Categories
мэдээ нийгэм

1, 5, 9-р ангийнхан хонхны баяр тэмдэглэхийг АЛБАН ЁСООР хориглов

Ерөнхий боловсролын 1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор Нийслэлийн боловсролын газраас хориглосон байна. Мөн их дээд, сургуулийнхан “Эрдмийн баяр” болгон тэмдэглэж төгсөгчид тайлант өдөрлөгийг зохион байгуулах, шагнах урамшуулах үйл ажиллагаа явуулах юм байна. Түүнчлэн дүүргүүдэд эрдмийн баярыг тогтсон хугацаанд тэмдэглэх удирдамжийг хүргүүлжээ.

Нийслэл хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэсэн судалгааг гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг маргааш дахин хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үдээс хойшхи хуралдаан өндөрлөөд байна. Бүлгээр Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн тул Монгол Улсын сайд М.Энхсайхан оролцсон юм. Тэрээр гэрээний төсөлтэй холбогдуулж гишүүдийн асуултад хариулт өгчээ. Гэхдээ гишүүд Тавантолгойн гэрээнд саналаа нэгтгээгүй тул маргааш бүлэг 16.00 цагт дахин хуралдахаар болсон байна.

Тус бүлгийн хувьд үдээс өмнөх хуралдаандаа “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурийг оролцуулж компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авсан юм. Өмнөх Засгийн газрын үед “Эрдэнэс тавантолгой” компани нь Хятадын “Чалько” компанитай гэрээ байгуулж, 350 сая ам.доллар зээлж авсан бөгөөд энэ өрийг Тавантолгой ордоос олборлосон нүүрсээр дарах юм. Гурван жил орчмын хугацаанд нүүрсээ нийлүүлсэн ч одоогоор 100 гаруй сая ам.долларын өр үлдсэн байгаа аж. Уг нь энэ өрийг өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын дараахан төлж дуусгах төлөвлөгөөтэй ажилласан ч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан нь “Эрдэнэс тавантолгой” компани олборлолтоо хэчнээн нэмэгдүүллээ ч өр дарах хэмжээнд дорвитой ашиг олоогүй аж. Энэ мэтчлэн олон асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын хуралд М.Энхсайхан оролцож байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус бүлэг үдээс өмнө хуралдахдаа Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцсэн ч үдээс хойш үргэлжлүүлэхээр болсон юм. Дээрх асуудлыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын сайд М.Энхсайхан бүлгийн хуралд оролцож байна.

Үдээс өмнөх бүлгийн хуралдаанд “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь оролцсон юм. Түүнийг бүлгийн хуралд оролцсон шалтгааныг “Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгсөнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь шинээр томилогдсон “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Ч.Сайнбилэг нь ажлаа аваад удаагүй тул экс даргаас мэдээлэл авахаас аргагүй байсан аж.

Онцлоход, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдах чиг бариад байсан ч хуралдсангүй. Энэ нь ажлын хэсгийн хуралдаан давхацаж, зарим гишүүн бүлгийнхээ хуралд оролцох боломжгүй байсан тул хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өгөөмөр захад хаягдал дугуй шатжээ

Өчигдөр нийслэлд гал түймрийн ес, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 13-569 тоотод Хүслэн очир ХХК-ийн 4х6 хэмжээтэй агуулахад их хэмжээний цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 08:22 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Талх чихэр ХК-ийн хашаанд хог, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд иргэн П-н хашаанд хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын ХЦ-ийн 0151 дүгээр ангийн хашаанд 60х20 хэмжээтэй цэргийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 15:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр 1013 тоот иргэн Б-н хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:27 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 6 дугаар гудамжийн 189Б тоотод иргэн Б-н 6х4 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын хашаанд 3х3 хэмжээтэй харуулын байр, хаягдал дугуйнууд шатаж шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Зуны зуслангийн 1 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Ч-н 22х8 метрийн хэмжээтэй өвөлжөө, 26 хонь, ямаа, 9 ишиг, 1 тугал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 18:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС-ын 5 дугаар гудамжийн 113 тоотод иргэн Г-н 5 ханатай гэр эд хогшлын хамт, /бүрэн шатсан/ 6х4 хэмжээтэй гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны 20:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг Партизаны гудамжийн 18 тоотод иргэн М-н хашаа нь доторх бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд 20 гаруй айл усанд автжээ

Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын 8 дугаар багийн нутаг Ховд голын усны түвшин дээшилсний улмаас өчиндөр далан нуржээ. Үүнээс болж голын ойр хавьд хаваржиж байсан 20 гаруй айл усанд автсан байна. Онцгой байдлын 60 алба хаагч өчигдөр өдөржин ажиллаж даланг сэргээн босгосон байна. Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын 8 дугаар багийн нутаг Ховд голын усны түвшин дээшилсний улмаас өчиндөр далан нуржээ. Үүнээс болж голын ойр хавьд хаваржиж байсан 20 гаруй айл усанд автсан байна. Онцгой байдлын 60 алба хаагч өчигдөр өдөржин ажиллаж даланг сэргээн босгосон байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудал дэвшүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ долоо хоногийн Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр Нийгмийн бодлогын үндэсний зөвлөлийн тайлан хэлэлцэхээр байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой асуудлууд хөндөгдсөн. МАН-ын бүлэг цалин тэтгэвэрийг нэмүү өртөгтэй уялдуулж жил бүр нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, ахмадуудын тэтгэрийн зээлийн хүүг бууруулах гэх мэт хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцэхгүй байна. Маргааш Нийгмийн бодлогын үндэсний зөвлөлийн тайлан дээр тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах байнгын хорооны тогтоолыг гаргуулах тухай асуудал дэвшүүлнэ” гэв.

Мөн МАН-ын бүлэг Татварын багц хуулийн талаар хэлэлцсэн байна. “Урьд нь МАН эрх барьж байх үедээ татварын ачааллыг бууруулах чиглэлээр томоохон өөрчлөлт хийж байсан. Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, олон улсын нийтлэг зарчмыг бий болгох, татварын ачааллыг бууруулах хуулийг өргөн барьсан байсан. Татварын багц хуулиудыг хэлэлцүүлээч гэсэн шаардлагыг тавина” гэлээ.

Өнөөдөр нам эвслийн бүлгүүд Тавантолгойн асуудлаар хэлэлцэж байна. Харин МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаагүй байна. Бүлгийн дарга С.Бямбацогт “өнгөрсөн хоёрдугаар сард бүлгээс ажлын хэсэг байгуулсан байгаа. Хэлэлцээртэй холбоотой мэдээллийг судалж байна. УИХ-ын хараа хяналт дор олон нийтэд ил тод, өмнөх гэрээний нөхцөлийг муутгахгүйгээр Тавантолгой, Оюутолгойн асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэлэлцэх эсэхийг нь бид дэмжээд явна. Хэлэлцээрийн шатанд гэрээг сайжруулах, улс орны эрх ашигт нийцүүлэх, 1072 хувьцааг амилуулах шаардлагыг тавьж Тавантолгойн төслийг явуулна. Энэ дээр Бүлгийн нэгдсэн байр суурь гараагүй байгаа. УИХ дахь ажлын хэсэг болон бүлгийн ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг нухацтай хэлэлцэж байж, бүлэг цаашид яаж ажиллахаа тодорхой болгоно” гэлээ.

Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны тэмцээн эхэлнэ

Ирэх сарын 2, 3-нд АНУ-ын Сан Диего хотод 76,000$-ын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдах “Extreme Memory Tournament” ой тогтоолтын тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 5 тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хамт өнөөдөр тус улсыг зорьж байна.

Багийн бүрэлдэхүүнд:

  1. Х.Хатанбаатар (ОУ-ын шүүгч)
  2. Б.Баасандорж (Дасгалжуулагч)
  3. Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах (Дэлхийн аваргын алтан медальт, Ой тогтоолтын дэлхийн 3 дээд амжилтын эзэн)
  4. Ой тогтоолтын Их Мастер С.Акжол (Дэлхийн аваргын мөнгөн медальт)
  5. Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын дэлхийн цомын алтан медальт)
  6. Э.Энхмөнх (Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга)
  7. Т.Энхжин (Ой тогтоолтын ОУ-ын аварга)

Тус тэмцээнд оролцох улс болон тамирчдын тоог тус тусад нь харуулбал:

  1. Герман (7 тамирчин)
  2. Монгол (5 тамирчин)
  3. Швед (3 тамирчин)
  4. Англи (3 тамирчин)
  5. АНУ (3 тамирчин)
  6. Филиппин (2 тамирчин)
  7. Норвеги (1 тамирчин)

Тамирчид зоонд хуваагдаж тэмцээн нэгийн эсрэг нэг (head to head) явагдах бөгөөд www.extremememorytournament.com сайтаар онлайн шууд дамжуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Я.Батсуурь АН-ын бүлгийн хуралд оролцов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан түр завсарлаад байна. Үдээс хойш буюу 16.00 цагт үргэлжлүүлэн хуралдах юм. Тус бүлгийн үдээс өмнөх хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь оролцож Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар бүлгийн гишүүдэд холбогдох мэдээлэл өгсөн байна. Мөн Тавантолгойн асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхан бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөх байсан ч үдээс хойшхи хуралдаанд оролцох болжээ.

Categories
мэдээ спорт

Ц.Батчулуун гурав, Б.Анхчимэг тав дахиа түрүүлэв

Монголын шатрын холбооны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 18-26-нд Хан-Уул дүүргийн Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд боллоо. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдсөн бөгөөд найман их мастераас хоёр нь оролцжээ. Тодруулбал, их мастер Б.Гүндаваа, Ц.Шаравдорж, Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул нар оролцоогүй юм.

Эрэгтэйчүүдийн ангилалд их мастер Ц.Батчулуун 9.0 оноогоор улсын аваргын гурав дахь түрүүгээ хүртлээ. Тэрээр зургаа хожиж, зургаа тэнцэн, нэг хожигджээ. Эмэгтэйчүүдийн ангилалд ОУМ Б.Анхчимэг 9.5 оноогоор тав дахь түрүүгээ хүртсэн байна.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

Алтан медаль: Их мастер Ц.Батчулуун (“Алдар” спорт хороо, “Зууны шатар” клуб, Үндэсний шигшээ баг, Баянхонгор аймгийн тамирчин) 9.0 оноо

Мөнгөн медаль: Гавьяат тамирчин, Их мастер Б.Хатанбаатар (Баянгол дүүрэг) -9.0 оноо.

Хүрэл медаль: ОУМ Г.Мөнхгал (Өвөрхангай аймаг) – 8.0 оноо.

IV байр: ОУШХ-ны мастер Э.Энхнар (Сүхбаатар аймаг, МУИС) – 8.0 оноо.

V байр: ОУШХ-ны мастер С.Билгүүн (“Хан хөхий” клуб, МУИС) -7.5 оноо.

Эмэгтэй:

Алтан медаль: ОУМ Б.Анхчимэг (“Абико” компани, Архангай аймаг) – 9.5 оноо.

Мөнгөн медаль: ОУМ Д.Янжиндулам (“Алдар” спорт хороо) – 9.0 оноо

Хүрэл медаль: ОУШХ-ын мастер С.Отгонжаргал (“Төрийн банк”, Баянхонгор аймаг) -8.0 оноо.

IV байр: ОУШХ-ны мастер Т.Мөнхзул (“Икон” компани) – 7.5 оноо

V байр: Спортын дэд мастер Ү.Үүрийнтуяа (“Хан-Алтай” клуб, МУИС) 6.5 оноогоор тус тус орсон байна.

Их мастер Ц.Батчулуун улсын аваргын гурав дахь түрүүгээ хүртлээ.


ОУМ Б.Анхчимэг тав дахь түрүүгээ хүртлээ.


Олон улсын мастер Г.Мөнхгал улсын аваргаас анхны медиалиа хүртлээ.


Улсын гурван удаагийн аварга Д.Янжиндулам энэ жил дэд байрт шалгарав.


Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга З.Энхболд тусгай үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.27/ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занбазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Номын их хүрээг нээсэн нь Сарьдгийн хийдийн судалгаа” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл УИХ-ын дарга З.Энхболдыг тус арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, энэхүү үзэсгэлэнг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгааг нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.

Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар 1654 онд Хан Хэнтий нурууны салбар Хийдийн сарьдаг ууланд Номын их хүрээг байгуулж эхэлжээ. Бүтээн байгуулалтын ажил 30 гаруй жил үргэлжилж 1686 онд дууссан ч 1688 онд Халх, Ойрадын дайны хөлд үрэгдсэн хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Номын их хүрээний туурийг ХХ зуунд архелогийн өвд бүртгэсэн бөгөөд хоёр жилийн өмнө анхны үндэсний экспедици малтлага хийж эхэлсэн байна. Сарьдагийн хийдэд хийсэн 2 жилийн малтлага судалгааны явцад язгуурын таван бурхад болон асар том хэмжээтэй бурхадын шавар баримал /5-6 м өндөр/, тал хэвэнд цутгасан бурхадын шавар дүр, уран нарийн хийцтэй барилгын чимэглэл, ялтсан хуяг, дуулга, илд, цахиур буу, цагаан шаазан цом, тахил шүншигийн холбогдолтой алт, мөнгө, эрдэнийн чулуун эдлэл гээд нийтдээ 1300 гаруй олдвор олжээ.

Эдгээр олдворуудаас дээжлэн дэлгэсэн 100 гаруй эд зүйлс бүхий “Номын их хүрээг нээсэн нь Сарьдгийн хийдийн судалгаа” тусгай үзэсгэлэнг УИХ-ын дарга З.Энхболд үзэж, сонирхлоо.

Тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс, эрдэмтэн судлаачид, бурхны шашны төлөөлөгчид оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.