“Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын трасс энэ сарын 2-ны өдөр батлагдсан юм. Уг замын трасс нь зургаан аймгийн 24 сум, Улаанбаатарын хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр тогтоогдсон билээ.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 24-ны өдөр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хурдны авто замын трасс дайран өнгөрч буй зургаан аймгийн засаг даргад албан бичиг илгээжээ. Тодруулбал, Засгийн газрын 399 дүгээр тогтоолын гуравдугаар заалтын биелэлтийг хангах ажлын хүрээнд “Хурдны авто замын зурвас газрыг концесс эзэмшигчид олгох тухай” албан тоотыг хүргүүлсэн байна.
Уг хурдны авто замын трасс батлагдахдаа 97 км хэсэгт дутуу батлагдсан бөгөөд Засгийн Газар тун удахгүй шийдэж өгөх аж. Ингэснээр тус хурдны автозамыг барих хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдэж, ажил нь жигдрэх юм байна. Өнгөрсөн жилээс эхлэн өдий хүртэл яригдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн хурдны авто зам баригдах нь тодорхой болж байна.
Дашрамд дуулгахад, “Чингис лэнд девелопмент групп–Шинэ хөгжлийн зам” ХХК нь өмнөх Засгийн газрын үеийн Эдийн засгийн хөгжлийн яамтай “Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам барих төсөл дээр концессийн Барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр 2014 оны гуравдугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулсан билээ.
Өнгөрсөн хугацаанд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, геотехникийн /геологи, геодези, гидрогеологи/ суурь судалгааны ажил хийж байсан аж. Энэхүү хурдны авто зам нь хоёр урсгал, зургаан эгнээтэй, нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо гаргасан аж.
Төслийг хэрэгжүүлэгч компанийн хувьд хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байгууллагуудаас босгосон байна. Замын трасс батлагдаж, зам барилгын ажил удахгүй эхлэх тул ирэх сарын эхээр хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилт орж ирэх гэнэ. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замын барилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдах аж.
Уг хурдны замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг мөн, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, улмаар хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд босно. Өөрөөр хэлбэл Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдах юм.
Түүнчлэн Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто замын хучилтын хийцийн төлөвлөлт, барих-арчлах-засварлах технологийг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерт 6 орны 10 гаруй компани оролцох хүсэлтээ илэрхийлж материалаа ирүүлжээ.
Тухайлбал, Франц, Турк, БНХАУ, Энэтхэг, Польш, Монгол гэсэн орнуудад үйл ажиллагаа явуулдаг зам барилгын болон зураг төслийн зөвлөх компаниуд уг хурдны авто замд хучилтын хийцийн “бага зардлаар хамгийн чанартай барих технологийг” санал болгож эхлээд байгааг албаны хүмүүс хэлж байв.
Төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс замын хучилтын хийцэд бага зардлаар барьж, урт хугацаанд эвдрэл багатай, ашиглалтын үеийн засвар арчилгаа бага байх материал болон шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ашиглахад анхаарах аж.
Хурдны замыг чанартай барьснаар өдөрт транзит тээврийн ачааны том оврын хэдэн мянган машин явахад эвдрэл гэмтэл гарахгүй гэсэн алсын хараа бий. Иймээс зөвлөх үйлчилгээний тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн 10 гаруй компаниас сонгон шалгаруулалт хийж, ирэх сарын 15-аас өмнө жагсаалт гаргахаар болсон байна.