Categories
мэдээ нийгэм

Худалдааны төвүүд зогсоолоо зохицуулна

Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар томоохон худалдааны төв, захууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллах буюу зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг худалдааны төв, захуудын эзэд, удирдлагуудад үүрэг болголоо. Харин Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаа 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сумогийн холбоо Хакуход сануулга өгнө гэв

Японы Мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтын эзэн болсон Хакухо Даваажаргалын талаар тус улсын хэвлэлүүдэд “Хатуу ширүүн барилдаж байна”, “Өрсөлдөгчөө ялчихсан хойноо нэмж түлхдэг”, “Шагналын мөнгө авахдаа хөмхий зуугаад л” гэх мэтээр шүүмжилж эхэлжээ. Миягино дэвжээнд цугласан сэтгүүлчдийн өмнө Хакүхогийн хэлсэн үг Сүмогийн холбооны эрх мэдэлтнүүдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Их аварга “Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаад ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэн дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав? Дүрс бичлэгээр нягталсан мөртлөө ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгч нар бүгд л урьд нь барилдаж явсан улсууд байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд адилхан япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн билээ. Мэргэжлийн сумогийн холбоо өнөөдөрхуралдаж Хакуход хатуу анхааруулга өгөх болсноо мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байранд амьдарч буй бага ангийн сурагчдын хөгжлийг дэмжинэ

2008 оноос ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүд 6 наснаас эхлэн суралцах болсонтой холбогдуулан малчдын 6 настай хүүхдийг сургуульд сургах, ялангуяа дотуур байранд сууж, сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх нь анхаарал татсан асуудлын нэг байсаар байна.

2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 511 дотуур байранд 33.0 мянга орчим хүүхэд амьдарч байгаагийн 81.0 хувь нь малчдын хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 34.7 хувь нь бага ангийн, 11.0 хувь нь 6 настай хүүхэд байна.

Өнгөрсөн оны сүүлчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүүхдийг Ивээх Сантай хамтран зохион байгуулсан “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулах арга зам” Үндэсний зөвлөлдөх уулзалтад оролцогчид “…Дотуур байранд хүүхэдтэйгээ ажиллаж буй ажилтнуудад зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулж, тэдний ур чадварыг сайжруулах” шаардлагатай байгаа талаар тус зөвлөлдөх уулзалтаас гаргасан зөвлөмждөө тусгасан юм.

Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУЯ-аас “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй бага ангийн сурагчдын хөгжлийг дэмжих нь” сургалтыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын бага боловсролын болон дотуур байрын асуудал хариуцсан мэргэжилтэн нарт зориулсан энэхүү сургалтаар дотуур байранд болон эцэг эхээсээ тусдаа амьдарч буй бага ангийн сурагчдыг шинэ орчин нөхцөлд дасан зохицоход нь туслах, сурах хөгжих үйл явцыг нь дэмжих арга зүйг хүргэж байгаагаараа онцлог юм.

Гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа бага ангийн хүүхэд, тэр дундаа 6 настай хүүхдүүдийн сурах, хөгжих үйл явцыг ангид нь эсвэл дотуур байранд нь, хичээл дээр болон хичээлийн бус цагийн алинд нь ч ашиглаж болохуйц “Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр”-ийг мэргэжлийн байгууллагууд боловсруулжээ. Уг хөтөлбөрийг Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн 30 сумдад амжилттай туршиж, нэвтрүүлээд байгаа юм. Тус төсөлд хамрагдсан багш нар хөтөлбөрийн 110 арга зүйг хүүхэдтэй ажиллах цаг мөч бүртээ бүрэн ашигласнаар бага ангийн хүүхдүүдэд богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн гараад байна.

Дотуур байрын багш, бага ангийн багш, сургуулийн нийгмийн ажилтан зэрэг бага ангийн хүүхэдтэй ажилладаг хэн боловч хүүхдийн хөгжлийг бүх талаас нь дэмжих энэхүү арга зүйд суралцсанаар байрын хүүхдүүд өөрийгөө нээж, бусадтай харилцах чадвар, хүүхэд бүрийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийг дэмжиж, эерэг зан чанар хандлагыг төлөвшүүлж, цаашид бие даан суралцах арга барилд хөтөлж байгаагаараа ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

НИТХ хуралдаж байна

НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан өнөөдөр Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд 09.00 цагаас эхэлсэн. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч гурван сая дахь иргэдэд бойтогны хонх бэлэглэнэ

Энэ сарын 24-ний бямба гарагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин манай улсын гурвсан сая дахь иргэнээр тодорсон юм. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин гэдэг нэр хайрласан билээ. Х.Монголжин охинтой хамт тухайн өдөр нийт 181 хүүхэд мэндэлж, үе чацуутан болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгахаар болсон байна. Бэлгэнд нь бойтогны хонх байгаа аж.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмидийн зургийн дагуу, нэг хонхон дээр нь Гоо маралын дүрсийг, нөгөө дээр нь Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон уг хонхыг бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг шүүнэ

“Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох, биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэсэн хэргийг өнөөдөр 13.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүх гэж байна. Хурлыг хойшлуулах хүсэлт шүүгдэгчдийн зүгээс ирүүлээгүй байна. Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд болсон анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон малчныг олжээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баянбадрал багийн нутаг “Цайдмын замын бууц” гэдэг газар малчин О /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг мөн тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Онцгой байдлын зургаан албан хаагч ажиллаж, мөн өдрийнхөө 23:06 цагт гэрээс нь баруун урд зүгт 5.5 км зайтай газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргалаа. Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг. Ийнхүү замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07, 14-ний Бямба гарагуудад, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны 2 дугаар сарын 01, 08, 15-ны Ням гарагуудад өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийхээр боллоо.

Захирамжид:
“1.Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон худалдааны төв, захуудын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, амралтын өдрүүдээр буюу 2015 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07, 14-ний бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 02 дугаар сарын 01, 08, 15-ны ням гаригуудад авто машины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг /Н.Гантөмөр/, Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Б.Бадрал/-т тус тус үүрэг болгосугай.
2. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07, 14-ний бямба гариг, 02 дугаар сарын 01, 08, 15-ны ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, шаардлагатай тэмдэг, хаалт байрлуулахыг “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус үүрэг болгосугай.
3.Томоохон худалдааны төв, захууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллах, зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, авто машины зогсоолд нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл сааталүүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг худалдааны төв, захуудын эзэд, удирдлагуудад үүрэг болгосугай.
4. Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлыг хавсралтаар баталсугай. Өргөтгөсөн худалдааг 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохионбайгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5.Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах, гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг хангаж ажиллахыг “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
6. Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт /Чулуун овооны уулзвараас баруун тийш Нийслэлийн өргөн чөлөөний зүүн тал, Дүнжингаравын замын хойд хэсэг/ бүх жин 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 07.00 цагаас 22 цагийн хооронд явуулахыг хязгаарлах зохион байгуулалтын арга хэмжээ авч, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/, шаардлагатай газруудад тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/, тэмдэг байрлуулах ажилд хяналт тавихыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
7. Дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүд болон сар шинийн баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллах замын цагдаагийн алба хаагчид болон авто тээврийн хяналтын улсын байцаагчийн хоолны зардлыг хоёрдугаар хавсралтаар баталсугай. Замын цагдаагийн алба хаагчид болон авто тээврийн хяналтын улсын байцаагчийн хоолны13945900 /Арван гурван сая есөн зуун дөчин таван мянга есөн зуун/ төгрөгний зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
8.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Хэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.” гэжээ

Categories
гадаад мэдээ

Эболагаар 8795 хүн нас баржээ

Эболагийн халдвар авсан 22057 тохиолдол бүртгэгдсэнээс 8795 нь нас барсан гэж ДЭМБ мэдээллээ. “Эбола” вирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн хамгийн их нь Либерид буюу 8622 халдвар авсан тохиолдол бүртгэгдсэний 3686 нь нас барсан байна. Сьерра-Леон улсад 10518 хүн халдвар авснаас 3199 нь нас барсан бол Гвинейд 2917 тохиолдол бүртгэгдэж 1910 нь нас барсан аж.Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи, АНУ-д “Эбола”-гийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийт 12 өрөөтэй, саруулхан байшингаа 36 м.кв умгар орон сууцаар солих тэнэг байх уу?

-ГАЗРАА 500 САЯ ТӨГРӨГӨӨС ХЯМД ҮНЭЭР ӨГӨХГҮЙ-

Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт 2800 айлын “Хангай” хотхоны бүтээн байгуулалтыг хийхээр газар чөлөөлж байгаа. Тэнд газраа чөлөөлөхгүй гэсэн айл цөөнгүй байгаа аж. Хамгийн өндөр шаардлага тавьж байгаа айл нь 500 сая төгрөг нэхсэн гэнэ. Тэднийх барилгачдын IV гудамжинд амьдардаг. Ха­шаа нь зам дагуу. Газ­рынх нь хэмжээ том биш ч хоёр давхар, мансардтай тохилог бай­шинтай юм. Гэрийн эзэн Ж.Түмэннасантай ярилцлаа.

-Танайхыг газраа чөлөөлөхгүй байна гэж сонслоо. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчидтэй хэл амаа олохгүй л байна уу?

-Худлаа ярьж байгаа юм. Тэд нэг л удаа ирсэн. Өнгөрсөн жил ирэхэд нь “Та нар авч чадвал тохирно” гээд явуулсан. “Бэрэн” констракшн газар чөлөөлж, борлуулалт хийж байгаа гэж сонссон. Миний ойлгосноор тэд газар чөлөөлөх нэрийдлээр дундаас нь мөнгө босгоод, цаанаа худлаа үнэн яриад явдаг байх.

-Таныг газраа хагас тэрбум төгрөгөөр үнэлж байгаа. Тийм мөнгөөр худалдаж авах боломж байхгүйгээс газар чөлөөлөх ажил гацаж байгаа гэх юм.

-Манай байшин доороо гарааш, зоорьтой. Хоёр давхар байшин 10 өрөөтэй. Мансард нь хоёр том заалтай. 12 саруулхан өрөөтэй байшингаа хоёр өрөө умгар орон сууцаар сольдог тэнэг гэж байх уу. Би энэ хөрөнгөө хамгийн багадаа 500 сая төгрөгөөр үнэлж байгаа. Үүнийгээ хаана ч хэлнэ. Иргэн хувьдаа өмчтэй байхыг хүлээн зөвшөөрсөн ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Зайсанд орон сууц, хаусны м.кв талбайн хамгийн бага үнэ нь 2.5 сая төгрөг байгаа. Энд барьж байгаа “Хангай” хотхоны нэг метр.кв талбайн үнэ 1.8 сая төгрөг гэнэ лээ. Байшингийнхаа талбайн хэмжээгээр үнэлсэн ч 500 сая төгрөг болно. Би санаанаасаа зүгээр нэг их тоо зохиогоод хэлчихсэн юм биш. Бодитоор үнэлсэн. Ингэлээ гээд адлаад байх шаардлага байхгүй л болов уу. Харин зах зээлээс хямд үнээр өгөх гэж байгаа шүү. Нийслэлийн зах Баянхошуу, Зүүн салаанд манайх шиг байшинтай хашаа 200-300 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа.

-Таны хэлсэн үнээр авъя гэвэл газраа чөлөөлөх үү?

-“Бэрэн” констракшнаас гадна хоёр ч компани санал тавьж нэг, нэг удаа уулзсан. Үнэ тохирвол би газраа өгнө. Бүтээн байгуулалтыг эсэргүүцээд хойш суугаад байгаа юм биш. Хүний хөрөнгийг бодитоор үнэлээсэй л гэж байгаа юм.

-Танай газрын хэмжээ хэд билээ?

-490 метр.кв. Өнгөрсөн жил би хашаа, байшингаа 450 сая төгрөгөөс яриад 400 сая төгрөгт өгнө гэж хэлж байсан. “Бэрэн”-гийн залуучууд толгойгоо бариад л тийм юм байхгүй гээд явсан. Тэгээд л таг. Одоо бол 500 сая төгрөгөөс хямдруулахгүй.

-Төсөл хэрэгжүүлэгчид танай газрыг ямар үнээр авъя гээд байгаа юм бол?

-Нийтийн орон сууцны хоёр өрөө байраар солих юм гэнэ. 12 өрөө байранд амьдарч байсан айл 38 м.кв талбайтай умгар хоёр өрөө байранд амьдарч чадах уу. Тийм солио хийх тэнэг гэж байх уу. 36 м.кв хоёр өрөө байр бол тохилог сууцны ариун цэврийн өрөөнөөс жижигхэн шүү дээ. Цагаан сар болохоор ах дүү нараа гадаа зогсоож байгаад тав, таваар нь оруулахгүй бол багтахгүй юм билээ. Төсөл хэрэгжүүлж байгаа гэх “Бэрэн” констракшны залуучууд хүний өмчийг үнэлж мэддэггүй юм байна. Амьдрах орчноо бүрдүүлэхийн тулд яаж хөдөлмөрлөснийг тэд мэдэхгүй л дээ. Төр төлөөлж байгаа нөхдүүд тийм л дээрэнгүй байдаг.

-Танайх эндээ хэдэн жил амьдарч байгаа вэ. Байшингаа бариад удаж байгаа юу?

-20 гаруй жил амьдарч байна. Энд шинэ зам тавигдаагүй байхад би хоёр давхар байшингаа барьж байлаа. Тэр үед мөнгөний ханш чанга байсан. Зээл авч байгаад 55 сая төгрөгөөр бариулж байсан. 40-60 жилийн баталгаатай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл бидэнтэй уулзалт хийхдээ “Та нар газраа м.кв-ыг нь нэг сая төгрөгөөр өгөхөд багадна шүү” гээд газраа үнэ цэнэтэй байлгахыг зөвлөж байсан нь саяхан. Надад ч миний үр хүүхдэд ч ийм “А” бүсэд байрлал сайтай газар олдохгүй. Гадаадын орнуудад газар хамгийн үнэтэй хөрөнгө байдаг. Хэдэн үеэрээ тэр газрынхаа л үр шимээр амьдардаг биз дээ. Бид ч гэсэн тэгэхийг хүсч байна. Орон сууц бол нийтийн л юм шүү дээ. Иргэд яагаад хувьдаа байшинтай байж болохгүй гэж.

-Дэд бүтцийг нь шийдээд өгвөл энэ байшиндаа амьдармаар байна гэж үү?

-Тэгэлгүй яах вэ. Долоон жилийн өмнө Ерөнхий сайд асан Сү.Батболд нар энэ хорооллыг барихаар болсон гээд л зураг хөрөг даруулаад сүйд болсон. Одоо ч ажил болоогүй байна. Өмнөх сонгуулиар шал өөр асуудал яригдаад эхэлсэн. Дэд бүтцийг нь шийдээд, амины орон сууцандаа тохилог амьдруулах талаар яриад л сурталчлаад байсан биз дээ. Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Гантөмөр бидэнтэй уулзалт хийхэд би “Манай байшинг яах юм бол” гэж асуухад “Асуудалгүй шүү дээ. Танай байшинг буулгана, түрнэ гэсэн асуудал байхгүй. Дэд бүтцийг чинь үнэгүй холбоод өгчихнө” гэсэн. Гэтэл одоо хороолол ч боссон юм байхгүй, хогийн цэг болж байгаа биз дээ. Нөгөө дэд бүтэц ч сураггүй. Төрийн амласан ажил бүтдэггүйг харуулж байгаа хэрэг. Ийм байхад хэнд итгэж гэр орноо хаяад хаашаа нүүх юм бэ. Газраа өгсөн хөрш минь дөрвөн жил хууртлаа. Байрандаа орж чадаагүй байхад эхнэр нь нас барсан. Байдал ийм л байна. Тэгсэн атлаа олон түмэнд “Эднийх л шавар хаагаад бүтээн байгуулалт зогсоогоод байгаа юм” гэж худлаа ярихыг яана. Төр хэлсэндээ, хийсэндээ байдаг бол аль хэдийнэ бүх юм ном дүрэмдээ орчих байсан.

-Танайх эндээ бас үйлдвэрлэл эрхэлдэг гэсэн үү?

-Зоорийн давхартаа тавилга үйлдвэрлэдэг. Хүүхдүүд минь тавилгын наймаа хийдэг юм. Умгар орон сууцанд орчихвол ажлаа хаана хийх билээ. Дээр нь мансардны хоёр өрөөгөө түрээслүүлдэг. Байшингийнхаа дэргэдэх амбаарт бас айл суулгана. Сардаа 1.2 сая төгрөг олчихдог юм. Тэр мөнгөнөөсөө салчихвал яаж амьдрах билээ. Амьдрал ойлгохгүй, төрийн нэр барьсан хэдэн нөхдүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр том яриад биднийг л хотын хөгжилд саад болоод байна гэх юм. Би ч гэсэн хэдэн төгрөг өгөөд үнэнийг яривал ярина шүү дээ. Гэхдээ урагшилдаггүй, хэлсэн нь ажил болдоггүй, худалч нөхдүүдтэй зарга хийж цаг алдах шаардлага алга.

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ