Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд сэтгэл хоргодсон есөн жил

Иосеф Гелетаг хэмээх мажаар эр дэлхийн нэгдүгээр дайны үед Оросын цэрэгт олзлогдон Саяаны нуруунд цөллөгдөж нэгэн цахилгаан станцад гурван жил ажиллажээ. Эх орон, гэр орноо санан мөрөөдсөн тэрээр наймаачдын тусламжтайгаар Монгол руу нэвтэрч Хятадаар дамжин төрсөн нутаг Унгар руу буцахаар сэтгэл шулуудан замд гарсан байна. Арай гэж Монголд ирсэн боловч улс төрийн байдлын улмаас цааш явж чадалгүй 1920-1929 оны зун хүртэл саатсан юм. Тэрээр Монголд бараг арван жил ажиллаж амьдрахдаа өдрийн тэмдэглэл хөтөлж түүнийгээ ашиглан хожим нь Унгарын сэтгүүлч Лааслуу Фурбаттай хамтран “Монголд сэтгэл хоргодсон есөн жил” номоо бичсэнийг монгол хэлнээ хөрвүүлжээ.

Орос, Хятадын дунд орших Монгол нь газар нутгийн хувьд тус хоёр гүрний сонирхлыг үргэлж татсаар ирсэн гэдгийг номын эхэнд дурдсан байдаг. 1920 онд Гелета Иосефийг ирэх үед Япон Монголд санаархаж эхэлснийг онцолжээ. Саяаны нуруугаар дамжин арай гэж манайд ирээд хамгийн түрүүн Хүрээ орох улааны зар бичиг авахаар Маа сайд буюу Хатанбаатар Магсаржавтай уулзжээ. Гэвч эхний уулзалтаар түүний хэрэг бүтсэнгүй. Нэгэн монгол цэргээр ёс заншлыг сайтар заалгаж Маа сайдад дахин бараалхахдаа хадаг барьж зөвшөөрлөө авч Хүрээг зорьсон байна. Улиастай, Вангийн хүрээгээр дамжин цааш явахад нь тохиолдсон сонирхолтой түүхүүдийг өгүүл­жээ. Ингэж явахдаа Мон­голын өвөрмөц ёс заншил, сэтгэхүйг маш сайн ойлгож мэдэрсэн байна. Тиймээс ч ирсэн гадныхан нүүдэлчдийн онцлогийг төдий­лөн ойлгодог­гүй, ойлгохыг ч хичээ­дэггүй байсныг шүүмж­лэн бичжээ. Төөрч будилж явсаар Богд Гэгээний өргөөлөн залардаг Хүрээнд ирэхэд Хятадын гамин цэргүүд ороод ирчихсэн алтан оройт сум дуганы дэргэдүүр алхаж байв. Амьд гарч, амь зуухын эрхээр хятадуудтай хамтарч тэсрэх бөмбөг хийхэд нь хүртэл тусалсан байна. Гелета Иосефийн цааш Хятадыг зорих төлөвлөгөө биеллээ олсонгүй. Түүнийг Хүрээнд ирээд удаагүй байтал Барон Унгер Штернберг Хүрээг эзлэн авч, хятадуудыг хөөн гаргаж Богд Гэгээнтнийг эргүүлэн хаан ширээнд зал­жээ. Барон Унгерн чухам ямар төлөвлөгөөтэй байсан, Монголд хэрхэж байсныгуг номондоо нэлээд хэд хэдэн баримтаар дурдсан байдаг. Тухайн үед Хүрээнд Барон Унгерентэй танилцаж нөхөрлөсөн М.Оссендовский “Хүн, араатан, бурхад” номондоо түүний талаар төдийгүй Монголын тухай нэлээд ташаа өгүүлснийг ч Гелета Иосеф хэд хэдэн хэсэгт онцлон дурдаж, баталгаа болох баримтыг дурджээ. Штернбергийг Хүрээнд радио станц барьсан хэмээн бич­сэн нь худал гэдгийг онц­лоод бүр 1918 онд Хятадын Засгийн газрын санаа­чилгаар барьсан бо­лохыг бичжээ.

Гелета Иосеф нөхцөл байдлын ул­маас аргагүй эрхэнд Орос руу буцаж өнөө­гийн Хиаг­тад очиж нэгэн худалдаачны охинтой гэр бүл болсон ажээ. Нөх­цөл байдлын улмаас Өргөөнд эргэн очжээ. Тэнд амьдарч байсан герман найзаараа дамжуулан Сангийн сайд Дорж мээрэнтэй уулзаж анхны цахилгааны станцын зураг төслийг гаргаж, барих ажилд гол үүрэг гүйцэтгэсэн байна. 1912-1914 онд Ерөнхий сайд О.Намнансүрэн, Гадаад хэргийн тэргүүн сайд Чинван Ханддорж нар Оросын хаант улсаас таван сая гаруй рублийн зээл авч уг станцыг барьсан гэдэг. Харин 1926 онд тэрээр хоёр дахь цахилгаан станцыг бариулах ажлыг хийлгүүлжээ. Үүний дараа Иосеф Гелета нь парламентын байр барих шалгаруулалтад оролцож түрүүлсэн тухайгаа уг номондоо бичсэн байна. Энэ нь бидний мэдэх Бөм­бөгөр ногоон театр аж. Ийн­хүү Монголын бүтээн бай­гуулалтын ажилд идэвх­тэй оролцож байсан түүний захисан тоног төхөөрөмж нь саатаж, Иосеф Гелета ч нутаг буцсан байна. 1920-иод оны эхээр Монголд арваад жил амьдарсан энэхүү герман эрийн нэн сонирхолтой амьдралын түүхийг “Монголд сэтгэл хоргодсон есөн жил” номоос та уншаарай.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Их сургуулиа бүгд улаан дипломтой төгссөн гавьяатуудын нэг анги

Ардын жүжигчин А.Нэргүй, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Ш.Даваахүү, Түмэн эх чуулгын дуучин, гавьяат жүжигчин Ц.Үенч, Соёл урлагийн их сургуулийн багш, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Д.Цовоо, Дархан-Уул айм­гийн “Залуучууд” театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Н.Ариунтуяа болон соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал агсныг нэг ангийнхан гэдгийг мэдэх хүн ховор биз ээ. Тэд 2005-аас 2007 оны хооронд СУИС-ийн ардын дууны ангийг эчнээгээр суралцан төгсчээ. “Та нар чинь бүгд улаан дипломтой төгссөн гэсэн. Мундаг юм аа” гэвэл гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Анх Боловсролын их сургууль буюу хуучнаар Багшийн дээд сургуулийн дэргэд дуурийн дуулаачаар л сургадаг байлаа шүү дээ. Харин 1980-аад оны дунд үеэс Н.Норовбанзад агсны санаачилгаар уртын дуулаач бэлддэг болсон. Үүнээс нилээд хэдэн жилийн дараа эстрадын дуучны ангийг шинээр нээсэн. Саяхныг болтол СУИС энэ гурваас өөр төрлөөр дуучин бэлтгэдэггүй байлаа. Тэгтэл цагийн эрхээр уртын богино дууны анги нээх шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Ингэхийн тулд мэдээж багшлах боловсон хүчин хэрэгтэй учраас биднийг сургахаар болсон. Энэ тал дээр СУИС-ийн захирлаар ажиллаж байсан А.Дашпэлжээ болон Ч.Цэнд, Тогтох болон гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нарын багш санаачилгатай ажиллан, биднийг СУИС-д сургах санал тавьсан. Нөгөө талаас бид чинь хар залуугаасаа, зарим нь бүр хүүхэд ахуй цагаасаа өдийг хүртэл урлагт хүчин зүтгэж, өөрсдийн нэр алдраа түмэнд цуурайтуулсан эрхмүүд. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг системтэй, дэс дараалсан сургалтаар бус унаган авьяас, хичээл зүтгэлээрээ л нэр алдарт хүрцгээсэн. Тухайн үед суралцъя, хоолойн цараагаа тэлье гэсэн ч дуурийн дуулаачаас өөр анги байсангүй. Харин өнөөдөр биднийг “Багш аа” хэмээн хүндлэх залуус олон болж. Тэд биднээс туслалцаа, дэмжлэг хүсэхийн хэрээр практик туршлагыг онолын мэдлэгтэй хослуулан эзэмших шаардлага зүй ёсоор гарч ирсэн учраас бид 2005 онд СУИС-ийн ардын дууны ангид элсэн орсон. Бид онолоор үзээд байгаа хичээлээ амьдрал дээр буюу практикт аль хэдийн мэддэг болчихсон байсан учраас суралцахад үнэхээр дөхөмтэй байсан” гэсэн юм. Харин Соёл урлагийн их сургуульд 2011 оны намраас ардын богино дууны ангид анхны оюутнаа элсүүлсэн бөгөөд ирэх жил төгсөх аж. Өдгөө төрөлх сургуульдаа ардын дуучин бэлтгэхээр Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг нар багшилж байгаа юм.

Тэд намар, хавартаа сар гаруй хичээллээд, бусад үед нь бие даах даалгавар авдаг байжээ. Бүгд гэрийн эзэгтэйгээс гадна ажлынхаа хажуугаар суралцаж байсан хэдий ч бүгд хичээлээ тасалдаггүй идэвхтэй оюутан байсан тухайгаа дурссан. СУИС-ийн багш, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг “Бүтэн дөрөв таван жилийн турш биш, жилдээ хоёр сар гаруйхны хугацаанд хамт сурдаг байсан хэдий ч хичээл орох сар гаруйн хугацаанд өглөөний ургах нарнаар сургууль руугаа ороод, нар жаргасан хойно л гардаг байлаа. Хааяа ангийнхны маань хэн нэг нь аялан тоглолт, элдэв арга хэмжээнд урилгаар оролцохоороо хичээлээс чөлөө авна. Чөлөөтэй байх хугацаанд бид хичээлийнх нь дэвтрийг авч үлдээд, семинарыг нь нөхөөд бичээд өгчихнө. Нэг ангийнхны хувьд энэ бол асуудал биш” гэвэл бусад нь “Үнэхээр тийм шүү” гэцгээн толгой дохицгоов. Гавьяат жүжигчин А.Нэргүй “Өглөөний ургах нарнаар сургууль руугаа ороод, хичээлээ давтсаар бүрэнхий болсон хойно гардаг байлаа гэсэн чинь нэг хошин явдал санаанд орчихлоо” гэвэл бусад нь “Ярья л даа” гэсээр түүн рүү анхаарлаа хандууллаа. “Үенч эгч хаа газар нөхөртэйгөө явдаг байж билээ. Ямар сайндаа сургууль дээр хүргэж ирээд, хичээл тарахаас өмнө буцаж ирээд ангийн хаалганы дэргэд хүлээчихнэ. “Хичээл нь тарах дөхсөн үү” гэж буй аятай үе үе хаалганы завсраар харна. Тэгэхээр нь бид нар “Найз залуу чинь ирчихээд хүлээгээд байна. Болзооныхоо цагийг арай эрт хэлчихсэн юм уу. Тэгээд ч сургууль дээрээ дууддаг нь яаж байгаа юм” гэхээр хаалганы гадна зогсох нөхөртөө “Тарах болоогүй байна аа. Ингээд хаалга онголзуулаад хичээл хийх гэж байгаа түмэн амьтны анхаарлыг сарниулаад байдаг юм ш дээ. Хүлээж бай” гээд захирангуй аясаар хэлснээ бидэнд болохоор “Бид хоёр чинь хар залуугаасаа Булган аймгийн соёлын ордонд бүжиглэж байлаа. Хотод ирээд ч Балданцэрэнтэйгээ Түмэн эх чуулгад ажиллаж байна. Хаана л явна, хамт. Хэн хэн маань гэрийнхээ хажуугийн дэлгүүр орохдоо хүртэл болж өгвөл хамт гарчих санаатай. Бие биедээ аргагүй ээнэгшин дасч дээ. Хөөрхий гадаа зогсоогоороо хүлээгээд хөл нь ядарч байгаа даа” гэж шивнэнэ.

Соёлын тэргүүний ажилтан Д.Цовоо “Бас нэгэн хөгтэй явдал санаанд орчихлоо. Г.Ганцэцэг багш маань хичээл дээрээ Аргалд явсан ээж дуунд задаргаа хийлгүүлсэн дээ. Энэ дуун дээр жишээ авч гармон заасан ш дээ. “Энэ дууны энэ хэсгээс өргөлт авч, энэ хэсэгт нь намсаж, тэнд нь хэсэгхэн таслал аваад дуулсан учраас дууны мөн чанар жинхэнэ утгаар илэрч, хүний сэтгэлд хүрч байгаа юм” гээд хичээлээ зааж байтал бид нар бүгд уйлчихаж билээ. Эхийгээ алдсан нь гашуудан, ээж нь амьд сэрүүн байгаа нь санагалзсан хэрэг. Багш “Өө, уйлчихаж байгаа юм уу. Өөр дуун дээр задаргаа хийдэг байж дээ. Би тэнхим орчихоод ирье” гээд гараад явчихсан. Багшийг гараад явсны дараа бид нар юун хичээл хийх. Бүгд ээж нарынхаа тухай сэтгэлээ уудалцгааж билээ” гэв. Гавьяат жүжигчин Ш.Даваахүү “Манай ангид чинь долоон бүсгүй ганц залуу сурч байсан. Ганц залуу болох соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал агсныгаа хар сарнай гэж хочилно. Хар сарнай маш ховор ургадаг юм байна л даа. Тэгэхээр нь долоон дэлбээн дундах ганц хар сарнай гэдэг байсансан. Тэгээд ч өөрөө хар костюм, пиджакнаас салдаггүй байсан даа, хөөрхий” гэвэл бусад нь үг дуугүй толгой дохиод газар ширтэн хэсэг дуугүй суув.

Ангийн 30 гаруй хүүхдийн тэн хагасаас илүү нь үргэлж хангалтгүй дүн авдаг хүндхэн шалгалт дээр хүртэл шалгалтын асуултын дагуу өөрснөө тойрч сууж байгаад харилцан ярилцаж, мэтгэлцчихдэг байж. Шалгалт авахаар орж ирсэн багш нь “Ярилцахаа болиод, шалгалтынхаа цаасан дээр өөр өөрийнхөө мэддэгээ бич” гэхийн оронд тэдний мэтгэлцэхийг харсаар шалгалтын цагаа бардаг байж. Шалгалтын цаг дуусахад багш нь “Ойлгомжтой” гээд бүгдэд нь 100 оноо тавьчихаад гараад явчихдаг байж. Ийм юм чинь бүгд улаан дипломтой төгсөхөөс ч яах билээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. “Олон жил урлагт хүчин зүтгэсэн туршлагаас гадна хичээлээ бүгд, жигдхэн сайн давтдаг байсан учраас шалгалтаа амжилттай өгдөг байсан. Хичээл ордог байсан бүх багш нар “Бүх оюутнууд та нар шиг байдаг бол мөн сайхан аа” гэдэгсэн” хэмээн тэд өөр хоорондоо ярилцав.

Эдний ангийнхнаас гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Л.Чулуунчимэг, Ш.Даваахүү, Ц.Үенч нар өөрсдийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо түмэн олондоо өргөн барьжээ. Тоглолтоо хийж буй хэн нэг нь бусдадаа урилгаа өөрийн гараар өгдөг уламжлал энэ ангийнханд аль хэдийн тогтжээ. Тоглолтын дараа тайз засалт, урлагийн үзүүлбэрүүдтэй холбоотой санал, шүүмжлэл, магтаалаа нэгэндээ харамгүй хайрладаг аж. Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Тоглолтоо хийхдээ ангийнхнаас минь хэн нэгнээс нь магтаал, шүүмжлэлийн үгийг сонсохгүй бол ямар нэгэн зүйл дутуу юм шиг санагддаг болчихсон байна лээ. Тэгэхээр ангийнхан минь амьдрал, уран бүтээлийн минь салшгүй нэгэн цул хэсэг болсон хэрэг” гэв.

Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг хоёр л СУИС-д багшилж байгаа хэдий ч урлагт 30 гаруй жил тасралтгүй зүтгэж яваа эдний ангийнхны хэнбугайг ч “Багш аа” хэмээн хүндэтгэн, авгайлах хүмүүс олон. Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Шохой барьж, самбрын өмнө тэр бүр зогсдоггүй хэдий ч биднээс тусламж дэмжлэг авахыг хүссэн залуу уран бүтээлч, оюутнуудад харамгүй зааж зөвлөдөг. Тэд маань биднийг багш аа хэмээн авгайлж, хүндэтгэдэг юм. Сурсан эрдэм, чаддаг мэддэгээ бусадтай хуваалцах чинь нэгэн бодлын буян юм шүү дээ” гэсэн юм.

“Урлагт зүтгэж буй олны танил, гавьяа шагналтай ийм олон эрхэм нэг ангид сурч байсан тохиолдол их ховор байх аа” гэвэл “Урлагийн хүн болох хүнд авьяас хамгийн чухал. Би урлагт дуртай, дуучин болно гээд зүтгээлд байтал авьяасгүй бол яах ч аргагүй. Ийм хүн урлагийн сургуульд сурвал цаг, мөнгөө дэмий үрсэн хэрэг болно. Хамгийн гол нь авъяасыг багш заадаггүй, байгалиасаа буюу төрмөл юм байхгүй юу. Байгалиас заяагаагүй авьяасыг өөртөө суулгана гэдэг хэцүү. Бид чинь урлагт дор хаяж 20 жил зүтгэсэн улс. Бүр 40 гаруй жил буюу жаахан охин байхаасаа тэтгэвэрт гартлаа зүтгэсэн нь ч бий. Бодвол бидэнд бага ч болов авьяас заяасан юм байлгүй дээ” хэмээцгээв.

М.Ууган-Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийнх ч юм шиг, олон нийтийнх ч юм шиг “хамелеон” барилгууд

Өнөөдөр нийслэлд хамгийн их эрэлттэй байгаа нь сургууль, цэцэрлэг. Харин газар байхгүй гэсэн шалтгаанаар дээрх байгууллагуудыг барих боломжгүй гэж албаныхан улигласаар хуруугаа ч хөдөлгөлгүй өдий хүрлээ. Улсын хэмжээнд 50 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. НҮБ-ын судалгаагаар манай улсад цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс жил бүр 95 нь ямар нэг байдлаар эндэж амь насаа алдаж байна. Хотоор дүүрэн төрийн нэртэй барилга Богд уул мэт сүндэрлэж байдаг. Эдгээр барилгууд төрийн өмч мөн үү. Хэрэв биш бол хүн явах зайгүй болсон олон барилга хэний өмч вэ. Зөвхөн Чингисийн талбай тойрох барилгуудыг тоолоход сонин тоо харагдана. Талбайн хойморт нь Төрийн ордон, өмнө нь Ленин клуб нэртэй оросуудын мэдлийн байшин, баруун талд нь төв шуудан, Голомт банк, нийслэлийн Засаг даргын тамгын газар, МҮЭХ-ны байр, зүүн талд нь Соёлын төв өргөө, балгас болсон хэвлэх үйлдвэрийн барилга байх жишээтэй.

Эндээс харвал Монголын хамгийн үнэтэй газар Төрийн ордон, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бусад нь төрийн бус, өөр зориулалттай барилга байна. Бусад барилгууд нь гаднаас нь харахад Олон нийтийн байгууллагуудын өмч мэт харагдавч, нөгөө талаас тус байгууллагуудыг даргалж байгаа хэдэн хүний өмч мэт харагдана. Хэвлэх үйлдвэрийн газрыг зарчихвал баталгаатай гурван цэцэрлэгийн мөнгө босно. МҮЭХ-ны барилгыг зарвал түүнээс ч олон сургуулийн мөнгө босно. Өдөрт ганц сая төгрөгийн гүйлгээ хийдэг хөрөнгийн бирж байх хэрэгтэй гэж үү. Энэ бол зөвхөн Чингисийн талбайг тойрсон газруудыг тоймлосон хэрэг. Үүнтэй адил хүний өөрийн мэдэгдэхгүй олон барилгууд нийслэлд бий. Саяхан Лениний музейг төрийн өмч болохыг шүүх тогтоосон. МҮЭХ, МЗХ гэх мэт нүсэр хөрөнгөтэй, томоохон талбай эзэмшдэг газрууд бий.

Хэнийх нь тодорхойгүй энэ их хөрөнгийг төрийн эс­вэл хувийн эзэмшилд шилжүүлэх нь хууль эрх зүй, шударга ёсонд нийцнэ. Дээрх барилгуудын ихэнх нь түрээс хэлбэрээр ашиглагдаж байна. Тэр барилгуудаас хэр хэмжээний орлого ордог, хэн яаж зарцуулдаг тухай ямар ч мэдээлэл алга. Үнэн хэрэгтээ тус байгууллагуудыг толгойлж байгаа хэдэн хүний өмч болсон. МҮЭ-ийн соёлын төв, Багшийн, Барилгын хөгжлийн ордон гэх мэт төрийн яамнаас дутахгүй том барилгууд байдаг. Эдгээр барилгууд гаднаас харахад төрийн ба олон нийтийн өмч мэт. Дээрх барилгууд яаж эзэнтэй болсон нь бас сонирхолтой. Жишээлбэл МҮЭХ-ны байр нь коммунизмын үед улсын хөрөнгөөр баригдсан. Тэгвэл өнөөгийн МҮЭХ-нд хэн, яаж шилжүүлсэн гэдэг нь тодорхойгүй. МЗХ-ны барилга ч ялгаагүй яаж одоогийн хэдэн залууст очсон нь маргаантай. Төр улс төрийн ямар нэгэн ашиг хонжоо хайхгүйгээр өдөр бүр гэртээ шатаж, хятад тогоонд шалзарч байгаа хүүхдүүдээ бодвол төсвийн хөрөнгөөр баригдсан бүх барилгыг дуудлага худалдаанд оруулах ёстой.

Нийслэлд иймэрхүү байдлаар хэн нэгэн нь эзэн суусан 200 шахам барилга байдаг хэмээн албан бус эх сурвалжид дурджээ. Хэрэв энэ нь үнэн бол цэцэрлэг сургуулийн асуудлыг нэг мөр шийдэх хөрөнгө бэлэн байна гэсэн үг. Дээр нь алдагдалтай ажиллаж байгаа улсын үйлд­вэрийн барилгуудыг хувь­чилж болно. Улсын нэртэй үйлдвэрүүд гаднаас харахад улсын нэртэй ч, үнэн хэрэг­тээ даргалж байгаа хувь хүмүүсийн л орлого болж байдаг. Энэ нь эдгээр өмчийг нэг харахад олон нийтийн ч юм шиг бас төрийнх ч юм шиг олон өнгөөр хувиран хамелеон нэртэй амьтантай адилхан харагдуулж байна.

Саяхан нийслэлийн удирд­лага Гэрлэх ёслолын ордон, Усан спорт сургалтын төвийг хувьчлах шийдвэр гаргасан. Гэвч дунд гарын хэдэн улстөрчдийн эсэргүүцлээс болж шийдвэрээ цуцалсан. Гэр хороололд ажил хийх боломжгүй хүүхдээ харж байгаа эх, хэдэн км-ийн цаанаас сургуульдаа алхаж ирдэг хүүхдийн эцэг эхээс “Гэрлэх ёслолын ордон, усан бассейн хэрэгтэй юу, сургууль, цэцэрлэг хэрэгтэй юу“ гэж асуусан бол хариулт нь тодорхой. Өнөөдөр 20 минутанд сая төгрөг төлж зургаа авахуулдаг гэрлэх ёслолын ордон, цагт зургаан мянган төгрөг төлж сэлдэг бассейн нийслэлийн хэдэн иргэнд хэрэгтэй вэ. Эдгээр барилгууд хувьд байсан бол нийслэлээс засварын мөнгө нэхэх биш татвар төлөгч болж хувирна. Тэдний олж байгаа их ашиг гээд байгаа мөнгөний хэмжээ нь тухайн барилгуудаас арав дахин бага барилгаас хувийнхан олчихдог мөнгө юм. Өнөөдөр усан бассейныг яаралтай засварлахад гурван тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Энэ мөнгө нийслэлд байхгүй. Хэрэв засвар хийгээгүйгээс болж ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцах нь тодорхойгүй. Манай гэрлэх ёслолын ордон Азид байхгүй том гэсэн ядмагхан сурталчилгаа байдаг. Азийн барууд ядуудаа, эсвэл гэр бүлийг үл хэндэтгэдэгтээ гэрлэх ёслолын ордонгүй байгаа юм биш. Гэр оронтой амьтад гэрлэж байгаа бол гал голомтондоо л ёслолоо үйлдэх ёстой гэж үздэг. Тийм учраас гэрлэх ёслолын ордон барьдаггүй. Томоохон ёслол үйлдэх хэрэгтэй гэж үзвэл гэрлэх ёслолын ордноос гоё хэдэн арван барилга нийслэлд хангалттай бий. Бас шүтдэг шашных нь сүм, хийд бий.

Эндээс харвал хэдхэн албан хаагчийн амин зуулга болсон олон тооны томоохон барилгууд төрийн нэртэй авлигын үүр болоод хэвтэж байна. Барилга угсралт2010 онд хагас тэрбум төгрөг байсан бол 2013 онд хоёр их наяд шахам тэрбум болж өсчээ. Гуравхан жилд дөрөв дахин тэлсэн барилгын зах зээл цаашид ч эрэлт нь нэмэгдэх нь тодорхой. Нийслэлчүүдийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа гэж үзвэл нийт гэр хорооллын 30 хувьд гурван давхар барилга барьчихвал 70 хувь нь чөлөөлөгдөнө. Суларсан талбай дээр шинээр хороолол барих боломж бүрдэнэ. Мэдээж энэ бүхнийг хийхэд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг зөвхөн дээр дурдсан хамелеон барилгуудыг борлуулах замаар босгож болно.

Дээрх жишээ бол төрийн нэрээр хийж байгаа хувийн бизнесийн жижиг хэлбэр. Тэгвэл түүнээс том бизнес байдаг гэнэ. Нийслэлд байр­ла­даг хамгийн том IV цахилгаан станц хувьцаат компани нэртэй. Хувьцааны 41 хувийг ТЭХЯ, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг. Төрийн өмчийг хувьцаалаад төрийн бай­гуулла­гууд нь эзэмшдэг ийм тогтолцоо манайхаас өөр газар байх­гүй. Энэ байгууллага 70 гаруй га талбай бүхий 74 барилга байгууламжтай. Энэ их хөрөнгө хувьд байсан бол цахилгааны үнэ нэмэгдэхгүй. Харин ч буурах магадлал өндөр.

Түшмэдүүд эндээс яаж мөнгө саахаа маш сайн төлөвлөж, зохион байгуулсан байдаг. Эхний ээлжинд тө­рийн нэр зүүнэ. Улмаар сайдын мэдэлд байлгана. Энэ нь аливаа буруу үйл­дэл хийхэд улс төрийн хамгаалалт болно. Улмаар хувьцаат компани болгож аж ахуйн үйл ажиллагааг бие даасан байдлаар явуулах эрх олгоно. Одоо төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ/ өөрийн төлөөллөө чихээд л юу дуртайгаа хийх эрхтэй болно. ТУЗ-ийн гишүүдийн ихэнх нь хувьцаа эзэмшигч байгууллагын түшмэдүүд. Тэдний үүрэг нь хэдэн сая төгрөгийн урамшуулал хүртэж, хэдэн тэрбум төгрөгийн ба­рааг байгууллагадаа шахах. Тэд сайдын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Хэмнэх, гамнах, зах зээлд өрсөлдөх тухай ямар ч ойлголт тэдэнд байхгүй. Гаргасан жаахан цахилгаанаа үнэд оруулахаас өөр чадвар байхгүй. Хэрэв энэ байгууллага нийслэлийн харьяа байсан бол цахилгааны үнэ өсөх нь бүү хэл гуу жалгыг сүвлэсэн том сүлжээ болж, хэрэглэгч олширч, үнэ буурна. Эдгээр цахилгаан станцын хэрэглэгчдийн 70 хувь нь нийслэлчүүд. Үнэ нэмсэн тохиол­долд хэрэглэгчид маргааш нь л нийслэлийн Засаг даргыг огцруулна. Харин цахилгаан станцын даргыг томилсон сайдыг бол сөрөг хүчин ч огцруулж чадахгүй.

Энэ гаж тогтолцоо арай өөр хэлбэрээр хэрэгждэг олон жишээ байдаг. Сүүлийн жилүүдэд аль нэг сургууль, эмнэлгийн даргыг өөрчлөх нь сайдыг огцруулахаас хэцүү болсон. Эмч, багш, нар дарга, захирлаа томилох гэж улайрна. Зөвхөн ажлаа хийгээд, цалингаа аваад явж байдаг бол тэдэнд дарга нь хэн байх нь хамаагүй баймаар. Гэтэл дарга хэн байхаас шалтгаалж орлого ялгаатай учраас л тэд дарга хэн байхад санаа тавьдаг. Сайд нь ганц эмнэлгийн даргыг шийдэж байсан тохиолдол цөөнгүй гарсан. Энэ нь төрийн нэртэй эмнэлэг, сургууль хэдэн багш, эмч нарын өмч болсон мэт харагдана. Нэр нь бол төрийнх, нидэр дээрээ тэнд ажиллаж байгаа хэдэн хүний өмч болсны хамгийн тод жишээ энэ юм.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Женнифер Лопес Монголд ирэх үү?

Долоо хоногийн эхээр “Женнифер Лопес Монголд ирж наадмын нээлтэд дуулна. Түүнд нэг сая ам.доллар өгөхөөр болжээ” гэх мэдээлэл нэлээн хүчтэй газар авлаа. Бүр хэдэн өдөр дамнуулан ярьж цахим ертөнцөөр шуугиан тарьж байна. Бүгд л эдийн засаг хүндхэн байхад гадны дуучинд бидний татварын мөнгөнөөс өгөх гэлээ хэмээн зүхэцгээх юм. Яг үнэндээ Женнифер Лопест сая ам.доллар өгөөд аваад ирдэг бол түүн шиг сайхан зүйл алга. Хоёр тэрбум хүрэхгүй төгрөгөөр дэлхийн хөгжмийн ертөнцөд домог болж үлдэх дуучныг аваад ирвэл ямар эерэг үр дүн гарах бол.

Жэй Ло 2012 онд “Dance again” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтоо хийж байлаа. Ази дахь тоглолт нь арваннэгдүгээр сарын 24-нд Шанхай хотноо болсон юм. Тэр тоглолтыг үзэхээр Монголоос олон хүн явсны нэг нь би. Шанхай явахаар долоо хоногийн өмнө онгоцны тасалбар захиалахад суудал олдохгүй сандарч байлаа. Монголоос тэгж олон хүн явсан хэрэг. Хилийн цаана болж байгаа болохоор Шанхай хотыг давхар үзнэ гэж төлөвлөөд явсан. Гурав хоногийн өмнө очоод зочид буудалд байрлан хотоор өдөржин зугаалж байлаа. Энэ нь эргээд л Шанхай хотод хөрөнгө оруулж байгаа хэрэг. Шанхайд болсон тоглолт тэндхийн “Мерседес Бенз арена”-д болж байв. Уг цэнгэлдэх хүрээлэн 18 мянган хүний суудалтай. Тасалбар нь суудлынхаа зэрэглэлээс хамаараад 60-350 ам.долларын үнэтэй байсан. Тасалбараа цахимаар борлуулсан болохоор хэдхэн хоногийн дотор дуусаж байлаа. Харин тоглолт болохоос гурав, дөрвөн цагийн өмнө шагийн наймаачид 150 ам.долларын тасалбарыг хоёр нугалсан үнээр зарж байсан юм даа. Хамгийн гол нь түүний тоглолтыг Хятадууд голдуу үзэх байх гэсэн таамаглал минь тоглолтын танхимд ороод л замхарсан. Жэй Лог үзэхээр Монгол, Энэтхэг, Орос, Солонгос, Япон, Тайвань, Сингапураас олон мянган хүн Шанхайд иржээ. Тэд бүгдээрээ Жэй Логийн тоглолтыг үзэх гэж ирсэн ч гэлээ нэгэнт ирснийх гээд Шанхай хотоор зугаалах нь гарцаагүй. Нэг хүн дор хаяж гурав хоноод буцна гэхээр хэчнээн юань үлдээгээд гарах вэ гэдгийг тооцоод үзчихээрэй. Бас 18 мянган хүний талаас илүү нь гаднаас очсон гэхээр тэр хэрээр Хятадын агаарын тээврийнхэнд орлого оруулсан байж таарах нь. Харин манайд ирээд, бид зөв менежментээр ажиллаж чадвал тэр горойгоод байгаа сая ам.доллараас хэд дахин илүүг Монголд “өгчихөөд” яваад өгөх боломж бий. Дээрээс нь Монголыг дэлхий даяар сурталчлах бас нэг сайхан боломж гарч ирэх юм.

Харин түүнийг урьсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч байсан өөрийнх нь албан ёсны цахим хуудсанд зургаа, долдугаар сард тэр чигтээ АНУ-ын Лас Вегас хотноо тоглолттой байх юм билээ.

Женнифер Лопес бол өнөөгийн дэлхийн хөгжмийн ертөнцөд дэндүү хол тасарчихсан карьертай дуучин. Тайзан дээр олон жил дуулж байгаа ч гэлээ түүнээс уйдаж байгаа хүн алга. Зургаан жилийн өмнө түүнийг 40 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэж байхад нь “Жэй Ло-гийн үе ингээд дууслаа даа” хэмээн шуугиж байлаа. Гэтэл тун удалгүй Пит Бүллтэй хамтран “On the floor” дуугаа гаргасан. Түүний шинэ уран бүтээлийг “Youtube” зэрэг хөгжмийн сайтуудаар 60 сая хүн үзсэн байдаг гэж “Wikipedia” дээр бичжээ. Түүний араас “I’m into you”, “Dance again” дуунуудаа гаргаж дэлхий нийтийг бишрүүлсэн юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг уран бүтээлээрээ байнга харуулж байдаг түүнийг үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон гэж хэлж боломгүй. Өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр л гэхэд түүнийг урьж дуулуулсан. Тэгэхээр Жэй Ло Монголд ирж дуулбал дэлхийн, тэр дундаа залуучуудын анхаарал Монгол руу хандах биз ээ.

Тэрээр Грэммигийн хоёр, Латин Грэммигийн хоёр, “American music awards” наадмын гурван удаагийн шилдгээр шалгарч байсан юм. Дуучин бүсгүйн “J.Lo” цомог дэлхий даяар 12 сая хувь борлогдон амжилт тогтоож байсан удаатай.

С.АЛТАН

Categories
мэдээ нийгэм

Түймэрт өртсөн иргэдэд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид хандивын гараа сунгажэээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын III дугаар багийн нутаг Дарамын шанд, Сүхбаатар сумын төвд ой хээрийн түймэр гарсан.

Түймрийн улмаас нутгийн 70 гаруй хувь нь түймэрт өртөж 25 өрхөд хохирол амсч нутгийн зон олон хүнд хэцүү байдалд орсон билээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид
Сүхбаатар сумын иргэдэд туслах хандивын аян зохион байгуулж нэг өдрийн
цалин болох 1.500.000 төгрөгийг хандивын гараа сунгалаа.

Гамшигт өртсөн айл, өрх, ард иргэдэд туслахыг сайхан сэтгэлт Элэг нэгт Монгол түмэндээ уриалж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш кино урлагийн шилдгүүдийг тодруулна

Нөр их хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ шингээн байж хийдэг урлагийн
бүтээл бол яах аргагүй кино юм. Үзэгч биднийг инээлгэж, уурлуулж,
уйлуулж, сэтгэлийн их таашаал өгдөг кино хэмээх энэ нүсэр ажлыг
найруулагч, продюсер, жүжигчин, зураач, зураглаач, дууны найруулагч,
нүүр хувиргагч гээд олон хүн нэгдэж хийдэг билээ.

Дуугүй, жүжигчингүй, дүрсгүй, найруулгагүй кино гэж байдаггүйтэй адил нэг ч хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байж болохгүй юм.

Тэгвэл жил бүр Монголын кино урлагийн академиас эдгээр чадварлаг уран бүтээлчдийн дундаас 18 номинацид шилдгийг тодруулах “Academy awards-2015” наадам маргааш болох гэж байна.

Наадам шинээр нээгдсэн Шангри-Ла зочид буудалд зургаадугаар сарын 7-ны өдөр 17.30 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Гурван найз яасан байх нь уу” кино 283 сая төгрөгийн ашиг олжээ

Таван сарын байдлаар кино театруудад нийт долоон Монгол кино гарч үзэгчдийн хүртээл болжээ. Үүнээс өнгөрсөн дөрөвдүгээр 8-ны өдөр нээлтээ хийсэн “Гурван найз яасан байх нь уу?” кино 283 сая 729 мянга 500 төгрөгийн ашиг орлого олж, орлогоороо тэргүүллээ.

ШӨХТГ-аас энэ
жилээс эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг сар бүр хүргэж
байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг
орлогоо цэвэр шударгаар төлөх, чанартай уран бүтээлийн тоо өсөх, кино
театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал
арилсан гэж үзэж байна.

Ингээд Мollywood Box Office-ийн жагсаалтыг танилцуулъя.

Categories
мэдээ нийгэм

Орчин үеийн бүжгийн фестиваль болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын соёлыг сурталчилах, орчин еийн чөлөөт бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, чөлөөт бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилгоор “Юбидэнс фестиваль”-ийг энэ сарын 27-ны 18.00 цагаас Чингисийн талбай дээр зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд орчин
үеийн чөлөөт бүжгийн төрөл болох рэп бүжиг, хип хоп бүжиг, брэк бүжиг,
гудамжны бүжиг, электро бүжгийн төрлүүдээр бүх насны бүжгийн хамтлагууд
оролцож болох аж. Тэмцээний урьдчилсан шалгаруулалт 6энэ сарын 20-ны
өдрийн 10.00 цагт Баянзүрх дүүргийн соёлын ордонд эхэлнэ.

Урьдчилсан шалгаруулалтаас 2-20 хүний бүрэлдэхүүнтэй нийт 20 баг фестивальд оролцох эрхтэй болно.

фестивалийн үеэр

  • Монголын орчин үеийн чөлөөт бүжгийн бүх урсгал, бүжгийн бүх хамтлагууд нэг тайзнаа халз тулаан
  • Шилдэг бүжигчидийн нэгийн эсрэг нэг бүжгийн тулаан
  • Олон нийтийг хамарсан Флаш моб бүжиг
  • Чөлөөт бүжгийн фото зургийн түүхийг харуулсан майхан ажиллана
  • Бүжгийн сургуулиудын танилцуулга
  • Хамтлаг дуучид, ДЖ тоглолт
  • Хөгжөөнт тоглоом зохиогдоно
  • Экстрим холбооны үзүүлэх тоглолт болно.
Categories
мэдээ

Автобусанд зорчиж явсан өндөр настан амьсгал хураажээ

Өнөөдөр өглөө Сутайн буянт компанийн Өнөр хороолол-Халдварт чиглэлийн автобусанд хүн ас баржээ. Зорчигчдын хэлж байгаагаар тухайн хүн автобусанд суугаад удаагүй байхдаа гэнэт атаж унасан байна. Энэ талаар Сутайн буянт компанийн менежер Ц.Мөнхжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны зогсоолоос 83 настай
хүн сууж, автобус хөдөлж амжаагүй байхад ухаан алдсан. Жолооч кондуктор
тэр даруй түргэн тусламж дуудаж, анхны тусламж үзүүлсэн ч тухайн нас
барсан байсан гэсэн” мэдээллийг өгөв.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол Солонгос оддын хамтарсан тоглолт болно

Солонгосын ЭСЯ-аас БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Солонгос-Монголын найрамдлын сар”
аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд “La Traviata” дуурь
солонгос найруулагчийн найруулснаар тайзнаа амилсан болон өнгөрөгч сарын
29-31-ны өдрүүдэд Тэнгис кино театрт “Солонгосын кино өдөрлөг” зохион
байгуулагдсан. Мөн нэрт кино найруулагч Юн Жэ Гюнь найруулагчийн
“Эцэгтээ зориулсан шүлэг” кино Тэнгис кино театрын дэлгэцнээ үнэ
төлбөргүйгээр гарсан билээ. Уг үйл ажиллагаатай холбогдуулан энэ ням
гаригт Солонгосын ЭСЯ-аас солонгос хоол хийх үзүүлбэр болон үзэсгэлэн
худалдааг зохион байгуулах аж. Үзэсгэлэн худалдаанаас олсон ашиг буяны
үйлсэд зориулагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.
Үүнээс гадна өнөөдөр Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тогтолт
болно.