Categories
мэдээ нийгэм

Ус түгээх газрууд маргааш 10.00-20.00 цаг хүртэл ажиллана

Ус сувгийн удирдах газраас гэр хорооллын худаг, ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарь гаргажээ. Баярын өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед, Ус суваг усжуулах газар болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болох юм байна. Мөн үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утаар авах гэнэ.

Харин гэр хорооллын ус түгээх байрууд өнөөдөр 10.00-14.00 цаг, 15.00-19.00 цаг, маргааш 10.00-20.00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн 1-нд амарна. Шинийн 2-нд 10.00-14.00 цаг, шинийн гурванд 15.00-19.00 цаг, шинийн дөрөвнөөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өлсгөлөн зарласан иргэдийг ар гэрийнхэн нь эргэж очжээ

Ноён уулаа аврахаар иргэд өлсгөлөн зарлаад байгаа. Тэд зургаа хоног буюу 160 шахам цаг өлсөж байна. Өнөөдөр ар гэрийнхэн нь эргэж, тэдэнтэй уулзжээ. Нялх балчир хүүхдээс эхлээд нас дээр гарсан аав, ээж нар нь эргэж ирсэн гэнэ.

Сар шинэ хаяанд тулсан энэ цагт ар гэрийнхэн нь хайртай хүмүүсээ өлсгөлөн зарлуулахыг хүсээгүй ч байгаль дэлхийгээ хамгаалах гэсэн зоригийг нь тун ихээр үнэлж, тэднээрээ бахархаж байгаагаа хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Уг саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасан байлаа.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан нөхцөлд өнөөдрийн тэтгэвэр авагч иргэдийн тоо 2-3 дахин автоматаар өсөх эрсдэлтэй. Түүнийг дагаад Нийгмийн даатгалын сан дампуурч унах эрсдэлтэй. Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байгаа 1 сая иргэний асуудал хамгаалалтгүй болж, хохирох эрсдэл бий болно. Нөгөөтэйгүүр, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ашиглах эрх зүйн орчин байхгүй С.Эрдэнэ сайд эсэргүүцсэн саналаа хэлж байв. Эл асуудлаас болж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, сайд С.Эрдэнэ нар нэлээд хугацаанд маргалдаж, энэ завсар бусад саналаар гишүүдээр санал хураалгах гэсэн ч ирц тааруу байсан нь санал унахад нөлөөлж, арга буюу чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц тааруугаас чуулган завсарлаж, маргааш хэлэлцэгдэх болж хойшлогдлоо. УИХ-ын намрын чуулганыг маргааш өндөрлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Азбилэг хүүд Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гурван сая дахь иргэнийг хүндэтгэн угтах, алдаршуулах Үндэсний ажлын хэсгийн дарга П.Цагаан, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Отгонжаргал нар өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Ц.Азбилэг, түүний аав, ээжид Ерөнхийлөгчийн мэндчилгээг дэвшүүлж, гарын бэлгийг гардууллаа. Гурван сая дахь иргэний чацуутан Азбилэг хүү чацуутнууд дотроосоо Төрийн ордонд зочилсон анхны зочин болсон юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ц.Азбилэг, түүний аав ээжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншин сонсголоо. Мэндчилгээнд “Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Ц.Азбилэгт.

Даяар Монголын гал голомт мандан бадарч, монголчууд бид улам олуулаа болох бэлгэ ерөөл өнө мөнхөд оршиг. Энэхүү түүхэн цагийг түүчээлэн ачит аав, энэрэлт ээж, өргөн олныхоо магнайг тэнийлгэж мэндэлсэн бяцхан үр чамайг төр, түмнээ төлөөлж үнсье. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан болж өсөн өнөржих ховор заяанд төрсөн чамд урт наслан удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Их түүхт, эрх чөлөөт Монголынхоо эзэн нь болох хувьтай төрсөн бяцхан иргэнийхээ эцэг эх, элгэн саданд чин сэтгэлийн баяр хүргэж гүн хүндэтгэл илэрхийлье.

Монгол хүн бол гурван цагийн хэлхээнд мөнх орших Монгол үндэстний хэл, соёл, түүх, уламжлал, эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл билээ. Иймийн учир миний дүү нэр төртэй, эрдэм төгс, сайн хүн болоорой” гэжээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Ц.Азбилэг, түүний аав, ээжид зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэгт гурван сая дахь иргэнд зориулан гаргасан дурсгалын марк, Бөртэ чоно, Гоо маралын дүрс, үндэсний хээ угалз шингээж урласан бойтогны хонх, Монгол банкнаас гаргасан 500 төгрөгийн мөнгөн зоос, үндэсний үйлдвэрийн шоколад болон “Гурван сая Монгол” гэсэн бичигтэй хонины ноосон өлгий, ээжийн толгойн боолт зэрэг багтжээ. Мөн Ерөнхийлөгчийн өөрийн гараар бичсэн мялаалга үгийг гардуулан өгөв.

Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж дуусах үед Ц.Азбилэг хүү гунганан дуугарсан нь мэндчилгээг баярлан хүлээж авч буйн шинж боллоо гэж бэлэг гардуулсан хүмүүс бэлгэшээж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол-Европын парламент хоорондын зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол Улсын Их Хурал-Европын Парламент хоорондын 10 дугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2015.02.17/ Төрийн ордны “Б” танхимд болж байна.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Б.Болор, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Габриэлюс Ландсбергис нар үг хэллээ.

Монгол Улс 2008 онд АСЕМ-ын гишүүн болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2008, 2010, 2012, 2014 онд болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтуудад оролцсон байдаг. Улсын Их Хурал, Европын Парламентын төлөөлөгчид хоёр 2 жил тутам зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг юм байна.

Монгол Улс нь Европын Холбоог гадаад бодлогын үзэл баримтлалдаа “гуравдагч хөрш” хэмээн тунхагласаны дагуу гишүүн орнуудтай нь харилцаа, хамтын ажиллагаагаа боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах орноор Монгол Улс сонгогдоод байгаа билээ.

Энэ удаагийн уулзалтаар Монгол-Европын парламентын төлөөлөгчид Парламент хоорондын харилцаа, цаашдын хөгжлийн төлөв, төлөвлөгдсөн арга хэмжээнүүд, Монгол Улс 2016 онд АСЕМ-ийг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурал 2015 оны 9 дүгээр сард ЕАБХАБ-ын намрын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах тухай зэрэг асуудлаар санал солилцож байна.

Уулзалтад Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Габриэлюс Ландсбергис тэргүүтэй төлөөлөгчид болон УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Литвагийн парламентын бүлгийн дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польш, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нар оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордод төр 20 хувь эзэмшихийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. УИХ-ын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, хэлэлцсэн юм. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэнгүй. УИХ-ын дарга “Гацууртын ордод төрийн эзэмших 20 хувийг гишүүд дэмжихгүй байна. Тиймээс төсөлдөө өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээн уг тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг сонсов

Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2015.02.17/ хуралдаж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг сонслоо.

Илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулсан юм. Энэ удаагийн илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулсан байна. Комисс нь 2013 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 669 гомдол хүлээн авч, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар гомдлын дагуу 21, хяналт шалгалтын мөрөөр 18 шаардлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, хяналт тавин ажиллажээ.

Илтгэлд нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудыг авч үзсэн байна. Үүнд хөдөлмөрлөх эрхийн асуудал, тухайлбал барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, аюулгүй орчин болон хорих анги, цэргийн анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг Комиссын хяналт шалгалтын дүнг үндэслэн боловсруулсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй, хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, маргаан их гарч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн Олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг зүйлчлэн хуульчилсан боловч эрх чөлөөгөө хязгаарлуулсан, хуулиар болон тодорхой нөхцлийн улмаас бусдын эрхшээлд байгаа хүмүүстэй хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцсан тохиолдол цөөнгүй гарсаар байна. Иймд төрөөс эрүү шүүлт ба зүй бус харьцааг таслан зогсоох болон урьдчилан сэргийлэх шууд ба шууд бус арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа учир илтгэлд Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг авч үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Л.Болд нар илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл, эрүү шүүлттэй холбоотой хоёр гол асуудал илтгэлд тусгагдсаныг дурдаж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг тус Комиссын төсөв бага байгаад төрөөс анхаарал хандуулах шаардлагатайг хэлж байсан юм.

Мөн эрүү шүүлттэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн П.Оюунчимэг тодотгож тайлбар өглөө. Дэд хорооны хурлаар Хүний эрхийн үндэсний комиссын 13 дугаар илтгэлийг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Цатгалан хүн өлссөн хүний зовлонг мэддэггүй

Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн пүрэв гаригаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Тэд 160 гаруй цаг өлсгөлөн зарлаж байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын зарим гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Л.Болд, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл нар хуулийн төсөл боловсруулсан бөгөөд санал авахаар Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Төрийн ордонд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Улс гүрнүүд төр улсынхаа түүхтэй холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлүүд, хөшөө дурсгалд маш болгоомжтой ханддаг. Өнөөдөр өвгөд дээдсийн бунхан, түүн дээр босгосон хөшөө дурсгал бидний үеийг хүртэл хадгалагдаад ирж. Хаад ноёд, алтан ургийн язгууртнуудтай холбоотой хөшөө дурсгалууд ихэвчлэн байгаа. Бид байгаа юмаа хамгаалах ёстой. Ноён уулыг хамгаалахын төлөө хатуу зогсоно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Мандал сумын иргэн 61 настай ээж хүн өлсгөлөн зарлаад 160 гаруй цаг боллоо. Хоёр хоногийн өмнөөс хөл нь дулаацахаа больсон гэж байна. Төрийн гурван өндөрлөгөө өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг анхаараачээ. Цагаан сар чинь угтаа сайн сайхныг угтан билэгдсэн, элбэг дэлбэг байхыг бэлгэдсэн баяр шүү дээ. Гэтэл долоон хүн өлсгөлөн зарлаж байна. Нэг нь эх хүн байна. Та бүгд энэ өлсгөлөнг зогсооход анхаарал хандуулаад өгөөч. Цатгалан хүн өлссөн хүний зовлонг мэддэггүй гэдэг үнэн юм байна” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг батлав

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.17. Мягмар гараг/ нэгдсэн хуралдаан 14 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонссоны дараа Засгийн газраас энэ сарын 12-ны өргөн мэдүүлсэн Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар танилцуулсан юм.

Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцжээ. Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлсон байна. Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, шинжээчдийн баг 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг Японы талтай хийжээ.

Үүний үр дүнд японы талтай тохирсон хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлах үеэр “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг юм. Уг хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хэрэгжүүлэх хэлэлцээрийг Засгийн газар батлах юм байна.

Хэлэлцээрийн хүрээнд талууд 2012 оны статистикийг суурь мэдээлэл болгон ашиглаж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн уг асуудлыг энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэхийг санал нэгтэйгээр дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал, Д.Ганхуяг, Ё.Отгонбаяр, Д.Сумъяабазар, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулсан юм. Энэхүү хэлэлцээр нь манай улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, экспортын таатай нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг асуулт асууж тодруулсан гишүүд онцолж байв.

Гишүүдийн асуултад ажлын хэсгээс өгсөн хариултаас үзэхэд, манай улс 2012 онд дэлхийн 150 орчим оронтой 11,1 тэрбум ам.долларын худалдаа хийснээс Япон Улстай хийж буй худалдааны эргэлтийн хэмжээ 525 орчим сая ам.доллар (японы статистикийн мэдээгээр) байгаа нь манай нийт худалдааны эргэлтийн 4.7 хувийг эзэлж байгаа аж. Манай улсаас Японд экспортолсон барааны 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзэлдэг бол Японоос импортолсон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлдэг байна. Ажлын хэсгийн тооцоогоор хэлэлцээр байгуулагдсан эхний жилд улсын төсвийн орлого 9.8 сая ам.доллараар буурах хэдий ч нөгөө талаас Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр орны худалдааны эргэлт өсөх бололцоо бүрдэх юм байна.

Ингээд байнгын хорооны саналаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 49 нь буюу 92.5 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсөв дагаж гардаг тогтоолуудын хэрэгжилтийг ажлын хэсэг гарган нэг бүрчлэн танилцаж хаврын чуулганаар ярилцах нь зүйтэй байна гэсэн санал гаргасан юм. Энэ талаар УИХ-ын дарга Төсвийн байнгын хороо чуулганы завсарлагаар ажлын хэсэг гарган ажиллуулж хаврын чуулганы эхэнд байнгын хороогоороо хэлэлцэх хэрэгтэй гэсэн чиглэл өгөв.

Ингээд уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувийн саналаар бүхэлд нь баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ёкозуна М.Даваажаргал: Шагналаа бататган хичээж барилдах болно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал өнөөдөр Төрийн дээд шагналыг хүртсэн билээ. Тэгвэл түүний дараа сэтгэгдлээ ийн илэрхийлсэн юм.


-Өнөөдөр та Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Юуны өмнө танд баяр хүргэе. Аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар нэг гэр бүлээс төрлөө?
-Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал боллоо. Аав маань XX зууны аварга бол хүү нь болж төрсөн миний хувьд XXI зуунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм шагналыг хүртлээ. Японы мэргэжлийн сумогийн түүхэн амжилтыг 33 болгон ахиулсан хүн нь монгол хүн гэж бодохоор сайхан байна.
-Таны гаргасан түүхэн амжилтыг бахдах хүн олон байна. Харин та өөрөө ямар бодолтой яваа бол?
-Миний энэ амжилт аав, ээжийг минь ард түмнийг минь баярлуулсан зүйл болсон байх аа. Төрийн тэргүүнээсээ өнөөдөр Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй шагналыг хүртэж аав хүү хоёр баатар боллоо. Үнэхээр сайхан байна. Мэргэжлийн сумогийн дэвжээнээ энэ эрхэм шагналаа бататган барилдах болно. Би хичээх болноо.
-Ард түмэндээ хандаж хэлэх үг байна уу?
-Монголын нийт ахан дүүстээ ирж буй хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сард шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлэх байна.

Ёкозуна М.АНАНД: ОЛОН ТҮРҮҮЛЭХИЙН ТУЛД ХИЧЭЭХ БОЛНО

Мөн сумогийн 71 дэх аварга Мангалжавын Ананд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх цолыг Төрийн тэргүүнээс хүртсэн билээ.

-Өнөөдөр та Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Мэдээж сэтгэл өндөр байна. Юуны өмнө намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа гэж хэлье. Сүхбаатар аймгийн Асгат сумынхан болон ах дүү хамаатан садан бүх монголчууддаа баярлаж явдгаа илэрхийлье. Өнөөдөр ийм хүндтэй эрхэм шагналыг хүртсэндээ баяртай байна. Цаашдаа хичээж барилдах болноо.
-Цаашдын төлөвлөгөө юу байна?
-Илүү амжилт гаргаж, сумогийн дэвжээнээ түрүүлэхийн тулд хичээж барилдах болно. Бэлтгэл сургуулилтаа ч гэсэн улам сайжруулах болно.
-М.Даваажаргал аваргын хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Хар багаасаа л энэ хүнд спортоор хичээллэж 33 түрүү авна гэдэг маш хэцүү. Гэхдээ монгол хүн амжилт гаргаж чадаж байна гэдгийг харууллаа. Би ч гэсэн өмнөө том зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж барилдах болно.

Э.ЭНХБОЛД