыг халдваргүйтүүлэх ажил хийж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулганаар ийм хуулиудыг хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 17, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурав, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо гурав, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дөрөв, Төрийн байгуулалтын байнгын хороо дөрөв, Төсвийн байнгын хороо зургаа, Хууль зүйн байнгын хороо 12, Эдийн засгийн байнгын хороо тав, АН-ын бүлэг 10, МАН-ын бүлэг 27, “Шударга ёс” эвслийн бүлэг тав, Монгол Улсын Засгийн газар 39 төслийн санал ирүүлжээ. Мөн Улсын ИХ Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Оюун нар 11 саналыг тусгайлан ирүүлсэн тухай Байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Бакей даргаа, Хууль зүйн байнгын хороо 12 зүйл бүхий албан бичгийнхээ хамгийн түрүүнд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг оруулсан. Үүнийг өөрт тань болон таны зүүн гар зүрхэн талд чинь сууж байгаа хүнд үзүүлсэн. Ямар шалтгаанаар хэн гэдэг хүний даалгавраар оруулахгүй байгаа юм. Хууль зүйн байнгын хороо хамгийн түрүүнд нь биччихээд байхад яагаад намрын чуулганы хэлэлцэх жагсаалтад оруулсангүй вэ. Хүний эрх гэдэг чинь хамгийн чухал асуудал. Яагаад ингээд хойшлуулаад байгаа юм” гэхэд байнгын хорооны А.Бакей “Өргөн мэдүүлсэн. Хэлэлцэгдэж эхэлсэн, хэлэлцүүлгийн шатанд яваа 93 хууль байна. Энэ хуулиудын нэг нь таны өргөн мэдүүлсэн энэ хууль. Бүх хуулийг жагсаавал уртаас урт жагсаал гарах тул бусад гэдэг асуудлын хүрээнд оруулж болно. Хэн нэгэн хүний даалгавраар хийгдээгүй” гэлээ. С.Дэмбэрэл гишүүн “Хүний эрхийн асуудалд яагаад ингэж хайхрамжгүй хандаад байгаа юм. Дөнгөж саяхан өргөн баригдсан хуулиуд орж ирээд байгаа хэрнээ ямар шалгуур тавиад энэ хуулийг хойшлуулаад байгаа юм” хэмээн асуулаа. Байнгын хорооны дарга зарчмын зөрүүтэй санал гаргаад уг хуулийн төслийг жагсаалтад оруулж болно гэв. Ингэснээр С.Дэмбэрэл гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүд дэмжсэнээр жагсаалтад оруулж чадлаа.

2015 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл

2. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл

3. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл

4. “ Т өрөөс мөн гөн ий бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

5. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл

6. Худалдааны тухай хуулийн төсөл

7. НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

8. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл

9. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

10. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

11. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

12. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

13. Хүүхэд хамгааллын

тухай болон холбогдох бусад хуулийн төсөл

14. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

15. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

16. Органик хүнсний тухай хуулийн төсөл

17. Хог хаягдлын тухай хуулийн төсөл

18. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд

19. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

20. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

21. Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

22. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

23. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

24. Бусад гэсэн шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосугай гэжээ.

Ингээд УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хураалдаанаар хэлэлцүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөсөн.