Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайгуулын лицензээс тэрбум доллар байтугай, нэг төгрөг ч олохгүй юм байна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрөгч оны долдугаар сард Их хурлаар баталсан. Уг хууль батлагдсаны дараахан Засгийн газрын “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоох тухай” тогтоол гарснаар уул уурхайгаа түшиглэж, Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Ингээд сүүлийн таван жилийн хугацаанд олгогдолгүй хүлээгдээд байсан хайгуулын лиценз хүсэгчдийн өргөдлийг Ашигт малтмалын газраас энэ оны нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн. Лиценз олголт эхнээсээ л гомдол маргаан, хардлага сэрдлэг төрүүлж хэл ам дагуулсан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Ашигт малтмалын газар нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд 280 мянган төгрөгөөр төхөөрөмж, 500 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр цахим системд нэвтрэх дугаарыг худалдаж байна. Дээрх төлбөрийг авах эрх олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байхгүй” гэсэн мэдэгдэл хүртэл гаргаж байсан. Ердөө 40-хөн секундэд 120 аж ахуйн нэгжийг бүртгэн авсан нь хачирхалтай, тийм боломж байхгүй гэх лиценз тойрсон шуугиан тасраагүй. Гэвч ашигт малтмалын газрынхан ард иргэдийн гомдлыг хүлээн авч, цаг тухай бүрт олон нийтэд мэдээлж байлаа.

Д.Үүрийнтуяа даргын сүүлд өгсөн мэдээллээр бол Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 676 нь VPN төхөөрөмж, 268 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар хүссэн ажээ. Тэрээр “219 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд тухайн орон нутгийн удирдлагаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн. Үүнээс гадна 78 талбайд санал авах мэдэгдэл хүргүүлэхээр ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хянагдаж байна” гэсэн тайлбарыг өгч байсан. Гэвч тэдний хэлж буй 219 хайгуулын тусгай зөвшөөрлөөс ердөө есөн лицензийг тухайн орон нутаг зөвшөөрсөн хариу ирүүлжээ. Үндсэндээ Ашигт малтмалын газраас одоо есөн газарт л хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлах болоод байна.

Ийнхүү ашигт малтмалын тусгай лицензээр уул уурхай дахин эргэлтэд орох, гадны томоохон хөрөнгө оруулагчид буцаад Монгол руу хандах, Монголын эдийн засгийн орчин баталгаатай болж, судсаар нь бага ч болов доллар гүйж эхлэх нь гэсэн хүлээлт талаар өнгөрлөө. “Хэдэн мал бэлчээрлэх нутаггүй болох нь” гэж хийрхсэн малчдын, эх орон, газар шороо, тусгаар тогтнол гэж худлаа цээжээ дэлдэж попиулизм хийж буй нөхдийн балаг, тэдний гар хөл болсон орон нутгийн удирдлагуудын улс орныхоо нэгдмэл эрх ашгийг уландаа гишгэлсэн сэтгэлгээ Монголын эдийн засгийг дахиад л туйлдуулж эхэллээ. Монголын төр орон нутагт бүх эрх мэдлийг нь өгч, жалга жалганд “тусгаар улс” байгуулж ноёдууд бий болгосныхоо горыг амсаж эхлэв бололтой.

Төр засагт доошоогоо тулах хөл байхгүй, данхагар том толгой цээжин биенээс өөр суурьгүй болж ганхаж буйн нэгэн тод баталгаа нь энэхүү лиценз олголтын шийдвэр гээд хэлчихэд даваадуулсан болохгүй биз ээ. Төр хэрвээ хөлтэй гартай, орон нутгаа удирдаж бүрэн дүүрэн гаргасан шийдвэр, хууль тогтоомжоо үг дуугүй дагаж мөрдүүлдэг, хэрвээ биелүүлээгүй тохиолдолд төрийн цээрлэл хүлээлгэдэг, ажлаас нь халдаг, төрийн дээр сандайлах гэсэн санаархлыг нь тас цохидог байсан бол өнөөдөр “дошны ноёд”-доо ингээд дарлуулаад, өөдөөс нь хэлэх үггүй суухгүй биз дээ. Монголын төр тулах цэггүй, суурьгүй болон ганхаж буй нь харамсалтай.

“Монголын төрийн голлох шийдвэрийг яг хэн гаргадаг юм бэ. Дөрвөн жил тутамд төрийн эрх барих байгууллагын сонгууль явуулсны дараа бүрдүүлдэг төр засаг уу, эсвэл түр зуурын зохион байгуулалтад орсон иргэний байгууллагууд эрх барьдаг орон уу. Жинхэнэ утгаараа Монголд засгийн эрхийг хэн барьж байна вэ. Ноён уул болон бусад улс төр эдийн засгийн ноён шийдвэрүүд гарсан процедурыг ажиглахад Монголд засаглалын онцгой шинжүүд тодрон гардаг. Шинжүүд нь Монголын хөгж­лийн одоогийн шатны төлөв болон тусгаар тогтно­лынх нь ирээдүйг тодорхойлон шинжих бололцоог олгож байна. Ноён уулаас эхлээд Монголын эдийн засаг, улс төрийн асуудлыг шийдэх гарцыг заадаг ноён нь Монголын ард түмэн үү, төр нь үү, эсэргүүцлийн хөдөлгөөн үү, эсвэл энэ бүхнийг цаанаас нь удирддаг өөр хүчин байна уу” гэж “Өдрийн сонин”-ы нэгдүгээр орлогч эрхлэгч төрийн шагналт Б.Цэнддоо “XXI зууны Монгол: Тоглоомын улсаас тоглоомон улс” алдарт нийтлэлдээ саяхан бичсэн нь бий.

“Жалга бүхэн жасаатай” гэдэг шиг дошны ноёдын жишээ захаас аваад байж байна. Тэр жил яалаа. “Эрдэнэс таван толгой” компанид Засгийн газраас Балгасын нуурын орчимд усны хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрсөн. Гэвч Өмнөговь аймгийн засаг захиргаа тус газрыг орон нутгийн тусгай хэрэгцээндээ авчихсан гээд хавьтуулаагүй. Үүнээс болж Эрдэнэс таван толгойн баяжуулах үйлдвэр барих ажил зогсож байсан түүхийг бид мэднэ. Өнөө дээр доргүй яриад байгаа популизм гэдэг чинь жинхэнэ утгаараа орон нутагт хэрэгжиж, алдаа завхрал муу муухай бүхнийг даллаж байна уу даа. Эдийн засгийн эсрэг тэмцэнэ гэдэг үнэн чанартаа эх орныхоо эсрэг тэмцэж буй хэрэг шүү дээ.

Монгол Улсын хууль тогтнолын дагуу хайгуул, олборлолт хийх эрхээ аваад ирж буй компани, хөрөнгө оруулагчдыг, нутаг орныг нь сайхан болгоё, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж бүтээн байгуулалт өрнүүлье, иргэдийг нь ажилтай орлоготой болгоё хэмээн зорилго тавиад, хөтөлбөр боловсруулаад зүтгэж буй баялаг бүтээгчдийг тэд арай л буу шагайж угтах нь холгүй юм болдог. Шууд эсэргүүцэж тэмцэж эхэлдэг. Хөөж тууж, ална шудна даа хүрдэг. Өмч хөрөнгө рүү нь дайрч эвдэж сүйтгэдэг.

“Тийм өвөг дээдсийн минь үе удмаараа мал хуйгаа өсгөж ирсэн нутаг. Тахилгатай, савдагтай, булш бунхантай, түүх соёлын…” гээд хэн нэгэн нөхөр оройлоод эхэлнэ дээ. Яг үнэндээ оройлж тэмцээд, нутгийн иргэдийг турхираад байгаа хүн ачир дээрээ тэр нутгийнх биш болж таардаг. Ийм л популист үйл ажиллагаа явагддаг юм. Үүний өмнө Монголын төр сул дорой гэдгээ харуулсаар байгаа. Улстөрчид улс төрийн зоримог алхам хийхгүй, улаан нүүрээ хамгаалж, амиа хоохойлж байна. Энэ бүхний баталгаа хайгуулын лицензийн тусгай зөвшөөрөл боллоо л доо. Лицензээр нэг тэрбум ам.долларын ашиг олно гэж Уул уурхайн яамныхан баримт нотолгоотой мэдэгдсэн. Баялаг бүтээгч, капитал үйлдвэрлэгчид лицензийн тусгай зөвшөөрөл итгэл төрүүлсэн юм.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлдэг нэгэн. Тэрээр “Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5 хувийг эзэлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно гээд хуулинд заачихсан. Түүний дагуу лицензийн тусгай зөвшөөрөл явагдлаа. 200 гаруй тусгай зөвшөөрлийн ердөө есхөнийг орон нутаг зөвшөөрсөн байна. Монгол Улсын нэгдмэл байр суурийн эсрэг хандлаа. Төр засгийн шийдвэрийг уул нь хуулийн дагуу дэмжих хэрэгтэй. Орон нутаг ийм хандлага үзүүлнэ гэдгийг эртнээс мэдэж байсан. Ашигт малтмалын тухай хуулинд 2006 онд шинэчилсэн найруулга хийгдэхэд, мөн 2001 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль батлагдахад миний бие саналаа хэлсэн. Гэвч төр засаг хүлээж аваагүй. Уг хоёр хуулинд өөрчлөлт оруулах гээд бараагүй. Бидний дэвшүүлсэн саналаар лицензийн шийдвэр гарахын өмнө Засгийн газар орон нутагтай яриад зөвшилцөх хэрэгтэй. Тэгвэл ямар нэгэн хэл ам гарахгүй. Аж ахуйн нэгжүүдэд ийм чирэгдэл дарамт учрахгүй. Төхөөрөмж худалдаж авчихаад, 500 мянгаас хоёр, гурван сая хүртэлх төгрөгөөр дугаарын эрх авчихаад орон нутагт очоод өмнөөсөө салаавч гаргуулна гэдэг хөрөнгө оруулагчдад байж боломгүй зүйл. Эрх зүйн зохицуулалт муу, төр нь сул дорой улс орнуудад ийм байдал ажиглагддаг. Орон нутагтаа эрх мэдлийг нь өгсөн улс орнууд эдийн засгийн хувьд хэдхэн хүн баяжаад л, сууриараа дампуурдаг. Монголд ийм аюул болохгүй гэх баталгаа алга” хэмээн хатуухан хэлээд авсан.

Өнгөрөгч онд мөн Засгийн газраас шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг баталсан. Уг журмын дагуу өнгөрсөн оны наймдугаар сараас зургаан удаагийн сонгон шалгаруулалт явагдаж, 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэтэл дээрх 29 лицензийн наймыг нь орон нутаг зөвшөөрөөд бусдыг нь мөн л сурсан зангаараа тас гүрийгээд хэвтчихжээ. Ингэж жалгын популистууд Монголын эдийн засгийг боомилж гүйцлээ. Хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьж, таван халтар цаасны төлөө Монголын тусгаар тогтнолын дархлааг үгүй хийж байна.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эхнэртэйгээ олон жил аз жаргалтай амьдрах арга

Эр нөхөр нь тусгай хүчинд алба хаадаг, эхнэр нь онгоцны үйлчлэгч(стюардесс)-ээр ажилладаг тийм нэгэн Америк хос ер хоногийн туршид Номхон далайн эзгүй арал дээр хоёулхнаа хэрхэн амьдарч буйг үзүүлсэн реалити-шоу хэдэн жилийн өмнө гарч билээ. Тэр хоёр соёлт ертөнцөд эргэн ирээд нэг их удалгүй салцгаасан гэх юм. Бие биедээ учиргүй их хайртай гэцгээж нилээн хэдэн жил нэг гэрт амьдарсан тэр хоёр ийм олон хоног өөр харьцах ертөнц үгүйгээр хамтдаа байж үзээгүй, нүүр тулаад удаан хугацаа өнгөрөөхөөр хэн нэгнийхээ бүх л дутагдлуудыг нэвт олж харсан юм байлгүй дээ, хөөрхийс.

Саяхан Оросын нэг хошин шогийн жүжигчин эхнэртэйгээ олон жил эвтэй найртай амьдарсан тухайгаа хүүрнэж байна. Сэтгүүлч “Та бүхний сувдан хуримын тань ойд баяр хүргэе. Яаж ийм олон жил эхнэртэйгээ эвтэй найртай амьдарсан нууцаасаа дэлгээч” хэмээн асуухад нөгөө нөхөр “Нууцсаад байх юм алга. Эхнэртэйгээ аль болохоор бага уулзах хэрэгтэй” гэж хариулдаг юм даа. Тэр яахав хошигнож л байгаа байх л даа. Гэхдээ аль ч шоглолд чимх үнэн бий гэдэг биз дээ. Олон хоног хөдөө гадаа тэнэж яваад ирэхэд эхнэр маань улам хайр татаж гарын хоол нь илүү амттай болчихсон юм шиг санагдаад байдаг нь түүний ч баталгаа юм уу даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Британийн туршлагаас суралцахуй: Архитектур

Ном адил уншигдах мөрүүд­гүй, зураг адил бодит дүрслэлгүй атлаа олон зуун жилийн түүх өнцөг, булан, хана, тоосго бүрээс нь цухуйх мэт чимээгүйхэн өгүү­лэгдэх Лондонгийн сүрлэг бас сүрдмээр уран барилгууд дун­дуур алхах зуурт гуниг бас бахдал зэрэгцэх нь сонин. Энэ үест хажуудаа яваа нэгнээ ч умартах нь энүүхэнд. Гэнэт хань болж яваа Лондон хотын уугуул иргэн, бизнес эрхлэгч Жон Армитад замын хажуугийн барилгыг заан энэ байшин хэдэн настай вэ гэхэд тэрбээр “Энэ байшин баригдаад удаагүй ээ. Ердөө 100 жил болж байгаа” гэв. 10 зууны өмнө энэ газар нутагт аж төрж байсан хүмүүсийн үлдээсэн байшин сууц ч өдий хүртэл хадгалагдан ирсэн лондончуудад 100 жил “ердөө л” юм байна.

Монголд 60 жил болж буй барилгыг нураах ёстой гэж үзэн, үл хөдлөхийн зах зээл дээр үнэлгээ нь буурч байхад Британид сэргээн засварлан, насжилтыг нь удаашруулж, үнэ цэнийг нь өсгөж байна. Тэд өнгөрсөн олон зуунд эдгээр барилгыг хадгалж, хамгаалж ирсэнийх нь гавьяа орчин үед бодитоор гарч байгаа аж. Өвөрмөц архитектурын ший­дэл­тэй барилгуудыг харах гэж, тэрхүү үл мэдэг айдас төрүүлэм түүхэн мэдрэмжийг авах гэж ирэх жуулчдын тоо жилдээ 17 саяар хэмжигдэнэ. Тэдгээр жуулч­дын нэг нь би. Миний газар­чин болох дээр дурьдсан Жон Александр Армитт нь 2012 оны Лондонгийн Олимп зохион байгуулагдсан барилга байгууламжийн төслийг удирдан хэрэгжүүлсэн нэгэн. Тэрбээр уг төслийг цагаас нь эрт дуусгаж, төсөвлөсөн хөрөнгийн тал хувийг хэмнэж чадсан гэдгээрээ олон улсад алдаршсан нэгэн. Угтаа би энэ эрхмээс ярилцлага авах гэж энэ хүртэл зорьж ирсэн бөгөөд тэрбээр Лондон хотын түүхт гудамжуудаар алхангаа ярилца­хыг санал болгож, хүсэлтийн дагуу бяцхан аялал хийх болов.

Хөрсний бохирдол ихтэй, хогийн цэг байсан хэсэгт дахин төлөвлөлт хийж, Олимп зохион байгуулах нүсэр барилга байгуу­лам­жийг амжилт­тай босгоход Британийн архитекторуудын уран ухаан өндөр үүрэг гүйцэтгэсэн хэмээн Армит надад хэллээ. Тэрбээр мөн манай эриний нэгдүгээр зуун буюу Ромын эзэнт гүрний дундад зуун хүртэлх суурьшмал соёлын үлдэцүүд тэмдэг­лэгдсэн Лондон хотын санхүүгийн төв хэсгээр бид хоёр яриагаа үргэлжлүүлэн явааг мөн сануулаад амжлаа. Олимпийн бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн нь Британийн барилгын салбарт хуримтлуулсан олон зуун жилийн туршлага, нүдэнд үзэгдэж, гарт баригдах эдгээр уран барилгууд, алдаж оносноо ном, судар болгон туурвин хадгалж ирсэн архитекторуудын ач гэж Жон Армит битүүхэндээ надад хэлээд байлаа. Барилга байгууламж гэдэг зүгээр нэг чулуу, мод, тоосго бус соёл бо­лоод туршлагыг хадгалагч мөн түгээгч нь болж байдаг өндөр үнэ цэнэтэй түүхэн өв. Жон Армиттай ярилцсан цаг гаруйн хугацаанд Британи улсын барилга архи­тектурын салбар тус улсын хувьд тэргүүлэх үйлдвэрлэлийн салбаруудын нэг бөгөөд олон улсад Британийн нэр нүүрийг тахалдаг экспортлогч гэдгийг сайн ойлгов. Угаас энэ л түүний хэлэх гэсэн гол санаа байсан.

Британийн Телеграф өдөр тутмын хэвлэлд “Аль улс юугаараа бусдаас илүү вэ” гэх жагсаалтыг гаргасан бөгөөд Их Британи улс архитектурын салбараараа бусад улсаас тасархай өндөрт байдаг гэж үнэлэгд­жээ. Архитектурын сал­­ба­­рынхан дундаа өндөрт тооцогд­­дог Призкер болон Хаа­ны алтан медал шагналуудыг хамгийн олон удаа Их Британийн архитек­торууд авч байжээ. Эдгээр шагналтнууд дунд Лон­дон хотын “LIoyds” болон Пари­сийн “Pompidou” төвийг барьсан Ричард Рожер хүндтэй байр суурийг эзэлдэг.

Их Британийн худалдаа хөрөнгө оруулалтын газраас гаргасан тоо баримтаас харахад, тус улсын архитектурын салбар 120.000 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд эдийн засагтаа жил бүр 4.2 тэрбум фунтын орлогыг оруулж байдаг байна. Жилдээ тус улсын уран барилгын салбар 362 сая фунтын үйлчилгээг гадны улсуудад экспор­толж байдаг нь Британийн архитектурын компаниудын га­даад дахь эрэлт хэрэгцээ ямар түвшинд байгааг харуулж буй. Британийн архитекторуудур чадвар, туршлагаа олон улс даяар мэргэжил болгон ашиглаад 100 гарам жилийн хугацаа өнгөрчээ. Зөвхөн тус улсад гэхэд архитектур, төлөв­лөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16.000 фирм байдаг байна. Тэдний зарим нь олон улсын хотуудын төлөвлөлт, өнгө төрхийг нь тодорхойлж байдаг барилгуудыг барьж өгсөн, байгуулахаар төлөвлөж буй.

Архитектур нь урлаг, шинжлэх ухаан болон технологи, хүний мөн чанарыг агуулсан мэдлэгийн салбар гэгддэг. Үүнийг ашиглан шинэ шийдлүүдийг гаргаж ирэх нь гол болохоос аливаа улсад байдаг барилгуудыг тэр чигээр нь хуулж авчрах нь олон зуун жил хуримтлагдсан туршлагын зөв тусгал яавч биш гэдгийг Монголд салбараа нээгээд удаагүй байгаа Британийн Градон архитектур компанийн Технологи эрхэлсэн захирал Таня Смит хэлж байгаа юм. Түүний хэлж байгаагаар Британи архитектур нь хүмүүст хэрхэн хэрэглэгдэх талыг ньилүү их бодолцсон байдгаараа онцлог аж.

Таня “Бид Монголыг Лондон шиг харагддаг болгох гэж Британи туршлагыг оруулж ирээгүй. Монголын үйлчлүүлэгчид бид­нээс загвар дизайны ямар ч шийдэл хүссэн бай, бидний хувьд аль болох эрчим хүчинд хэмнэлттэй байхыг тууштай барьж ажиллана” гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд Их Британийн архитектурын сал­бар нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тогтвортой, байгаль орчинд ээлтэй барилгын хийцүү­дийг түлхүү ашиглах болсон. Энэ нь нэг талаас Засгийн газар байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж, арга барил, барилгын материал хэрэглэхийг хөхиүлэн дэмжиж урамшуулах болсонтой холбоотой.Тогтвортой, ухаалаг барилгын үйлдвэрлэлийг бий болгох том зорилгын хүрээнд тус улсын Засгийн газар хувийн хэвшил хамтран “Барилга-2025” үйлдвэрлэлийн стратегийг дэм­жиж ажиллаж, инноваци, судал­гааг хүчтэй дэмжих болжээ.

ӨНӨӨДРИЙГ БИЙ БОЛГОСОН ӨЧИГДӨР

Их Британи улс гэхээр магадгүй дийлэнх хүний са­наанд нийтлэг нь Букингэмийн ордон, Элизабет хатан, том цагтай цамхаг, алсыг харагч төсөөлөгддөг байх. Харин архитектурын өнцгөөс харвал манай эриний 604 оноос эхтэй Сант Паулын цогчин дугана, 2012 онд баригдаж дууссан Лондон хотын төвд орших 87 давхар “Shard” буюу утгачлан орчуулбал хагархай шил хэмээх цамхаг, ирээдүйг харуулсан зөгнөлт кинон дээр л зөвхөн харж болохоор хэв загвартай “LIoyds” оффисын барилга, мэдээж Букингэмийн ордон тус улсын хувьд бахархалт архитектурын сор болсон бүтээлүүд. Эдгээр барилга дэлхийн ТОП-22 шилдэг архитектур бүхий барилгуудын жагсаалтад багтдаг. Тус улсын нэрийг олон улсад гаргадаг олон компани, архитектор байдаг ба тэдгээрийн нэгэн тод төлөөлөл нь Ирак гаралтай Их Британи архитектор Заха Хадид хэмээх эмэгтэй юм. Түүний бүтээл бүх дэлхийгээр тархсан байдаг гэж хэлж болно. Манай урд хөршийн Гуанжоу хотод хүртэл түүний архитектурыг нь хийсэн Дуурийн театр байдаг юм байна. Сонирхолтой нь түүний нэлээд олон бүтээл Азийн улсуудад баригдсан байдаг аж. Тэрбээр тус салбарын “Pritzker Architecture Prize” хэмээх дээд шагналыг анх удаа хүртсэн эмэгтэй архитектор болсон юм. Өдгөө тэрбээр 55 улсад 400 гаруй ажилтантай фирмийн эзэн болжээ.

Британийн архитекторуудын бүтээл дэлхий даяар нэлэнхүй­дээ тархсан байдаг нь тохиолд­лын чанартай үзэгдэл биш. Харин олон зуун жилийн турш бүрэлдсэн архитектурын суурь туршлага нь уг салбарыг албан ёсны үйлдвэрлэлийн салбар гэж үзэгдэх хэмжээнд хүргэсэнтэй холбоотой.

Тус улсын барилга байгуу­ламжийн дийлэнх нь түүхэн дурсгалт гэж нэрлэгдэх бөгөөд соёлын өвд бүртгэгдсэн байдаг бөгөөд хөндөж болохгүй жаг­саалтад орсон байдаг. Энэ их өв соёлын цаана мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийн салбар буюу архитектур явж байдаг аж. Тус улсын архитектурын бүтээ­лүүдийг Ромын эзэнт гүрний үеэс эхлүүлэн тоолох боловч өдгөө Британийн хотуудад тарх­сан барилга байгууламжууд нь 18-19-р зуун буюу Жорж хаан болон Викториа хатан хааны үед хамаарах нь элбэг юм. Архитектурын онцгой шийдэл бүхий барилгуудын тухай ярих­даа дээрх хоёр хаант засаг­лалыг олонтаа дурьддаг юм байна. Хэрвээ энэ олон эрх ям­бат хаан хатад, тэдний бие биенээсээ онцгойрох гэсэн хүсэл байгаагүй бол өдгөө Британи улс архитектурын салбарт хаанч­лахгүй ч байсан юм бил үү.

Олон улсад барилга тэр дундаа архитектурын чиглэлээр өндөр нэр хүндийг хүлээдэг нь Британийн архитектурын сургуулиуд тогтсон хэв маяг хил хязгаарыг зоригтойгоор дава­хыг оюутнууддаа заадагтай нь мөн холбоотой. Тус улсын архи­текторууд Ойрхи Дорнод, Хятад, Хойд Америкийн зах зээлд хамгийн их эрэлттэй байдаг аж. Гэсэн ч ихэнх Их Британийн архитектурын сургууль төгсөгчид тус улсад ажиллаж, амьдрах сонирхолтой байдаг гэдгийг Их Британийн эзэн хааны архи­тетурын их сургуулийн судалгаанаас харж болох. Учир нь тус улс архитекторууд ажиллаж амьдрахад ээлтэй орнуудын жагсаалтад нэлээд дээгүүрт ордог аж. Мөн Их Британи нь архитектурын их сургуулиудын чанараараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ чиглэлээр сурахыг хүсэгч авьяаслаг залуусын нэгдүгээр сонголт болж байдаг. Хайрцагласан бус чөлөөт сэтгэл­гээг хөхиүлэн дэмждэг архитек­турын сургуулиудынх нь нийт оюутнуудын 28 хувь нь гадныхан байдаг. Энэ нь тус улсыг энэ чиглэлээр сура­хаар зорин ирэгсдийн тоо бусад улсаас харьцангуй өндөр болохыг харуулж байна. Одоо­гоор Монголд архитектурын чиглэлээр тус улсад сураад ирсэн мэргэжилтэн байдаггүй юм байна. Харин хот төлөвлөлт, дэд бүтэц, барилгын чиглэлээр цөөнгүй оюутан сурч төгссөн агаад эх орондоо ирэн ажиллаж байгаа юм байна. Гэхдээ одоо­гоор архитектураар сурч буй цөөн Монгол оюутан Британид байдаг бөгөөд тэд аль хэдийнэ ажлын саналууд хүлээж аваад эхэлчихжээ.

“Улаанбаатар хот Сингапур шиг болчихоосой гэж би хувьдаа хүсэхгүй. Монголд онцгойрол шингэсэн барилгын ур хийцийг хөгжүүлбэл, архитектурын шийд­лийн хувьд бусад хотоос ялгарах байх. Бидний хувьд ийм төрлийн барилгын архитектурын захиалга орж ирээсэй гэж хүсдэг” хэмээн Таня Смит хэлж байна.

Монголын хотууд Британи Франц, Итали, Сингапурт байдаг шиг адилхан уран нарийн хийцтэй байшинтай, гудамжтай байх албагүй. Харин хоорондын зохицол сайтай, зай талбайгаа ухаалаг ашигласан, хүн эдэлж хэрэглэнэ гэх сэтгэлгээгээр бүт­сэн, ажиллаж амьдрах орчин гэдэг үүднээс нь илүүтэй харж хийсэн байшин барилгууд хэрэг­тэй болов уу. Британийн Лон­дон хот өдгөө ч Британи гэх уламж­лалт төрхөө хадгалж, бус­дад үзүүлж, ялгарч байдаг шиг манай хотууд ч мөн адил Монгол гэсэн өөрийн гэсэн өнгө төрх архитектурын шийдэлтэй байж ч болох. Үүний тулд залуу авьяаслаг архитекторуудынхаа Монголч сэтгэлгээг ашиглахын зэрэг­цээ өндөр туршлагатай Бри­тани шиг орны хэдэн зуун жил хуримтлуулсан юуг хэрхэн хийх вэ буюу “Know-How” –ыг ашиглахад буруудах зүйлгүй.

Б.ЦЭЦЭЭ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Оюу толгойн талаар мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх ням гаригт олон нийтэд хандан мэдээлэл хийхээр болжээ. Ерөнхий сайдын мэдээлэл хийх болсон шалтгаан нь Оюутолгойтой холбоотой гэсэн мэдээлэл байна. Саяхан Монголд ирсэн “Рио”-гийн боссыг Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан бус уулзалт хийсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Албан бус уулзалтын үеэр ямар яриа хөөрөө өрнөсөн нь Ерөнхий сайдын энэ ням гаригт хийх мэдээллээс тодорхой болох бололтой.

Categories
мэдээ улс-төр

Хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай зөвлөлджээ

Монгол Улс, БНХАУ хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах хоёр талын ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан Монгол Улс, БНХАУ хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг судлах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.

Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Цао Хун Ин тэргүүтэй төлөөлөгчидтэй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлаар хоёр талын ажлын хэсгийн анхны зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо хийсэн байна.

Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын холбогдох ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тохирон нэгдсэн ойлголтонд хүрсэн аж. Тодруулбал, БНХАУ-ын тал ирэх сард багтан Монгол Улс, БНХАУ хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөөний саналыг хүргүүлэхээр болжээ. Улмаар манай тал судлан үзэж, холбогдох хариуг явуулахаар урьдчилан тохиролцсон байна.

Түүнчлэн Замын-Үүд Эрээн хотын боомтыг түшиглэн байгуулах хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байршлын асуудлаар санал солилцож, хил дамнасан бүстэй газар дээр нь очиж танилцжээ. БНХАУ-ын тал Монголын талын ажлын хэсгийг БНХАУ, Казакстаны хил дамнасан хамтын ажиллагааны бүс болох Хоргос боомтод очиж боомтын үйл ажиллагаатай танилцахыг санал болгосны зэрэгцээ уг ажлыг зохион байгуулах тал дээр хамтран ажиллахаа мэдэгдсэн аж.

Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулснаар худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр болохын сацуу хоёр орны хил орчмын бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа дээшлэхэд ихээхэн нөлөөлөх юм.

Цаашид хоёр орны ажлын хэсэг санал бодлоо идэвхитэй солилцож, батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Mongolia Mining”-д уул уурхайнхан төслөө танилцуулна

Олон улсын уул уурхайн “Mongolia Mining-2015” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд болох гэж байна. Үзэсгэлэн гаргагч болон зочдод зориулан Улаанбаатар, Баянгол, Рамада зочид буудлуудаас цаг тутам үнэгүй автобусаар үйлчлэх байна. Үзэсгэлэн уул уурхай ба газрын тосны техник технологи гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх аж. 15 орны 120 компани оролцох гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр гадаад дотоодын оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт, уул уурхайн компаниудын төслийн танилцуулга, салбарын хөгжил хэтийн чиг хандлага сэдэвтэй ярилцлага илтгэл тавих юм байна. Мөн энэ жил газрын тосны техник технологийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Ажлаас халсан гомдлыг Ерөнхий сайдад уламжлахаар болжээ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү иргэдээс ирсэн өргөдөл гомдолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдлуудын дийлэнхийг яамд төрийн албан хаагчийг ажлаас нь халсан асуудал эзэлсэн байна. Яамны орлон гүйцэтгэгч нь хэн нэгийг үүрэгт ажлаас нь халах, томилох эрхгүй, Төрийн нарийн бичгийн дарга нар л хэн нэгнийг ажлаас томилох чөлөөлөх эрхтэй. Гэтэл БОНХАЖЯ, ЭМЯ-ны түр орлон гүйцэтгэгч нар төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн гэж О.Баасанхүү гишүүн мэдээллээ. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өргөдөл гомдолтой холбогдуулж Ерөнхий сайдад албан бичиг явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Кондукторууд эрхийг нь зөрчиж байна гэж мэдээллээ

“Эрдэм транс” ХХК-ийн кондуктор Ч.Дэлгэрмаа, Н.Одончимэг нар өнөөөдөр мэдээлэл хийлээ. “Эрдэм транс” нийтийн тээвэр үйлчилгээний компани жолооч, кондукторууддаа сэтгэл зүйн болон эдийн засгийн дарамт үзүүлж эрхийг нь зөрчиж байгаа гэж тэд ярив. Ч.Дэлгэрмаа “Манай компаний удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал байтугай, цалин хөлс дээр ч анхаарлаа хандуулдаггүй. Тэр бүү хэл, жолооч кондуктар бид нарыг мөнгө идэж уудаг хэмээн дарамталдаг” хэмээн ярив. “Эрдэм транс” ХХК-ийн хувьд 500 орчим ажилчинтай юм байна. 40 орчим нь үйлдвэрчний эвлэл байгуулахаар гарын үсэг зуржээ. Харин “Эрдэм транс” ХХК-ийн ашиглалтын албаны дарга Д.ХатанбаатарНаад хүмүүс чинь манай компанийн төлөөлөл биш. Халагдах тушаал нь аль хэдийнэ гарсан. Н.Одончимэг,Ч.Дэлгэрмаа нар хэд хэдэн удаагийн шалгалтаар орлогын мөнгөнөөс халаасласан нь илэрсэн” гэсэн тайлбар өглөө.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс дахин уучлал хүслээ

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидлаа гурав дахь удаагаа хүргүүлжээ. Энэ мэдээг Ц.Мөнхбаярын хүү Эрдэнэ, Г.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нар хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдлээ. Тэд “Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн өргөдлийг хоёр удаа илгээсэн. Тэрбээр өнгөрсөн онд өөрийн гараар бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүргүүлсэн. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч мэдээгүй гэж хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Ерөнхийлөгчид хандсан хоёр захидлыг тэр хүн мэдээгүй байна гэхээр үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж үзэж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Энэ бол олон мянган иргэний хүсэл. Тэднийг суллахыг иргэд маш ихээр хүсэж байна” гэж онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Гарцгүй газраар гарвал хариуцлага хүлээх нь

УИХ-ын нэр бүхий гишүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Тэдний санаачилсан шинэчилсэн найруулгаар явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад осолд өртсөн бол хариуцлага хүлээж, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг нөхөн төлөх юм байна.