Үзэгчдийн хүртээл болсон “Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны хамтарсан “Гурван найз” киноны үргэлжлэл хийгдэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ кино ирэх сард кино театруудаар нээлтээ хийх аж. Тус киноны дууг “Бид4” хамтлаг дуулж буй бөгөөд “Үүрд хамт” гэх нэртэй тус дууны үгийг ZZ бичиж, аяыг “Бид4” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Өнгөрсөн онд анхны цомгоо “өлгийдөн” авсан тус хамтлагийнхан хоёр дахь бие даасан цомогтоо тус дуугаа багтаах аж. Түүнчлэн энэхүү шинэ цомгийн дуунуудын аяыг өөрсдөө зохиож байгаа юм байна. Анд нөхөд, үнэнч сэтгэлийн тухай тус дууны клип энэ долоо хоногийн сүүлээр цацагдаж эхлэх бөгөөд клипийг “Roll” энтертайнмент хийж гүйцэтгэж байгаа юм.
Month: March 2015
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Улаанбаатар хотын зүүнээс баруун, хойноос урагшаа чиглэлд багтаамж ихтэй нийтийн тээврийн тэнхлэг замыг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгасан байна.
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт хувилбар бол тусгай замын автобусны үйлчилгээ гэж үзэж байгаа аж. Ажлын цар хүрээ ихтэй, том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар 7-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
“Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан гэх 35,252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх эсэхийг шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд эхэлжээ. “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудын татвараас зайлсхийж, нуун дарагдуулан улсад учруулсан хохирлын мөнгө болох 35.252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гарсан. Энэхүү шийдвэрийг тус компани эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаад байгаа юм.
Түүвэр судалгаанд ашиглалтад байгаа 475 байр хамрагдсанаас дийлэнх нь Баянгол болон Баянзүрх дүүрэгт байрладаг аж. Өөрөөр хэлбэл эдгээр дүүргийн орон сууцнууд хамгийн идэвхтэй арилжигддаг болохыг судалгааны байгууллагууд онцолжээ. Нэг өрөө байрны үнийг дүүрэг тус бүрээр нь тодорхойлвол Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 79.4 сая төгрөг, Баянгол дүүрэгт 73.6 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 46.2 сая төгрөгийн ханштай байсан байна. Мөн хоёр өрөө байр Чингэлтэй дүүрэгт 126.5 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт дундаж буюу 105.3 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны үнэд давхрын тоо нөлөөлөхгүй боловч агаарын чанарын индекс, өрөөний хэмжээ, барилгын багтаамж, ашиглалтанд орсон он, барилгын хийц зэрэг долоон үзүүлэлт үнэ тогтооход голлох нөлөөг үзүүлж байгаа юм. Тухайлбал агаарын чанарын индекс нэмэгдэх тусам үнэ буурах магадлалтай байдаг бол өрөөний хэмжээ нэг метр квадратаар нэмэгдсэн тохиолдолд үнэ дунджаар 1.8 сая төгрөгөөр нэмэгдэх хамаарал ажиглагдсан байна. Мөн тухайн орон сууцны ашиглалтад орсон он хуучин байх тусмаа үнэ буурах хандлагатай байдаг. Энэ сарын байдлаар орон сууцны арилжаа эрхлэгч хувь хүмүүс болоод компаниудын хувьд орон сууцны борлуулалт эрс буурсан учир дундаж үнээс 5-8 сая төгрөгөөр буурсан талаар мэдээлж байв. Хотын захын хуучин орон сууцны нэг өрөө байрны хамгийн доод үнэ 38,8 сая төгрөг хүртэл буурсан нь урьдны жилүүдийн дундаж үнээс хамгийн доод түвшиндээ хүрсэн тохиолдол болжээ.
Нийслэлд шинээр болон сэргээн засварласан явган хүний зам, тохижилтын ажил нилээдгүй хийсэн боловч явган хүний замын зорчих эгнээ нарийсч, эвдэрч, сул шороон хөрсийг бий болгож байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас судалгаа хийж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгож, тохижуулах төслийг боловсрууллаа. Цаашид батлагдсан загвар төслийн дагуу хийгдэх тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ.
Хүнд даацын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Японы “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компаниас “Ил уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал” хэлэлцүүлэг, семинарыг Кемпински зочид буудалд өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, семинарт Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл болон бусад байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж тоног төхөөрөмжөөс хамааралтай ашиглалтын зардлын талаар санал бодлоо солилцсон юм. “Трансвест Монголиа” компанийн хувьд хүнд даацын техник, тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэгч Японы “Комацу”-гийн Монгол дахь онцгой эрхт албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа юм. Өдгөө дэлхийн улс орнуудад уул уурхайн олборлолт нэмэгдэхийн зэрэгцээ түүнийг нь дагасан техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага олон компанийн өмнө тулгамдаж байгаа нэг асуудал нь болоод байгаа билээ. Товчхондоо ашигт малтмал олборлолт нэмэгдэх тусам төдий хэмжээний тоног төхөөрөмжийн хүчин чадлыг шаардаж байдаг. Ялангуяа манайх шиг уул уурхайн салбар нь хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт орчин үеийн тоног техник, тоног төхөөрөмжийг ашиглах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа. Нөгөөтэйгүүр, ногоон хөгжлийн талаар хүчтэй ярьж эхэлсэн энэ үед байгаль орчинд хор хөнөөл багатай, ашиглалт өндөртэй, хэмнэлттэй тоног төхөөрөмжийг ашиглахыг уул уурхайн компаниуд илүүд үзэх болсон. Тэгвэл энэ бүх асуултад “Ил уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал” хэлэлцүүлэг бага ч гэсэн хариулт өглөө. Тухайлбал, Японы “Комацу” брэндийн техник, тоног төхөөрөмжүүд явдал зөөлөн, ашиглалтын эдэлгээ урт. Мөн засвар үйлчилгээ хийхэд хялбар бөгөөд техникийн хамгийн дэвшилтэт технологийн агуулсан байдгаараа уг брэнд онцгойрдог гэдгийг онцлон хэлж байв. Хамгийн гол нь Комацу брэндийн ил уурхайн тоног төхөөрөмж ашиглалтын хувьд эвдрэл багатайгаас гадна урсгал зардал болох тос тосолгоо, шатахуун хэрэглээ зэрэг дээр хэмнэлт гаргадаг нь хэрэглэгчдийн анхны хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхдөгөөрөө давуу гэдгийг тодотгож байлаа. Ингээд хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
“Трансвест Монголиа” компанийн Худалдааны хэлтсийн дарга Д.Болдсүх: Бид техник технологийн дэвшилттэй шинээр бүтээсэн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг зорьдог
-Манай компанийн зүгээс харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ дунд ил уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлын талаар хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт нийт 100 гаруй төлөөлөгч ирсэн байна. Ерөнхийдөө гуравдугаар сарын сүүлчээр уул уурхайн компаниуд ид ажилдаа гарч эхэлдэг. Тиймдээ ч энэ үед нь зохион байгуулж байгаагаараа онцлог. Үүнээс цаашаа залгаад уул уурхайн нэлээд олон ажил явдаг. Дээр нь, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ханш уналттай байгаа энэ үед аль болох өртөг зардал багатай, ашиглалт найдвартай, урт хугацаанд ажилладаг тоног төхөөрөмж авахад нь өнөөдрийн хэлэлцүүлэг нэлээд мэдээллийг өгч байгаа.
–Хэлэлцүүлэгт хэчнээн компани оролцож байна вэ?
-50 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын төр болон хувийн хэвшлийн уул уурхайн чиглэлээр бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөл ирсэн байна. Мөн алт, нүүрс, төмрийн хүдэр, зэс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамрагдлаа.
-“Трансвест Монголиа” компанийн хувьд хэчнээн аж ахуйн нэгж байгуулагчтай хамтарч ажилладаг юм бол?
-Манай компанид бүртгэлтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй харилцагч компани байгаа. Дан ганц машин механизм гэлтгүй сэлбэг, тоног төхөөрөмж нийлүүлэхэд хамтарч ажилладаг компаниудыг оруулаад шүү дээ. Мөн шатах тосны материал авдаг компани ч бий. Өнөөдрийн арга хэмжээнд уул уурхайн томоохон компаниудын төлөөлөл ирсэн байна лээ. Жишээ нь, Оюутолгойн ил уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн төлөөлөл ирсэн байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Шарын голын нүүрсний уурхай, “Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг томоохон компаниудын төлөөлөл өнөөдрийн хэлэлцүүлэгт ирж санал бодлоо солилцож байна.
–Цаашид танай компанийн зүгээс ямар ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-Ерөнхийдөө манай компанийн хувьд аль болох техник технологийн дэвшлийг агуулсан шинээр бүтээсэн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг зорьдог. Мөн ашиглалтын зардал багатайгаас гадна түлшинд хэмнэлттэй байх ёстой. Хамгийн гол нь, байгаль орчинд үзүүлэх хор нөлөө, дуу чимээ багатай тоног төхөөрөмжийг нэвтрүүлж ажиллана.
–Тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан байх тусам ашиглалтын зардал нь багасдаг гэсэн. Ер нь манайд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанудын хувьд тоног төхөөрөмж нь ямар төвшинд яваа бол?
-Маш сайн болж байгаа. Бүгдээрээ л дэлхийд танигдсан найдвартай тоног төхөөрөмжийг ашигладаг болсон байна лээ. Өмнө нь бол хэцүү байсан. Харин 2010 он буюу уул уурхайн үсрэнгүй хөгжлийн үеэс техник технологийн дэвшил агуулсан бүх бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн.
“Хишиг Арвин” компанийн ашиглалтын инженер К.Мөнх-Эрдэнэ: Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээний тал дээр сайн байгаа нь харагдсан
-Манай компанийн хувьд “Трансвест Монголиа”-тай 2010 оны арванхоёрдугаар сараас хамтарч ажиллаж байна. Манай уурхайн хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд олборлолт явуулдаг. Үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө “Transwest Mongolia” компаниас “Komatsu PC-2000” экскаваторыг нийлүүлсэн. Одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. “Трансвест Монголиа” компанийн хувьд тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээний тал дээр сайн байгаа нь харагдсан.
Орос, Монголын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын дарга Д.Мөнхбаатар: Ямар бодлого баримталж ажиллах талаар мэдээлэлтэй болоо
–Өнөөдрийн хэлэлцүүлэг, семинарын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-Уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлын тухай хэлэлцүүлэгт үйлдвэрээ төлөөлж оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр монголын уул уурхайн компаниудад ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд ямар төвшинд явааг харлаа. Тиймдээ ч цаашид ямар бодлого баримталж ажиллах талаар нэлээд мэдээлэлтэй боллоо.
–Эрдэнэт компанийн хувьд ямар техник тоног төхөөрөмжийг ашиглаж байна вэ?
Манай компанийн тоног төхөөрөмжийн хувьд ОХУ-ын белазыг ашигладаг. Товчхондоо нэг хийц, нэг маркийн өөрсдөдөө тохирсон белазуудыг ашиглаж байгаа. Гэхдээ цаашид ашиглалтын зардал, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг нарийн тооцоолж гаргаж байх учиртайг мэдэж авлаа.
Монголын санхүүгийн групп ББСБ-ын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяртай ярилцлаа.
–Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Танд болон танай сонины хамт олон, танай сонины уншигч, мөн нийт харилцагч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монголын санхүүгийн группын талаар ярилцлагаа эхлэе Монголын санхүүгийн групп ББСБ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан ба 6 дахь жилдээ Монголын санхүүгийн салбарт хүчээ үзэн ажиллаж байна. Бид “Таны агуу ирээдүйн төлөө” уриан дор эрхэм хүндэт харилцагчид хамтран ажиллагч түншүүдийнхээ бидэнд хүлээлгэсэн итгэл найдвар болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгод тэмүүлсэн хичээл зүтгэлийнхээ үр шимээр Монголын банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Бид 6 жилийн хугацаанд 3 салбар нэгжээрээ дамжуулан 1000 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэн ажилласан ба зорилтот харилцагчийн тоогоо жил бүр нэмэгдүүлсээр ирснийг хэлэхэд таатай байна.
–Та сая зорилтот харилцагчаа нэмэгдүүлсэн гэлээ. Энэ талаар?
-Манай зорилтот харилцагч гэвэл банкны тэр бүр хүрч үйлчилдэггүй, банкны шаардлага хангахгүй, барьцаа хөрөнгийн дутагдалтай, орлогоо шууд тодорхойлох боломжгүй, амьжиргааны түвшин дунд болон дундаас доогуур мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү голчлон чиглэн ажилладаг ба энэ ч хүрээнд жижиг зээлийг түлхүү олгодог юм. Бид өнөөдрийн байдлаар 7000 гаруй харилцагчдад хүрч үйлчлэн ажилласан байна.
–Монгол Улсад ББСБ-ын тоо их өссөөр байна. Хадгаламж зээлийн хоршоо ББСБ-ын ялгааг хэлж өгөөч.
-Манай улсад нэг хэсэг Хадгаламж зээлийн хоршоод ар араасаа борооны дараах мөөг шиг гарч ирсэн. Яг үүн шиг Банк Бус Санхүүгийн Байгууллага сүүлийн жилүүдэд маш ихээр үүсгэн байгуулагдаж байна. 2014 оны эцсийн байдлаар400 шахам ББСБ байна гэж СЗХ-нд бүртгэгдсэн байдаг. ББСБ-ын тоо өснө гэдэг маань бидний хувьд 2 талаас нөлөөлж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт ББСБ-уудын эрүүл өрсөлдөөн бий болж байна. Нөгөө талаас энэ олон ББСБ бий болж байгаа нь салбарын эрсдэл орох магадлалтай. Мөн манай иргэд дийлэнх нь ББСБ, ХЗХ хоёрыг адилхан гэж ойлгодог. Энэ талаархи ойлголтыг товчхон хэлэхэд ББСБ маань арилжааны банк болон ХЗХоршоодоос ялгагдах гол онцлог нь бид өөрсдийн хөрөнгөөр бусдад санхүүгийн тусламж үзүүлдгээрээ ялгаатай байдаг юм. Нийгэмд үүссэн ББСБ-ын сөрөг ойлголтыг арилгахын тулд манай компани бие дааж болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбоотой хамтарч олон төрлийн ажлуудыг зохион байгуулсан.
–Бусад ижил төстэй ББСБ-даас танай ББСБ юугаараа ялгаатай вэ.
–Монголын санхүүгийн групп ББСБ маань харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгууралсан маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй.Уг бүтээгдэхүүнээрээ дамжуулан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажилладаг нь бусад ББСБ-аас ялгаатай байдаг. Мөн бид маш олон төрлийн ажлуудыг санхүүгийн салбартаа анхлан зохион байгуулж байсан. Зөвхөн нэг ажлыг дурдахад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Дэвшил зээлийн бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлсэн юм. Мөн санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээс дурдвал Газар капитал, Орон сууцны түрээсийн зээл, Такси зээл, Өдрийн зээл гэх мэт олон бүтээгдэхүүн бий. МСГ маань 21 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй. Энэ ч үүднээс Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг ББСБ-ыг шалгаруулах наадмаас сүүлийн 3 жил дараалан “Шилдэг ниймийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”, мөн “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага”-аар тус тус шалгараад байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОР-150 аж ахуйн нэгж байгууллагаас “ТОР-10 ББСБ”-аар сүүлийн 4 жил шалгараад байна.
–Та Дэвшил зээлийн бүтээгдэхүүнээ тайлбарлаач.
-Хөдөлмөр эрхлэх боломжтой, хүсэл зорилготой, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлүүлж, орлого олох боломжийг нь дэмжиж, санхүү эдийн засгийн эрх чөлөөтэй байх сайн сайхныг мэдрүүлэх шаардлагатай байгаа юм. Манай нийгэмд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг зөвхөн халамжаар шийдэх нь маш их мөнгө зардаг бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь үр дүнтэй, өртөг багатай, үр дүн нь тодорхой байдаг. Иймд “Монголын санхүүгийн групп” ББСБ нь нийгмийн хариуцлагыг ухамсарлагч байгууллагын хувьд 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг хийж“ Хөгжлийг хамтдаа бүтээцгээе!” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, эдгээр хүмүүст зориулсан хөдөлмөрийн зах зээлийг хамтдаа бий болгох зорилгоор “Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Бизнес Инкубатор төвтэй” хамтран ажиллах гэрээ байгуулж, банк бус санхүүгийн байгууллагын салбартаа анх удаа хамгийн бага хүүтэй урт хугацаатай барьцаа хөрөнгө шаардахгүй “ДЭВШИЛ” зээлийн бүтээгдэхүүн шинээр гаргаж эхэлсэн ба энэ бүтээгдэхүүнээр дамжуулан 250 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж санхүүгийн зөвөлгөө өгч тэдгээрийн бизнесийг дэмжин ажиллаж байна.
–Бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна гэдгээ тодруулаач
-Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдгээс гадна дээр дурдсан зорилтот харилцагч нарт санхүүгийн зөвлөгөө өгөх, санхүүгийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамруулах ажлуудыг тогтмол хийдэг ба 2013 онд Олон улсын Smart Campaign буюу Олон улсын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнд гишүүнээр элсэн орсон. Энэ нь харилцагчдын бүхий л эрх ашгийг олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байна. Мөн манай компанид ажиллаж байгаа ажилчид ч гэсэн нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж зүтгэж байгаагийн хувьд бид ажилчдынхаа өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг баажилчдыг өөрийгөө хөгжүүлэх тогтмол сургалтанд хамруулах, жил бүр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулах, мөн тэдний ар гэрт шаардлагатай хандив тусламжийн ажлыг байнга зохион байгуулан ажилласаар ирлээ.
–Цаашид нийгмийн хариуцлага болон банк санхүүгийн зах зээлд хийх ажлын талаар чинь сонирхвол?
-Хийж хэрэгжүүлэх ажил маш их байна. Хамгийн эхний ээлжинд Олон улсын рейтинг тогтоох байгууллагаар ББСБ-ынхаа рейтингийг тогтоолгохоор ажиллаж байна. Энэ нь манай ББСБ маань олон улсын рейтингээр ямар түвшинд явж байна, цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй гээд маш олон зүйлийг нэвтрүүлэхэд хэрэг болно. Ер нь Монголын ББСБ-д дэлхийн жишигт хүрч ажиллаж чадаж байна уу аль түвшинд явж байгаагаа харах ихээхэн боломж юм даа. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоор зорьж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд гарч буй үсрэлт тэлэлтийн он жилүүдэд Монголын санхүүгийн групп ББСБ-ын удирдлага, нийт хамт олон харилцагч бүрийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн нийгмийн хариуцлага болон компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч тэргүүний санхүүгийн байгууллага болно гэсэн эрхэм зорилгодоо тууштай байж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил, иргэдийнхээ сайн сайхны төлөө чиглэсэн сайн сайхан үйлсийг санхүүжүүлсээр байх болно. Манай компанитай харилцаж хамтран ажиллаж буй нийт харилцагч, түншүүдийнхээ итгэл найдварт дахин талархал илэрхийлж цаашдаа олон жил хамтран ажиллах болно гэдгээ баттай хэлж байна.
–Баярлалаа.
Э.МИШЭЭЛ
“Мандал даатгал” компанийн Эрсдлийн ахлах менежер, эдийн засагч Ч.Анхбаяртай ярилцлаа.
–Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа танилцууллаа. Засгийн газар солигдсоноос хойш эдийн засагт ямар өөрчлөлт гарав?
-Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувийн өсөлттэй байсан бол өнгөрөгч онд түүнээс 7.8 хувь болж буурсан. Уг бууралт нь тоон үзүүлэлтээр аваад үзэхээр яалт ч үгүй томоохон бууралт юм.
Эдийн засгийн 7.8 хувийн өсөлт нь аль салбарууд дээр хэдэн хувиар өссөн бэ. Өнгөрөгч оны сүүлчээр Үндэсний статистикийн хорооноос гаргасан ДНБ-ий задаргаанаас салбаруудын бодит өсөлтийг аваад үзэхээр уул уурхайн салбар 24.2 хувийн өсөлт авч ирснээрээ эдийн засгийн 7.8 хувийн өсөлтөд хамгийн том нөлөөлөл үзүүлсэн. Уул уурхайн салбар нь манай орны ДНБ-ий 23.4 орчим хувийг эзэлж байгаа. Хөдөө аж ахуйн салбар харьцангуй сайн буюу 13 орчим хувь байна.
Цаашид буюу энэ оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлт ямар байх вэ гэдэг таамаглалуудыг хийж үзэхээр 6.8 хувь гэсэн тоо харагдаж байгаа юм.
Үндсэндээ энэ өсөлтийг чангаах хоёр салбар нь худалдааны болон барилгын салбар байх жишээтэй. Худалдааны салбарын 2014 оны бодит өсөлт бол 6.9 хувь байсан. Харин энэ оны хувьдхасах таван хувийн өсөлттэй гарах болов уу гэсэн таамаг байна.
Ер нь барилга үл хөдлөх хөрөнгө гээд барилгын салбартай холбоотой нийлбэр дүнг аваад үзэхээр ДНБ-ий 11 хувьд ирдэг. Барилгын салбарын өнгөрсөн оны удаашрал энэ онд мөн үргэлжилнэ гэсэн таамаг байна. Үүнээс харахад эдийн засгийн бууралт энэ онд мөн л буурах хандлагатай байгаа л даа.
Харин Шийдлийн Засгийн газрын зүгээс уул уурхай руу хандсан бодлого баримталж байгаа. Ялангуяа уул уурхайтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан өмнө нь цуцалсан байсан лицензийг сэргээхээр болсон. Мөн Оюу толгой, Таван толгой гээд Засгийн газрын үндсэн чиг хандлага уул уурхайн салбар болчихлоо. Уул уурхайн салбарын эрх зүйн орчны хүрээнд нааштай зүйлс байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт аль салбарт түлхүү төвлөрсөн байна вэ гээд үзэхээр 76 хувь нь мөн л уул уурхайн салбарт орсон байгаа юм. Харин худалдааны салбартайгаа нийлээд 90 орчим хувь болж байна.
–Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг багагүй татаж байгаа худалдааны салбар энэ онд ямар байх бол. Валютын ханшийн савлагаанаас болоод хэр өөрчлөлт гарах вэ?
-Валютын ханштай холбоотойгоор энэ онд худалдааны салбар уналттай гарна. Худалдааны салбар чинь өөрөө валютын ханшаас ихээхэн хамааралтай. Мөн инфляци 9.3 хувь байна. Үндсэндээ худалдааны салбарын байдалд гэрэл асахгүй гэсэн үг. Харин уул уурхайн салбараа явуулахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Гэвч UNCAT-ын гаргасан гадаадын шууд хөрөнгө оруулалтын тайланг аваад үзэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт дэлхий нийтээр 2014 онд найман хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Түүнээс шилжилтийн эдийн засагтай ОХУ, Казахстан, Азербайжан гэх мэт орнуудын хөрөнгө оруулалт 51 хувиар буурсан. Тэгвэл Азийн орнуудын хувьд гурван хувийн өсөлт ажиглагдсан байгаа. Хөгжиж буй Азийг аваад үзэхээр өсөлт байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах болсон гол шалтгаан нь макро эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн эрсдэл, улс төрийн хүчин зүйлс нэрлэгдсэн.
–Өөр ямар хүчин зүйлсийн нөлөөлөл байсан бэ?
-Дэлхий нийтээр гадаадын хөрөнгө оруулалт буурах болсон дөрвөн хүчин зүйл байгаа юм. Эхнийх нь хөгжингүй орнуудын банк хоорондын зээлийн шилжүүлэгт өөрчлөлт орсонтой холбоотой байдаг. Мөн Япон гэх мэт орнуудад аж үйлдвэрлэл буурч байна. Өөр нэг зүйл нь мэдээж Украины асуудал юм. Үүнээс болж Европын холбоо ОХУ-д хориг арга хэмжээ авсан. Дөрөв дэх шалтгаан нь уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах түлхүүр болоод байгаа юм. Эдгээр дөрвөн факторын манайд нөлөөлөх хүчин зүйл нь уул уурхайн түүхий эдийн ханш. Уул уурхайн түүхий эдийн ханш энэ онд төдий л найдлага төрүүлэхээргүй байна. Зэс, нүүрсний ханш унадгаараа унаж, алтны ханш төдийлөн өсөхгүй. Хятадын Засгийн газар эдийн засгийн бодлогодоо агаарын бохирдлыг бууруулах үүднээс гангийн үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлэхээр болж байна. Эдгээр нь гангийн цаашлаад нүүрсний хэрэглээ буурахад нөлөөлөл үзүүлж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн ханш сэргэхээргүй байгаа ийм нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад хэцүү.
Эдийн засгийн өсөлт авч ирэхийн тулд манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах хувилбар байж болно. Харамсалтай нь манай салбаруудын дийлэнхийнх нь нөхцөл хүнд болчихсон. Тэгэхээр гурав дахь хувилбар болох төр засгийн дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалтуудыг татах ёстой. Жишээлбэл, усан цахилгаан станцууд, төмөр зам, аж үйлдвэрийн парк, Таван толгой гэх мэт зүйлсд шийдвэр гаргагчдын зүгээс хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх боломж л үлдчихээд байна. Үүний эхлэл болгож Засгийн газар Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь эдийн засгийн тал дээр Шийдлийн Засгийн газрын амжуулсан том ажил гэж ойлгож болно.
–Эдийн засгийн байнгын хорооны дарга Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байна гэдэг зүйлийг хэлсэн. Үнэхээр тийм хүнд байдалд орсон уу?
-Монгол Улсыг эдийн засгийн мөчлөгөөр нь аваад үзэхээр уналт руугаа явж байгаа тийм л цаг үед байна. Засгийн газрыг харахаар мөчлөг сөрсөн эдийн засгаа унагачихгүйгээр наана нь эргүүлчих тийм боломжтой салбарыг уул уурхай гэж хараад гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж харж байгаа нь зөв. Эдийн засгийг аваад явчих өөр ямар салбар байна вэ гээд харахаар бас л хэцүү байгаа юм. Тэр нь банкуудын зээл дээр маш тодорхой харагддаг. Банкуудын чанаргүй зээл дээр аваад үзэхээр уул уурхайн салбар гэхэд 31.8, худалдаа 27.7, барилга 10.2, боловсруулах үйлдвэрлэл 8.5 хувийг эзэлсэн байна. Энэ нь нийлбэр дүнгээрээ банкны салбарын 82 орчим хувь нь л зөвхөн дөрвөн салбараас шалтгаалж байх жишээтэй. Эдгээр салбаруудын чанар сайжирч чанаргүй зээл буурснаар эдийн засгийг мөнгөний тэлэх бодлогоор дэмжих боломж нь нээгдэнэ. Одоо яагаад дэмжиж болохгүй вэ гэхээр чанаргүйдлийн дүнгүүд цаашаа нэмэгдээд явчих гээд байгаа юм. Тиймээс мөнгөний хатуу бодлого барих шаардлага тулгараад байна. Засгийн газрын зүгээс бодлогоор энэ дөрвөн салбарын аль нэгийг ахиулчихвал тэр дундаа уул уурхайгаа дэмжээд явбал бусад салбар нь дагаад сэргэчих боломжтой. 2017, 2018 онуудаас бид Чингэс бондын мөнгийг төлж эхэлнэ. Энэнээс өмнө бид түүнийг төлөх хэмжээний валюттай болох хэрэгтэй. Энэ оны хувьд нэг тэрбум ам.долларын валют шаардлагатай. Валютын урсгалыг нэмэгдүүлэх ямар арга байж болох вэ тэр бүгдийг аль аль талаасаа сайн харж зөв шийдлийг олох нь чухал. Үүний нэг хэлбэр нь Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Нэг талаараа зөв ч нөгөө талдаа улс орны валютыг ОУВС удирдах юм уу гэсэн болгоомжлол байна. Гэхдээ бодит цаг үеийн шаардлага нь валютыг хэрхэн оруулж ирэх вэ гэдэг асуудал юм.
–Та нарын тооцоогоор валютын ханш цаашид хэд хүрэхээр байна?
-Ам.долларын ханшийн талаар таамаглалуудыг хийсэн. Тооцоогоор 2050 төгрөг орчим байх болов уу. Манай орны валютын нөөц багасч байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эцэст ДНБ-ий хасах таван хувьд хүрэх байх гэсэн хүчин зүйл дээр үндэслээд 2050 төгрөг орчим байна гэсэн таамаглал гарч байгаа юм. Манай оронд долларжих хандлага буухгүй байна. Долларжих хандлагын суурь шалтгааныг аваад үзэхээр найман хувийн ипотекийн зээл болсон байж болзошгүй гэсэн үр дүн ажиглагдаж байгаа.
Иргэдийн орон сууцаа зарна гэсэн зар их болсон байна. Үүнээс харагдаж байгаа гол зүйл нь иргэд найман хувийн зээлээ төлж чадахгүй байдал үүсчихсэн юм биш биз гэсэн хардлага үүссэн. Салбарууд муудаж байна гэдгийн цаана ажлын байр яригддаг. Тиймээс тодорхой хэмжээнд ажилгүй болж байгаа иргэд байгаагаас болж зээлээ дийлэхгүй байдалд орж орон сууцаа жижигрүүлэх шилжилт явж байгаа юм биш биз гэсэн дүр зураг харагдаж байна. Мөн мөнгөний хэрэгцээ гараад байраа зарж байгаа зураглал харагдаж байгаа бол нөгөө хэсэг нь байраа барьцаалснаас болж хураалгах гэж байгаа юм яваад байна уу даа гэж харж байгаа юм.
–Өдгөөгөөс жил гаруйн өмнө Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн нь хэр гарч байна гэж харж байгаа бол?
-“ЭЗЭН 100” хоногийн хүрээнд хийнэ гэсэн ажлууд одоо ч хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээс наймдугаар сарын сүүл хүртэл 100 хоногийн үр дүнгээр бий болчихсон зүйлийг харахад инфляцийг тогтоож, ханшийг барьсан уу гэхээр үгүй байдаг. 100 хоногийн дотор эдийн засгийн үзүүлэлтүүдийг өөрчилнө гэдэг хэцүү. Эдийн засаг гэдгийн чинь цаана хүмүүсийн үйл хөдлөл явж байдаг. Үйл хөдлөлүүдийг нэгэн чигт чиглүүлж нааштай үзүүлэлт гаргаж авна гэдэг боломжгүй. Хэрэв өнгөрөгч онд 100 хоногийн хугацаанд дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өссөн бол тэр үзүүлэлтүүд эргэчих боломж байсан. Одоогийн 100 хоногт ч гэсэн дэлхийн зэх зээлд түүхий эдийн ханш өсчих хэмжээний найдвар харагдахгүй байна.
Юу үнэн бэ гэхээр ирэх онд сонгууль болох нь үнэн. Сонгууль дөхөх тусам улс төрд тогтворгүй байдал үүсдэгээрээ үүснэ. Улс төрийн тогтворгүй байдал арай ч хаврын чуулганаар бий болчихгүй байх. Намрын чуулганы үед үл ойлголцол үүсч магадгүй. Засаг төрийн тогтворгүй байдал гадаадын шууд хөрөнгө оруулагчдыг татах гэж байгаа энэ нөхцөлд хамгийн дэмий зүйл.
–Манайхан эдийн засаг хүнд байгаа гэдэг хэдий ч үүнээс гарцын талаар ярихгүй юм. Таны харж байгаагаар эдийн засгийн ямар гарцыг харж байгаа вэ?
-Нийтлэг эдийн засагчдын харж буй зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, тасралтгүй суларч буй төгрөгийн ханшийн сулралтыг зогсоох, валютын нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарыг дэмжих тухай ярьж байна. Олон жил явж ирсэн эдийн засгийн бүтцийг дахин нэг харах шаардлага байгаа юм. Худалдаан дээр зонхилсон бүтэц дээр цаашид явахад хүндрэлтэй байх юм байна. Өнгөрсөн 20 гаруй жил бид үргэлж өндөр инфляци, ханштай нүүр тулж байсан. Зөвхөн уул уурхайн салбар дээр эдийн засгийн бодлогоо чиглүүлчихээр, 2014 оны татварын орлогоос харахад 14.8 уул уурхайгаас төвлөрсөн. Уул уурхай дагасан мөнгөний бодлого явж үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн л уул уурхайн ирээдүйн орлогоор төлчихнө гэсэн Чингэс бонд байна. Одоо манай улс аж үйлдвэрийн салбарыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиараа бусад жижиг салбаруудаа дэмжиж өгөх шаардлага байна. Энэ нь өөрөө валютын урсгалыг тодорхой хэмжээгээр хаах боломжтой. Нөгөө талаараа импортын бүтцийг аваад үзэхээр арматур бууж байгаа ч цементийн дөрвөн том үйлдвэр баригдсан ч цементийн үнэ буухгүй байгаа. Ханшийн өсөлтөөс шалтгаалан тээврийн хэрэгслийн үнэ бууж байгаа ч дахин буулгах боломж бий. Үүнийгээ татварын бодлогоор хийчихнэ. Архи, тамхин дээр ч гэсэн тодорхой хэмжээний валют урсаад байгаа юм.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох шийдвэр гарч байх шиг байна. Энэ дотроо нийлүүлэлтийн гаралтай инфляцид нөлөөлөх зүйлсийг зогсоочих юм биш биз дээ гэсэн болгоомжлол байгаа л даа. Мах, нефтийн компаниудад өгч байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоочих юм бол үнэ өсчих гээд байх аюултай. Миний хувьд найман хувийн ипотекийн зогсоочих хэрэгтэй гэдэг дээр саналтай байгаа. Энэ нь өөрөө ханшийг дээш нь өсгөх том шалтгаан болоод байгаа юм.
Э.ЭНХБОЛД
Улаанбаатар дахь Америк сургуулийн хичээлийн эрхлэгч нартай тус сургуулийн эрхэм зорилго,хэтийн төлөвийн талаар ярилцлаа. Ахлах сургуулийн хичээлийн эрхлэгч Диана Филд энд 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбарт ажлын арвин туршлагатай нэгэн. Харин Рожер Датчерурьд нь багшилж байгаад одоо бага сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж, Монголд 4 дэх жилдээ амьдарч байна.
– Танай сургуулийн хэтийн төлөв юу вэ?
-Улаанбаатар дахь Америк сургууль нь сурагчдынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас чадварыг идэвхтэй нээж хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг болохуйц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид сургалтын үндсэн буюу туслах хөтөлбөрөөрөө дамжуулан даяаршиж буй өнөөгийн нийгэмд хүүхдийг боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх, манлайлагч байх, ёс зүйтэй, нийгэмд тустай хүн болгохын сацуу бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байхад зайлшгүй хэрэгтэй мэдлэг, ур чадвар, онцлогийг эзэмшүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Манай сургууль монгол хүүхдүүдэд ерөнхий боловролыг англи хэл дээр олгож, бусад улс оронд байдаг олон улсын боловролын жишгийг Монголд нэвтрүүлэх хэтийн зорилготойгоор анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сургуулийн хэтийнзорилго нь олон улсын жишигт нийцсэн боловсролын системийг ирээдүйн монгол иргэдэд эзэмшүүлэх бүхий л боломжоор ханган ажиллах юм.
–Олон улсын жишигт нийцсэн боловсролын систем гэж юу вэ? гэдгийг тайлбарлаач.
-Бидний заах арга барил бол сурагчдынхаа өөрийгөө боловсруулах болон сэтгэхүйг хөгжүүлэх тал дээр түлхүү анхааран ажилладаг. Тиймээс манай өдөр тутмын сургалт сурч боловсрохыг эрмэлзэгч, бүтээлчээр сэтгэгч, нийгэмд идэвхтэй иргэн байх, харилцааны өндөр чадвартай болох, амьдралын туршид өөрийгөө дайчлагч, сэтгэгч байх урчадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгддэг.
–Сургуулийн бүтэц зохион байгуулалтын хувьд?
Бага сургууль нь цэцэрлэгээс 5-р анги, ахлах сургууль нь дунд анги болох 6-8-р анги, ахлах анги болох 9-12 –р ангиудаас бүрдэнэ.
Бага сургуулиа төгсөждунд ангид (6-8-р анги) дэвшин суралцаж байгаа тохиолдолд ерөнхий шалгалтыг өгөх шаардлагагүй.
Бага, дунд, ахлах сургуулийн үндсэн хичээлүүд ерөнхийдөө ижил боловч бага сургуульд англи хэл нь бусад хичээлээс илүү давамгайлж ордог. Харин бусад хичээл ньуран зохиол, математик, шинжлэх ухаан танин мэдэхүй, дуу хөгжим, уран зураг, драм, бүжгийн хичээл, мэдээлэл зүй, биеийн тамир,түүх, нийгэм судлал, бусад төрлийн дугуйлан, хичээлээс гадуурх арга хэмжээнүүд юм.
Бага сургуулийн дүнгийн үнэлгээг тухайн сурагчийн идэвх, чадвар дээр тулгуурлан дүгнэдэг. Энэ нь хувь болон үсгэн дүнгийн системээс илүү бодит үнэлгээг өгдөг бөгөөд ингэснээр багш нарт хүүхэд бүрийн ямар түвшинд суралцаж байгааг илүү тодорхой болгодог.
Манай сурагчид сургууль дээрээ өдөрт 7 ба түүнээс дээш цагийг зарцуулдаг ба сурагч хичээлийн цагт оноосон даалгавраа багтаан хийж чадаагүй тохиолдолд гэрийн даалгавар хийх шаардлагатай.
-Cурагчидаа хариуцлагатай байхад нь хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?
-Хувь хүүхдийн зан чанарыг төлөвшүүлэх ньманай сургуулийн сургалтынонцлогттуссан байдаг. Энэ юу вэ гэхээр бид өдөр бүр сурагчдыгаа урамшуулах, аливаа сайн үйлдэл, сонголт дээр нь улам илүү урам зоригийг хайрладаг. Ямар нэг муу үр дагавартай үйлдэл сонголтыг явцын дунд авч хэлэлцэж хэрхэн яаж зөв тал руу нь чиглүүлэх тал дээр ажилладаг. Манай сурагчид аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах хандлагыг мөн сурдаг. Бүх сурагчид өөрсдийн үзэл бодол, санаагаа чөлөөтэй илэрхийлдэг бөгөөд яагаад тэгэж бодож байгаагаа нь ч гэсэн чөлөөтэй яриулж танилцуулдаг.
–Бусад олон улсын сургуулиудаас Америк сургууль юугаараа ялгаатай вэ?
-Мэдээж бусад олон улсын сургуулиуд барууны боловсролыг тулхүү хэрэгжүүлээд зогсохгүй Монголынхоо хэл соёлыг хүртэл орхидуулдаггүй байх. Манай сургуулийн дийлэнхи нь монгол сурагчид. Тэд бүгд л дэлхийн том том их, дээд сургуульд элсэн орж суралцах хүсэлтэй байдаг. Манай сургууль сургалтын системдээ барууны сургууль коллежуудын итгэмжлэлийг авсан. Чанартай төгссөн сурагчид дараагийн их, дээд сургууль, коллежид ороход бүрэн бэлтгэгдсэн байдаг.
–Танай сургуулийн сурагчид дэлхийн аль аль сургуулиудад элсэн орсон бэ?
-Манай сургуулийг төгссөн сурагчид дэлхийн шилдэг сургуулиудад элсэн орсоор байгаа. Тухайлбал ,Канад улсад гэхэд Торонтогийн Их Сургууль, Бритиш Колумбиа Их Сургууль, Викториагийн Их Сургууль, Канад дахь Нью-Йорк Их Сургууль гэх мэт.
АНУ-д гэхэд Берклийн Их сургууль,БостоныИх сургууль, Нью -Йоркийн Их Сургууль, Колорадо Мужийн Их Сургууль, Калифорнийн Их Сургууль, Смит Коллеж, Пратт Сургалтын Төв гэх мэт. Австрали улсад Брисбены Их Сургууль, СиднейнИх Сургууль, Күинсландын Их Сургууль гэхчлэн нэрлэж болно.
Нэмээд хэлэхэд, манай төгсөгчид мөн Европын их, дээд сургуулуудад сурдаг. Монголын их,дээд сургуульдч сурч буй оюутан бий.
Нэмэлт мэдээллийг Америк Сургуулийн цахим хаягаас авна уу.
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.
–Намрын чуулган завсарлаж байгаа хугацаанд та ямар ажил амжуулж байна?
-Иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Мөн УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалд оролцоод ирлээ. Сүүлийн үед сонгогчдын санал хүсэлтийн дагуу хэд хэдэн хуулийн төсөл дээр сууж байна. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль Сонгуулийн тухай хууль гэх мэт хуулийн төсөл дээр ажиллаж байна. Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд иргэдээс ирсэн санал гомдлын дагуу холбогдох шалгалт хийх ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөөний талаар шалгалт хийсэн дүнгээ Байнгын хороонд танилцуулна. Мөн Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд дээр ажлын хэсэгт ороод ажиллаж байна.
–Та бол Ардчилсан нам доторх “Сөрөг хүчин” гэж нэрлэгддэг гишүүдийн нэг. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуулийн төсөл боловсруулж байгаа гэл үү. Халдашгүй бүрэн эрхтэй гишүүдийг яавал эргүүлэн татах юм бэ?
-Уучлаарай, би сөрөг хүчин биш. Үнэний талд зогсч, зарчим баримталж ажиллахыг хүсдэг. Ер нь Монголын нийгэмд хариуцлага, ёс зүйн хувьсгал хийх цаг болсон гэж үздэг. Саяхан Японы парламентын гишүүн бусдын кнопыг дарсныхаа төлөө огцорч байна. Засгийн газрын гишүүн нь сонгуулийн үеэр авсан хандиваа бүртгүүлээгүйн улмаас ажлаа өгч байна. Хариуцлагатай нийгэм ийм л байдаг. Монголд бол төрийн хариуцлага, ёс зүй үндсэндээ байхгүй болсон. Ялангуяа төрийн албаны бүх түвшинд хариуцлага ёс зүйн тогтолцоо хэрэгжихгүй болоод удаж байгаа. Үүнээс болж Монголын эдийн засаг, улс төр үндсэндээ дампуурч байна. Иймд төрийн хариуцлагыг чангатгах дээшлүүлэх чиглэлд хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төслийг дэмжиж ажиллаж байгаа. Монголд согтуугаар машин баривал Захиргааны болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Согтуугаар төр баривал ямар ч хариуцлага хүлээдэггүй. УИХ-ын гишүүн болон бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бусдын кнопыг дардаг, кнопоо бусдад шилжүүлдэг хууль бус үйлдэл газар авсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Энэ бол Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлээр “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэдэг гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно гэж би үздэг. Тиймээс энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд анхаарах ёстой. Тэдэнд “Албаны эрх мэдэл болон албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нөхдүүдтэй тэмцээч” гэсэн хүсэлт тавьж байна. Бусдын кнопыг дарна гэдэг бол бусдын гарын үсгийг дуурайлган үйлдэж байгаатай адил. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Эрүүгийн хуульд тодорхой заачихсан байгаа. Кнопоо бусдад шилжүүлж байна гэвэл эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаагаас өөрцгүй. Бусдын кнопыг дарж байна гэдэг бол эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байгаа хэрэг. Үүнд хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. УИХ дотор бусдын кноп дарж үзээгүй, кнопоо даруулж үзээгүй нэг ч гишүүн байхгүй. Үндсэндээ УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд шат шатандаа сонгогчдын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа. Тэгэхээр сонгогчдын эрхийг хамгаалах цаг нь болсон.
–УИХ–ын ирцийн тухайд нэлээд асуудал болдог. Энэ оны эхний өдрөөс чуулганы ирцийг шилэн болгоход цөөн тооны гишүүд цагаа барьж байсан. Сүүл рүүгээ хуучин хэвэндээ орсон л доо. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тоотойхон харагддаг гишүүд ч бий. Энэ байдлыг хуулийн төсөлд яаж зохицуулж байгаа вэ?
-УИХ болон бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ирцийн асуудал маш хүнд байгаа. Уг нь УИХ-ын дэгийн тухай хуулийн 4-р зүйлийн, 4.8-д“Гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралд ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж чөлөө авна” гээд тодорхой заачихсан. Харамсалтай нь, гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанаа тасалсан тохиолдолд ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байгаа. Ажлын цагийн хуваарь бол Хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг. Тухайн албан тушаалтан хоцорсон, тасалсан тохиолдолд ямар хариуцлага тооцох нь энэ хуулиар зохицуулагддаг шүү дээ. УИХ-ын гишүүдийн хөдөлмөрийн харилцаа ч гэсэн Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж, тэд хуулиа барьж ажиллах ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр УИХ-ын чуулган, хуралдааныг олон цагаар тасалж байгаа, согтуугаар хуралдаа сууж буй гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцаж, сонгогчдын эрхэд халдаж байна гэсэн үг. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 6.6.5-д “Үндсэн хуулийн Цэц гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг УИХ хүлээн авсан” нь гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно гээд тодорхой заачихсан байгаа. Тэгэхээр хуралдаа ирдэггүй, хуралдаандаа согтуу халамцуу ордог УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргавал эргүүлэн татах боломжтой гэсэн үг. Одоо байгаа эрх зүйн орчиндоо төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, сайжруулах шинэ жишиг тогтоох бололцоо боломж байна. Бид өнөөдөр Монголоо өөрчилье гэвэл хариуцлагын хувьсгалыг хийх хэрэгтэй. Дээд хүн суудлаа олбол доод хүн гүйдлээ олно гэдэг дээ. Хариуцлагын хувьсгалыг Ерөнхийлөгчөөсөө, УИХ-аасаа, Засгийн газраасаа гээд дээрээсээ эхлэх хэрэгтэй.
–Гишүүдэд хариуцлага тооцох асуудал хөндөгдөхөөр тэдний халдашгүй бүрэн эрх бамбай болдог. Тэгэхээр яаж тэдэнд хариуцлага тооцож, эргүүлэн татах юм бэ?
-Хуульд УИХ-ын гишүүнийг баривчлах ганцхан үндэслэл бий. УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 6.9.1-д “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд баривчилж болно” гэсэн хуулийн заалт байдаг. Тэгэхээр бусдын кнопыг дарж, бусдад кнопоо шилжүүлнэ гэдэг бол гэмт хэрэг. Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж газар дээрээ баригдаж байгаа гэмт үйлдэл. Хуульд тодорхой байгаа заалтыг хэрэгжүүлэх эрх нь хууль, хяналтын байгууллагад байгаа. Тиймээс энэ нөхдүүдийг үйлдэл дээр нь шууд баривчлах эрхтэй гэсэн үг. Дээр дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Энэ тодорхой заалтыг Улсын Ерөнхий прокурор хэрэгжүүлэх хэрэгтэй.
–Хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үү?
-Бүрэн боломжтой.
–УИХ шөнө оройн цагаар хуралдаж, хууль бөөнддөг жишиг тогтчихлоо. Чанаргүй хууль төрж байна гэх шүүмж дагуулдаг. Үүнийг зохицуулах заалт тусгасан уу?
-Одоогийн хуульд байгаа зүйл заалтуудыг улам тодорхой болгох ёстой. Ер нь шөнө оройн цагаар хуралддаг. Гишүүдийг ядарсан, залхсан байдлыг нь ашиглаж, хууль бөөнддөг. Нөгөөтэйгүүр баяр, наадмын өмнө хууль баталдаг байдлыг таслан зогсоох ёстой. Үүний тулд дэгийн тухай хуулиа барьж ажиллах ёстой. Энэ хуулийн 4-р зүйлийн 4.13-т “Хуралдааны цагийг сунган хуралдуулах асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалт байгаа. Гэтэл өнөөдөр уг хуулийн заалтыг барьж ажиллаагүйгээс ядарсан гишүүд, залхсан гишүүд, согтуу гишүүд Монголын олон чухал хуулиудыг шөнө оройн цагаар бөөндөн баталж байгаа. Хуулийн чанар муудсан шалтгаануудын нэг нь энэ. Үүнийг өөрчлөх цаг болсон. Бид хуулиа барьж л ажиллах ёстой. Монгол Улсад хууль нь байгаа. Харамсалтай нь хуулиа баримтлахгүй байна.
–Таны санаачилсан хэд хэдэн хуулийн төсөл “Популист” гэж цоллуулаад унаж байсан. УИХ–ын гишүүнийг эргүүлэн татах энэ төсөл хэлэлцүүлгийн шатанд унах магадлалтай. Мэдээж, гишүүд өөрсдийгөө эргүүлэн татахын төлөө кноп дарахгүй байх л даа…
-Одоогийн хууль, эрх зүйн орчноо ашиглаж чадвал хариуцлагын тогтолцоог сайжруулах нөөц бололцоо хангалттай байгаа. Тухайлбал, хуралдаанд согтуу оролцох, хүндэтгэн үзэх шалтгаанаар чуулган, байнгын хорооны хуралдааныг тогтмол тасалдаг, хуралдаа хүрэлцэн ирдэггүй энэ тохиолдлуудыг зохицуулах зайлшгүй шаардлага байгаа. Анхнаасаа эсэргүүцэлтэй тулгарч байна.
Хуулийн төслөө битгий өргөн бариач, татаач. УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүнийхээ эсрэг ажиллаж болохгүй гэх мэт шахалтууд ирж байгаа. Энэ дарамт шахалтыг үл тоож хариуцлагын тухай хуулиа өргөн барих болно. Миний өргөн барьсан олон хуулийн төслийг энэ парламент унагаж байгаа. Тухайлбал, Оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд мөнгө байршуулахыг хориглох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй хоёр жил дарж байгаа. Ер нь хариуцлагатай холбоотой хуулийн төсөл оруулахаар унагадаг ийм жишиг тогтсон. Гэхдээ бууж өгөхгүй. Олон чухал хуулийн төслүүдийг өргөн барих болно. УИХ-д эрүүл ухаантай, зөв сэтгэлгээтэй, шударга зарчимтай хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт итгэж байна.
–Та Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль дээр ажиллаж байна гэлээ. Энэ хуулиудад хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэд хэдэн зүйл заалт орсон байна лээ. МОНРТ–ээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувийн өмч. Ардчилсан нам төрд гараад хэвлэлийн дотоод ажилд хэтэрхий халдаж байгаа юм биш үү?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол чөлөөт нийгмийн амин сүнс шүншиг нь. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хаасан хязгаарласан хуулийг төрөөс гаргахгүй гэдэг үндсэн зарчим бий. Үүнийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тодорхой заачихсан. Тэгэхээр зөрчлийн тухай хууль бол Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд гарна. Энэ хоёр хуулийг зөрчсөн нэг ч заалтыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд оруулахгүй. Оруулахгүйн төлөө хатуу зогсох болно гэдгээ хэлмээр байна.
–Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 10.4.3 болон 10.4.1-т гэхэд төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн сонин хэвлэл, сэтгүүлч болон тэдгээр сурталчилгааг өгсөн албан тушаалтныг 250-2500 тооцох нэгжээр торгоно гэсэн байна лээ…
-Төсөлд алдаатай, оноотой олон зүйл заалт байгаа. Олон хэлэлцүүлэг, шат дамжлагаар орж байж батлагдана. Хэлэлцүүлгийн явцад засч залруулаад явна. Торгуулийг тооцооны нэгж дээр үндэслэж оноохоор болж байгаа нь иргэдэд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Монгол Улсад тооцооны нэгж гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн Монголбанк л ашигладаг. Тэгэхээр хууль бол иргэнд ойлгомжтой энгийн байх ёстой. Энэ талаас нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг батлахдаа харж үзнэ.Та бүхний саналыг тусгах болно.
–Сонгуулийн тухай хууль ямар шатандаа явна. Улс төрийн намууд санал нэгдэж чадав уу. Архаг улстөрчид дараагийн сонгуульд дахин гарахын тулд улс төрд орж ирж байгаа залуучуудад нэлээд хаалттай, хэвлэлээр сурталчлах эрхийг нь хязгаарласан заалтууд тусгасан гэж байсан?
-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Энэ хуулийн сонгуулийн тогтолцооны асуудал дээр намуудын дунд нэгдсэн ойлголцол зөвшилцөлд хараахан хүрээгүй байна. Ийм, тийм заалт орно, орохгүй гэж хэлэх нь эрт байна.
М.МӨНХЦЭЦЭГ