Categories
мэдээ нийгэм

“Сэрсан димэд” ХХК, ”Бум Энэрэл” ХХК-ийн эмнэлгүүдэд хариулцлага тооцлоо

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 онд баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 01-24-ний өдрүүдэд зохион байгуулж, шалгалтанд нийт 87 объект хамрагдаж, 564 зөрчил илрүүлж, газар дээр нь 109 зөрчил буюу 19.3 хувийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 61, мэдэгдэл 18, танилцуулга 3-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн “Сэрсан димэд” ХХК, “Бум Энэрэл” ХХК-ийн эмнэлгийг тус бүр 250.000 төгрөгөөр, “Зүтгэх найдвар” ЗБН-ийн эмнэлгийг 100.000 төгрөгөөр, нийт 3 субъектыг 600.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцсон.

Батлагдсан удирдамжийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 6 байгууллагын эмч ажилчдыг хамруулан 482 хүнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын хичээл сургалтыг зохион байгууллаа.

Байгууллагын менежер, харуул хамгаалалтын ажилтан нарт объектын гал түймэр гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэх, гал унтраах анги хүрэлцэн ирэхээс өмнө томилгоожсон гал унтраах бүлгэмийн ажилтан нараар аюулгүй байдлыг хангуулж унтраах арга хэмжээг авах, аюулгүй байдлаа хангаж ажиллах, хэвтэн эмчлүүлж буй иргэд болон байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж ажиллаж байх талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмжийг газар дээр нь өгч хамтран ажиллажээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд иймэрхүү хуулиар хаалт тавих байх

Авлигатай тэмцэх нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн УИХ-ын тогтоолын төслийг ирэх баасан гаригийн чуулганаар хэлэлцэнэ. Уг төслийн талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Хэвлэлийн эрх чөлөөнд чөдөр болсон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Үүнтэй зэрэгцээд “Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-т хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан хэд хэдэн заалт тусгагджээ. Тухайлбал, сонин, телевиз авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулахыг үүрэгдсэн байна?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол өөр. Харин хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ингэж үүрэгжүүлж болохгүй.Тулган хүлээлгэх, үүрэгжүүлэхээс илүүтэйгээр ийм соёл бий болгохыг уриалж, шаардаж, харилцан тохиролцсон байдлаар хийх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн салбар бол жижиг зах зээлд ашиг багатай ажилладаг. Эрсдэл өндөртэй салбар учраас их хэмжээний эфирийн цаг, сонины зай талбайг үнэгүй мэдээллээр дүүргээд байх юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хөгжиж, дэвжих зам нь хаагдана гэсэн үг.

-Авлигын эсрэг мэдээ, мэдээллийг нийтэл гэж байгаа ньяваандаа төрийн байгууллагын бүх мэдээ тайланг үнэ төлбөргүй нийтэд түгээ гэж тулгах бололтой?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэр, гамшиг тохиолдсон онцгой байдлын нөхцөлд хэвлэлүүд сайн санааны үүднээс нийтэд түгээх соёл байх ёстой. Харин тэрийг төрөөс албажуулж, үүрэгжүүлнэ гэдэг бол ойлгомжгүй асуудал л даа. Энэ нь өөрөө салбарын хөгжлийн явцад зайлшгүй бий болох ёстой соёл болохоос хуулийн дарангуйллын аргаар шийдэх асуудал биш. Хуучин тэр даргын илтгэлийг тавь гээд долоо, найман хуудас материал сонинд өгчихдөг байсан. Тэрэнтэй ялгаагүй юм болоод хувирчихвал утгагүй. “Та нар үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэй,тиймээс баярын хурал дээр тавьсан манай даргын илтгэлийг нийтэл” гээд сонинд хоёр нүүр материал нийтлэхийг тулгавал эдийн засгийн хувьд хохирол хүлээнэ, борлуулалт муудна. Үүнд бас уян хатан хандах ёстой. Тэрнээс төрийн мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэгүй цацна гэвэл бүтэхгүй. Манай салбарынхан дуу нэгтэйгээр эсэргүүцэх байх гэж бодож байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувийн хэвшил, иргэдтэй хийдэг гэрээг ил тод болгохыг төсөлд тусгасан байна. Хэрэв бүх гэрээ ил болчихвол хэвлэлтэй гэрээ байгуулах аж ахуй нэгж, хувь хүн олдохгүй байх?

-Үүнд наанатай, цаанатай хандах болов уу. Мэдээлэл сурталчилгаатай холбогдсон төсвийн гүйцэтгэл, байгуулсан гэрээг ил тод болгох заалт Шилэн дансныхаа хуулиар хүссэн ч хүсээгүй хэрэгжээд явах ёстой. Тиймээс төрийн байгууллага болоод хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын байгуулсан гэрээ нь ил тод байх зарчим нь зүйтэй. Бидний, иргэдийн татвараас бүрдсэн төсвөөр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ гэрээг шударгаар байгуулахын тулд сонгон шалгаруулалт зарладаг, шаардлага хангасан үнэхээрийн топ гэсэн нийгмийн хэрэгцээг хангаж чадаж байгаа ХМХ-үүд гэрээг ил тодоор гүйцэтгэдэг тогтолцоо байх юм бол хэн хэндээ харгүй, хариуцлагатай байх.

Тэгэхээр бидний зайлшгүй хянах ёстой хэсэг бол төр. Харин хувийн хэвшлийнхэн, иргэд өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлахын тулд ямар гэрээ хийснийг зайлшгүй ил тод байхыг шаардаад байх зүйл биш. Үүнд хэтрүүлэн хичээх гэдэг юм харагдаад байна. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байхыг тодорхой болгох нь чухал. Харин хувийн хэвшлүүд ямархуу харьцаатай байх нь төрд тийм ч чухал биш. Үүнийг хуульчлан баталгаажуулаад байх албагүй. Энэ өөрөө бизнесийнхээ, нийгмийн хариуцлага гэдэг утгаар хэрэгжээд явчих ийм асуудалд дахин дахин бичиг цаас болгож, давхардуулан хүндрэл үүсгэдэг байдлаасаа татгалзсан нь дээр.

-Хэвлэлийн салбарын хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлана гэж төсөлд заажээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Нээлттэй зарлахад аймшигтай юм байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны сайт руу ороод харахад телевизийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулагчдын хувь оролцоо, овог, нэр, хаяг гээд бүгд тодорхой байгаа. Ингэлээ гээд телевизийнхэнд харш нөлөө үүсч, бизнест нь хохирол учирсан юм огт байхгүй. Энэ бол зүгээр л соёлын асуудал. Монгол бол жижигхэн. Бүгд нээлттэй л байдаг шүү дээ. Ач холбогдолтой ч юм биш. Үүнийг хэлэлцээд байх шаардлага алга. Зүгээр л явдаг журмаар нь явмаар байна.

-Ер нь аливаа бизнес итгэлцэл дээр явагддаг. Тиймээс итгэсэн хүнтэйгээ хамтарч, хөрөнгө оруулдаг. Үүнийг нь хэвлэлүүд ил болгоод зарлачихаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл дампуурах юм биш үү?

-Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн барууны том зах зээлтэй орнууд шиг тэрбумтнууд төрчихсөн, монопольдоод байгаа юм алга. Зүгээр л оршин тогтнох гэж оролдсон, хичээсэн, энэ мэргэжилд хайртай, дуртайдаа үйлээ үзэж байгаа нэг хэсэг байна. Үүнийг босгочих юм сан гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулчихсан, одоо эргэж буцахаасаа нэгэнт өнгөрчихсөн учраас тэр чигээрээ зүтгэж байгаа хэсэг ч байна. Мөн мундаг чухал салбар гэж бодож орж ирээд ямар адармаатай хэцүү болохыг нь ойлгочихоод яаж ч чадахгүй байж байгаа хэсэг бас байна. Хэвлэл мэдээллийн салбар эмзэг байгаа. Ялангуяа 2014 оны эдийн засгийн хямрал манай салбарт маш хүндээр туссан. Төрөөс ямар ч дэмжлэг авдаггүй. Өөрийн гэсэн яам байхгүй. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үндсэндээ энэ салбарын яамны үүргийг гүйцэтгэж байна. Өөрийн мөнгөгүй төрийн бус байгууллага. Ийм байгаа нөхцөлд янз янзын хаалт хоригоор битгий дарамт болоосой гэж хүсч байна. Дарамт хангалттай байгаа. Өнөөдөр эдийн засгийн аргаар дарамталдаг асар олон тохиолдол сүүлийн үед бүртгэгдэж эхэллээ. Юм л бол сэтгүүлчээс хэдэн зуун сая төгрөг нэхэмжилдэг болсон. Үүнд төр засаг анхаарлаа хандуулахгүй байгаа мөртлөө зүгээр мөрөөрөө өөрсдийгөө болгох гээд явж байгаа бизнесийнхнийгээ “Та нар хэвлэл мэдээлэлд ажллаж байгаа учраас эрх ашгийг чинь хязгаарлах ёстой” гэсэн ийм байдлаар хандах нь утгагүй асуудал. Энэ бол бизнес. Мэдээллийг боловсруулдаг, түгээдэг, тэндээсээ өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ийм л бизнес. Нийгмийн өмнө хариуцлага хүлээчихсэн онцгой энэ бизнесийг ингэж дарамтлах юм бол өнгөрсөн хэдэн жилд олсон ололтоо үгүй болгоно. Дахиад энэ салбар руу дорвитой хөрөнгө оруулалт ч орохгүй шүү дээ. Ер нь энэ салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд иймэрхүү хаалт хориг тавих байх даа.

-Үндсэн хуулинд хүн бүр тусдаа хуулийн этгээд байна гэж заасан.Гэтэл авлигатай тэмцэх тогтоолын төсөлд нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтооно гэж тусгасан байх юм…

-Энэ зүйл заалт өнөөдөр манайд үйлчлэхгүй. Яагаад гэвэл хэвлэлийн салбарыг 20 гаруй жил дандаа хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ авч явсан. Энэ салбарт угаасаа Монголын төдийгүй, дэлхий нийтийн жишгийг харахад гэр бүлийн бизнес явдаг. Мөн энд олон нийтийн бизнес явдаг. Бусад улс оронд болоод явж л байгаа юмыг бид өнөөдөр хязгаарлах гээд байгаа нь сонин биш. Хөрөнгө оруулагч угаасаа ашиг муутай, багтаамж муутай, энэ зах зээл рүү ялангуяа эдийн засгийн хямралтай өнөө үед хөрөнгө оруулна гэдэг байхгүйтэй адил болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, эрсдэлд хамгийн түрүүнд өртдөг эмзэг салбар. Гэтэл нийгэмд хамгийн хэрэгтэй чухал салбар байдаг. Нэгэнт төр мөнгө өгч дэмжээд, хэвлэл мэдээллийн салбарыг хөл дээр нь босгож чадахгүй юм бол тэртэй тэргүй аваад явж байгаа хувийн хэвшлийг оролдоод байх шаардлагагүй. Мөр мөрөөрөө л явцгаая. Төр нь төрөөрөө. Хувийн хэвшил нь хувийн хэвшлээрээ. Өнгөрсөн 25 жилд өчнөөн л ахиц ололт, сайн сайхан зүйл манай салбарт бий болж л байна. Мэдээж, салбар томорч байна, ач холбогдол нэмэгдэж байгаа учраас алдаа оноо, сүүдэртэй тал нь нийгэмд тод харагддаг. Бид бүхний өмнө нээлттэй ажилладаг. Тиймээс бидний алдаа оноо болгон нээлттэй байдаг. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүмжлэх эрх нь ч иргэдэд нээлттэй. Шүүмжлэлийн бай болох боломж нь ч илүү. Ийм л орчинд бид ажиллаж байгаа. Төр дааж ажиллаж чадахгүйгээс хойш зөнд нь орхиосой гэж хүсмээр байна.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр удахгүй болох гэж байна. Манай улсын хэвлэлийн эрх чөлөө жил ирэх тусам хумигдсаар байна гэсэн судалгаа байдаг. Энэ салбарын гал тогоог хариуцаад явж байгаа хүний хувьд та бодлоо хуваалцахгүй юу?

-Хил хязгааргүй сэтгүүлчид ашгийн бус байгууллагаас гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2015 оны индексээрманайх 30 гаруй байраар урагшилсан. Тэрийг анзаарахгүй хойшилсон, ухарсан гээд байгаа нь зайлшгүй цаг хугацаа шаардагдсан хүнд асуудлууд байна. Тухайн үедээ шийдэгдээд, сайжраад явж байгаа зүйл байна л даа. Тэрнээс салбар бүхэлдээ болохоо байчихсан гэж хэлэхгүй. Олон сэтгүүлч ял аваад л айдас хүйдэстэй байсан тэр үе ард үлдсэн. Одоо хэлье гэснээ хэлдэг, шүүмжилье гэснээ шүүмжилдэг боллоо. Төрийн зүгээс зохицуулалт, хязгаарлалт хийх гэж янз янзаар оролдож байгаа. Гэвч тэр болгонд дуу хоолойгоо сонсгох, эсэргүүцэх, ойлголцох боломжууд нь нээлттэй. Харьцангуй ойлголцоод, асуудлаа ойлгуулж чадвал энэ салбарыг эрх зүйн хувьд гайгүй аваад явах боломжтой цаг үе ирж байгаа. Хувь сэтгүүлч, тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өөрсдийнх нь оролцоо чухал. Ялангуяа хууль тогтоох, шийдвэр гаргах үед та бидний дуу хоолой ойлгуулах, оролцуулах, эрх ашгаа урьдчилан хамгаалах нь чухал. Одоо яалт ч үгүй хэд хэдэн хууль дээр анхааруулах, тэр битгий хэл нэлээд болгоомжлуулах, хаалт хориг төслийн хэмжээнд явж л байна. Гэхдээ үүнийг бид цаг тухайд нь ойлгуулаад, байж болохгүй гэдгийг түвшин түвшинд нь авч явж болно. Мэдээж мэргэжлийн байгууллагын хувьд дуугүй байхгүй. Дүгнэлтээ гаргуулах, саналаа хүргүүлэх янз янзын арга хэмжээнүүд бий. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, сэтгүүлчид хүртэл өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэх байх. Тавдугаар сарын 3-ндасуудлаа ярьдаг. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой болох болохгүйасуудлыг дэлхий даяар шүүн хэлэлцдэг өдөр шүү дээ. Тийм учраас энэ өдрийг тохиолдуулаад манайхан салбар доторх чиглэл чиглэлийнасуудлаа хөндөн тавьж, дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас хур тунадастай

Энэ сарын 30-наас буюу маргаашнаас төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар, 5-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, 3-нд говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 30-нд секундэд 12-14 метр, 1, 2-нд секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Ирэх сарын 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Жаргалантын тариаланчид ирэх сарын 3-наас улаан буудайгаа тарина

Жаргалантын тариалан­чид тариалалтаа эхлэхэд бэлэн болчихож. Саяхан тариа­ланчдынхаа зөвлөлгөөнийг хийж тариалалт эхлэх хугацаагаа товлоод авч. Ирэх сарын гуравнаас улаан буудайн тариалалт эхлэх юм байна. Ногоочдын хувьд ажил нь аль гуравдугаар сараас эхэлжээ. Тариа, ногооны гол сумдын нэг Төв аймгийн Жаргалант суманд хаврын тариалалтын ажил ид өрнөж байна. Гурван жилийн өмнө улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарч байсан “Алтан залаа” компанийн захирал Цэвэлмаатай уулз­лаа. Тариалалт хийх техни­күүдээ жин тан болгожээ. Энэ жил сумынхаа төвөөс 30 гаруй км зайтай Буйрын даваа гэдэг газар 500 га-д улаан буудай тарих юм байна. Үрийнхээ будааг агуулахаас гаргаж, цэвэрлэж, хордуулж, ачаад явах л дутуу байгаа аж.Тариалалтаа ирэх сарын 3-нд эхэлж, 8-10 хоногт дуусгах төлөвлөгөө гаргажээ. Нэг га-гаас 18-20 тонн буудай хурааж авах гэнэ. Талбайнхаа арав орчим хувьд рапс тарьдаг гэж компанийн захирал сонирхуулав. Гэхдээ энэ жил бага талбайд тарихаар болжээ. Рапс хөрсийг үржил шимгүй болгож, гэмтээдэг гэсэн яриа ортой эсэхийг сонирхоход “Буруу ойлголт. Рапсын хувьд бусад таримлуудтай нь харьцуулахад хөрснөөс арай илүү тэжээл авдаг. Хөрсийг гэмтээдэг гэж ойлгож болохгүй. Таримлын сэлгээнд зайлшгүй байх ёстой гэж саяын зөвлөгөөнөөр эрдэмтэд зөвлөж байсан” гэсэн хариу өгөв.

Аж ахуйн хашааг нь сонир­хов. Энд будаа хадгалдаг хоёр ч том сав байна. Нэг нь 300, нөгөө нь 100 тонных. Томд нь зарах буудайгаа, жижигт нь үрийн буудайгаа хадгалжээ.

Буудай хадгалдаг ийм аварга эд Жаргалант сумын Загдал багийн “Саян түрүү” компанид л бий гэнэ. Тэр нь 100 тонных аж. Өнгөрсөн жил хураасан буудайнаас нь 40 тонн л үлджээ. Үлдсэнийг нь “Өег гурил” компанид борлуулсан байна. Гэхдээ тал мөнгийг нь аваагүй гэнэ.” Мөнгөө авч амжихгүй бол тариалалтаа зээл тавиад л эхлүүлнэ дээ” гэж байна. Саяхан болсон тариаланчдын зөвлөгөөнөөр сумынх нь ихэнх компани буудайгаа зарж чадаагүй, зарсан ч мөнгийг нь аваагүй гэсэн зовлон ярьж байжээ.Үрийн агуулахад нь 70 тонн үр байгаа аж. Импортоор орж ирсэн Алтайский 530 сортын үр юм байна. Үрийн нөөц хангалттай гэж Цэвэлмаа захирал ярив. Эдний компани үр үржүүлэх тусгай зөвшөөрөл авчээ. Өнгөрсөн жил Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд гаргасан Дархан-144 сортын элит үрийгүржүүлээд онцгой байдлын үрийн агуулахад өгчээ. Энэ жил Дарханы хүрээлэнгээс Монголд шинээр үйлдвэрлэсэн элит үрийг үржүүлэхээр авчирчээ. Дархан-131 гэсэн энэ сортбогино болцтой, ганд тэсвэртэй, ургац гайгүй авдаг гэсэн давуу талтай аж. Эдний компани элит үр авч үржүүлж тариаланчдад нийлүүлдэг юм байна.

Аж ахуйн хашаанд нь борной, будаа цэвэрлэдэг, ангилж хаддаг, ачдаг гээд хэд хэдэн зориулалтын техник харагдав. “Алтан залаа” компани энэ жил техникийн шинэчлэлдээ анхаарчээ. Украйнаас хүнд борной гэдэг техник оруулж иржээ. Хоёр тонн гаруй жинтэй энэ техникийг 26 сая төгрөгөөр авчээ. Тариа хураасны дараа талбай дээр үлдсэн соломыгхэрчиж жижиглээд хөрстэй нь хольж өгдөг эд аж. Ингэснээр соломыг малын идэш болголгүй, хөрсөнд нь шингээх сайн талтай гэнэ. Хөрсний үржил шимд сайнаар нөлөөлдөг юм байна.Үүнээс гадна будаа ачдаг шинэ техник, тус бүр нь арван сая төгрөгийн үнэтэй “Омечка” гэдэг силк авчээ. Комбайн, трактор зэрэг техникүүд нь өөр хашаанд байгаа гэнэ.

Хаврын тариалалтад 12-15 хүн ажиллуулах гэнэ. Цэвэлмаа “Тавдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадастай юм билээ. Хур тунадас нь сарынхаа сүүл хавьд учраас тариалалтад сүртэйнөлөөлөхгүй” хэмээн ярилаа.

Хүлэмжийн гүзээлзгэнийг зургадугаар сард амтална

Жаргалант суманд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг айлууд олон байдаг аж. Нарийн ногоо, жимсийг төрөл төрлөөр нь тариад хэрэгцээгээ хангачихдаг айлууд ч байна. Тэдний нэг нь О.Ишдоржийнх. Тэтгэвэртээ гараад хөгшинтэйгөө энэ суманд ирж суурьшжээ. Энэ айлын эзэгтэйг Ж.Хандсүрэн гэдэг юм байна. Хашаа нь тэр чигтээ мод, зүлэг юм. Завсар зайгаар нь явган хүний зориулалтын зам хийжээ. Хүлэмжээ саяхан угсарч дууссан гэнэ. Хүлэмжиндээ сонгино үрслүүлжээ. Оронгуут л сонгинын хурц үнэр хамар цоргилоо. Удахгүй гадаа талбайд шилжүүлж суулгах аж. Цаахан талд нь гүзээлзгэнийн үрсэлгээ суулгажээ. Эзэгтэй “Өнгөрсөн намар таван кг, хачин гоё амттай том том гүзээлзгэнэ хурааж авч ойр дотнын хүмүүсээ дайлсан. Энэ жил ч таван кг гүзээлзгэнэ хурааж авна. Миний тарьсан гүзээлзгэнэ зургадугаар сарын дундуур гэхэд болчихно” гэж сонирхууллаа. Энэ хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх, чинжүү, эрдэнэшиш, вандуй гээд төрөл бүрийн нарийн ногоо тарьдаг юм байна. Өнгөрсөн жил хүнсний ногоо, нарийн ногоо, жимс нийлээд 24 төрөл болжээ. Хулуу гэхэдл таван төрлийг тарьсан байна. Өргөст хэмхийн суулгацыг гэртээ бэлдсэн гэнэ. Удахгүй хүлэмж рүүгээ шилжүүлэх аж. Хүлэмжинд тарьсан нарийн ногоогоо гэр бүлийнхээ хүнсэнд л хэрэглэдэг юм байна.

Хашаандаа чацаргана, тоор, үхрийн нүдний мод тарьжээ. Арчилгаагаа аль хэдийнэ эхэлжээ.Өнгөрсөн жил 50 кг чацаргана хурааж авч байж. Жимсний модны завсар зайгаар салатны навч, ногоон сонгино тарьжээ. Сонгино нь хүнсэнд хэрэглэж болохоор шахуу ургасан харагдав. Хүнсний ногоог төрөл бүрээр нь тарих гэнэ. Артишок ч тарих юм байна. Дотор эрхтэн цэвэрлэх үйлчилгээтэйэнэ ургамлыг хандалж, жүүс хийж хүнсэндээхэрэглэдэг аж. Эднийх ногоогоо арчлахын тулд зуу гаруй сая төгрөгөөр худаг гаргуулжээ. Гэрийн эзэгтэй “Газрын шим гэж сайхан юм. Өөрсдөө хичээвэл хөгшин гэхгүй сайхан амьдрах боломж байна шүү” гэж ярьсаар биднийг үдсэн юм.

Ногоочид төмсөө нарлуулж байна

Жаргалантын шар төмс дангаараа нийслэлийн хэрэглээний дөчин хувийг хангадаг гэсэн албан бус статистик бий. Жаргалант сум улсын төмсний нийт хэрэгцээний дөрөвний нэгийг хангадаг гэсэн албан тоо сонсогддог. 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл төмс тарьж байгаа “Жинсрэгт хайрхан” компанийн ажлын явцыг сонирхлоо. Техник нь тариалалтад гарахад бэлэн болжээ. Бэлтгэл нь 90 гаруй хувьтай байгаа гэнэ. Үрээ зоориноос гаргаж нарлуулж байгаа юм байна. 50 га-д төмс тарихаар төлөвлөжээ.Үрээ соёолуулсны дараа, ирэх сарын 5-нд тариалалтаа эхлүүлнэ гэж тус компанийн зөвлөх Баасанжав сонирхууллаа. Хаврын тариалалтад хориод хүн ажиллах гэнэ. Харин намар зуу гаруй хүн ажиллуулдаг байна. Өнгөрсөн намар Жаргалантынхан сумаа “Монголын Сөүл” гэцгээн хошигнон нэрлэж байж. Төмс их ургасан учраас Архангай, Хөвсгөл зэрэг холын аймгуудаас хүмүүс майхан савтайгаа ирж төмс хураан дажгүй мөнгө олоод буцсаныг ингэж хошигносон хэрэг. “Жинсрэгт хайрхан” компани сэлгээний талбайгүй учраас айлын газар түрээсэлж тарьдаг юм байна. Нэг га талбайг 150 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэнэ. Нэг га-гаас хорин тонн төмс хурааж авдаг аж. Нийтдээ мянга гаруй тонн төмс хурааж авах юм байна.

Голланд сортын байцаагаар нийслэлийг хангана гэв

“Ногооны тариалалтын ажил эхлээд сар болж байна” гэж хүнсний ногооны агрономич С.Энхболд ярилаа. Энэ эрхэм сумын агропаркийг хариуцдаг. Бас бордооны үйлдвэрийн дарга. Монгол төмс хөтөлбөрийн агрономи гээд хэд хэдэн алба хашдаг юм билээ. Сумын хүнсний ногоо тарьдаг хүмүүстүрслэг бэлтгэж өгдөг аж. Голдуу эрт, орой, дунд болцын байцааны үрслэг иргэдэд нийлүүлдэг гэнэ. Мөн өргөст хэмх, улаан лооль, чинжүү гээд хүлэмжинд тарьдаг ногоонуудын үрслэгийг ч нийлүүлдэг байна. Жаргалантын жилийн хэрэгцээний артишокийг тарьчихдаг гэж сонирхуулав. Элэг, цөс нойр булчирхай, хоол боловсруулах эрхтний хордлого тайлах үйлчилгээтэй энэ ургамлыг яаж хандалж хэрэглэдгийг ч сумынхандаа заагаад өгчихөж. ХААИС-ийн эрдэм шинжилгээ судалгааны “Нарт” төвд ажиллаж байхдаа “Газар шим” компанитай хамтарчар тишок дээр ажиллаж байж.Нэг хүлэмжээ артишок ургамалд зориулжээ. Айлууд С.Энхболдоос артишокны суулгац авч тарьж эхэлжээ. С.Энхболдын хүү нь эхнэртэйгээ хаврын ажилд нь туслахаар иржээ. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн гэнэ.

Голланд сортын байцааны үрслэгээ тав, зургадугаар сарын заагаар талбайд шилжүүлж, зөрүүлээд өргөст хэмхээ тарьдаг аж. Байцааны 70-80 хувийгурд хөршөөс импортолдог гэсэн статистик бий. Энэ хувийг багасгахад түүний үрсэлгээ хийж байгаа голланд сортын байцаа мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх гэнэ. Энэ жил сумын хэмжээнд 20 гаруй га-д байцаа тарих юм байна.

Наадмаар эрт ургацын төмс гарна

Чинжүү, улаан лооль, артишокийн хувьд ургалтын хугацаа урт учраас гуравдугаар сарын 15-наас тарьж эхэлжээ. С.Энхболд нэг хүлэмжиндээ төмс соёолуулжээ. Эрт ургацын төмс тарих юм байна. Тэрээр наадмаар эрт ургацын төмс худалдаж эхэлнэ гэсэн мэдээ дуулгалаа. Агрономич “Манай суманд “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнднүхэн зоорины төсөл хэрэгжүүлж, айл бүрд мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд бид нийслэлийг жилийн турш төмсөөр хангах боломжтой болсон” гэж ярилаа. Гурван га-д төмс тариад 100 тонн ургац авчихдаг гэнэ. С.Энхболдын хашаанд Японы хөрөнгө оруулалтаар боссон бордооны үйлдвэр ажиллаж байна. ХААИС-тай хамтарч бактерийн бордоо үйлдвэрлэж байгаа юм байна. Бууцан болон шингэн гэсэн хоёр хэлбэрийн бордоо үйлдвэрлэж байгаа аж. Шингэн бордоогоо литрийг нь 3000, бууцан бордоогоо кг-ыгнь 500 төгрөгөөр үнэлжээ. Бууцан бордооныхоо онцлогийг “Бууц шинэ, хуучин гээд янз бүр. Шинэ бууц хийхэд нэг сул тал бий. Малын ялгадсаар гарсан өт хорхой, авгалдай хөрс бохирдуулдаг. Мөн хог ургамлын үр малын ходоодонд боловсордоггүй. Баасаар нь гарчихдаг. Талбайд бууц хэлбэрээр очихоороо хогийн ургамлын үр таригдаад ургадаг. Ийм учраас хүмүүс бууц хэрэглэхээр хог ургамал нь дийлдэхгүй юм гээд байдаг. Гэтэл бид тийм асуудалтай бууцыг боловсруулж байна. Шинэ бууцыг 70-80 градусын халуунаар үлээлгэхэд хог ургамлын үр, хорхой шавьж нь үхдэг. Ургамалд шингэх процесс нь түргэсдэг юм” гэж тайлбарлав.

Хөрсөнд агуулагддаг бичил биетүүд ашигтай, ашиггүй гэж хоёр янз байдаг аж. Ашиггүй нь дийлээд ирвэл хөрсний ялзмагжих процесс арилж үржил шимгүй болдог байна. Хөрсөнд байгаа бактеруудаас ашигтайг нь ялгажавч шингэн бордоогоо хийдэг гэнэ. С.Энхболд “Нэг грамм дусалд нэг тэрбум ашигтай бактери үрждэг. Тэрийг өсгөвөрлөж байгаад хөрсөнд нь хийгээд өгчихдөг. Айраг исгэхтэй л адил процесс. Ургамал эрдэс бодисоор хооллодог. Малын бууц шим бордоо гэж явдаг. Шим бордоо эрдэсжинэ. Эрдэсжих процессыг түргэтгэх зүйлийгэнэ шингэн бордоо хийж өгнө. Манай бордоог хэрэглэвэл ургац хоёр дахин нэмэгдэж байгаа. Бүр үүнээс ч илүү байж болно. Үр сортоо шинэчилсэн ч хөрсөө тордохгүй бол нэмэргүй. Хөрснийхөө асуудлыг шийдээд өгчихвөл эрүүл ногоо иднэ. Хүнсээрээ дамжаад хүн төрөлхтөн эрүүлжинэ. 1959 онд атар газар эзэмшиж Угтаал, Жаргалант зэрэг сангийн аж ахуйнууд байгуулагдсан цагаас хойш хөрсний үржил шим 50 хувь буурсан. Дахиад хагас зуун жил газар тариалан эрхлэхэд ургамал ургахгүй шинжиндээ орох нь байна. Тэгэхээр халгүй аргаар хөрсөө бордох хэрэгтэй” гэж ярилаа. Сумын тариаланчдын зөвлөгөөний үеэр бүтээгдэхүүнээ танил­цуулснаас хойш бордооных нь эрэлт эрс өссөн гэнэ. Хөрөнгө санхүү нь байвал үйлдвэрлэж буй бордоогоороо улсын хэрэгцээг хангах боломжтой аж. С.Энхболд “Дэлхийд бордооны үйлдвэргүй тавиад улс бий. Энэ орнуудыг ургац нь бага, ургацынх нь чанар муу, хүнсний аюулгүй байдлын чанар алдагдсан гэж үздэг. Бусад 150 орон нь бордоотой. Монгол бордооны үйлдвэртэй. Тэр дундаа сангийн аж ахуй дотор манай сум л бордооны үйлдвэртэй” хэмээн онцоллоо. Жаргалант сум энэ жил 10500 га-д үр тариа, 2300 га-д төмс, 130 га-д нарийн ногоо тарина гэсэн мэдээллийг сумын газар тариалангийн мэргэжилтэн өглөө.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Н.Нацагням: Ирэх сонгуулиар Итгэлт баян шиг үндэсний лордуудаа гаргаж ирцгээе

Төрийн шагналт инженер Н.Нацагнямд Азийн бүтээмжийн байгууллагаас “Үндэсний бүтээмжийн шагнал 2015”-ыг гардуул­сан. Уг шагналтай холбог­дуулан Н.Нацагням өчигдөр ШУТИС-ийн хурлын тан­химд хүндэтгэлийн лекц тавьсан юм. Тэрээр лекцийн эхэнд өөрийнхөө бүтээлийг товчхон танилцуулж, давуу талуудыг нь дурдаж байлаа.

Эл лекцийг тоймлон хүргэж байна.

Бидний бүтээсэн бүтээлүүдийг ашигласнаар импортоор юу ч авалгүй бүхнийг Монголдоо хийх боломжтой. Би англи аргаар NaNyam стандартаа гаргасан. Энэ стандартаар хийсэн цахим төхөөрөмжийг л Монголд оруулна гээд хууль гаргачихвал импортоо хамгаалж чадна. Тэгэхээр электрон бараа гаднаас орж ирж чадахгүй. Энэ нь англичуудын өнөөдөр хэрэглэж байгаа арга байхгүй юу. “Sony” телевизор, “Nokia” гар утас англид байна. “Nokia”-гийн их том, манай саарал ордон шиг барилга Англид бий. Юу хийдэг вэ гэхээр Английн стандартаар зарим юмыг нь өөрчилж зах зээл дээрээ зардаг. Тэр ашгийг англи хүн олох ёстой. Гадаадын хүн авах ёсгүй. Гадаадын хүн ашиг оллоо гэхэд тэр мөнгөө гадагшаа авч явж чаддаггүй. Байшин, машин авах замаар тэр мөнгө нь Англид л шингэж байх ёстой. Би монополь компанид нь ажиллаад ирлээ шүү дээ. Бодит амьдрал ийм байдаг юм гэдгийг нь харлаа. Дээд сургууль нь чөлөөт өрсөлдөөн гэж шал худлаа юм заагаад. Тэр хүмүүс нь Орос, зүүн Европт ирж төр бариад, чөлөөт өрсөлдөөний бүх зах зээлээ алдсан. Зүүн Европ нь баруун Европынхоо хэрэглэгч нь болчихсон. Тэр битгий хэл Европын холбоо гээд Грек, Латин улсууд Германы хэрэглэгч болоод ядуурчихсан. Ядуурахаар яах вэ гэхээр үйлдвэрийн эзэд нь амиа хорлочихсон, Италид. Амиа хорлосон эздийн эхнэрүүд нь Бэлэвсэн эхнэрүүдийн холбоо байгуулаад ажиллаж байна. Үндэсний стандартаар импортоо хамгаална гэдэг маш их ач холбогдолтой. Тэр улсын амьдрах арга нь. Түүнээс биш чөлөөт өрсөлдөөнөөр хөгжсөн улс дэлхийн хаана ч байхгүй. Харин чөлөөт өрсөлдөөн гэж молигодуулаад дампуурч байгаа улс гэвэл Зүүн Европ байна. IT-гийн цахим төхөөрөмж, бүх юмыг Монголдоо хийе. Англичууд металл тросс, металл хайлуулах зэрэг бүх хар ажлаа дайны дараа Энэтхэг рүү нүүлгэсэн. Дараа нь 1990 оноос Хятад руу нүүлгэсэн. Хятадын голууд улаанаар урсдаг болсон. Химийн хортой үйлдвэрүүд ашиг багатай хэрнээ өрсөлдөөн ихтэй. Англид бол зөвхөн ширээ сандалдаа суугаад л зохион бүтээх ажлаа хийдэг. Хар ажлаа хятадуудаар хийлгээд дэлхийд байхгүй хямд зардлаар энэ төхөөрөмжүүдээ үйлдвэрлэж байна.

Би хэд хэдэн төхөөрөмж хийе гэж бодоод байгаа юм (Ямар төхөөрөмжүүд хийх гэж буйгаа дэлгэцэнд зургаар харуулав.сурв) Гэтэл үүнийг хийе гэхээр манайхан ойлгохгүй байгаа юм. Үүнийг хятадууд, англичууд яаж хийдэг вэ гэхээр гучин жилийн захиалга авдаг юм байна. Хэдэн ширхгийг яаж авах вэ гэдгийг тогтоогоод тоог нь гаргасны дараа энэ бизнесийг эхэлдэг. Над шиг захиалга нь байхгүй байхад NaNyam төхөөрөмжийг хийсэн хүн дэлхийд ганц ч алга. Миний таньдаг англи инженер “Чам шиг тэнэг хүн дэлхийд байхгүй” гэж дооглосон. Би үүнийг мөнгөний төлөө биш, улс төрийн зорилгоор хийсэн юм. Монголчуудын төлөө. Монгол хүн үүнийг баталдаг гэдгийг харуулахгүй бол насан туршдаа импортоор аваад, насан туршдаа гуйлгачин шиг амьдрах ёстой гэдэг лоозон байлаа шүү дээ. Үүнийг би сөрж зогсоод дөрвөн жилийн турш цалингүй ажилласан. Анх ТЭЦ II-той гэрээ хийхэд 15 саяын гэрээ хийсэн. Гэтэл тэр төхөөрөмжийг 800 саяар авсан. Тийм зургаан машин авсан нь одоо ажиллахгүй байна. 4.8 тэрбум төгрөгийг аваад хаячихаад одоо болохоор NaNyam-аар хийлгэнэ гээд надтай гэрээ хийж байна. Таван тэрбумыг хаяхаас нь өмнө би хэлээд байхад надад итгээгүй. Тэгээд дөрөв, таван жил ажиллаад баталсны дараа “Өө, за за чамаар хийлгэе” гэж улсын мөнгөөр тоглодог болж. Таван тэрбум төгрөг юу ч биш болж байгаа биз.

(Процессорын зураг харуулав.сурв) Та нар процессор харж байна шүү дээ. Энэ бол 1-10 сая төгрөгөөр борлогддог. Хэрвээ би нийт 18 аймгаас захиалга авбал энэ процессорыг 10 ам.доллараар хийж болох байхгүй юу. Өөрийн өртөг нь 5-6 ам.доллар л гарна. Гаднах гэрийг нь биш, зөвхөн боардыг нь хийхэд. Английн зах зээл дээр 20 фаундаар зарсан ш дээ. Би үүнийг 20 ам.доллараар хийгээд зарахад хангалттай байхгүй юу. Доторх материал нь үнэндээ хямдхан. Юу үнэтэй вэ гэхээр та нарын цаг хугацаа, тархи. Би энэ бүхнийг ганцаараа хийхгүй. Захиалга авбал IT-гийн инженерүүд, энэ чиглэлээр сурдаг бүх оюутныг ажлаар хангана. Эхний ээлжинд ингэж ажиллах оюутнууд хэдийнэ бэлэн болчихсон.

Монголд нөөц нь байгаад байдаг. Гол нь зохион байгуулалтын ажил. Ерөнхий сайд миний төрсөн аав байгаад ч надад тусалж чадахгүй болчихоод байна. Яагаад гэвэл манай энэ төр чинь чөлөөт өрсөлдөөний дүрмээр байгуулагдсан. Агуулахаас худалдаж авахгүй бол багтахгүй болчихсон. Надаас болж Ерөнхий сайд шоронд орчих болчихоод байгаа байхгүй юу. Тэр хүнийг би шаналгаж болохгүй (инээв). Ийм гарцаагүй, сонин байдалд орчихоод байна шүү дээ. Үүнийг дээр, дооргүй “Яаж засах вэ” гэж ярьж байна. Дараачийн сонгуулиар засчихна гэж харж байгаа юм.

Англи, Америкт төрд гарч байгаа хүмүүс нь ард түмнээ тэжээж байна шүү дээ. Би тийм олигархи компанид нь ажиллаж байгаад ирлээ, “Alstom”-д. Тэр бол ард түмнээ тэжээдэг, ард түмэн нь шүтдэг. Гэтэл бид олигархиуд гээд л хараагаад занаад зүхдэг. Үүгээрээ бид монголоо алдаад байгаа байхгүй юу. 100 жилийн өмнө бид Итгэлт баяныг шүтэж амьдарч байсан. “Зэрэг нэмэхийн өмнө” киног манай өвөө, эмээ нар харчихаад уурладаг байсан, монголчууд хэзээ ч ийм байгаагүй гэж. Худлаа үзэл, суртлаар та нарыг молигодож байна гэж уурладаг байсан. Бид 100 жилийн тэр сэтгэхүйдээ эргэж очиж олигархиудаа хайрлаж, тэд биднийг ажлаар хангах нь байна шүү. Бид ийм байдалд хүрэхгүй бол бид хэзээ ч хөгжихгүй. Тийм болохоор дараачийн сонгуулиар бизнес хийдэг хүмүүс нь төрдөө гараад, импортыг орлоё гэж худлаа ярьдаг нь биш импортоо орлочихсон хүмүүс нь дээр гараад, зах зээл болгоныг эзэнтэй болговол бид Итгэлт баяны дүрмээр явна. Азийн барууд ингэж явсан, Англи, Америк ингэж л хөгжсөн. Бид өнөөдөр нэг юмнаас, коммунист дүрмээс айгаад байгаа байхгүй юу. Айх хэрэггүй. Бид нар өнөөдөр зоригтой л байх ёстой.

Гадны төхөөрөмж суурилуулчихаар өнөөх нь паспорт нэхдэг. Паспортыг нь тайлуулах гэж Англиас хоёр инженер ирээд долоо хоноод явахад 200 мянган фаунт авсан гэж байгаа юм. Гэх мэт дарамт ихтэй. Нэг юм нь эвдэрчихээр засахад хэцүү. Бүхлээр нь солихоос өөр аргагүй. Тийм болохоор “Гок” NaNyam-ийг авах санал тавьсан. “Гок” дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүх юмаа шинэчилчихсэн байна лээ. Троллейбуснуудад NaNyam төхөөрөмжийг тавих гэсэн чинь жилдээ тавхан ширхгийг авна гэж байгаа юм. Тийм л жаахан захиалгатай. Таван саяын захиалгаар хөгждөг нийгэм байхад бид яах болж байна. Гэтэл тэр таван захиалга нь одоо бүр тэг болчихсон.

Капитализм байгуулах дүрэм нь дэлхийн ямар ч засаглалтай улсад адилхан байдаг юм байна. Монгол гэрийн ерөнхий анатомтой адил. Тооно байхгүй бол бид униа хатгаж чадахгүй. Тэрэнтэй адилхан монополь эдийн засаг байхгүй бол чөлөөт өрсөлдөөн, жижиг дунд үйлдвэрлэл гэж байдаггүй юм байна. Үүнийг Америк цус нөжөөр хийсэн. Бусад улсууд хуулиар хийсэн. Социализмд бүх юм монополь байлаа. Фашист нийгэмд “Бенз” гэж машиныг хүчээр гаргаж ирсэн. Ийм байдаг юм байна.

Монгол Улс чөлөөт өрсөлдөөнөөр явна гэсэн сонин хуультай болохоор юмыг өөрийн өртгийг нь багасгаж, оюуны өмчийг нь хамгаалж хийе гэхээр болохгүй байна л даа. Бүх зах зээлийг манай төр барьж байгаа томчуул хувааж аваад, бие биенээсээ худалдаж аваад битүү орчин үүсгэчихсэн. Гар утасны зах зээлийг монополь нэг компани авлаа гэхэд тэрэн дээр нь дөрөв юм уу, дөчин компани чөлөөт өрсөлдөөнөөр гар утасны программыг нь сайжруулдаг. Анхны монополь компани нь үйлдлийн системийн захиалгаа өнөөдүүлдээ өгнө. Тэр компанийн технологийг сурсан дөрөв, таван компани захиалгыг хийж нөгөөдөх нь зардаг. “Samsung” бол өөрөө бүх юмыг хийхгүй. Солонгосын бүх оюунлаг ард түмнийг тэжээж байгаа бурхан шиг монополь компани юм байна. Тэгэхээр бид энэ зарчмаар хөгжье. Ерөөсөө маргаад байх юм байхгүй. Капитализм байгуулах технологи бол дэлхийд батлагдчихсан. Өнөөдөр манайд бизнес хийж байгаа хүмүүс амиа хорлох хэмжээнд хүрээд байгаа. Яагаад гэхээр зах зээлийг нь хамгаалж өгөхгүй, шууд зээл өгөөд хий гэхээр нөгөө хүн нь зээлийн хүүндээ баригдана.Дээрээс нь импортыг нь хорьж өгөхгүй болохоор борлуулалтгүй болчихно. Тэгэхээр энэ хүмүүс чинь амиа хорлох хэмжээнд хүрээд байна. Зээл төлсөн нэг ч байгууллага байдаггүй юм байна, бизнес хийж байгаа энэ компаниуд дунд. Бүгд амиа хорлоход бэлэн явж байна. Монополь борлуулалтыг социализмын үед төр хийж өгдөг байсан. Өнөөдөр Англи, Америкийн томчуул тэгж борлуулалт хийж явдаг юм байна. Барак Обама “Хөөе би тэнд очихдоо таван “Бойнг” зарсан шүү” гэж ард түмэндээ зарладаг. Үндэсний борлуулалтаа ийн хийж явдаг.

Монополь байж байж Америкийг бүтээсэн гэж ярьдаг. Монополь компаниуд нь байгаагүйсэн бол Америк хэзээ ч хөгжихгүй байсан. “Gucci” компанийг хар л даа. Тэд “Баячууд байгаагүй бол бид гарч ирэхгүй байсан” гэж ярьдаг.

NaNyam төхөөрөмж ТЭЦ-II, ТЭЦ-III дээр ажиллаж байна. Нэг аз болоход гоё туршилтууд зун болдог юм. Зун болохоор шувууд шугам дээр буухад түр хугацаанд тасраад оросоос залгахад Орос, Англи, Шведээс авсан өдөөлтийн системүүд генераторыг савлуулаад доргилтод оруулаад зарим тохиолдолд зуухууд зогсдог. Гэтэл NaNyam мэдэрч байгаа генераторууд амьд үлддэг. Энэ туршилтаар манай үндэсний инженерүүдийн нэр хүнд өсч байгаа.

Би нэг гарц хэлье. Англи, Америк гээд монгол дүрмээр хөгжсөн орнуудад популист сонгуулийг явуулахаас өмнө Итгэл баяны сонгуулийг явуулчихдаг юм байна. Үйлдвэрийн эздийн сонгууль яваад дээр төр барьчихдаг. Инженерийн яам, авлигатай тэмцэх газрын ч хэрэггүй. Эрүүл систем юм. Модунь Шаньюйгийн үед ийм систем байжээ. Коммунизмд ороод үүнийгээ бид алдчихсан. Гэтэл дэлхийн хөгжсөн бүхий л орон энэ дүрмээр хөгжсөн юм байна. Жишээ нь Английг харъя л даа. 1200 оноос хойш зөвхөн Лордын засаглалаар Итгэлт баяны дүрмээр төр барьдаг байсан. Дараа нь 1341 онд хоёр танхимтай болж, популистууд энэ үед гарч ирсэн. Популистуудыг хар л даа. (Зураг харуулав.сурв). Энэ өвөө бол маш сайхан сэтгэлтэй, үнэхээр тийм ч түүнд Итгэлт баяных шиг төрөлхийн мэдлэг байхгүй. Тэгэхээр энэ хүн капитализмийг байгуулж чадахгүй. Тэгэхээр Итгэлт баянуудыг сонгож сонгуульд оруулъя гэдэг юмыг би биш ээ дээр, дооргүй бүгд ярьж байна. Лордын систем, олигархийн системийн сайн талыг мэддэг хүмүүс л төр барья. Түүнээс биш коммунистаараа сэтгээд олигархиудаа үзэн ядаад байвал бид хэзээ ч бүтэхгүй.

Популизм орж ирснээр хууль нь гууль болоод 1920 онд Герман, Англид нэг пиво авч уугаад дараачийн пиво авахад үнэ нь хоёр дахин өсч байсан. Энэ популист үзэгдэл Монголд гарч ирээгүй байна. Болоогүй байна. Эхний ээлжийн популистууд сэтгэлийн дуудлагаар хувьсгалаа хийдэг юм байна. Хоёрдугаар ээлжийн популистууд мөнгөний дуудлагаар гарч ирж иргэний дайн үүсдэг. Ийм аюултай. Тэгэхээр сонгуульд орж ирж байгаа хүмүүстээ шалгуур тавих хэрэгтэй. Популистуудыг биш лордуудыг. Итгэлт баян шиг юмаа хийчихсэн хүмүүсийг гаргая.

Энэ хэдэн олигархиудаас л болоод байна гэж хүн бүр үзэн ядаад дайн хийхэд бэлэн болчихоод байна. Дайн бидэнд зохихгүй. Дайнаас аврах арга нь лордын сонгууль. Баялаг бүтээсэн хүмүүсээ дээшээ гаргах. Ингэж гарцаа харж байгаа. Энэ бол байгалийн хууль юм байна лээ шүү. Ардчилалд орлоо, хоёрдугаар популистууд гарч ирлээ, дайн болно. Үүнээс урьдчилан сэргийлэх арга нь зөв сонголт. Тайванийг харцгаа. Тайвань Монголоос илүү дампуурч байгаад баруунд ажиллаж байсан инженерүүд нь сонгуулиар ялаад тэнд электроникийн хувьсгал гарсан чинь тэр нь олигархийн хувийн л бизнес байсан шүү дээ, Ерөнхий сайдынх нь. Ингэж л ард түмнээ ядуурлаас аварсан. Нөгөө нэг гарц бол дарангуйлал. Энэ нь манайд таарахгүй, хоёр том хөрш байна. Тэд ороод ирнэ.

Нэг хүний засаглал дампуураад, парламент засаглал руу орно. Нөгөөх нь дампуураад ардчилал буюу популизм руу орно. Тэр нь дампуураад нэг хүний засаглал руу ордог. Энэ гурван засаглал ингэж гурван мянган жилд нэг эргэдэг. Ийм л зүй тогтолтой байна. Нэг хүний засаглал нь ойролцоогоор 2000 жил байна. Лордын засаглал 500 жил, популист буюу ардчилсан засаглал 200 жил. Ингэж эргэж байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл дараагийн сонгуульд үндэсний лордуудаа гаргаж ирж дэмжихийг хүсч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.

Тэмдэглэсэн: Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллах иргэдийг ирэх сараас бүртгэж эхэлнэ

Хоёр улсын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Өмнөд Солонгост очиж ажиллах хүсэлтэй иргэдийг тавдугаар сарын 5-8-ны хооронд нийслэл, сум дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд бүртгэх юм байна.

Бүртгүүлэх хүмүүс нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-40 насныхан байх ёстой бөгөөд өмнө нь БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй гэх шаардлагуудыг хангах ёстой юм байна. Тус шалгалтад бүртгүүлэхдээ гадаад пасспортын хуулбар,сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, шалгалтын хураамж 24 ам.доллартой очиход болох аж. Харин ирэх зургадугаар сарын 02-нд бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм байна.

Монголчууд Өмнөд Солонгост очиж ажиллах явдал сүүлийн жилүүдэд буурсан ч, эдийн засгийн хямралтай холбоотойгоор эргээд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахимаар газар өмчлүүлэх бүртгэл нөгөөдөр эхэлнэ

Цахимаар газар өмчлүүлэх ажлын гурав дахь ээлжийн бүртгэл энэ баасан гарагт буюу тавдугаар сарын нэгэнд эхэлнэ гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ. Бага ам, Богдын давааны ам болон Налайх дүүргийн Нисэх хотхон зэрэг 11 байршилд иргэдэд газар өмчлүүлэх юм байна. Одоогийн байдлаар 24.7 мянган иргэн цахимаар газар өмчилж аваад байгаа. Үүнээс гадна Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн өмчөөс тухайн жилд хувьчлахаар жагсаалтад орж батлагдсан хуулийн этгээд, эд хөрөнгө болон нийслэлийн газрын дуудлага худалдааг сар бүр зохион байгуулж байхаар болсон байна. Мөн иргэд хүсвэл тэдний хувийн өмчийн газар, үл хөдлөх хөрөнгийг нь дуудлагаар худалдах ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулж байхаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Адуун хийморьтой тавилан

ЛУС”-ЫН ДААЛТТАЙ УДАМ

Сэцэнхан аймгийн Боржгин сэцэн вангийн хошууны баруун Чойрын Ловон отгийн малчин ард Амгалангийнд 1896 оны нохой жил хоёр ихэр хүү төржээ. Тэднийх жирийн л нэг бор айл байв.Төрөөд хоёр хоноод байтал тэднийд ногоон дээлтэй, хоёр хар морьтой огт танихгүй хүн бууж. Тэр хүн орж ирээд “Танай хоёр ихэр хүүхдэд нэр өгөх гэж ирлээ” гэж хэлж. Ирсэн зочныг хүндлээд л, хэмжээндээ цайлж дайлаад лүгий нь сонсож л дээ. Тэр хүн “За хоёр хүүд Галт, Цогт гэж нэр өглөө. Эд нар есөн үеэрээ сайн сайхан явна аа” гэж айлдсан гэнэ. Ирсэн хүний гуяан дээр дагаж очин моринд нь мордуулан гаргаж өгч л дээ. Гэтэл өнөө хүн мордож хэд алхуулаад л харагдахгүй болчихсон гэдэг.Түүнийг одоо хүртэл “лус хүрч ирээд нэр өгөөд яваад өгсөн” гэцгээн удам дамжин ярьсаар байдаг.

Энэ бол одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт болсон явдал байв. Өнөөгийн Баянцагаан суманд Галтынхан гэдэг нь МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат, зууны тод манлай уяач Д.Даваахүүгийн талынхан, Цогтынхон гэдэг нь Улсын начин “цагаан” Бадарчийн талынхныг хэлдэг аж. Эрт дээр үеэсээ Баянцагааны настангууд эднийхнийг “лусын даалттай” гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байсан хэрэг. Амгалангийн ихэр хоёр хүү Галтынхан, Цогтынхны удам сайн сайхан явдаг нь ч үнэн ажээ. Эдний удамд бусдаас ялгаатай бахархам онцлог онцгой сонинзүйл олон бий.

Зөвхөн монгол үндэсний морин уралдааны түүхэнд монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлсэн нь 20-р зуунд Хардэл жанжин бэйсийн дараагийнх нь Галтынхны удам болж байгаа юм. Тодруулж хэлбэл Мөнхийн Данзаннямын “ажнай” хүрэн, Данзаннямын Даваахүүгийн “цолмон” халтар, Даваахүүгийн Баянбатын “наран” хонгор азарганууд төрийн наадмын түрүү магнай түмэн эхүүд билээ. Үндэсний морин уралдааны өв их соёлын гайхамшгийг зуун дамжиналд аршуулсан гурван үеийнхний адуун тэнгэртэй амьдрал түүхийг сургаал хэмээн хүндлэн залмой.

МОРИН ЭРДЭНИЙН СҮНШИГДАЛЛАГА

Долоон настай Данзанням хүүгийн шахалтаар аав Мөнх морь уяж эхэлсэн ажээ. Уяачид морьдоо уяад ирэхээр Данзанням хүүморь унана гээд хэнийг ч хамаагүй дагаж явчих гээд зовоодог байж. Тэр үед Мөнх хүүтэйн хэрэг юу билээ мориор наадъя, хүүгээрээ унуулж уралдах ч эр хүний нэг цэнгэл гэж монгол эрчүүдийн нэгэн адил бодсон л байж таараа. 1932 оны улсын баяр наадамд Дундговь аймгийн Баянжаргалангийн Борнойн Жамъянгийн цоохор даага аман хүзүүнд хурдалсан гэж бий. Энэ уяач бол Боржигны “баян” Борнойн том хүү Жамъян юм. Тэр зун Борнойн Жамъянг улсын наадамд тэдний нутгаар дамжин өнгөрөх үед нь Мөнх зориуд угтан уулзаад сайхан хусран хээр даагыг нь гуйсаар байгаад авчихсан гэдэг. Хээр даагыг гурван жил дараалан Баянцагаанд түрүүлгэн азарга тавьснаар эднийхэнд анхны хурд уриншжээ.

Энэ үед шинэ цагийн ардын засаг тогтож нийслэлд ардын баяр, эрийн гурван наадмыг хөхүүлэн дэмжиж өргөн хийдэг болов. 1940-өөд он гэхэд улс орон даяар Галшарын хурд танигдан магтагдаж байсан үе. Галшараас адуу залах хүсэлтэй сүйхээтэй эрчүүд ховор байж. Тийм ховор хүмүүсийн анхных нь Баянцагаан сумын уяач Галт байв.

Галт 1944 оны мичин жилийн намар зүүн тийшоторт явах үедээ адууны эрэлд Галшараар явж байгаад Ван ноён Доржцэрэнгийн уяач байсан “гожигодой” хэмээх Лувсанцэндийн хээр буув. “Монхор” Халтар гуай босоо улаан морьтойгоо явж тааралдаад таргалчих гээд байна, зээрэнд явах гэж байгаа юм гэж байжээ. Лувсанцэндийн хурдан халиун морь нь хөл муудсан гээд тэргэнд уяатай байж. Тэд хоорондоо танилцаж Галтаар халиун морины хөлийг хатгуулаад үлджээ. Галт 1945 оны тахиа жилийн намар тахиа өсч өндөглөнө гэж бэлгэдэн адуу залахаар адуучин зээ дүү Мөнхийн Данзаннямыг дагуулан хурдны өлгий Галшарыг зорьжээ. Тэд арваад хоног яваад Галшарын Сүм гурван булагт иржих уяач “монхор” Халтар гуайнд бууж тэнд адууны наймаа хийсэн байна. Данзанням гуай залуухан хорьтой явж. Адуунд эртэй, уурганд ч, эмнэгт ч идсайн, багтаж ядсан залуу явж. Их уяач Халтар гуай “Хүү чи уургал” гэж саран дэвсгэртэй босоо зуузай тамгатай буурал зээрд морь барьж өгөөд, орон дороосоо бургас гаргаж уурганд нь цээж татуулж мордуулжээ.

Дагмид адууны азарга гээдих манхин, бага манхин гэж хоёр халзан азаргатай адуу байснаас их манхин азарганаас саарал даага барив. Энэ саарал даагыг бас нэг улаан үрээтэй Данзанням хүү авч. Галт болохоор орлойнхоны угшилтай гэх дугуй тамгатай хонгор үрээ, Содномын улаан гэж улсад 1938 онд аман хүзүүдсэн улаан азарганы төл бор үрээ авчээ. Данзанням хүү ч адуунд ямар залуу болохоо ч үзүүлсэн хэрэг. Эндээс дамжаад их уяач “гожигодой” Лувсанцэндийн хээр ирэхэд ээж нь настай хөгшин хэвтэрт байх үе таарч. Урьд намар нь Галтаар хатгуулсан халиун морь хөл ороод сумандаа түрүүлсэн байв. Тиймээс тэр хөгшин Галтыг таниад “Чи их сайн хүү. Би нас өндөр болсон хүн чамд цайгий чинь сүлэх даага өгнө өө? аваад яваарай хүү минь. Жаахан гэж голох хэрэггүй шүү. Дамар хонгорын үр юм шүү. Хөхтэй юм зайлуул гэхдээ хөтөлгөө даах байлгүй дээ” гэж хэлээд охин цавьдар даага хөтлүүлжээ. Ингээд нутаг буцах болоход гаргаж өгөхдөө их уяач “монхор” Халтар гуай Данзанням хүүг ихээр тоож “За чи адуунд дуртай ч хүн юм, адуунаас салах ч үгүй хүн юм байна. Уяач ч болох хүү байна. Манай нутгаас сайн ч адуунууд аваачлаа даа” гэжмагтаад “За хүү минь малгайгаа ар шилэндээрээ өмсч яваарай миний хүү” гэж хэлээд буцжээ. Энэ тухай Данзанням гуай өвөөдөө ирж намайг ингэж магтсан гээд л ярьсан юм билээ. Харин их уяачийн“За чи малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай миний хүү” гэж хэлснийг ойлголгүй гайхаад өнгөрчээ. Үүний нарийн учир нь гэвэл “Тарган морьтой хүн давхидгүй учраас малгай нь толгой дээрээ явдаг, эцэнхий морьтой хүн давхиж явдаг учраас малгай нь ар шилэн дээрээ явдаг нь монголчуудын араншин. Морин эрдэнийн заяа, заслыг шууд хэлдэггүй, дөхүүлэн ойртуулан сануулж хэлэх нь Хар дэлийн хэний соёл. Тиймээс Халтар гуай Данзанням хүүд “Морио сайн эцээж уяж байгаарай” гэж давхар үгээр аминчилж захиж хэлсэн хэрэг. Ойртуулан хэлсэн үгийг огт ойлголгүй явсаар 20 жилийн дараа ухаарсан гэдэг юм.

Ингээд нутгийн зүгүдүүлээд нутаг буцахаар саахалтаас хол зайд гараад явж байтал Монхор халтар гуай дуудаад даллаад байж. Галт гайхаад бор үрээгээ буцаахын биш байгаа гэх бодол ч орж гарч байж. Гэтэл хүрч ирээд Галтад “Чамд нэг юм хэлэхээ мартчихаж айлын адуу долоо хүрэхээр эвгүйтээд байдаг юм. Манай адуу найм хүрэхээр эвгүйтээд байдаг юм шүү? Найман настай болгоомжтой байгаарай. Болж өгвөл өнжөөчихөөрэй. Үүнийг захих гэсэн юм… за сайн явцгаагаарай гэж хэлээд үлдээд хоцорсон байна.

Ингэж нагац ах Галт, зээ дүү Данзанням хоёрын их газраас залж авчирсан энэ хэдэн адуу Мөнхийнхнийг хурдтай болгоод тогтохгүй Баянцагаан болон ойр залгаа сумдын хурдыг сайжруулсан нэгэн түрлэг болсон юм.

Галт бор үрээгээрээ азарга тавив. Галтын бор Данзанням гуайгаас өөрхүн эдэлж чаддаггүй догшин азарга гарчээ. Соёолонд нь эдэлсээр байж цагаашруулж аваад хавчиг азарга Дундговийн Цагаандэлгэрт анх уяж уралдаад гуравт хурдалсан байна. Ааш зан нь болохоос хурд нь ч тодорхой болов. Намар нь Авдар баян суманд Баянцагааны Гомбодоржийн, Нэрэнжимээгийн гээд нэрээ олсон даалуу хэдэн сайн азаргануудтай уралдаадахсан чинь хол түрүүлэх нь тэр.

1949 онд Галтын бор азарга 7 настай улсад уралдаад алдарт Санжаабүүргийн цавьдартай уралдаж байгаад айргийн тавд хурдалжээ.1950 онд Дундговьд байсан Галтын том ах Данзандаржаа өвгөн дээр очоод тэр нутагт уралдаад ахаж. Гараанаасаа ганцаараа тасарч газ-67 машинтай уралдаж яваад хөлөө авчих нь тэр. Өнөөх их уяач “монхор” Халтар гуайн хэрэг болгон ирж хэлсэн” манай адуу 8 настай эмзэг шүү, болбол өнжөөчихөөрэй” гэсэн үгийг хөлий нь авчихаад л санасан гэдэг. Ингэж өөрөө уралдахаа больсон ч гэсэн Галтын борын үр төл, удам угшил олон хүнийг баярлуулсан нь түүх болон үлджээ.

Галт бор азаргандаа хамт авчирсан цавьдар даагаар гүү хийж нийлүүлснээр сайхан зээрд гүү гарч. Зээрд гүүг “өвгөний” Батбуянгийн хонгор халзангийн үр Совд гэдэг хүний (шүдлэн хязаалан улсад түрүүлээд хөлгүй болсон) зээрд азаргыг Галт авч хураалгаад байж байв. Гэтэл Дэрэнгийн Товуу гэж наймаачин хүн зээрд гүүг авъя гээд шалаад байхаар нь зарчихаж. Товуугаас Баян-Өнжүүлийн “буурал морьт” Балбар өвгөн өвөл нь дахиад худалдаад авчихаж. Хавар нь хонгор халзан унага гарч. Тэр хонгор халзан унагаүрээ болоод уяанд байхад нь Ханддорж гуай Балбарын уяан дээгүүр явж байгаад харчихаад энэ хонгор халзан үрээг чинь авъя гэж байгаад авчихжээ. Ханддорж гуай түүнийг азарга болгоод, уяж улсад айрагдуулснаас гадна , арваадаар хэд оруулсан гэдэг юм. Түүний төл Ханддорж гуайн улсад гурав түрүүлсэн алдарт хонгор халзан морь төрсөн гээд угшил түүх нь үргэлжилдэг юм.

Адуучин залуу Мөнхийн Данзанням авчирсан улаан үрээгээ морь болгоод Дундговь Төв аймгийн ойрын сумдаар нилээд хурдлуулсан байдаг. Харин саарал даагаараа азарга тавьсан нь соёолон болтлоо хөхрөөд уягдалгүй өнжжээ. 1951 ондулсын 30 жилээр уяад саарал азаргаа 17-д , булагт хээр гэдэг морио 11-д оруулж л дээ. Гэтэл Донойн Цэгмэд гуайн саарал азарга түрүүлээд ирсэн чинь Баянцагааныхан Данзанням гуайн саарлыг түрүүллээ гэж андуурцгааж гүйн очиж бөөн инээдэм болцгоосон гэдэг. Дээд гарал нь нэг удамтай болохоор адилхан байх нь аргагүй л юм. Данзанням гуай нас залуу уяаны мэдлэг тааруу байсан үедээсаарал азаргаа таргадуулжхадуурдаг болгочихсон гэдэг.Сүүлд энэ тухайгаа хээ мөн хөдөлгөөнтэй хайран адууг хадууртал нь л уядаг хүн шүү дээ би …гэж өөрийгөө голон харамсанярьдаг байж. Малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай гэхийг ойлгосон бол ч ингэхгүй л байсан хэрэг. Саарлын төл бага саарал гэж хурдан азарга ч төрж.

Данзанням гуай “өвгөний” Батбуянгийн хөх цавьдарын үр “тэмээн хээр” гэдэг азарганд (Галшараас ирсэн Дамар хонгорын үр хэвтэрт байсан хөгшний өгсөн) хүрэн цавьдар гүүг хураалгаад гарсан хар гүү нь “түмэн эх” цолмон халтарын эхийн эх ажээ. Энэ хар гүүнээс өмнө бас нэг хар гүү гарсныг Галт Дундговийн Бадарч гэдэг хүнд арилжсан гэдэг. Түүнээс гарсан охин байдсыг “мантын хүрэн” гэдэг азарганд хураалгаад Дундговийн Содномпэлийн улсын наадмын түрүү их хүрэн азарга гарсаны дээр түүний угшил анхны их хурдын аман хүзүү Лүнгийн Жамъяндоржийн буурал духт Борнуурын Гончигдоржийн хонгор азарга гээд одоог хүртэл хурд тасралгүй үргэлжилсээр байгаа юм билээ.

Мөнхийн Данзанням гуай бол аргагүй угшилтай эр охин адууг нийлүүлж адууны угшлыг хадгалж, чангаруулж байх ухааныг эрт ухаарсан хүн.

Баянцагааны Даваанэрэн, Данзанням хоёр дотно найзалж нөхөрлөдөг улс байж. Даваан эрэнг дээр үед багадаа Галшараас ирсэн хүн ч гэж ярьдаг байв. Өвгөний Батбуян гуайн хөх цавьдрын үр “тэмээн хээр” гэдэг азаргыг Даваанэрэн худалдаж аваад хавчигт нь гуравт оруулаад долоотой уяад уралдаадахсан чинь уяа уруугаа хадуурч давхиад хөлөө эвгүй болгочихсон гэдэг. Хойтон жил нь залуу уяач Данзанням уяач хүний алсын бодлоор өөрөө шийдэн хөлөө авсан“ тэмээн хээрийг” тэр үеийн өндөр үнээр 1500 төгрөгөөр аваад ирэхэд ах дүү нар нь хэн нь ч дуугарахгүй хялалзацгаан дургүйгээ илэрхийлж байв. Тэр үеэр Бадамдорж шанзавын уяач байсан огтной Мөр зэвэгтэй насаараа хамт явсан Мөр зэвгийн шавь уяач шоовой Очир айраг уухаар эднийхээр буух таарч. Залуу уяач Данзанням хэрэгтэй хүн ирсэнд дотроо талархаж“ Би ийм азарга авчихлаа гэж” үзүүлсэнд “Чи мөн сайн азарга авч. Чамд сайн их насны морь гаргаж өгнө дөө. Эр хоёр засаатай юм байна шүү дээ гэж магтаж гэнэ. Данзанням хүү “Эр засаа гэж юуг хэлдэг юм бэ? гэхэд “шоовой” Очир хойшоо харсан жижигхэн шовх засааг хэлдэг юм гэж хэлэнгээ хөлий нь барьж үзээд өө энд жоохон юм байна. Чи тарвага алаад ир. Би хөлий нь янзалж өгье гэв.Тэр дороо мордож гүвээ тонгойн тарвага алжавчраад арьсаар нь хэд хоног боож байгаад хатгаж өгөөд явж. Ирэх жилээс хөл нь гайгүй болохоор нь уяад1962 оны зун Баянцагааны Нэрэнжимээгийн гээд даалуу хэдэн азаргатай уралдаад хол түрүүлжээ.

1963 онд Төв аймгийн 40 жилээр сунгаанд хол түрүүлж байсан боловч 9-д орсон байна. Их уяачийн саарал азарга, үнэтэй авсан “тэмээн хээр” азарганы удам угшил одоо хүртэл тасралгүй үргэлжилсээр байгаа ажээ. Үүн дээр Баянцагааныхны дээд талын угшил Баастын ногоон, Өлзий өвгөний хулын угшил, өвгөн лам Цэгмэдийн даншигт түрүүлсэн азарганы удам орж ирсэн зэрэг нь удамт монгол адууг шижир алт лугаа тунгаан эзэмшдэгийн жишээг эндээс харж болно.

Данзанням гуай Өлзий өвгөний хул азарганы төлийн төл хул хязаалан гүүгавч Даваахүүгээр хөтлүүлэн авчирч “тэмээн хээр” гэдэг азаргандаа нийлүүлснээр алдарт хурдан хээр морь төрсөн байдаг. Яс үеийнь харагдтал уясан хээр морины зураг сонин сэтгүүл дээр гарсанийг үзсэн өвгөн уяачид уясан эзэн нь ч шидтэй юм, уягдсан морь нь ч хүлэг юм гэдэг байж билээ. Үнэндээ хээр морь ч ховор төрсөн буян ажээ.

Төрийн наадамд гурав түрүүлсэн Данзанням гуайн “ажнай” хүрэн азаргыг дээд талдаа Баянцагааны “өвгөн лам” Цэгмэдийн Даншигт түрүүлсэн алаг азарганы угшилтай “Өвгөний” Батбуянгийн төрсөн дүү Аривдахын адууных гэдэг. Эднийхэн олон үедээ морь айрагдуулж хурдлуулсан түүхтэй улс. Эдгээрээс гадна “өвгөний” Батбуянгийн хөх цавьдрын төл цавьдар азарга Данзанням гуайн авга ах Намжилаар дамжин орж ирж эднийд давтан сүлэлдсэн байдаг. Хурдан адуу тэр нутгийн өмч болдог жамтай. Баянцагааны хурд гэж алдаршсан адуун сүргийг бий болгосон алдартнуудад Мөнхийн Данзанням гуайн байр суурь өндөрт харагдах бизээ.

Ийнхүү балчир багаасаа эцэг Мөнхийг хурдан моринд татан оруулсан хурдны сүншигтэй М.Данзанням хүүгийн хувь заяа адуун сүргийн эзэн байж морин эрдэнийн заяа, заслын эрдэмд гэгээрсээр жилд ганцхан болдог монгол төрийн наадмаас таван түрүү 11 айргийг хүртсэн нь эрдэмт уяачийн эгнээнд алтан үсгээр бичигджээ.

Өнөөгийн цаг үеэс эргэн дурсахад Данзанням гуайн хэрсүү хөх монгол өвгөний хөрөг дүрс кино дэлгэцнээ мөнхөрчээ. Чин сэтгэл, шударгуу зан, санаснаа хэлчихдэг араншин зэрэгт монгол уяачийн жудаг, өв их соёл, сургааль тэнд л мөнхөрдөг жамтай.

Буянт буурлын хишигтэн, эрдэм соёлыг өвлөн тээгчидхүү Монгол Улсын зууны манлай уяач, гавъяат, хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү , ач хүү Даваахүүгийн Баянбат нараар 21-р зуунд тодорсоор удамшин үргэлжилсээр авай.

Намсрайцэрэнгийн САНЖААДОРЖ

2015.03.05

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ганхуяг: Харцага Г.Ганхуяг буруу үед буруу үг хэрэглэсэн

-”ХАС” БАНКИНД АЖИЛЛАЖ БАЙСАН, АЖИЛЛАЖ БАЙГАА НЭГ Ч ХҮНТЭЙ ЗҮЙ БУС ХАРЬЦАЖ БАЙГААГҮЙ ГЭДГИЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДМЭЭР БАЙНА-

Хас”-ын Ч.Ганхуяг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст гомдол гаргажээ. Улсын харцага Г.Ганхуяг түүнийг олон нийтийн цахим сүлжээгээр доромжилсон учраас тэрбээр нэр төрөө сэргээлгэх гэж цагдаад гомдол гаргасан аж. Энэ талаар Сангийн дэд сайд асан, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

Та амидаатайгаа заргалдаад байгаа сурагтай. Юунаас маргаан эхэлсэн юм бэ?

-Маргалдаад байх юмгүй. Би тэр нөхрийг таних ч үгүй.Гадаадын иргэнийг Бурханхалдун дээр гарлаа гэж сөгдүүлж байгаад дарсан зураг олон нийтийн сүлжээгээр тарсан шүү дээ. Twitter-т Билгүүннович нэртэй жиргээч тэр зургийг жиргэсэн байхаар нь retweet хийсэн юм. Мөн facebook хуудастаа тавьж “Ийм явдлыг таслан зогсоогооч. Учрыг нь олооч. Ийм байж болохгүй” гэсэн тайлбар тавьсан. Ингэхдээ Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар энэ асуудалд анхаарлаа хандуулж, учрыг нь олооч гэж бичсэн. Даяаршсан нийгэмд хэн нэгнийг өөрөөсөө дорд үзэж сөхрүүлж, элдэвлэн байж боломгүй үйлдэл гаргасан байхад зарим залуус бахархаад магтаж сайшаагаад байхаар нь дургүй хүрсэн. Үүний маргааш нь Э.Бат-Үүл дарга “Өмнөдмонгол иргэдийн холбоо”-ны тэргүүнээс уучлал хүссэн шүү дээ. Тэгтэл миний facebook хуудас дээр тавьсан зурагны дор нэг нөхөр “Талх” Хуягаа гэж ирээд л намайг элдвээр зүхээд байсан. Маш олон удаа сэтгэгдэл бичиж, элдэвлэсэн. Анзаараад харахад нэг бөхийн зурагтай хаяг байсан юм. Хаяг руу нь хандаж харахад олон дагагчтай “од” бололтой нөхөр байна лээ. Тэр нөхөр сүүлдээ над руу дайрч давшлахыг хүмүүст уриалж, турхирч эхэлсэн.

Олон нийтийн сүлжээгээр та хариу бичсэн юм уу?

-Үгүй. Хариу бичих шаардлага ч байгаагүй. Тэгтэл дөрөвдүгээр сарын 8-ны өдөр facebook хуудсаар дахин над руу эрээ цээргүй давшилж, “Хас” банкны бүх эмэгтэйчүүдтэй эр эмийн харилцаанд орсон гэж гэр бүлийн минь болон надтай ажил төрлийн холбоотой бүх хүний нэр хүндэд ноцтойгоор халдсан. Над руу дайрч, давшлахыг тэвчиж болох юм. Харин миний гэр бүл, үр хүүхэд, үнэт зүйл рүү дайрч, доромжлохыг тэвчихгүй. Хэн нэг нь аль дуртайгаараа өөр нэгнийг доромжлох эрх байхгүй. Нэг нөхөр амандаа орсноо олон нийтийн сүлжээгээр цацаж, гэр бүл рүү минь дайрч давшлахыг тэвчихгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан.

Харцага Г.Ганхуягийн бичсэн сэтгэгдлийг танай гэр бүлийнхэн эмзэглэн хүлээж авсан уу?

-Эхнэр маань бол дөжрөх талдаа орсон. Намайг ямар хүн бэ гэдгийг мэддэг учраас эмзэглээд байх шаардлагагүй. Харин би том болсон хүүхэдтэй. Тэр хүн ч гэсэн хүүхэдтэй байх. Хүүхдүүдэд энэ мэдээлэл яаж тусах вэ гэдгийг бодох ёстой байсан. Анги, хамт олон дунд нь таагүй яриа сонсогдвол хүүхдүүд нэгийгээ шоолж, шоглодог биз дээ. Би ийм утгагүй хов жив, элдэв ярианаас гэр бүлээ хамгаалах үүрэгтэй.

“Хас” банкинд ажиллаж байсан, ажиллаж байгаа нэг ч хүнтэй зүй бус харьцаж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.

Таны facebook хуудаст хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийг уншихад эмэгтэй хүмүүс шиг хов хөөцөлдлөө гэх нь олон байна.

-Үнэт зүйл, гэр бүлийнхээ нэр хүндийг хамгааллаа гээд эм болдог бол болог. Гүндүүгүй эр хүн шиг байна гээд доромжлуулж, давшлуулаад байж болохгүй. Нөгөө талаар эх оронч гэх нэрийдлээр бусдыг өөрөөсөө дорд үзэж болохгүй гэдгийг ойлгуулахыг зорьсон. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тэр нөхдүүдийг Хятад руу орох эрхийг хаагаач гэж уриалмаар байна. Аялаад явж байсан гадаадын иргэнийг дарамталж, сөхрүүлээд гэрэл зургийг нь дарж түүгээрээ бахархах эрх хэнд ч байхгүй. Тэр зургийг гитарчин Өөжгий гэдэг нөхөр анх олон нийтэд цацаж, эх оронч гээд байгаа нөхдүүдээрээ бахархсан байна лээ. Тэр нөхөрт ч гэсэн арга хэмжээ авахуулна.

Ямар үндэслэлээр тэр билээ?

-Нацист үзэлтэнгүүд эх орноороо бахархах нэрийдлээр хэн нэгнийг өөрөөсөө дор гэж үздэг. Энэ үзлийг Монголд эрээ цээргүй дэлгэрүүлэх нь улсад маань хортой. Залуус дэлхий нийттэй хөл нийлүүлж алхаж байгаа эрин үе. Бид дэлхийн иргэн байх ёстой. Гэтэл өнөөдөр гудамжинд гадаадын иргэнийг зүгээр явуулахгүй болчихож. Монгол Улсад амьдардаг гадаадын иргэн тэмцээнд ороход л манай залуус орилж, хашгираад сүйд болж байна гэсэн яриаг өчигдөр сонслоо. Гадаадын иргэн гудамжинд явахад хөгшин, залуугүй элдвээр харааж зүхдэг болж. Тэдний энэ үйлдлийн хариуд Монгол Улсын нэр хүнд унаж байгаа. Эх оронч үзэл гэж гадныхныг дорд үзсэн, ялгаварласан, бүдүүлэг, дээрэнгүй байдлыг хэлдэггүй. Би ч монгол хүн. Эх орондоо хайртай. Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархдаг. Гэхдээ бусад үндэстэн ямар нэгэн байдлаар биднээс сул, дорой, төрөлхийн гажиг гэх зэрэг байдлаар хандахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм үзэлтэй нөхдүүдийг нацистууд гэдэг.

Та “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхнийг бүгдийг нь цагдаад өгөх юм уу?

-Харцага буруу үед буруу үг хэрэглэсэн. Тэр нөхөр намайг доромжлохоос гадна миний гэр бүл рүү дайрч давшлах эрхгүй. Тийм учраас би уучлал гуйхыг шаардсан. Цагдаад гомдол гаргасан. Арга хэмжээ авахуулна. Ингэлээ гээд тэр хөдөлгөөнийхөн над руу дайрч давшилж, заналхийлж байгаа. Олон нийтийн сүлжээгээр нэр хоч өгч, алдар хүнд, нэр төрд минь халдаж байна. “Ална”, “Хүйс тэмтэрнэ” гэх мэтээр заналхийлж байгаа. Тэднийг нэг, нэгээр нь цагдаад өгөх болно. Үүгээрээ бусдын нэр төр эрхэм, хүн бүр тэгш эрхтэй гэдэг сануулгыг өгөхийг зорьж байна.

-”Хас” банкны лого өөрчилсөн нь хас тэмдэг хэрэглэхгүй гэсэнтэй холбоотой юу?

-Огт хамаагүй. “Хас” банк 1998 оноос хойш нэг логотой явсан. Шинэ дүр төрх, шинэ имижийг бүрдүүлэх, дараагийн хөгжлийн үе шатаа тодорхойлох үүднээс ТУЗ хуралдаад шийдвэр гаргасан.

Ц.ӨРНӨХ

Categories
гадаад мэдээ

Өвчтнүүд аппликейшнд мэдээллээ хадгалуулж зөвлөгөө авдаг болжээ

“Apple”-ийн “HealthKit” эрүүл мэндийн аппликейшн Лос-Анжелесийн “Cedars-Sinai” эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хадгалж эхэлсэн байна. Тус аппликейшнд 80 мянга гаруй өвчтөний мэдээлэл хадгалагддаг байгаа аж. “Cedars-Sinai”-ийн өвчтөнүүд энэхүү аппликейшнийг ашиглаж эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой гэнэ. Анагаах ухаан болон дасгал хөдөлгөөний төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл түгээдэг уг аппликейшнийг өнгөрсөн онд “Apple” компани танилцуулсан билээ. “Healthkit” аппликейшн нь “Apple Watch” ухаалаг бугуйн цагтай төгс хослон ажилладаг байна. Гэхдээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал технологийн салбарынхныг эргэлзээнд оруулж байгаа аж. “iCloud”-д хадгалагдсан хэрэглэгчийн мэдээлэлд хакерууд нэвтрэх магадлалтай гэсэн болгоомжлол байгаа юм. Гэхдээ “Healthkit” аппликейшнд хадгалагдаж байгаа мэдээлэл “iCloud” руу шилжихэд шифрлэх буюу давхар нууцлал үүсдэг учраас эрсдэл багатайд тооцогддог юм байна.