Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг В.Путинтай уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 18-19-нд ОХУ-ын
Санкт-Петербург хотноо болох Петербургийн олон улсын эдийн засгийн
чуулга уулзалтад оролцоно. Энэ үеэр Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч
В.В.Путинтэй уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим
асуудлаар санал солилцохоор төлөвлөж буй аж.

Мөн чуулганаар хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцах юм байна.

Categories
мэдээ спорт

Сумын цолтнуудын хаалтын барилдаан боллоо

МҮБӨ-нд
сар бүр болдог сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн энэ сарын
барилдаан уржигдар боллоо. Энэ жилийн хаалтын барилдаанд сумын заан
Н.Ширчинхүү, Э.Ариунбуян, Ж.Бямбадоньд, Б.Мөнх-Өрнөх, Э.Даваажаргал,
Х.Жанболат, Л.Энхсаруул, Н.Даваадорж, Г.Цэнддорж, Я.Бумбаяр,
О.Бат-Эрдэнэ, Э.Совджамц, С.Оргилбаатар, Т.Дүгэрдорж, Б.Содхүү,
Г.Шинэзориг нараар магнайлуулсан 360 бөх зодоглож уран мэх авхаалж
самбаагаа сорин барилдсанаас Баянхонгор аймгийн Заг сумын харьяат сумын
заан Д.Цэрэнтогтох түрүүлсэн юм. Тэрээр маргааш нь болсон Бүх цэргийн
наадамд шөвгөрч цэргийн начин цол хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпод бэлтгэх ажлын хэсэг хуралдав

“Рио-2016” олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан ЭМСЯ-нд
болов. Хуралдааныг ажлын хэсгийн дарга, ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатар
удирдан, хуралд МҮОХ, Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир,
спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Биеийн тамир, спортын
хөгжлийн төв, Монголын паралимпийн хорооны гишүүд оролцжээ. Хуралдаанаар
“Рио-2016” олимпийн ба паралимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн ба
олимпийн наадамд бэлтгэх стратеги төлөвлөгөө, “Олимп хөгжил” сан,
үндэсний шигшээ багийн асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна.

“Рио-2016” олимпод оролцон Монголын баг тамирчид Япон улсад бэлтгэл сургуулилтаа базаахаар болсон билээ.

Categories
мэдээ улс-төр

Ш.Хаан: Би дийлэнх олонхийн санал авсан ч санал хураалт дахиж явагдахаар боллоо

Налайх хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч Ш.Хаантай ярилцлаа.

-Налайх дүүрэгт Налайх хот байгуулахыг дүүргийн иргэд дэмжсэн. Тэр утгаараа захирагчийн сонгууль ням гаригт боллоо. Сонгуулийг та хэр шударга болсон гэж үзэж байгаа вэ?

-Юуны өмнө миний төлөө саналаа өгсөн налайхчууддаа баярласнаа илэрхийлье. Ер нь УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн гээд бүх шатны сонгуульд санал хураалтын ирц буурсаар байгаа нь үнэн юм. Хэдийгээр би дийлэнх олонхийн санал авсан ч санал хураалт дахиж явагдахаар боллоо, хуулийн заалт нь ийм байлаа. Нийт санал хураалтад оролцогчдын 30.8 хувь нь надад саналаа өгсөн. Энэ нь удаах нэр дэвшигчээсээ мянга гурван зуу орчим санал илүү авсан хэрэг. Би баяртай байгаа.

-Хот байгуулалтын тухай хуулиараа нэр дэвшигч Ц.Минжинхүү, та хоёрын дунд дахин санал хураалт явуулахаар болсныг та хэрхэн харж байна вэ?

-Сонгуульд өрсөлдөх, дахин санал хураалтад оролцоно гэдэг мэдээж амаргүй. Бид Налайхын ирээдүйн хөгжлийн дүр зургийг мөрийн хөтөлбөртөө суулгаж өрсөлдөж байгаа хоёр. Налайхчуудын маань өгсөн санал надад итгэл, урам зориг өгсөн. Дахиж өрсөлдөөд гараад ирнэ. Налайх бол миний өсч өндийсөн, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа төрсөн нутаг минь. Налайхыг тав тухтай, амар амгалан, ажил орлоготой, амьдрал тэгширсэн хот болгох нь миний мөрөөдөл.

-Ер нь Налайх хотын захирагч болбол ямар зүйлсийг шийдвэрлэнэ гэж бодож байгаа вэ?

-Налайх бол уурхайгаа түшиглэж байгуулагдсан газар. Өнөөдөр ч, цаашид ч бидэнд байгаа боломж бол нүүрсний уурхайгаа ашиглаж эдийн засгийн сууриа бий болгох асуудал байгаа юм. Хөндөгдөөгүй 50-60 сая тоннын нөөц бүхий нүүрс Налайхын хөрсөн доор бий. Уурхайн инженер хүний хувьд сайн хөрөнгө оруулагч сонгож тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, уурхайгаа ашиглаж эхлэх ёстой гэж үзэж байна. Жилдээ сая тонн олборлоод байхад Налайхчууд хангалттай ажил орлоготой, амьдралтай болно. Налайх бол нүүрсээ борлуулах бэлэн зах зээлд маш ойр, автозам, төмөр замын сүлжээнд холбогдсон, хамгийн гол нь айл бүрээс уурхайчид гараад ирэх хүний нөөц хангалттай бүрдсэн газар. Бид хотынхоо эдийн засгийн тулгуурыг олсон байхад бусад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх боломжтой. Хүүхдүүддээ сайн сургуульд сургана, эмч нартаа сайхан эмнэлэг байгуулж өгнө, ахмадуудаа амралт сувиллыг нь байгуулаад өгчихнө. Цалин орлоготой газар шинэ хорооллууд аяндаа босч, банк санхүүгийн зах зээл аандаа бий болдог жамтай.

-Налайх хотын захирагч болсон ч эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдэл нь дүүргийн Засаг даргад байдаг гэсэн яриа гарч байгаа. Хотын захирагч болсноор яг ямар боломж байгаа вэ?

-Хуулинд засаг дарга, хотын захирагчийн эрх мэдэл, хэм хэмжээг тусгаад өгсөн байгаа. Хуулийн хүрээнд л ажиллах учиртай. Налайхыг хот шиг хот болгохын төлөө хамт ажиллах бүх хүмүүстэй ойлголцож, хамтраад явах ёстой.

-Заавал энэ жил сонгууль явуулж байхаар 2016 оны сонгуультай хамт явуулах боломж байгаагүй юм болов уу. Дахин санал хураалт явуулна гээд бас л улсаас зардал гарах нь?

-Налайхын захирагчийн сонгууль бол НИТХ-ын шийдвэр, 1994 оны хуулиар явагдаж байгаа сонгууль. Багануур, Багахангай гээд дагуул хотуудын захирагчийг сонгох сонгууль Налайхын араас гарч ирнэ. Бодох, шийдэх, сургамж авах зүйлс байна.

Хэн ч хийхгүй, юуг ч оролдохгүй бол дахиж дэвших тухай яриа байдаггүйтэй адил дагуул хотын анхны захирагчийн сонгууль ингээд явагдаж байгаа зөв цаг үе юм. УИХ-ын сонгуультай дагуул хотын захирагчийн сонгуулийг хутгаж болохгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Барилгын осол ихээр гарч байгааг сэрэмжлүүллээ

Урин дулааны улирал хэдийнээ эхлэж, барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллагаагүйгээс иргэн гэмтсэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм.

Баянгол
дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт “Хүний толгой
дээр төмөр уналаа” гэсэн мэдээлэл ирсний дагуу шалгахад, барилгын ажил
гүйцэтгэж байсан иргэн Н-ийн дээрээс 3 метрийн урттай төмөр труба унаж
гэмтээжээ. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нутаг дэвсгэрт
“Өндрөөс унасан хүн ирлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад
ирснийг шалгахад барилгын пасадны ажил хийж байсан иргэн М унаж гэмтэж
эмчлүүлж байна. Мөн “Баянзүрх захын урд талын барилга дээрээс унаж
гэмтсэн байна” гэсэн мэдээллийг шалгахад барилгын туслах ажилтан иргэн Э
3-р давхарын шатан дээр хий гишгэж унаж гэмтснийг Баянзүрх дүүргийн
цагдаагийн гуравдугаар хэлтэст тус тус шалгаж байгаа юм.

Иймээс иргэд та бүхэн барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн
байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж,
дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас ӨНӨӨДРИЙН
СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ээрээ онцлож байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Сэрээнэндоржид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өчигдөр /VI.15/ орой Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Г.Сэрээнэндоржийг цагдан хорьсон тухай хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр өмнө нь УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

АТГ-ын зүгээс түүнийг УБТЗ-ын даргын үүргийн гүйцэтгэгчээр ажиллаж
байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгаж, эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн гэх мэдээллийг өгч байна.

Categories
мэдээ нийгэм

Малайзад монгол эмэгтэйг дөрвөн удаа бууджээ

Малайзын Селангор мужийн Бандар-Утама дүүрэгт өчигдөр /VI.15/ орой үл
таних этгээдүүд монгол эмэгтэйг олон удаа буудаж, маш хүнд шархдуулжээ.

Хохирогч эмэгтэй “Toyota Land Cruiser” автомашин болон нэг эрэгтэйн
дунд зогсож байсан бөгөөд тэдний хажуугаар мотоциклтой өнгөрсөн хоёр
эрэгтэй гал нээсэн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр мотоциклтой эрэгтэйчүүдийн нэг нь найман сум
буудсаны дөрөв нь эмэгтэйг оносон бөгөөд сэжигтнүүд тэр даруй хэргийн
газраас зугтжээ.

Хохирогч эмэгтэйтэй хамт явж байсан хүн гэмтээгүй бөгөөд тэрбээр яаралтай цагдаа дуудсан аж.

Хохирогчийг нэн даруй “KPJ Damansara” эмнэлэгт хүргэсэн ч тэндээс нь
Малайзын их сургуулийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн байна. Одоогоор
түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар эх сурвалжийн мэдээнд
дурьджээ.


Гадаад хэргийн яамнаас энэ талаар тодруулахад, “Малайз дахь Элчин
сайдын яамтай холбогдож, хэргийг тодруулж байна. Одоогоор ямар нэгэн
хариу ирээгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт түүхийн хичээлээр эхэлнэ

Боловсролын үнэл­­­­­­гээ­ний төвийн Хэв­лэлийн мэдээлэл ха­риуц­сан мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс Элсэлтийн ерөнхий шалгалт тойрсон асуудлаар тодрууллаа.

-ЭЕШ эхлэх бэлтгэл хан­гагдсан уу?

-Элсэлтийн ерөнхий шал­галт зургадугаар сарын 18-нд 10 цагаас Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Шал­галтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

-Хэдэн хүүхэд хамрагдах вэ?

-20460 гаруй шалгуулагч ЭЕШ өгөхөөр монгол хэл бич­гийн шалгалтдаа тэнцээд байна.

-Шалгалтын байруудхаана байрлаж байгаа вэ?

-Энэ онд төгссөн шал­гуу­лагч төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын бай­ранд шалгалт өгнө.Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сон­госон аймаг, (хот)-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Шалгуулагч шалгалтын бай­ранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хуга­цаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.Шал­галтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглодог. Баян­зүрх дүүргийн шалгалтын байр Баянзүрх дүүргийн VIII хороо, Хилчний гудамжинд байрладагХууль сахиулахын их сургуулийн байр, Чингэлтэй дүү­рэгт болКёкүшюу цам­х­гийн баруун урд талд байр­ладаг Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сур­гуульд, Баянзүрх дүүргийн шалгалтын байр Батлан хам­гаалахын их сургуульд байрлаж байна. Сүхбаатар дүүргийн шалгалтын байр Гандангийн буудлын хойно байрлах МҮИС, Хан-Уул дүүрэгт Хөдөө аж ахуйн сургуулийн байр, Баянгол дүүргийн шалгалтын байр МУИС-ийн хоёрдугаар байр, Сонгинохайрхан дүүргийн шалгалтын байр СХД-ийн 27 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд байр­ладаг Чингэс Соосэгийн бай­ранд байна. Харин өмнөх оны төгсөгчид Сүхбаатар дүүрэгт байрлах МУБИС-ийн байр, МУИС-ийн VIIбайр,Газарзүй геологийн сургууль, ШУТИС-ийн хоёрдугаар байранд шал­галтаа өгнө.

-Шалгуулагчид ямар бичиг баримт бүрдүүлж ирэх вэ?

-Журамд зааснаар бол:

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах ма­териалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

Бүртгэлийн хуудас

Энэ онд ЕБС төгсч бай­гаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг, дүүргийн ЭЕШ хариуцсан ажилт­наар гарын үсэг зуруулж,там­га тэмдэг даруулж батал­гаажуулсан байх

Суудлын хуваарь.(Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг www.eec.mnсайтаас өөрийн бүрт­гэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэн авна).

Бүрэн дунд бо­ловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

Цахим үнэмлэх авах на­санд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

ЭЕШ-д орох эрхийн бичиг (2015 оны тавдугаар сарын 25-наас монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, 400-гаас дээш оноо авсан энэ жил ЕБС төгссөншалгуулагчид тухайн сургуулийн сургалтын менежерээр дамжуулж ЭЕШ-тад орох эрхийн бичиг авна. Харин 2015 оноос өмнө төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид тухайн шалгалт өгсөн орон нутгийнхаа БҮТ-ийн ЭЕШ хариуцсанмэргэжилтнээс авах бол Улаанбаатар хотод шалгалт өгсөн шалгуулагчид БҮТ-өөс эрхийн бичгээ авна)

Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсныг гэрчлэх бичиг зэргийг авчирна.

Шалгалтын хуваарь

06 дугаар сарын 18

10:00-11:20 Монгол

улсын түүх

13:00-14:40 Хими

16:00-17:20 Англи хэл

06 дугаар сарын 20

08:30-09:50 Газарзүй

11:30-13:10 Математик

14:30-15:50 Биологи

17:00-18:20 Монгол хэл

06 дугаар сарын 21

08:00-09:40 Физик

11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40 Орос хэл

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ цаг-үе

П.Цогтбаатар: Монгол наадам бол монголчуудын бахархал

Морь барианы газар

“Монгол наадам цогцолбор” ОНӨУҮГ-ын захирал П.Цогтбаатар Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. 2013 оны есдүгээр сараас тус албыг хашиж байна.

-Танай байгууллага ямар зорилгоор байгуулагдсан бэ?

-НИТХ-аар 2013 оны есдүгээр сард “Монгол наадам цогцолбор байгуулах тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд Монгол төрийн наадмаа зохион байгуулах байгууламжийг “Хүй долоон худаг”-т цогцолбороор барихаар шийдвэрлэсэн. Улс, нийслэл, хувийн хэвшлийн хөрөнгөөр томоохон цогцолбор барьж, монголчууд тэндээ наадмаа бүх төрлөөр тэмдэглэдэг болох зорилготой.

-Өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн дэнж дээр нааддаг байсан. Энэ цогцолбор юугаараа давуу талтай вэ?

-Одоогийн бидний ашиглаж байгаа Төв стадионыг 1958 онд хятад иргэд барьсан түүхтэй. Арван мянган хүний суудалтай. 1960 онд Улаанбаатарын хүн ам 100 мянга хүрсэн байдаг. Тэр цагаас 60 шахам жил өнгөрч, нийслэлийн хүн ам 1.4 сая болсон. Төв цэнгэлдэх маань хэвээрээ. Хүн ам 14 дахин өссөн. Хот төлөвлөлт байхгүйгээс эргэн тойрон барилга баригдсан. Төрийн тэргүүнүүд л унаатай очих боломжтой. Ихэнх наадамчид явган очиж наадмаа үзнэ. Гэтэл өнөөдөр монголчууд зах зээлийн эдийн засагт шилжсэн. Олон иргэд унаатай болсон. Тэд чинь цаг хэмнэх гэж л унаа авна биз дээ. Гэтэл цэнгэлдэхийн орчимд хүрэлцээтэй зогсоол байхгүй. Олон хүндрэлүүд үүссэн. Үүнийг зохицуулах ганц арга нь өөр газар шилжүүлэх. Гэхдээ томхон талбайтай газар нэг мөсөн цогцолбороор нь шийдэхээс өөр аргагүй.

Сур харвааны талбай

-Дэд бүтэц бүрмөсөн шийдэгдэх үү?

-Дэд бүтцийг үндсэндээ шийдчихсэн. Одоогийн төслөөр машины зогсоол, үйлчилгээ, наадамчдын тав тухтай орчин бүрэн шийдэгдэнэ. Яармагийн дэнжид дэд бүтцийн тухай ойлголт байхгүй байсан. Төв цэнгэлдэхийн хувьд гаднаас харахад л ОО хангагдсан мэт харагддаг болохоос үнэн хэрэгтээ хэрэгцээ хангагдсан ариун цэврийн өрөө байхгүй. Гэтэл гадны маш их жуулчин ирдэг болсон. Тэд хэлэхгүй л болохоос дотроо таагүй л байдаг байх. Өнгөрсөн жил хоёр орос жуулчин “Танай хамгийн том баяр маш сонирхолтой юм. Харамсалтай нь үзэхэд тохь тухь муутай юм” гэж илэн далангүй ярьж байсан.

-Шинээр байгуулсан цогцолбор 20 жилийн дараа хоцрогдохгүй гэсэн баталгаа бий юу?

-Нийслэлийн удирдлагын сонгосон энэ газар өмнө нь монголчууд Даншиг наадмаа хийдэг байсан газар гэж түүхийн эх сурвалжид байдаг. Цогцолбор 2013-2020 он хүртэл баригдана. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төсөл батлагдсан. 13.6 мянган га газар хамарч байгаа.

Цэнгэлдэх хүрээлэн

-Сонгино хайрхан дүүрэгт ийм их газар байгаа юм уу?

-Дээрх төлөвлөсөн газрын 1.6 мянган га газар нь л Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдана. 12 мянган га газар нь Төв аймгийн Аргалант сумын нутаг. Одоогоор нийслэл энэ цогцолборт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

-Хилийн цэс шийдэгдээгүй хөрөнгө оруулчихаад, сүүлд нь маргаан гарахгүй юу?

-Бүх түвшинд шийдэх талаар яриахэлэлцээ хийж байгаа. Төв аймаг, Аргалант сумын удирдлага “Монгол төрийн наадмаа хүндэтгэнэ” гэж байгаа. Гэхдээ бас тухайн суманд нь шийдэх асуудлууд байдаг болохоор, харилцан ашигтай хамтарч ажиллах санал тавьж байгаа гэсэн. Удахгүй шийдэгдэх байх.

Шагайн харвааны ордон

-Хэр их хөрөнгө оруулалт шаардлагатай вэ, хаанаас босгох вэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2014 оны долоодугаар сард БНХАУ-ын Шанхай группын төлөөлөгчтэй санамж бичигт гарын үсэг зурсан. Нийтдээ 130 сая ам.долларын хөрөнгө оруулалтын тухай баримт. Үүнд 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн. Морь барианы газар 5-10 мянган хүний суудалтай, сур харвааны газар гурван мянган суудалтай, шагай харвааны ордон мянган хүний суудалтай, зочид буудал. Энэ бүхнийг 130 сая ам.долларт багтааж барихаар төлөвлөсөн.

-Барилга, байгууламжийн өртөг хэр үнэтэй тусч байгаа бол?

-Олон орны ийм хэмжээний байгууламжтай харьцуулж үзсэн. Өмнөд хөршийн санал хамгийн хямд тусч байгаа. Санамж бичигт гарын үсэг зурсан БНХАУ-ын Шанхай групп нь дэлхийн барилгын хамгийн том 200 компаниас 30-д жагсдаг компани юм байна. БНСУ-ын Инчон хотын наадмыг очиж үзэж байсан. Тэнд 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг 320 сая ам.доллараар барьсан. Тэгэхээр бидний төлөвлөгөө муугүй гэж бодож байна.

Өндөр зэрэглэлийн
зочид буудал

-Хямдхан юм чанаргүй байдаг гээд шүүмжлээд эхлэх байхдаа.

-Засгийн газар Монгол төрийн наадамдаа анхаарал хандуулаад БНХАУ-ын Засгийн газарт төслийг дэмжих санал оруулбал манай мэргэжилтнүүд ажиллаж эхэлнэ. Чанарт хяналт тавих чадвартай мэргэжлийн байгууллагууд манайд олон бий. Нөгөө талаас дэлхийд үйл ажиллагаа явуулдаг Шанхай группын хамгийн том брэнд бол нэр хүнд. Тэд 130 ам.долларын хөрөнгө оруулалтаар чанаргүй барилга барьж нэр хүндээ унагахгүй байх.

-Энэ том хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нийслэл өөрөө шийдэх чадвартай байхад, яагаад өнөөг хүртэл гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа эхлэхгүй байна?

-Санамж бичигт гарын үсэг зурсаны дараа Эдийн засгийн яаманд албан бичиг өгсөн байдаг. Оны өмнө дахиад Сангийн яаманд өгсөн. Өрийн тааз өссөн гэдэг утгаараа Засгийн газар маань жаахан хүнд байх шиг байна. Одоохондоо дорвитой дэмжлэгалга. Гэхдээ удахгүй өндөр хэмжээний уулзалтаар яригдах мэдээ бий.

-Мөнгө бүтээд, төсөл хэрэгжлээ. Өрийг хэн, хэзээ төлөх вэ?

-130 сая ам.доллар 20 жилийн хугацаатай, жилийн нэг гаруй хувийн хүүтэй зээл. Бид зургаа дахь жилээс үндсэн зээлээ төлж эхэлнэ. БНСУ-ын Морин спортын холбоо 1200 морьтой. Тус холбоо жилд төгрөгөөр тооцвол дөрвөн их наяд төгрөг олдог. Төрийн наадам гэдэг утгаараа төр нэг их ашиг хайх хэрэггүй л дээ. Ёс заншлаа дэлхийд таниулах том ажил шүү дээ. Өндөр байшин, үнэтэй машин унадаг иргэдтэй, хөгжингүй орнууд сүүлийн үед үндэсний өв, соёлоороо өрсөлдөж байна. Олон орны орлогы эх үүсвэр аялал жуулчлал болж хувирсан. Тухайн оронд жуулчид өв соёлыг нь сонирхох гэж ирдэг. Зээлийн төлбөрийн хувьд хүндрэл үүсэхгүй байх.

-Ямар ч ашиггүй ажиллах юм уу?

-Тэгж ойлгож болохгүй. Ийм том байгууламж зөвхөн наадам хийчихээд хаалгаа бариад суухгүй. Удахгүй жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай үндэсний амралт, спотын үйл ажиллагаа явуулдаг болно. Гэхдээ зөвхөн төр үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг биш. Цогцолборыг тойрсон их хэмжээний үйлчилгээг хувийн хэвшлийнхэн эрхэлнэ. Маш их ажлын байр, орлого тэдэнд орж ирнэ. “Монгол наадмын цогцолбор” Төрийн наадмаас гадна нарийн менежмент шаардаж байна. Томоохон тэмцээнээс эхлээд хүүхэд залуус чөлөөт цагаа зөв, соёлтой өнгөрүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах асар том орон зай үүснэ. Бидний төлөвлөгөөгөөр жилийн турш, 24 цагийн турш үйлчилгээ явагдана.

-Жилийн дөрвөн улиралд очих ямар нөхцөл бүрдэх вэ?

-Монгол шиг дөрвөн улиралтай оронд бүх төрлийн спортоор хичээллэх боломжтой. Дэд бүтэцтэй газар өвөл, зуны спортын ямар ч төрөл хөгжих боломжтой. 2014 онд арав шахам арга хэмжээ зохион байгуулсан.

-Цэнгэлдэхэд арван мянган хүнд хуушуур, ундаа зардаг байсан бол одоо 30 мянган хүнд үйлчилдэг болох нь. Арай дөнгүүр бизнес хийх хувь хүмүүст ямар боломж байна?

-Хүй долоон худагт зөвхөн морь үзэх гэж 110 мянган хүн ирдэг. Хэрэв бөх, морь, сур гурвыг нэг дор үзнэ гэвэл 250-300 мянган хүн нэг дор цуглах магадлалтай. Одоогийн цэнгэлдэх хүрээлэн дүүрчихсэн байхад, гадна дотор байгаагаас дутахгүй олон хүн байдаг биз дээ. Энэ олон хүн цуглахаар миний төсөөллөөр 1000 хүний суудалтай Зоогийн газар багаар тооцоход арвыг барих хэрэгтэй. Энэ бол нэг л жишээ. Хувийнхан сэтгээд хэдэн ч төрлийн үйлчилгээ нээж болно. Үүнийг төр хийх шаардлага байхгүй. Хувийн хэвшлийнхэн л найдвартай хийж чадна. Гэтэл 1000 хүний Зоогийн газар хэд хоног, ямар орлоготой ажиллах вэ гэдэг асуудал үүснэ. Тэднийг байнгын үйлчлүүлэгчтэй, тасралтгүй, хэвийн ажиллагаатай байлгах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний ажил.

-Гадна, дотны том мөнгөтэй улсууд хөрөнгө оруулах санал тавибал хүлээн авах уу?

-Хүлээж авна. Одоо бидэнд томоохон хөрөнгө оруулалтын санал ирж байгаа. Морин парк, Үндэсний цогцолбор үзүүлбэр гэх мэт. Гэхдээ бид хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас газар, үл хөдлөх хөрөнгө оруулалтын гэрээ бол хуулиар зохицуулагдана. Бидний үүрэг цогцолборыг ашиглалтанд оруулж цаашдын менежментийг хийх, дагавар үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд ашигтайгаар зохион байгуулах. Дээр нь үндэсний өв соёлыг дэлхийд таниулж, үндэсний болон бусад спортыг дэлгэрүүлж, залуу үедээ боломж олгох.

-Шинэ үйлчилгээ, шоу бодож олсон гэсэн.

-Олон юм бодож байгаа. Дэлхийн олон хотуудад, шар айрагны, улаан лоолины, өдөн дэрний гэх мэт сонирхолтой баяр байдаг. Тэгвэл манайд яагаад дэлхийн хэмжээний цагаан айрагны баяр хийж болохгүй гэж. Үүгээр маш том сурталчилгаа хийж болно. Шагайн харваанаас гадна, шагайн наадаан гэж маш сонирхолтой уламжлалт тоглоом байна. Дэлхий аварга биш гэхэд улсын аварга шалгаруулж болно шүү дээ. Айраг исгэх, өрөм тогтоох, ааруул, хоормог гээд гадныханы нүдийг бүлтийлгэдэг олон сонирхолтой ахуйн хэрэглээ манай бий. Энэ бүхэн чинь ямар ч үлэг гүрвэлээс илүү гадныханыг татна. Тохилог орчин л байвал тэд үүнийг харахын тулд хэдэн ч ногоон төлөхөөс буцахгүй. Уйгагүй хэрэгжүүлж чадвал энэ бүхэн эргээд хувийнханд бизнес болж өгөөжөө өгнө. Манайхан түүнд зохион байгуулагчаар л оролцоно.

-“Монгол хүү” шоу гэж юу вэ?

-Бас нэг санаачлага 21 аймгийг хамарсан 16-18 насны залуучуудыг бөх, морь, сураар өрсөлдүүлэх, бас охидуудыг ёс заншил, зан үйлээр өрсөлдүүлэх тухай санаа.

-Одоо Хүй долоон худагт очвол ямар үйлчилгээ авч болох вэ?

-Морь, дугуй унаж, сур харваж болно. Теннис, бильярд тоглож, гэр, хоолоор үйлчлүүлнэ. Хувь хүн, албан байгууллага бидэнтэй харьцаж ямар ч хэлбэрээр амралт, баяр ёслолоо тэмдэглэж болно. Бэсрэг наадмуудыг зохион байгуулахад ч бэлэн байна.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Ц.Лхам: Их долоо дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, цөм хөтөлбөр хэрэгжүүлнэ

Энэ сарын 7-8-ны өдрүүдэд Германы Бавари мужид оршдог Эльма харшид болсон дэлхийн Их долоогийн уулзалтын талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Дэлхийн бодлогын салбарын судлаач Ц.Лхамтай ярилцлаа.

-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Их долоогийн ээлжит уулзалт ямар асуудлууд дээр төвлөрөв. Судлаач хүний хувьд та үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Их долоогийн уулзалт болсон Эльма харш нь Бавари мужид уулархаг үзэсгэлэнт байгальтай газарт байрладаг. Очиход тийм амар биш. Тиймээс юун түрүүнд аюулгүй байдлыг хангаж чадсан. Их долоогийн уулзалтын үеэр жил болгон жагсаал цуглаан болдог. Энэ удаад ч зохион байгуулагч оронд болсон жагсаалын үеэр ямар нэгэн асуудал гараагүй, харьцангуй тайван болсноороо онцлог. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Герман бол жагсаал цуглааныг хүлээн зөвшөөрч, түүнд хүлээцтэй хандаж чаддаг улс болохоо дэлхий нийтэд харуулж чадсандаа бахархаж байна” гэсэн л дээ. Их долоо уулзалтынхаа эхний өдөр эдийн засгийн асуудлыг голлосон. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгааг дүгнээд, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах тал дээр ярилцсан. Мөн худалдаа, санхүүгийн зах зээл, татварын асуудлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн жил хуралдсан Их долоогийн уулзалтаас хойш дэлхийн эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байна гэж үзсэн. Газрын тос, эрчим хүчний үнэ буурсан нь Их долоогийн ихэнх орнуудын эдийн засагт таатай нөлөө үзүүлж байгаа. Гэвч нөгөөтэйгүүр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч тэрхүү долоон улсын хувьд ажилгүйдэл мөн л өндөр хэвээр байна. Хөрөнгө оруулалтын түвшин бага байна. Улсын болон хувийн секторын өр их байна гэсэн тулгамдсан асуудлаа шийдэх, бүгдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтөд хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт тэд санал нэгдээд байгаа.

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд юуг голчлов?

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд “Техник технологио хөгжүүлье, боловсрол инновацийг ахиулъя, оюуны өмчийн эрхийг хамгаалъя. Хөрөнгө оруулалтын орчинг жижиг дунд хөрөнгө оруулагчдад ээлтэй болгоё. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бүтээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй” гэдэгт Их долоо саналаа нэгтгэсэн. Дэлхий нийт урт хугацааны туршид үргэлжлэх эдийн засгийн өсөлтөд хүрэхийн тулд дэлхийн уур амьсгалыг хэвээр нь хадгалан хамгаалах, эрүүл мэндийн салбарыг дэмжих, тухайн нийгэмд гишүүн бүрийнх нь оролцоо тэгш эрхтэй байхад чухалчлан анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эдгээрийг хөтөлбөрийнхөө гол цөм болгох үүргийг Их долоо хүлээх аж.

-Улс орнуудын гадаад худалдааны харилцааг зохицуулахын тулд ямар чиг шугам баримтлахаар болсон бэ?

-Худалдаа, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч болдог. Иймд худалдаа аль болохчөлөөтэй байх ёстой гэсэн чиг шугамыг баримтална. Худалдааны янз бүрийн хязгаарлалтуудыг бууруулах хэрэгтэй гэж үзсэн. Зарим улс дотоод зах зээлээ хамгаалахын тулд өөр орны бүтээгдэхүүнийг зах зээлээс шахдаг явдал бий л дээ. Энэ байдалтай тэмцэх нь зүйтэй гэдэгт Их долоо санал нэгдсэн.

-Ямар арга хэмжээ авах юм бол?

-Дэлхийн Худалдааны Байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” (Trade Facilitation Agreement)-ийг 2015 онд хүчин төгөлдөр болгохыг чармайж байгаа.Их долоо үүнд анхаарлаа хандуулж, энэ ондоо багтааж, хэлэлцээрийг соёрхон батлах үүрэг хүлээж байна. Мөн бүс нутаг хоорондын болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдлыг дэмжиж байгаа аж. Ялангуяа Европын холбоо АНУ-тай хийж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байна. Мөн Европын холбоо Японтой, Канадтай хийж буй худалдаа, эдийн засгийн хэлэлцээр болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж дуусгана гэдэгт найдаж буйгаа Их долоо нэгэн дуугаар илэрхийлсэн байна лээ. Үүнээс гадна, Европын холбооны орнуудын хоорондын дотоод худалдааг оролцуулан тооцвол дэлхийн худалдааны бараг 50 хувь нь Их долоод хамаарч байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээнд ихээхэн анхаарал хандуулах шаардлага Их долоод тулгарч байна.

-Дэлхийн худалдааны 50 хувь нь Их долоод хамаатай гэлээ. Тэгэхээр тэд худалдааны гинжин сүлжээнд ямар байдлаар анхаарал тавих бол?

-2013 онд Бангладешт Рана Плаза оёдлын үйлдвэрийн барилга нурж, олон хүн амиа алдсан. Тэрнээс хойш бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон. Ази, Африкийн хөгжиж байгаа орнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй нөхцөлд үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч буйн хувьд Их долоогийн орнууд үүнд хариуцлагатай хандах ёстой. Тэнд ажлын байрны зохистой нөхцөлийг бий болгохын тулд Их долоогийн орнууд илүү анхаарал тавья. Нөгөөтэйгүүр найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээг бий болгохын тулд Их долоо хамтын хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг ажил хэрэг болгохын тулд сан (Vision-Zero-Fonds) байгуулахаар болж байна. Уг сан нь Дэлхийн Хөдөлмөрийн Байгууллагатай нягт хамтарч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны норм стандарыг хангах, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх зорилготой ажиллах юм билээ.

-Их долоо Украины асуудлаас үүдэлтэйгээр ОХУ-д тавьсан хоригоо үргэлжлүүлэх төлөвтэй байна. Асуудал цаашид хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлт дэлхий нийтийн анхаарлын төвд байна?

-Их долоогийн уулзалтаар гадаад бодлогыг өргөн хүрээнд авч хэлэлцсэний дотор Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нэлээд анхаарал татлаа. Энэ удаагийн Их долоогийн уулзалтаар, ОХУ олон улсын эрх зүйг зөрчин Крымыг өөртөө нэгтгэснийг нэгэн дуугаар шүүмжилж байсан. Украины зүүн өмнөд хэсэгт үүсээд байгаа зөрчлийг Минскийн хэлэлцээний дагуу улс төрийн арга замаар шийдвэрлэх ёстой. ОХУ Украины тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүндэтгэж үзэж, улмаар Минскийн хэлэлцээг 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Минск хотноо гарын үсэг зурсан багц арга хэмжээний хамтаар бүрэн биелүүлсэн нөхцөлд л Их долоо тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээгээ зогсооно. Эс бөгөөс зогсоохгүй гэж байгаа л даа. Бүр зайлшгүй нөхцөлд хориг арга хэмжээгээ чангатгахад бэлэн байна гэдгээ ч мэдэгдсэн. Тиймээс ОХУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй нөхцөлд Их долоо Украины асуудлаар ОХУ-ын эсрэг хатуу байр сууриа хадгалах шинжтэй байна.

-ОХУ-д тавьсан хоригийг Их долоо ямар байдлаар чангатгах юм бол?

-Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй. Гэхдээ өөрсдөө ийм алхам хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ бас мэдэгдсэн. Цаашид Минскийн хэлэлцээг хэрэгжүүлэхийн төлөө Их долоогийн орнууд ажиллах болно гэсэн байр суурьтай байгаа. Мөн энэ хүнд цаг үед Украинд санхүүгийн болон техникийн тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллага хийгээд бусад түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана гэдгээ Их долоо мэдэгдсэн.

-Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг биелүүлчихвэл урьдын адил Их долоог Их найм болгох боломж нь нээлттэй байгаа юу?

-Судлаачийн хувьд тэгэх байх гэж таамаглаж байна. Их долоо хоёр дахь удаагаа ОХУ-гүйгээр хуралдлаа. Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг биелүүлчихвэл Их долоогийн зүгээс хориг арга хэмжээнүүдийг цуцална. Сая Их долоо хуралдахын өмнө Германы дотоодоос томоохон шүүмжлэл гараад л байсан. Зарим улстөрчид “Оросгүйгээр асуудлыг шийднэ гэж юу байхав” гэж байсан ч Их долоо ОХУ-ыг оролцуулахгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч чадсан.

-Манай хөрш ОХУ-д тавьсан энэхүү хориг арга хэмжээ Монголд яаж тусах вэ?

-Украины асуудал Монголд нөлөөлөх байдал нь хоёр талтай. Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг удаа дараа ноцтой зөрчөөд, цаашид асуудал даамжирвал хурц байдалд орж болзошгүй. Монгол Европын орнуудтай найрсаг харилцаатай байдаг болохоор ацан шалаанд орж магадгүй. Ер нь энэ байдал хурцадвал Монголд аюултай гэж бодож байна. Нөгөө талаар ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ хэвээр үргэлжилсээр байвал тус улсын бодлого Ази руу чиглэнэ. Орос, Монголын харилцаа хамтын ажиллагаа улам ойртоно.

-Халдварт өвчин, терроризмтой тэмцэх асуудлыг Их долоогийн уулзалтаар чухалчилдаг. Энэ удаад ямар шийдвэр гаргасан бэ?

-Терроризмтэй тэмцэх, ялангуяа терроризмын санхүүжилтийг зогсоох асуудалд Их долоо өндөр ач холбогдол байгаа. Террористуудын хөрөнгийг царцаахын тулд олон улсын зохицуулалтыг үр дүнтэйгээр ашиглах, бүхий л санхүүгийн урсгалыг улам бүр ил тод, тунгалаг болгох арга хэмжээг авах болно гэдгээ Их долоо мэдэгдсэн.

Халдварт өвчинтэй тэмцэх асуудалд Эболагийн дэгдэлт дээр тогтож ярьцгаасан. Эболагийн дэгдэлт нь дэлхийн эрүүл мэндийн салбарт их зүйл хийх ёстойг, мөн өргөн тархацтай халдварт өвчинтэй тэмцэх түргэн шуурхай, үр дүнтэй механизмыг бий болгох шаардлагатай байгааг нотлон харуулсан. Иймд, ирэх 5 жилд Баруун Африкийн зэрэг 60 улс оронтой эрүүл мэндийн тогтолцоог нь сайжруулахад хамтран ажиллах санаачилгыг АНУ-ын зүгээс гаргасныг Их долоогийн бусад улсууд дэмжсэн байна.

-Тэгвэл ядуу буурай орнуудыг хөгжүүлэхэд ямар ажил хийж байна вэ?

-Мянганы хөгжлийн зорилт 2015 онд дуусч байгаа. Тэгэхээр дараагийн зорилтуудаа тодорхойлох хэрэгтэй болж байна. Ирэх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хөгжлийн дараагийн зорилтоо ярилцана. Тэр үед 2030 он хүртэл тавих хөгжлийн зорилтууд нарийн тодорхойлогдох бөгөөд Их долоогийн зүгээс 2030 он гэхэд дэлхий дээрх хэт их ядуурлыг арилгая гэдэгт санал нэгдэж байгаа. Энэ тухайд Их долоогийн орнууд 2030 он хүртэл хөгжиж буй орнуудын 500 сая хүнийг хэт өлсгөлөнгөөс аврахын төлөө чармайх болно гэдгээ мэдэгдээд байна.

-Уур амьсгалын өөрчлөлтөд Их долоо нэлээд анхаарал тавьж хүч хаяж байх шиг ээ?

-Энэ оны арванхоёрдугаар сард Парис хотноо Уур амьсгалын дээд хэмжээний уулзалт болно. Их долоогийн уулзалт нь энэ дээд хэмжээний уулзалтын бэлтгэл хангах, оруулах саналаа нэгтгэхэд чиглэгдсэн. Их долоогийн орнууд энэхүү дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын дэлхий нийтийн хэлэлцээр протокол байгуулах нь зүйтэй гэж байна л даа. Уг хэлэлцээрт заавал биелүүлэх заалт оруулъя, тухайлбал, дэлхийн уур амьсгалын дулаарлыг сааруулах “Хоёр градус”-ын зорилгыг оруулъя. Үүнийг биелүүлэхийн тулд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 2050 он гэхэд2010 онтой харьцуулахад 40-70 хувиар бууруулах нь зүйтэй гэсэн саналыг Их долоогийн зүгээс гаргаж байна. 2020 оноос эхлээд жил болгон 100 тэрбум ам.долларыг цуглуулаад дэлхийн уур амьсгалыг хамгаалахад сан байгуулах тухайд Их долоо санал нэгдээд байгаа.

Эцэст нь дүгнэн хэлэхэд, энэхүү Их долоогийн уулзалт нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг авч хэлэлцэн, байр сууриа нэгтгэн, зарим тодорхой саналыг дэвшүүлснээрээ багагүй үр дүнтэй боллоо.

М.Мөнхцэцэг