Categories
мэдээ нийгэм

Таван байршилд зам хааж, засварын ажил хийнэ

Урин дулааны улирал эхэлж, зам засварын ажил эхлээд байна. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг хүртэл зам хааж инженерийн шугам сүлжээний ажил хийх байршлыг хүргэж байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академи руу явдаг явто замыг өнөөдөр 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл хааж, борооны усны шугам тавих ажил хийнэ.

Сүхбаатар дүүргийн I хороо, Жамъяан гүний гудамж, “Блю Скай” төвийн урд замыг маргааш оройн 22.00 цагаас энэ сарын 31-ний 06.00 цаг хүртэл хааж, бохир усны шугам тавих ажил хийнэ.

Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүргийн XVIII хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг маргааш оройн 22.00 цагаас ирэх сарын 2-ны хооронд сүвлэж шугам сүлжээний ажил хийнэ.

Банзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг өнөөдөр 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл хааж , борооны ус зайлуулах шугам тавих ажил хийхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

Орос, Хятад хоёр Евразийн тулах цэг, олох төрхийг төсөөлж эхлэв

Оросууд, дэлхийн II дайнд нацизмыг ялахад оруулсан хувь нэмрээ Эх орны аугаа дайн гэдэг. Сталинград, Курскийг мэдэх хэн болгон энэ аугаа дайн ялалтыг авчрахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг мэднэ. Ялалтын баярыг нүсэр тэмдэглээд өнгөрлөө. Харин дэлгэцээр арай товч харагдсан ч хэтийн ач холбогдлоороо чухал байж болзошгүй бас нэг үйл явдал урд өдөр нь болов. Тэр нь Москвад зочилсонХятадын дарга Си Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хийсэн хэлэлцээ, хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүд байлаа.

Эдгээрийн нэг нь, бараг гол нь, Армен, Беларус, Казахстан, Оросыг (Киргизстан бас нэгдэв) эгнээндээ нэгтгэсэн Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭХ) ба Хятадын санаачилсан Торгон замын эдийн засгийн бүс (“Торгон зам”) хоёрыг бүтээн байгуулах ажлыг “нийцэлдүүлэх” чиглэлээр хамт­­ран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэл байв. “Нийцэлдүүлэх” гэдэг нь хараа­хан нийлүүлэх тухай асуудал биш гэдгийг “сопряжение” гэдэг ховордуу үг хэрэглэсэн нь харуулав. Хэдий тийм ч Си Евразийн эдийн засгийн интеграц ба Хятадын санаачилгын хооронд “огтолцох цэгийг” эрэлхийлэх хэрэгтэй тухай ярьж, Путин тэдгээрийг “нэг нэгийгээ зохицолдоонтойгоор нөхөх бололцоотой” хэмээн тэмдэглэснийг бодоход талууд Евразид харилцан ашигтайгаар хамтран ажиллах сонирхолтой байна. Ирэх он жилүүдэд эдгээр санаачилгуудыг бодитойгоор хэрэгжүүлэх нь гол ажил байх болов уу.

“Торгон замын” саналыг дотроо агуулсан Нэг бүс, Нэг зам (НБНЗ) хэмээгдэх Хятадын удирдлагын санаачилгын тухай саяхан Улаанбаатарт болсон Монгол, Хятадын судлаачдын уулзалтаар Хята­дын судлаачид дэлгэрэнгүй ярив. Тэдний хэлснээр, энэ нь стратеги төдий бус, “хамтдаа хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох, хамтдаа тэдгээрийг хэрэгжүү­лэх, улмаар хамтдаа хөгжих” гэсэн үзэл санаан дээр тулгуур­ласан “хамтдаа хожих” үзэл баримтлал байх ажээ. Зорилго нь Хятадын бүс нутгуудыг илүү тэнцвэртэй хөгжүүлэх, Азийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энх тайван, хөгжлийг урагшлуулахад ор­шино. Энэ санаачилга дэл­хийн хоёрдугаар дайны дараа өрнөд Европыг босго­ход зориулсан АНУ-ын Маршал­лын төлөвлөгөөнөөс ялгаатай нь нэг том гүрэн нэг бүс нутгийг хөгжүүлэх хаалттай проект бус, угтвар нөхцөлгүй, бүгдэд нээлттэй, харилцан ашигтай санаачилга гэнэ.

НБНЗ нь 2013 онд Си Жиньпиний Казахстан, Индо­незид айлчлахдаа зарласан Торгон замын эдийн засгийн бүс, XXI зууны далайн торгон зам хэмээх санаачилгыг нэгтгэн томъёолсон ойлголт. “Бүс” гэдэг нь Хятадын Шиан-аас авахуулаад Төв Азиар дайран Москва, Европ руу хар зам, төмөр зам, газрын тосны ба байгалийн хийн хоолой, бусад дэд бүтцийн сүлжээг босгох төслүүд юм. “Зам” гэдэг нь Өмнөд ба Зүүн-Өмнөд Азиас Зүүн Африк, цаашилбал, Газар дундын тэнгисийн умард хэсэг хүртэлх далайн замын дагуу боомт, эрэг орчмын дэд бүтцийг барих төслүүд. НБНЗ нь дэд бүтцээр хязгаарлагдахгүй, санхүүгийн интеграц, нээлттэй худалдаа, бодлого зохицуулалт, Мэдээллийн торгон зам зэргийг бас хөгжүү­лэх зорилготой. Хятадын са­наа­чилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Шинэ торгон замын сан зэргийн санхүүгийн шинэ бүтцүүд НБНЗ-ийг ч санхүүжүүлэхэд зориулагдах ажээ. Зарим тооцоогоор, Азид дэд бүтэц хөгжүүлэхэд жилдээ 800 тэрбум орчим ам.доллар дутдаг байна. НБНЗ нь нийт дөрвөн тэрбум гаруй хүн амтай жар гаруй орныг хамрах төлөвтэй, санаачилгын хувьд үүнийг шийдэхэд хувь нэмэр оруулна. Харин засаглал, соёл, санхүү, геополитикийн шинжтэй сорилтуудыг гэтлэн давах шаардлага гарч болзошгүйг судлаачид тэмдэглэдэг.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын 1994 онд санал болгосон ЕЭХ нь Евразийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх Оросын гол проект. Түүний зорилго нь гишүүн орнуудын хооронд бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчний чөлөөтэй урсгалыг хангаж, эдийн засгийн салбаруудыг уялдаа, зохицуулалттай хөгжүүлж, улмаар эдийн засгуудынхаа өрсөлдөх чадварыг хангахад орших ажээ. ЕЭХ нь Торгон зам шиг тив дамнан тэлэхгүй, чухамхүү Евразийн бүс нутагт өрнөх проект юм. ЕЭХ, Торгон зам хоёрыг өрсөлдөгчид гэж үзэх нь байсан ч дээр дурдсан Хамтарсан мэдэгдэлд ОХУ,“Торгон замыг” дэмжиж байгаагаа илэрхийлж, түүнийг урагшглуулахад нягт хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн. “Өрсөлдөөний” тухай яриа хамтын ажиллагаанд зам тавьж өгчээ. Оросын хэвлэлдБээжин ЕЭХ-той субъектынх нь хувьд яриа хэлэлцээ өрнүүлэх сонирхолтой болсныг тэмдэглэж, Евразийн хөгжлийн урсгал баруун зүгээс зүүн зүг рүү явдаг байсан бол одоо зүүн зүгээс баруун зүг рүү явах төлөвтэй гэжээ. Чингэхдээ ЕЭХ-ны цаашдын институционал хөгжил, санхүүжилтийн эх үүсвэрийг хангахыг гол асуудлаар тодруулж байна.

Москва-Казаний хурдны төмөр замыг барихад Хятадаас хөрөнгө оруулах болсон нь хоёр тал эрчим хүчний эх үүсвэрээс гадна тээврийн салбарт ач холбогдол өгч буйг харуулав. Оросын Валдайн хэлэлцүүлгийн клуб-ээс гаргасан Төв Евразийг цогцлоохуй илтгэлд Хятад, Орос, Төв Ази, Европыг холбох тээвэр-логистикийн салбарыг онцолсон байдаг. Тус илтгэлд “Төв Еврази” хэмээх ойлголтыг нэвтрүүлж, түүнийг “босгох” нь соёл иргэншлээрээ Оростой ойр Европтой харилцаагаа хөгжүүлэх, Номхон далайн Ази руу чиглэх бодлогоо үргэлжлүүлэхийн хамт Оросын шинэ стратегийн нэгэн хэсэг байх учиртайг тэмдэглэжээ. Энэ стратегид ЕЭХ-ийг НБНЗ-тэй “нийцэлдүүлэх” бодлого чухал үүрэгтэй байх төлөвтэй. Илтгэлд НБНЗ-ыг эдийн засгийн, геополитикийн, аюулгүй байдлын агуулгатайг дурдсан. Эдийн засгийнх нь ойлгомжтой бол геопо­литикийн хэмжүүр нь Хятад өөрийнхөө “дундад улсын” статусыг эргүүлж авахад орших ба аюулгүй байдлын хэмжүүр нь “экстремизм, тер­роризм, шашны фундамен­тализмын нийгмийн бааз суу­рийг” сулруулахад оршино хэмээжээ.

Дашрамд дурдахад, “Төв Ев­разид” Монголыг бас хамруулжээ. Хамрагдах цэгийн нэг ньарав гаруй жилийн өмнө хөгжиж байсан гэх “Том Алтай” хэмээгдэх Орос, Хятад, Казахстан, Монголын хил залгаа нутгийг хөгжүүлэх төсөл байж болох юм байна. Харин тээврийн дэд бүтцийн зураг, төсөөлөлд Монголын тал дундуур давхиж байгаа шинэ зам харагдахгүй байна. Евразийн хамтын ажиллагаанд хэтдээ Энэтхэг, Турк, Иран, Өмнөд Солонгос ч хамрагдах бололцоотойг мөн дурджээ. Өмнөд Солонгос, Евразийн санаачилга хэмээх саналыг тухайн үедээ гаргаж байсан.

Сүүлийн үед том гүрнүү­дийн өндөр, дээд хэмжээний олон уулзалт болов. Энэ зун Оросын Уфа-д БРИКС (Орос, Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк), Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын дээд хэмжээний уулзалтууд болж Си, Путин хоёр дахин учирна. Тэр үеэр Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ын гишүүн болвол ШХАБ Еврази дахь хамгийн том байгууллага болох төлөвтэй. Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Хятадад айлчлав. Энэтхэг НБНЗ-д ерөнхийдөө хүйтэн хандаж ирсэн. Ирэх намар Бээжинд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн томоохон арга хэмжээ болно. Оросын Ерөнхийлөгч түүнд оролцохоо мэдэгдсэн. Баяр дууссаны маргааш нь шахуу Си Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийхээр мордоно. Түүнээс өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэнд төрийн айлчлал хийж, цэргийн харилцаагаа бэхжүүлсэн. НБНЗ-г төдийлөн таалдаггүй Японы Засгийн газар Азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 100 тэрбум ам.доллар гаргахаа мэдэгдсэн нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөрөнгөтэй дүйцэхуйц юм. Путины Японд айлчлах эсэх тухай асуудал бас байдаг.

Том гүрнүүдийн эдгээр уулзалт, айлчлал, хэлэлцээ, ажиллагаанууд улс төр, эдийн засгийг буюу геополитик, гео-эдийн засгийг ихээхэн тодорхойлж байдаг. Орос, Хятад хоёр энэ бүхний дунд Евразийн тулах цэг, олох төрхийг төсөөлж эхлэв бололтой.

Олон улс судлаач Н.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Энэ зундаа багтаж зарим төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-АН-ын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Ямар төслүүдийг урагшлуулах тухай ярьж байна…

-АН 2012 оны мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлнэ гэж тусгасан байгаа. Тухайлбал, Арьс шир боловсруулах цогцолбор,Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Төмөр замынасуудал, цахилгаан торгоны зам хөтөлбөр, шинэ яармаг хороолол, 100 мянган айлын орон сууц барих гээлбүтээн байгуулалттай холбоотой ажилгүйдлийг бууруулах, нэмүү өртөг бараа, бүтээгдэхүүн бий болгох тухай төслүүдийг тусгасан.

Энэ төслүүдээс хэрэгжээд явж байгаа нь ч бий. Тухайлбал, бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил 90 гаруй хувьтай явна. “Шинэ яармаг” хорооллын газар шорооныажил эхэлчихсэн байна. Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоны буудлын ажил 70 гаруй хувьтай явна. Үлдсэн төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарчихаад байгаа юм. Тиймээс АН-аас ажлын хэсэг байгуулж, ямар төслүүдийг яаралтай эхлүүлэх вэ. Юунаас болж гацсан юм.Гацааг нь яаж арилгах вэ гэх мэтээр тодорхой дүгнэлтүүдийг гаргаж, УИХ, Засгийн газарт танилцуулах ёстой.

-Та ажилгүйдлийг бууруулах ажлын хэсгийг нь ахалж байгаа байх аа?

-Тийм. Өнөөдрийн нөхцөлд ажилгүйдлийг бууруулах ганцхан арга байна. Тэр ньүйлдвэржилтийн томоохонтөсөл хөтөлбөрүүдээ урагш нь явуулах. Үүнээс өөр гарц байхгүй.

-Бүтэмжтэй төсөл нь юу байна вэ?

-Арьс ширний парк байгуулах асуудал нааштай байна.Газар нь шийдэгдчихсэн.Дэд бүтцийг нь Засгийн газраас шийдэж чадвал Арьс ширний паркийг эмээлтэд байгуулна. Ингээд Улаанбаатарт байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн төвлөрүүлж, орчин үеийн стандарттай цогцолборыг цэвэрлэх байгууламжтай нь байгуулах боломжтой. Энэ нь байгаль экологио хамгаалах, ажлын байр бий болгохоос эхлээд давуу тал ихтэй. Одоогийн байдлаар Монгол Улсад 150 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний арьс шир жил болгон гарч байна. Үүнийг боловсруулснаар гурван тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн бий болгох боломж байна. Ажлын хэсэг дээр яригдаж байгаа томоохон төсөл хөтөлбөрийн нэг нь цахилгаан торгоны зам хөтөлбөр.Асар их хүрэн нүүрсний нөөцтэй Монгол Улс үүнийгээ ашиглаж эрчим хүч гаргах замаар Хятад, Япон, Солонгос болон АСЕМ-ын орнуудыг цахилгаанаар хангах,эрчим хүчний системд шууд холбогдох замаар дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж, олон мянган ажлын байр шинээр бий болгох боломж байна. Тиймээс энэ төслийг гишүүдийн олонхи дэмжиж байгаа. Мөн олон жил яригдсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг ярьж байна. Дэд бүтцийг ньшийдсэн тохиолдолд бусад нь боломжтой. Өөрөөр хэлбэл, хувийн компаниуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орж ирэхэд бэлэн болчихсон байгаа.

Дараа нь Богдхан төмөр замын асуудал байна. Төмөр замыг Улаанбаатар хот дундуур биш Богдхан уулын урдуур гаргая гэж байгаа.Ингэснээр Улаанбаатар хотод газар чөлөөлөлт явагдана. Тиймээс барилга байгууламж барих орон зай гарна, боломжууд нээгдэнэ гэсэн үг. Дагаад ажлын байр бий болно. Дээрээс нь төмөр замаас болж үүсдэг гацаа арилна. Энэ мэтчилэн олон төслийг бид хөдөлгөнө гэж ярьж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригт ажлын хэсгийн дүгнэлтийг бүлгээс УИХ-дтанилцуулна. Ямар ч байсан энэ зундаа багтааж зарим томоохонхөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр шамдаж байна.

-Энэ зун яг аль яль төслүүдийг эхлүүлэх юм…

-Харин ажлын хэсэг ажиллаж л байна. Арьс шир боловсруулах цогцолбор байгуулах хөтөлбөр эхлэхэд бэлэн болчихсон учраас дурдах хэрэгтэй. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтад нь 200 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа.Үүнийг Хөгжлийн банкнаас гаргах боломж бий.Богдхан төмөр замынзураг төсөл нь аль хэдийнэ бэлэн болчихсон. Монголчууд өөрсдөө төмөр замаа тавьж чадна.“Шинэ Яармаг” хороолол байна. Хэрэв энэ хорооллыг босгож чадвал дөрвөөс зургаан мянган айлын орон сууц сүндэрлэнэ. Дагаад соёлын төв, захиргааны байр, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв гээд бүх үйлчилгээ цогцоороо бүрдэнэ.Олон мянган ажлын байр гарна.

-Энэ төслүүдийг эхлүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг нь яаж шийдэх юм…

-Ер нь бол татвар төлөгчдийн, улсын мөнгөөр хийх ажлууд биш л дээ. Хөрөнгө оруулагчдын мөнгөөр хувийн секторуудын оролцоотойгоор явах төслүүд юм. Улсын зүгээс нь дэд бүтцийнх нь асуудлыг шийдэх л байгаа юм. Үүнд тийм их мөнгө шаардагдахгүй.Өнөөдөр Хөгжлийн банкинд гэхэд хөдөлгөөнгүй сул хэвтэж байгаа 500-600 сая ам.доллар байна. Энэ мөнгийгхааш нь оруулах вэ гэдгийг ярьж байгаа. Дээрээс нь Арабын сан, Энэтхэг, Японоос орж ирэххөрөнгө оруулалтыг харж байна.Энэ хөрөнгө оруулалтууд ороод ирвэл мэдээж ажлын байр бий болгох төслүүд рүүгээ санхүүжилт хийнэ. Хоёрдугаарт нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн бий болгоход зориулна. Монголчууд хадаасаа хийж чадахгүй XХI зуунтай золгосон. Гангаа хайлуулж чадахгүй бас өдий хүрлээ. Энэ бүхэн түүх болон ард хоцрох цаг ирчихсэн. Тиймээс бид хичээх хэрэгтэй байна.Хэрэв хөрөнгө оруулалт ороод ирвэл ажлын байр бий болгох уу эсвэл өндөр барилгууд бариад, зам тавиад дуусах уу гэдгээ л зөв шийдэх шаардлага тулгарч байна. Үнэндээ сүүлийн 20 гаруй жил Монгол Улс хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн нэгдсэн бодлогогүй явж ирсэн гэхэд болно. Тэгвэл Монгол Улс аж үйлдвэрийн ямар бодлого барихаа2013 онд тодорхой болгочихсон шүү дээ. Тэгэхээр одоо үүнийхээ дагуу л урагшилна. Үүний тулд УИХ гэдэг байгууллага Засгийн газраа шахаж шаардаж, бодлогоо хэрэгжүүлэх л үлдэж байна.

-Тавдугаар цахилгаан станц барих төслийг танай ажлын хэсэг дээр ярьж байгаа юу?

-Энэ асуудлыг хариуцсан тусгай сайд Засгийн газарт байгаа. Түүнээс асуух нь зөв байх. Ер нь бол Тавдугаар цахилгаан станцын ажил явж байна гэж үзээд байгаа шүү дээ. Манай намаас гаргасан ажлын хэсэг бол гацчихаад байгаа төслүүдийг хөдөлгөөнд оруулах асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй. Би ийм л зүйл ярих байна. Манай намын бүлгээс Ажилгүйдлийг шийдвэрлэх, хот төлөвлөлт, шинэ хөдөө гэсэн гурван ажлын хэсэг байгуулсных нь нэгийг нь би ахалж байна. Нөгөө хоёр ажлын хэсгийн ахлагчаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Я.МӨНГӨН

Categories
мэдээ цаг-үе

Д.Ухнаа: Наадмаар болдог “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг бүх ард түмэнд зориулж хиймээр байна

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа гуайтай ярилцлаа. Түүний Монголын урлагийг хөгжүүлэхийн төлөө хагас зуун жил зүтгэсэн хөдөлмөрийг үнэлж, уран бүтээлчид түүнд хүндэтгэл үзүүлэхээр болсон байна. Ирэх зургадугаар сарын 5-нд Монгол бөхийн өргөөнөө зохиогдох “Их урлагт 50 жил” тоглолтод 200-гаад уран бүтээлч оролцох юм байна.

-Одоогоос хагас зууны тэртээ урлагт хөл тавьж асан үеэ дурсвал?

-1960 онд Дорноговь аймгийн бүрэн дунд сургуулийг дүүргээд, Улаанбаатарт Эдийн засгийн дээд сургуульд суралцахаар хуваарилагдан ирсэн ч тэндээ сураагүй. Харин хэзээнээсээ би урлагт элэгтэй байсан учраас Дуурийн театрын арын хаалга орчмоор эргэлдэх болсон. Хөдөөнөөс ирсэн сурагчийн дүрэмт хувцастайгаа тэр хавиар долоо хоног эргэлдсэн. Хувцас хунараа сольж өмсье гэсэн ч хотод таних хүнгүй. Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, Нямын Цэгмид, Цагааны Цэгмид, З.Цэндээхүү, Т.Цэвээнжав, Ц.Пүрэвдорж нар гадаанаа нарлаад сууж байхыг хараад “Ямар их хувь заяатай, авьяастай хүмүүс болоод Дуурийн театрын өндөр босгыг давсан байна аа. Би шалгуулсан ч тэнцэхгүй л байх даа” гэж боддог байсан.

Тэгтэл долоо дахь хоног дээрээ Дуурийн театрын хаалгаар эргэлдэж байтал өндөр эрэгтэй гараад ирэнгүүт би “Ах аа би шалгуулах гэсэн юм. Дуу дуулж” гэсэн чинь “Чи дуулдаг юм уу” гэж байна. Би “Дуулах сонирхолтой” гээд шилээ маажтал “Алив хүрээд ир” гээд дагуулаад дотогш орлоо.Хоёрдугаар давхар дахь Ардын жүжигчин А.Долгорын өрөөнд сууж байсан одоогийн Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав намайг шалгаад “Тэнцлээ. Маргааш өглөө есөн цагт ирээрэй. Найрал дууны ангийн дагалдан дуучнаар оруулъя” гэсэн. Дуурийн театрын хаалгаар гараад нэг мэдсэн Сүхбаатарын талбайд (одоогийн Чингэсийн талбай) дээр таваргаж явсан. Хүн амьтан “Сэрээрэй” гэж хацар, нүүр рүү алгадаагүйг бодоход ямар ч байсан баярласандаа муужирч унаагүй шиг байгаа юм. (инээв) Гэртээ очоод шөнө нойр хүрдэггүй ээ. Бөхийн өргөөний дэргэдэх хуучны цэнхэр байранд амьдардаг байсан юм. Ганц брюкен өмд, 24-ийн цагаан цамцаа цогны индүүгээр шөнөжин индүүдсэн. Маргааш өглөө нь найман цаг 30 минутад яваад очсон. Дуурийн театрын эмэгтэйчүүдийн нүүр амаа гоёж будсан, энгэсэг сүрчигний үнэр, залуусынх нь өмссөн гял цял хувцас гээд бүгд тухайн үед үлгэрийн мэт сайхан санагдаж байсан. Нэг хүн өрөөнөөс гарч ирснээ “Чи өчигдрийн шалгуулаад тэнцдэг хүүхэд мөн үү. Наашаа ороод ир” гэсэн. 50 гаруй уран бүтээлчид нь эгнээд суучихаж. “Дуучин Палав, Нямсүрэн нарын дунд суу. Сандрах хэрэггүй. Өвдөг дээрээ гараа тавиад, нуруугаа цэхлээд, сандал дээрээ хагас суу. Түшлэгийг нь налж болохгүй. Дагаад дуул” гээд анхлан хоолойн дасгал хийж билээ. Ингэж л урлагтай амьдралаа холбосон хүн дээ.

-Өнөөдрийг хүртэл таныг дууны 200-гаад уралдаан тэмцээн зохион байгуулж, тэн хагасаас илүүг нь шүүсэн гэх юм билээ. Мэдээж эдгээр уралдаанаас төрөн гарсан урлагийн алдартнууд олон биз дээ?

-Мэргэжлийн дуучид болон ардын авьяастнуудын дунд 186 дууны тэмцээн зохион байгуулснаас 135-д нь шүүгчээр ажиллажээ. Оролцоогоор 30-аад мянган хүн оролцжээ.Жолооч нарын дунд 1990-ээд оны эхнээс зохион байгуулж эхэлсэн “Алтан шар зам” уралдаанаас Төрийн шагналт, гавьяат жүжигчин Гомбосүрэн, гавьяат жүжигчин Банзрагч, Оросоо нар төрөн гарсан. Мөн эмч нарын дунд зохион байгуулсан тэмцээнээс залуу дуучин Х.Оюун-Эрдэнэ түрүүлж байсан юм.

Дөрвөн настайгаас наян настнуудыг хамарсан дууны уралдааныг өнгөрсөн хугацаанд зохион байгууллаа. 1988 онд зохион байгуулсан “Бяцхан эстрадын дуучин” тэмцээнд дөрвөн настнууд орсон бол ахмад болон залуу эстрадын дуучдын гээд насны ангиллаас гадна жолооч нарын дунд “Алтан шар зам”, худалдагч нарын дунд “Хүрэн хаалгатай дэлгүүр”, нисэгчдийн дунд “Суман цагаан хөлөг”, багш нарыг оролцуулаад “Багшийн алдар” дууны уралдааныг зохион байгуулсан. Мөн англи, солонгос, япон, франц дууг хэн сайн дуулах вэ гээд тэмцээнүүдээ цааш нь нэрлэж болно. Ирэх зургадугаар сарын 28-нд гэхэд л жолооч нарын дунд “Алтан шар зам тань өлзийтэй байг” хэмээх тав дахь удаа уралдааныг зохион байгуулах гэж байна. Уржигдар нисэхийн 90 жилийн ойг угтан “Нисэгчийн дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдааныг мөн хийсэн. Хамгийн гол нь эдгээр уралдаанд түрүүлэхдээ бус мэргэжлийн дуучид нь ч тэр бүр хамт дуулж байгаагүй симфоны найрал хөгжмийн урд зогсоод, дуулна гэдэг хэн дуртай жирийн уран сайханчдад тэр бүр олдох завшаан биш. Мөн хамгийн сайхан дурсамж болон үлддэг. Ер нь урлагт амжилт гаргаж, од болсон хүмүүс чинь төрөхийн авьяастай байдаг. Бүгд авьяастай байж тийм амжилтад хүрнэ. Богд гэгээнтний дүрийг бүтээдэг Нямын Цэгмид, Ардын жүжигчин Т.Цэвээнжав, Цагааны Цэгмид нар мэргэжлийн сургууль төгсөөгүй, ард түмнээс төрсөн авьяастнууд. Чухам тэднийг илрүүлэн, мэргэжлийн урлагийн тайзнаа гаргах нь чухал.

-Наадмын үдэш тоглогддог “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг нийт ард түмэнд бус залууст зориулсан шоу болчихлоо хэмээн та шүүмжилдэг. Зүй нь ямар байх ёстой юм бэ?

-Сүүлийн таван жил Чингэсийн талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүн буруу зохион байгуулагдаж ирсэн. Наадам бол бүх ард түмний үндэсний баяр шүү дээ. Гэтэл хөгшчүүд үзэж сонирхох ямар хөтөлбөр байна вэ. Өвөө эмээгийнхээ хормойноос чаргууцалдаад Төв талбай дээрээ ирж байгаа багачуудад зориулсан ямар урлагийн үзүүлбэр байгаа юм бэ? Юу ч байхгүй. Зөвхөн залуучуудад зориулсан хэдхэн хамтлаг, дуучдыг дуулуулдаг. Гэтэл энэ чинь залуучуудын баяр уу, үндэсний баяр наадам уу. Шоуг ингэж хийдэггүй юм. 2009 оноос өмнө би зохион байгуулдаг байхдаа 18-аас 19 цагийн хооронд хүүхдийн уран бүтээлчид, долоогоос найман цагт настайчуудад зориулсан уран бүтээлийг хүргэж байгаад, 21 цагаас хойш залууст зориулсан хамтлаг дуучдыг дуулуулдаг байсан. Зүй нь тэгэх ёстой.

-Та Монголын урлагт хагас зуун жил зүтгэсэн, гавьяатай хүний хувьд өөрийн амьдрал, уран бүтээлийн талаарх ном бичих үү?

-Санаа бий. Надад уг нь Монголын урлагийн сүүлийн 50 жилийн түүхийг бичиж тэмдэглэн үлдээсэн таван ч дэвтэр бий. Би өөрөө хэдэн удаа концерт хөтөлсөн, хичнээн концерт найруулснаас авахуулаад 1960 оноос өдийг хүртэл гадаадын ямар дуучид, хамтлаг Монголд ирж тоглолтоо хийсэн бэ? гэвэл би дэвтрээсээ хараад хэлж чадна. Тухайлбал Улсын филармони 1983 онд 521 удаа тоглолт хийж байсан үе бий. ЗХУ-ын “Веснера” хамтлаг 1986 онд Монголд тоглосон.

Өвөр Монголын дуучин Тэнгэр 1991 оны есдүгээр сарын 10-наас 14-ний хооронд МҮЭСТО-нд таван удаа тоглосон. Лев Лешенко 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд ирээд 11 удаа тоглолтоо зохион байгуулсан. Гэх мэтчилэнгээр дэвтрээсээ он сар өдөртэй нь хараад, хэлж болно.

-Та “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Баянмонгол” чуулгатай үүсгэн байгуулагдаад удаагүй байхаас нь өдийг хүртэл хамтран ажилласан хүний хувьд дурсамжаасаа хуваалцаач?

-1972 онд Болгарын Хөгжмийн дээд сургуулийг төгсч ирээд Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллах болсон. Дуулахын хажуугаар концерт хөтөлж, тоглолт найруулахаас гадна 1972 оноос “Соёл-эрдэнэ” хамтлаг, “Баянмонгол” чуулгыг хариуцан ажиллах үүрэг надад өгсөн. “Соёл-эрдэнэ” хамтлагаас ардын жүжигчин, арваад гавьяат төрөн гарсан. Ер нь үүсгэн байгуулагдсанаас хойш 43 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн хамтлаг байдаггүй юм. Битлз ч тэр АББА ч тэр. Өнөөдөр “Соёл-Эрдэнэ”-ийн долоо, “Баянмонгол” чуулгын зургаа дахь үе явж байгаа.Тухайн үед хамтлагуудын уран бүтээлд тодорхой цензур тавьдаг байсан. Уран бүтээлийг сайжруулахын тулд тэгдэг байснаас биш үзэл суртлын цензур тавиагүй. Ингэсний хүчинд “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг чанартай уран бүтээлүүд гарч, өнөөг хүртэл дуулагдаж байна. Гэтэл өнөөдөр ийм хэмжүүр байхгүйгээс сүүлийн үеийн зарим дуунууд уран бүтээл гэхээсээ үг, нот л болж. Саяхан нэг дуунд 36 төрлийн хайр дуулагдаж байна. Ийм байж таарахгүй. Ингэвэл зарим нь “Хэн юугаа магтан дуулах нь хувь хүний эрхийн асуудал” гэж ярих байх. Тэгвэл урлагт сонсогч, үзэгчдийг соён гэгээрүүлж, урмыг нь сэргээсэн бүтээлийг туурвих ёстойгоос биш “Би чамайгаа урдаас нь, өврөөс нь, араас нь хайрлана” гээд бахираад байж таарахгүй.

-Та ирэх сард “Их урлагт 50 жил” хэмээх уран бүтээлийн цэнгүүн болох гэж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Нэг мэдсэн чинь монголын урлагт хагас зуун жил зүтгэж, уран бүтээлч, хамтлаг дуучдыг бэлтгэхийн сацуу урлаг уран сайхныг сурталчлах ажил хийжээ. Би өөрөө дуулахгүй, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч биш учраас миний шавь нар болно бусад уран бүтээлчдийн зүгээс миний их урлагт хүчин зүтгэсэн хагас зууны хөдөлмөрийг үнэлж, хүндэтгэл үзүүлэх санал олноор ирэх болсон. Тиймээс тэднийхээ энэ сайхан сэтгэлийн бэлгийг хүлээн авснаар урлагийн нэрт мастеруудын “Их урлагт 50 жил” тоглолт хийхээр болсон. Нийт 200-аад уран бүтээлчид оролцоно. А.Долгор, Ш.Чимэдцэеэ тэргүүтэй ардын жүжигчин Г.Батбаяр, Б.Сийлэгмаа, СТА Намсрайноров, Т.Төрмөнх, тэргүүтэй залуу уран бүтээлчид оролцоно. Мөнгавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа тэргүүтэй рок попын одууд оролцоно.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургийг Ц.мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Зуслангууд ирэх сарын 4, 5-наас хүүхдүүдээ хүлээж авна

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт өчигдөр зуслангуудын танилцуулгыг хийсэн юм. Тус газарт 20 зуслан үйл ажиллагаа явуулах саналаа ирүүлжээ. Эрүүл мэндийн хуудсан дээр өнгөрсөн жилийнхээсилүү онцгой анхаарал хандуулах юм байна. Аав, ээжүүд хүүхдээ зусланд бүртгүүлэхийнхээ өмнө child.gov.mn сайтнаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээрээ бөглүүлэх ёстой аж. Хувийн эмнэлэг, харьяа бус дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлбэл хүчингүй гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрынхан сануулж байна. Дотор, арьс, цагаан хялгасан хорхой, сүрьеэгийн болон шээсний шинжилгээ, 16-18 насныхны хувьд ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ авах юм байна. Зуслангуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ч мөн child.gov.mn хуудаснаас авч болох юм билээ.

Зуслангуудын дундаж төлбөр 175 мянган төгрөг

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газ­рын мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил хэчнээн зуслан хүүхэд хүлээж авахаар байна?

-Нийслэлийн хэмжээнд энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулна гэсэн санал ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын зуслангийн үйл ажиллагаа эхлүүлэх тухай захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Нийслэлийн таван байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг нийслэлийн зуслангуудад шалгалт хийдэг. Манай байгууллагаас гадна МХЕГ, Эрүүл мэндийн газар, НОБГ, Цагдаагийн газар шалгах хэсэгт багтдаг юм. Шалгасны эцэст зуслан эхлүүлэх зөвшөөрөл олгодог. Зөвшөөрөл олгосны дараа 20 зуслан маань нээлтээ хийнэ. Тэгээд зургадугаар сарын 4,5-ны орчим Улаанбаатар чуулгын нэг давхарт эрхийн бичгээ тараана. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа хугацаа нь тодорхой болно.

-Зуслангууд хэзээнээс хүүхэд хүлээж авах вэ, хугацаа нь тодорхой болсон уу?

-Ихэнх зуслан зургадугаар сарын аравдаар үйл ажиллагаагаа эхлүүлье гэсэн санал өгсөн. Шалгалтад орсон газрууд хүүхдүүдээ хүлээж аваад эхлэх байх.

-Зусланд амрах эрхийн бичгийн үнэ дунджаар хэд байх вэ?

-Эрхийн бичгийн хоног нь 7-10 байгаа. 160-175 мянган төгрөгийн төлбөртэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Хүнсний бүтээгдэхүүн болон тээврийн зардлын үнийн өөрчлөлтөөс болж өнгөрсөн жилийнхээс бага зэрэг нэмэгдсэн.

-Хамгийн багадаа хэдэн настай хүүхэд зусланд хамрагдах бол?

-Долоогоос дээш буюу хоёроос дээш ангийн хүүхдүүдийг авах бодлого барьж байгаа. Бага насны хүүхдийн хувьд биеэ авч явах чадвар зэргээс хамаарч зусланд амрахад бэрхшээлтэй байдаг. Эцэг, эхчүүд үнэхээр сонирхоод явуулахаар бол ах эгч нартай нь хамт, хараа хяналттайгаар явуулах хэрэгтэй.

-Эцэг, эхчүүдэд сануулах зөвлөмж байна уу?

-Хоол хүнсэн дээр нь онцгой анхаарах хэрэгтэй. Удаан хугацаагаар хадгалдаг бүтээгдэхүүн өгч явуулах шаардлагагүй. Зуслангууд дээр эргэлтийн дэвтэр хөтлүүлдэг. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ эргэх гэж очихдоо чанарын шаардлага хангахгүй жимс, янз бүрийн чихэр боов аваачдаг. Эргэлтэн дээр хязгаарлалт тавина. Чипс, лаазалсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн, амархан муудах хүнсний бүтээгдэхүүн, задгай жимс, бэлэн хоол, газтай бүтээгдэхүүнүүдийг хориглож байна. Хүүхдийн зуслан гэдэг нэрийдлээр янз бүрийн хэлний сургалтууд ажилладаг. Энэ бол зуслан биш. Нийслэлийн 20 зуслан л манайхаас арга зүйн зөвлөгөө авдаг. Зуны гурван сард нь хүүхдээ зусланд цэвэр агаарт амрааж, тархийг нь амраах хэрэгтэй.

-Хүүхдүүддээ заавал бэлдэж явуулах зүйл гэж байгаа юу?

-Хувцаснаас гэхэд нарны малгай, дотуур, гадуур хувцас, биеийн тамирын хувцас, усны гутал, дулаан хувцсыг зайлшгүй авч явуулах ёстой. Ариун цэврийн хэрэгслээс цагаан хэрэглэл, гар нүүрний алчуур, оо, сойз, саван, шампунь, бие угаагч, нойтон салфетка, 00-ын цаас заавал авч явах учиртай. Шархны лент, хөвөн гэх мэт анхан шатны тусламжийн ойр зуурын зүйлсийг мөн шалгана.

Эхний ээлжийн амрагчдадаа хөл бөмбөгийн өмсгөл бэлэглэнэ

Зуслангуудад амрагч хүүхдүүддээ өөр, өөрийн гэсэн онцлогтой хөтөлбөр бэлджээ. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт, Түшээ гүний хөндий, Баянголын хөвөөнд үйл ажиллагаагаа явуулдаг “Мөрөөдөл” зуслан гэхэд лэхний хоёр ээлжийн хүүхдүүддээ хөлбөмбөгийн өмсгөл бэлэглэхээр бэлджээ. Эхний ээлжүүд хөлбөмбөгийн хөтөлбөртэй гэж зуслангийн ахлах багш Ц.Батхолбоо сонирхууллаа. Дуулиан -2020 хөтөлбөр эдний зуслан дээр хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа аж. “Мөрөөдөл” зус­ланг сонгосон хүүхдүүд хөлбөмбөгийн сургалтад хамрагдаж, “Дуулиан -2020” тэмцээний оролцогчид болох гэнэ. “Мөрөөдөл” зуслангийн дараагийн ээлжүүд ньурлаг, адал явдал зэрэг хөтөлбөртэй юм байна. Нэгээс дөрөвдүгээр ээлж нь долоо хоног, төлбөр нь 160 мянган төгрөг, таваас долдугаар ээлж нь есхоногтой, 186 мянган төгрөгийн төлбөртэй аж.

“Найрамдал зуслан” нэгээс бусад ээлжээ бүртгэж дуусчээ

“Найрамдал” зусланд хүүхдээ амраая гэвэл хүссэн ээлж нь эхлэхээс хоёр сарын өмнөwww.nairamdal.mn сайтад орж бүртгүүлэх учиртай юм байна. Энэ жилийн тухайд нэгдүгээр ээлжээс бусад үеийн амрагчид аль хэдийнэ бүртгүүлчихэж. Нэгдүгээр ээлжинд захиалга өгөхийг хүсвэл тус зуслангийн цахим хуудасны http://www.nairamdal.mn/nairamdal_new/order.phpхолбоосоор цаг алдахгүй бүртгүүлэх ёстой аж. Онлайнаар хоёр сарын өмнө бүртгүүлсэн хүүхдүүдийн эрхийн бичгийг даваа гаригаас эхлэн Монголын хүүхдийн ордонд 09.30 -17.00 цагийн хооронд тарааж эхэлсэн байна. “Найрамдал” зуслангийн нэгдүгээр ээлжийн төлбөр нь 124.500 төгрөг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн баяраар олон хүн цугласан газар хүүхдээ аваачихгүй байхыг сэрэмжлүүлж байна

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийнажилтан Ч.Уртнасангаас хүүхдийн баярыг угтуулан гаргасан эмч мэргэжилтнүүдийн сэрэмжлүүлгийн талаар тодрууллаа.

-Улаанбурхны дэгдэлттэй холбоотойгоор Хүүхдийн баяраар олон хүн цугласан газар хүүхдээ аваачихгүй байхыг танай Шуурхай удирдлагын төвөөс уриалсан байна лээ, энэ талаар тодруулаач?

Тийм ээ, улаанбурхны дэгдэлттэй холбоотойгоор дараахь сэрэмжлүүлэг өгч байгаа.

Яагаад гэвэл Улаанбурхнаар зонхилон өвчилж байгаа 6 сараас дооших насны хүүхдүүдэд дархлаа сул юм уу, байхгүй байгаа, 6 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдүүдэд дөнгөж өнгөрч буй 10 хоногт вакцин тарьсан. Энэ тарьсан вакцины үр дүн гарч дархлаа хараахан тогтож, амжаагүй байгаа. Иймээс хүүхдүүд маань халдвар авбал өвчлөх эрсдэлтэй учраас Хүүхдийн баяраар олон хүн цугласан газар хүүхдээ аваачихгүй байхыг сэрэмжлүүлж байгаа юм.

Одоогоор нийслэлийн бүх дүүрэгт болон хөдөөгийн ихэнх аймгуудад улаанбурхны өвчлөлийн 8200 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. ХӨСҮТ-д 811 өвчтөн, 312 сахиур байгаагаас 500 гаруй нь улаанбурхны хүндрэл оноштойгоор эмчлэгдэж, хүлээн авах, яаралтай тусламж, амбулаториор долоо хоногтоо 4804 хүн хандаж үзүүлснээс 788 нь хэвтэж, 200-аад нь хүнд, хүндэвтэр байдалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ ачаалал ихтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн 1633 улаанбурхан өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт тархвар зүйн тандалт судалгаа, голомтын хавьтагсдын судалгааг хийж, хариу арга хэмжээ авч, аймаг, дүүрэгт мэдээлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Улаанбурхан өвчний өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж байгаа голомтын арга хэмжээ, нэмэлт дархлаажуулалтын явц, хамралтын мэдээ, мэдээллийг өдөр бүр ЭМСЯ-ны шуурхаймэдээллийн төвд хүргүүлж, нийтийн мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлж байна.

– Олон хүн цугласан газар улаанбурхны дэгдэлт болох эрсдэлтэй юу?

Тийм ээ, эрсдэлтэй. Улаанбурхан агаар-дуслаар, амьсгалын замаар дамжиж халдварладаг, халдварлалтын зэрэг өндөр, бараг 100 хувьтай өвчин. Өвчин дэгдэлт байдлаар гарч байгаа өнөө үед цугларсан олон хүний дотор улаанбурхны халдвар авчихсан, өвчний эхэн үедээ маш их халдвар тараах үе шатандаа байгаа хүн явж байж болох юм. Хөнгөн хэлбэрээр өвдчихсөн тоохгүй явж байж ч болно. Өвдөөд эдгэрэлтийн шатандаа яваа хүн ч байж болно ш дээ.

Иймээс амьсгалын замын халдвараас сэрэмжлэх хэрэгтэй.

-Хүүхдийн баяр, цэцэрлэг сургуулийн төгсөлтийн элдэв баярын үеэрэцэг эхчүүд юу анхаарах вэ?

-Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөхөд анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл өвөл хаврын улиралд ханиад шуухинаа хүрч өвчилж, дархлаа суларсан бага насны хүүхдүүд, эрсдэлт бүлгийнхэн амьсгалын замын бусад халдварт өвчин тухайлбал улаанбурхан өвчинд өртөх эрсдэл өндөр тул урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахгүй байх нь дээр.

-Нэг залуу эмийн санд ороод улаанбурхнаас сэргийлдэг эм, аминдэм байна уу гээд явж байхтай тааралдсан. Ер нь улаанбурхнаас сэргийлэхийн тулд юу анхаарах вэ?

-Олон нийтийн газраар битгий яв. Өрөө тасалгаа, анги танхимаа хоёр цаг тутамд 15 минутаар агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгах бодисоор халдваргүйжүүлэх хэрэгтэй. Амны хаалтыг зүүж, хоёр цаг тутамд сольж зөв хэрэглээрэй. Биеийн эсэргүүцлийг сайжруулахад сайн унтаж амрах, амин дэмээр баялаг, хөнгөн чанарын шингэцтэй хоол хэрэглэх, Өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд эмчийн зааврын дагуу хэвтрийн дэглэм баримталж, гэрийн нөхцөлд эмчилгээг бүрэнхийлгэж, хүндрэлээс сэргийлэх хэрэгтэй.

-Дархлаагаа сайжруулахын тулд юу хийх вэ?

-Хамгийн өвөрмөц найдвартай сэргийлэлт бол товлолын дагуу улаанбурхны эсрэг вакцинд хамрагдах явдал юм. Эмчийн зөвлөмж болгоогүй ялангуяа өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик эмийг хэрэглэхгүй байх.Септилин, иммуна зэрэг бие махбодийн өөрийгөө хамгаалах механизмыг эрчимжүүлдэг бэлдмэлүүд болон витамин С, витамин А, поливитамин зэрэг дархлааг дэмжигч амин дэмүүдийг нэмэлтээр хэрэглэж болно.

-Вакцинд хамрагдах ёстой зургаан нас хүртэлх хүүхдүүдийн хэдэн хувь нь хамрагдаж байна вэ?

-Улаанбурхны нэмэлт дархлаажуулалтын хамралтын мэдээг аймаг, дүүрэг бүрээс өдөр бүр авч нэгтгэж байна. Хамралт 5 дугаар сарын 27-ны байдлаар 80 гаруй хувьтай явагдаж байна. Хамралтын хувь бүрэн биелээгүй байгаа учраас дархлаажуулалтыг хугацааг тав хоногоор үргэлжлүүлж сунгаж 100 хувьд хүргэхээр ойрын хоногуудад эрчимтэй ажиллах шаардлагатай байна. Хүүхдүүдээ вакцинд нь хамруулахад илүү анхаарна уу.

-Улаанбурхан тусах эрсдэлтэй гэж үзсэн томчууд вакцин тариулах боломж бий юу?

-Боломжтой, Сайн дураараа улаанбурхны вакцин тариулж болно. Ажлын өдөр, ажлын цагаар, ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар тариулж болно. 1 хүн тун нь 10,000 төгрөгийн үнэтэй. 451798 дугаарын утсаар лавлаж болно. Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 611 хүн тун, ХААИС-ийн дотуур байрны оюутнуудад 525 хүн тун, Хүмүүнлэгийн их сургуульд 100 хүн тун, Хууль сахиулахын их сургуульд 300 хүн тун, 2-р сургуульд 44 хүн тун, АӨСҮТ-д 75 хүн тун, хил хамгаалах байгууллагад 188 хүн тун, Бамбууш ХХК-ийн 50 ажилчдыг вакцинд хамруулсан байна. Сайн дурын болон голомтын хавьтагсдад вакцин тарих ажил үргэлжилж байна.

-Жирэмсэн хүмүүс юу анхаарах вэ?

-Урьд нь улаанбурхнаар өвчилсөн болон товлолынхоо дагуу улаанбурхны вакцинд бүрэн хамрагдаж байсан бол жирэмсэнд их нөлөөлөөд байх зүйлгүй. Харьяа эрүүл мэндийнхээ төвийн эмчийн хяналтдаа сайн явах, улаанбурхны сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах нь зүйтэй.

Иргэдэд нэмэлт дархлаажуулалт болон дархлаажуулалттай холбоотой зөвлөгөө зөвлөмжийг 451798 утсаар тогтмол өгч байна.

Б.Янжмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол монголдоо л дайсагнадаг

Эдийн засаг хямраад удаж байна. Ингэж хямарсны буруутан нь хэн юм бол? Асуултын хариуг нэг их холоос, гаднаасхайх шаардлагагүй.Хэн ч бидэнд дайсагнаагүй. Бидний дайсан бол ердөө л бид өөрсдөө. Бид гайхмаар эх оронч. Цээжээ дэлдээд босоход минь соёлт ертөнцийнхөн гайхан хардаг тийм сүртэй эх орончид. Цөөхөн үндэстний гэм байх, хэт хардамтгай зангаасаа бас салж чаддаггүй. Дээр нь бодит ахуй, сэтгэлгээ мааньядуу буурай. Үүнээсээ болж эдийн засгаа хорлосон, унагасан.“Бурхан минь биднийг дээрэмдэж байна, луйвардчихлаа, бид тэднээс арай бага аваад байна” гэж дуу алдацгаадагминь янзаараа. Бирдийн нүдэнд далай харам гэдгийн үлгэр санагдаад байдаг юм.

Бид өөрсдөдөө л дайсагнаж байгаа биш хоёр хөрш маань яагаа ч үгүй. Ямартаа л Хятадын дарга манайд ирээд буцахдаа та нар минь хөгжөөч гэж захиад буцахав дээ. АНУ, Япон, Солонгос гээд бүгд л “Та нар хөгжөөд өгөөч ээ. Хөгжихөд чинь ингэж хамтаръя” гэж байна.

Азаар гэх үү, цаг үеийнх нь тохироо таарсных уу сүүлийн үед гэгээтэй мэдээ их сонстох боллоо.Ази, Европыг холбосон хурдны замын бүтээн байгуулалт амжилттай өрнөх суурь тавигдлаа. Оюу толгой шуудрах тийшээгээ хандчихлаа. Эгийн голын станцыг явуулах нь тодорхой болчихсон. Таван толгойн асуудал УИХ дээр байна. Монгол нүүрсийг үнэ цэнтэй байлгая гэвэл энэ том ордыг зөв менежмэнтээр хөдөлгөхөөс аргагүй. Тэгэхээр Таван толгой ямар ч байсан хөдөлнө гэсэн үг. Таван толгойн цахилгаан станц, төмөр зам гэж ирээд яривал өөдрөг мэдээ өчнөөн.

Энэ том төслүүдийг хөдөлгөж байж л улсаа улс шиг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Эх оронч дүр эсгэж, хардаж сэрдэхгүйгээр уужуу, гүндүүгүй загнаж нэгэнт эхэлсэн төслүүдээ хэрэгжүүлэх цаг нь ирчихжээ, та минь.Уужуу гэснээс талын монголчууд хэзээнээсээ уужуу байсан эсэх нь ч яг нарийндаа эргэлзээтэй. Хувьсгалын өмнөхөн нэг орос нөхөр судалгаа хийгээд “Энэ монгол эрчүүд чинь өдөрт хоёрхон цаг л ажилладаг юм байна” хэмээн дуу алдсан гэдэг.Мань эр малаа харсан болоод гэртээ хэвтдэг эрчүүдийн яг ажилладаг цагийг тооцож үзсэн хэрэг. Иймүед хүн уужуу байхгүй гээд яахав. Тэгэхээр суурин амьдралын давчуу хэмнэлд ороод ирэхээр төрөлх чанар маань сэдэрсэн байж таарах нь. Хардаж сэрдэж, өөдөө яваа нэгнээ уруу нь татаж, дажгүй бодлогоор улсаа хөгжүүлэх гэснээ дарж, буруутгаж, өөр зуураа эв эвдэрчявсан агшин Монголынтүүхийн шарласан хуудсыг сөхөөд харахаар тоймгүй. Ингээд бодохоорбидлав л төрөлхийн уужуу улс биш шиг санагддаг.Жинхэнэдээ тэвдүү, яаруу, сандруу үндэстэн ч гэлээ яг энэ үед хөгжил авчрах том төслүүддээ уужуу тайван, гүндүүгүй, хүлээцтэй хандаж урагшлахад нь дэм болмоор байна даа.

Ц.Баасансүрэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоолой яагаад сөөдөг вэ?

Хоолойны сөөнгө хоёр шалтгаантай юм байна. Төрөлхийн дууны хөвч нь эмгэгтэй хүмүүсийн хоолой бүдэг, сааралтсан байдаг ажээ. Гэхдээ анагаах ухаан өндөр хөгжсөн улс оронд дууны хөвч суулгах, өөрчлөх зэргээр эмчилдэг.

Хоолой хүндүүрлэхгүй хэрнээ үе, үе сөөнгөтөж, хэлэх гэсэн үг, авиа тод биш гарах нь түвэгтэй байдаг. Шалтгаангүйгээр хоолой сөөх нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг юм байна. Ихэвчлэн дууны хөвч гэмтсэн буюу үрэвссэний дохио болохыг анагаах ухаан тогтоожээ. Тодруулбал, нармай, төвөнх, дууны хөвчний аль нэг хэсэг эсвэл тэр хэсэгт үрэвссэн гэсэн үг. Эсвэл дуу авиаг зохицуулагч мэдрэл гэмтсэнтэй холбоотой гэнэ. Энэ нь даамжраад дуу гарахгүй, бүр таг болох ч нь бий. Голдуу уртавтар тархи саажих өвчний үед хоолой сөөнгөтөж байснаа улмаар гуншиж ярих, чанга дуугарч чадахгүй шивнэх зэрэг бэрхшээл үүсдэг байна.

Хоолой сөөх шинж тэмдэг гүйлсэн булчирхайн эмгэгийн үед түгээмэл илэрдэг болохыг эмч хэлэв. Иймд үрэвслийн эсрэг эм, тариа хийлгэж болно. Хоолойн үрэвсэл намдаагч, хаван буулгагч эм бүхий уусмалаар зайлах хэрэгтэй гэсэн. Эмийн сангуудаар жоргүй олгодог царингосепт, стрепсис зэрэг хүлхдэг эмийг уух заалттай. Энэ мэтчилэн цацлага, утлагыг эмчийн заавраар хэрэглэснээр 2-3 хоногт үндсэндээ илааршдаг байна. Харин залгиур орчим хүчил, шүлт, халуун зүйлд түлэгдсэн бол сорвижин эдгэхдээ хоолой сөөнгө хэвээр үлдэхтохиолдол байдаг ажээ.

Мэдрэлийн шалтгаантай сөөнгөтөх нь дууны хөвчийн чөлөөтэй хөдөлгөөн хязгаарлагдсанаас болдог байна. Ийм үед харьцангуй удаан тууштай эмчилгээ шаардлагатай. Хэрэв эмчилгээ тасалдвал сөөнгө хэвээр үлдэх аюултай ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэний тэмцэл бол нөхөр эрэх процесс мөн

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэлд хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийн “Пост коммунист синдром” хэмээх төгсгөлхэсгийн “Капитализм байгуулж буй социалистууд” бүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Сонины газар

Өнөөгийн монголчуудыг юм бүтээхийн төлөө тэмцэхээсээ илүү бүтээн байгуулалтыг нураахын төлөө нэгдэн тэмцэх дуртай гэж шүүмжилдэг. Үнэхээр ч тэгж харагддаг. Энэ нь хараахан унтарч мөхөж амжаагүй яваа үндэстний зөн совинтой их холбоотой юм.

Аугаа их Чингэс хаан болох замаа засч явсан Тэмүүжин хөвүүн эцгийн найз Тоорил дээр цэргийн тусламж эрж очдог хэсэг “Монголын нууц товчоо”-д буй. Өнчирч ядуурахын зовлонг амсч яваа жаал хөвүүн гэртээ байсан “гялайх” ганц хөрөнгөө барьсаар очсон нь булган дах байжээ. Судлаачид булган дах барьсан явдлыг ихэд онцолдог юм. Анчин гөрөөчин, нүүдэлч аймгийн нэр нөлөөтэй захирагч Тоорил ганц ширхэг булган дах анд унаж, Тэмүүжиний төлөө хөдөлсөн нь юу л бол?

Харин хоорондоо түнжин муутай нүүдэлчдийг байнга нэгтгэн барих хэрэгслэл хайж явдаг удирдагчид сайхан шалтаг олдсон бололтой.Мэргэдтэй дайтна гэдэг бол дундын дайснаа тодорхойлж цэргийн эвсэл байгуулах сайхан боломж. Цэргийн эвсэл байгуулж, дайн тулаанд мордох нь аймаг овгийн амьдралд нь байнга нөлөөлдөг эдийн засгийн хямралаас гарах замыг нээнэ гэсэн үг.

Юу ч үйлдвэрлэдэггүй атлаа худалдаа наймаа, чөлөөт солилцооны тогтолцоогүй нүүдэлчдийн хувьд олз ашиг олох, ногдол ашиг хүртэх уртаашаа ганц боломж байв. Тэр ганц боломжийг гоёор хэлэхэд аян дайн, байлдан дагуулалт, үнэндээ бол дээрэм тонуул ажгуу. Дайн тулаан хийхгүй байхын хэрээр эд таваарын хомсдол нүүрлэж, эв нэгдэл сулран, тарж бутрахад хүрнэ. Иймээс дайн тулаантай байх нь эдийн засгаа хөгжүүлэх, нөхөрлөлөө бататгах зам байлаа.

Манжийн эрхшээлийн хоёр зуун, Зөвлөлтөөс хараат ХХ зуун түүх болж үлдсэн ч гэсэн монголчуудын дундын дайсантай байх аргаар нөхөрлөлөө хадгалдаг эрмэлзэл арилсангүй. Арилахаар ч сургамжийн замыг туулсангүй. Манж нар, Зөвлөлт нь хүн ардын “албан бус дайсан”-ы үүргийг хангалттай биелүүлж байсан учраас дайснаар цангасан явдал гарсангүй. Нөгөө талаар Монголыг ээлжлэн хянаж байсан хүчирхэг хөршийн хараа хяналт нь дотооддоо эвдрэлцэх боломж олгоогүй юм.

Монгол орныг эрхшээж байсан Манж, Зөвлөлт хоёрын зүгээс нүүдэлчдийг хэрэгцээт эд материалыг булааж бус худалдаж авах боломжоор хангахыг чухалчлан эхнэртээ дээлийн торго олох төдийд сэлмээ ирлэхгүй байх талаар бодолцжээ. Манжийн үеийн Монголд хамгийн олон жил ажилласан Даашин хүүгийн пүүсээс эхлээд, Зөвлөлтүүдийн байгуулсан, санаачилсан Центрсоюз, Монценкоп, Стормонг зэрэг нь чухам ийм арга хэмжээний үр дүн юм.

Нүүдэлчдийн дотроос үргэлжид хатгах дайсагналцах хорхойг байнга дарахын тулд “ангийн дайсан”, “мөлжигч феодал этгээд”, “хөрөнгөтний аюул”, “хятадын түрэмгийлэгч санаархал” гэхчлэнгийн үзэл суртал, үзэн ядалтын кампанийг тасралтгүй дэгдээж байсан нь үр дүнгээ өгчээ.

Ингээд нэгэнт эд барааны хангамж хэвийн болсноос үүдэн “бизнес дайн” хийхээ больсон, эзэрхийлэгч гүрнүүдийн дарамтаас айгаад хоорондоо хамаагүй хэрэлдэж чадахаа байсан монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалаар иргэний эрх чөлөөгөө олов.

Дарамт шахалтын дор зуунаас зуунд нуугдан хадгалагдаж байсан үндэсний зөн совин ардчилалтай зэрэгцэн сэрлээ. Үзэн ядагчаа өөрөө сонгож, түүн дээрээ чөлөөтэй эвлэлдэн нэгдэх боломж гарлаа.

Эрх баригч намын эсрэг, нам дотроо даргынхаа эсрэг, Тавантолгойн уурхайг ашиглахын эсрэг, Гачууртын ордыг ашиглах гэрээ байгуулахын эсрэг, сурагч дүрэмт хувцсыг тэр компаниар оёулахын эсрэг…ын эсрэг, эсрэг, энэ олон эсрэг тэмцэл бол монголчууд санаа нийлэх нөхрөө хайж байгаа процесс юм. Нөхөртэй болж яах гэж байгаа юм бэ гэхээр яг л мянганы тэртээ хутгаараа нийлж “бизнес” л хийх гэсэн хэрэг.

Баялаг хөрөнгөтэй компани, үр өгөөжтэй төслийн эсрэг нэгдэж чадвал дайны олз их байхыг өвөг дээдсээс өвлөсөн зөн совин нь хэлээд өгнө. Учир нь баян хот руу довтолсон монголчууд баяжаад буцаж, хоосон суурин руу дайрсан нь хоосон буцдаг байсныг мэднэ. Ийм учраас уул уурхайн үйлдвэрлэлийн эсрэг нөхөрлөл хамгийн их байдаг юм. Хойшлуулах аргагүй хөтөлбөрийг гацаахаар дарамтлан мөнгө саах, нэгэнт эхэлсэн бүтээн байгуулалтыг зогсоохоор заналхийлэн ашиг унагах чадварыг өвөг дээдсийнхээтактикийн сангаас өвлөсөн бүлгээ.

Эртний аргаар олсон нөхөр ч тогтвортой биш, баялаг ч наалдацтай бус. Шинэ цагийн Тэмүүжин бээр хэдхэн хоногийн дараа Жамухтайгаа ч хонь чоно бололцоо дамжсан төдийгүй, түрүүчийн тулаанаар цуглуулсан олзоо барчихсан сууна.

Ингээд л цоо шинэ Хорезмыг эзлэх, түүндээ хэрэг болох нөхдөө цуглуулахын тулд цоон шинэ жигүүр, фракци, иргэний хөдөлгөөнөө байгуулнадаа. Хорезм гэснээс, энгийн номхон худалдаачдыг цаазалсан дуурлан, чөлөөт худалдааны ариун зарчмын төлөө тийшээ дайтахаар явсан гэж бид мэднэ. Үнэн хэрэгтээ үнэнч нөхдөө дахин нэгтгэх, шинэ бизнес сэдэх, улмаар албатууддаа ногдол ашиг хуваарилах санаа, түлхэцийг л Чингис хаанд өгсөн төдий мэт.

Мянганы тэртээгээс уламжлалтай нөхөр сонгох, бизнес хийх, баялагт хүрэх, хуваарилах арга уламжлалаас өнөө ч бүрэн салж чадахгүй байгаа нь монголчуудын иргэншлийн туршлага дутмагаас болж байгаа бололтой. Мянга мянган жил нүүдэллэн амьдраад, сая нэг суурьшихдаа социализмы үзэл суртал доор хуурмаг эв нэгдлээр хамтраад, хорь гаруйхан жилийн өмнө хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд орсныг үргэлж тооцох учиртай.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийнхээ хэл, яриаг та өөрөө эвддэг

Эцэг, эхчүүд балчир үрсээ өхөөрдөж, зарим үг, үсгийг дутуу хэлсэнээс болж хүүхдүүд таныг дуурайн шулга, тультраа болдог талаар эрдэмтэд онцолж байна. Та “Өнөө маргааш даа ингэж байгаад яваандаа зүгээр больчихно” гэж бодох хэрэггүй. Ийм сэтгэхүйгээр харьцсаар энэ үйлдэл 21 хоног давтагдахад л зуршил болж эхэлдэг байна. Та хүүхдийнхээ буруу дуудсан нэг үгийг нэг гэж хаялгүй дор дор нь засч хэлж өгөөд байвал богино хугацаанд зөв тод ярьдаг болох боломжтой гэнэ. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүдийн хэл яриа, авиа зүйн дуудлага нь асуудалтай болж байгаа нь цэвэр эцэг, эх, асран хамгаалагчдын нөлөө юм байна.

Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн дэргэдэх Мэргэжлийн ур чадварын академаас хүүхдийн хэл яриа, авиа зүйг хөгжүүлэх сургалт явуулаад багагүй хугацаа өнгөрчээ.Сургалт 5-7, 8-10 насны ангилалтай. Долоо хоногт хоёр удаа хичээллэдэг бөгөөд СУИС-ийн чадварлаг багш нар хичээл заадаг байна. Ялангууяа 5-7 насны ангид Р,Л, Ж,Ч гэх мэт гийгүүлэгч үсэг хэлж чадахгүй хүүхдүүд ирэх нь элбэг байгаа аж. Хичээл, даалгаврын дүнд тодорхой ахиц гарч байгааг багш нар онцоллоо. Ингэхдээ “Энэхүү сургалтад хамрагдсанаар эцэгэх ч, хүүхэд өөрөө ч цаашид авиа зүйн зөв дуудлагатай болох талаа рмэдлэгтэй хуримтлуулж болдог. Харин тэдний ярианы буруу зуршилтай болсон шалтгааны ихэнх нь аав ээж, ойр дотны хүмүүсийн харилцаанаас болсон байх юм. Эмчид хандах шаардлагатай хэмжээний хэл ярианы бэрхшээлтэй л биш бол хүүхэдтэйгээ та бага гэж эрхлүүлэлгүй цэвэр тод дуулгараар ярилцаж байгаарай. Хүүхэд тань өөртэй нь харилцаж байгаа хүнээс л хэл ярианы авиагаа сурдаг болохоор өхөөрдөж байна гээд гийгүүлэгч дутуу яриад байвал тэр чигээр нь хүлээгээд авчихдаг аюултай” гэж сануулав.

Хоёр сарын өмнөөс эхэлсэн Хүүхдийнхэляриахөгжүүлэхдээрх сургалтыг маш олон хүүхэд сурч төгсчээ. Сургалтын үр дүндэцэг, эхчүүд сэтгэл ханамжтай байсан юм. Мөн эднийх авиазүйнбуруузуршилтай, гийгүүлэгчүсгээбуруубуюудутуухэлдэг, олонүсэгхэлжчаддаггүйзэрэгхэлярианыбэрхшээлтэйцөөнгүйхүүхдийнэцэг,эхчүүдийн хүсэлтийн дагуу ганцаарчилсансургалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Сургалтын хөтөлбөрөө бүрэн боловсруулж дууссан бөгөөд шинэ элсэлтийн бүртгэл явагдаж байгаа юм байна.

Таны хүүхэд Мэргэжлийн ур чадварын академд суралцсанаар хэл яриа, авиа зүйн нь хөгжөөд зогсохгүй өөрийгөө илэрхийлж сурахаас гадна, хүнтэй чөлөөтэй харилцаж чаддаг, итгэлтэй нэгэн болно. Сургалт Гранд плаза төвийн VII давхарт байрладаг бөгөөд дэлгэрэнгүймэдээллийг 7000-1892 утсаархолбогдонаваарай. Сонирхуулахад, эх үрсийн баярыг тохиолдуулан 8-10 насны сургалтдаа 10 хувийн хямдрал зарласан байна лээ.