Categories
мэдээ нийгэм

260 ортой нэгдсэн эмнэлэг байгуулна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төслийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах үүрэг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад ногджээ.

Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 28 тэрбум төгрөг бөгөөд концесс эзэмшигч нь 2015 оны 12 дугаар сард амбулатори, 2016 оны дөрөвдүгээр сард хэвтэн эмчлүүлэх хэсгийг ашиглалтад оруулах бөгөөд нийт барилгын ажлыг хоёр жилд багтаан дуусгахаар гэрээний төсөлд тусгажээ. Уг төсөлд төрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг шаардахгүй бөгөөд 25 жилийн дараа үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлж өгөхөөрЗасгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуулиар МАН завсарлага авлаа

УИХ өнөөдөр ээлжит бус чуулган зарлаж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн анхны хэлэлцэхээр товлосон байсан. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцсэн ч ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 100 саналаар санал хураалгах шаардлагатай болсон юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн анхны хэлэлцүүлгийн талаар зарчмын зөрүүтэй асуудлыг хэлэлцэж эхлээд төсөлд заасан зорилт гэдэг үгийг зорилго гэдгээр өөрчилнө гэсэн ажлын хэсгийн саналыг олонх дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Д.ЛүндээжанцанАжлын хэсгийн гишүүн гээд намайг үг хэлэхийг хязгаарлаад байна. Одоогийн орж ирж байгаа Эрүүгийн хуулийн зөрчлийн хэсгийн зорилт гэдгийг зорилго гэж өөрчлөх хэрэгтэй. Зорилт, зорилго хоёр өөр ойлголт шүү дээ. Зорилт нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тавьдаг зүйл шүү дээ” гэв.

Эрүүгийн хуульд тусгасан Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцох зүйл заалтын талаар зарчмын саналаа гишүүд хэлэхэдээ өөр өөрийн саналаа тусгасан. Тухайлбал, Д.Бат-Эрдэнэ гишүүн “Эрүүгийн хуульд гэмт хэргийн чанартай тодорхойлолтыг маш нарийн гаргах ёстой. Эрүүгийн хуулийн зүйл заалтын талаар 100 гаруй асуудлаар санал авах юм байна. Эрүүгийн хуулиар ял эдэлж байгаа хүмүүсийг харахад ялихгүй асуудлаас болоод эрх чөлөөгөө хасуулсан хүмүүс олон байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг харахад хуулиа хэт чангаруулаад явчихвал сөрөг үр дүн ихтэй байж магадгүй. Эрүүгийн ялыг чангатгахаасаа илүү гэр бүлийн хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Нийгмийн ёс суртахуун, хүмүүжлийг ярихгүй байж алдаж эндэхээр нь бүгдийг нь яллаад байж болохгүй” гэв. Л.Цог гишүүн “Мэргэжлийн нарийн хуульд маш болгоомжтой байх ёстой. Гэмт хэрэг мөн биш үү гэдэг асуудлыг сайн бодох хэрэгтэй. Х.Тэмүүжин сайд байхдаа нэг зүйл ярьдаг байсан. Гэмт хэргийн обьект, субьект, обьектив, субьектив асуудлыг яаж тусгасан бэ. Одоогийн хуульд мөрдөгдөж байгаа заалтыг дэмжиж байна” гэлээ. Дараагаар нь Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь ял оноож, албадлагын арга хэмжээг хэрэглэнэ. Ял, албадлагын арга хэмжээг бусад хүнд нялзааж болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг л удаа ял онооно гэсэн зүйл заалтаар санал авлаа. УИХ-ын гишүүн Д.ТэрбишдавгаКомпанийн захиралд ял оногдуулдаг, компанид ял оногдуулна гэсэн байна. Хуульд мөн компанийг нь татан буулгана гэсэн байна. Татварын хэргээр захирлыг нь шоронд суулгаад компанийг нь татан буулгана гэхээр энэ заалт зөвхөн монголчуудад үйлчилж магадгүй гэж болгоомжилж байна. Тухайлбал, Оюутолгой компанитай татварын маргаан үүсгэсэн. Оюутолгой татвараа төлөөгүй гээд компанийг нь татан буулгах уу? Цаашлаад Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь ял оноож, албадлагын арга хэмжээг хэрэглэнэ. Ял, албадлагын арга хэмжээг бусад хүнд нялзааж болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг л удаа ял онооно гэсэн зүйл заалттай чинь зөрчилдөөд байгаа юм биш үү” гэв. Дээрх заалтаар санал хураасан олонхын дэмжлэг авч чадсангүй.

-Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээр ял оногдуулна. Хүний итгэл үнэмшлийн төлөө ял оноож болохгүй. Гэм бурууг нь тогтоогдоогүй бол албадлагын арга хэмжээ авахгүй гэсэн хуулийн төслийн заалтаар санал хураахад гишүүд мөн л дэмжсэнгүй.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн анхны хэлэлцүүлгээр гишүүд багагүй шүүмжлэл өрнүүлсэн. Хууль хэт чанга болж байгааг олон гишүүн Ажлын хэсэгт сануулж байсан юм. Ингээд уг төслөөр Монгол ардын намын бүлэг тав хоногийн завсарлага авснаар чуулганы хуралдаан өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар үүрэг болголоо.

Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зорилтот бүлгийн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, барилгын салбарын санхүүгийн эрсдэлийг багасгах, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах үүднээс Засгийн газраас орон сууцны тодорхой хөнгөлөлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад Засгийн газрын зүгээс орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд дэмжлэг үзүүлснээр хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Categories
мэдээ спорт

Халз тоглолтын орлогыг газанд түлэгдсэн ах дүү хоёрт хандивлана

Дэлхийн Универсиад наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Залуучуудын шигшээ баг, Үндэсний шигшээ багтай хийх хяналтын тоглолт маргааш 18:00 цагт Спортын төв ордонд болно.

Тоглолтын орлогыг газ дэлбэрсний улмаас түлэгдсэн ах дүү А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивлах юм байна.

Универсиад наадамд улсаа төлөөлөн
оролцох Залуучуудын шигшээ баг бэлтгэлээ хангах зорилгоор өнгөрөгч долоо
хоногийн ням гаригт Үндэсний шигшээ багтай тоглосон. Тоглолт Үндэсний
сагсан бөмбөгийн ордонд хийж 78:79 харьцаатай Үндэсний шигшээ баг хожсон
юм. Харин маргааш хожил хэнийх болох бол.

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд олон улсын марш тактикийн тэмцээнээс цом хүртлээ

ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн байна. ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнуулжээ. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Д.Эрдэнэбилэг Монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулсан гэнэ.

Тэмцээнд АНУ, БНФУ, ИБУИНВУ зэрэг есөн орны Зэвсэгт хүчин, хүчний бусад байгууллагын тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 29 баг оролцжээ. Норд Райн Вестфален муж улсын засаг захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр тус муж улсын Цэргийн командлал, Бэлтгэл цэргийн холбооноос Зэвсэгт хүчний байнгын болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, хүчний бусад байгууллага гэсэн ангиллаар өрсөлдөөн дунд явагджээ.

Тодруулбал, манай алба хаагчид 17 км газарт усан саад, шалган нэвтрүүлэх цэгийн хамгаалалт, халдлагад өртсөн хүмүүсийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гадаад орны цэргийн зэвсэг техник, дүрэмт хувцасыг таних, гал унтраах багаж хэрэгслийг ашиглах зэрэг нийт 17 сорилыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Дашрамд сонирхуулахад, Бундесверт суралцаж буй Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өнгөрсөн онд олон улсын цэргийн марш-тактикийн 28 дахь удаагийн тэмцээнд оролцож “Шилдэг баг”-ийн цомоор шагнуулж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ази Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтэд хуралдана

Ази Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал анх удаа Монголд болох гэнэ. “Боловсролын шинэчлэл ба инноваци” сэдвийн дор энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага нь UNESCO-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд байгуулагджээ.
Монголын эмэгтэйчүүд энэ байгууллагад 2012 гишүүнээр элсэн, шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүдийн хамтын хүчээр, дэлхийн байгууллагын дэмжлэгтэйгээр улс орныхоо хөгжил, инженерийн бүтээн байгуулалт, инновацийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж байна.

Тус хуралд Ази номхон далайн 60 гаруй гишүүн орны инженер, эрдэмтэд оролцох бөгөөд Монгол улсын нэр хүндтэй эрдэмтэн, мэргэжилтнүүдээс гадна Стэнфорд, Харвард, Массачусатсын технологийн их сургууль зэрэг дэлхийн тэргүүний их сургуулийн профессорууд оролцож судалгаа, туршлага, санал бодлоо хуваалцах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ Зеландын үндэсний баатар Зүүн хойд Азийн чуулга уулзалтад оролцоно

“Нийгмийн хөгжилд залуусын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн чуулга уулзалт энэ сарын 26-наас долдугаар сарын 2-нд Улаанбаатарт болох юм. Тус чуулга уулзалтад Шинэ Зеландын үндэсний баатар, сайн дурынхны үлгэр дууриалал болсон Сэм Жонсон оролцохоор ирээд байна. Жирийн нэгэн фермер залуу гамшигаас урьдчилан сэргийлэх, хүмүүсийн бүтэшгүй хэмээгддэг зүйлүүдэд өөрийгөө сорих, бусдад туслах ажлыг найзуудтайгаа хамтарч эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр 26-хан настай бөгөөд хийсэн бүтээснээрээ “Оны шилдэг залуу”, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагаараа “Оны шилдэг мэдээлэгч” гэх мэт олон шагнал хүртэж байжээ. Мөн гамшиг болсон газруудад ажиллаж байсан туршлагатай төдийгүй Оюутан, сайн дурынхны арми байгуулж, 11.000 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ – ын хуралдаанаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлана

Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар хуралдаан маргааш болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай / Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 1970 га Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 2116,0 га /
  • НИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тотоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар, зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” – д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы 18202 сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс халдварт өвчний байдлын тухай Монголын болон дэлхийн мэдээлэл ирүүлэв. Улсын хэмжээнд улаанбурханы 18202 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 833 хүн лабораторийн шинжилгээгээр, 4370 эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ-д нийт 172 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 27 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 15.6%.

95 эмчлэгдэж байна (81 нь хэвийн, 14 нь биеийн байдал хүндэвтэр)-

80 тохиолдол нь өвчтөн, 59 гэр бүлийн гишүүд, эмнэлэгт эргэж ирсэн хүмүүс, 33 эрүүл мэндийн ажилтнууд- 3833 хавьтал хяналтад (3,048 гэрийн хяналтад; 785 эмнэлгийн хяналтад)-

Оман улсын иргэн Тайландад эмчилгээний зорилгоор очоод хүний Коронавирүст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан байна. Ойрын хавьтлын 59 хүнийг хяналтад авсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Эбола вирүст халдвар:

2015 оны 06 дугаар сарын 14-ний байдлаар 27406 тохиолдол, 11233 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 33 хүн шинээр мэдээлэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Архины хордлого:

Энэтхэг улсын Мумбай хотод архины хордлогын улмаас 84 хүн нас барж, 36 хүн хэвтэн эмчлэгдэж байна. 6 дугаар сарын 17-нд гар аргаар үйлдвэрлэсэн архийг хэрэглэжээ.

Эх сурвалж: www.promedmail

Categories
мэдээ нийгэм

Инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу дараахь байршлуудад инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б блокийн хэсэгчилсэн талбай Цэргийн хотхон орчмыг ДЦС-4 станцаас төвийн дулаанаар хангах инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 63 сая 813 мянган төгрөг
  • Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ариутгах татуургын шугамыг Баянхошуу дэд төвийн ариутгах татуургын шугаманд холбох инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулахад 10 сая 469 мянган төгрөг
  • Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын Б2 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх гадна цэвэр усны шугамын барилга угсралтын ажилд шаардлагатай 185 сая 846 мянган төгрөг
  • Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Дэнжийн 1000 орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн А хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 244 сая 369 мянган төгрөг
  • Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Дэнжийн 1000 орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Г хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 202 сая 717 мянган төгрөг
  • Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны Батлан хамгаалахын их сургууль орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна цахилгаан хангамжийн 10 кВ-ын кабель шугам, хувиарлах байгууламж, 110/35/10 кВ-ийн дэд станцын зураг төслийг боловсруулахад шаардлагатай 112 сая 97 мянган төгрөгийг тус тус зарцуулна

Уг хөрөнгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгалаа.
Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.