Categories
мэдээ нийгэм

Монгол дахь хятад ажилчдын тоог нэмэхийг хүсчээ

Албаны эх сурвалжийн мэдээгээр манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй БНХАУ-ын долоон мянга орчим иргэн байдаг аж. Үүнд сурдаг, ажил хийдэг болон байнгын оршин суудаг бүх иргэд орж байгаа гэнэ. Манай улсад оршин суух хятад иргэдийн тоо өмнөх жилүүдээс цөөрсөн гэж албаныхан онцолж буй.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ван Шяолун Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой уулзах үеэрээ хоёр улсын Засгийн газар хооронд харилцан тохиролцсон, хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах мэргэжилтэй ажилчдын асуудлыг онцгойлон авч үзэхийг хүсчээ. Тэрбээр Хөдөлмөрийн сайдад БНХАУ-аас хуулийн дагуу авдаг ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьж, энэ чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.

Харин С.Чинзориг сайд эдийн засаг хямралтай, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, дотооддоо ажилгүйдэл нэмэгдэж буй энэ үед БНХАУ-аас авдаг ажиллах хүчний тоог нэмэх боломж байхгүйг тайлбарлаад цаашдаа тус улсаас зөвхөн Боловсролын яамнаас нь олгосон мэргэжлийн үнэмлэхтэй, жинхэнэ мэргэшсэн ажилчдыг л авах бодлого барина гэдгээ хэлжээ.

Categories
мэдээ спорт

Э.Халиунболд “Loretta Lynn”-д түрүүллээ

Алтай констракшны дэргэдэх Үндэсний авто мото спортын клубын тамирчин ОУХМ Э.Халиунболд “Loretta Lynn” олон улсын тэмцээнд түрүүллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 28-29-нд АНУ-ын Лос-Анжелес хотын Riverside-д Loretta Lynn олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболд оролцож нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, мото спорт сонирхогчдыг алмайрууллаа. Тус тэмцээн нь АНУ-д зохиогддог супер кросс уралдааны ДАШТ болон АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний дараа ордог уралдаан бөгөөд мэргэжлийн болон сонирхогчдын тамирчид оролцдог дэлхийн хамгийн олон оролцогчтой уралдааны нэг юм. Тэмцээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Э.Халиунболд 450 class ангилалд оролцож, хүрэл медаль хүртсэн бол 29-нд 450 pro class ангилалд дахин хүрэл, 25-аас дээш насанд түрүүллээ.

Categories
мэдээ улс-төр

“КАРЕК”-ийн гишүүн орнуудын удирдах зөвлөл чуулж байна

Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд CAREC /KAPEK/-ийн гишүүн орнуудын удирдах ажилтнууд уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар холбогдох албаныхан санал солилцож байгаа юм. “КАРЕК”-ийн гишүүн орнууд сүүлийн 10 жилийн хугацаанд, Төв азийн бүс нутгийн эрчим хүчний сүлжээ бий болгож, эрчим хүчний худалдааг дэмжихэд зориулж, дөрвөн тэрбум америк долларын өртөг бүхий 33 төсөл хэрэгжүүлсэн байна.

Тиймээс манай улс Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтаа хурдасгаж, эрчим хүч экспортлогч улс орон болох хэрэгтэй гэж албаныхан онцлолоо.

Хурлын үеэр манай улс гадны хөрөнгө оруулагчдыг татаж, томоохон станц байгуулах замаар эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг сайжруулж, хөрш орнууд руугаа экспортлох сонирхолтой байгаагаа гадны төлөөлөгчдөд хандан илэрхийллээ.

Categories
гадаад мэдээ

Туслах нисэгч онгоцны ослын тухай ярьж байжээ

Германы онгоцыг санаатайгаар осолдуулсан хэрэгт туслах нисэгч Андриас Лубитзийг буруутгаж байгаа. Туслах нисэгчийн экс найз бүсгүй түүнийг онгоцны ослыг зохион байгуулах талаар ярьж байсан гэж зарим хэвлэл мэдээлсэн байна. Мария гэдэг нэрнээсээ өөр мэдээлэл өгөхийг хүсээгүй 26 настай бүсгүй онгоцны үйлчлэгч хийдэг байжээ. Өнгөрсөн жил Лубитзтэй хамт таван сарын турш нислэгт гарсан аж.
Мария Германы “Bild” сонинд “Лубитз би бүх системийг өөрчлөх ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөсөн. Ингэснээр хүн бүр миний нэрийг мэддэг болно хэмээн ярьсан” гэжээ. Тэрээр энэ үгээрээ онгоцны ослыг төлөвлөж байсан байх гэж хардаж байгаагаа онгоцны үйлчлэгч бүсгүй нуугаагүй байна. Онгоцны бүхээгний дуу хураагчаас олдсон мэдээлэлд үндэслэн түүнийг уг ослыг санаатайгаар зохион байгуулсан хэмээн үзэж байгаа билээ. Онгоцонд нислэгийн багийн зургаан гишүүнээс гадна 144 зорчигч явжээ. Тэдний 72 нь Германы, 51 нь Испанийн иргэд байж. Нийтдээ 18 орны иргэд осолдсон юм.

Categories
мэдээ нийгэм

Онгоцны шатахууны үнэ буурах боломжтой гэв

ШӨХТГ-аас онгоцны шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “МИАТ” ХК, “Аэромонголиа” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК, “Томас эйр” ХХК, “Геосан” ХХК, “Блю Скай” ХХК-иудын захирлуудтай уулзалт хийсэн байна.Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Онгоцны шатахууны үнэ цаашдаа ч бууруулах боломжтой гэдгээ бидэнд илэрхийлсэн. Бид үндэсний авиа компаниудаа аль болох дэмжих, зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Та бүхэн харин өөрийн хэрэглэгчид болох агаарын тээврийн зорчигч үйлчлүүлэгчдэдээ үнийн болон үйлчилгээний илүү таатай нөхцөлөөр үйлчлэх боломжийг бүрдүүлэн ажиллахыг хүсч байна” гэж онцолжээ. Авиа компаниудын удирдлагууд “Шатахуун бол манай нийт зардлын 30-40 хувийг эзэлдэг. Онгоцны шатахууны зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох, энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд давуу байдлаа ашиглан авиа компаниудад хандаж байгааг зогсоож өгөхийг хүсч байна. Шатахууны зах зээлд илүү таатай нөхцөл үүсвэл бид ч бас зорчигч тээврийн үнээ бууруулах боломжтой” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Онгоцны ослоор амь үрэгсдийг дурсах ёслол ирэх сард болно

Германы авиа компани “Germanwings”-ийн 4U 9525 дугаарт нислэгийн онгоц Францын Альпийн нуруунд осолдож 150 хүн амиа алдсан. Одоогоор 78 хохирогчийн ДНК-г тодорхойлсон гэж шинжээчид мэдээлсэн байна. Онгоцыг санаатайгаар осолдуулсан гэх туслах нисэгч Андриас Лубитзийн цогцсын хэсэг олдоогүй гэж Германы хэвлэлүүд мэдээлж байна. Осол болсон газарт ард иргэд нь олноор үрэгдсэн үндэстнүүдийн төрийн тэргүүнд очсон. Мөн хохирогчдийн ар гэрийнхэн ч очсоор байна. Ослын газарт гадны олон машин, хүн нэвтэрч буй нь шинжилгээний багийнханд ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Ийм шалтгаанаар өнөөдрөөс ямар ч машин нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

Онгоцны ослоор амиа алдагсдыг дурсах албан ёсны арга хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 17-нд Германы хамгийн алдартай сүм болох Кологн хотын сүмд болох аж. Энэхүү арга хэмжээнд Герман канцлер Ангела Меркель, ерөнхийлөгч Жоачим Гуак оролцоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэвээндаш Эверестэд хоёр дахь удаагаа авирахаар боллоо

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш ирэх сарын 6-нд Эверестэд авирахаар болжээ. Б.Цэвээндаш энэ талаар “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр ахмад уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамт авирах юм байна. Б.Цэвээндашийн хувьд 2012 онд Эверест рүү урд талаас нь авирч 8848 метрийн өндөрт байх ноён оргил Жомолунгмад амжилттай авирч байсан. Уг туршлагадаа тулгуурлан энэ удаад хойд талаас нь авирч Эверестийн оргил дээр хоёр дахь удаагаа эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулахаар болжээ. Манай уулчид Балбын Катманду олон улсын нисэх буудал дээр газардсан хойноо олон улсын уулчидтай багт нэгдэн аяллаа албан ёсоор эхлүүлэх юм. Урьдчилан тооцоолж буйгаар дөрөвдүгээр сарын сүүл хүртэл Эверестийн бэл буюу 5300 метр хүртэл аялах юм байна. Уг аялал дунджаар 10 хоног үргэлжилдэг аж. Тэндээсээ цаг агаарт дасан зохицох бэлтгэл сургуулилт хийх бөгөөд үндсэн авиралт тавдугаар сарын 10-20-ны хооронд болох гэнэ.

Б.Цэвээндашийн хувьд Эверестэд авирч байх хугацаандаа зураг авч, баримтат кино хийхээр төлөвлөж байгаа юм байна. Харин авиралт хийж байх хугацаандаа “Өдрийн сонин”-ы редакцитай “Иридиум” утсаар холбогдон мэдээлэл хүргэж байх юм.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эхчүүдэд дараалалгүй үйлчилнэ

Худалдаа, хөгжлийн банкны бүх салбар, тооцооны төвүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн жирэмсэн эхчүүд, 0-2 насны хүүхэдтэй эхчүүд, өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан үйлчилгээний цонх гарган, дараалалгүйгээр үйлчилж эхэлжээ.

Монголын арилжааны банкуудын хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн найман зарчмын нэг болох “Банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарчим”-ыг Худалдаа, хөгжлийн банк үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буйн нэгэн алхам нь энэхүү ажил болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Эврика-2015” эхэллээ

Энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулах “Эврика” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаанууд өнөөдөр эхэллээ. Нэгдүгээр шат буюу сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарч үлдсэн шилдэг залуу судлаач, багш, оюутнууд эдийн засаг болон бизнесийн салбар хуралдаанаар “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлаа эхлүүлж байгаа аж. Эдийн засгийн салбарт долоон сургуулийн 30 орчим оюутнууд материалаа ирүүлэн оролцож байгаа бол дөрвөн сургуулийн шилдэг 10 залуу багш судлаачид илтгэлээ тавих нь. Салбар хуралдаанаас шалгарсан багш оюутнууд дөрөвдүгээр сарын11-ний Бямба гарагт Төрийн Ордонд зохион байгуулах Нэгдсэн хуралдаанд оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн талаарх илтгэлийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.03.30/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барив.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.

Энэ удаагийн илтгэлд Эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар, Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн талаар, Хүний эрхийн боловсролын талаар, Төрөлжсөн асрамжийн газартай холбоотой асуудлаар, Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ба хүний өмчлөх эрхийн талаар, Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаарх саналуудыг тусгасан байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус илтгэлийг төрийн болон төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалт, судалгааны дүн болон ХЭҮК-т ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн боловсруулдаг болохыг онцлоод, уг илтгэлд Монгол Улс дахь хүний эрхийн талаарх асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээлэл багтдаг болохыг танилцуулав. Түүнчлэн энэхүү илтгэлийг Хүний эрхийн дээд комиссарын газар, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо, Ази-Номхон далайн бүсийн адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үндэсний байгууллагуудад хүргүүлдэг гэлээ.