УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.
–Монголчуудыг уйгаржин, кирилл хос бичигтэн болгох хуулийн төсөл нэлээд маргаан дагуулж байна. Таны хувьд ч шүүмжлэлтэй хандаж байгаа анзаарагдсан?
-Уг хууль нь уйгаржин бичгийнх биш, Монгол хэлний тухай хууль юм байгаа юм л даа. Харамсалтай нь хуулийн гол маргаан нь уйгаржин бичиг болоод байна л даа.Чингэс хаан 800 жилийн өмнө Их Монгол Улсыг байгуулахдаа энэ бичгийг төрийн бичиг болгож авсан байдаг. Ингээд аваад үзэхээр монголчуудын 750 жилийн түүх уйгаржин бичиг дээр байгаа. Тэгэхээр энэ бичиг соёлоо авч явж, хадгалах ёстой гэдэгт нь миний хувьд санал нийлж байгаа. Харин бүх юмыг хос бичгээр бичиж, яг арван жилийн дараа хос бичигтэн болно гэдэгт шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Хүүхдүүд уйгаржин бичгийг сургуульдаа заалгачихаад, амьдрал дээр гарахаар хэрэглээ нь алга. Тиймээс 2025 оноос хос бичигт шилжих заалтаа татаад авчихмаар юм.
–Хэрэв уйгаржин бичигт шилжвэл төрийн бүх албан хэрэг хос бичиг дээр хөтлөгдөнө. Үүнээс үүдэн зардал мөнгө ч их гарч таарна?
-Тэгэлгүй яахав. Монгол хэлний тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа миний хоёр дахь шалтгаан бол энэ. Хэтэрхий өргөн хүрээг хамруулахаар төсөлд заачихлаа. Төрийн бүх албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулна гэж байна. Энэ нь зардал чирэгдэл ихтэй. Хоёр хүн хоорондоо гэрээ байгуулахад хэвтээ болон босоо бичгээр бичих болно. Хоёр бичиг хоорондоо адил хүчин төгөлдөр байх ёстой. Нэг бичгийнх нь текст нөгөө бичгийнхтэйгээ зөрөөд эхэлбэл хоёулаа шүүх дээр очиж маргалдаж таарна. Хамгийн наад захын асуудал энэ. Цаашлаад шүүх хуралдааны протоколыг уйгаржин, кирилл бичгээр хөтлөх нь. Аль нэг бичиг дээр хүн алдаа гаргаад биччихсэн байгаад тухайн хүний хувь заяа хохирвол яах юм бэ. Тийм болохоор зөв зүйтэй зорилтыг хүчирхийллийн буруу аргаар хэрэгжүүлэх гээд байгаад эсэргүүцээд байна.
–Энэ хуулийн төсөл нь цаашлаад монголчуудыг уйгаржин бичигт хүчээр оруулах гэсэн Хятадын бодлого гэж зарим эрдэмтэд үзээд байгаа юм билээ. Уйгаржин бичигтэй болчихвол бид гадаад ертөнцөд Өвөрмонголоос өөр харилцах оронгүй болох юм биш үү гэх болгоомжлол байсан л даа?
-Гадаад улс орон руу илгээж байгаа албан бичиг, нотууд англи юм уу, тухайн орны хэл дээр илгээгддэг. Бүр социализмын үеэс манайх Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргын илгээлтийг гадагшаа уламжлалт уйгаржин бичгээр давхар явуулдаг байсан юм. Харин одоо шинэ орж ирсэн хуулиар бүгдийг хавтгайруулаад байна. Тухайлбал, Нийслэлийн захирагчийн шийдвэр хос бичгээр гарчихсан байхад буруудаад байх юм алга. Тэр захирамж энэ тэрийг бичиг үсэг сайн мэддэг хүмүүс хянах байх л даа. Тэгэхээр алдаа мадаг нь гайгүй биз. Харин хоёр байгууллага хоорондоо албан бичгээр харьцахдаа уламжлалт монгол бичгээр бичнэ гэж байна. Өнөөдөр уламжлалт монгол бичгээр байтугай кириллээр алдаагүй бичдэг хүн ховор болчихоод байна. Бид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ цаашид урагшилж чадаж байна уу, ухралт болж байна уу гэдгийг харж байх ёстой.
–Хэвлэлийн байгууллагууд нийтэд түгээж байгаа мэдээллийнхээ талыг уйгаржин бичгээр нийтэлж, нэвтрүүлэх ёстой гэсэн асуудал хэлэлцүүлгийн шатанд өрнөж байсан. Өнөөдөр МҮОНРТ-ээс бусад нь хувийнх. Уйгаржин бичгээр нийтлэл, нэвтрүүлэг цацах боломжгүй. Зардал ч их гарна. Сонин сэтгүүлийн тухайд хүн ч уншихгүй шүү дээ?
-Магадгүй, үүнийг үгүйсгэхгүй. Хэрэв хууль батлагдвал энэ асуудалд төрөөс бодлого гаргах ёстой. Уламжлалт монгол бичгийг сэргээх ажил бол ардаа зарцуулах мөнгө хөрөнгөний л асуудал. Миний бие энэ салбарыг, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хариуцаж байсан хүний хувьд хэлэхэд тавьсан жаахан мөнгөндөө таарсан ажлууд л хийгддэг. Үүнийг нийтийн хэрэглээтэй харьцуулбал, асар бага мөнгө. Гэтэл ирэх арван жилд хос бичигтэн болно гэж байна. Эхний таван жилд нь эдийн засаг сайнгүй байхад юун бичиг үсэг солих, идэх хоолоо яая даа гэдэг асуудалтайгаа тулгарах өнгөтэй болоод байна.
–Энэ хууль батлагдахад хүн бүр дагаж мөрдөхгүй бол буух хариуцлага нь өндөр юм билээ. Дэлхий нийт даяаршиж байхад манай улс бичиг үсгийнхээ хуучин цагийн соёл руу ухарч байна шүү дээ. Тодорхой хүрээнд, хэм хэмжээтэй хэрэглэмээр санагдах юм…
-Хуулийн хэрэглэх хүрээг жаахан заагтай байсан бол дэмжихэд асуудал алга. Гэтэл хэт туйлширсан байгаа юм. Амиа арай гэж авч яваа хүнд гай болохооргүй байх хэрэгтэй. Уламжлалт монгол бичгээр бичсэн юмыг уншчихдаг хэмжээнд байхад тэр нь заавал тухайн хүний толгой дээр шийтгэл болоод очдоггүй, хязгаарлалт болоод байдаггүй баймаар сан. Тэр утгаар нь хүч хэрэглэх гэж байгаа заалтуудыг эсэргүүцээд байгаа юм.
Хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд ногдох хариуцлага нь өндөр. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн хэмжээг буулгах тухай ярьж байгаа. Уг нь энэ төсөлд хуулийн “тодорхой заалтууд”-ыг зөрчсөн бол арга хэмжээ авах тухай заасан байсан. Гэтэл одоо болохоор “холбогдох бүх заалтууд”-ыг гээд оруулчихсан байгаа юм. Тэгэхээр хамрах хүрээ хэтэрхий өргөн байна. Жишээлбэл, хоёр байгууллагын албан хаагч нар хоорондоо гэрээ байгуулж байгаад алдаа гаргасан бол 1.5 сая төгрөгөөр торгуулах нь байна шүү дээ. Мөн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн байцаагч торгоно гэсэн байгаа. Үүнийг хязгаарлах хэрэгтэй. Яагаад гэвэл эхэн үед мэдэхгүйгээс болж зөрчил их гарна. Хавтгайрсан торгуулиас үүдэн хуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
–Албан бичиг гэснээс уйгаржингаар гарын үсгээ зурж таарна. Энэ асуудлыг яаж хуульчилж байгаа вэ?
-Уйгаржин бичгээр хүмүүс нэрээ биччихэж дөнгөнө. Харин гарын үсгээ зурна гэдэг хэцүү. Гарын үсгийн тухай хууль гээд будлиантай юм орж ирнэ. Энэ мэт асуудал ар араасаа босно.
–Орчин цагт хүүхдүүд цахимжиж, голдуу латин үсгээр хоорондоо харилцдаг болсон. Тэд уйгаржин бичиг сурахгүй, заалаа гэхэд нэлээд хүндрэл бэрхшээл учирна. Гишүүдийн зүгээс ч “Хүүхдүүдээ тэгж зовоож яах гээд байгаа юм бэ, үндэсний цөөнхүүд яах болж байна” гэхчилэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Тиймээ. Хүүхдүүдэд хүндрэл учирна. Одоо кирилл бичгээрээ явж байгаа. Дээрээс нь монгол бичгээр сургаж эхлэх нь.
Төсөлд хүүхдүүдэд гуравдугаар ангиас уламжлалт бичиг заана гэж байсныг зургадугаар ангиас болгож өөрчилсөн. Бидэнд өмнөх алдааны сургамжбий шүү дээ. 1990-ээд оны эхэн үед хүүхдэд уйгаржин заасан. Тийм ч удаан үргэлжлээгүй. Нэг бичгийн соёл нь бүрэн сууж дуусаагүй байгаа үед давхар бичгийн соёл ороод эхлэхээр хүндрэлтэй. Монгол, англи хэл байсан бол өөр хэрэг л дээ. Гэтэл нэг хэл хоёр бичгийг нэг зэрэг орохоор хүний толгой эргэдэг. Цаашид “уул” гэж бичиж байх юм уу, “агула” гэж бичиж байх юм уу. Бага ангийн хүүхэд үүнийг ойлгодоггүй.
–Энэ хуульд үндэсний цөөнхүүдийн тухай заалт тусч өгсөн. Тэд бүр хэцүү болох шинжтэй. Тэнд одоогийн байдлаар Монгол хэл, казах, гадаад хэл гээд гурван хэл үзэж байна. Гурван хэл үзэж байгаа нөхөр гурван бичиг давхар үзэх болж байна. Тэдэнд амаргүй нөхцөл байдал үүсэхээр байгаа биз?
-Аав гэдэг үгийг уйгаржингаар “абу” гэж бичнэ. Ингээд “абу” гэх үү, “аав” гэж дуудах уу. Уйгаржин бичиг монголчуудын хэлний аялгад нөлөөлөх сөрөг талтай гэж судлаачид ярьж байна лээ. Энэ утгаараа кирилл бичиг хүнийг авиаг тэмдэглэхэд хялбар, бичихэд ч хурдан.
Манайхан аливаа хуулийг ямар нэгэн судалгаа муутай баталчих юм. Хуучин монгол бичиг оруулаад ирлээ гэхэд бидний хэлний дуудлага яаж өөрчлөгдөх үү гэдгийг судлах ёстой юм. А, Э хоёр нэг болчихно. Х, Г хоёр нэг болчихно. О, У нэг болчихно. Халх аялга өөрчлөгдөөд эхэлбэл яах вэ. Яагаад гэвэл бичиг дагаад заавал аялга өөрчлөгдөнө. Би дээр үед кирилл, латин, уйгаржин байх уу гэдэг маргааны улмаас гадаадын эрдэмтэдтэй уулзаж байсан юм. Тэд “Уламжлалт бичиг чинь Монголын эзэнт гүрний бичиг. Тиймээс адилхан биччихээд та нар халх монголоор “за” гэдэг бол Өвөр Монголд “жа” гэж дууддаг юм. Кирилл монгол бол халх аялгуунд тааруулсан үсэг. Хэрэв Монгол Улс цаашаа бусад монгол үндэстнүүдээ авч нэгтгэх гэж байгаа юм уу? Яг ямар зорилготой юм бэ?” гэж асууж байлаа. Үүнийг ч бид бодох ёстой. Хэрэв бид халх аялгаа өөрчлөх зорилго тавьж байгаа юм уу, хэрэв ярьж байгаа халх аялгадаа бичгийн хэлээ тааруулж тавих уу. Үүнийг харж хийх ёстой байх. Худлаа эх оронч дүр эсгэхийн оронд амьдралаа бодитойгоор хармаар байгаа юм.
Дээрээс нь бид бичиг үсэгтэн байх тодорхойлолтоо энэ хуульд оруулж өгөх ёстой байсан юм. Уламжлалт монгол бичиг, кирилл монгол бичиг мэддэг хүн бичиг үсэгтэн гэдгийг хуулинд оруулах ёстой. Хүн амын 95 хувь нь уламжлалт монгол бичгээ мэдэхгүй байгаа. 1972 онд ЮНЕСКО-гоос бичиг үсэг үл мэдэх явдлыг тайлсан гэж шагнал авч байсан улс маань ганцхан шөнийн дотор бичиг үсэггүй улс болоод хувирчихаж болохгүй л дээ.
–Уйгаржин бичиг бол зардал ихтэй. Кирилл дээр бичигдсэн ном, бүтээлүүдийг уйгаржинд хөрвүүлэхэд 3-4 дахин зузаан болдог шүү дээ. Энэ мэт уйгаржин бичгийн сул талууд бий?
-Уламжлалт монгол бичигт сул тал бий. Кирилл үсгийг бодоход ном зузаарч, цаасны орц нэмэгдээд эдийн засгийн хувьд хүндрэл дагуулах байдал үүсэх л байх. Бас давуу тал ч бий. Бид энэ бичгийг хэрэглэх хүрээг тэлье гэж байгаа юм бол амьдралд нийцтэй байлгах бодлого барих ёстой болохоос хүчээр түрэх бодлого байж болохгүй. Намайг боловсролын сайд байхад Өвөрмонголын нэг профессор ирж байсан юм. Тэр хүн “Манай сургуульд ирж байгаа хүүхдүүдийн зарим нь тодорхойлолтоо уйгаржингаар бичээд өгчих юм. Нэг бол кирилл дээр бичээд өгчихөж бай. Бид кириллээр уншина. Хэрэв уламжлалт монгол дээр бичвэл алдаагүй бичих ёстой. Тодорхойлолт өгсөн тэр гэхдээ “үхсэн” гэж бичээд байх юм. Тэр нь манайд очихоор доог тохуу болоод байна” гэж байсан. Бид өвөрмонголчуудыг радиогоор аялгаар нь шоолдог шиг тэд өөрсдийнхөө радиогоор биднийг бичгээр нь шоолдог үе ирчих вий дээ гэж болгоомжилж л байна.
–Энэ хуультай зэрэгцээд Соёлын тухай хуульд нэмэлтээр орж байгаа телевизүүдийн контентын асуудал хэвлэлийн болоод үзэгчдийн эрхэнд бүдүүлгээр халдах нь ээ. Та уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагдсан. Ер нь манай нийгэмд ийм хууль байх шаардлагатай юм уу?
-Энэ хууль бүх телевиз, кино театр, интернэт порталд суурилсан телевиз гээд бүгд монгол агуулгатай байх ёстой гээд хавтгайруулаад хувь заачихсан. Үүнд л шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Яагаад гэвэл контент үйлдвэрлэнэ гэдэг бол мөнгөний асуудал. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн чадамж ямар билээ. Одоогийн телевизүүдийг 100 хувь зах зээлд гаргаж хаячихсан. Тэд жаахан мөнгөн урсгалаа хувааж хүртэж байна. Гэтэл одоо контентийнх нь хувь хэмжээг заачихаар телевизүүдийн оршин тогтнох процесст нь сөрөг үйл явц болно. Контентын тухай асуудал ярьж байхад үйлдвэрлэгчийг ярих ёстой болохоос борлуулагч руу гүйгээд орчихож байгаад гайхаж байгаа. Кино театрууд өөрсдөө кино үйлдвэрлэдэггүй. Хүний хийсэн киног гаргадаг. Тэд энд, тэндээс үзэгчид ачиж авчраад кино үзүүлээд байдаггүй. Үзэгчид өөрсдөө сонгосон киногоо очиж үздэг. Хэрэглэгчийнх нь сонирхлоор л явна. Би Соёлын сайд байхдаа “Цогт тайж” киног сэргээгээд кино театруудаар гаргах асуудал тавьсан. Гэтэл тэд “Уучлаарай сайд аа. Бид ганц, хоёр удаа л гаргаж өгье. Наадахаар чинь мөнгө олдоггүй юм. Хүн үздэггүй” гэсэн. Тиймээс бид чанартай бүтээл үйлдвэрлэхэд нь анхаарал тавих ёстой болохоос шууд ийм байж болохгүй. Хоёрдугаарт, интернэт порталд суурилсан телевиз, кино театруудыг үлгэрлэжхэлэхэд дэлгүүрийн худалдагч юм. Тэд чихрээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Гэтэл дэлгүүрийн худалдагчийг “Чиний чихрийн 40 хувь үндэсний чихэр байх ёстой” гээд байгаатай монгол контентын асуудал адил шүү дээ. Үндэсний чихэр үйлдвэрлэж байгаа хүнээ дэмжээд гадаадын чихэр үйлдвэрлэж байгаатай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болгож байх ёстой. Гэтэл худалдагчийг очиж торгоод яахав. Энэ бол нөгөө талаас үзэгчийн эрхэнд халдаж байна.
–Эрх баригчид өөрсдийнхөө телевизүүдийг санхүүжүүлэх ийм хуулийн төсөл оруулж ирлээ. Ирэх сонгуульд бэлтгэлээ базааж байна гэх хардлага дагуулж байгаа л даа…
-Ардчилсан намын нөхдүүд засгийн эрх барингуутаа хүний хувь хэмжээг зааж, хааж, боож, торгоно гэдэг хууль дандаа санаачилж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Монгол контентыг дэмжинэ гээд эхлээд Засгийн газраас 10 тэрбум төгрөг суулгахаар санал оруулж ирсэн. Төсөв хэлэлцэх үед таван тэрбум болж хасагдсаар байгаад сүүлдээ 0 болсон. Хэрэв таван тэрбум төгрөг суулгачихсан байсан юм бол төр баахан захиалга өгөх юм яриад явчихаж байгаа юм. Төр өөрөө сонгон шалгаруулалт хийхдээ буруу хийдэг механизмтай. Энд лобби явагдах нь ойлгомжтой. Ингээд уран бүтээлд төрийн зүгээс цензур тавина. Ингээд социализм руугаа эргээд үсрээд орчих гээд байгаа юм.
–Хэрэв хуулийн төсөл батлагдаж, “Монгол контент” хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл телевизүүдийн эфирийг хянах механизм нь ямар байх бол. Энэ боломжийг нь та хэрхэн харж байна?
-Хуулийн төсөлд торгуулийн хувь хэмжээний заалтуудыг ажлын хэсэг дээр хасагдсан. Ингээд энэ хууль ардаа нэг ч төгрөгийн санхүүжилтгүй, шийтгэлийн заалтгүй тэгчихээд телевизүүдийн нийтлэл нэвтрүүлэгт хувь заагаад байх ямар утгатай юм бэ. Хэрэв нэвтрүүлж байгаа монгол контент нь 50 хувьдаа хүрээгүй байлаа гэхэд яах юм бэ. Ер нь гадаад контентыг дотор нь зааглах ёстой. Тэр шүүмжлээд байгаа Солонгос сериалаа яаж зохицуулах юм. Үнэхээр өрнөдийн их сайн чанартай кинонууд манай зах зээлд ороод ирвэл үндэсний контентыг хурцалж байгаа нэг хэлбэр болдог. Нөгөөтэйгүүр бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа байж, “Чи BBC үзэж болохгүй, чи гадаад нэвтрүүлэг үзэж болохгүй” гэж хуульчлах нь утгагүй юм. Хамгийн эцэст нь хууль нь өөрөө ямар ч агуулгагүй болчихоод байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Юнивишнээр гэртээ гадаадын 150 гаруй, дотоодын 50 орчим суваг үзэж байгаа. Хэрэв энэ хууль хэрэгжээд эхлэнгүүтминий ямар нэвтрүүлэг үзэж байгааг яаж шалгах юм бэ. Тэр үндэсний контент нь сонирхолгүй байвал гадаад суваг л үзнэ. Үүнийг хянах ямар ч боломжгүй. Харин тэр монгол сувгууд дээр чанартай нэвтрүүлэг гаргах дээр бодлого нь явах ёстой. Телевизүүд оргил цагаар гадаад нэвтрүүлэг явуулчихаад шөнийн цагаар монгол контентоо нэвтрүүлээд байвал яах вэ. Яаж ч чадахгүй. Зохицуулалт нь салбартаа үр ашиггүй, ямар ч бодлогын өөрчлөлт авчирахгүй.
–Арилжааны телевизүүд реклам зар сурталчилгаа төлбөрт нийтлэл нэвтрүүлгээс олдог ашиг орлогоороо санхүүждэг. Эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийг 50 хувиас доошгүй болговол телевизүүдийн орлого тэр хэмжээгээр буурч таарна?
-Эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай нөхцөл байдал телевизүүдэд хүнд тусч байна. Реклам өгдөг компаниуд нь цөөрчихсөн. Орлого тааруу байгаа телевизүүдийг нэвтрүүлгийнхээ тэдэн хувийг монгол байлга гэвэл хэн зөвшөөрөх юм бэ. Энэ утгагүй хүчээр зохицуулдаг арга цаашаа дэлгэрч болохгүй. Жишээлбэл, би үндэсний хоол идэх хууль санаачлаад “Таны идэж байгаа хоолны 50 хувь нь үндэсний хоол байх ёстой” гэвэл яах вэ. Тэгээд гэрт нь орж, идэх хоолыг нь заагаад байгаатай Монгол контентын хууль агаар нэг байгаа юм.Их амттай сайхан үндэсний хоол гараад ирвэл өөрөө сонголтоо хийж иднэ шүү дээ. Үүнтэй адил телевизүүдийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, санхүүжилтийг нь шийдэх механизмаа энэ хуулинд сайн тусгаж өгөх ёстой байсан болов уу.
М.МӨНХЦЭЦЭГ