Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Ипотекийн зээлийн урьдчилгааны хорин хувьд Засгийн газар 200 тэрбумын баталгаа гаргана

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудал бүрэн шийдэгдлээ. Даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэж, холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Засгийн газар хэдэн тэрбумын баталгаа гаргаж байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногт бид түрээсийн орон сууцны хөтөлбөрөө батлуулсан. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт баталгаа гаргах тухай шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Уг шийдвэрийн дагуу орон сууцны үнийн 20 хувийн баталгааг хэрэгжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан болно. Мөн ипотекийн энэхүү зээлэнд иргэдийг хамруулах шалгуур үзүүлэлтүүд бүхий журмыг долдугаар сард багтаан боловсруулахыг ХАХНХ сайд С.Эрдэнэ, Сангийн сайд бид гуравт үүрэг болголоо.

Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт Хөгжлийн банкнаас гаргах баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлох чиглэлээр ХАХНХЯ-тай хамтран ажилласны дүнд 2014 онд хийсэн “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-ны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”г ашиглахаар тогтоод байгаа. Мөн салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж орон сууцны эрэлт, нийлүүлэлт, орон сууцны барилгын зах зээлийн судалгааг шинэчлэн, барилгын салбарын санхүүгийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт гаргаад байна.

Иймд анх удаа орон сууц авч буй, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын төлбөрөө төлдөг, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг бэлэн мөнгөөр төлөх санхүүгийн чадвартай, иргэдэд худалдан авах орон сууцных нь үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт баталгаа өгөх шийдвэр гарлаа. Хэрэгжилтийг хангаж ажиллах эзэд нь тодорхой болж албажлаа.

Ийм шийдвэрийг гаргахад уИХ, засгийн газар, Монгол Банкны ойлголцол, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байлаа.

-200 тэрбум төгрөгийн баталгаа зах зээл дээр хэр хүртээмжтэй байх вэ?

энэ бол эдийн засгийн амаргүй хүнд үеийг даван туулахад дэм болох зорилго бүхий арга хэмжээ. Тиймээс зах зээлд өнгөрсөн жил болон энэ жилд нийлүүлэгдээд буй нийт орон сууцны эрэлтийг бүхэлд нь хангахгүй. Үүнийг ийм тооцоотой хэрэгжүүлэх нь үнэ хөөрөгдөхөөс ч сэргийлнэ.

-Эдийн засаг хүнд байгаа ийм үед Засгийн газар баталгаа гаргаж өгч чадахгүй гэж зарим УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэгээд ч банк зөвшөөрөхгүй гэх сөрөг мэдээллүүд бас сонсогдсон. Сонгууль дөхсөн болохоор улс төр, популизм, шоу ороод байна уу гэж харагдаж байсан л даа. Ингэхэд банкуудтайгаа яаж тохирсон бэ?

-Хийрхэхтэй мантай л байна. Хэрэв ипотекийн зээлийг огт урьдчилгаа төлбөргүй болгож, хүүг нь бууруулж, барилгажилтыг хурдасгаж, хязгааргүй баялагтай орныхоо бүх иргэдийг байртай болгоно гэх мэт эерэг хүлээлтийг хөөрөгдөж байсан бол хийрхэж байна гэж болох л байсан байх. Гэтэл “Манай салбар тун амаргүй сорилт бүхий үеийг даван туулж байна, салбарыг маань ийм цаг үед нь ойлгож, дэмжих бодит хэрэгцээ байна” гэж гүйх маягаар хийрхдэггүй байлгүй дээ.

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд долоон гаруй хувиар өссөн статистик мэдээ бий. Энэ үзүүлэлтийн 30-аад хувийг барилгын л салбар бүрдүүлсэн байдаг. Гэтэл эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын хүндрэлээс болоод энэ салбар хэцүүдвэл эдийн засаг өөрөө ямар эрсдэлд орох вэ. Яг ийм эрсдэлийг л бий болгохгүй гэж барилгын салбарт тодорхой хэмжээний дэм үзүүлэх бодлогын сонголтыг хийх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн бодлогын дэмжлэгийн тухай ярихдаа бүх барилга байшинг авахуулаад, салбарынхныг “гарыг нь гадаа, хөлийг нь хөдөө” жаргаах тухай огт яриагүй. Зөвхөн хүнд үед гал алдчихгүйхэн, салбар дахь өр зээлийн гинжин сүлжээнээс үүсээд буй хүндрэл гацааг аядуухан даван туулах л асуудлыг ярьж байгаа. Ийм бодитой, хэтрүүлэггүй, аргадсан арга хэмжээг авах тухай ярьж популизм хийдэггүй байх гэж бодож байна.

Банкнууд зөвшөөрч байгаа. Учир нь тэдний томоохон харилцагчид бол барилгынхан. Энэ салбарынхны ажил хөдөлж байвал тэдэнд өөрсөд нь л хэрэгтэй.

Бидний ярьж буй арга хэмжээний дайны нөөц боломж төрд бий. Өнөөдөр хийхгүй бол маргааш хэд дахин нугалсан өртөгтэй шийдвэр гаргах зайлшгүй сонголтод хүрэхгүйн тулд л ийм шийдэрийг гаргаж байгаа юм. Гэхдээ салбарыг дэмжихдээ ард иргэдээ орон сууцжуулах хувилбарыг манай засгийн газар сонгосныг бас анзаарч буй бизээ. Түүнээс дан барилгын салбараа шууд зээл, татаасаар дэмжсэн бол эдийн засгийн үр өгөөжийн хувьд жаахан өрөөсгөл л болох байсан байх.

-Манай эдийн засагчид ярихдаа барилгын салбар ингэж зогсонги байдалд орсоныг ипотекийн зээлтэй холбодог. Тэр ч утгаараа 2009 оны АНУ-д өрнөсөн хямрал шиг юм болох вий гэж болгоомжлоод байх шиг…

-АНУ-д болсон хямрал бол эн тэргүүнд ипотекийн хоёрдогч зээлийн эрсдэлтэй байдал даамжирснаас үүдсэн. Учир нь ердийн ипотекийн зээлийг олгохдоо зээлдэгчийн орлогын чадавхи зэрэг суурь шалгуур үзүүлэлтүүдийг харгалздаг байсан тогтолцоо үгүй болсон байдаг. АНУ-ын банк, санхүүгийн хүрээнийхний өнөөдөр хүлээн зөвшөөрч байгаагаар Америкт байрны үнэ буурахгүй гэдэг суурь ташаа дүгнэлтэд тулгуурлан зээлийн ийм бүтээгдэхүүнүүдийг олноор “үйлдвэрлэж” эхэлсэн. Тэгэхээр өмнө нь ипотекийн ердийн зээл авчихсан хүн ипотекийн зээл авч байр нэмэн авах боломжтой болсон. Ажилтай нэг нь хэд хэдэн ипотекийн зээлийг өөрийн даах чадавхийг харгалзахгүйгээр авах боломжтой болсон гэсэн үг. Нэг ёсондоо хүн бүр өөрийн үндсэн ажлын зэрэгцээгээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх боломж нээгдсэн ч юм шиг л болж л дээ. Гэтэл ийм бизнесийг хүн бүр хийгээд байдаг зүйл бас биш. Өөрийн гэсэн том эрсдэлтэй шүү дээ. Тиймдээ ч том хямралыг дагуулсан.

Гэтэл манайд байгаа ипотекийн зээлүүд бүгд ажил, орлогын хатуу шалгуурыг давж байж олгогддог. 30 хувийн урьдчилгаа чинь өчнөөн шалгуур давж зээлээ авч буй хүний төлбөрийн чадавхид эргэлзсэн тогтолцоо биш шүү дээ. Харин үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом унахаас сэргийлсэн механизм юм. Тэгэхээр энэ зээлийн суурь ойлголт нь ч Америкийн ипотекийн хоёрдогч зээл шиг барилгын үнэ өснө гэдэгт тулгуурлаагүй, харин ч унахыг үгүйсгээгүй бөгөөд тэр эрсдэлээ хаах 30 хувийн механизмыг өөртөө агуулсан мөн чанартай. Өөрөөр хэлвэл манай ипотекийн зээлууд бол ард иргэдээ орон сууцжуулах гэсэн бусад бүх оронд байдаг ердийн ипотекийн зээл юм. Түүнээс үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх боломж, үүд хаалгыг хавтгайруулан нээсэн хариуцлагагүй гэмээр зээлийн тогтолцоо биш. Энэ ялгаа бол маш том ялгаа юм шүү. Тиймдээ ч манай энэ зээл чинь 2003 оноос яваад 2009 онд Монголд өрнөсөн хямралын ард гараад өдийг хүрсэн гэхэд хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд орсон нь ердөө л 2.5 хувь, муу зээл болсон 0.5 хувьтай байгаа юм.

-Банкны урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцтай болох хүмүүсийн хэрэгцээ хангагдсан. Тэгэхээр Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх энэ арга хэмжээ нь олон нийтэд маш их таалагдаж байна. Харин төр, иргэн хоёр нийлээд орон сууцны урьдчилгаа мөнгийг босгохыг арилжааны банкууд зөвшөөрч байгаа юу?

-30 хувийн урьдчилгаат төлбөртэй 20 хувийн зээлийг яагаад дэмжих хэрэгтэй вэ гэдгийн үндсэн хариултыг та асуултаараа өгчихлөө. 30 хувийн урьдчилгааг төлөөд 80 метр квадрат хүртэлх байрыг авах ипотекийн зээлд хамрагдах хүсэл эрмэлзэлтэй иргэд бараг шавхагдсан. Үүнийг үргэлжлүүллээ гээд үр дүн ер нь л гарахгүй гэж хэлж болно. Тэгэхээр тодорхой шийдэл зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Лав л “Эдийн засаг ийм болсонд би хамаагүй юм чинь” гээд ёстой популист шоу-шүүмжлэлийг өрнүүлээд юу ч хийхгүй суух нь ёс суртахунгүй сонголт.

Тиймээс бусад улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харж байгаад хамгийн үр дүнтэй, гэхдээ зах зээлийн зарчмыг гажуудуулахгүй бодлогыг гаргах нь нэн чухал.

Одоо яригдаж буй шийдлийг банкууд дэмжиж буйг дээр дурдсан. Учир нь банкнуудын хувьд 30 хувийн урьдчилгааны тогтолцоо нь өөрчлөгдөхгүй байгаагийн зэрэгцээ тэдгээрийн томоохон харилцагчид зээлээ төлөх боломж нээгдэх нь эргээд банк, санхүүгийн систем цаашлаад улс орны эдийн засагт л тустай. Тэгээд ч энэ шинэ зээлийн тогтолцоо банкуудад эх үүсвэрийн шинэ дарамтыг бий болгохгүй. Ер нь иргэдийн хувьд урьдчилгаа нь 10 хувьтай болж байгаа нь огтоос байж болохгүй агаараас зохиочихсон тогтолцоо биш гэдгийг банкныхан бас сайн мэдэж байгаа. Найман хувийн зээлийн өнөөдрийн мөрдөж буй журамд урьдчилгаа төлбөрийг 10 байж болохоор заачихсан байгаа юм шүү дээ. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмын 2.4-т урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь байна гээд тов тодорхой бичсэн байгаа. Харин журмыг батлах тухайн үед бодлогын сонголтоо хийхдээ 30-ийг нь авсан байгаа юм. Тэгэхээр яг ийм хэцүү үед нь л 10 хувийг сонгоно гэж энэ тоог журамд тусгасан байгаа байх.

Тэгээгүй, эдийн засгийн өндөр өсөлттэй үед хэрэглэнэ гэж тооцож ийм тоог оруулсан бол эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байх тухайн үед л энэ 10 гэсэн хувийг сонгох байсан байлгүй дээ. Нэгэнт банкуудын өнөөг хүртэл мөрдөөд ирсэн журамд урьдчилгаа төлбөрийн хэмжээ 10 хувьтай тэнцэж байж болохоор тусгасан байдаг тул банкууд үүнийг дэмжиж байгаа юм. Тэгээд ч дахин хэлэхэд банкуудын хувьд 30 хувийн урьдчилгааны тогтолцоо өөрчлөгдөхгүй байгаа шүү дээ.

Урьдчилгаа төлбөр 10 хувь болохыг банкууд дэмжих бас нэг шалтгаан нь бусад улс оронд энэ нь байдаг л босго. Хаана ч байдаггүй юмыг яриад унасан бол хэн ч цочирдоно л доо. Харин ч манай 30 хувь бүс нутагтаа өндөртөө л орно. Гэтэл манай иргэд бүс нутгийн бусад орныг бодвол харьцангүй бага орлоготой байдаг. Манайд ипотек шинэ тогтолцоо учраас түүнийг 30 хувьтай байж баймаажин л найдвартай байдаг мэтээр ойлгох явдал ажиглагдах юм. 5-20 хувийн урьдчилгаа төлбөрийн тогтолцоотой орнууд тэгтэл ийм урьдчилгаа төлдөг зээлдэгчдийгээ найдваргүй гэж огт үздэггүй болоод л ийм бага урьдчилгааны тогтолцоотой байгаа шүү дээ. Бусад орныхоос өндөр байгаа юм бол эхнээсээ яах гэж 30 хувийг гаргасан юм бэ гэж асуух хүн гарч болно. Журмыг баталж байх үед байрны үнэ хөөсрөлтэй байсныг бүгд мэдэж байгаа. Хөөс сарнидаг нь жам. Харин хөөс сарнихад зээлээ асуудалгүй төлөөд явж буй Лутаагийн зээл түүнээс огт хамаараагүй шалтгаанаар муудаж, буруугүй Лутааг эрсдэлд оруулж магадгүй хэмээн болгоомжилсон тооцоотой тогтолцоо. Түүнээс Лутаа зээлээ төлж чадахгүй болчихож магадгүй хэмээн нэн тэргүүнд хардсан тогтолцоо биш. Лутаагийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд түүний сар бүр төлсөн мөнгө бас байр өөрөө банкинд байгааг бодолцох хэрэгтэй. Харин байрных нь үнэ буурвал яах ч аргагүй байдал бий болдог. Тиймээс л 30 хувийг нь цаашид ч буулгахгүй, зөвхөн засгийн газрын баталгаагаар тодорхой хэмжээнд нь орлуулах тухай яриад байгаа юм.

Харин өнөөдөр 30 хувьтай тогтолцоог сонгоход хүргэсэн барилгын “хөөсрөлттэй хэмээх” үнэ төгрөгийн ханшийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн илүүдэл, эрэлтийн сааралтаас болоод буурч, хөөсрөлөөс ангижирч байхад 20 хувийн баталгаатай тогтолцоог нэвтрүүлж, зах зээл дээр хөдөлгөөн үүсгэн дэм өгч, иргэдээс ачааллыг буулгах нь зохимжтой. Эс тэгвээс эрсдэл өөр өнцгөөс довтлох магадлалтай. Төлбөр тооцооны удаашралыг зөөллөхгүй байж байгаад үл хөдлөх хөрөнгийн огцом уналт руу явбал банкинд байгаа барилга байгууламжийн барьцаатай бүх зээлүүд эрсдэлд орох магадлалтай. Энэ нь эргээд эдийн засагт яаж нөлөөлөх билээ гэдгийг төсөөлж болно. Манайх шиг нөхцөл байдалд орсон бусад улс орнуудын төр засаг барилга, үл хөдлөх хөрөнгийн салбараа анхаарч, харин бүр далайцтай, аливаа эргэлзээгүйгээр дэмжих арга хэмжээ авдгийг энд бас дурдах нь илүүдэхгүй биз ээ.

Та түрүү Америк шиг болохвий гэж байсан. Цаг үедээ тохирсон ийм арга хэмжээг авахгүй зүгээр суувал харин тийм байдал орох вий гэж болгоомжлууштай. Барилгын салбар бол улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр ирсэн томоохон салбарын нэг. Тэгж тэр бүр туслалцаа дэмжлэг гуйгаад байдаг ч салбар биш. Хүнд үед нь дэмжээд өгөхөд өгсөн дэмжлэгийг цаашдаа үр шимийг нь давуулж л хариу барьдаг салбар. Тэгэхээр тэдгээрийг ядарсан үед нь зөнд нь хаяхгүй дэмжих нь банкнуудад өөрсөд нь ч, эдийн засагт ч ашигтай гэдгийг бас ойлгоцгоож л байгаа байх.

-Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт Засгийн газар баталгаа гаргаж өгч байна. Тэгэхээр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгааны хугацаа хэдэн жил байх вэ. Хүү төлөх үү?

-Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8(±1) хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг. Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц Засгийн газрын баталгаа дуусгавар болдог байх байр суурийг манай яам баримталж байгаа. Энэ бол найман хувийн зээл, тэгэхээр баталгааг үндэслэн авсан зээлийн хэсэгт ч үйлчлэх ёстой.

-Нэг хэсэг нь Засгийн газар энэ мөнгийг иргэдэд хүүгүй, урт хугацаанд өгнө гэх юм. Хэрэв тийм бол эдийн засаг хүнд байгаа энэ үед төр улам хүнд байдалд орно. Нөгөөтэйгүүр банкны хүүтэй ижил байвал иргэдийн нуруун дээр ачаа болно гэж байна л даа. Орон сууцанд орохын тулд урьдчилгаагаа ахиу төлөх тусам банкнаас авч байгаа зээлийн хүү бага тооцогдоно. Харин урьдчилгаагаа бага төлбөл хүүгийн төлбөр нэмэгдэж, иргэд өрийн дарамтаас гарч чадахгүй гээд байна. Иймэрхүү эргэлзээтэй асуудалд та тайлбар өгөхгүй юу?

-Ямар ч мөнгө үнэ цэнтэй. Тэр нь хүүгээр илэрхийлэгддэг. Засгийн мөнгө татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг тул тэгэх тусмаа үнэ цэнэтэй. Тэгэхээр үнэ цэнийг нь буюу хүүг нь төлүүлэлгүй зээл өгнө гэдэг бол бэлэглэнэ гэсэн үг. Ёстой нөгөө популизм ч нь болно. Тийм зүйл байх боломжгүй. Баталгааны 20 хувьтай тэнцэх зээлийн хэсэг адилхан найман хувийн хүүтэй л байна. Найман хувийн хүүг байж боломгүй хүнд ачаа гэж өнөөг хүртэл үзээгүй ирсэн гэж ойлгодог. 20 хувийн баталгааны тухай асуудал яригдахаар гэнэт тэгэмгүй юм.

Харин 20 хувьдаа хүү төлдөггүй байсан, одоо төлдөг болчихож буй юм биш үү гэж асуух нь бий. Гэхдээ 20 хувь нэмэх нь 10 хувийг шууд өөрийнхөө халааснаас иргэд төлж байгаа шүү дээ. Тэгэхээр зээлдэгч өөрөө л найман хувийн хүүгийн ачаалалтай зээлтэй байх уу, эсвэл зээлийнхээ 20 хувийг шууд гаргах ачаалалтай байх уу, аль нь нуруун дээр нь илүү ачаалал болж буух уу гэдгийг өөрсдөө л шийдэх асуудал. Урьдчилгаа 10 хувийг тэртэй тэргүй төлнө, нэмээд зээлийн 20 хувьтай тэнцэх мөнгийг өнөөдөр шууд гаргана гэдэг хэцүү ачаалал байгаа учраас л өнөөдөр таны дээр асууснаар 30 хувийг урьдчилаад шууд төлчихдөг хүмүүсийн тоо ханаад байгаа байх. 30 хувийг урьдчилаад шууд төлж чадахгүй байна гэдэг муу зээлдэгчийн шинж огт биш. Шууд л бэлэн мөнгө гаргаад ир гэвэл баруунд ч тийм амар бүтэхгүй. Тийм ч учраас тэнд урьдчилгаа чинь 30 хувиас доогуур байх нь маш элбэг. Тухайлбал, ихэнх залуу хүмүүс зүгээр л залуу учраас тэр 30 хувийг чинь бүхлээр нь хуримтлуулж чадаагүй байдаг. Түүнээс тэд залхуу, худалч, зальхай хүмүүс биш шүү дээ. Тэдэнд 30-40 жил ажиллах ирээдүй байгаа. Тэр хугацаандаа байрны байтугай олон зээл авна ч, барагдуулна ч. Машин, гэр орны тавилга хэрэгсэлийн гээд л зөндөө зээл авна шүү дээ. Гэтэл найман хувийн хүү гэдэг бол манай хэмжээгээр аваад үзэхэд тийм ч өндөр биш. Ийм залуусын хувьд найман хувьтай зээл авах нь 20 хувийн урьдчилгааг шууд бэлнээр төлөхөөс гайгүй ачаалал байх болов уу.

20 хувийн баталгааг үндэслэн авах зээлийн 20 хувийнхаа хүүд найман хувийг төлөхийг ачаалал гэж үзэж буй хүнд 30 хувиа шууд төлөөд (өөрөөр хэлвэл 10+20 хувиа шууд төлөөд) ипотекийнхаа зээлийг авах боломж өнөөдөр ч нээлттэй байгаа. Цаашид нээлттэй хэвээрээ л үргэлжлэх болно. Гэхдээ ихэнх иргэдийн хувьд 20 хувийг цүлхийтэл гаргаад тавьчих нь найман хувийн хүү төлөөд авах зээлнээс илүү ачаалалтай тусах байх даа. Зүгээр 30 хувийг шууд төлөх бэлэн мөнгөтэй хүн байлаа гэхэд 10 хувиа урьдчилан төлж зээл аваад найман хувийн хүү төлөөд 20 хувьтай тэнцэх мөнгөө банкинд хугацаатай хадгалуулахад л 10-аас дээш хувийн хүү банкнаас хадгаламжиндаа авна шүү дээ. Тэрийгээ тэгж хадгалуулахгүй бизнест хөрөнгө оруулбал бүр илүү ч байж мэднэ. Тэгэхээр 30 хувийн урьдчилгаагаа шууд төлөх чадвартай хүнд ч энэ 10 хувийн урьдчилгаа төлөх зээлийн тогтолцоо нь илүү ачаалалтай гэхээсээ ашигтай л байх болов уу. Харин 30 хувиа шууд төлж чадахгүй, гэхдээ алсдаа асуудалгүй төлчих олон ажилсаг залуусын хувьд бол 20 хувийн баталгаанд суурилсан зээл нь ачаалал биш харин боломж юм. 10 хувийн урьдчилгаатай ийм зээл байхгүй бол тэд өнөөдөр байртай болж чадахгүй. Тэд “Бид найман хувийн хүүгийн ачааллыг 20 хувийн баталгаан дээр үндэслэж авсан зээлэн дээрээ авъя” гээд ч, тэр ачааллаа тэгээд үнэхээр даахаар байгаад ч өнөөдөр байртай болж чадахгүй. Тэд мөнгөө хуримталтал хүлээх л хэрэгтэй болно. Гэтэл тэд өнөөдөр байртай болчихвол тэд ч хожно, барилгын салбар ч хожно, ипотекийн зээлийг олгож буй банк ч хожно. Ажилтай, ажилсаг, хариуцлагатай хүмүүс бол уг нь алсдаа байртай болохдоо л болно. Түүндээ ипотекийн зээлийн хэмжээний мөнгийг тэртэй тэргүй төлнө. 30 хувийн зээлийн тогтолцоондоо бид уян хатан хандаад яг өнөөгийн бодит шаардлага хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөлт хийхгүй бол, ажилч хичээнгүй, хямралтай ч хямралгүй ч олон жил орлого тогтвортой олох боломжтой, зөвхөн өнөөдөр хангалттай хуримтлалыг бий болгож чадаагүй хүмүүс маань энэ жилдээ биш, нэлээд хэдэн жилийн дараа л байртай болно. Тэртэй тэргүй мөнгө төлөх ирээдүйн бололцоотой ийм хүмүүстээ өнөөдөр боломж олгох нь шударга биз дээ.

Харин 10 хувийг төлж буй зээлдэгч маань үнэхээр төлбөрийн чадвартай эсэхийг бол газар дээрээ банк л тогтоож шийдвэрлэнэ. Банкнууд өөрсдийнхөө эрсдэлийг бодоод шигшилтийг мэдээж сайн хийнэ. Ямартай ч өнөөг хүртэл энэ зээлийн хувьд шигшилтийг “өршөөлгүй” хийж ирснийг бодоход цаашид ч сайн хийх байх. Энэ ажиллагаанд нь төр харин хушуу нэмэрлэх хэрэггүй.

-Өнөөдрийн байдлаар зах зээлд 32.6 мянган айлын орон сууц нийлүүлэгдсэн гэж ярьж байна. Эдгээр орон сууцны хэдэн хувь нь 80 ам.метрээс дээш талбайтай юм бэ?

-2014-2015 онд зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа 32-36 мянган айлын орон сууцны 23 хувь нь 80 ам.метрээс дээш талбайтай гэсэн мэдээлэл бидэнд байна. Эдийн засаг хүндрээд барилгын салбарт эрсдэл бий болгоод, тэр нь ажлаа зүгээр хийгээд мөрөөрөө явж буй барилгын инженер, ажилтнуудад мөн эдийн засагт бүхэлд нь эргээд дарамт болох гээд байгаа учраас л оновчтой гарцыг Засгийн газар эрэлхийлж, уян хатан, бодит нөхцөл байдлыг харгалзсан, олон улсын жишгээс ангид биш шийдвэрийг гаргах ёстой гээд байгаа юм шүү дээ.

-Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулж байгаа юу. Уг нь журам гарсан байх аа?

-Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны 151-р тогтоолоор, Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт оруулснаар ипотекийн зээлийн хүү аймаг, сумын иргэдийн хувьд 7(±1) хувь болж өөрчлөгдсөн. Аймаг, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууц мөн хот төлөвлөлт, барилгын норм, дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн тухайн иргэний өөрийнх нь өмчийн газар дээр баригдсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ хэрэгжилт тал дээрээ нэг их урагштай биш л байгаа.

-Өнөөдөр орон сууц илүүдээд байгаа бас нэг шалтгаан нь арилжааны банкуудын босго дэндүү өндөр байна гэж иргэд шүүмжлэлтэй ханддаг. Мэдээж банк эрсдэлээ тооцох нь зөв. Ипотекийн зээлийн журмыг уян хатан болгох тал дээр салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Банкуудын босго дэндүү өндөр байна гэлээ. Яг ийм учраас л буулгахыг эрмэлзэж байгаа юм. Тэгээд л асуудалд уян хатан хандъя, иргэдээ ч эртхэн орон сууцтай, эдийн засагтаа ч дэм өгье л гэдэг байр суурийг Засгийн газар барьж байгаа.

-Цаашид орон сууцны үнэ буурах уу?

Одоо төгрөгийн ханш, эдийн засгийн хямрал зэрэг хэд хэдэн сөрөг үзүүлэлт үйлчилснээс улбаалаад байрны үнэ бууж байна. Бидний санал болгоод буй арга хэмжээ зах зээлд дэм түлхэц л өгнө. Түүнээс нийт нийлүүлэлтээс эрэлтийг давуулах гэсэн халуурал биш. Тэгэхээр шинэ зээлийн дүнд үнэ өсөх зах зээлийн шалтгаан байхгүй.

-Барилгын компаниуд асар хямд өртгөөр босгосон орон сууцныхаа үнийг хөөсрүүлээд байна гэх шүүмжлэл байдаг. Өнөөдөр орон сууцны боломжит үнэ хэд байх ёстой юм бэ. Одоогийн байгаа үнэтэй харьцуулан авч үзвэл нэгж талбай тутамд хэдэн төгрөгөөр буурах боломжтой вэ?

-Үнэ ямар байхыг зэх зээл л шийднэ. Үнийг төр, сайд тогтоодоггүй. Эрэлт буураад ирэхээр үнэ буурах нь зах зээлийн хууль. Үүнийгээ дагаад хөөсрөлт буурна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу хүүхэд байхдаа Володя нэртэй байжээ

Гэр бүлээрээ

Хөдөлмөрийн баатар Намхайнямбуугийн хүү Н.Содномдаржаа, охин Н.Оюунчимэг нартай аавыг нь дурсан ярилцлаа.

-Аавын тань тухай дур­самжаар яриагаа эхэлье.

Н.С: -Бидний аав бол тэр нийгмийн сайхан цаг үед түмэн хонийг өсгөж өгнө гэж 16, 17 настайдаа амлалт өгч төлөвлөгөөнөөсөө дөрвөн жилийн өмнө давуулан биелүүлж байсан. Түүний зэрэгцээ бидний есөн хүүхдээ өсгөж өдий зэрэгтэй гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Үнэхээр их хөдөлмөрлөж 29 насандаа хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм цолыг авсан байх. Аавыгаа хэзээ унтаж хэзээ сэрдгийг огт мэддэггүй, биднийг унтахад сэрүүн л байж байдаг. Өглөө босоход сэрүүн л байдаг. Цаг наргүй л хөдөлмөрлөдөг хүн байж.

-Аавын тань бичсэн ном байдаг. “Хонины хишиг” нэртэй ном байсан санагдана. Өөр ном бий юу?

Н.С: -Өөр жижиг товхим­лууд бий л дээ. Туршлагаас нь оруулсан.

-Хүүхдүүдээс нь аавын­хаа мал маллах ухаа­ныг өвлөсөн хүн бий юу?

Н.С: -Байхгүй дээ. 1992-1996 онд их хуралд суусны дараа есөн хүүхдийнхээ хотонд зуу зуун хонь үлдээх үү, толгойд нь зуу зуун мэдлэг үлдээх үү гэдгийг л аав, ээж хоёр минь ярьж байж хот хүрээ орохоор шийдсэн. Одоо бол мал бидэнд байхгүй. Ер нь хувьдаа айхтар хөрөнгө малтай айл байгаагүй. Дандаа л нэгдлийн мал маллаж байсан шүү дээ, аав минь. Мал хувьд очоод удаагүй байхад аав минь УИХ-ын гишүүн болж ирсэн. Нутгийн ахан дүүс дээр хэдэн малаа тавиад нийслэлд ирж байлаа. Нэг их олон мал ч байгаагүй ээ. 1996 онд нийслэлд ирээд Гачууртад хоёр жил өвөлжсөн. Тэгээд сүүлтэй, сүүлгүй чононд хэдэн малаа алдаад, аав минь бие нь дийлэхээ байгаад үлдсэн тав арван малаа эмчилгээ энэ тэрдээ зориулаад дууссан даа.

-Аавын тань хэлсэн гайхалтай сайхан үгнүүд бий. Та нарт ч бас сургаал үгээ хэлдэг байсан байх.

Н.О: -“Бэрхшээл бол хүнд ялагдах л гэж ирдэг. Бэрхшээлийн ялагч нь ганцхан эзэн нь байдаг юм” гэж хэлдэг байсан. “Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй” гэж хэлдэг. “Монгол оронд ямар ч төр тогтлоо гэсэн Монголын хөгжлийн үндэс мал аж ахуй байх болно” гэж хэлж байсан. Хөдөлмөрийн баатар болчихоод “Баатарын минь алтан соёмбо хоттой хонин дотор минь байсан” гэж хэлсэн байдаг. Амжилт үргэлж хажууд байдаг гэдгийг л илэрхийлсэн үг болов уу.

Дөрвөн хүүгийн хамт

-Үр хүүхдүүд нь хаана юу хийцгээдэг вэ?

Н.С: -Аав минь дөрөвдүгээр ангийн л боловсролтой хүн шүү дээ. Өөрөө ч номон дээрээ бичсэн байдаг. Ямар сайндаа л Их хурлын гишүүн байх үед нь олон ангит Халтар царайт гэж кино гардаг байлаа. Тэр киноны Королия гэж үг дуугардаггүй хүний дүр гардаг даа. Аавыг минь тэр дүрийн нэрээр хочилчихсон байсан шүү дээ. Гэхдээ аав минь хааяа нэг дуугарахдаа нэлээд жинтэй дуугардаг байсан. Аав минь хожим “Хүнд боловсрол их хэрэгтэй юм байна гэдгийг би Их хуралд сууж байхдаа ойлгосон. Тийм учраас хүүхдүүддээ хонь мал хотонд нь үлдээх биш тархинд нь мэдлэг үлдээх нь зөв гэж шийдсэнээ хэлдэг байлаа. Тэгээд ч тэр үү, бидний дундаас мал дагасан хүн байхгүй. Бүгд дээд сургуульд сурсан даа. Манай том ах Хаянгарав Төмөр замын цагдаад ахмад цолтой ажиллаж байна. Би өөрөө СООС олон улсын хүүх­дийн байгууллагад ажил­­лаж байна. Миний дараа­гийн дүү Наранцэцэг маань Эрүүл мэндийн яаманд нягт­лан, Жамьянсүрэн гэж дүү маань хувиараа юм хийдэг, Оюунчимэг маань СУИС-д ажиллаж байна. Дорж­жүгдэр гээд дүү маань Баянзүрхийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, Германд Отгонлхам гэж дүү маань сурч байгаа. Батсүрэн гээд Сүхбаатар дүүргийн цагдаад бас нэг дүү маань ажилладаг. Хамгийн бага дүү Хоролсүрэн маань “Шавь” цогцолбор сургуульд бага ангийн багш. Ээж маань ач зээ нараа хараад л байж байна даа. Одоо таван ач, хоёр зээтэй болсон. Би гэхэд өөрийн хоёр хүүхэд дээр гурван хүүхэд өргөж аваад таван хүүхэдтэй болсон. Ингээд бид улам л өнөр олуулаа болоод байгаа.

-Зан чанарын хувьд таны аав ямар хүн байсан бэ?

Н.С: -Хэлэх гэсэн үгээ тоглоом шоглоом мэтээр ёжилж хэлдэг хүн байсан. Алгадаж гар хүрч байгаагүй ч үгээрээ аргадаж үгээрээ зэмлэж ухааруулдаг. Ямар ч хүнийг ялгадаггүй. Хүүхэд ч байсан яриад л, инээж хөхрөөд явж байдаг. Хөгшин хүн байсан ч, залуу хүн байсан чиг л адил харьцана. Нэг хэлсэн үг нь хүчтэй цохиод авснаас илүүтэй тусдаг байсан. Миний санаанаас гардаггүй нэг дурсамж бий. Би аавыгаа 2000 онд хүнд өвчтэй байхад нь Солонгос руу насилкин дээр түрээд авч явлаа. Явахаасаа өмнө лам багшдаа очиж арц хүж авсан. Би тэр үед тамхи татдаг байлаа. Тамхи нууцаар татаад л араас нь нөгөө авч явсан арц хүжээ асаагаад шүдээ угаагаад мэдэгдэхгүй гэж хичээнэ. Нэг удаа аав эмнэлгийн орон дээр буруу хараад л хэвтэж байсан юм. Гэтэл буруу харсан чигтээ аав ”Содномдаржаа миний хүү ухаантай байгаарай “ л гэсэн. Тэгэхэд тархин дундуур тас буугаад авсан юм шиг л болж би тамхинаас гарч байлаа. Дараа нь аав минь бөөрний дутагдал, зүрхний шигдээс гэдэг оношоор 2003 онд мөнх бусыг үзсэн юм шүү дээ.

-Ингэхэд таны аавд мал маллах ухааныг ямар хүн заасан юм?

Н.С:-13 наснаасаа л мал малласан. Аав, ээж нь ядуу амьдралтай малчин хүмүүс байсан. Аавын угсаа гарал нь тайж удамтай. Аавын өвөө Жамжаа гэж тайж байж. Хэвтээ хонь босгодоггүй, тийм номхон тайжууд байсан юм билээ. Бас их номтой хүмүүс байсан гэж аав ярьдаг байсан. Аавын аав буюу бидний өвөө их даруу хүн байсан гэдэг. Сүүлд хэлгүй болчихсон гэх юм билээ. Тэгээд эрхиэ эргүүлээд л суудаг байсан гэж өвөөгийн тухай аав ярьдаг байсан. Аав минь айлын зургаан хүүхдийн дээрээсээ дөрөв дэх нь. Гурван том нь охин, гурван бага нь эрэгтэй. Ер нь бол аавын талынхан хүү цөөнтэй байсан болохоор хамгийн анх аав минь хүү болж төрөхөд их эрхлүүлж газар тавилгүй өсгөсөн гэдэг. Бас их өвчин ороодог хүүхэд байсан гэнэ лээ. Аав, ээж нь аавд минь Чулуунбат гэдэг нэр өгсөн. Тэгээд өвчин ороогоод байхаар нь тэр нутгийн Агаа гэдэг хүн орос эмч авчирч үзүүлж. Орос эмч үзчихээд эрхий хуруугаа гозойлгоод “Хорошо, хорошо” гээд нэлээд их юм оросоор яриад байж. Агаа нь орчуулж өгөөд “Танай хүүхдийг зүгээр байна гэлээ. Гэхдээ “нэрийг нь соль гэлээ” гэсэн юм билээ.

-Тэгээд нэрийг нь сольсон хэрэг үү?

Н.С: -Солихоор барах уу даа. Нөгөө орос эмч Володя гэж нэр өгсөн байгаа юм. Эмээ, өвөө хоёр Володя гэж дуудаж чадахгүй Болоож гэж монголчилж дуудсаар аав маань Болоож гэж нэртэй болсон.

-Сонирхолтой юмаа. Чулуунбат нь Володя, Володя нь Болоож болж. Тэ­гээд хэдийдээ Намхай­нямбуу болсон хэрэг вэ?

Н.С: -Сургуульд ордог жил нь орос нэртэй хүүхдүүдийн нэрийг монголчлох аян яваг­даж байсан юм шиг билээ. Тэгээд ангийн багш Нямдорж нь аавд хандан “Чамайг Намхай­нямбуу гэж дуудаж байя. Ямар санагдаж байна” гэхэд аав тэр үед юу ч хэлээгүй ч дотроо “Их сайхан нэр бай­на” гэж бодсон тухайгаа номондоо бичсэн байдаг. Өөрөө ч бидэнд ярьсан. Магад­гүй хүний хувь заяа гэж сонин юм хойно. Дуурсах нэрийг эцэг эх, дурсагдах алдрыг өөрөө олдог гэдэг шиг өнөөдөр Володя, Чулуунбат гэдгээрээ байсан бол ингэж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болох байсан ч уу, үгүй ч билүү хэн мэдэх билээ. Аав Их хурлын гишүүн байхдаа алхаад л эсвэл автобусаар л явдаг байлаа. Хүмүүс ааваас “Та чинь Намхайнямбуу баатар уу” гэж ирээд л асууна. Эсвэл “Та чинь хэн билээ. Харсан хүн шиг” гээд асууна. Аав “Өө би Намхайнямбуу” гэж огт хэлдэггүй, “Намайг Болоож гэдэг” гэж хэлчихээд л яваад өгдөг. Хүмүүс төөрөл­дөөд л, инээх гайхахын завсар үлддэг байсан. Харин манай хамаатнууд, дүү нар нь бол аавыг Амбаажав гэж авгайл­даг. Аав өөрийгөө харин Нам­хайнямбуу гэж ер хэлдэггүй, утсаар хүн асуусан ч “Болоож байна” гэдэг байж билээ.

-Аавын тань тухай домог ч юм шиг, үнэн ч юм шиг түүхүүд их ярьдаг. Заримаас нь хуучлаач…

Н.С: -Намайг бага байхад нэг их зуд болж манайх Завханы Сонгинохайрханд өвөлж­дөг байсан. Тэрнээсээ цааш Сантын нутаг руу Хөшигийн үзүүр, Хоёр маргаз уулын хавьд өвөлжиж байсан юм шиг байгаа юм. Завханы Тэсийн тэжээлийн аж ахуй гэж байсан. Тэр аж ахуйгаас аавд тусламж гэж хоёр трактор өвс явуулж. Орой цасан шамрагатай үед нөгөө хоёр трактор өвс нь ирсэн байгаа юм. Тэгээд аавтай таараад нэрийг нь асуухад аав өөрийгөө Болоож гэж танилцуулж. Нөгөө хоёр жо­лооч “Намхайнямуу баатарынх аль вэ” гэж. Тэгэхэд аав “Та хоёр одоо яваад баатрынхыг олохгүй. Манайд хоночихоод өглөө яв” гэж хэлж. Тэгээд нөгөө хоёр манайд хоноод ээж хоол цай хийж өгөөд аав тэр хэд шөнөжин ярьж сууж. Тэр үед нөгөө өвс ачиж ирсэн хоёр “Манай дарга нар ч гэж дарга нар. Тэр баатар нь ч гэж баатар. Баатар гэхээр л манай дарга нар хөлөө хугалчих гээд заавал өнөөдөр багтааж хүргэж өг, тэгэхгүй бол болохгүй гээд тушаал буулгаад…” гэж ирээд л аавыг баахан муулж. Тэгээд өглөө босоод нөгөө хоёр “Баатрынхыг заагаад өгөөч” гэж гуйхад “Тэр чинь би шүү дээ” гэж аавыг хэлтэл нөгөө хоёр хүн үг дуу ч үгүй ум хумгүй өвсөө буулгаад алга болж өгсөн гэсэн. Дараа нь манай нутгийн хүмүүстэй таараад “Танай баатар ёстой айхтар хүн байна лээ шүү” гэж хэлсэн гэдэг. Энэ мэтээр дамшиглах бол олон шүү дээ. Тэгээд л хүмүүс домог шиг нэмж хачирлаад ярьдаг байх. Аав ер нь л их энгийн даруу, хөдөлмөрч хүн байсан. Ертөнцөөс тасарчихсан хүн байгаагүй. Ямар сайндаа л их хуралд дөрвөн жил суучихаад Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн оюутны байранд жижүүр хийж байсан.

-Тэр тухай асуух гэж байлаа. Яагаад тэнд жижүүр хийсэн юм бэ?

Н.О: -Тухайн үед бид нар “Ааваа жижүүр хийгээд яах юм” гэхэд өнөөх л “Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голж болохгүй” гээд халгаагаагүй. Тэндээсээ ногооны хальс энэ тэрхэнийг ганц тарлан үнээн­дээ тэжээл болгоод аваад ирнэ. Сургуулийн жижүүр хийж байхдаа ундаа, гөөхий зардаг байсан. Ээж маань харин “Ардын эрх” сонинд ажиллаад сүүлд Гадаад хэргийн яаманд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ээжийг сургуульд нярваар авах гэхэд аав зөвшөөрөөгүй.

-Аав тань дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн гэдэг ч маш их ном уншдаг, бичгийн их соёлтой хүн байсан гэж сонссон…

Н.О: -Ном сониноос ер салдаггүй хүн байлаа. Орос хэлийг бие дааж, малын бэлчээр дээрээ л сурсан байдаг. Ямар ч байсан ойлголцдог байсан. Яагаад орос хэл сурсан нь бас их сонин. Орост малчин залуучуудын уулзалтад оролцохоор явсан юм билээ. Орост очоод дэлгүүрээс дуран авах гээд хэл нэвтрэлцэхгүй авч чадаагүй ирсэн гэдэг юм билээ. Тэндээс ирээд л орос хэл бие дааж үзсэн байдаг. Хүн бол аливаа юмыг бие дааж сурахад чадахгүй зүйл байхгүй гэж хэлдэг. Лениний бүх л ботийг уншсан хүн шүү дээ. Сонин хэвлэл их уншина. Биднийг хажуудаа суулгаад цээж бичиг хийлгэнэ. Уншуулна. Орой болохоор бурхны өрөөнд оруулаад нэг нэг гудас хаяад цаг хараад өөрөө хажууд мааниа уншаад л дөч орчим минут мөргүүлдэг байв. Тэр нь бидэнд их хэцүү санагддаг байж билээ. Бас бидний дунд зөв бичих, унших, цээж бичгийн уралдаан зарлаж алдаж, муухай бичсэн нь гэрээ цэвэрлэж хоолоо хийх шийтгэлтэй. Гэрээ цэвэрлээд шүүрдэхээр араас дахиж шүүрдэж үзүүлдэг байсан. Бид сайхан цэвэрлэлээ гэж бодсон байхад хаанаас тийм их хог үлдсэн юм, аавыг цэвэрлэхээр дахиад зөндөө хог гараад ирдэг байж билээ. Тэгэж л бидэнд ажил сургаж байж.

-Хэдэн настайгаасаа мал маллаж эхэлсэн юм бэ?

Н.О: -13 настайгаасаа мал маллаж Лхасүрэн гэдэг хөгшинтэй хот руу тууварт явж байсан. Бие чилээрхлээ гэж нэг удаа ч хэлж байгаагүй. Аав минь 54 настайдаа бурхан болсон. 1995 онд Их хуралд байхдаа баруун талдаа нэг харвасан юм. Багахан хэмжээний харвалт болоод чуулганаас түргэн дуудаж эмнэлэгт хүргүүлж байсан. 1997 оны долдугаар сарын 11-нд Хужир буланд байхдаа бас харвасан. Тэгээд даралт ихддэг байснаас өвчин хэлж байгаагүй. 1999 онд гэнэт өвдөөд хоёрдугаар эмнэлгийн сэхээнд ороход л хоёр бөөр нь эмчилгээгүй, эцсийн шатандаа орж гэж байсан. Тэрнээс хойш гурав дөрвөн жил эмнэлгээр яваад жаахан гайгүй болохоор л аав “зүгээр зүгээр” гээд эмчилгээгээ хийл­гэхгүй орхичихдог байсан. Бүр эмнэлгээсээ такси бариад зугатаагаад гэртээ ирж байсан. Аав маань өнгөрөөд 12 жил болж. Гэхдээ энэ хуга­цаа саяхан юм шиг санагд­даг. Аавыг минь дурсаж ярьж байгаа олон хүн байдаг. Хүмүүс нутаг нугаа ярихаар аавын тухай асууна, аавыгаа хэлэхээр сүйд болно. Баатарын хүүхэд юм уу гээд сайхан байдаг. Бас аавынхаа нэрийг байнга хэлэхээс эмээдэг. Аавынхаа нэрийг гутаачих вий гэж эмээж явдаг шүү.

-Хүмүүсийн зарим нь мартагддаг. Гэхдээ үхсэн хэрнээ амьд юм шиг хүмүүс байдаг гэдэг дээ. Тэрэн шиг л та нарын аав тийм сайхан дуурсалтай хүн байж. Аавынхаа дурсгалд зориулж жил бүр арга хэмжээ зохион явуулдаг гэж байсан.

Н.О: -Сайхан аавын үр хүүхэд болсон минь хувь заяа шүү. Аавыгаа өнгөрсний дараа бид юу хийж үйл хэргийг нь үргэлжүүлэх вэ гэж ярьцгаагаад аав минь “Намайг бага байхад нутгийн буурлууд “Энэ их малд нүдтэй хүүхэд” гэж хэлдэг байсан. Тэрэнд нь их урамшдаг байсан” гэж ярьдаг байсныг санаад “Намхайнямбуу сан” байгуулж жил бүр 10-16 насны хүүхдүүдээс “Малд нүдтэй хүүхэд” шалгаруулж шагнал өгдөг болсон. 11 жил зохион байгуулаад байна. Энэ жил Сэлэнгийн Баянгол сумын 15 настай хүүхэд шалгарсан. Хэвлэлээс хүмүүс энэ тиухай олж үзээд материалаа явуул­даг. Тэрнээс нь шүүгээд хүүх­дээ шалгаруулдаг. Шагналаа гардуулахдаа бид тэр нутагт очиж гардуулдаг.

-Аавыг тань хүндээр өвдөхөд намын нөхөд нь туслаагүй юу. Нэг л чимээ аниргүй байж байгаад бурхны оронд явчихсан юм шиг…

Н.О: -УИХ-ын гишүүн асан Нямзагд ах, ардын эмч Ж.Хатанбаатар, Сансарын 3 а байранд хуучин Их хурлын гишүүд байсан хүмүүсийнх байдаг байлаа. Тэд нараас эхлээд олон хүн тусалсан. Би аавыг өнгөрөхөд УИХ-ын даргад ааваас нуугаад өргөдөл бичиж байлаа. Солонгост эмчлүүлэх гэж байгаа тухай нь бичээд тусламж гуйсан юм. Тэр үед Төмөр-Очир гуай их хурлын дарга байсан. Намайг хүлээж аваад “Ийм тохиолдолд өгдөг мөнгө байдаггүй юм байна. Тиймээс би үүнийг хувиасаа өгье” гээд 100 мянган төгрөг өгч байсан нь их сайхан санагдсан. Мөн Н.Багабанди гуай жил бүр аавд ирж золгодог байлаа. Ерөнхийлөгч байхдаа ч бөөн хамгаалалт машин болоод манай гэрт ирдэг байсан. Аав амьдралынхаа сүүлийн жилүүдэд намаасаа жаахан өөр зүйл хүсч байсан юм шиг санагддаг. “Намайг Хөдөө аж ахуйн яаманд зөвлөхөөр ч гэсэн авчихгүй дээ” гэж нэг удаа дуугарч байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Монголын баруун нутгаар Хөвсгөл хүрэх адал явдалтай аяллын зураглал

Хотын дуу чимээнээс хол ногоон талаар тоос татуулан давхиж хөдөө очих сайхан. Хотынхонд бол Төв аймгийн Лүн сум ч хөдөө. Хөхөө донго­дож, голын хоржигнох чимээ сонсонгоо ногоон зүлгэн дээр зогсоод нар мандахыг харах гайхамшиг. Монголчуудыг нүүдэлчин гаралтайг сануулах малчны хотны өтөг бууцны үнэр хүртэл сэтгэл сэргээм, тайвшруулах увидастай. Аялалд яваагүй, хөдөө очоо­гүй жил зун болоо­гүй мэт санагддаг. Тийм боло­хоор зуны дэлгэр цагт хөдөөг зоригсод, аялагчид бэлтгэлээ базаан замд гарахаар зэхэж буй бол бидний бэлтгэсэн нийтлэлд анхаарлаа хандуу­лаарай. Магадгүй таны аялалд бага­хан ч гэсэн нэмэр болж мэдэх юм.

Аялахаар төлөвлөж байгаа бол та аялах газрынхаа нарийв­­чилсан газрын зургийг худал­даж аваарай. Эсвэл интернэтээс татаж авч ч болно. Аял­лынхаа алхам бүрийг тооц­сон бичгэн төлөвлөгөө гаргахад илүүдэхгүй. Ямар машинаар явах вэ. Хэн хэнтэй явах вэ. Төсөв хангалттай бий юу. Юу юуг очиж үзэх вэ. Аяллын дунд учирч болох бэрхшээлүүд гэх мэтчилэн. Тэр болгоноо газрын зурган дээрээ тэмдэглэж өөртөө сануулаарай. Компьютертээ шинэ хавтас үүсгээд аялал­даа зориулсан мэдээ мэдээл­лүүдээ нэгтгээрэй. Аялалд тань хэрэг болох зөвлөмжүүд хаа сайгүй байдаг. За ингээд аялалдаа гарах л үлдлээ. Хамгийн гол нь хөгжилтэй тухтай явах нь чухал. Алсын замд гарна гэдэг нь тэр чигээ­рээ адал явдал юм. Хамгийн сүүлд нь камераа авахаа битгий мартаарай.

Монголчууд болон гадаа­дын иргэдийн хамгийн их аяладаг газар бол Хөвсгөл. Хөвсгөл рүү засмал замаар явъя гэвэл Эрдэнэт, Дар­ханаар явж болдог. Ер нь гур­ван маршрут бий. Эрдэнэт, Дарханд хүнс шатахуу­наа базаагаад явахад тохиромж­той. Харин баруун зүгийн зам буюу мянганы замаар аялвал илүү үзэж харах зүйл ихтэй. Учир нь Хархорин, Архангай аймгийн Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Тайхар чулуу гэх мэт алдартай үзэсгэлэнт газрыг харж нүд баясгангаа Хөвсгөлийг зорьвол уншигч танд ядрах зав огт гарахгүй юм. Хэсэгхэн газар шороон замаар явах хэдий ч энэ замаар аялах нь илүү тохиромжтой тул уншигч танд санал болгож байна. Нийслэлээс баруун зүг аялахад 130 км яваад Төв аймгийн Лүн сумын төвийг дайрна. Лүнгээс цааш Хар­хорин чиглэлийн замаас салж Хангайн давааг давж 61 км яваад Булган аймгийн Баяннуур сумын төв, цааш 30 км явж, мөн аймгийн Дашинчлэн сумын төвөөр дайрч, цааш Харбухын голын төмөр бетон гүүрээр гарна. Эндээс Булган аймгийн төв орох зам салаална. Хэрэгцээтэй зүйлсээ бөөнд нь ачаад явахад дараатай бол дээрх сумын төвүүдээс бага багаар худалдаж аваад явахад тохиромжтой юм. Дараа нь Бүрэгхангай сумын төвөөр дайрч, Булган ороход шороон замтай, Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг, Архангай аймгийн Өгийнуур сумын нутгаар асфальтан замаар явж, Орхон голын хөндий хүрнэ. Энэ хооронд сумын төв суурин газар байхгүй.

Аялагч Э.Тэмүүжингийн гаргасан зураг

Энэ хүртэл ойролцоогоор дөрвөн цаг давхина. Лүн, Баяннуур, Дашинчилэн сумын төвүүдэд шатахуун түгээх станц (ШТС) бий. Хар замын төгсгөл хүрэлгүй 235-р километр орчмоос урагш эргэж, уул даван 18 км орчим яваад Өгий нуурын зүүн хойд ба зүүн эргийн дагуу жуулчны олон баазууд бий. Аялагч аль дуртай газраа сонгон тухтай амарч болох юм. Өгий нуурын эргийн дагуу гэр буудалд байрлаж болно, майхан бариад нуурын эрэг дээр амрах ч боломжтой.

Өгий нуураас чанх урд зүгт Хархорин чиглэлд явж, Цайдам хүрнэ. Энд Орхоны хөндийд манай эриний VI-VIII зуунд амьдарч байсан Түрэгийн Билэг хааны хөшөө, музей бий. Энэ музейг Хар­хорин хүртэлх Билэг хааны 45 км замын хамт Турк улсын засгийн газрын хөрөнгөөр барьсан билээ. Музей үзэхэд хүн бүр 1000 төгрөг. Музейд тайлбарлагч, Орхоны хөндийгөөс олдсон Түрэгийн хөшөө, дурсгалын тухай тайлбарлана. Эндээс Билэг хааны замаар 22 минут явж, Хархорин орно. Өгийнуураас Хархорин хүртэл 82 км-ын зайтай. Хархориноос Орхон голын төмөр бетон гүүрээр гарч, Архангай аймгийн Хотонт сумын төв, Цэнхэр сумын төвийг дайрч, Урд Тамирын голын төмөр бетон гүүрээр гарч, Архангай аймгийн төв Цэцэрлэг орно. Цэцэрлэг ортол зам дагуу гэр- цайны газрууд буудалтай байдаг тул яаралгүй тухлаад авч болно. Аялагчид бөөнөөрөө нэг гэрт орж хүссэн монгол хоолоо хийлгэж идэж болно. Тэгэх юм бол жолооч нь үнэгүй хоолоо иддэг. Шууд шинэ мах гаргаж зочдын нүдэн дээр хоол хийж өгдөг тул эрүүл ахуйн шаардлага хангаагүй, муудсан хоол идэх вий гэж болгоомжлох хэрэггүй. Хоолнууд 5-10 мянган төг­рөгийн үнэтэй. Баруун зүг рүү явж байгаа бол зуны халуунд хоол бэлдэж гарах хэрэггүй. Хархорин-Цэцэр­лэгийн хооронд 117 км зайтай. Тэгэхээр Хархоринд хооллож болно. Архангайн төвийн гандан болон Булган уулыг үзэж болно. Цэцэрлэгээс цааш алдарт Цагаан давааг давна. Давааны өврөөс ар хүртэл 6 км, засаж сайжруулсан шороон замтай.

Архангай аймаг Тайхар чулуу

Давааны арын гүүрнээс 20-оод км асфальтан замаар явж, Хойд Тамирын төмөр бетон гүүрээр гарч Архангай аймгийн Их Тамир сумын төв хүрнэ. Сумын төв хүрэлгүй, баруун гар тийш эргэж 2,3 км яваад Тайхар чулуун дээр очно.

Тайхар чулууны орчим жуулчдын бааз бий. Хойд Тамирын голын хөндийд майхан бариад амарч болно. Гол нь хог хаягдал хаяхгүй байх хэрэгтэй. Их Тамир сумын төвөөс цааш Хоёр даваа, Хануйн голын гүүрээр гарч, алсаас өгсүүр Донгойн давааг давна. Цааш Чулуут голын төмөр бетон гүүрээр гарч, Зуунмод хүрнэ. Цэцэрлэгээс-Зуунмод хүртэл хар замаар давхих боломжтой.

Эндээс цааш шороон замаар 36 км явж, Тариат сумын төв хүрнэ. Сумын төвийн дэргэдэх Суман голын гүүрээр гарч, Хоргын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт орно. Гүүрэн дээр нэвтрэх төлбөр 1000 төгрөг. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн Хоргын тогоог үзнэ. Хоргын тогооны амсар дээрээс алдарт Тэрхийн цагаан нуурын зүүн хэсэг харагдана. Тэрхийн цагаан нуурыг ганцаараа аялахад хамгийн тохиромжтой дэлхийн шилдэг есөн газрын нэгээр CNN-ээс зарласан байдаг. Энэ нуур 61 мянган метр квадрат талбайтай, урт нь арван зургаан км, өргөн нь 6-7 км, бас л том сайхан нуур бий. Цурхай, алгана зэрэг арваад төрлийн загастай. Олон жижиг гол горхи цутгадаг, ганцхан Суман гол эх авдаг. Түүнээс гадна сөнөсөн галт уулын орд илэрсэн, галт уулыг дундуур нь зүсэж тогтсон зарим газраа долоо, найман метр гүн хавцалтай, Хоргын тогоо бүхий үзэсгэлэнт тогтоцтой байгалийн цогцолборт газар юм. Цааш овоотой хөтлийг давж нуурын хойд эргээр явсаар Өнчин хад хүрнэ. Нуурын хойд эргээр 20-иод жуулчны бааз болон аялагчдыг хонуулах олон гэрүүд бий. Тайхар чулуунаас Тэрхийн цагаан нуурын Өнчин хад хүртэл 160 км, замдаа Зуун мод, Чулуут гол, Хоргын тогоог үзэж сонирхоод явахад ойролцоогоор зургаан цаг орно. Тэрхийн цагаан нуурын Өнчин хад орчмоос Цэцэрлэг хүртэл 175 км, зогсолтгүй явбал дөрвөн цаг. Хархориноос Улаанбаатар хүртэл 375 км. Энэ мэтээр уйдах завгүй явсаар Архангай аймгийн Тариат сум хүртэл засмал замаар явна. Тариатаас Хөвсгөл аймгийн Мөрөн хот хүртэл ердийн хөрсөн замтай. Мөрөнгөөс хатгал хүртэл зас­мал замаар аялах юм. Өндөр тэнхлэгтэй машинтай бол энэ маршрутаар саатах зүйлгүй хүрнэ. Мөрөнгөөс Хатгал орохоор нутгийн дүн­зэн байшин хөлслөн буудал­лаж, сайхан хоол хийн, мөн нутгийн утсан болон дарсан загасаар зоог барьдаг. Хөвс­гөл далайгаар Сүхбаатар онгоцоор уу, моторт завь хөлсөлж аялах уу гэдэг нь хувь хүний хүслээс хамаарна. Гэхдээ завиар аялах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг. Далайн усанд гараа дүрэн, усны дусал нүүрэн дээрээ мэдрэх шиг сайхан юм хаана байх вэ. Мөн нөгөө талын эрэг дээр гарч цаа буга харах боломж­той. Цаа бугын эвэр нь үстэй, их эмзэг харагдах бөгөөд дөнгөж гур­ван настай гэх цаа бугын эвэр сүрлэг байдаг. Тусгайлан хашаа татаж үржүүлж байгаа буга согоо нь харин ихэмсэг харагддаг. Далайн голд Хүслийн Хад гэдэг арал бий. Хүмүүс тэнд хүслээ шивнээд тэр хүсэл нь биеэлдэг гэж итгэдэг юм билээ. Хүслийн хадан дээрээс Хөвсгөл далай тэнгэр нийлээд цэлийтэл цэнхэртэж харагддаг нь гайхамшигтай. Өмнө нь Атлантын далайгаас авахуулаад энд тэндхийн олон далай тэнгис, нуур усыг харж явсан боловч Хөвсгөл далай шиг ийм сайхан тунгалгийг нь үзсэн хүн бараг байхгүй л байх. Далайн эрэг гүехэн газраараа цайвар цэнхэр, цайвар ногоон харагдах боловч далайн гол руугаа гүн цэнхэр өнгөтэй харагддаг. Хамгийн гүн нь 260-аад метр байдаг гэсэн. Хөвсгөл далайн эргээр олон жуулчны бааз бий. Үнэтэй нь хамгийн багадаа 60 мянга, 300 мянгын тансаг зэрэглэлийн буудал ч байдаг юм билээ.

Аялал жуулчлалын компа­ниуд­тай энэ аялалд хамрагдах юм бол нэг хүний төлбөр 550000 төгрөг байдаг аж. Аяллын үнэнд унаа тээврийн үнэ, бүс нутагт нэвтрэх хураамж, үдийн цай, цэвэр ус, аяллын хөтөч зэргийн зардлууд багтдаг аж. Хөвсгөл аймагт Хөвсгөл нуураас авахуулаад үзэх зүйл их Соёны бүс нутаг, Даян дээрхийн агуй, Уушгийн өврийн буган хөшөө, Улаан толгойн буган хөшөө, Дархадын 13 овоо, Цаатны нутаг гэх мэт. Нэгэнт аялалаар яваа тул та өөрөө мэдээж юу үзэж сонирхмоор байгаагаа онцлож очиж үзэх боломжтой юм. Тухайлбал, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 25 кило­метрт Бүрэнтогтох сумын нутагт Дэлгэр мөрний хойд эргээс гурав орчим километрт Уушиг хэмээх хадархаг уулын зүүн урд өвөрт булш хиргисүүр, хөшөө чулуу байдаг бөгөөд нэгэн доор 14 буган хөшөө буй. Буган хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай. Улаавтар өнгийн боржин чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж буга, нум, бамбай, морь, хутга, нар сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн. Хөшөөнүүд гонзгой урт хэлбэрийн, 1.5-4.8 метр өндөртэй, 0.4-1 метр өргөнтэй, 0.2-0.5 метр зузаантай. Эдгээр 14 буган хөшөөнд нийт 109 бугыг сийлсэн байдаг. Уг дурсгал нь нэг дор олноороо цогцолсон гэдгээрээ онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө юм. Эдгээр хөшөө нь хойноос урагш цуварч байрласан байдаг.

Дараачийн нэг үзэх юм нь тус аймгийн Жаргалант сумын төв, Хөнжлийн голын эрэгт орших Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилагат шүтээн Дамдинчойжоо бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан байв. 1890-ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дунганг нүүлгэн зөөж одоогийн Жаргалант сумын төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд модоор хийн банзыг хагас сар хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхсэн байдаг. Энэ нутгийн нэгэн гайхамшигтай, ховорхон тогтоцтой, байгалийн үнэт үзмэр бол Даян Дээрхийн агуй юм. Энэ өрөө дотроо 450т.куб эзэлхүүнтэй, арав гаруй өрөөтасалгаатай, зүг бүртээ олн ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” гэдэг эмэг­тэй хүний савыг дүрсэлсэн амсар­­тай дэлхийд ховор үзмэр юм. Дээрхийн агуйн амсар нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй байдаг. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтай гадасуулынарханд XIII зууны Монголын хаан Мөнх хааны хөшөө, орд харшийн үлдэгдэл эвдэрхий балгас бий. Хөвсгөл нуурын баруун талаар орших их уул. Шохойн чулуунаас тогтсон, шовх шовх оргилтой ой хөвч, тагийн бүс бүхий сүртэй сайхан уул. Оргил нь 3200 орчим м хүрнэ. Энэ хавийн уулын зүүн хэсэг нь дархан газарт багтах бөгөөд энд нэн ховор ойн цаа буга болон сибирийн хандгай, аргал болон явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ховор амьтад жигүүртэн шувууд бий.

Хорьдолсарьдаг уулын Арсайн голд байдаг хүрхрээ нь 70 м өндөр манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм. Энэ хавь уулын тайга, ян сарьдагт нутгийг 1997 оноос 1886 ам км талбайг хамруулан дархан газар болгожээ.

Энэ мэтээр Монголын баруун нутгийн байгалийн үзэсгэлэнт газуудыг үзэх аял­лын дүр зургийг буулгалаа. Амьдрал бол аялал гэж хэн нэг нь хэлсэн байдаг.

Г.ЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Путин нь Хрущёвын давталт уу?

Баабар ингэж өгүүлэв

1960 оны майн баярын үеэр Свердловск хотын тэнгэрт АНУ-ын тагнуулын U2 онгоц Зөвлөлтийн пуужинд өртөн сөнөлөө. Нисгэгч Паулис амьд гарч нээлттэй шүүхээр орж шийтгүүлсэн. Ер нь түүгээр үзэл суртлын томоохон кампани зохион байгуулсан юм даа. Сүүлд нь түүнийг Зөвлөлтийн алдартай тагнуул Абелиар сольсон. Биднийг хүүхэд байхад Абелийн тухай гол дүрд нь алдарт жүжигчин Бонанис тоглосон “Тагнуулчийн дууль” гэдэг киног их үзүүлдэг байлаа. Орос нэр нь “Мёртвый сезон”.

Америкчууд Зөвлөлтийн цөмийн хүчин аль хэрийг мэдэх гэж тухайн үедээ хамгийн өндөрт нисдэг онгоцоо явуулан агаараас зураг авч байжээ. Энэ явдлын өмнө Хрущёв гадаадын дипломатуудыг хүлээж авсан цайллага дээр “Бид та нарыг удахгүй булшилна” гэж улаан цагаангүй мэдэгдэж байв. НҮБ-ын чуулганд оролцсон тэрээр ширээгээ гутлаараа нүдэж байсан төдийгүй, “бид цөмийн зэвсгийг хиам хийж байгаа юм шиг олноор нь үйлдвэрлэдэг” гэж мэдэгдэн дэлхийг цочоож байв. Зөвлөлт хичнээн цөмийн толгойтойг Америкийн тал мэдэж чаддаггүй. ТТГ-ын таамаглаж буйгаар бардам Хрущёв мянга орчим цөмийн толгойтой гэж үзэн дээш мэдээлжээ. Энэ үнэн бол АНУ-д хохиролтойгоор хоёр орны хүчний тэнцвэр алдагдсан гэсэн үг. Ингээд тэд юутай ч нэлээд хуучирсан цөмийн пуужинг юмыг яаж мэдэхэв хэмээн Түрэгийн нутагт байрлуулжээ.

Энэ явдал болон оросууд түрүүлж сансарт гарсан, Америкийн асар өндөрт нисч яваа онгоцыг сөнөөсөн, өөрийнх нь атомын бөмбөгөөр дэлхийг айлгаж чадсан тоглолт амжилттай болсон зэрэгт хөөрсөн Хрущёв маш нууцаар Кубын аралд цөмийн зэвсэг байрлуулав. Үүнийг олж мэдсэн АНУ-ын эсэргүүцлийг тас мэлзэн үгүйсгэж гарлаа. Энэ бол 1962 оны аравдугаар сарын хуучид. Америкчууд Кубын арлын зургийг өдөр болгон агаараас авч бүрэн нотолгоотой болов. Оросууд үгүйсгэсээр л. Хрущёв энэ үйлдлээ тас нуусан учир АНУ-д суух Элчин сайд ч энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм. Тэр байтугай энэ асуудлыг дээд хүрээнд ч хэлэлцээгүй учир Зөвлөлтийн удирдлага хагас, буруу мэдээлэлтэй байжээ. Энэ тухай Зөвлөлтөд ердөө цэргийн дээд тушаалынхан л мэдэж байлаа.

Зөвлөлтийн армийн Жанжин штабын удирдах ажилтан хурандаа Олег Пеньковкий гэх нэгэн Москвад суух АНУ-ын элчин рүү, дараа нь Английн тагнуулын байгууллага руу хандан хамтарч ажиллах санал энэ эгзэгтэй мөчид гэнэт тавих нь тэр. Америк, Английн тагнуулын газартай ганц жил хамтрахдаа бараг найман мянган хамгийн нууц материал явуулсан Пеньковскийг зууны тагнуулч гэж нэрлэдэг. Тэрээр урьд нь Түрэг дахь Элчин сайдын яаманд тагнуулчаар ажиллаж байсан ба итгэгдсэн хүний хувьд хоёр удаа Англид төлөөлөгчөөр очжээ. Худлаа блиф хийгээд байгаа Хрущёвт мянгаар тоологдох цөмийн толгой байхгүй, ярьсан хиам нь ердөө найман хэрчим гэдгийг Пеньковский эсрэг талдаа мэдээлсэн юм. Тэрээр Карибын хямралын ид үед илчлэгдэн баривчлагдсан ба үүнийхээ өмнөхөн оросууд АНУ-д цөмийн зэвсгээр гэнэдүүлэн цохилт өгөхөөр шийдчихээд байгааг дуулгажээ.

Америк орон хөл дээрээ бослоо. Улс оронд аюул учирчихаад байгааг Ерөнхийлөгч Кэннэди радио зурагтаар ард түмэндээ зарлав. Арми бүрэн бэлэн байдалд орсон төдийгүй нисдэг техник болгон нь агаарт хөөрч бэлэн байдал хангаж байлаа. Пеньковскийгаас мэдээ авч Зөвлөлтийн бодит хүч чадлыг ойлгосон генералууд шуурхай арга хэмжээ авч оросуудыг нэг мөсөн хашраая хэмээн Ерөнхийлөгчийг шахах болов. Харин Кэннэди асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулан галзуу хүнийг тэнэг алхам хийлгэхээс нь буцаах зорилго тавьсан юм. Тэрээр Хрущёвтай утсаар ярих гэж оролдоход цаадах нь завгүй гээд олддоггүй. Хожим мэдэгдсэнээр мань хүн Большой театрт дуурь үзээд амгалан сууж байсан байдаг.

Хэрэв мөргөлдөөн болсон бол Зөвлөлт улс оршин тогтнохоо болих хэмжээнд хүрэх байсныг хожмын судлаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Мэдээж оросууд АНУ-ын хилээс зуу гаруйхан км-ийн алсаас цөмийн пуужин харваж маш их хохирол учруулан хоёр гурван хотыг газрын хөрснөөс арччих байлаа. Энэ бол нэг тулалдаан дахь түр зуурын ялалт. Хариуд нь хавьгүй илүү зэвсэг болон техник технологитой дэлхийн хамгийн баян орноос юу хүлээж авах байсныг бурхан л мэдэх байх. Энэ бол оросуудын сурсан фронтын дайн биш, хэдхэн мөч, их хадаад хэдхэн өдөрт болоод өнгөрөх хэмжээлшгүй гамшиг. Юутай ч Пеньковскийгаар дамжин хамаг блифээ алдчихсанаа мэдсэн оросууд хэлэлцээг зөвшөөрч Кубаас цөмийн зэвсгээ татсан юм. Америкчууд ч хариу болгон Түрэгээс зэвсгээ гарган хоёр талын удирдлага ард түмнийхээ өмнө нүүрээ аварчээ. Ийнхүү дэлхий тэр чигээрээ сөнөх аюулын ирмэгээс арай гэж мултарсан азтай түүх буй.

Хамгийн чухал газар ажилладаг, дээд удирдлагадаа бүрэн итгэгддэг, хангалуун цалин мөнгөтэй, хөрөнгөт оронд зочлох бололцоотой, албан тушаалын хувьд цааш ахих байтугай оройд ч гарч магадгүй ирээдүйтэй, тууштай коммунист, тухайн үеийн Зөвлөлтийн хэмжигдэхүүнээр нийгмийн элит хэсэгт хамаарах болсон, дөнгөж дөч өнгөрч буй хурандаа Пеньковский яагаад эх орныхоо эсрэг тагнуул хийн, Зөвлөлтийн хамгийн эмзэг, хамгийн нууц материалыг ямар ч шан харамж горьдолгүйгээр дайсандаа идэвхийлэн дамжуулав? Баривчлагдсанаас нь хойш хэдхэн сарын дараа түүнийг шүүх ажиллагааг нээлттэй хийн үзэл суртлын томоохон концерт болгосон юм. Авагдсан кино хальсанд мань хурандаа эх орныхоо өмнө гавьяа байгуулсан аятай индэр дээрээс мэндчилгээ дэвшүүлж байгаа хүн шиг гал цогтойгоор өөрийн үйлдлийг чанга дуугаар илтгэх аж. Гутарсан урвайсан шинж алга, харин бахархаад ч байгаа юм шиг. Түүнийг шүүхийн шийдвэр гарснаас тав хоногийн дараа буудан хороосон гэж албан ёсоор мэдээлсэн. Харин түүнийг бусдад сургамж болгох зорилгоор кино зургийг нь авч байгаад (ирээдүйн тагнуулуудад үзүүлж айлгахын тулд) амьдаар нь ган хайлуулах дүрэлзсэн зуух руу шидсэн гэх баримт хожим гарч ирсэн боловч хэн ч тэр киног нь олж үзээгүй бололтой. Ийм хэрэг хийсэн хүнийг өөрийг нь байтугай эхнэр хүүхэд төдийгүй хамаатан садан удам угсаагаар нь үгүй хийдэг зөвлөлт системд Пеньковскийн охиныг хожим нь МГИМО гэгдэх Зөвлөлтийн дээд элитийнхэн хүүхдээ сургадаг дипломатын сургуульд элсүүлсэн ба бэлбэсэн эхнэр нь насан туршдаа тэтгэгдэж байсан гэдэг.

Хоёр жилийн дараа Зөвлөлтийн дээд удирдлагынхан сэм хуйвалдан төрийн эргэлтэрхүү юм хийж Хрущёвыг буруутган огцруулж зайлуулсан юм. Мань хүн хурал дээр хамаг буруугаа хүлээсний шанд тэтгэвэрт гарчээ. Огцруулах шалтгааны нэг нь Карибын хямралын үед бусадтай зөвлөлгүйгээр дураар загнаж улс орныг аюулын ирмэгт аваачсан тухай байлаа. Сансарт анхлан пуужин хөөргөсөн төдийгүй америкчуудаас түрүүлж хүн нисгэсэн (америкчууд бүтэн сараар хоцорсон), атрыг эзэмших дуулиантай ажил эхлүүлсэн, удахгүй Америкийг гүйцээд урд нь гарна, коммунизм ердөө гүвээний цаана байна, 1980 он гэхэд коммунизмд ороод бүх юм үнэгүй болно хэмээн ард түмэндээ үнэмшүүлчихсэн, атомын бөмбөгийг хиам шиг үйлдвэрлэдэг болсон тул айх аюулгүй гээд итгүүлчихсэн, сталинизмын харгислалыг илчилж “Хрущёвын дулаарал” гэгдэх ард түмэндээ зөөлөн хандах бодлого хэрэгжүүлсэн түүний нэр хүнд өөрийн иргэдийн дунд асар сайн байж баатар цолоор дөрвөн удаа энгэрээ мялаан, далан насныхаа ойг бүх нийтээр тэмдэглүүлж байлаа. Харин түүнийг залгамжилсан Брежнев “намжмал байдал” гэсэн ганц дипломат бодлогыг төр эзэмшиж байсан 18 жилдээ тасралтгүй үглэсэн билээ.

Ерөнхийлөгч Кэннэди асуудалд тун хянамгай, ухаалаг хандсан юм. Хэрэв байлдахдаа тулбал Америк хавьгүй давуу учир ялах нь дэндүү илэрхий байлаа. Ялалт бол ялалт, гэхдээ хаяанд нь аваачаад зоочихсон цөмийн зэвсэг нөхөж баршгүй хохирол учруулна. Магадгүй хэд хэдэн хот үнсэн товрог болж хэдэн сая хүн ч үрэгдэж болно. Илэрхий сул дорой, хэнд ч зодуулчихмаар тэнэг амтан хутга барьчихаад өдөөд байхад дийлэх боловч өрөөсөн нүдээ сохлуулчих юм байна гэдгээ урьдчилж мэдсээр байж эрүүл хүн гар зөрүүлэх үү? Орост ч эрүүл хүн тэр байтугай армийн удирдлагад ч хавьгүй олон байсан байж таараа. Хрущёвын солиорлыг зогсоохгүй бол адаглаад л эх орноо бүрмөсөн алдана, аягүй бол хүн төрөлхтнийг мөхөөнө гэдгийг ойлгож байсан зөвлөлт генералууд цөөнгүй л байгаа биз. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн хувьд нүдэнд нь илэрхий зүйл. Тэд АНУ-ын зэвсэглэл, техник, технологи, хүч чадлын тухай бүрэн мэдээлэлтэй, тэрийгээ өөрсдийнхтэйгээ харьцуулж үзэх хангалттай мэдлэг боловсролтой хүмүүс. Ийм болохоор өөрсдийн дундаас Пеньковскийг сонгон мэдээллийг алдагдуулж цөмийн тулсан дайнаас мултрах арга бодож олсон юм биш байгаа? Наанадаж хамгийн түрүүн өөрснөө, цаашлаад төрөлх эх орноо үгүй хийж болох аюултай тоглоомд голлон оролцохыг эрүүл хүн мэдсээр байж хийнэ гэж үү? Баригдахаа мэдсээр байж Пеньковский яагаад ийм “тэнэг” алхамд зориглов? Өөрийг нь мөрдөж байгааг мэдсээр байж яагаад сүүлийн өдрүүдэд өөрийн гадаад холбогч агенттай хамгийн их хөлийн газар, КГБ-ийн бараг гадаа үүдэнд уулзаж байв? Хүүхэд ч ингэхгүй гэнэн алхамыг тэрээр шүүх дээр баримт болгож үлдээхийн тулд зориуд тэгсэн гэж хожмын судлаачид хэлдэг.

Хоёрдугаар дайны үр дүнгээр тогтсон статус квог Путин эвдэн анхны бөгөөд өдий болтол цорын ганцад тооцогдох бусдын газар нутгийг анекс хийн булаан авлаа. Үүнийгээ баяр бахдал болгон зарлаж хүчээр далайлгаснаа ил тод мэдэгдэн нэвтрүүлэг хийн зурагтаар цацлаа. Гүрж, Молдав зэрэг тусгаар улсын нутгийг эзлэн авч тоглоомын улсууд байгууллаа. Зэргэлдээ өөр орнуудад илэрхий заналхийлж хил хязгаарыг нь зөрчих боллоо. Сансрын бамбай хэмээх агаараас хамгаалах өрнөдийн системийг даван туулж цөмийн бөмбөг тээхүйц сюпэр балластик олон пуужинтай болсноо бахархалтайгаар мэдэгдлээ. Тэрээр одоо ард түмнийхээ дунд Хрущёв шиг нэр хүндтэй байгаа.

Путины дайснаар зарлаад байгаа нөгөө тал Оросоос хүн амаараа дөрөв дахин олон, үндэсний баялгаараа арван тав дахин их, батлан хамгаалах зардал нь мөн арван тав дахин их, технологийн хувьд бүтэн үе түрүүлчихсэн, соёл, шинжлэх ухаан, зэвсэглэл, баялгаар бүх дэлхийг тэргүүлчихээд байгаа этгээд юм. Хүч тэнцвэргүй энэ дайсагналцалд Путин дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орныг газрын хөрснөөс нэгмөсөн арчиж болох аюултай. Хрущёвын үед улс орон нь дэлхийн хоёр дахь хүчирхэг зэвсэгт гүрэн, дэлхийн хоёр дахь том эдийн засаг байсаан. Одоо бол эдийн засгийн хувьд гаргаж зарж буй юмных нь 80 хувь нь байгалийн түүхий эд учир томсгосон Саудын Араб. Хүйтэн дайны үеэс үлдсэн цөмийн нөөц нэлээдтэй учир үүгээрээ бусдыг айлгадаг томсгосон Хойд Солонгос. Биенийхээ үүдэн дээр зэвсэг хангинуулан шавж дэвэн, өрж загсох нь хөндлөнгөөс харахад ч аймаар. Магадгүй өнөөдөр хүн төрөлхтөн Карибийн хямралын томсгосон хувилбарын өмнө ирчихээд ч байж болох. Түүх давтагдах дуртай. Гэхдээ спираль хэлбэрээр давтагддаг гэж зарим нь нотлох. Харин Хрущёвын хувилбараар уу, Кэннэдийн хувилбараар уу?

2015.6.19

Categories
мэдээ цаг-үе

Шөлний эр хонь 180 мянган төгрөгийн үнэтэй байна

Наадам дөхөөд ирэхээр хотын хоёр захад шөлний хонь зарж эхэлдэг. “Эмээлт” захын наахна малчид хашаа хороо барин хонь зарж байв. Түрүүч нь зургадугаар сар дөнгөж гаргаад иржээ. Машинтайгаа очоод зогсоход дөрөв, таван залуу гүйгээд ирэв. Тарга тэвээрэг сайтай хонь байна. Хэдэн төгрөгт тааруулж авмаар байна гээд шалчихлаа. Бүр “Булган руу ногоо сайтай байгаа, өвс нь шим тэжээл сайтай болохоор мах нь амттай” гэхчлэн өөрсдийнхөө зарж буй хонийг борлуулахаар “рекламдаж” байна. Энд нас гүйцсэн эр хонийг 200 мянгаас яриад өгнө гэж байлаа. Шүдлэн бол 160-180 мянга, төлөг 120-140 мянган төгрөгийн үнэтэй. “Хүнсний захууд дээр махны үнэ нэмэгдэж байгаа.

Эндээс ганц эр хонь авчихад дор хаяж 30 мянган төгрөг хэмнэнэ шүү. Дээрээс нь гэдэс цувдайг нь аваад яв” гэсээр хашаатай хонь руу дагуулан явлаа. Зэрэг гүйлдэж ирсэн залуус нэг нэгэндээ үг хаяад хэрэлдэх янзтай. “Чи түрүүн зарсан, одоо миний ээлж” гэхэд нь “Зах зээлийнхээ жамаар явнаа, хэний хонь тарган байна тэр нь түрүүлж зарагддаг хорвоо” гэсээр явлаа. Энд хонь зарж байгаа малчид дээр ченжүүд хүрч ирдэг болжээ. Та нар энд гарснаас хойш “Хүчит шонхор” зах дээрх хонины махны худалдаа багаслаа, бид тэнд түрээс төлдөг гэхчлэн хэрүүл хийх болсон гэнэ. Бас гурав, дөрвөн жил бидний урдуур орж наймаа хийсэн, одоо зайлцгаа гэж дарамталдаг гэсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтынхан ирж баахан бичиг баримт үзүүлж байгаад 10-30 мянган төгрөгөөр торгодог болжээ. Шөлний хонины үнэ одоохондоо 200 мянга шүргэж байгаа ч гэлээ наадам дөхөх тусам хямдарна гэж байв. Зургадугаар сарын эхээр борлуулалт муу, хоёр гурав хонож байж арайхийж ганц хонь зардаг байсан бол сүүлийн үед борлуулалт сайжирчээ. Өнгөрсөн долоо хоногт Балжинням, Дашнямтай сайн өдрүүд давхцаж хурим найр олон болсон учраас зарим малчид авчирсан хонио зарж дуусгаад нутаг буцсан гэнэ. Тэд ирэх сарын эхээр дахиад “Портер” дүүрэн хоньтой хүрч ирэх ажээ. Ер нь энд байгаа хүмүүс өөрсдийнхөө малыг авчрахын зэрэгцээ таньдаг хүмүүсийнхээ хонийг зарж өгдөг юм байна. Нэг хонь зарвал эзнээс нь 20 мянган төгрөг авдаг болоод удаж байгаа гэсэн.

Энд хонь зардаг хүмүүс голдуу Өвөрхангай, Булган, Төв, Архангай, Хөвсгөл аймгаас ирнэ. Нэг хүн дор хаяж 50 хоньтой ирдэг юм байна. Долдугаар сарын эхээр 300 гаруй хоньтой болдог ажээ. Уг нь долоо хоногийн дотор зарчихаад буцдаг байсан бол энэ жил хонь авдаг хүмүүс багасчээ. Хоёр жилийн өмнө өдөрт хорь гаруй хонь зарагддаг байсан гэнэ. Тэр үед ирж байгаа хүмүүс тийм зүсмийн хонь байна уу, бөө аваад ир гэсэн юм гэсээр ирдэг байж. Одоо харин малчид “Нэг их бөө төрдөг байсан намжчихаж. Тэр үед ашигтай байжээ” гэлцэн инээдэм болж байв.

Баруун аймгуудаар өнгөрсөн өвөл өнтэй сайхан жил болжээ. Хонь мал онд мэнд орсон гэнэ. Хаврын эхэн сард цас хайлж, шинэ ногоо цухуйгаад эхэлчихсэн болохоор тарга тэвээ сайтай байгаа ажээ. Харин энд ирсэн хойноо бэлчээр багатай болохоор хурдхан зарахгүй бол турчих гээд байдаг гэсэн.

Хонь зарж байгаа хүмүүстэй зэрэгцээд төхөөрдөг хүмүүс энд бий. Ихэнх хүмүүс хонио газар дээр нь янзлуулдаг болохоор нэхийн дээрээ таван мянган төгрөг өгдөг ажээ. Бас гэдсийг нь цэвэрлүүлж болно. Тэндхийн хүүхнүүд найман мянган төгрөгөөр 10 хүрэхгүй минутанд сурцтай нь аргагүй шувтарчихдаг юм байна. Гэхдээ энэ үнэ бол зургадугаар сарын ханш. Наадам дөхөх тусам хонь авч байгаа хүмүүс нэмэгдэхийн хэрээр тэдний ажил ихэсс 10 мянган төгрөгөөр гэдэс цэвэрлэдэг болно гэж байв. Мөн наадмын дараа ч гэсэн ажил ихтэй байдаг ажээ. Ойрхон шиг хөдөө гарч амрах гэж байгаа, найз нөхдөөрөө салхинд гарч байгаа хүмүүс эндээс хонь авч явдаг гэсэн. Ихэнх залуус хонь гаргаж чадахгүй болохоор Эмээлтэд хүрч ирээд бэлдсэн хонь аваад явах болжээ.

Энд ирж хонь зарж байгаа малчид нутгаасаа хоёр, гурвуулаа нийлэн гарна. Хол бол “Портер” машинд ачаад, ойрхон бол туугаад хүрээд ирдэг. Хонио зарж дуусаад нутаг буцталаа машиндаа унтан Эмээлтийн дэнжид хоноглодог ажээ. Ер нь өвлийн цагт малаа тарга сайтай оруулчихвал зундаа энд авчраад зардаг болжээ. Зургаагаас аравдугаар сар хүртэл ийн хонь зараад 20 гаруй сая төгрөгтэй болдог юм байна.

Баянзүрхийн товчооны цаахна талд зүүн аймгийнхан хонио зарж байна. Бас л Дорнод, Хэнтийн хонины мах амттай байдгийг мэднэ биз дээ гэсээр тосож авах ажээ. Эр хонийг 220 мянган төгрөгөөс ярьж байгаад өгнө гэж байв. Шүдлэн 150 мянга, төлөг 110 мянга, ямаа 130 мянган төгрөг гэнэ.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

В.ЯНУКОВИЧ: Би ямар ч тушаал өгөөгүй

Украины Ерөнхийлөгч асан В.Янукович одоогоос нэг жил гаруйн өмнө нутгаа­саа явсан бөгөөд ОХУ-д амьдарч байгаа. Тэрээр Украи­наас явснаасаа хойш анх удаагаа барууны хэвлэл мэдээлэлд тодруулбал ВВС-гийн сурвалжлагчтай ярилцсаныг товчлон сонирхуулъя.

-Саяхан таны Ерөнхий­лөгчийн эрхийг хүчингүй болгосон тухай мэдээлсэн. Үүнийг хэрхэн хүлээж авав?

-Нэгдүгээрт энэ бол хууль бус бөгөөд Украины хууль, Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг. Улс орны байдал хүнд байхад эрх баригчид ийм асуудалд анхаарал хандуулж байна. Намайг хууль бусаар төрийн эргэлт хийж огцруулсан гэдгээ мэдэж байна гэсэн үг. Түүнийгээ цайруулах гэсэн үг. Үнэндээ тэд өөр юманд санаа зовох хэрэгтэй. Дайныг зогсоож улс орны эдийн засгийг сэргээж, хэрхэн шинэчлэл хийхэд анхаарах ёстой.

-Энэ талаар дараа нь ярья. Та ОХУ-д ирсэн даруйдаа хэзээ нэгэн цагт нутагтаа очно гэж ярьж байсан. Украинд очно гэдэгт найдсаар байна уу?

-Яагаад би бодож, мөрөө­дөж болохгүй гэж. Мэдээжийн хэрэг нутагтаа очихыг хүсч байна. Ямар ч хүн үүнийг хүснэ. Яагаад надаас эх орныг маань булаасныг би ойлгохгүй байна.

-Украинчууд таныг буцаж ирээсэй гэж хүсч байгаа болов уу?

-Би төрийн тэргүүнээр ажилласан үеийнхээ хариуц­лагыг хүлээж байсан. Хий­сэн алхам болгоныхоо ха­риуцлагыг хүлээнэ. Хариуц­лага хүлээхэд бэлэн бөгөөд тэгмээр байна. Намайг нут­гаа­саа явахад Украин дайнгүй байсан. Зэвсэгт мөргөл­дөөнгүй байхад найман гривен нэг ам.доллартай тэнцэж байсан. Хүмүүс цалингаа цагт нь авч, бид ирээдүйн талаар боддог байсан. Үүний дараа юу болов. Улс орон ямар болов? Энэ бол хамгийн аймшигтай хувилбар нь.

-Та Украинд эргэн очиж хийсэн алхам бүрийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн гэсэн тийм үү?

-Тиймээ.

-Таныг Май­данд болсон хэрэг явдлын үеэр олон хүний аминд хүрсэн хэмээн буруут­гаж байгаа. Та шүүхийн өмнө үүнийхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн үү?

-Би Ерөнхий прокурорын газарт энэ хэргийн материалыг ил болгох хүсэлт гаргасан. Уг хэргээр ямар нэгэн шалгалт хийгээгүй гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Хэргийн ул мөрийг устгасаар байгаа. Жил гаруй өнгөрсний дараа эрх баригчид, Ерөнхийлөгч гал нээх хүсэлгүй байсныг украинчууд ойлгосон.

-Гэхдээ л Майданд бол­­сон хэрэг явдлын үеэр хүч хэрэглэж, цус асгаруулсан. Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд та үүний­хээ хариуцлага хүлээх ёстой гэж бодохгүй байна уу?

-Тэгэлгүй яахав. Би хариуц­ла­гаас зайлсхийхгээгүй. Надад гурван хувилбар бай­сан. Цэргийнхэн зэрэг надад үнэнч хүмүүсийн хүчийг өөр­төө татах, улс орноо болон өөрийгөө хамгаалах. Энэ нь иргэний дайн эхлүүлнэ гэсэн үг.

-Та ингэхэд бэлэн байсан уу?

-Би ингээгүй бөгөөд нэг бус удаа үүнийгээ хэлсэн. Цус асгаруулахыг тууштай эсэргүүцсэн. Ямар ч засаг төр хүний амьтай ижил үнэ цэнтэй байна гэж үгүй. Украинд дайн гаргахгүйн төлөө би чадах бүхнээ хийсэн.

-Гэхдээ бид дотоодын цэргүүд зэвсэггүй хүмүүс рүү гал нээж байхыг харсан. Та зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд үүний хариуцлагыг хүлээх ёстой шүү дээ.

-Хууль сахиулах байгуул­лагын олон ажилтан шархад­сан. Харамсалтай нь тэдний амийг ч хороосон. Гэтэл нэг жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад эрх баригчид үүний эсрэг хэрэг нээгээгүй.Тэгвэл дүрэмт хувцас өмссөн хүмүүс рүү хэн гал нээсэн юм бол. Засгийн газраа хамгаалж, дэг журмыг сахиулах гэсэн хүмүүс рүү буудсан. Тэд үүр­гээ биелүүлж байсан. Барууны орон, АНУ-д ийм явдлыг гаргах байсан болов уу. Эмх замбараагүй байдал үүсгэх гэсний хариуд төр засаг хатуу арга хэмжээ авсан тохиолдол манай түүхэнд нэлээд байдаг.

-Та хариуцлага хүлээлгэх ёстой гэж хэллээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу гал нээсэн хүмүүсийг хэлж байна уу?

-Тэгэлгүй яахав. Хэргийг шударгаар шалгах ёстой.

-Хэрвээ ингэх юм бол та гал нээсэн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын өм­нөөс хариуцлага хүлээх үү?

-Тийм баримт байгаа эсэхийг би мэдэхгүй. Надад лав байхгүй. Жагсагчид руу гал нээсэн хүмүүсийг зөвтгөсөн баримт байхгүй. Би ийм юмыг эрс эсэргүүцдэг. Нэг жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад хэргийг шалгах явц удаашралтай байна. Эрх баригчид баримт баталгааг гаргаж шүүхэд өгөх ёстой боловч ингэхгүй байгаа.

-Та Ерөнхийлөгчийн хувьд гал нээх тушаал өгсөн үү?

-Би ямар ч тушаал өгөөгүй. Нэгдүгээрт, надад тийм эрх байгаагүй. Хоёрдугаарт хүч хэрэглэх тэр тусмаа гал нээхийн эсрэг байсан гэдгээ би олон түмэнд хэлж байсан. Би цус асгаруулахын эсрэг гэдгээ байнга хэлдэг. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд хуулийн хүрээнд ажилласан. Тиймээс ч тэд зэвсэг хэрэглэх эрхтэй байсан.Ямар тохиолдолд гал нээсэн, ямар нөхцөлд гал нээгээгүй талаар надад баримт алга.

-Майданд болсон хэрэг явдлын үеэр хатуу арга хэмжээ ав хэмээн танд дарамт үзүүлсэн үү?

-Хуралдааны үеэр янз бү­рийн санал дэвшүүлж бай­сан. Би аль болох цус асгаруулахгүй байх зарчмыг баримталсан.

-Шийдвэртэй арга хэм­жээ авах хэрэгтэй гэж хэлж байсан хүмүүс байгаа биз дээ?

-Тийм санал дэвшүүлж байсныг би санахгүй байна. Намайг байхад тийм санал гаргаагүй.

-Майданд болж буй хэр­гийг хэрхэн шийдэх талаар яригдаж байхад та Оросын талтай холбоотой байсан уу?

-Би Оросын талтай төдийгүй Европын Холбоотой байнга харилцаатай байсан. Мөн АНУ-тай ч байнга холбоо­той байлаа.Энэ талаар ч байнга ярилцаж байсан юм. Манай түншүүд ч нөхцөл ямар байгаа, юу болоод байгааг сонирхож байсан.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зусланд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Төв аймагт цахилгаан хязгаарлана.

25/YI

Сүхбаатар

11.00-15.00

1-р хороо Нарны замын 55-р байр ЗЦГ орчимд

11.00-17.30

19, 18-р хороо Гоодой, Сэлх зуслан

Хан-Уул

11.00-18.00

13, 14-р хороо 2-р хэсэг, Туулын 2-р гудамж

Сонгинохайрхан

11.00-12.00

27-р хороо Орчлон хотхон

14.00-15.00

Арвайн үндэс ХХК-ийн зарим хэсэг

Төв аймаг

10.00-18.00

Баяндэлгэр сумын Хөндлөнгийн 1-23-р гудамж, Мобикомын станц, Блок, Эсгийний үйлдвэр, Хөвөнтийн 1-6-р гудамж, Хаан банк, ЗДТГ, Сургууль, Эмнэлэг, Цэцэрлэг, холбоо, Төвийн 1-22-р байр

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хашаа ба хөрш

Барууны орнуудыг хэтэрхий өндөр хөгжилтэй болохоор иргэд нь хөрш битгий хэл аав, ээжтэйгээ ч дотно харьцаатай байдаггүй, үр хүүхдээ нас биед хүрэнгүүт нь гэрээсээ хөөчихдөг, ер нь хүйтэн хөндий улс гэх нь бий. Энэ бол азичуудын тэдэнд өгсөн тодорхойлолт.

Харин барууныхны хувьд хөршийн харилцаа нь бидний боддогоос өөр. Тэд хөршдөө элэгсэг хандаж буйгаа сардаа нэг удаа ч юм уу амттан, бялуугаар дайлж илэрхийлнэ. Хааяа хашаагаа давуулж зүлгийг нь усалж тусална. Тэнд хоёр айлын дундах хашаа намхан байхын хэрээр хөршийн хоорондох харилцаа илүү дотно гэж үздэг. Хууль, дүрэм журамд нь ч хөршийн харилцаа гэдэг ухагдахууныг сайн суулгасан байдаг. Тийм болохоор хашааны өндөр нь суга, бэлхүүс, заримдаа өвдгөөр татах нь бий.

Харин манайд хашааны өндөр хоёр метр. Хөршийнхөө хашаанд юу болж байгааг харъя гэвэл банзны заагаар шагайна. Тэр шагайж байгаа зай бол биднийг хөрштэйгээ ямар харилцаатай байдаг, тэдэнтэй хэр хэмжээгээр холбоотойг илэрхийлсэн хэмжээ. Монголчууд хашаагүй байлаа, дараа нь хашаатай болсон ч дундаасаа хоёр банзыг нь сугалаад хаалга гаргачихдаг байсан. Бас байр орон сууцанд сууцгаасан ч хөршөө мартагдаггүй, тусламж гуйгаад л ороод ирдэг. “Би чамд хайртай” кинон дээр Баяраагийнд хөрш нь хоёр сонгино гуйж орж ирдэг шүү дээ. Байранд тус тусдаа хаалганд амьдарч байгаа ч монголчуудын айлсч, хотлоороо суухын орчин цагийн хэлбэр нь хөршийн холбоо юм. Хөршийн холбоо, сайн хөршийн харилцаа гэдэг бол шинэ нэршил биш. Бидний мэддэг ч сүүлийн жилүүдэд мартчихаад, эсвэл тоохгүй орхичихсон хуучин байсан харилцаа л даа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Я.Мөнгөнцэцгийг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ягааны Мөнгөнцэцэг томилогдлоо. Я.Мөнгөнцэцэг нь Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. 2007 оноос өнөөдрийг хүртэл өдөр тутмын “Өдрийн сонин”-д Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д дэлхийд нэрээ гаргасан дуурийн дуучин Э.Амартүвшингийн ярилцлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төр болон намыг хариуцлагажуулах хуулийн төслүүдээ танилцуулсан тухай мэдээллийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Цагаа тулахаар АН-ынхан хөөж чадахгүй. Худлаа шоудаж байгаа юм” хэмээн ярьжээ. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Такэнори Шимизутай хийсэн ярилцлагыг “Улс төр” нүүрээс хүлээн авна уу. Тэрбээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлагдсанаар Япон, Монголын бизнес улам өргөжин тэлнэ” хэмээн хэлжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал Д.Даваасамбуутай хийсэн Үйлдвэр “залгасан” хүн ярилцлага нийтлэгдлээ.

“Баримт, үйл явдал” нүүрт УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийн өмгөөлөгч О.Баясгалантай хийсэн ярилцлага гарсан байна. Г.Сэрээнэндоржийг АТГ цагдан хориогүй, гадуур шалгаж байгаа гэжээ. Ахуйн хэрэглээний газ дэлбэрч найман сартай дүүгээ дүрэлзсэн галаас аварсан 16 настай А.Цэрэнтогтохыг БНСУ-ын эмнэлэгт очвол амь насыг нь аврах боломжтой гэжээ. Түүний найзууд улс орон даяар хандив цуглуулж байгаа гэнэ.

“Томилолт” нүүрээс Үзэсгэлэнт Мон Блан уул хийгээд Женевийн дарсны өрөө, мартах өвчин хэмээх манай сурвалжлагч С.Алтанцэцэгийн аян замын тэмдэглэлийг хүлээн авна уу.

“Наадам айсуй” нүүрт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх “Наадам болох гэж байхад улс төр ярих шаардлага алга” хэмээн ярьжээ. Тэрбээр хотын дарга Э.Бат-Үүлийн хамт наамдын бэлтгэлтэй танилцахаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгаар аялажээ.

“Сонгодог урлаг” нүүрээс Дэлхийд алдартай ВВС телевизийн “Cardiff singer off the World” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гавьяат жүжигчин, ДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Амартүвшинтэй хийсэн ярилцлагыг уншаарай. Тэрбээр “Ийм гайхамшигтай хоолой сонсоогүй гэж шүүгчид магтаж байсан” хэмээн ярьжээ.

“Эдийн засаг” нүүрээс Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангартай хийсэн ярилцлагыг хүлээн аваарай. Тэрбээр Хөрөнгийн зах зээлээс 10 их наяд төгрөг босгох боломж бий гэжээ.

Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Бидэнд төрийн мөнгө хэрэггүй” хэмээн ярьжээ. Харин хуулийн орчин, төрийн захиалга байхад л хангалттай хэмээн тэр хэлсэн байна.

“Эрүүл мэнд” нүүрээс Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн “Элэг солиулах зардлын ядаж 50 хувийг даатгалаас төлдөг бол өвчтөн ядуурахгүй” хэмээн ярьсаныг уншаарай. Монгол Улс элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орон болжээ. Элэг шилжүүлэх суулгах үндэсний баг хоёр дахь хагалгаагаа бие даан амжилттай хийсэн ч тэдэнд олон асуудал тулгарч байгаа гэнэ.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ