Categories
мэдээ нийгэм

Д.Бархүү: “Мөнгөн гүүр” эмнэлэгт гэмтэл согогийн бүх төрлийн эмчилгээг хийнэ

Эрүүл мэндийн салбарт гэмтэл, гэмтэл согогийн төрөлжсөн анхны хувийн эмнэлэг өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийлээ. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын албаны хүмүүс болон хөрөнгө оруулагч “Бодь Интернэшнл” ХХК, “Мөнгөн гүүр хоспитал” ХХК-ийн төлөөлөл оролцсон юм. Гэмтэл, гэмтэл согог болон дотор, зүрх судас,мэдрэл гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг болж ажиллах “Мөнгөн гүүр” эмнэлгийн захирал Д.Бархүүтэй ярилцлаа.

Гэмтлийн төрөлжсөн эмнэлэг байгуулсан нь Эрүүл мэндийн салбарт том дэвшил гэдгийг салбарын сайд нь онцолсон. Та эмнэлгийнхээ талаар танилцуулаач. Дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулсан уу?

-Зуун хувь дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан гэдгийг онцолж хэлмээр байна. “Бодь Интернэшнл” ХХК,“Мөнгөн гүүр хоспитал” ХХК нар хөрөнгө оруулж “Суперпроб” эмнэлэгтэй хамтарч гэмтлийн төрөлжсөн төв эмнэлэг байгуулах төсөл хэрэгжүүлсэн нь амжилтад хүрч, өнгөрсөн бямба гаригт эмнэлгийнхээ нээлтийг хийлээ. Бид Монголдоо орчин үеийн техник, технологи, боловсон хүчнээр хангагдсан дэлхийн жишигт нийцсэн төв эмнэлэг байгуулах зорилт тавьж ажилласан маань үр дүнд хүрсэн нь энэ. Гэмтэл согогийн үеийн тусламж үйлчилгээ, мэс засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх чиглэлийг түлхүү барьж ажиллаж байна. Хавдар, гэмтэл, халдварт гэхчилэнгээр хэт нарийсгаж эмнэлгүүдээ байгуулсан нь зарим талаар давуу талтай хэдий ч өрсөлдөөнгүй, зөвхөн нэг чиглэлийг барьсан нь дээр үеийн эрүүл мэндийн салбарын нэг доголдолтой тал байсан. Гэмтсэн хүн эмнэлэгт эмчлүүллээ гэхэд сэтгэл санаа, дотор эрхтэн, мэдрэлийн системд нь гарч байгаа өөрчлөлтийг эмчлэх эмчилгээ орхигдож явдаг. Үүнээс болж архаг суурь өвчин сэдрэх, суурь өвчин нь хүндрэх тохиолдол гардаг. Бидний хувьд зөвхөн тухайн гэмтсэн эрхтэн биш хүнийг цогцоор оношлож эмчлэх зорилго тавьж байгаа. Энэ үүднээс гэмтлийн болон дотор, мэдрэлийн тасаг гэх мэт шаардлагатай бүхий л бүтцийг бий болгож Төв эмнэлгийн статустай ажиллахаар зорьжбайна. Дэлхий нийтэд ч гэмтэл, хавдар, дотор эрхтэн, мэдрэл, оношлогоо, сэтгэл засал гээд бүх үйлчилгээг нэг дор үзүүлэх төв эмнэлэг ажилладаг.

ГССҮТ-д үзүүлж буй бүх төрлийн тусламж үйлчилгээнээс гадна клиник төв эмнэлгүүдэд хийдэг бүх төрлийн эмчилгээг танайд хийлгэх боломжтой гэсэн үг үү?

-ГССҮТ-д үзүүлж буй бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээг бид үзүүлэх боломжтой. Бүр орчин нөхцөл, зарим тоног төхөөрөмжөөрөө ГССҮТ-тэй харьцуулшгүй давуу талтай болсон. Олон улсын ISO стандартад нийцсэн 0.3 микрограмм хэмжээтэй тоосонцор, нянг шүүдэг HEPA филтерийн системтэй бүрэн тоноглогдсон мэс заслын дөрвөн өрөө бүхий тасаг байгуулагдсан. Дотор нь байрлуулсан тоног төхөөрөмж нь дэлхийн шилдэг, брэндүүдийнх байх жишээтэй. Эрчимт эмчилгээ болон яаралтай түргэн тусламжийн тасгууд нь орчин үеийн цогц эмнэлгийн түвшинд хүрсэн.

Төв эмнэлгийн статустай учраас гэмтлээс гадна зүрх судас, дотор, хүүхдэд, мэдрэлийн төрөлжсөн тусламж үйлчилгээг давхар үзүүлнэ.

Гэмтлийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Гэмтлийн эмнэлэгт нарийн мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байдаг гэх яриа бий.

-ГССҮТ маань олон жилийн түүхтэй, тэр хэрээр хүний нөөц сайтай. Ер нь салбар, байгууллагын хүний нөөц ахмад, дунд, залуу үе дээрээ тулгуурладаг шүү дээ. Манай эмнэлэг ГССҮТ-д олон жил ажилласан эмч нарын багаас бүрдсэнээрээ онцлог. Үүнээс гадна дотор, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар бидэнтэй хамтран ажиллаж байна. Хувийн хэвшил гээд улсын эмнэлгээсээ салаад явчих биш олон жилийн туршлагатай боловсон хүчин дээр нь тулгуурлаж цогцоороо хөгжих ёстой. Бидэнд орчин үеийн шаардлагад нийцсэн хамгийн сайн тоног төхөөрөмж байна, тэнд шилдэг боловсон хүчин байна. Тиймээс хамтран ажиллаж эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж, осол гэмтлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах нь бидний зорилго.

ГССҮТ-ийн эмч нар танай эмнэлэгт гэрээгээр ажиллана гэсэн үг үү?

-Сүүлийн үед салбарын яамнаас барьж буй бодлого дунд төр ба хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллаж эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах талаар ихээхэн анхаардаг болсон. Бидний хувьд ГССҮТ-ийн мэдлэг туршлагатай эмч нартай хамтран ажиллах бүрэн бололцоотой. ГССҮТ-ийн эмч нар маань бидний төслийг эхнээс нь дэмжсэн. Мэс заслын өрөө дутагдалтайгаас тэнд нэг эмч долоо хоногт хоёр удаа л мэс засалд ордог. Гадна нь өвчтөнүүд мэс засалд орохоо хүлээгээд хугацаа алдаж байдаг. Магадгүй манай эмнэлэгт ирж хамтарч ажилласнаараа иргэдэд цаг алдалгүй түргэн шуурхай тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Ер нь бол ингэснээрээ ард иргэдэд маань л хэрэгтэй

Хувийн эмнэлгүүд дэлхий нийтэд хэрэглэж байгаа орчин үеийн тоног төхөөрөмж, оношлогооны аппарат түүн дээр ажиллах боловсон хүчнээр хангагдсаар байгаа. Гэтэл гадаадад эмчлүүлэгсэдийн урсгал буурахгүй юм.

-Гэмтэл, согогийн чиглэлийн тусламж үйлчилгээ, эмчилгээг Монголд 100 хувь хийх бололцоотой болсон. Харин одоо ард иргэдийнхээ сэтгэлийг буцааж татах нь энэ салбарын гол ажил боллоо. Эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын гажуудлаас болж иргэдийн дунд “Монголд эмчилж дийлэхгүй. Муу эмчилнэ” гэдэг ойлголт тарчихсан. Гадагшаа явж байгаа урсгалыг бууруулахын тулд эхний ээлжинд эмчилгээ, үйлчилгээгээ дэлхийн түвшинд нийцүүлнэ. Хангалттай сайн үйлчилгээ авсан нэг хүн цаашаа олон хүнд дамжуулна. Энэ байдлаар итгэлийг нь олж авах нь чухал. Үүнд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Төр, яамтайгаа нягт холбоотой ажиллаж байж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг татаж авах нь чухал. Гэмтэл согогийн тухайд Монголын эмч нар гадаадад хийж байгаа бүх төрлийн эмчилгээг эндээ хийдэг. Эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж, өрөө тасалгааны хүртээмж муутайгаас үзүүлж байгаа үйлчилгээ зарим тохиолдолд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд бүрэн нийцэхгүй тохиолдол байдаг.Гэмтэл, согогийг маш хурдан хугацаанд эмчлэхгүй бол цаг алддаг. Гадагшаа явахад цаг алддаг онцлогтой. Зөвхөн менежмент, тоног төхөөрөмж, орчин нөхцөл дутагдаж байсан. Түүнийг нь “Мөнгөн гүүр” эмнэлэг нөхчихлөө. Тиймээс тодорхой хугацааны дараа гадагшаа эмчилгээнд явж байгаа иргэдийн урсгалыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд жилд 500 сая ам.доллараар гадаадад эмчлүүлдэг гэсэн судалгаа ч гарсан байна лээ. Гадагшаа эмчилгээнд явах урсгалыг яаж бууруулах ёстой бол?

-Монгол Улс 10 мянган хүнд ноогдох орны тоогоор дэлхийд нилээд дээгүүр байранд ордог. 2014 оны статистикаар 67-д орж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад өндөр. Гэтэл их сонин, Монголд гэмтэл согогийн чиглэлээр ганцхан эмнэлэг ажилладаг. Гурван сая хүнд гэмтлийн эмнэлгийн 420 ор хаанаа ч хүрдэггүй.

Бидний хувьд гэмтэл согогийн чиглэлээр гадагшаа явах урсгалыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа гэж үзэж байна.

Эмнэлэгтээ ашиг­лаж байгаа тоног төхөөрөм­жүүдийн талаар тайлбар­лаач. Дэлхий нийтэд хэрэг­лэж байгаа хамгийн сүүлийн үеийнх гэдэг утгаараа ямар онцлогтой бол?

-Манайд суурилагдсан бүх тоног төхөөрөмжүүд дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг сүүлийн үеийн аппаратууд. Жишээлбэл,1.5 теслагийн MRI аппаратыг дэлхийн аль ч улсад хэрэглэж байна, 64 зүслэгт компьютерт томографийн аппаратаар бүтэн биеийг 25 секундын дотор харчих боломжтой. Босоо хэмжээтэй, хоёр талаас нь оношлодог ангиографийн аппарат байна, хэт авиа оношлогооны аппарат байна. Элэгний хатуурал болон өөхжилтийн зэргийг тодорхойлдог Фиброксан зэрэг дэлхийд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг авсан. Монголд зүрх судасны эмгэг, хавдарын өвчин эндэгдлээрээ дээгүүрт ордог. Эдгээр өвчний оношлогоо, эмчилгээнд хэрэглэгддэг Biplane ангиографийн аппаратыг хувийн хэвшлийн эмнэлэгт анх удаа суурилуулснаараа улсын эмнэлгийн ачааллыг бууруулж, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг багасгаж чадна. Үүнээс гадна Монголд үений дурангийн мэс засал хийх хэрэгцээ их байдаг боловч тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлаас болж энэ салбар харьцангуй сул хөгжсөн. Үүнийг шийдэхийн тулд Германы “Stryker” фирмийн үений дурангийн аппарат оруулж ирлээ.

Мөн Японы Sysmex фирмийн 2014 оны загвар лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилагдсанаараа хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдээс гадна амбулаторийн үйлчлүүлэгчдээс өдөрт хамгийн багадаа 100 хүнд богино хугацаанд бүрэн шинжилгээ хийх боломжтой болсон.

Өдөрт 100-гаас дээш тооны хүнд шинжилгээ хийх боломжтой гэхээр маш өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжтэй байж таарна. Гэтэл улсын эмнэлэгт хүмүүс дугаарлаад, хүлээгээд байдаг. Хувийн хэвшлийн эмнэлэг сайхан орчин, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй ч үйлчлүүлэгч багатай байгаа нь ажиглагддаг. Энэ зөрүүг яаж арилгах вэ?

-Иргэдэд чирэгдэл багатай үйлчлэхийн тулд бид цахим захиалга, уртгасан цагаар ажиллах гээд боломжтой зохицуулалтыг хийж өгсөн. 8.00-21.00 цаг хүртэл үзлэг, оношлогоо хийж байна. Оношлогооны төв маань нээгдээд гурван сар болж байгаа. MRI, Компьютерт тофографи хийхэд харьцангуй оочергүй болсон. Нэг жилийн өмнө дээрхи шинжилгээг хийлгэхэд7-14 хоногийн дараалалтай байсан. “Мөнгөн гүүр” болон бусад хувийн хэвшлийн эмнэлгүүдэд оношлогоо эхэлснээс хойш ачаалал багассан.

Удахгүй 24 цагийн гэмтэл согогийн яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн болно. Үүнээс гадна улсын хэмжээнд 24 цагийн дүрс оношлогооны төвөө ажиллуулна. Шөнийн цагаар гэмтсэн бол тэр дороо бүрэн оношлогоонд орох боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Түргэний машинаар ирлээ гэхэд оношлогоо, эмч нарын баг бүрэн байх юм. Гэмтэл ослын шалтгаанаар эндэгсэдийн тоо бусад өвчинтэй харьцуулахад дэлхий нийтэд гуравдугаарт байна. Манайд ч жил ирэх тусам гэмтэл, согогийн шалтгаанаар эндсэн хүмүүсийн тоо өсч байгаа. Тиймээс хэзээ ч бэлэн оношлогоо, тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болсон. Хотын хүн ам өссөн, бүтээн байгуулалт их хийгдэж байгаатай холбоотой маш олон хүн гэмтдэг. Ганц ГССҮТ хаанаа ч хүрдэггүй. Түүнээс болоод хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байгаа.

Эмч нар сүүлийн үеийн тоног төхөөрөмж, оношлогооны аппараттай­гаа ажиллаж чаддаггүй, түүнээс болж зөв онош тавигддаггүй гэх шүүмжлэл ч энэ салбарт бий.

-Ийм ойлголт иргэдийн дунд л байдгаас дүрс оношлогооны салбар харьцангуй хөгжсөн шүү дээ. Монгол эмч нар нь 99 хувь зөв онош тавьдаг. Үлдсэн нэг хувь буюу маш ховор тохиолдолд онош тодрохгүй байхыг үгүйсгэхгүй. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ Тайвандаа зүрх судасны чиглэлээр тэргүүлэг, 1065 ортой “Far Eastern Memorial” гэдэг том эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. “Far Eastern Memorial” эмнэлгийн захирал гэхэд дэлхийд хамгийн олон удаа зүрхний мэс засалд орсон профессор хүн бий. Тийм туршлагатай, тэргүүлэгч хамт олонтой хамтран ажиллаж байгаагийн хувьд бид бүхэн баяртай байгаагаас гадна одоогоор арван эмчийг Тайвань улсад сургаад байна. Цаашид ч боловсон хүчнээ тэнд сургаж, туршлага солилцох юм.

Гэмтэл, дотор, зүрх судаснаас гадна уламжлалт эмчилгээ хийх юм байна. Олон тасагтай юу. Ер нь хичнээн өвчтөн хүлээж авах боломжтой вэ?

-Орчин үеийн өрөөний зохион байгуулалт бүхий 100 ортой хэвтэн эмчлүүлэх хэсэгтээ гэмтэл, гэмтэл согогийн бүх төрлийн мэс заслаас гадна эмэгтэйчүүд, чих хамар хоолойн мэс засал хийнэ. Мөн гэмтэл, гэмтлийн дараах үеийн эмийн болон нөхөн сэргээх эмчилгээ, хүүхдийн өвчин, оношлогоо эмчилгээ, дотор,мэдрэл, уламжлалт анагаах ухаан, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлнэ. Манай уламжлалт анагаах ухаан олон зуун жилийн түүхтэй. Архаг хууч өвчтэй, ахмадууд уламжлалт эмчилгээ хийлгэх сонирхолтой. Тэр үүднээс уламжлалт эмчилгээг давхар үзүүлж байхаар болсон.

Ясны сийрэгжилтээс шалтгаалаад гэмтэж, бэртэх эрсдэл их болсон гэх юм. Урьдчилан сэргийлэх, үзлэг оношлогоонд хэр анхаарч байна вэ?

-Ясны сийрэгжилт яах аргагүй суурин иргэншлийн өвчин. Монголчууд суурин иргэншилд орсонтой холбоотой ясны сийрэгжилт яах аргагүй чимээгүй тахал болчихлоо. Манай эмнэлэгт ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх аппарат ажиллаж байна. Үйлчлүүлэгч ясны сийрэгжилтийн хэддүгээр зэрэгт байгаагаа хараад урьдчилан сэргийлэх арга зам, эмчилгээгээ заалгах боломжтой.

Үйлчилгээний үнэ хөлс гадаадтай харьцуулахад ямар вэ. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломж байгаа юу?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль өнгөрсөн нэгдүгээр сард батлагдлаа. Энэ хуулиар хувийн болон улсын эмнэлэгт үзүүлж байгаа даатгалаас өгөх мөнгө адилхан болж байгаа. Тэгэхээр хувийн эмнэлгүүд үйлчилгээнийхээ үнийг буулгаж, өрсөлдөж эхлэх юм. Цаашид амбулаторийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар шийдэж өгвөл иргэд заавал улсын эмнэлэгт дугаарлах шаардлагагүй болно. Эрүүл мэндийн даатгалаараа амбулаторийн үйлчилгээ авч, үнэгүй шинжилгээ өгч, яаралтай тусламж авах боломжтой болох юм.

Ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээрх хотхоны шоу ирэх сард болно

“Гайхамшигт Хөвсгөл нутаг” мөсний баяр ирэх гуравдугаар сарын 3, 4-нд Хатгал тосгоны Хүзүүвчийн шилд 16 дахь жилдээ болох гэж байна. Баярт зориулсан шөнийн гэрэлтүүлтэй мөсөн хотхон байгуулах бөгөөд энэ үеэр жуулчны долоон бааз ажиллах юм байна. Мөн мөсөн шагайн тэмцээн, чаргатай морьдын уралдаан явуулж, цаатан өрхтэй танилцуулан, цаа бугын үзүүлбэр үзүүлэхээс гадна үндэсний хувцасны өвлийн загварын шоу болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын дараа албан байгууллагууд хоёрдугаар сарын 23-нд цуглана

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд өөрчлөлт оруулснаар сар шинийн баяраар гурав хоног амардаг болсон.

Энэ жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 19-ний пүрэв гаригт тохиож буй. Тиймээс нийтийн амралт хоёрдугаар сарын 19-22-нд үргэлжилж, 23-ны даваа гаригт ажил, сургууль цуглах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Батмагнай Монголын цахилгаан холбооны даргаар томилогдлоо

Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Батмагнай Монголын цахилгаан холбоо ХК-ийг удирдахаар болжээ. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авна. МЦХ-г сүүлийн гурван жилийн турш даргалсан Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэж, шинэхэн албандаа томилогдож буй тул түүний албыг Т.Батмагнай залгамжлахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.БАТБОЛД: Бөхийн цол дуудаж байхад газраас тасраад нисч байгаа юм шиг санагдаад явчихдаг

Уртын дуучин СТА Б.Батболдтой ярилцлаа.

-Уртын дуу сонгодог урлаг. Эрийн гурван наадмын бөхийн цол дуудах, засах сэлт нь үндэсний соёл. Энэ хоёрыг амьдралдаа хослуулж яваадаа та мэдээж бахархаж сэтгэлийн их ханамж авдаг байж таарна. Анх та ямар дуу дуулж, хэзээ бөх цоллож эхэлсэн бэ?

-Ер нь уртын дуу, монгол бөх хоёр салшгүй юмаа. Миний хувьд уртын дууг ерэн нэгэн оноос сурч дуулж эхэлсэн. Соёлын дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ангийг төгсч байх үедээ “Жаахан шарга”-ыг сонирхожсураад СУИС-д орж, гавьяат Ц.Дэлгэр багшийн удирдлагад уртын дууг сурч дуулж эхэлсэн. Дуучин болоод, багшлаад одоо хорь гаруй жил болж байна. Бөхийн цолыг ерэн зургаан оноос дуудаж эхэлсэн дээ. Саяхан Монголын уртын дууны холбооны ээлжит их хурал болж, түүгээр намайг холбооны тэргүүнээр сонголоо. Энэ ажлыг авсан ч аваагүй ялгаагүй ер нь уртын дуугаа хөгжүүлэх юм сан гэсэн бодол дотроо үргэлж тээж явдаг л даа.

-Анх та “Жаахан шарга”-ыг сурсан гэлээ. Энэ дууг үнэхээр гайхамшигтай дуулсан Б.Лхамжав гуай энэ дуугаараа овоглож явдаг. Мөн автор нь маягтай явдаг юм байна шүү дээ. Таны урын санд ямар дуунууд байгаа вэ?

-“Дуртмал сайхан”, “Өвгөн шувуу хоёр”, “Асрын өндөр”, “Эр бор харцага”, “Эртний сайхан”, “Хуурын магнай” гээд сайхан дуунууд бий бий.

-Энэ сайхан дуунуудынхаа түүх домгоос ярьж өгөөч?

-Домог түүх яривал дуусахгүй л дээ. “Эртний сайхан” бол үг нь олон удаа өөрчлөгдсөн. Дуучид ч өөрчилсөн тал бий, цаг үеийн шаардлагаар хувьсаад явах тал ч бий. Зарим дууг бараг сэргээж дуулах аргагүй, хагас дутуу дуулчихсан байдаг юм. Албаны нэг эрхтэн дархтан нь наад дуу чинь урт байна, гурван минутад багтаа гэнэ, тэгэхээр нь ахмад үеийнхэн маань хэлсэн хугацаанд нь багтаагаад дуулчихсан байх жишээтэй. Тэр нь одоо хүртэл үргэлжлээд явж байх нь бий.Энийг бид хуучин хэлбэрт нь оруулж дуулах, заримыг нь бүр гөрдөж дуулах ч байна. Дээр үеийн хуучирч муудсан пянз сонсоод үгийг нь сонсголоороо таамаглан сэргээж дуулж байна. Энэ мэтээр эхээр нь дуулах боломжгүй болчихсон, ахмадуудаас өөрсдөөс нь шалтгаалаагүй өөрчлөгдсөн дуунуудыг бидсэргээгээд дуулж байна. “Хуур магнай” гэдэг дууг нэг хэсэг “Хувраг магнай” гэж байсан бол одоо “Хуур магнай”-гаараа явж байна.

-Цагаан сарын бөхийн барилдаан одоо ямар дуугаар эхэлж байгаа вэ?

-“Асрын өндөр”-өөр эхэлж байна.

-Энэ аль нутгаас гаралтай дуу вэ?

-Яг тэр нутагт зохиогдсон гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө баруун аймгийн аялгуугаар дуулдаг юм. Айзам уртын дуу. Ер нь уртын дуун дотроо цараа багтаамжаараа “Дуртмал сайхан”-ы дараа ордог их том дуу л даа. Сүүлийн хэдэн жил энэ дуугаар Цагаан сарын барилдааныг эхлүүлж байна. Уртын дууны холбоо Төрийн ёслолын албатай ёс жудаг уламжлалаа ярилцаж байгаад Үндсэн хуулийн бөхийн барилдааныг“Эртний сайхан”, Цагаан сарын бөхийн барилдааныг “Асрын өндөр”, наадмаар “Түмэн эх”, “Эртний сайхан”-аар эхлүүлж дуулж байя, төрт ёсны бусад хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Эрхэм төр” ч юм уу ийм дуунуудыг дуулж байя гэж ярьж тогтсон байдаг юм. Наадмыг зохион байгуулах комисс бас шийднэ л дээ.

-Та бөхчүүдийн дунд хамгийн ойр байгаа мэргэжлийн уртын дуучин.Тэдэнд уртын дуу зааж өгч байв уу?

-Одоогоос 21жилийн өмнө би Сүхбат аварга, Гантогтох гарьд Бумбаяр заан, Намжилдорж харцага, Эрдэнэбилэг начин, Баянмөнх начин, Пүрэвбаатар гавьяат эд нарт “Эр бор харцага”-ыг зааж байсан. Эднар нэг ангид сурдаг байсан юм. Би өөрөө ч оюутан байсан цаг. Яг яаж ойлгуулбал уртын дууг хүмүүс хурдан сурах вэ гэж “эгшиг томох” арга техникийн судалгаагаа би тэндээс эхэлсэн.

-Та ҮДБЭЧ-д байхдаа Швейцарьт гурван жил тоглолт хийсэн тухайгаа нэг ярьсан байсан. Ямар тоглолт байсан юм бэ?

– Европын жирийн үзэгчид болон хөгжмийн мэргэжлийн хүмүүст нь уртын дууг ямар гайхамшигтай цараа багтаамжтай, Европын сонгодог дуурийн ари романсуудтай харьцуулахад ийм цараатай байдаг юм гэж харьцуулж тайлбарлаж,өөрөө хуурдаад, өөрөө дуулаад үзүүлдэг байлаа. Тэгж байж гадаадын сонсогчид илүү нарийн тодорхой ойлгож хүлээж авч дүгнэдэг юм.

-Европын орнуудаар явж байхад уртын дуунд бусдаас илүү сэтгэл нь татагддаг үндэстэн улсуудтай тааралдаж байв уу?

-Ерөнхийдөө швейцарь, унгар, туркууд илүү. Францчууд бас сонирхоно. Итали бас их өөрөөр сонсоно. Би тэнд “Дуртмал сайхан”-г дуулж байсан юм. Та ингэхэд ямар дуу дуулчихав аа. Их сонин дуу байх юм. Доошоо басс хоолойтой хүн шиг, дээшээ тенор шиг хоолой гараад ямар сонин дуу вэ, танай ардын дуу юу гэж асууж байсан. Тоглолтын дараа тэр хүн надтай уулзаад гэртээ урив. Би дуурийн дуучин биш, гэхдээ энийг нэг дуулаад үзье гээд тэдний дуурийн нэг дуутай нь харьцуулаад уртын дуугаа дууллаа. Тэгсэн чинь танай уртын дуу их сонин, гайхамшигтай дэг сургуультай юм байна гэж байсан.Түүнээс биш манай ард түмэн ийм гайхамшигтай уртын дуутай гэж цээжээ хичнээн дэлдээд ойлгохгүй шүү дээ.

-Цагаан сарын барилдаануудаас таны сэтгэлд хоногшсон, тэр жилдээ бөхийн хорхойтнуудыг шуугиулсан ямар барилдаан байдаг вэ. Жил жилийн Цагаан сарын барилдаан бүр өөр өөрийн өнгөтэй байж таарна?

-Жил жилийн Цагаан сарын барилдаан өөр өөрийн онцлогтой, дээрээс нь тасалбар нь хамгийн их эрэлттэй, хаа байсан хөдөөнөөс хүмүүс ирж Бөхийн өргөөнд бөх үзье гээд ирдэг, хонон өнжин дугаарлаж байж тасалбарыг нь олж авдаг. Бас Наадмын нээлтийг үзэх гэж хүмүүс их дугаарладаг юм байна лээ. Гэхдээ үндэсний баяр наадмаас илүү Цагаан сарын барилдаан цол олгодоггүй, Цагаан сараар сайн барилдсан бөх дараа жилийнхээ улсын баяр наадамд сайн барилддаг гэсэн яриа байдгаас ч юм уу их сайхан өрсөлдөөнтэй, шударга болдог.Хүмүүс ч битүүний өдөр бөх үзчихье гэсэн тийм нэг гоё бодолтой байдаг. Тэгээд ч тэр үү цагаан сарын барилдаан олон түмнийг шуугиулсан сайхан барилдаан болдог. Сонирхолтой барилдаан гээд яривал олон доо. Гэхдээ манайхан том цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулаад дороос гарч ирж байгаа залуучуудад их дуртай байдаг юм даа. Жишээ нь, сүүлд улсын харцага болсон Магалжав Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдэж байсан, аймгийн арслан Мөнгөнбаатар гээд Сүхбаатар аймгийн залуу түрүүлж байсан, өнгөрсөн жил Хангай гээд Ховд аймгийн залуу Мөнхбат аварга, Мөнхбаатар арслан эд нарыг бүгдийг нь өвдөг шороодуулаад үзүүр түрүүнд Рагчаа гарьдтай үлдэж байлаа. Ийм шуугиулсан барилдаанууд байдаг. Наадмаар бас их сайхан.2011 онд Мөнхбат аварга Зүүний магнайд, миний мөрөн дээрээс гарч түрүүлж байлаа. Өнгөрсөн жил Батсуурь арслан бас түрүүлсэн. Тэрний урдны урьд жил нь Рагчаа гарьд гарч түрүүлсэн. Арван нэгэн оноос хойш зүүний магнайд гараад хоёр хүн мөрөн дээрээсээ түрүүлүүлсэн гэх мэтчилэн бодохоор энэ бүхэн надад их сайхан байдаг юмаа.

-Уртын дууг сонсч байгаа мөчид хүний ухаан санаа ердийнхөөс огт өөр орчинд оччихдог л доо. Тэгэхээр дуулж байгаа хүмүүс тэр мөчид ямар байдаг нь ойлгомжтой. Харин бөхийн цол дуудаж байхдаа та чухам юу мэдэрдэг вэ?

-Цол дуудна гэдэг бол монгол бөх гэдэг энэ соёлтой хамт яваа дуун урлаг. Цоллож байгаа аваргууд, том цолтой бөхчүүдээ алдаршуулж магтаж байгаа нэг ёсны магтуу юм. Тэрийгээ их уянгалаг нарийн цээл хоолойнд дуудах нь бас нэгэн сайхан. Мэдрэмж ийн тухайд, цол дуудаж байгаа үед нэг л сонин болоод явчихдаг юм. Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг л дөө. Бараг газраас тасраад нисч байгаа юм шиг санагдаад явчихдаг юм. Нөгөө бөх маань ч гэсэн мөрөн дээр дарж байгаа даралтынх нь чанга, сул, зарим нь үл мэдэг чичирхийлэх гэхчлэн сэтгэлийн хөдөлгөөн бүгд нь мэдрэгдэнэ шүү дээ. Цолыг нь дуудаж байхад нөгөө бөх маань яг тэр хэмнэлээр дэвж байдаг. Үгээр илэрхийлэхэд хэцүү. Жанцанноров гуай “Бөхийн цол дуудахад дэлхий зогсдог” гэж хэлж байсан. Эргэж байгаа дэлхий яг цол дуудахад зогсчихдог гэж зурагтаар ярьж байхад нь сонссон.Тэр надад бас л сонин санагдаж байлаа.

-Өнгөрсөн жилийн наадмаар тэгж ярьж байсан л даа?

– Цагаан сараар ч гэсэн, наадмын талбай дээр ч гэсэн яг цол дуудаад эхлэнгүүт бүх юм чимээгүй болчихдог гэж Жанцанноров гуай ярьж байсан. Миний хувьд бол ямар ч байсан үгээр төсөөлж хэлэхийн аргагүй л тийм сайхан мэдрэмж төрдөг. Бахархалтай, маш их омогшилтойтийм л мэдрэмж.

-Та нэг ярилцлагадаа, гарч байгаа бөхчүүдийн сэтгэлийн хөдөлгөөнийг дурссан байсан. Нүүр царайны өчүүхэн ч хувиралгүй хүмүүс дэвжээ рүү гарч харагддаг. Дотроо айж сандардаг л байх даа, тийм ээ?

-Бөхчүүд гаднаа их амгалан тайван харагдаж байгаа мөртлөө сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс шүү дээ. Бөхийн барилдаан бол нэг ёсондоо эрт цагийн баатруудын хоорондын байлдаан гэсэн үг. Энэ бол зэвсэгтэй тэмцлээс л зөөлөрсөөр зөөлөрсөөр янз янзын бөхийн барилдаан руу орсон байна. Монгол үндэсний бөх бол дэлхийн хамгийн шалгарсан барилдаан гэж би боддог юм. Тийм тулаан учраас намдуу тайван ч гэсэн дэвжээн дээр гараад жинхэнэ тулаанаа үзүүлнэ. Дэвжээн дээр эрэмгий байгаад дэвжээнээс буугаад даруухан байя гэсэн Үндэсний бөхийн холбооны уриалга ч бий шүү дээ.

-Одоогоор хамгийн олон чимэгтэй бөх гэвэл хэн байна?

-Баянмөнх, Бат-Эрдэнэ хоёр аваргын цол хамгийн олон чимэгтэй байдаг юм. Олон түрүүлж, олон шөвгөрсөн учраас тэр. Тэгээд Мөнхбат аварга, Дамдин аварга гээд явна.

-Та энэ олон жил бөх засч цол дуудаж дэвжээн дээр ажиллахдаа наадам цагаан сарын барилдааныгзурагтаар бичлэгээр л үзэж байгаа байх л даа. Ер нь бөхчүүдээс та хэний барилдааныг шимтэн үзэх дуртай вэ?

-Бичлэг л үздэг юм. Одоо бол юнивишнээр буцаагаад үзчихдэг болсон. Бөхчүүдээс үеийнхнээ, тухайлбал, Сүхбат, Өсөхбаяр хоёр дархан аварга байна. Начин Баасанхүү, Пүрэвдагва гээд одоо гарч ирж байгаа олон сайхан залуучууд байна.

-Энэ жилийн Цагаан сарын барилдааны өнгийг та хэрхэн харж байгаа вэ?

-Цагаан сар ч гэлтгүй ер нь наадамд ч гэсэн жил бүр өөр өөр хүн түрүүлж байна. Хоёр гуравхан начин төрж байна шүү дээ. Таван начин төрөөд цаашаа хоёр нь яваад нэг нь заан нэг нь арслан болох жишээтэй. Би бол монгол бөхийн барилдаан улам чанаржиж байгаа гэж боддог юм. Мундаг сайн бөхчүүд үе үеэрээ л байдаг. Манайхан, одоо бөхчүүд их олон болчихоод барилдаан чанаргүй болж байна гэх маягтай ярих гээд байдаг. Би бол үе үеэрээ л гэж боддог. Одоогийн бөхчүүд бол харин ч бүр хэцүү өрсөлдөөн дундаас товойж гарч ирж байна. Дээр үед мянгаад бөх барилддаг л байсан. Хэн нь ч мэдэгдэхгүй арван хэдтэй залуу хүү ирээд л даншгийн наадамд нь тав давчихдаг байсан бол одоо бүгд нэгнийхээ мэх, яаж барилддаг арга техникийг нарийн мэддэг болчихсон. Энэ үед барилдаан улам чанартай, даваа бүр улам хэцүү болчихож байна. Энэ цагаан сарын таамгийн хувьд, олон л залуучууд байна даа. Пүрэвсайхан, Пүрэвдагва, за тэгээд, хүмүүсийн тааварт Санжаадамба, аймгийн арслангуудаас Одгэрэл гэхчлэн олон залуу байна.

-Таны аав ямар уртын дуунууд дуулдаг байв?

-Миний аав “Нарийн сайхан хээр”, “Хулст нуур”, “Үзүүр зуслантай Алтай”, “Газрын холоос гүйдэлтэй алтан шарга морь” гээд Говь-Алтай нутгийн дуу байна. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ.

-Та энэ дуунуудыг хүүхэд байхдаа сурчихсан уу?

-Ерөнхийдөө аяыг нь мэддэг болчихсон байсан. Сүүлд хөгжмийн сургуульд ороод дуулж сурсан л даа. Бөхийн цолыг ч гэсэн багаасаа Цагаан сараар радиогоор сонсоод цээжилчихсэн. Тэр үед телевизор гэж байсангүй.Намайг наймдугаар ангид ороход л телевизор анх орж ирж байсан байх. Тэгээд суманд хоёр гуравхан айл л телевизортой байлаа. Тэгж бөхийн цолыг ч гэсэн радиогоор сонссоор байгаад хоногшчихсон.

-Таныг засуул хийж, цол дууддаг болохоор бөх баахан ярилаа. Уртын дуугаараа яриагаа өндөрлөе. Уртын дууг сонсохоор ямар ч хүн уйлмаар болдог нь юутай холбоотой вэ?

-Би бага бага байхдаа айлын найранд очоод бас ийм мэдрэмж авчихдаг байсан. Миний аав их сайхан дууч, найрч хүн байсан юм. Нутгийнхаа олон дунд найр хуримд дуулаад явж байдаг.Жолооч хүн л дээ. Тэгээд найрын хойморт аав маань баахан настай хүмүүсийн дунд дуулж байхад бие их сонин болоод уйлах гэж байгаа юм шиг санагдаад зогсч байдаг байсан. Уртын дуу цаанаа л асар ихээр тайвшруулах, асар их бүлээн дулаан илч хайрладаг ийм л урлаг юм байна. Тэгээд л сонссон хүн уйлмаар санагддаг байх.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах 14 хоног амарна

Түм түжигнэж, бум бужигнаж байгаа үйлчилгээний төвүүд сар шинийн баярын дараа хэсэг хугацаанд амардаг. Энэ удаад ч захууд дараахь хуваарийн дагуу ажиллах юм байна. “Нарантуул” битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаад, II/19-26-ныг дуустал амрах бол “Хархорин” битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаад II/19-23-ныг дуустал амарна. “Барс” 1, 2 зах битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаад II/19-22-ныг дуустал, “Хүчит шонхор” битүүнд 07.00-13.00 цаг хүртэл ажиллаж, II/19-25-ныг дуустал амарна. “Да хүрээ трейд” битүүнд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, II/19-23–ныг дуустал амарна.

Categories
мэдээ нийгэм

Шинэчилсэн цагийн хуваарийг мөрдөгдөж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын цагийн хуваарьт оруулсан өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхлээд байна. Уг захирамжид . Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07.40 цаг, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08.30 минут байхаар өөрчлөлт оруулсан. Мөн төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу найман цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарж байхаар шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Уртнасан: Өрхийн эрүүл мэндийн даатгалын мөнгийг өвдсөн нэгэндээ шилжүүлэн зарцуулах боломжтой

Саяхан шинээр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Уг хуулийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасантай ярилцлаа.

Шинэ гарсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ач холбогдлыг эхлээд тодруулмаар байна. Өмнөхөөсөө ямар онцлог, давуу талтай заалтуудыг тусгаж өгөв?

-Манай улс 1994 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцоог сонгож авч, хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, эмийн үнийн хөнгөлөлтийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг бие даасан тогтолцоог бид бүрдүүлж чадсан. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын санд жилдээ 280 гаруй тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, мөн хэмжээний санхүүжилтийг олгож байна. Ингэж эрүүл мэндийн даатгалын сан нь эрүүл мэндийн байгууллагын найдвартай санхүүжилтийн эх үүсвэр болж, даатгуулагчдад эрүүл мэндэд нь эрсдэл тохиолдсон үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг саадгүй, шуурхай олгох бололцоотой даатгалын сан болон хөгжиж байна. Үүгээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлсний нийгэм, эдийн засгийн бодит үр дүнг товчоор үнэлж болох юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нь эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн 40-70 хувийг эзэлж байна. Шинэ хуулиар Даатгуулагчдын авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, сайжруулах талаар олон зохицуулалтыг тусгаж өгсөн. Нэг үгээр хэлбэл даатгуулагчаа эрхэмлэсэн хууль болж чадсан гэж үзэж байна. Тухайлбал, өрхийн даатгалын үйлчилгээг шинээр хуульчиллаа. Төр хариуцан төлдөг иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг бас нэмэгдүүллээ.

Тодруулж асуухад манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ямар зарчмаар явдаг юм бэ. Даатгалын шимтгэл төлөөд байдаг хэрнээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй иргэд олон бий. Шинэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулсан юм бол?

-Манай Эрүүл мэндийн даатгал нь эв санааны нэгдлийн зарчим дээр үндэслэсэн тогтолцоо л доо. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан хүний даатгуулагчдын төлсөн шимтгэлээр орлого бүрдүүлж нэгдсэн сан бий болгоод уг сангаас тохиолдсон эрсдэлдээ ногдох төлбөр авч, эрсдэлээ хуваалцдаг зарчимтай тогтолцоо. Олон арван эрүүл саруул даатгуулагч нь өвчин зовлонд өртсөн даатгуулагчаа эдгэж, илааршихад нь дэмжлэг үзүүлдэг, хүмүүнлэг тогтолцоо гэвэл илүү ойлгомжтой байх болов уу. Монголчууд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ.

Нэг даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах зардлын нийт хэмжээ жилд 1.8 сая төгрөг байгаа. Одоогийн хуулиар төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэд сар тутамд 670 төгрөг, жилдээ 8040 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд өгдөг л дөө. Ийм хэмжээний мөнгө төлснийхөө хариуд 1.8 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах бололцоо нээж байгаа юм. Хорвоод нэг нь өвдөж байхад, нөгөө нь эрүүлсаруул байдаг. Хэрэв эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлээгүй бол хүн бүр 1.8 сая төгрөг болоод түүнээс их хэмжээний мөнгө эрүүл мэнддээ зарцуулна гэвэл хүндрэлтэй. Эв санааны нэгдлийн даатгалын тогтолцооны давуу тал энэ л дээ. Ингэж эв санааны нэгдлийн зарчмаар бүрдүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангаас бид 20 гаруй жилийн хугацаанд эмнэлгийн байгууллагуудынхаа тогтвортой үйл ажиллагааг хангаж, олон зуун иргэдийнхээ эрүүл мэндэд тохиолдсон эрсдлийг хуваалцаж ирлээ.

Давхардсан тоогоор 4.4 сая иргэн 2014 онд эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлаа гаргуулсан байна. Хэрэв энэ даатгалын тогтолцоо байгаагүй бол эдгээр тохиолдлыг эрүүлжүүлэхэд их хэмжээний зардал гарна. Гэтэл “Би эрүүл мэндийн даатгал төлчихөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй. Энэ мөнгөө буцааж авмаар байна” гэдэг бол үнэхээр хувиа хичээсэн явдал. Өнөө биш ч хэзээ нэгэнтээ өөрт эрсдэл тохиолдоно. Тэр үед хамтын сангаас мөн ногдох төлбөрөө гаргуулж таарна. Бид чинь бүгдээрээ бие биенийхээ дэм, харилцан уялдаатай зохицуулалт бүхий хүний нийгэмд амьдарч байна. Шинэ хуулиар ч эв санааны нэгдлийн энэ зарчмаа хадгалсан.

Төр өөрийн хариуцсан иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалд төлдөг шимтгэлийн хураамжийг нэмэгдүүлсэн гэж та дээр хэллээ. Хуульд орсон өөрчлөлтийг танилцуулахгүй юу?

-Манай улсын нийт хүн амын 50 орчим хувийнх нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж ирсэн. Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчид, цэргийн албан хаагчид, оюутан сурагчид, 16 хүртэлх насны хүүхдүүд, хүүхдээ асарч байгаа эцэг эх багтана. Ингээд аваад үзэхээр эрүүл мэндийн даатгалд даатгагдсан хүмүүсийн олонхи нь бага шимтгэл буюу сард ердөө 670 төгрөг төлдөг. Гэтэл өнөөдөр өндөр өртөгтэй эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай хүмүүс олон болсоор байна. Иргэн сард 670 төгрөг төлөөд хорт хавдрын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэх, өндөр үнэтэй мэс засал, эм, эмнэлгийн хэрэгсэлд эрүүл мэндийн даатгалын сангаас ихээхэн хэмжээний төлбөр гаргуулна гэдэг боломжгүй зүйл. Шинэ хуулиар төр хариуцаж байгаа иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг, хоёр хувиас багагүй байхаар тогтоосон. Одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.0 мянган төгрөг. Үүний хоёр хувь нь сард 3840 төгрөг болж байна. Төр хариуцах иргэдийнхээ шимтгэлд Засгийн газар ийм хэмжээний мөнгө сардаа төлөхөөр хуульчилсан.

Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг тусламж, үйлчигээний нэр төрөл нэмэгдсэн гэсэн үг үү?

-Тиймээ, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлсэн байгаа. Тухайлбал, хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ, түүнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнэ, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засварлах зориулалтаар хийгдэх хэрэгслийн үнийг, сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох боллоо. Хорт хавдрын өдрийн болон химийн туяаны эмчилгээ, түүнчлэн жирэмсний 37 долоо хоногоос өмнөх, төрсний дараах үеийн эмгэгийг эмчлэх тусламж, үйлчилгээг хамруулахаар хуульд тусгасан байгаа. Бүхэлдээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчигээний цар хүрээ өргөжсөн.

Өрхийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ ямар онцлогтой юм бэ. Энэ даатгалын иргэндээ хүрэх давуу тал нь юу юм бол?

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн эрүүл мэндийнтусламж, үйлчилгээ авах эрхтэй, нэг өрх ам бүл дөрвүүлээ гэж үзвэл гэр бүлийн гишүүд бүгдээрээ нийлээд жилд 7.2 сая төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрх нээгдэнэ. Гэр бүлийн гишүүдийн нэг нь өвдсөн тохиолдолд нөгөө нэг гишүүний зөвшөөрснөөр эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах төлбөрийг шилжүүлж болно гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гаргуулах эрхээ гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнд жилд нэг удаа шилжүүлэн зарцуулах эрхтэй болох юм. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар иргэд эмчилгээ хийлгэснийх нь дараа Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эрүүл мэндийн байгууллагад санхүүжилт нь шилждэг. Тэгвэл иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хийх боломжийг хуульд тусгасан болов уу?

-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтойболж байна. Заавал өвдсөн хойно нь үзүүлдэг эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх биш, эрүүл саруул байхад нь чиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд даатгуулагчийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлээс нь хамааралтайгаар товлолт хугацаанд оруулж, уг зардлыг даатгалын сангаас төлөх юм.

Мөн энэ хуулиар Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн эрх, үүрэг, эмнэлгийн байгууллагын үүрэг хариуцлагыг маш тодорхой тусгаж өгсөн. Нэг эмнэлэгт очоод үзүүлсэн болдог, тэрнийх нь төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг практикийг халах зорилт тавьсан. Эрүүл мэндийн байгууллага даатгуулагчид чанартай, сэтгэл ханамжид нь нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ийм байдлыг даатгуулагчийн өмнөөс худалдан авч, төлбөр төлдөг харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд орсон байгаа. Эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх, мэдээллээр хангах цахим картыг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим сангийн тогтолцоог бүрдүүлснээр даатгуулагчид санхүүгийн хяналт тавих бололцоо бүрдэх юм.

Эрүүл мэндийн даатгалаар үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн нэр төрлийг нэмэгдүүлсэн үү. Санхүүжилт дуусчихсан гээд эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр эм өгдөггүй бэрхшээл бий. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

– Эм өвчин эдгээх шидтэй ч бас хортой зүйл. Зүй зохистой эмийн хэрэглээг төлөвшүүлэх, харилцан хяналт бүхий тогтолцоог хөгжүүлэх, нэгэнт хүрсэн үйлчилгээний түвшинг бууруулахгүй байхаар холбогдох зохицуулалт хийсэн. Одоогийн хуулиар зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор олгох эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа бол шинэ хуулиар үүн дээр нэмээд аймаг, дүүргийн эмнэлгийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Гурван жил дараалан эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй хүнийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж, урамшуулахаар журам баталсан байна лээ.Ийм иргэд цөөнгүй бий. Тэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд хаана, хэрхэн хандах вэ?

-Энэ нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол төлсөн боловч дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамруулж урамшуулах тусламж, үйлчилгээ юм. Нэг даатгуулагчид даатгалын сангаас төлөх урамшууллын зардлын хэмжээ 80 мянган төгрөг бөгөөд даатгуулагч оношилгоо, шинжилгээний гурван төрлийн багцаас сонгон үйлчлүүлэх боломж бий. Даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагаас сонгосон лаборатори бүхий төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс өөрөө сонгон урамшууллын үйлчилгээгээ авах боломжтой. Даатгуулагч урамшууллын тусламж, үйлчилгээнд хамрагдахын тулд НДЕГ-ын цахим хуудас (www.ndaatgal.mn)-аас, эсхүл нийгмийн даатгалын байгууллага дээр очиж урамшууллын эрхтэй эсэхээ шалгуулаад Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээндээ тэмдэглэл хийлгэж, дээрх оношилгооны багцаас сонгож хуудсаа авна. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, оношилгооны хуудсын хамт нийгмийн даатгалын байгууллагатай урамшууллын үйлчилгээ үзүүлэх гэрээт эмнэлгүүдээс сонгон үйлчлүүлж болно. Гэрээт эмнэлгүүдийн талаарх мэдээллийг мөн манай цахим хуудаснаас авч болно.

Урамшууллын үйлчилгээнд 10,5 мянган даатгуулагч хамрагдаж, тэдний зардалд даатгалын сангаас 841,0 сая төгрөг зарцуулсан.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Монголчууд цэвэр торгоор нэхсэн, бэлгэдэл төгс, жинхэнэ монгол хадаг хэрэглэдэг болжээ

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн бэлгийн чихрийг хүүхдүүддээ өгчихдөг, дээлийн торго нь байж л байна

Зуун нас дөхөж байгаа С.Намсрай эмээтэй хуучлахаар зорьж очлоо. Түүний хань Г.Лувсандандар гуай МУИС-ийн проректор байсан гэдэг. Эмээгийн хүү Л.Хангайг ОХУ-д Элчин сайд байсан гэдгээр нь хүмүүс мэднэ дээ. С.Намсрай гуай багадаа Жанжин Сүхбаатарын нэрэмжит сургуулийн сурагч болж байсан бол хожим С.Янжмаагийн нэрэмжит цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан сонин тохиол бий. Эмээ хүнтэй хуучлах дуртай ч бид унтаж байхад нь очоод “Сонины хүмүүс ирлээ” гээд охин нь сэрээчихсэн болохоор эхэндээ асуултад маань дурамжхан хариулж байв. Эмээ түлхүүрээ бариад шүүгээ рүүгээ алхав. Эмээтэй ярилцах үед байлцахаар ирсэн том охин нь “Ээж шүүгээгээ түгждэг юм уу“ гэхэд “Сервантаа түгждэггүй хэн байсан юм” гэнэ. Эмээтэндээ баавгайтай том том чихэр “жоорложээ”. Настны хүүхдүүд цагаан сард бэлтгэх ажил үүргийн хуваарьтай. Охин Л.Уранцэцэгийн тооцоогоор 200-гаад хүн ирэх жагсаалт гарчээ. Л.Уранцэцэг эгчийн хүү Тэмүүжин бууз, банш, боов дааж авсан. Тэр мянгаад бууз, дээр нь бас банш бэлтгэсэн гэнэ. Харин “Хүмүүсийн гар дээр тавих бэлгийг Хангай, Үрлээ хоёр дааж авсан” гэсэн.

Намсрай гуай та Сүхбаатар аймгийн хүн гэл үү?

-Тийм. Бүр Сүхбаатар сумынх. Чи чинь аль аймгийнх билээ?

Улаанбаатарт төрсөн л дөө. Сүхбаатар сумыг өмнө нь ямар хошуу гэдэг байсан бэ?

-Ёст бэйсийн хошуу гэдэг байсан юм даа.

Таныг 1917 онд төрсөн гэж сонслоо. Таныг багад хүүхдүүд юугаар тоглодог байв?

-Чулуугаар л тоглоно. Өөр юугаар тоглох вэ дээ. Би багадаа найм, есөн настай сургуульд орсон хүн шүү дээ. Ардын засаг байгуулагдсаны дараахан Сүхбаатар жанжин Ёст бэйсийн хошуунд очиход хошуу ноён ембүү барьж угтсан юм билээ. Ембүүг нь эргүүлээд ноёндоо өгч сургууль байгуулахдаа хэрэглээрэй гэж захижээ.

Та тэр сургуулийнх нь анхны сурагч гэсэн үү?

-Анхных арай биш. Хоёрдугаар ээлжинд нь орсон юм. Эхний сурагчид бараг ангиараа гавьяат болчихсон шүү. Манай тэр сургуулийг төгссөн Далхжав гавьяат багш, Банзрагч, Нямаа гээд олон хүнгавьяат болцгоосон.

Аав, ээж тань ямар хүмүүс байсан бэ?

-Хөдөөний малчин л байхгүй юу.

Хэр их малтай байв?

-Цөөхөн малтай, олон хүүхэдтэй айл байлаа. Есөн хүүхэдтэй айл байсан даа.

Та хэд дэх хүүхэд нь вэ?

-Дөрөв дэх хүүхэд нь. Нэг айлаас заавал нэг хүүхэд сургуульд авна гэхээр нь тэр олон хүүхдээс намайг явуулсан юм билээ. “Муугаараа буцаад ирж магадгүй” гээд. Тэгсэн чинь буцаж ирэх нь байтугай харин бүр сургуульд нь таарч тохироод яваад өгч. Эмээ нь одоо зөнөж байгаа юм уу ухаан их муудаж байна. Түүнээс биш насаараа багшилсан хүн шүү дээ.

Одоо Намсрай гуай Цагаан сар болох гэж байна. Таныг багад монголчууд Цагаан сарыг хэр өргөн тэмдэглэж байв?

-Үгүй яахав дээ, хөдөөний улсууд морьтой давхиж ирээд хөгшин улсуудтай золгоно. Тэр үед бэлэг сэлт гэж байх биш хадаг байвал бариад байхгүй бол зүгээр золгоцгоогоод, давхиад давхиад явчихна.

Орж ирсэн хүүхдүүдэд юу өгдөг байсан бэ?

-Боорцог өгвөл өгнө үгүй бол үгүй. Хөдөөний улсууд чинь хөөрхий минь юугаа өгөх вэ дээ.Тэр үед чадалтай улсууд нь хэдэн малтай байсан юм байгаа биз. Бүгдээрээ адилхан ядуу. Хорь, гучин малтай бол заяа. Тийм л байцгаасан.

Ууц тавьдаг байсануу?

-Байхгүй ээ байхгүй. Би ер нь Цагаан сар нутагтаа гаргаж үзээгүй. Жаахандаа нутгаасаа гарсан болохоор мэдэхгүй байна. Бага сургуулиа төгсчихөөд,1937 онд шууд Багшийн сургуульд орсон шүү дээ.

Лувсандандар гуайтай хэдийд танилцав?

-Багшийн сургуульд байхдаа 18-тай танилцсан.

Нөхөр чинь бассурч байсан уу?

-Тийм сурч байсан.

Энэ үеэр том охин Уранцэцэг ярианд оролцов:

-Ээж тэгж ярьдаг байсан. Энэ хоёрыг сурч байхад нормын дээл өгдөг байж л дээ. Тэгсэн чинь ээжийн дээл томдоод, аавынх арай гоё харагдаад, “Энэ дээл чамд таарах юм байна” гээд хоёулаа дээлээ сольж танилцсан гэсэн.

-Энэ Уранцэцэг багшийгаа танихгүй юу. Чи аль сургууль төгссөн юм бэ?

Танихгүй л дээ.

-Энэ Уранцэцэг чинь МУИС-ийн сэтгэл судлал, сурганы багш хүншүү дээ.

Хангай гуайг л Орост элчин сайд байсан гэдгээр нь хүмүүс мэддэг дээ?

-Хангай чинь миний отгон хүү шүү дээ.

Хангай гуай ямар хүүхэд байв?

-Хамгийн бага нь гээд эрх амьтан байсан. Нөхөр маань ЗХУ-д манай ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллахаар болоод би дөнгөж Хангайгаа төрүүлээд дагаж явж байлаа.Миний хүү чинь орос цэцэрлэгт байж байгаад сүүлдээ орос сургууль дамжсаар байгаад төгссөн. Анх аав нь очсон, сүүлд нь миний хүү Элчин сайд болчихдог байгаа даа. 14 хоногтой Москвад очиж байсан хүн чинь.

Та хэдэн хүүхэд төрүүлсэн бэ?

-Дөрөв.Уранцэцэг, Батмөнх, Булган, Хангай. Булганыг танихгүй биз дээ, миний хүү. Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт ажиллаж байсан даа.

Эмээ та хүүхдүүддээ өндөр боловсрол эзэмшүүлжээ. Лувсандандар гуай та хоёр одоогийнхоор бол төрийн томчуудыг их таньдаг байжээ. Янжмаа гуайнхтай айл байсан гэсэн үү?

– ЭМЯ-ны урд тал дэнжирхүү газар байсан юм. Тэрний урд тавдугаар хорооны халуун ус гэж байсан. Тавдугаар хорооны дэнж дээр Сүхбаатарын гэргий Янжмаа, хүү Галсан нартай айл байсан. Тэдний баруун хамар хашаанд нь Нацаг гээд их сургуулийн захирал байсан. Нацаг багш гэцгээдэг байлаа. Тэдний хашаанд буугаад Янжмаа гуай, Галсан нартай танилцаад хамар хашаа болохоор орж гардаг болж дотноссон юм.

С.Янжмаа гуай ямар хүн байсан бэ?

-Сайн сайн. Хээгүй, их амар хүн байсан ш дээ.

Та чинь Самбуу гуайг бас таньдаг байсан билүү?

-Нэг сайн танихгүй. Ерөнхийдөө мэдэж байна. Самбуу гуай чинь Зөвлөлтөд элчин байсан. Тэднийх сүүлдээ дөчин мянгатад, 50 дугаар дэлгүүрийн дэргэдэх байшинд байсан юм. Хүү нь Хангайтай хамт их сургуульд нэг ангид байсан.

Дөчин мянгатад тэр үеийн олны танил хүмүүс амьдардаг байжээ?

-Жараад оны эхээр олон сайхан байшин баригдаад, айлууд нүүж орсон. Албан газрууд байрны оочер бичдэг. Оочерийнхоо дарааллаар хүмүүст байр өгдөг. Тэр дугаараар дөчин мянгатад байранд орсон юм. Тэр байранд их олон нэртэй хүмүүс байсан. Оросын элчин сайдын яамны баруун талд манайх байлаа.

Социализмын үед танайх Цагаан сар хийдэг байсан уу?

-Заримдаа тэмдэглэдэг, заримдаа тэмдэглэдэггүй байсан. Тэр үед Цагаан сар гэж нэг их сүйд болж байсан юм байхгүй.

Одоо бол эмээ дээр цагаан сараар хүн их ирнэ биз?

-Охин Л.Уранцэцэг: -“Өндөр настай болохоор нь бэлгэдлийн шинж чанартай золгодог юм шиг байгаа юм. Манай ээж хий насаараа 98, 99-тэй” гэхэд эмээ: -“Морин жил ноднин өнгөрөөд энэ жил хонь жил гарч байгаа биз дээ” гэж лавлав.

Цагаан сараар Ерөнхийлөгчөөс бэлэгавдаг уу, Ерөнхийлөгчийн бэлгэнд юу ирдэг вэ?

-Хоёр удаа л авсан. Нэг дээлийн өнгө, хагас кг хэртэй чихэр. Тийм люм ирдэг юм.

Тэрийгнь та хүүхдүүддээ тараачихдаг уу?

-Чихрийг нь хүүхдүүддээ өгчихдөг, дээлийн торго нь байж л байна.

Та нийслэлийн тавдугаар сургуулийг байгуулсан гэсэн?

-Тавдугаар сургууль миний сургууль аа. Балжинням гэжзахын худалдаачин хүн өөрийнхөө хөрөнгийг хандивлаж, сургууль байгуулж байсан юм. Жижигхэндан байшин байсан. Одоо миний сургуулийн буурин дээр хүнсний дэлгүүр байгуулагдсан байна лээ. Дараа нь тэтгэвэрт гаран гартлаа цэцэрлэгийн эрхлэгч хийсэн. Тавдугаар сургуулийг мэднэ биз дээ?

Мэднэ мэднэ.

-Улаанбаатар байтугай улсын хэмжээнд манай тавдугаар сургууль дээгүүр байранд орж байна шүү дээ. Тэр үед хүмүүс хүүхдээ сургах дургүй. Гудамжаар явж байж голцуу эрлийз25 хүүхэд цуглуулсан юм. Тэр үед сургуулийн дэргэдэх Наймаачны гудамжинд дандаа хятадууд байсан юм чинь. Миний сургаж байсан хүүхдүүдээс Намсрайжав багш, Батсүх гэж гавьяат Минжүүрийн авгайнар л байх шив дээ.

Тэр үед эмэгтэй захирал цөөхөн байсан уу?

-Байгаагүй, анхныл эмэгтэй захирал. Хотын гүйцэтгэх захиргаанаас Намсрай гэж боловсролын хэлтсийн дарга байсан. Тэр л намайг сонгосон.

Та их л залуудаа захирал болжээ. Богино хугацаанд өөрийгөө харуулж чадсан байна?

-Оргүй сургуулийн овоо босголоо, хэдэн мянган хүүхэд төгсөө биз дээ. Гарзтайюм биш тэр гавьяатаа надад өгчихгүй л юм байна шүү дээ, манайхан чинь.

Та ямар шагналтай вэ?

-Медаль, янз бүрийн юм бий. Боловсролын тэргүүн бий.

Та тэр гавьяатын тэмдгээр яах нь вэ?

-Үр хүүхдэдээ үлдээвэл хэрэгтэй. Хэдэн медаль орхисноос дээр.

Багш нар түмний хүүхдийг сургах гээд өөрийнхөө хүүхдүүдийг орхидог байсан гэж ярьцгаадаг?

-Гайгүй дээ. Манай хүүхдүүд сургуульд оруулаад өгчихөөр өөрсдөө зөнгөөрөө явчихсан. Тэр үед одооныхтой адил хүүхэдтэйгээ зууралддаггүй үе байсан даа.

Та радиогоор голчлон юу сонсдог вэ?

-Сонирхох юм ердөө алга. Улс төр л сонирхоно.

За, сонсоод юу бодогдох юм бэ?

-Төр, засаг л сайхан байгаасай гэж боддог. Ерөнхийлөгч л төр, засгаа сайхан удирдаад явбал болоо шүү дээ.

Одооны удирдагчид сайн удирдаж чадаж байна уу. Таны санаанд нийцэх юм уу?

-Хэн мэдэх вэ. Хэрүүл хийсэн улсууд л байх юм. Эрх тушаал булаацалдсан л юмнууд байх юм байна шүү дээ. Яасан ч сайд, дарга болох дуртай улсууд юм.

Хуучны улсууд өөр байсан уу?

-Хн… тэр сайд, даргаас чинь зугтаана. Болох сонирхол байхгүй.

Танай нөхөр басдээгүүр алба хашиж байсан байх аа?

-Аюулаас хамгаалах яаманд нэгдүгээр хэлтсийн дарга бас байсан. Чойбалсан эд нарыг хамгаалдаг нэгдүгээр хэлтэс гэж тусгай хэлтэс байлаа шүү дээ.

Танд ажилтайгаа холбоотой юм ярьсан удаа байсан уу?

-Юу болж байгаа, яаж байгааг мэдэх ч үгүй. Тэрийг сонирхох сонирхол ч байгаагүй. Өөр өөрсдийн л хийдэг ажлаа хийхээс өөр юм байхгүй.

Сүхбаатарын Галсан гуайг амьд байхад очиход шугамын радиогоо сонсч суудаг сан?

-Хөөрхий дээ. Манай сайн найз байсан юм.

Тэднийд шинэ жилээс өөр ямар баяраар очдог байв?

-Хэдийд ч хамаагүй, өдөр шөнө ч хамаагүй. Эрээ цээр гэх юм байхгүй.

Та цагаан сараар хөл ихтэй байх нь ээ дээ?

-Овоо хэдэн улсирнэ ээ. Цагаансар ч яршиг байнаа. Ядраад байхад түвэг зүгээр.

Таны шавь нараас чинь хүн ирдэг үү?

– Байхгүй бараг цөмөөрөө үхээд дууссан юм чинь. Одоо Намсрайжав багш, Батсүх хоёр л байна. Намсрайжав багшаа танихгүй юу. Нэгдүгээр арван жилийн сургуульд их олон жил багшилсан. Си-1-ээр нэвтрүүлэг хөтөлдөг МоАХ-ны идэвхтэн Даваагийн ээж.

Цагаан сараар их бэлтгэл хийх үү?

-Хүүхдүүд л хийдэг юм. Надад бол хар яршиг. Үзээгүй Цагаан сар биш.

Настай болохоор багын дурсамж тодордог гэж үнэн үү?

-Мэдэхгүй. Нэг их тодорсон ч юм алга. Улам л уймраа болоод байна. Ижий нь ядраад байна аа.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН