“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одын ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр “Улаанбаатар марафон-2015” олон улсын тэмцээнд түрүүлээд зогсохгүй олимпийн өмнөх ДАШТ-нд оролцох ажээ. Тун хариуцлагатай энэ тэмцээнд оролцохын тулд гавьяат тамирчин маань арлын Япон оронд бэлтгэл базаахаар өнөө маргаашгүй мордохоор гэж байна. Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тэмцээн уралдаанд оролцохдоо хэрхэн бэлтгэлээ базаадаг хийгээд хувийн амьдралынхаа тухай ч элэн далангүй хөөрөлдсөн байна лээ.
Month: June 2015
“Welcome to Mongolia” наадмын продюсерээр ажиллах Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмыг эх орондоо зохион байгуулах ажлын бэлтгэлдээ ороод байна. Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох “Welcome to Mongolia” наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид урилгаар оролцох юм байна. Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авьяасаараа номер нэгд тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэнэ. Мөн олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.
Монгол улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаалж байгаа ба үнэ 30 000 төгрөгөөс эхэлж байгаа юм байна. МУГЖ Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсыг зорихоор төлөвлөжээ.
“Өндөр ээж” киноны ичимхий эмч бүсгүйн дүрээр олонд танигдсан ахмад жүжигчин А.Цэгмэд “Марко Поло” кинонд тоглохоор болжээ. Тэрбээр өчигдөр болсон “Mongolian Academy awards” наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн юм. Шагнал авах үеэрээ тэрбээр “Та бүхэнд нэг баяртай мэдээ дуулгахад гуравхан хоногийн өмнө Холливудын “Марко Поло” кинонд тэнцсэн гэсэн мэдээ ирлээ. Хэдхэн хоногийн дараа би та бүхнийгээ орхиод олон хоногоор тэр кинонд дэм болохоор явах нь ээ. Баярлалаа та бүхэндээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Ийнхүү тэрбээр энэ сарын 20-доор Холливудыг зорих аж.
Хэсэг хугацаанд алсын Америк оронд амьдарч байсан дуучин Э.Минжинсор “Эх орондоо бүр ирлээ” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөнөөс хойш нам жим амьдарч байсан. Тэрбээр өчигдөр болсон “Mongolian Academy Awards” наадмын улаан хивснээ алхаж харагдлаа. Түүнээс гадна хамтлагийн гишүүн Э.Номин-Эрдэнэ ч ирсэн байв. Дуучин Минжээ, Номин хоёрын хувьд хамтлаг нь тарсан ч сайн найзуудаараа үлдсэн гэдэг юм билээ. Тиймдээ ч хамтдаа киночдын шилдгийг тодруулах ёслолд ирсэн нь энэ аж. Ийнхүү олон жилийн дараа томоохон үйл ажиллагаанд ирсэн Э.Минжинсорыг харсан хүмүүс “Минжинсор энд ирчихэж” гэж ихэд сонжиж байсан шүү.
1990 ээд оны охид хөвгүүд, залуучуудыг байлдан дагуулж явсан “Backstreet boys” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа гэнэ.
Энэ завшааныг нь “Evento” компани ашиглан Монгол улсад тоглолтоо хийх урилгаа илгээсэн нь амжилттай болж, зургаадугаар сарын 15, 16-ны өдөр ирнэ гэж мэдэгдлээ. Сонирхуулахад, “Evento” компаний хамт олон хоёр жилийн өмнө дэлхийн алдарт “Blue” хамтлагийг авчирч байсан юм.
Энэ жилийн автозамын бүтээн
байгуулалтаар олон жилийн насжилттай, эвдрэл гэмтэл ихтэй зуслангийн
замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу
нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвар-Шарга
морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км авто замын өргөтгөл
шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх гэж байна. Дамбадаржаагийн уулзвараас
Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замыг 1982-1985 онд барьж,
ашиглалтад оруулсан бөгөөд ашиглалтад орсноос хойш өнөөдрийн хүртэл
урсгал засвар болон шинэчлэлтийн ажил огт хийгээгүй байна.
Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсгийн
авто замын хөдөлгөөнийг 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 08-ний
өдрийг хүртэл хааж хиймэл байгууламжийн ажил хийнэ. Тиймээс хотын төвөөс
хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ
голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу. Зам
хаасан бүсийн иргэдэд түр зам ашиглаж бага оврын нийтийн тээврийн
автобусаар үйлчилнэ. Энэ үеэр иргэд аль болох хувийн тээврийн
хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Хөдөө
орон нутагруу хот хоорондын зорчигч тээврийн автобусаар зорчих иргэд
одооноос тасалбар бичүүлэхдээ заавал Драгон төвд очилгүйгээр онлайнаар
бичүүлэх боломжтой боллоо.
Тодруулбал
тус төвөөс иргэдийн цаг, завыг хэмнэж тэдэнд хот хоорондын зорчигч
тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор энэ сарын 7-ны
өдрөөс эхлэн автобусны тасалбарын захиалгыг онлайнаар авч эхэлжээ.
Зорчигч тээврийн автобус үйлчилдэг бүх аймгийн иргэд онлайнаар тасалбар захиалахдаа Автотээврийн үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж, явах өдөр болон суудлаа сонгон, захиалгаа идэвхжүүлэх юм байна.
Онлайн захиалгад хөдөө орон нутгаас гадна Улаан Үд, Бээжингийн автобусны маршрут бүхий хотуудыг ч хамруулсан байна.
Ирэх
онд манай улсад АСЕМ-ын чуулга уулзалт болно. Энэ хүрээнд нийслэлийн
тохижилтын ажлуудыг цогцоор нь хийж эхлэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
Яармагийн зам дагуу зүлэгжүүлж, 400 ширхэг мод тарина. Мөн нийслэлийн
найман гудамжинд цогц тохижилт хийхээр болсон байна.
Түүнчлэн
“Явган хүний зам, дугуйн зам, нийтийн эзэмшлийн талбайд тусгай тэмдэг, тэмдэглэгээг хийнэ” гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Оджаргал хэллээ. Үүний зэрэгцээ нийслэлийн 20 гаруй хөшөө дурсгал болон усан оргилуурыг сэргээн засварлах ажлуудыг хийж байна.
Тахарын ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Шүүхийн хэмжээнд 2014 онд нийт 1488 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 407 буюу 3.6 хувь нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд их байдаг.
Гэрч хохирогчийг хамгаалах 1-р тасгийн дарга Б.Жанчивдорж “Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид манай албанд ихээр хандаж байгаа. Хамгийн гол нь иргэд гэрч хохирогчийг хамгаалах талаар болон манай албаны талаар мэдээлэл муу байгаа. Хохирогчдын хувьд аюултай нөхцөл байдалд байгаа ч аль болох ажил төрөл, сургууль, хичээлдээ явахыг илүүд үздэг. Ажлынхан, ангийн хүүхдүүд маань хүчирхийлэлд өртдөг гэдгийг яагаад мэдэх ёстой юм гэдэг үүднээс ханддаг учраас хүсэлтийг нь зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг” гэдгийг онцолсон юм.
Хамгийн чухал асуудал гэвэл гэрч, хохирогчдыг өндөр түвшинд хамгаалдаг болжээ.
Тахарын ерөнхий газарт гэрч, хохирогчдын хамгаалах хяналтын өрөө байрладаг юм байна.
Гэрч, хохирогчдод тусгай дохиолол бүхий
бугуйвч зүүлгэж GPS-ийн тусламжтайгаар дэлгэцээр хаана явж байгаа
аюулгүй байгаа эсэхийг нь хянадаг юм байна.
Хэрвээ
тухайн хүнд халдах эсвэл аюул тохиолдлоо гэхэд “SOS” гэсэн дохиолол
дэлгэцэнд гарч дохиолол дуугарч, цагдаагийн албан хаагчдын гар утсанд
давхар мессеж, дуудлага ирдэг.
Гэрч, хохирогч нарт зүүлгэх бугуйвч
Зөвхөн
гэрч, хохирогч гэлтгүй заналхийлагч этгээдэд ч энэхүү төхөөрөмжийг
зүүлгэдэг байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн байлаа гэхэд ямар
төрлийн хамгаалалт авахаа албан ёсоор өргөдлөөр өгдөг байна.
2015.06.08 Бугуйвч зүүсэн гэрч, хохирогчид
Жишээ
нь ажил, гэр, сургуулийн ойролцоо хэдий хэмжээнд ойртуулахгүй байх, гар
утсаар заналхийлэх, мессеж бичүүлэхгүй байх гээд тодорхой үйлдлийг
хязгаарлах боломжтой аж. Хэрвээ хохирогчдын заасан газарт дөхөж очсон
тохиолдолд мөн л дохиолол дуугарч цагдаагийн албан хаагчид арга хэмжээ
авах боломжтой.
Гэрч, хохирогчийг аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний төрөл:
- Урьдчилан сануулах
- Тодорхой үйлдлийг хязгаарлах
- Биечилсэн хамгаалалт
- Мэдээллийн нууцлалыг хангах
- Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон харилцаа холбооны хэрэгслээр хангах
- Аюулгүй газар түр байрлуулах
- Нүүлгэн шилжүүлэх
- Гадаад төрхийг өөрчлөх
Хамгаалалтын хэлбэрүүдээс шүүгчийн шийдвэрээр гадаад төрхийг өөрчлөх, нүүлгэн шилжүүлэх хамгаалалтыг авдаг байна.
Зайлшгүй
шаардлагатай тохиолдолд мэс заслын аргаар нүүрэнд өөрчлөлт оруулах,
хиймэл үс зүүлгэх, жирэмсэн хувцас өмсгөх зэрэг арга хэмжээ авдаг талаар
танилцуулсан юм.
2014 онд 33 гэрч,
хохирогчийг хамгаалан ажилласны дотор шүүгч гурав, хохирогч 19,
хамаарал бүхий этгээд 11 багтжээ. Шүүж буй хэргийнхээ төлөө заналхийлэлд
өртсөн тул гурван шүүгчийг хамгаалалтад авчээ.
Үүнээс
гадна гэрч, хохирогчийн өрөөг камераар 24 цагаар хянадаг тул айх
аюулгүй гэдэг нь харагдаж байлаа. Хэрвээ өөрөө зөвшөөрсөн тохиолдолд
гэртээ камер суулгах боломжтой гэдгийг Б.Жанчивдорж дарга хэлсэн юм.
Хамгийн гол эрүүгийн хэрэг үүсгэсэн гэмт хэргийг тохиолдлуудад энэхүү
арга хэмжээ авах боломжтой гэдгийг сануулж хэлсэн юм.
МХЕГ-ын Газрын дарга Ш.Раднаасэд, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр МХЕГ-ын газрын дарга Ш.Раднаасэд “Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид алт олборлогч, аж ахуйн нэгжийг дэмжин ажиллана. Гэхдээ хүний амь насанд халтай, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулсан тохиолдолд хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна. Харин бусад тохиолдолд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлмээр байна” гэв.