МХЕГ-аас “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг өрнүүлж буй. Аяны хүрээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Увс, Дундговь зэрэг аймгуудад барилга угсралт, эрчим хүч, дулаан, цэвэр ус хангамжийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах, дотооддоо эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулжээ. Харин НМХГ-аас том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 15 байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр шалгалт хийж эхлээд байна.
Мөн аяны хүрээнд барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдал, барилга угсралтын ажлын чанар, аюулгүй байдал, барилгын зураг төслийн ажлын чанар аюулгүй байдлыг хангуулах тухай гурван төрлийн зөвлөмжийг нийслэл болон орон нутгийн аж ахуй нэгжүүдэд хүргүүлжээ.
Зөвлөмж хүргэгдсэн Дархан-уул, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнод, Дундговь аймаг дахь барилга угсралтын 170, ашиглагч 179, барилгын зураг төслийн 12 аж ахуйн нэгж байгууллага болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй аж.