Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав

2015 хаврын чуулган завсарлах гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /долдугаар сарын 6-ны Даваа гарагт/ хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэхдээ:

-Ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо 6 удаа хуралдаж, 15 асуудал хэлэлцсэний дээр эдгээр хурлаас 7 тогтоол гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, 2 удаа сайдын мэдээлэл сонсон, Өргөдлийн байнгын хорооны дүрэм, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцах салбарын хуваарийг шинэчлэн баталлаа.

2015 оны хаврын чуулганы хугацаанд тус Байнгын хороонд 650 өргөдөл ирүүлсний 124 буюу 19 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 526 буюу 81 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар хандсан өргөдөл байв. Энэ хугацаанд 9889 иргэний өргөдлийг багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 304 хүсэлт буюу 46.7 хувийг судлан шууд хариу өгч, 176 хүсэлт буюу 27 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 482 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 168 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 194 албан бичиг явуулж, 198 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна гэлээ.

Тайлант хугацаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр ахлуулсан Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах, Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх, УИХ-ын гишүүнС.Ганбаатараар ахлуулсан Бэлчээртэй холбогдсон харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, УИХ-ын гишүүн О.Содбилгээр ахлуулсан Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус тус Байнгын хорооны тогтоолоор байгуулагдан ажиллаж, тайлан, танилцуулгыг хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд одоо ажлын хоёр хэсэг үргэлжлэн ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны хуралдаанаас 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 6 тогтоол, 3 хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгож, иргэдийн өргөдлөөр тавигдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдан хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ авах болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлан бүлэг болгон тусгах чиглэлийг Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт өгчээ.

2.Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт 263730 га газрыг зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар улсын тусгай хэрэгцээнд авсан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоол нь Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байх тул уг тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Байнгын хорооны 06 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.

3.Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу хилийн боомтод аюулгүй байдлыг хангах болон хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын санал, тооцоо, судалгаа, бодит шаардлагыг үндэслэн, хилийн боомтын шалган нэвтрүүлэх чиг үүргийг Хил хамгаалах ерөнхий газарт буцаан шилжүүлэх асуудлыг тусган Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны 08 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.

4.Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатган хариуцлага тооцох, төрийн албан хаагчийг хууль бусаар нь ажлаас нь чөлөөлсний улмаас төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллах, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, хууль зөрчин томилсон шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авч ажиллах, төрийн албан улс төрөөс ангид байх зарчимд нийцүүлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны 10 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгожээ.

5.Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг тогтвортой, тууштай хэрэгжүүлэх, Боловсролын тухай хууль тогтоомжид заасан нийт 9 журам, үлгэрчилсэн дүрэм, стандартыг боловсруулж, батлан мөрдөх, боловсролын сургалтын байгууллагын эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдын 6 настай хүүхдэд боловсрол эзэмшүүлэхдээ амьдрах орчин, асран хамгаалах боломж нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний уламжлалаа хадгалсан ёс суртахуунтай хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, хүүхдийн үлгэрийн, уран зохиолын болон бусад төрлийн номын агуулга, зураг, текстэд стандарт тогтоох, хяналт тавих, мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байнгын хорооны 11 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.

6.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөхөд зарцуулсан хөрөнгө, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэр, дахин төлөвлөлтийн ач холбогдлыг иргэдэд тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх ажлын талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг Байнгын хорооны 12 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлын тухай Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн, Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээллийг сонссон байна.

Үүнээс гадна Архангай, Баянхонгор, Ховд аймгуудаас ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу холбогдох компаниудын ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэв.

Байнгын хорооны 2015 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай хууль тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 06 сарын 11-16-ны өдрүүдэд Дорнод аймагт “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны олборлолт явуулж байгаа үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэсэн байна. Мөн 2015 оны 2, 3 дугаар саруудад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

Өргөдлийн байнгын хороо 2015 оны хаврын чуулганы хугацаанд “Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаарх 179 иргэний өргөдлийн дагуу Нээлттэй сонсголыг 2015 оны 04 сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Үүнд УИХ-ын 18 гишүүн оролцож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон тус яамд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авилгатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож тайлбар, мэдээлэл өгчээ.

Тайлангийн хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ:

  • Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, сайжруулах арга зам;
  • Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам, Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь, Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайлан танилцуулах /Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран/;
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар;
  • Нийслэлийн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу Нийслэлийн удирдлагуудтай мэдээлэл авах, санал солилцох уулзалт;
  • Архангай, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл аймгуудын удирдлагуудтай орон нутгийн зам тээвэр, ус, бэлчээр ашиглалт, хамгаалалт, мод бэлтгэл, уул уурхай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын асуудлаар цахим хурал.

Түүнчлэн иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд 5 удаа ажил хэргийн уулзалтуудыг зохион байгуулж ажилласан байна.

Тус Байнгын хорооны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд танилцуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар өргөдөл гаргахад зөвлөгөө, мэдээлэл өгөх, саналыг хүлээн авах, хариу өгөх ажлыг Булган, Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад зохион байгуулжээ. Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээллийг өгөх 5 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хараагүй иргэд наадмаар хэрэглэх цаасан уутыг үйлдвэрлэнэ

Нийслэлийн захирагчийн ажлын алба болон бүх дүүргийн Хүн, худалдаа, үйлчилгээний хэлтсийнхний шийдвэрээр энэ жилийн наадмаар хүнсний нийлэг уутнаас татгалзаж цаас уут хэрэглэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хуушуурын худалдаа эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд зориулалтын цаасан уут хэрэглэх журмыг мөрдөж ажиллана.

Ингэхдээ хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэ цаасан уутыг зөвхөн Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрийн төвөөр үйлдвэрлүүлэхээр болсон юм байна. Хүнсний нийлэг уут нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хортой болох нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс нийслэлийн болоод орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ялангуяа хүнсний сав баглаа боодолд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарна

Үндэсний их баяр наадам энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд эхлэнэ. Харин төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа болон бөхийн барилдаан үзэх тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэх юм байна. Энэ жилийн хувьд тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг асуудлыг бодолцож шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Наадмын комисс гаргажээ.

Саравчтай хэсэгт суух тасалбарыг 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбарыг 16 мянган төгрөгөөр худалдаалах юм байна.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-аас мэдээлэл хийнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-ын удирдлагууд өнөөдөр 13.00 цагт мэдээлэл хийнэ. Тус хурлаар наадам болох гэж байгаа энэ үед орон нутгаас мал тууж авчран зарж борлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд анхаарах асуудал, хоолны халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөх гэнэ. Мөн БНХАУ-аас оруулж ирсэн хуурамч будааг худалдаалж буй эсэхийг мэдээлнэ.

Categories
мэдээ спорт

Сагсчид ОХУ-ын багтай тоглоно

БНСУ-ын Гванжу хотноо дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам үргэлжилж байна. Тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд манай залуучуудын шигшээ баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо өмнөх Универсиадын аварга ОХУ-ын багтай хийх юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 14.30-д эхэлнэ.

Манай сагсчид В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан билээ. Хоёр тоглолт хийгээд байгаа залуучуудын шигшээ баг Мексикт 71: 90, Монтенегрот 54:98 онооны харьцаагаар хожигджээ.

Categories
мэдээ спорт

ОУХМ Д.Сумъяа эхний өрсөлдөгчөө яллаа

Универсиад наадмын 57-ын жинд зодоглож байгаа Олон улсын хэмжээний мастер, “Чингис хаан-2015” гран при тэмцээний аварга Д.Сумъяа эхний өрсөлдөгчөө юүкогоор яллаа. Тэрээр эзэн орны буюу БНСУ-ын тамирчин Ким Чан Диг ялж эхний ялалтаа авлаа. ОУХМ Д.Сумъяагийн дараагийн өрсөлдөгч нь Туркменистан, АНУ-ын хоёр орны аль нэг нь учраа таарах юм. Өнөөдөр жүдо бөхийн тэмцээнд манай улсаас 4 тамирчин зодоглож байна. Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг маргааш барилдана.

Categories
мэдээ нийгэм

Хубилай хааны “Мөнгөн зоос”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр болно

Их Монгол улсын хаан Хубилайн мэндэлсэний 800 жилийн ой тохиож буй.

Энэ тэмдэглэлт өдрүүдэд зориулан гаргасан “Мөнгөн зоос”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр болох юм.

Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Монгол банк зэрэг байгууллагаас зохион байгуулж буй уг ажиллагаа 12.00 цагт Арт хаус төвийн үэзсгэлэнгийн танхимд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШӨХТГ, АТГ-ынхан Хүй долоон худаг, цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс салмааргүй байна

Монгол наадам айсуй. Монгол төрийн их наадам, улс хувьсгалын ойн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж хүлээдэг монголчуудын хувьд наадам шиг сайхан баяр үгүй. Дэлгэр цаг,дээр нь монгол гэдгээ мэдэрсэн омогшил, бахархал монгол наадмыг чимдэг. Жил ирэх бүр өөр хоорондын ялгаа нь арилж,нэгдэх зүг рүүгээ явж буйдэлхийн улс гүрнүүдээс Монголыг монголоор нь таниулдаг хоёрхон зүйлийн нэг нь наадам. Нөгөө нь цагаан сар. Түүнээс биш бид бусдаас ялгараад байх юмгүй үндэстэн. Бусдын адил “адидас”-ын малгай, поло загварын цамц өмсөж,кола ууж, бургер иддэг дэлхийн хаана ч байдаг хүмүүс. Наадам, цагаансар хоёргүй бол биднийг хэн монгол гэх юм. “Бид чинь дэлхийд ганцхан дээлтэй монгол” гэж сөргөх хүн гарч ирж мэдэх л юм. Монгол дээл, малгай биднийгбусдаас ялгаруулаад байхаар эд биш гэдгийг нотлохын тулд ухаантай царайлж элдэв тайлбар хэлэх шаардлагагүй.Дээл, хантааз гээд яривал аль ч улсын иргэд өөрийн гэсэн үндэсний хувцастай.

Харин наадам, цагаан сар бол өөр. Төдийгөөс өдий хүрсэн монгол соёл, уламжлалыг тээсэн гэдгээрээ ач холбогдол өгөхөөс аргагүй баярууд. Тийм ч учраас Монгол төрийн их наадам гэж хүндэтгэн нэрлэдэг. Цагаан сараар төрийн түшээд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа золгож, нөгөөдүүл нь хамгийн ахмад настай иргэддээ хүндэтгэл үзүүлэн хадаг барьж очдог. Ийм утга учиртай баяруудыг, тодруулж хэлбэл наадмыгшударга бус, будлиан, бульхайтай харагдуулдаг хоёр юм байна. Нэг нь бөх. Нөгөө нь морь. Наад захын жишээ гэхэд начин цолны найраа 250 сая төгрөгч гэх шиг барим тавим мөнгөний тоо дуулддаг. Начин цол 250 сая төгрөг хүрлээ гэдэг сураг яриа 2011 онд анх гарсан санагддаг. Тэр жил Өмнөговийн хоёр ч бөх начин цол авсныг наадамчин олон санаж байгаа байх. Б.Сумъяа, Ц.Одбаяр хоёр. Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын харцага Л.Пүрэвжав хоёрт “Ажнай” корпораци 250 сая төгрөг амлаж, аймгийнхаа бөхчүүдийг улсын цолонд хүргэж, начин цолны ханшийг өсгөлөө гэж ард түмэн өөр зуураа шуугиад өнгөрч байв. Үнэн эсэхийг мэдэхгүй, ямартай ч амнаас ам дамжиж явсаар, өнөөдөр ч наадам тойрсон сонин хачны нэг хэвээрээ байгаа нь лав маргах аргагүй үнэн. Ийм алдуул яриа гарахаас өмнө буюу 2011 оноос өмнө начны найраа 70-80 сая төгрөг хүрсэн гэдэг. Батлагдаагүй яриа гэдгийг дахиад онцолъё. Гэхдээ л олны дунд түймэр шиг дэгдсэн яриануудын нэг. Сураг яриа үнэн байгаад начин цолны ханшүнэхээр 250 сая төгрөгхүрсэн юм бол харцага 300 сая, заан цол 400 сая гээд явах нь л дээ.

Морин дээр гэхэд хүүхэд нь унасан морь нэг байраар ухардаг учраас айрагдахаар чансаатай морьдын эзэд унаач хүүхдээ унагаж сургадаг гэсэн итгэмээргүй яриа дуулддаг. Ухаандаа дараагийн мориндоо боломж олгож байгаа юм даг уу даа. Мэдээж хэн л өчнөөн шөнийн нойроо хасч сойсон морио байр ухраахыг бодохов, хэрвээ энэ яриа ортой бол ард нь их мөнгө байж таарна. За тэгээд морио жийптэй дагадаг энэ тэр гээд яривал жинхэнэ монгол наадмын утга морин дээр алдагдчихаад байгаа жишээ өчнөөнийг дурдаж болно. Ямартай читгэхэд бэрх ярианууд төдийгөөс өдий хүртэл тасрахгүй энэ цаг хүрснийг бодоход ямар нэг “но” байгаа нь гарцаагүй. Аль нь үнэн, аль ньхудал гэдгийг тогтоох л учиртай.

Тэгэхээр монгол төрийн их баяраа шударга тэмдэглэе гэвэл,бөх нь бөх шиг жудагтай,хүлэг нь хурдаа сорьсон шиг сорьдог сайхан наадам байлгая гэвэл, глобальчлагдсан дэлхийд монгол монголоороо оршъё гэвэлАТГ, ШӨХТГ хоёр сайн ажилламаар байна. Наадмын өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ, Хүй долоо худагийн морь уралдааны талбайгаас салахгүй ажилламаар байна.Учир нь наадам бол монгол төрийн баяр. АТГ, ШӨХТГ бол монгол төрийн нэрийн өмнөөс ажилладаг байгууллагууд.Төрийн наадмынх нь бөх, морь булхайтай байгаад, газар авбал монгол төрийн нэр хүнд унана. Тийм учраас АТГ, ШӨХТГ-ыг наадмаар ажиллах үүрэгтэй газрууд гээд байгаа хэрэг. Тэгээд хэн ямар найраа хийгээд байна, өвөр зуураа цолны наймаа хийсэн нь үнэн үү, худлаа юу гэдгийг тогтоож, хэвлэл мэдээллээр зарламаар байна. Ёс зүйгээ зөрчсөн бөхчүүдийн нэрсийг нэг жилийн наадмаар зарлахад л дараа жилээс нь цэгцрээд ирнэ.

Японы сумо ямар билээ. Сумогийн дэвжээг монгол бөхчүүд эзэгнэж байна. Тэглээ гээд япончууд бухимдаад байгаа юм алга. Харин ч тэнд очсон монголчуудтай “Танай сумочид мундаг, Асашёорюү ийм” гэж хэлээд эрхий хуруугаа гарган талархах япон хүн олон таардаг. Сумогийн бооцооны мөнгө дүрэм гээд бүх зүйл нь шударга учраас тэнд аль улсын байхаас үл хамааран хэн хүчтэй нь аварга болж байна. Ийм найраа, тийм тохироо хийлээ гэсэн хар алга. Гэтэл манайд эсрэгээрээ. Компанийнхаа энэ бөхийг, аймгийнхаа тэр бөхийг гэж ирээдханцуй дотроо наймаа хийж эхэлдэг гэж наадамчин олон ярьцгаадаг. Сүүлдээ бүр сумын наадам ч утгаа алдсан гэдэг юм билээ. Ямар сайндаа энэ жилийн наадмаар гэхэд аймаг, сумд наадмаараа өөр аймгийн бөх барилдуулахгүй гэхэв. Цолтой бөхчүүд нь очоод бужигнуулчихдаг гэсэн яриа бий. Аймаг, сумынхаа хүнийг түрүүлүүлэхийн тулд өнөө нөхдөд мөнгө амлаж, унаад өгөөч гэж гуйдаг гэсэн дэл сул яриа сонсогддог. Наадамлахдаа өөр аймаг, сумдын бөхчүүдээ хажиглаад эхэлснийг бодоход лав л оргүй үг биш.

Монгол бөх сумо шиг цэвэрхэн ил тод байдаггүйг ганцхан жишээгээр нотолчихож болно. Допинг гэж дампуу зүйл бий. Нэг хүн хэд хэдэн бөхийн өмнөөс шээсээ өгсөн гэсэн яриа наадам бүрээр дуулддаг. Эм хэрэглээгүй, арай эрүүл гэсэн нь Дорж, Бат, Дондогийн өмнөөс шээсээ өгдөг, тэгснийхээ төлөө мөнгө авдаг, нэг удаа шээсээ өгөөд хоёр сая төгрөг халаасалдаг ч гэх шиг алдуул яриа байсгээд чих дэлсдэг. Тэгэхээр одоо үнэн худал нь мэдэгдэхгүй ийм яриаг цэгцлэх ганц арга нь ШӨХТГ, АТГ хоёр л байна даа. Тэд чиглэл, чиглэлээрээ сайн ажиллаж байгаа, хийсэн ажлаа олон нийтэд байсгээд танилцуулдаг газрууд. Ингэж гялалзтал ажиллаж чадаж байгаа юм чинь наадмын дэвжээ, морины талбай юухан байхав.Очвол үр дүн гарч таарна. Тэр хэрээр монгол наадам тойрсон дэл сул яриа цэгцрээд ирэх нь маргаангүй.Үнэхээр “но” байгаа бол илрүүлнэ гэдэгт эргэлзэх юм алга.

Наадам бол хуультай баяр. Төр хуулийг нь батлаад өгчихсөн. Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” гэсэн заалт бий. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэлгэдсэн наадамд бульхайтай хандвал шийтгэл хүлээхээс аргагүй. Хуульдаа наадам гэж юу вэ гэдгийг заагаад өгчихсөн учраас.

Баяр наадмын хуулийн бас нэг заалтыг онцолъё.“Баяр наадамд оролцож буй бөх үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлж, цээрийг сахих үүрэг хүлээнэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд “Хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ” гэсэн өгүүлбэр бий. Манай тэрийг амлаж аваад унаад өгөөч, тэдэн төгрөг өгье гэдэг нэг талаар гуйлт ч нөгөө талаас шахаас гэж үзэхэд болохгүй юмгүй. Хуулиндаа тэр дүрмийг барь гэсэн заалт байгаа учраас бөхийн дүрэм бол хууль. Энэ мэтээр хариуцлага тооцож ажиллах боломж АТГ, ШӨХТГ-т байна даа. Бид төрийнхөө хуулийг сахиулж байна гээд л ажиллах хэрэгтэй байна шүү.

Categories
мэдээ нийгэм

Нэн ховор эмийн ургамлуудыг тарималжуулжээ

Эм судлалын хүрээлэнд хүрээлэнд 2012-2014 онд ХХААЯ-ны захиалгаар “Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх” төслийг хэрэгжүүлсэн юм.

Энэхүү төслийн хүрээнд Монгол хунчир ургамлыг Дорнод аймгийн Гурван загал сум Хэнтий Цэнхэр мандал сум Хэнтий Өмнөдэлгэр сум нутагт ойн зах, модны чөлөө, уулын орой, хажуу зэрэгт шинэсэн ба нарсан ойн, үетэн-алаг өвст өндөр уулын хээр, уулын хуурайсаг оройн хэсэг, үетэн-элдэв өвст жижиг толгод бүхий хээр газраар ургадаг болохыг тогтоож, хээрийн бүсийн усалгаатай нөхцөлд тарималжуулж чаджээ. Монгол хунчирыг уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэдэг бөгөөд 170 гаруй эмийн найрлаганд ордог, хүний дархлааг дэмжихэд нөлөөлдөг эмийн ургамал юм.
Түүнчлэн эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн цуглуулгаас нэн ховор болон ховор ургамал болох Алтангагнуур, Эгэл-годил, Том навчит дэгд, Сибирь Тэмээн хөх, Дэрвэгэр жиргэрүү, Монгол догар, Ягаан цээнэ, Шар хорс, Их шүүдэргэнэ, Алтайн сонгино, Ацан цахилдаг, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй, Үлдэн могойн идээ зэрэг ургамлын генийн санг бүрдүүлэх судалгааг амжилттай хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 14 төрлийн ургамлыг ургадаг байгалийн орчноос нь авч, тарималжуулах туршилтаар Алтан гагнуур, Ацан цахилдаг, Их шүүдэргэнэ, Монгол догор, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй лидэр, Ягаан цээнэ, Сибирь ерөндгөнө зэрэг ургамал нь “маш ирээдүйтэй”, Үхэр дэгд ургамал нь “ирээдүйтэй”, Дэрвэгэр жиргэрүү ургамал нь үрийн соёололт удаан бөгөөд нэг соёолон ургавал ичмэл нахиа сайн сууж, хаврын сэргэлт ургалт сайн цэвэр хөрсөнд тарих, Эгэл годил өвс ургамал нь үндэслэг ишээр сайн үрждэг элдэв бохирдолгүй усан болон чийгийн хангамж өндөртэй голын усаар угаагдсан элстэй орчинд ургах боломжтойг тогтоожээ.
Цаашид салбарын яамны зүгээс нь шинжлэх ухаан,технологийн төслийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болон шаардлагатай асуудлын талаар олон талын оролцоот санал солилцох, түүнчлэн төслийн бодит үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд ЗГ-ын асуудлаар хуралдаж байна

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр Засгийн газрын асуудлаар Төрийн ордонд хэлэлцэх бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг “А” танхимд, МАН-ын бүлэг “Б” танхимд, МҮАН-МАХН-ын “Шударга ёс” бүлэг “В” танхимд хуралдаж байна. Өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлгийн зүгээс МАН-ыг засгаас хөөсөн бөгөөд АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс “МАН-ыг засгаас гаргах нь зөв” гэдэг шийдвэрт хүрсэн юм. Шийдлийн Засгийн газарт МАН хамтарснаар зургаан сайдын суудал авсан бөгөөд хэвээр үлдээх эсэх, нөхөж томилох зэрэг асуудлыг өнөөдөр хэлэлцэх аж.