Categories
мэдээ цаг-үе

“Asia’s got talent” шоунд “Хөсөгтөн” хамтлаг хагас финалд шалгарчээ

ОЛОН АВЪЯАСТНУУДААС ҮНЭЛЭГДЭЖ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖТОЙ ГЭДГЭЭРЭЭ “ХӨСӨГТӨН” ХАМТЛАГ ОНЦЛОГ

“Asia’s got talent” шоу нэвтрүүлэгт Монгол орноо төлөөлж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын “Хөсөгтөн” хамтлаг язгуур урлагаар оролцож шилдэг 24-т буюу хагас финалд шалгарчээ. Хөсөгтөн хамтлаг морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй билээ. Энэ талаар морин хуурч, хөөмийч В.Батзориг болон “Хөсөгтөн” хамтлагийн продюсер М.Оргилтой ярилцлаа.

-“Asia’s got talent” шоу нэвтрүүлэгт яагаад оролцохоор болов. Мэдээллийг хаанаас авч байсан бэ?

-Анх өнгөрсөн жил “Марко Поло” киноны нэгдүгээр бүлэг дээр ажиллаж байхад Жэссика Луис гээд жүжигчдийн сонгон шалгаруулалтыг хариуцсан хүн дараа нь “Asia’s got talent” шоуны шалгаруулалтын захирлаар ажилласан юм. Жэссика Луис надад “Азийн авьяастан”-уудыг шалгаруулах гэсэн юм. Монголоос авьяастай хүмүүсийг оруулах сонирхол­той байна хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Учир нь би “Марко Поло” кинонд хоёр хөөмийч авч явж бид гурав монгол баатрууд хөөмий тоглож байгаа хэсэгт тоглосон юм. Тэр хэсгийг хараад хөөмийн урлагийг биширсэн хэрэг. Тэр хоёрын нэг нь “Хөсөгтөн” хамтлагийн Батзориг, нөгөөх нь “Алтайн оргил”-ын Зоригоо байсан. Тэгээд би Монголоос авьяас­тан сонгон шалгаруулах ажилд орж хамтлаг, дуучид, циркчид, бөх, уртын дуучдын бичлэгийг “Asia’s got talent” шоу руу явуулсан. Тэндээс чуулгын харьяа “Хөсөгтөн”, “Жалам хар” гээд хоёр хамтлаг сонгогдон уг шоунд оролцсон юм. Энэ хоёр хамтлаг маань хоёулаа ардын урлагаа үзүүлж эхний шатаа давж чадсан. “Хөсөгтөн” хамтлаг маань одоо хагас шигшээд шалгарчихаад байна.

Энэ шоунд оролцсоноор “Хөсөгтөн” хамтлагийн хувьд ямар давуу талтай вэ?

-Соёл урлагийн шинэ чиглэл урсгал нээгдэж байна. Ардчилсан нийгэм рүү ороод 25 жил болсон ч манай соёл урлагийн тэр сайхан үнэт өв маань “Хөсөгтөн” хамтлагаар хадгалагдаад хөгжиж байна. Энэ нь хуучны бодлого маань үүнийг сайхан авч явж байгаагийн илрэл. “Хөсөгтөн” хамтлаг үүнийгээ хөгжүүлээд дэлхийд таниулж олон наадамд ороод байна. Тэр наадмаас ялгаатай нь энэ шоу маань цэвэр эдийн засгийн гарц болох бүрэн боломжтой. Энэ шоунд оролцсоноор хэдэн сая хувиар цомгоо борлуулдаг дэлхийн хэмжээний том дуучид, продюсер, уран бүтээлчидтэй ажилладаг “Sony entertainment”-тай хамтарч ажиллах үүд хаалга нээгдэнэ. Энэ бол дэлхийд гарах бодит боломж гэсэн үг. “Энигма” Монголын уртын дуучин Нэргүй гуайн дууг аваад ашиглачихсан. Гэтэл Нэргүй гуай өөрийнхөө эрхийг хамгаалж чадаагүй өнгөрсөн. Би “Хөсөгтөн” хамтлагийн продюсерийн хувьд зүгээр холбоод зогсохгүй энэ том байгууллагатай хууль эрх зүйн дагуу “Хөсөгтөн”-ий эрх ашгийг хамгаалж тохиролцоод явж байгаа. Энэ нь Монголын энэ морин хуур, хөөмий гэдэг урлаг танигдаад сурталчлагдаад зогсохгүй энэ хамтлагийнханд маань ашиг болох учиртай. Хаана ч явсан эдийн засгийн эргэлтэнд орсон худалдааны соёл урлаг түгээгдэх нь илүү байдаг, олон ч хүнд хүрдэг. Энэ уралдааны ач холбогдол тэрэндээ байна. Олон авьяастнуудаас үнэлэгдэж чадах, зах зээлд гарах боломжтой. Тийм бүтээл гаргаж, хийж чадаж байгаагаараа “Хөсөгтөн” хамтлаг онцлог. Үүнийг нэг талаас улс Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хэлбэрээр соёлоо их сайхан авч явж байна. Чуулгад манай язгуур урлаг бүгд хадгалагдаад санхүүжигдээд хөгжөөд байж байдаг. Энэ сайхан авьяасыг эргэлтэд оруулах хэрэгтэй. Эргэлтэд оруулахын тулд продюсерийн менежмент хэрэгтэй. Нөгөө талаас бусад урлагийн дуучид, бүжигчид ийм гарц эрэлхийлэхэд нээлттэй болж байна.

ХАГАС ФИНАЛД ШАЛГАРАХ ХҮРТЭЛ ШҮҮГЧИД БИДНИЙГ

100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙСАН

Хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзоригтой ярилцлаа.

Танай хамтлаг хагас финалд шалгарчихлаа. Азийн авьяастнуудаас ялга­рах онцлог нь юу байв аа?

-Оргил ахын явуулсан материалаас манай хамтлаг шалгарч энэ том шоу нэвт­рүүлэгт оролцохоор болсон. Хамгийн эхний шат нь оны өмнө арваннэгдүгээр сарын сүүлээр Малайзын Чохорбарав хотод болсон. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж гэдэг хүний “Чингэс хаан” гэдэг магтаалаар эхнийхээ үеийг давсан. Эхний шатанд амжилттай оролцсоны дараа Сингапурт хоёрдугаар шат болсон. Ер нь Малайз, Сингапур хоёрт ээлжлээд бүх шат нь явагдсан. Шоунд оролцож байгаа уран бүтээлчид ерөнхийдөө орчин үеийн дуу, бүжиг, илбэ, циркийн үзүүлбэрүүдийг үзүүлж байна лээ. Бидний тэднээс ялгарах зүйл нь ардын урлаг. Тэр дундаа хөөмийг голчилж үзүүлсэн. Бидний тактик бол хөөмийгөөр давамгайлсан уран бүтээлээр л оролцож байгаа явдал. Манайхаас гадна ардын урлагаар орж байгаа хамтлаг цөөхөн.

Дөрвөн шүүгчид хэн хэн байгаа вэ. Та нарыг яаж хүлээж авч байв?

-Тайвань гаралтай бүжигчин, дуучин, жүжигчин гээд Азидаа супер од Van Ness Wu. Индонез гаралтай дуучин Anggun, дэлхийд нэртэй хөгжмийн продюссер David Foster. “Spice girls” хамтлагийн дуучин Melanie C нар шүүгчээр ажиллаж байна. Шүүгчид биднийг гайхалтай хүлээж авсан. Бид Азийн авьяастнуудаас гадна олон оронд тоглолт хийж байсан л даа. Тэр бүрд Монголын ардын урлагийг гайхан биширч хүлээж авдаг шүү. Бидний эхний шатанд орсон бичлэгийг youtube дээрээс харвал шүүгчид биднийг ямар өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч байгаа нь тодорхой харагдана. Биднийг гайхаж их сайхан хүлээж авсан шүү.

Шоунд оролцох байх үеийн сэтгэгдлээ хуваал­цаач?

-Шоунд ороод харж байхад өнөөдөр ардын урлагийг монголчууд шиг сайхан өвлүүлж явж байгаа нь бахархмаар байсан. Үндэсний ардын урлагаа олон нийтийн хүртээл болгон тийм том шоунд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Дээрээс нь Япон, Хятадын ардын урлагийг тэд манай хөөмийг гайхаж хүлээж авсан шиг авахгүй л гэж бодож байна. Орчин үеийн дуу бүжиг өндөр түвшинд хөгжчихсөн байгаа үед энэ бүхэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд байна гэдэг хамгийн том бахархал.

Шилдэг 24 дундаа Монголын “Хөсөгтөн” хамт­лагийн рейтинг хэр байна?

-Тун гайгүй байгаа шүү. Хагас финалд шалгарах хүртэл шат шатны үзүүлбэрүүдийг шүүгчид 100 хувь дэмжиж байлаа. Бүр “Asia’t got talent”хуудсан дээр санал асуулга явуулсан байна лээ. “Язгуур үндэстний урлаг дундаас та нар алийг нь илүү гэж бодож байна вэ” гэсэн асуулт тавиад манай хамтлаг болон Тайландын ардын урлагийн номер үзүүлсэн хамтлагийг тавьсан байна лээ. Гэтэл хамгийн эхний сэтгэгдэл дээр тайланд залуу би уг нь тайланд хүн гэхдээ “Хөсөгтөн” хамтлаг хамаагүй илүү байна гэсэн байсан. Тэгэхээр гадныхан хүртэл монгол хөөмий, морин хуур гээд энэ сайхан урлагийг үнэлж байна гэж ойлгож байгаа. Одоо санал асуулгаар шилдэг ес шалгарна шүү дээ.

Шоунд хичнээн орноос оролцож байгаа вэ. Олон улсад манай язгуур урлаг нэлээд сурталчлагдаж байгаа юм байна?

-Азийн бүх орноос оролц­сон. “AXN” телевизээр Азийн 20 гаран оронд цацаг­даж байгаа. Мөн бид нар тоглолтод ороод гараад ирэхэд нэг удаад олон улсын 7,8 телевизээс ярилцлага авч байгаа. Филиппин, Тайвань, Солонгос, Вьетнам, Хятад, “AXN”, youtube гээд л бидний мэдэхгүй олон улсын телевизүүд ч байх шиг байна. Ази дэлхийн хамгийн олон хүн амтай, том тив. Хятад, Энэтхэг гээд тэрбум гарсан хүн амтай өрсөлдөгч нар бий. Тэр олон өрсөлдөгч дундаас шилдэг 24-д шалгарна гэдэг амжилт.

-“Хөсөгтөн” хамтлаг анх яаж байгуулагдаж байв?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 2009 онд хөөмийн томоохон наадам болоод тэрэнд үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганд хөөмийлдөг авьяаслаг хөөмийчид нэгдэж хамтлаг болж орж байсан. Тэгээд “Хөөмийн түрлэгтэй эх орон” тоглолтод хамтлагаараа орж байлаа. Дараа жил нь олон улсын тэмцээнд ороод бид гранпри шагнал хүртэж байсан. Тэгээд л цаашдаа хамтарч уран бүтээл хийж болох юм байна гэж ярилцаад санал нэгдэж хамтлаг байгуулж байлаа. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганаас түрэн гарч ирсэн хамтлаг. Одоо ч гэсэн ажиллаж байна.

Шоуны хувцас жигд­рэлтэнд хэрхэн анхаарч байв?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганаас бидэнд хийж өгсөн гоё хувцаснууд байгаа. Мөн хувиараа ч оёулна. Энэ шоунд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга бидний хувцсан дээр их тусалсан. Байгууллагын удирдлага, нийт хамт олондоо талархлаа илэрхийлье.

-“Asia’s got talent” шоуны шагнал юу байх вэ?

-100 мянган америк доллар. Sony entertainment-тай хамтран ажиллах гэрээ хийнэ. Дэлхийн хамгийн том компанитай гэрээ хийнэ гэдэг тэр хамтлаг, дуучид дэлхийн хэмжээнд очно гэж ойлгоход болно. Сингапурын “Marina Bay sands” үйлчилгээний бөгөөд соёл урлагийн цогцолборын тайзан дээр тоглох гэрээ хийгдэнэ. Мөн хагас шигшээд орсон тохиолдолд биднийг сонирхолтой мундаг хамтлаг байна гэж үзвэл гэрээ хийх магадлалтай. Шигшээ буюу шилдэг ест орсон тохиол­долд тэр магадлал илүү өндөр болно. Шилдэг есөө шал­гаруулсны дараа тавдугаар сарын 14,15-нд тэргүүн байрыг тодруулах үйл ажиллагаанууд болох юм билээ.

Санал асуулга хэзээ болох вэ?

-Дэлхийн том шоу учраас шударга болно. Энэ шатанд интернет орчинд санал асуулгаар авна. Бидний өрсөлдөгч дунд хүн ам нь хэдэн тэрбум, саяар тоологдох улс бий. Хамгийн цөөн хүн амтай нь манайх байх. Гэхдээ хүн ам цөөн ч гэсэн санал асуулгад идэвхтэй байвал гайгүй байх.

Санал асуулга өнөөдөр орой Сингапурын цагаар 20.00-с эхлээд 27-ны орой 00.00 цагаас дуусах юм. Энэ нь Монголын цагаар өнөөдрийн 21.00 цагаас 27-ны орой 01.00 цаг хүртэл санал асуулга явагдана.

Та саналаа өгөхдөө “Asia’s got talent” хуудас руу ороход “vote now” гэсэн зэс байгаа. Тэр зэс рүү дараад ороход бидний өрсөлдөж байгаа хүмүүсийн зураг, манай хамтлагийн зурагтай байгаа. Бидний зурагны доорх улаан товчин дээр дарна. Нэг хүн нэг л удаа санал өгөх эрхтэй гэдгийг манай залуус санаарай. Ардын урлагаа, Монголоо, “Хөсөгтөн” хамтлагаа дэмжээрэй.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Спортын ганц хүнээрээ Спирт сурталчлуулахаа болимоор байна

Манай сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир гадаадын мэргэжлийн лигт өндөр хөлсөөр тоглохоор саяхан эх орноосоо мордсон. Түүнийг Филиппиний сагсан бөмбөгийн мэргэжлийн лиг болох РВА-д легионер тоглогч болсонд монголчууд бахархаж байна. PBA нь Азийн хамгийн анхны лиг төдийгүй дэлхийд дээгүүрт ордог. Ийм мундаг лигт легионер тоглогч болно гэдэг амаргүй. Хэр баргийн аавын хүүгийн гаргачихдаг амжилт биш. Т.Санчирын гадаад, дотоодын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтуудыг бүгд мэднэ. Тэрээр хоёр жил дараалан “Үндэсний супер лиг”-ийн онооны лидерээр тодорч байлаа. 2013 оны дэлхийн Оюутны универсиад тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, шилдэг довтлогчдын нэг гэдгээ олон улсын тавцанд харуулж чадсан. Мөн Зүүн Азийн АШТ-д бас гайхалтай байж, шигшээ баг нь оноо авалтаар тэргүүлсэн. Хамгийн сүүлд 2014 оны Азийн наадмын шилдэг тоглогчийн нэгээр нэрлэгдэж, мэргэжлийн багуудын скаутуудын хараанд өртсөн билээ. Тэр үеэс Т.Санчирыг гадаадынхан легионер тоглогчоор авахаар хорхойссон гэхэд болно.

Монголчууд төдийгүй дэлхий дахинд танигдсан энэ залуу бол бид бүхний бахархал. Монголын залуучууд түүн шиг болохыг хүсч, даган дуурайж байна. Т.Санчирын хичээл зүтгэл, оргил өөд тэмүүлэх амжилт нь залууст үлгэр дуурайлал болж байгаа. Гэтэл шилдэг тамирчнаараа шар айраг сурталчлуулаад байх юм. “Сэнгүүр” шар айргийг сурталчилсан Т.Санчир Америкийн легионер Лавсон нарын реклам орой болгон телевизээр гарч байна. Энэ бол залуучуудад тун буруу жишээ болж байгаа. Шүтэн биширч, дээдэлдэг хүнийхээ хийх үйлдлийг заавал дуурайж, тэднээр үлгэрлэдэг нь фэнүүдийн зан байдаг. Үнэн хэрэгтээ согтууруулах спиртийн төрлийн хэрэглэснээр хэзээ ч амжилтад хүрдэггүй шүү дээ. Тухайн “компанийн хувьд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд үндэсний бахархал болсон тамирчныхаа нүүр царайг ашигласан биз. Гэхдээ түүнийг согтууруулах ундааны рекламанд тоглуулж байгаа нь зохимжгүй. Үүний оронд сүү, тараг, ундаа, шүүс гээд бусад бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно доо.

Хүч хөдөлмөрөө шавхан байж алдар нэрээрээ цойлж байгаа тамирчдаараа гадаадынхан арай ч спирт сурталчлуулаад байдаггүй. Бидэнд хамгийн ойрхон хоёр хөршийгөө харъя л даа. Ихэнхдээ эрч хүчийн ундаа рекламдуулсан байдаг. Эсвэл брэнд хувцасны модель болгодог. Япон, Солонгост мөн ялгаагүй тамир тэнхээ оруулдаг хүн орхоодойн бэлдмэл, бэлэн гоймон зэргийн сурталчилгаандаа улсынхаа бахархал болсон залуусыг тоглуулж байна. Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд гэхэд эзэгтэй нарыг байлдан дагуулсан гоо сайхан, гэр ахуй, ариун цэврийн бүтээгдэхүүн сурталчилдаг. Улмаар ажилсаг ээж нарын дүр бүтээсэн рекламд тоглодог байх жишээний.Харин манайхан спортын ганц хүнээрээ спирт сурталчлуулахаа болимоор байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Бид баялаг бүтээгчдэдээ нэг удаа боломж олгох ёстой

УИХ-ын гишүүн Д.Бат­цогт­той ярилцлаа.

Сүүлийн хоёр жил шахам УИХ-ын чуулганаар эдийн засагтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Хүндрэлийг даван туулах дараагийн хуулиуд ч УИХ-д өргөн баригдсаар байна. Та энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Эдийн засагт гарч байгаа үзүүлэлтүүдийг онолоор нь аваад үзвэл хүндрэл гэж тодорхойлогдоно. Хүндрэл нь юунаас болж үүсч байна вэ гэвэл ашигт малтмалын үнэ унаснаас үүдэлтэй. Хуучин ашигт малтмалын үнэ өндөр байхад их орлого олж хэт их тансагласны гор одоо гарч байна. Хөдөө орон нутгаар явахад нэг л зүйлийг хэлдэг. “Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөг сулраад хүндрэл байх шиг байна. Гэхдээ тартагтаа тулчихсан зүйл алга. Харин эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн хямрал үүсчихээд байгаа юм биш үү. Та нар өөрсдөө хямраад байгаа юм биш үү” гэж. Энэ нь үнэний ортой. Төсвийн орлогын бүрдэлт муу байгаа нь үнэн. Манайхан мөнгө ихтэй жилдээ төсвөө хэт их тэлж төсвөө хийгээд сурчихсан. Харин өнөөдөр орлого буурсан ч тэр эрч, энерциэ буулгахгүй байна. Өөрөөр хэлбэл төсвөө томоор төлөвлөдөг ч орлого нь бүрдэхгүй байна. Тиймдээ ч УИХ эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх олон хуулийг хийлээ. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд олон алхмыг хийлээ. Хууль нь ч боломжийн болсон гэдэг дүгнэлтийг гадны хөрөнгө оруулагчид хэлж байгаа. Түрүүчээсээ хөрөнгө оруулалтаа сэргээх магадлал яригдаж байна. Нөгөөтэйгүүр дотоодын аж ахуйн нэгжүүд бизнесийн орчинд нэлээд саатал гарч эхэлсэн. Үүнийг эрүүлжүүлэх тал дээр УИХ ихээхэн анхаарах ёстой байгаа.

Ямар саатлууд гарсныг яаж засч сайжруулах ёстой гэж?

-Татварын асуудалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгадаг, дарамталдаг үзэгдэл ихэслээ гэсэн гомдол их ирж байгаа. Татвартай холбоотой дуулиан тарьсан хэргээс улбаалаад хууль хяналтын байгууллагууд их олон аж ахуйн нэгжийг тухайлан татварын асуудлаар шалгасан мэдээ бий. Энд том тоо яригдаж байгаа гэсэн үг. Ингэснээрээ бизнест тодорхой хэмжээний чөдөр тушаа болж байна. Миний мэдэхээр шударга татвар төлөгчид байгаа л байх. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр татварын асуудалгүй аж ахуйн нэгж бий юу гэвэл тун ховор. Энэ алдаан дээр нь ажиллаж шалгаж, дарамталдаг нь бизнесийн орчныг доройтуулж байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай, Татварын өршөөлийн тухай хуулийг гаргах ёстой гэж үзэж байгаа. Би ямар нэг сонирхлын зөрчилгүй хүнийхээ хувьд шулуухан хэлэхэд бид баялаг бүтээгчдэдээ нэг удаа боломж олгох ёстой. Энэ олон аж ахуйн нэгжийг дарамтаас нь гаргах хэрэгтэй байна.

Татварын өршөөлийг ямар хэлбэрээр үзүүлнэ гэж байгаа юм бол?

-Эрүүгийн өршөөлийн хуулийг гаргах тухай яриа бий. Ингэхдээ уялдуулаад тооцоо судалгаатайгаар Татварын өршөөлийн хуулийг гаргах шаардлагатай болох болов уу. Хамгийн эн тэргүүний ээлжинд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргах нь Монголын эдийн засагт бөглөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг сэргээхэд нэн хэрэгтэй юм. Дараагийн асуудал нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барьж байна. Энэ хууль хамгийн чухал нь. Баялагтай оронд ийм төрлийн сан их байдаг. Төсвийн орлогоос давсан мөнгөний тодорхой хэсгийг нь ирээдүй хойч үедээ зориулан үлдээх хуримтлалын сан гэсэн үг. Ийм сан өмнө нь байсан уу гэвэл байсан. Гэхдээ улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг биелүүлдэг, мөнгө тараадаг болж хувирсан. Хүний хөгжил сангийн үйл ажиллагаанд би энэ үүднээс нь шүүмжлэлтэй ханддаг. Казахстан улс яг манай оронтой ижилхэн ашигт малтмал, газрын баялаг ихтэй. Өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ дэлхийн ах зээлд нэлээд өндөр байсан. Их орлоготой үедээ тодорхой хувийг нь цааш нь хадгалсаар байгаад 147 тэрбум ам.долларыг хуримтлуулж чадсан байгаа юм. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уначихлаа. Тэгэхэд “Алдагдал гарч эхэллээ. Яг ийм үед хэрэглэх гэж энэ мөнгийг цааш нь хураажээ. Тиймээс 25 тэрбум ам.долларыг гаргая” гээд Ерөнхийлөгч нь зарлигдаж эдийн засгаа сэргээх асуудалд анхаарч байна. Тэнд бодлого зөв байсных нь ач тус гарч байгаа хэрэг. Харин бид өнгөрсөн хугацаанд гэнэтийн их ашиг олсон уу гэвэл олсон. Олсныхоо хэрээр зардаг, тансагладаг, баруун солгойгүй амладаг, цацдаг мөнхийн юм шиг эндүүрч явжээ. Тэгээд түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унахаар эдийн засаг уначихлаа гэж өөрсдөө хямраад байна. Тэгэхээр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг яг ийм төсвийн орлого бага, мөнгө төгрөг хомс үед баталж авах нь чухал. Мөнгө их, орлого их үед улстөрчдийн мөнгө үрэх хобби маш их байдаг. Тэгэхээр одоо л баталж авах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн шатандаа сайн анхаараад хуулийг батлах нь зөв. Энэ бүгд батлагдвал эдийн засагтай холбоотой томоохон асуудлуудаа УИХ шийдэж чадлаа гэж болно.

Татварын өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2012 оноос хойш ярилаа. Ярьсаар байтал хөрөнгө оруулагчид нь зугтаж араас нь дотоодын баялаг бүтээгчид явчихлаа гэх шүүмжлэл гарч байна?

-Хэрвээ хуулийг батлах бол их хурдтай шийдэх ёстой. Үүнийг дагаад сөрөг үр дагавар гарах нь их байдаг. УИХ дээр ийм хууль өргөн баригджээ гээд батлагдах эсэх нь тодорхойгүй олон жил болчихоор бусдын тэсгэл алдардаг. Тэгэхээр УИХ яаж шийдсэнээ яаралтай ард түмэндээ мэдэгдэх ёстой. Би бол хурдхан батлах ёстой л гэж үзэж байгаа. Дахиад нэг Казахстаны жишээг дурдъя. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг миний сонссоноор дөрвөн удаа гаргасан байдаг. Тэр бүрт нь эдийн засаг нь сэргэсэн, амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр гишүүд өөрсдийнхөө татварыг чөлөөлөх гэж байна гэж нэгнээ харддаг зангаа л татах хэрэгтэй. Бас нэгэнт сонгууль дөхсөн учраас нэг нь ажил хийх гэж нөгөө нь гацаах гэж оролддог дүр зураг дахиад л ажиглагдаж эхэлсэн байна.

Том төслүүдийн тухайд?

-Ард иргэд том төслүүдээ улиг домог болтол ярихын орондалдаа мадгийг нь засаад явуулаасай билээ гэж л хүсч байгаа. Гэтэл дахиад л улстөржсөн, талцсан чиг хандлага ажиглагдаж эхэллээ. “Оюу толгойн гэрээ урагшлах бололцоотой боллоо. Нэг алхам хийлээ” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл тэр асуудлуудаа хурдхан танилцуулаад явуулаасай. Ямар алдаа, ямар дэвшилд хүрсэн бэ гэдгээ бид ард иргэддээ тайлагнаж ярих хэрэгтэй. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирээд, төсөл яваад эхэлбэл Монгол Улсад үр дүнгээ харамгүй өгнө. Шүүмжлэлүүд бий. Оюу толгойн гэрээ сайн болоогүй гэдэгт хүн бүр санал нийлнэ. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид гэдэг тийм ч амархан бидэнд бууж өгөөд байдаг юм биш байна. Тэгэхээр Засгийн газраас тавьж байгаа саналуудаа зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрүүлж чадсан, нааштай үр дүн гарсан бол хурдхан явуулах хэрэгтэй. Таван толгойн гэрээ ч бас л их шүүмжлэл дагуулж байгаа. Нийт монголчууд хувь хүртээд явах ёстой. Энэ тохиолдолд гэрээг УИХ хуульд нийцүүлэх үүрэгтэй. Ямар зүйл нь хуульд нийцэж, харшилж байна вэ гэдэг зааг ялгааг нь хурдхан шиг асууж тодруулаад үнэхээр үндэсний эрх ашигт харшилсан зүйл байвал засч янзлаад явуулах ёстой. Мэдээж дандаа ийм байхгүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэнэ. Тэр цагт Монгол Улс дахиад мөнгөтэй болно. Тэгэхэд нь олсон орлогоо зөв удирдах, төсвийн сахилга баттай байх зөв сууриа бид тавьж чадлаа. Сонгууль дөхсөн учраас бүх зүйлийг харлуулах өнгө аяс харагдаж байна. Бид ухаантай байх ёстой. Сонгууль болдгоороо болоод л дуусна. Амьдрал үргэлжлэх учраас асуудалд ултай суурьтай хандах ёстой байна.

Таван толгойн төслийг энэ УИХ явуулж чадах уу. Улстөрчдийн зөрчил нь тээг тавьчихлаа гэсэн шүүмжлэл гарч байна. Захирлыг нь хүртэл хорьж цагдаад хуулийн байгууллагууд хүртэл хутгалдчихав уу?

-Хоёр толгойн төслийг явуулаасай гэдгийг Монголын бүх ард түмэн л хүсч байгаа. Алдааг нь засах эрхийг нь УИХ, ард иргэд нь Засгийн газартаа өгөөд сонголтоо хийчихсэн. Тийм учраас ажиллах эрхтэй хүмүүс нь улстөржиж талцалгүйгээр ажиллах ёстой. Хуульд нийцсэн байдлаар гэрээг нь гаргаад аль болох хурдан явуулах хэрэгтэй. Асуудлыг тойроод олон өөр хэл ам байна. Эрдэнэс Таван толгойнгүйцэтгэх захирлыг шалгаж байгаа асуудлыг Таван толгойн хэлэлцээртэй холбож үзмээргүй байгаа юм. Ийм газарт ажилладаг улсуудад янз бүрийн хөрөнгө идэж уусан байж магадгүй гэсэн хардлага байнга л байдаг. Угаасаа ажилласан газар нь тийм хэл амтай. Шалгах шаардлага байгаад хууль хяналтынхан шалгасан байх. Гэхдээ манай хууль хяналтын байгууллагууд хүнийг хорьж цагдаад залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулдаг арга барилаасаа салах хэрэгтэй. Нотлох баримтууд бүрдүүлээд түүндээ түшиглээд хэргийг шийдэж байх ёстой. Тэгэхгүйгээр нэг газарт хорьчихоод асуух ч үгүй, байцаах ч үгүй байна гэдэг шүүмжлэл сүүлийн үед маш их гарч байгаа. Энд хүний эрх зөрчиж байгаа тохиолдол олон бий. Монгол ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг орон. Тиймээс хүний эрхийг дээдлэх тал дээр УИХ, Засгийн газар нь ч, хууль хяналтынхан ч анхаарч хичээх шаардлагатай.

Төрийн өмчит компанийн гэрээг заавал УИХ хэлэлцэх шаардлагатай юм уу. Эрдэнэт, Оюу толгойн зэрэг олон гэрээг хэлэлцээгүй байж яагаад заавал Таван толгойнa гэрээг УИХ руу татаж оруулах ёстой гэж?

-Өргөн баригдсан гэрээтэй танилцаагүй учраас шулуухан хэлэхэд хэцүү. Гэрээтэй танилцсан гишүүн ч алга. Дандаа сургаар л ажиллаж байна. Тэгэхээр нарийн тодорхой зүйлийг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ УИХ бүх зүйлийн чөдөр тушаа гэж харж болохгүй. Ер нь энэ бүхний хариуцлагыг явж явж УИХ-ын гишүүд тойрогтоо очиж тайлан тавьж, хүлээдэг. Тийм учраас ярих ёстой. Ярихдаа асуудлыг гацаах бус явуулахын тулд ажиллаж чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүд аж ахуйн нэгжийн гэдэс дотор руу өнгийж харахдаа тун бодолтой байх ёстой.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй: Монголын хөгжлийн нэг гарц нь нийслэлийн хөгжил шүү дээ

Нийслэлийн МАН байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Баярынх нь өдрөөр нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай уулзаж ярилцлаа.

Танай намын байр хөл хөдөлгөөн ихтэй байна. Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн баяр болоод тэр үү, эсвэл ирэх сонгуулиар нам ялж магадгүй гэсэн найдлага гишүүдэд чинь төрсөн болоод тэр юм болов уу. 2012 оны үед үүдний харуулаас чинь өөр хүн бараг харагддаггүй байсан санагдана?

-Баярын өдрөөрөө гишүүд маань намынхаа төв байраар ирэлгүй яахав дээ. Ер нь ч тэгээд гишүүдийн маань идэвх, урам зориг өнгөрсөн хугацаанд сэргэсэн. Энэхүү ойн арга хэмжээ ч гишүүдийнхээ идэвхийг сэргээхэд нэг талаасаа чиглэгдсэн байгаа.

Та бол энэ намын шинэ залуу удирдлагуудын нэг. Нийслэлийн намын байгууллагын өнгөрсөн 90 жилийн түүхийг ямар өнцгөөр харж байна?

-Монголын нийслэлийг бүтээн босгоход үнэлж баршгүй гавьяа байгуулсан улс төрийн хүчин юм гэдгийг хойч үе мартах ёсгүй. өнгөрсөн түүхээ илүү сайн өнгөлж зүлгэж, үнэнээр нь үлдээх ёстой. Гэгээн үйлстэй нам юм гэдгээ энэ өдрүүдэд сануулж байна. Цаашдаа ч улс орны хувь заяаг авч явах түүхэн үүрэгтэй нам гэдгийг гишүүд дэмжигчид маань илүү ухаарсан өдрүүд болж байна.1925 оны гуравдугаар сарын 7-ны өдөр намын бүгд хурлын тогтоолоор Улаанбаатар хотод намын байгууллага байгуулах шийдвэр гаргаад дөрөвдүгээр сарын 27-нд анхны хурлыг хийснээр нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагаа эхэлсэн байдаг юм.

Тэр үед нийслэлийн намын байгууллагад багагүй хөрөнгө хогшил төв намаас чинь тасдаж өгсөн байх даа?

-Өгсөн байнаа. Богдын сангаас нэг гэр, хоёр авдар таслаж өгсөн нь манай намын хорооны анхны хөрөнгө юм. Ингэж эхэлсэн нийслэлийн намын байгууллага маань өнөөдрийн өндөрлөгөөс харахад хорьдугаар зууны эсгий хотоос хориннэгдүгээр зууны дэлхийд данстай хот болтол нь өргөжин хөгжүүлсэн байна.

Энэ бүх бүтээн байгуулалт дан ганц нийслэлийн намын байгууллагын хүчээр босоогүй гэдэг нь ойлгомжтой?

-Наяад оны үед Азийн цагаан дагина гэсэн нэртэй болтлоо хөгжихөд МАН-ын үе үеийн удирдлагууд, нийслэлийн МАН-ын хороо гол үүргийг гүйцэтгэж, ачааны хүндийг үүрсэн. “Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй” гэсэн ард түмний үг надад их таалагддаг. Ерэн жилийн баяр бол намын баяр бус нийслэлчүүдийн баяр. Ерөөсөө МАН-ын үе үеийн бүх удирдлагуудын хүч хөдөлмөр, намын бүх гишүүдийн хөдөлмөрч шаргуу зан чанар, хүсэл тэмүүлэл дээр Улаанбаатар хот боссон. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүд тус бүрдээ жилд нэг удаа 26 хоног нийслэл дээр ажилладаг байсан юм билээ. Тэд маш их ажлыг амжуулсан. Ажлын бүх өдрөө зөвхөн нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд зориулдаг. Судлавал маш сонин түүх. Тухайн үед район гэж байсан. Найрамдлын район дээр ямар л бүтээн байгуулалтын ажил өрнөнө тэнд нь өнөө улс төрийн товчооны гишүүн чинь очоод удирдан зохион байгуулаад, асуудлыг нь шийдвэрлээд 26 хоног зогсодог байж. Ингэж өнөөдрийн нийслэл сүндэрлэсэн учраас энэ тоог бэлгэдэж намын баярыг угтсан 26 өдрийн ажил өрнүүлж байгаа юм. Манай зарим залуучууд ахмад үе минь ямар их хүч хөдөлмөр гаргасныг мэдэхгүй. Төрөхөд нь л ийм хот байсан юм шиг бодож байгаа. Тийм биш шүү гэдгийг ч намын баярын арга хэмжээнүүд хэлж өгч байгаа.

Өнгөрсөн хугацаанд ачааны хүндийг үүрсэн нэртэй удирдагчид үе үеийн хотын удирдлагад байсныг өнөөдөр ч хүмүүс дурсан ярьсаар байдаг юм билээ?

-Хотын намын хороог 24 жил удирдсан Алтангэрэл дарга байна шүү дээ. Нийслэлийн нам байгуулагдаад 90 жил болсон гэхэд түүний гуравны нэгд нь энэ хүн хотын намын байгууллагыг удирдаж, хот яаж хөгжих бүх бодлого, шийдвэрийг батлан гаргасан байдаг. Хотыг хөгжүүлэх уураг тархи нь тэр үед нам байсан гэж үзвэл тэр бүгдийг Алтангэрэл дарга удирдаж байж. Улс оронд түүхэн үүргээ гүйцэтгэсэн хүн гэж байдаг. Тийм түүхэн үүргээ гүйцэтгэсэн хүн бол Алтангэрэл даргаас эхлээд хотын үе үеийн бүх удирдлагууд орно. Тэднийг хойч үе бахархан дуурайж явах ёстой.

Нийслэлийн МАН-ын хороо нь өнгөрсөн хугацаанд улс төрийн хамгийн нөлөөтэй, хүчтэй байгууллага байсан. Гэвч 2012 оноос хойш, бүр тодруулбал таныг намын дарга болсон тэр үед материаллаг баазын хувьд илт суларсан харагддаг?

-Бараг суух өрөө ч үгүй нөхцөлд нийслэлийн намын хорооны даргаар очсон. Ер нь бол үе үеийн нийслэлийн Засаг дарга нар намын даргаа хавсарч хийж ирсэн. Миний үед энэ үе дуусгавар болсон. Түүхэндээ анх удаа МАН Улаанбаатарт ялагдсан, дүүргүүдэд ялагдсан. Намын ажилд нийслэлийн Засаг дарга гэсэн албан тушаал нь нөлөөтэй байлгүй яахав. Харин өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд миний хувьд сорилтын жил байлаа. Яг үнэндээ надад няцах үе байсан. Гэвч надад итгэсэн хүмүүсийн итгэлийг яахав. Уналттай байгаа намаа орхиод явах эрх надад байхгүй шүү дээ. Намын даргын ажлыг аваад маргааш нь нийслэлийн намын байраасаа хөөгдөж гаднаа тавилга саваа хурааж машины эрэлд гарсан. Ингээд Лениний музейн байр руу очсон. Очоод удалгүй дахиад тэр байраа булаалгасан. Ингээд байр сууцгүй болоод хэдэн ширээ сандлаа ачаад намынхаа төв байр руу явсан даа. Энд нүүж ирсэндээ би хувьдаа бэлгэшээдэг юм. Намын төв байр байгаа энэ суурин дээр хуучин хотын намын хорооны хоёр давхар улаан тоосгон байшин байрлаж, манай аав Ж.Цэндсүрэн гэж сүүлд хотын орлогч дарга болсон хүн Б.Алтангэрэл даргатай ажилладаг, би жаахан хүүхэд орж гардаг байсан юм.

Цаг хугацаа хурдан байна шүү. Саяхан тийм байтал одоо сонгуулийн уур амьсгал орчихсон байх юм. Танай нам ч бэлтгэлдээ орсон нь намын баяраас чинь харагдаж байна. АН-ын хувьд Бат-Үүлдээ найдлага тавьж, нийслэлийг түшиц газраа болгох бололтой. Танд яаж мэдрэгдэж байна?

-Би ч азтай юмаа, ийм нөхцөлд, өрсөлдөгч намынхаа гол түшиц баазтай нь өрсөлдөнө гэдэг ялагдсан намын даргын хувьд, хувь хүний хувьд ч тэр том сорилт болно. Санаанд минь багтаж байгаа гээд хэлчихвэл залуу хүний хийрхүү бодол гэж хэлэх байхдаа. Өнөөдөр төрөөс, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь үнэндээ ард түмний дургүйцлийг хүргэж байна. Магадгүй энэ дургүйцэл цаашаа туйлдаа хүрч ч магадгүй. Энэ нь улс орны төлөө санаа зовнидог хэн бүхэнд мэдрэгдэж эхэлсэн. Та бүхэн хамгийн сүүлд гарсан Сант маралын судалгааны дүнг харсан байх. Нийслэлд манайх маш ойрхон гарсан байна лээ. Зарим судалгаагаар бол нийслэлд МАН хоёр гурван ч функтээр илүү гарсан. Ерөнхий ханаараа хэн хэн нь ойролцоо яваа. Хэн сайн ажилласан нь ялна. Гэхдээ ийм үед бид нар сөрөг хүчин гээд өнөөдрийн хотын удирдлагууд руу дайраад давшлаад явж болохгүй л дээ. Манай намын зорилго бол тодорхой 2016, 2017 оны бүх шатны сонгуульд бүрэн ялах. Үүнд үйл ажиллагаагаа чиглүүлээд явж байна. Нийслэлийн МАН-ын хорооныхон өнгөрсөн хугацаанд өдөр шөнөгүй ажиллаж нийслэлийн намын 152 үүр дээр биечлэн ажиллаа. 3041 саналыг тэднээс хүлээн авч өөрийн биеэр судалж, 1000 гаруй хүнд өөрийн гараар хариуг нь бичлээ. Бүгдийнх нь саналт хүсэлтэд тулгуурлаж намынхаа мөрийг хөтөлбөрийг боловсруулж байна. Ингэснээр намын гишүүд, намын байгууллага хоёрын эргэх холбоог сайжрууллаа. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг цахимжуулж одоогоор 70 гаруй хувьтай явж байна. Одоо бид ил гарч ажиллах цаг ирлээ. Гадагшаагаа, нийслэлчүүд рүүгээ илүү гүн орж ажиллаж байна.

Өнөөдрийн нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн томоохон төслүүдээ танилцуулсан. Таныг ч бас нийслэлийн хөгжлийн загваруудыг нийтлэл хэлбэрээр олон түмэнд хүргэж эхэлснийг харсан?

-Э.Бат-Үүл дарга засаглал барьж байгаа учраас төслүүд нь хүмүүст илүү хүрч байх шиг байна. Миний хувьд арай бага хүрч байна уу даа. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудлууд, шийдлийн гарцууд нь ч тодорхой. Э.Бат-Үүл нарын хотын удирдлагууд болманай нам нийслэлд засаг барьж байх үедээ эхлүүлсэн ажлуудыг уламжлаад хэрэгжүүлээд явж байгаа юм. Нийслэлийн иргэд нэг их зүйлийг хүсээгүй. Юу хүсч байна гэхээр өөрийн орон байртай, сайн эмнэлэгтэй, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг л хүсч байгаа. Нийслэлийн удирдлага энэ бүх нөхцлийг л бүрдүүлэх ёстой. Бат-Үүл даргын сая хөрөнгө оруулалтын форум дээр тавьсан илтгэл бол бидний үед эхнийх нь бэлэн болчихсон байсан төслүүд. Манай нам нийслэлийг удирдаж байхдаа Нүхтэд ОУ-ын байгууллагууд, Элчин сайдууд гээд саяын форумд оролцсон бүгдийг оролцуулсан томоохон чуулга уулзалт хийж шийдлүүдийг гаргасан нь ном болоод гарчихсан байдаг юм. Тэнд хамгийн гол асуудал нь гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хөтөлбөр байсан. Төлөвлөгөө, судалгаа, тооцоо бүх зүйл нь гараад ажлыг нь эхлүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Анх 2008 онд 100 айл орчим, Ногоон нуур орчмыг орон сууцжуулж эхэлсэн. Одоо яриад байгаа ахмадын орон сууц нь бид анх гэр хорооллын айлуудын дамжин өнгөрөх сууц нэртэй барьж байгуулсан юм. Өнөөдөр ахмадын орон сууц нэртэй болоод явж байна. Гудамж төсөл байна. МАН засаглалд байх жилүүдэд замын уулзваруудыг өргөтгөх, замын нягтаршил, түгжрэлийг арилгах олон гарцуудыг хайж ажил эхлүүлсэн нь өнөөдөр Гудамж төсөл гэсэн нэртэй явж байна. Одоо 34 уулзвар гэж ярьж байгаа, үүний 24 уулзварынх нь судалгаа тооцоо, зураг төслийг бид хийж ажлаа эхлүүлсэн байсан. Үүнийг би өөрөө удирдаад манай хамт олон хийж гүйцэтгэсэн юм. Одоо “Гудамж төсөл”-д байгаа Батболд хүртэл хотын даргын зөвлөхөөр ажиллаж бид хамт сууж хийж байлаа. Төв талбайн хоёр талыг хоёр урсгалтай болгож, дөрвөн талынх ньуулзварыг шинээр хийснийг иргэд санажбайгаа. Богд уулын араар тавьсан шинэ замыг бид судалгаа тооцоо зураглалыг нь гаргаад анхны шороог нь хүрздэж байлаа, АН-ын үед нээлт нь болсон. Нарны гүүр мөн бидний үед барьж дуусаад 2012 оны 9 дүгээр сард туузыг нь хайчилснаар Э.Бат-Үүлийн үеийн бүтээн байгуулалт болж байгаа юм.

Өнөөдөр хотод хийгдэж буй бүх ажлууд өмнө нь эхэлсэн, судалгаа тооцоо нь хийгдсэн байсан гэж үү?

-Шууд хэлэхэд тийм. Харин Э.Бат-Үүл дарга шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот бий болгож, тэнд айл өрх, албан байгууллага, иргэд олноор очиж тохь тухтай оршин сууж эхэлсэн бол тэр нь Бат-Үүлийн жинхэнэ шинээр хийсэн ажил болж харагдана. Тэрнээс өмнө нь хийж байсан ажлыг сайжруулаад, мөнгийг нь нэмээд, гоё сайхнаар төсөөлөөд, төсөөлсөнөө маш сайхнаар яриад сурталчлаад байх нь бодит ажил биш л дээ. Гэхдээ бидний хийж хэрэгжүүлж байсан бүхнийг уламжлуулан авч явж, ярьж хийхээр чармайж байгаад нь Э.Бат-Үүл даргад баярладаг. Бид дайсан биш шүү дээ. Нийслэлийнхээ иргэдийн сайн сайхны төлөө хамтдаа л зүтгэх ёстой.

Танай намыг нийслэлд засаг барьж байхын үеийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадамж өнөөдрийнхтэй харьцуулахад ямар байсан бэ?

-Мөнхбаяр даргыг хот удирдаж байх үед 28-30 тэрбум төгрөгийн л хөрөнгө оруулалт хийгдэж байсан байх. Одоо бол нийслэлийн эдийн засгийн чадамж 800 тэрбум болсон. Яагаад гэвэл хот улсын төсөвт өгдөг байснаа өөртөө авдаг болсон. Энэ нь ч зөв, ингэж байж хот хөгжинө. Гэхдээ нийслэлээс авах татварын тогтолцоо нь буруу явах гээд байгаа юм. Манай намын урьд нь судалж тооцож байснаар бол нийслэлийн иргэд нийслэлд оршин сууж хотоос үйлчилгээ авч байгаагийн татвар, газар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа татвар гэсэн хоёр л татвар төлөх ёстой. Энэ татвараараа хотоо зөв төлөвлөж, хотын хөгжилөө авч явна. Одоо бол төсөвтөө тааруулж хот төлөвлөлтөө хийгээд байгаа юм. Тэгэхээр хотод шинэ татварын орчин бүрдүүлэх хуулийг УИХ яаралтай батлан цаг ирсэн. Хамтарсан Засгийн газар яаралтай хотын татварын хуультай болох ёстой. Тэгж байж хот хэнээс ч хамааралгүй, бие дааж хөгжинө. Хоёрдугаарт Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт орох болж байгаа юм. Үндсэн хуулиар Монгол улс ганцхан хоттой. Гэтэл зайлшгүй өөр хотууд хэрэгтэй байна. Өнөөдөр хотын хүн амын нягтаршлыг харахад хоёр литрийн саванд гурван литр ус хийх гээд халгиаж цалгиаж байгаатай адил байна. Гэхдээ төвлөрлийг сааруулах, төвлөрөл буруу гэх нь тэнэг хэрэг. Хотын амин асуудал төвлөрөл, хүн амын өсөлтөндөө байдаг юм. Төвлөрлөөс хот үүсдэг. Хотын хүн ам их байх тусмаа хот хөгжинө. Харин хотод ирж байгаа хүмүүсийг зөв байршуулж, суурьшуулах нь хотын төр захиргааны ажил байхгүй юу. Үүнийг бид ч хийж чадаагүй, өнөөдрийн удирдлагууд ч хийж чадахгүй байна. Хүн амын өсөлтийн онол, байршлын онол хоёрыг л яриад байна л даа. Үүн дээр хотод яригддаг гурав дахь онол нь харилцан хамаарал бүхий хотуудын онол гэж байна. Дагуул хотыг байгуулах. Энэ гурван онолыг судалгаа, тооцоо, төлөвлөгөөтэй хийх асуудал. Ер нь бол Лондон, Сөүл бүгдэд нь манай хотын зовлон тулгарсан. Сая ярьсан гурван тулгуур онолоор асуудлыг хурдан шийдэж чадсанд хөгжил нь байгаа юм. Сая хотоос 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулж, бүр тодотгол хийгээд гаргаж ирсэн нь бидний хийж байсан төлөвлөгөөний үргэлжлэл болохоор бид баярлаж дэмжиж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүнд алдаа байна. Том ажил хийх тусмаа л сүүдэр нь том байна. Тэгэхээр бид зөвхөн сүүдэр яриад байх биш илүү гэрэл гэгээтэй талыг нь харж, ийм их хөгжлийн замыг туулж, маш их хөдөлмөр зүтгэлээр хот бий болсон шүү гэдгийг иргэдэд ойлгуулахын тулд нийслэлийн намын баяраа нийслэлчүүдийн баяр болгосон юм. Ер нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц нь нийслэлийн хөгжил шүү дээ. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Хот гэдэг бол тэр чигээрээ аж ахуйн ажил байдаг. Жинхэнэ хөдөлмөрлөдөг, зүтгүүрүүд нь хотод очдог. Хотод ямарч улс төр хэрэггүй, яагаад гэвэл аж ахуйн ажил байдаг учраас. Харин улс төрөө УИХ дээрээ хийх хэрэгтэй. УИХ дээрээ бодлогоороо улс төр хийж уралдах хэрэгтэй. Нам ялагдсан үед, нам уналттай байх үед би хотын намын даргаар ажиллаж байгаа нь надад том сорилт болж байгааг дээр хэлсэн. Энэ хугацаанд ямарч сургуульд боловсрол эзэмшсэнээс илүү туршлага, мэдлэг олж авсан. Магадгүй би нам үргэлж ялж байх үед энэ ажил дээр ирсэн бол улс төр дэх хатуу хүтүүг мэдрэхгүй өнгөрөх байсан байх. Үүгээрээ энэ цаг хугацаа надад үнэ цэнтэй юм. Надад намын минь олон сайхан ахмадууд, нэртэй улс төрчид, үеийн найз нөхөд, дараа үеийнхэн минь түшиг тулгуур болж яваа. Нэг хэсэг ч хэцүү байсан шүү дээ, төрд алба хашиж байсан намын бүх гишүүд, дэмжигсэд, бизнесменүүд, аймгийн даргаар ажиллаж байсан бүх хүмүүсийг барьж шалгаж, хорьж цагдаж, ер нь халгамаар байсан.

Ирэх сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийн уралдаан танай намд хэдүйн эхэлсэн гэж мэдээллийн хэрэгслээр бичих боллоо. Нийслэлийн намын байгууллага нэр дэвшигчддээ ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Ер нь тавих шаардлага тодорхой доо. Лав л дарга нарт наалдсан, тэр хүний, энэ хүний гэх хаягтай хүмүүс, аль эсвэл тухайн тойрогтоо огт танигдахгүй хүмүүсийг тойрогт өрсөлдүүлэхгүй. Хотын намын даргын хувьд миний баримтлах зарчим, бодлого бол энэ намыг унаж, ядарч байх үед намын төлөө ажиллаж байсан хүмүүс нэгдүгээрт тавигдана. Хоёрдугаарт өрсөлдөх тойрогтоо нэр хүндтэй хүн байх ёстой. Гуравдугаарт багаар ажиллах чадварыг нь харна. Ганцаарчилсан тоглолт намын бодлогыг алдагдуулдаг учир ийм хүн намд хэрэггүй. 2016 оны сонгуульд МАН бол нийгэм хүсэн хүлээж байгаа тийм хүмүүсийг л өрсөлдүүлэх нь зөв байх.

Наад асуудал тань таныг нам дотроо нэлээн асуудалтай тулгаруулна даа?

-Тулгарна. Гэхдээ илүү том эрх ашиг байна. Монгол улсын хөгжил, ирээдүйн төлөө, намын эрх ашиг ч байна. Энэ бүхний ард хүний асуудлыг тавьж болно биздээ. Нийслэлийн намын байгууллагын бодлого л лав ийм байгаа.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм

Өмч хувьчлал болон газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өмч хувьчлал, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлагa худалдааг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/327 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Өмч хувьчлал болон газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулах талаар дараахь арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов. Үүнд:

  • Өмч хувьчлалын бэлтгэл ажлыг хангах, дуудлага худалдааг зохион байгуулах асуудлыг хариуцсан нэгжийг өөрийн байгууллагын бүтцэд байгуулж, гэрээт ажилтан авч ажиллуулах, тэдгээрийн цалинтай холбоотой зардлыг өмч хувьчлалын зардлаас гаргах
  • Нийслэлийн өмчөөс тухайн жилд хувьчлагдахаар жагсаалтад орж батлагдсан хуулийн этгээд, эд хөрөнгө болон нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан байршилд дуудлага худалдааг сар бүр тогтмол зохион байгуулж явуулах
  • Иргэдийн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу газар, хуулийн этгээд, эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэний хувийн өмчийн газар, иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах ажлыг зохион байгуулах
  • Нийслэлийн 2015 оны өмч хувьчлалын үйл ажиллагааны зардал болох өмч хувьчлалын орлогын 5 хүртэлх хувийг Засаг даргын нөөц сангаас өмч хувьчлалын орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, газрын эрхийн дуудлага худалдааны бэлтгэл ажлын зардал, анхны үнийг дуудлага худалдаа зохион байгуулах бүрт тооцож Засаг даргын нөөц сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу 2015 оны мод тарих өдрийг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын санаачилгаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргажээ.

Энэ хүрээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм.

Дүүрэг бүрт “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх Засаг даргын орлогчоор ахлуулж, хорооны Засаг дарга нарыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө боловсруулан, зардлыг батлан, гүйцэтгэсэн ажлын тайланг тухай бүр дэд ажлын хэсэгт ирүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Таны өсөн дэвжихэд хэн саад хийв

Нэгэн байгууллагын үүдний өрөөнд зарлал наажээ. “Таны өсөж хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцох хүмүүс спорт зааланд очоорой” гэж уг зарлалд бичжээ. Тэр хүн чухам хэн юм бол хэмээн гайхсан ажилтнууд спорт зааланд байрлах авсанд дөхөж очоод ихэд сандран бүгд хөшиж орхив. Тэнд юу олж харсан гээч.

Авсанд толь тавьсан байж. Авс руу өнгийсөн болгон өөрийгөө л олж харцгааж. Өөрийгөө өсөн дэвжихийг боомилж байгаа тэр хүн бол та өөрөө. Амьдралаа өөрчилж чадах хүн бол та өөрөө. Таны эзэн, дарга өөрчлөгдсөн ч та хэвээрээ л байна. Таны ажлын нөхцөл, найз нөхөд чинь өөрчлөгдсөн ч та л хичээхгүй бол амжилт ирэхгүй. Эх орон баян тансаг байсан ч таны амьдрал та өөрийгөө өөрчилсөн тохиолдолд л өөр болно. Сургамжит энэ өгүүлэл амжилт зөвхөн тухайн хүнээс л шалтгаалдгийг, өсөж дэвжих боломжоо та өөрөө л боомилж байгаа болохоос өөр хэн нэгэнд ямар нэг бурууг оноох хэрэггүйг өгүүлжээ. Өнөөдрийн байгаа таныг та л өөрөө бий болгосон. Та амжилттай сайн яваа бол өөрийн чинь хичээл зүтгэлийнх. Амжилтгүй яваа бол таны бүтээсэн өнөөдрийн хүн та өөрөө. Хүн бүр үүнээс нэгийг бодно биз. Амжилтаас чинь арагш нь татаад байгаа өөрийгөө өөрчлөх гээд үзвэл яасан юм.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Толгой эргүүлсэн толгойнууд

-ФЕЛЬЕТОН-

АрдЮмны юмны ард байдаг хүн

Түмэн-10.000

Ард түмэн-10-аас доош хүнтэй, ардаа “ард”-тай бүлэглэлийн өөртөө өгдөг нэр

Эгэл баатарЖинхэнэ баатрын эсрэг дүр

Эх орончөөрөө өөртөө өгч болдог цол

Жуулчны шинэ лавлах”гэдгээс

Бид ер энэ толгойноосоо нэг болно оо. Өөрийнхөө хар толгойг яая гэж байхад Оюу толгой, Таван толгой… тав байдаг нь юу билээ? Дуунд гардаг “Хүрэн толгой” нь хүртэл сүүдэртэй… Сүүлийн үед бас хаанаасаа ямар толгой нь гараад ирдэг бол гэж зүрхшээгээд байх боллоо.

Оросууд “нэг толгой сайн, хоёр бол бүр илүү сайн” гэж ярьдаг бол манайх нэгээс илүү толгойд дургүй. Орос толгой хоёр болохоороо нийлээд юм бодоод байдаг болтой юм. Монгол толгой бол хоёр болохоороо тустусын фракциа байгуулж аваад алалдана. Хэрэлдээд зогсохгүй хоёр амаараа их идэхийг яана. Бас хоёр амнаас үсэрч байгаа болохоор шүлснийх нь ихийг хэлэх үү? Хамаг сонин хэвлэлийг норгоод хаячихна.

Манай түүхээс харвал толгой цөөрөх замаар хөгжиж ирсэн байна. Эрт урьд цагт бол ярих юм биш, Арван таван толгойтой атгаалжийн хар мангас, хорин таван толгойтой хотгор хар мангасэнэ тэр байсан цаг. Ардын хувьсгалын ач буянаар монголчууд уртаашаа “Учиртай гурван толгой”-той үлдсэн байна. Том толгой феодалууд гэж байсныг устгачихсан. Одоо бодоход том толгойтой юм чинь Ай Кью сайтай улс байсан байх даа. Гэхдээ устгуулчихаж байгааг бодоход шалиагүй болтой байна.

Оюу толгойгоо ноцолдож ноцолдож “хүүхдийн мөнгө” энээ тэрээ болгож аваад байтал энэ Таван толгой босоод ирлээ. Тав юм чинь амаргүй, нэгийг нь тасдахад дөрөв нь үлдээд зовоогоод унана.

Өвөг дээдэс маань 15, 25 толгойтой асуудлуудаа дангаараа шийдэж бардаггүй, харин нэг ширхэг мэргэн ард, унтаж байсан баатар, ядахдаа л сайн мориныхоо зөвлөгөө тусламжаар шийддэг байсныг монгол ардын баримтат-домгууд хэлээд өгдөг.

Өнөө цагийн бид ч гэсэн гэсэн Таван толгойгоо “гадаадын хөрөнгө оруулагч”-гүйгээр дангаараа шийдэж дөнгөхгүй гэсэн нэг үнэн байна. Үүнээс залгаад манайхаас хэн эзэмшиж ашгийг нь хэрхэн авах вэ? гэсэн асуулт байна.

Эндээс үүдээд маргаан гарч байна. Зарим компани Таван толгойг гадаадынхантай нийлэхгүй дангаараа ашиглана гэж байгаа гэнэ. Монгол хүний үг, агуулга хоёр зөрдгийг мэдэхгүй хүн бол үүнийг сайн ойлгохгүй л дээ. Мэддэг нь ойлгоно. Жишээлэхэд манай улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй байхдаа юун бүгдтэй найрамдах вэ? Зөвлөлтийг дагасан арваадхан улстай л найрамдалтай, бусадтай ялангуяа бүхэл бүтэн Капиталист системтэй, тэр ч бүү хэл хөрш социалист Хятадтайгаа хүртэл дайсан байсан түүхтэй юм шүү.

Тэдний томъёоллоор бол “гадныхантай хуваахгүй” гэдэг нь Монголын төр засаг л шууд гадаадынхантай харилцаж, хөрөнгө оруулалт хийхгүй байхыг хэлж байгаа юм байна. Харин өөрснөө Таван толгойн зохих хувийг аваад хувиараа гадаадынхантай харилцаж, хувьдаа гадаадын хөрөнгө оруулахыгаа “монголчууд өөрснөө эзэмших” хэмээн томьёолж байгаа болтой юм.

Манайхан бас нэг сонин юм ойлгуулаад байна. Хөрөнгө оруулагчид хэн нэгэн хүнд хөрөнгө мөнгө, лиценз байгааг хараад л “Ямар гоё юм бэ? Энэ хүнд лиценз, уурхай, хувьцаа байна ш дээ. Олсон хураасан жаахан юм аа энэ хүн рүү оруулчихъя” гээд түрийвчээ чирээд гүйгээд ирдэггүй гэнэ.

Бид ч гэсэн хураасан хумьсан жаахан юм аа “Адилхан сайхан хөрөнгөтэй хүн тааралддаг байна ш дээ. Аваачаад хамаг юмаа юүлчихдэг хэрэг” гээд амны хишгээ арчаад явдаггүй биз дээ. Зарим суртал нэвтрүүлгийн гол санаа нь бусдыг өөрснөөсөө тэнэг мэтээр ойлгуулахад байна шүү, хө. Үнэн хэрэгтээ гадаадын хөрөнгөтэй хөрөнгө оруулагчид бидний л адил шуналтай тул цаг үргэлж л яас хийгээд юм хумаа арвижуулдаг билээ л гэж бодол болсон улс байгаа. Тийм учраас Монголын нэг ширхэг “ард түмэн” болох үндэсний цэвэр цусныхөх толботын эзэмшиж буй хувийнх нь талаас илүүг нэхнэ, бооно. “Чи мөнгөгүй боловч лицензтэй хөөрхөн хүү байна. Хамар дээр суугаад дуулахдаа ч хөөрхөн байна. Ахад нь мөнгө бол байна. Гэхдээ лицензтэй талбайнхаа 75 хувийг өгнө гэвэл болж байна. Үлдсэн 25 хувьд чинь хэрэгтэй мөнгийг би хийе. Яахав дээ дөрөвний нэгд ногдох ашгийг өнхрүүш хүү минь хүртэж болно. Үгүй гэвэл харь даа” гэнэ. Ингээд бодохоор үндэснийхээ компанид дангаар нь өгөх гэдэг нь “Үндэсний нэг хүний нэр дээр гадаадынханд ихэнхийг нь авах” хувилбар болж таарч байна.

Зэрэгцэн босч буй гол асуудал гэвэл Таван толгойн ашгийг хэнд хүртээх вэ? Бүх хүндээ тэгш хуваарилах уу? Эсвэл тодорхой “Ард түмэн”-үүдэд өгөөд, үлдэж буй бүх хүн (2,7ii саяас хасах нь ард түмэн,үлдэгдэл нь бүх хүн)-ээ ерөнхийд нь голруулчих уу? гэдэг дээр маргаан болж байна.

Энгүүнээр хэлбэл, “ард түмэн” болон зохион байгуулагдаж чадсан хүнд хувь хүртээгээд, мөрөөрөө амьдарч байгаа энгийн номхон хүн арддаа юм хүртээхгүй хасна гэсэн үг л дээ.

Монголчууд ч гэсэн нарийн юм мэддэг болж. Энийг, тэрийг “Ард түмэн авах гэж байгаа” сураг дуулдвал бидэнд ч юм ногдохоо өнгөрлөө гэдгийг ойлгох болж.

Энэ хувилбар дээр ажиллахаар маш олон “ард түмэн” байгуулагдаж, зохион байгуулалтад орж байгаа аж. Ер нь 999 тоотой ард түмэн ч байна, 100 орчим хүнтэй ард түмэн ч байна гэнэ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр iiiхүртэл“ Бүх хүндээ хуваах нь буруу, тодорхой сайн ард түмэнд нэр зааж Таван толгойг өгсөн нь дээр” гээд нэр бүхий “зургаан ард түмэн”-ий жагсаалт барьчихсан Төр дээгүүр явж байх юм гэнэ. Ингэхэд түүнд “Та ерөнхийлөгч байхаа болиод жил гаран болж байгаа” гэдгийг нь хэлээд өгөх хүн ойр хавьд нь байхгүй л юм байхдаа, хөөрхий. Манай нутагт өөрийгөө нам төрийн удирдагч “Ю.Цэдэнбалын ихрийн өрөөсөн, багад нь өөрийг нь хүнд өргүүлээд төөрүүлчихсэн. Нарийн яривал жинхэнэ Цэдэнбал нь өөрөө юм” гэж итгэчихсэн нэг хөөрхий байж билээ? За энэ ч энд ямар хамаа байх вэ?

За, 2.7 сая толгойг эргүүлсэн, Тавхан толгойнiv паянгаас өгүүлэхэд иймэрхүү.

2010 оны 6 сарын 16

Categories
мэдээ нийгэм

Өглөгт охин одтой, цагаан морь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 24. Сугар гариг, Билгийн тооллын 6. Өглөгт охин одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 06.02 цагт мандан, 19.58 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улай гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Үерийн далан дээр хууль бусаар барилга барих зөвшөөрөл олгожээ” сурвалжлага хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэе.

Баянгол дүүргийн 14-р хорооны 16-р байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж, уржигдар шөнө 244 иргэнийг зочид буудалд байрлуулсан юм. “Би жи би жи” гэх компани тус байрны хажууд барилга барихаар газар ухсанаас болж 16-р байр хэзээ мөдгүй нурах дөхөөд байгаа юм. Энэ хэргийн эргэн тойрныг сурвалжилсан “Үерийн далан дээр хууль бусаар барилга барих зөвшөөрөл олгожээ”хэмээх гарчигтай шөнийн сурвалжлагыг сонины нэгдүгээр нүүрээс уншаарай. Мөн өчигдрийн онцлох үйл явдал болсон “Таван толгой”-н төслийг УИХ хүлээж авсан талаар сурвалжлагыг нэг болон хоёрдугаар нүүрт нийтэллээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг “Баримт, үзэл бодол” буланд нийтлэлч П.Хашчулууны “Монгол хүний дайсан нь монголчууд өөрсдөө байдаг” нийтлэл хэвлэгдэв. Энэ нийтлэлд нурах гэж байгаа байрны иргэдийг нүүлгэн шилжүүлсэн үйл явдлаас үүдэн, монголчуудын нэгнийгээ үргэлж хойш нь татаж байдаг дутагдалтай талыг шүүмжлэн бичлээ. Гуравдугаар нүүрээс дэлгэрүүлэн уншаарай.

Улс төрийн мэдээллийн нүүрэндД.Дэмбэрэлийн “Дэлхий нийт үгээ үйл хэрэг болгоё гэж байна” гэсэн ярилцлагыг хэвлэв. Мөн “Сонгуулийн сурталчилгааг 14 хоногт багтаахаар төсөлд тусгажээ” гэх зэрэг улс төрийн эргэн тойрны үйл явдлын мэдээлэл нийтлэгдлээ.

“Баримт, үйл явдал” булангаас жүжигчин Д.Оюунтуулын “Түлэнхийн зовлонг биеэрээ мэдэрсэн учраас хүүд туслахыг хүссэн” гэсэн сонирхолтой ярилцлагыг уншаарай. Харин“Уран бүтээлч” буланд Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач М.Эрдэнэбаяр уригдаж, уран бүтээлийн тухай сайхан ярилцлага өглөө. Өчигдөр нээлтээ хийсэн “Гурван найз” киноны Санчир буюу жүжигчин Д.Түвшинтөртэй хийсэн ярилцлага ч Соёл урлагийн буланд хэвлэгдлээ. Эдгээр болон өчигдөр болсон үйл явдлын мэдээлэл, гадаад мэдээ, цаг агаар, зурхай, “Энэ өдөр” зэрэг тогтмол булангуудаа хүлээн авна уу.

Дашрамд дуулгахад “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу. Манай сонины admin.dnn.mn сайтад зочилж өдөр тутмын сонирхолтой мэдээллүүдийг сонирхоорой.

“Өдрийн сонин” өглөө бүрийн ургах нарнаар тантай хамт.