Буудлагын шигшээ багийн тамирчид энэ сарын 24-31-ний өдрүүдэд Кувейтэд болох Хааны нэрэмжит олон улсын гран-при тэмцээнд оролцохоор болжээ. Уг тэмцээнд О.Гүндэгмаа, Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нар онч мэргэнээ сорих юм.
Month: January 2015
АНУ-ын Үндэсний Прокуроруудын холбооноос санхүүжүүлж буй прокуроруудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр 2015 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс зургадугаар сарын 7-ны өдрийн хооронд АНУ-ын Вашингтон хотод зохиогдох юм байна.
Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр дуусах ажээ. Иймд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.naag.org/international-fellows-program.php хаягаар орж үзэх боломжтой ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны нэгдүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр зорилоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний дараа нэгдүгээр сарын 21-24-нд Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм.
Цаг агаарын байдал цагаан сарын буузанд ч яах аргагүй асуудал үүсгэж мэдэхээр байна шүү. Нийт нутгаар өмнөх жилүүдийнхийг бодвол харьцангуй тогтуун сайхан байгаа. Говийн аймгуудаар бүр нэмэх хэмтэй өдрүүд ч байсан. Идэр есийн хүйтэн шувтрахад Монгол түмэн маань сар шинийнхээ баяртай золгоно. Энэ янзаараа налайсан өдрүүд үргэлжилбэл бууз, банш хөлдөж өгөхгүй шинжтэй дэг ээ. Тээр жилийн сар шинийн баяр санаанаас минь огт гардаггүй юм.
Цагаан сар ч гуравдугаар сар дөхөж болсон байх. Бууз, банш хөлдөж өгдөггүй. Дэмий амсар нь хатаад байдаг. Дээр үеийн орос хөргөгчний хөлдөөгчинд юу шальтай оров гэж дээ.
Гаднах температурт хөлдөхгүй байгаа буузаа хөлдөөгчиндөө цөөн ширхгээр нь хийж аваад л хөлдөөмөөр аядаад шуудайлаад байлаа. Шинийн нэгний өглөө зочин гийчиндээ буузаа жигнэж өгөх гэтэл бүгд хоорондоо наалдчихаж. Баарцагласан нэг том бууз болчихсон байж билээ. Одоо ч тэр үеийг бодвол бэлэн үйлдвэрийн бууз гэж сайхан юм элбэг болсон. Ажил алба ихтэй хот суурин газрын мань мэтийн хүмүүст бэлтгэсэн бууз, банш авчихаар амар байдаг юм. Цагаан сарын нөр их бэлтгэлийн ажил хөнгөрөөд л явчихна. Үйлдвэрийн бууз болгон адилгүй. Орц, найрлага, амт чанарыг судалж, сонголт хийнэ гэдэг түвэгтэй. Монголчууд сар шинийн бууз банш ямар байхаас тухайн жилийн өнгөө тодорхойлдог уламжлалтай ард түмэн. Өнөө жилийн цагаан сарын бууз, баншны амтыг “Махимпэкс” компанийн “Нүүдэл” брэнд өнгөлнө гэдгийг “Танайд өнжье” буландаа онцлон хүргэж байна. Эдний бүтээгдэхүүн хэрэглэгчдээс авсан судалгаа, амталгаагаар олны сэтгэлд таашаагдсаар ирсэн. Тиймээс “Нүүдэл” бууз, баншийг хэрэглэгчид сэтгэлд өег гээд шуудсонгож байгаа. Дан ганц бууз, банш гэлтгүй “Мах импэкс”-ийн хиамнууд ч дэлгүүрийн лангуун дээрээс хамгийн түрүүнд дуусчихсан байдаг. Үнэхээр амт чанараараа тасархай юм чинь мэдээж шүү дээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний ууган компанийн гал тогооны ажил хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа. Тус үйлдвэрт үүр цайхаас үдшийн бүрий хүртэл бүтэн нэг өдрийн турш өнжсөн тэмдэглэлээ хуваалцаж байна.
ӨГЛӨӨТЭЙ УРАЛДАХ ҮЙЛДВЭРИЙНХЭН
Таван шард байрлах “Мах импэкс” компанидманай сурвалжлах баг 06.20 цагт очлоо. Борлуулагч, түгээгчид аль хэдийнэ ирчихэж. Тун их ажилтай хүмүүс нааш цааш сүлжилдэнэ. Шинэхэн бүтээгдэхүүний ачилт ид явагдаж байлаа. Ер нь үйлдвэрийн ажил эндээс л эхэлдэг байна. Хиамнуудаа нэр төрлөөр нь ангилан сагснуудад хуваан хийжээ. Электрон пүү дээр тавьж жинлэнэ. Нярав, борлуулагч хоёр ширээний ард суучихсан зэрэг тэмдэглэл хөтөлнө. Нэг сагс бүтээгдэхүүн гэхэд 20-30 кг татаж байна лээ. Эдний үйлдвэрийн эртэч хүмүүсийн нэг борлуулагч Ш.Чанцалдорж гуайтай уулзлаа. Тэрбээр 1979 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэртээ технологичоос авахуулаад цехийн дарга хүртэл ажиллаж байсан нэгэн.Өглөө бүр 06.00 цаг гэхэд ирдэг тэрбээр ажлынхаа онцлогийн талаар сонирхуулахдаа “Ах нь гэрээсээ 05.30 цаг гэж гараад ажил дээрээ ирнэ. Бүтээгдэхүүнүүдээ хүлээж аваад дэлгүүрүүддээ хүргэнэ дээ. Миний хувьд 50 гаруй дэлгүүрт борлуулалтаа хийнэ. Манай бүтээгдэхүүн амт, чанарын хувьд бусад үйлдвэрийнхээс шал өөр байдаг юм. Тиймээс дэлгүүрүүд дуртай авна, бүтээгдэхүүнтэй буцаж ирнэ гэсэн ойлголт байхгүй” гэв.
Ийнхүү гадаа нэг цуваанд орон зогсох түгээлтийн машинуудад 07.25 цаг гэхэд бүтээгдэхүүнээ ачиж дууслаа. Эдний бүх ажил хуваарийн дагуу явагдана. Минут, секундээр хэмжигдэнэ гээч. Хэрэглэгчдийнхээ өглөөний цайг хоцроохгүй гэж ургах нартай уралдан ажиллацгаана. Бүтээгдэхүүн зайгүй ачсан арав гаруй машин 07.30 цагт хөдөллөө. Тэд нийслэлийн зургаан дүүрэгт бараагаа хүргэдэг. Эднээс гадна орон нутгийн түгээгчид гэж тусдаа байна. Налайх, Багахангай, Багануур гээд алслагдсан дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод аймаг руу ч бүтээгдэхүүнээ түгээж байгаа гэсэн.
“МАХ ИМПЭКС”-ИЙН ДОТООД ХЯНАЛТЫГ МАГТЪЯ
“Мах импэкс”-ийн 16 нэр төрлийн хиам үйлдвэрээс борлуулалтад гарахдаа олон шат дамжлага давдаг юм билээ. Мэдээж, бүтээгдэхүүн болгоноос дээж аваад тэрийгээ хадгална. Дээрээс нь дотоод лабораторидоо шинжилгээ хийнэ. Химийн болон микробиологи гэсэн хоёр хэсэгтэй. Хяналт, шалгалт нь чанга гэж жигтэйхэн. Яг л мэргэжлийн хяналтынхан гэсэн үг. Бүтээгдэхүүнд нэг л үл тохирол илрэхэд тэр төрлийг зөрчил дутагдлаа арилгатал нь худалдаанд гаргахыг тас хорьчихдог гэсэн. Нэгэнт л хүний эрүүл мэндтэй холбоотой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улс чинь ингэж ажиллахгүй гээд ч яах билээ. Хамгийн чухал нь эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийн тулд лаборатори найдвартай, баталгаатай байх учиртай. Эдний лаборатори хүнсний бүтээглэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлдог ХБНГУ-ын иж бүрэн компьютерийн удирдлага бүхий тоног төхөөрөмжтэй. Түүнчлэн ажилчдын хувцас, үйлдвэрлэлийн орчноос тогтмол шинжилгээ авч, ариун цэвэрт хяналт тавьж ажилладаг болохыг Лабораторийн эрхлэгч, доктор профессор С.Уянга ярилаа. Сонирхуулахад тус лаборатори Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс зохион байгуулдаг шинжилгээний ур чадвар үнэлэх шалгалтадбайнга 90-100 хувийн гүйцэтгэлтэйгээр оролцдог байна.
Лабораторийн шинжилгээнд орсон ч гэсэн бүтээгдэхүүнийг ачихаас өмнө төмөр сав барьсан, цагаан халадтай эмэгтэй орж ирээд сагсанд хийсэн хиамнуудыг нэг бүрчлэн эргүүлж тойруулан харж, нэр төрөл болгоноос зүсч авч байсан нь лабораторийн ажилтан байжээ. Тэрбээр хиамнуудад мэдрэхүйн эрхтний шинжилгээ хийж үнэлгээ өгдөг байна. Амт, үнэрээс нь хужир тунг хэрхэн тааруулсныг гаргаахгүй сайн мэднэ. Хэрэв жаахан асуудал гарах юм бол тухайн бүтээгдэхүүнд хориг тавих бүрэн эрхтэй.
“Махимпэкс” компанийн Малын их эмч Л.Дуламжавын ярьснаар лаборатори бэлэн болсон бүтээгдэхүүнийг шинжлэхээс урьдаар гаднаас ирэх түүхий эддээ их анхаарал тавьдаг байна. Ийнхүү нарийн хяналт шалгалтыг давсан сайн чанарын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд хүрэхээр замдаа гарлаа. Гадаа гэгээ орохтой зэрэгцэн “Махимпэкс” компанийн хөл хөдөлгөөн ч нэмэгдэв. Үйлдвэрийн ажил 08.00 цаг гэхэд ерөнхийдөө жигдэрдэг юм билээ. Хиам болон бууз баншны үйлдвэрлэлт хэрхэн явагдаж байгаа шат дамжлагыг сонирхлоо. Цехүүд сэрүүн, шал нь нойтон байгааг тодруулахад “Тогтмол усаар цэвэрлэгээ хийх ёстой. Мөнхалуун орчинд нян үрждэг болохоор сэрүүн нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг” гэж технологичид тайлбарлав.
“НҮҮДЭЛ” БУУЗАНД ЭЛДЭВ АМТЛАГЧ ХОЛЬДОГГҮЙ
“Мах импэкс” компани “Нүүдэл” нэртэй бууз, банш худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Үндэсний брэнд бүтээгдэхүүн болсон “Нүүдэл” бууз, баншийг үйлдвэрлэж байгаа цех рүү ортол ихэд дотно санагдлаа. Цагаан сар дөхөхөөр аав, ээж, ах, эгч нартайгаа ширээ тойрон сууж байгаад буузаа хийдэг багын дүр зураг буув. Тэнд цагаан халат, малгай өмсч, амны хаалт зүүсэн бүсгүйчүүд буузыг чамбай гэгч нь “урлаж” байлаа. Томоос том ванданг тойрон сууцгаажээ. Есөн өөр хүн чимхэж байгаа хэрнээ яг л нэг гараар хийсэн шиг хийцтэй. Нэгэн жигд тасдсан гурилыг гурван эмэгтэй элдэх гэж хурдан юм. Гараар элдсэн буузны гурилны ёроол салж унаад байдаггүй давуу талтай. Ингэж элдэхийн өөр нэг онцлог нь гурилны нимгэн зузааныг гарын мэдрэмжээр тааруулдагт байгаа юм. Бууз, баншаа “Милл хаус” үйлдвэрийн дээд зэргийн гурилаар хийж байгаа болохоор урсч, наалдана гэсэн асуудал гарахгүй гэж хариуцсан технологич Ц.Цэрэнлхам бидэнд өгүүлэв. Харин баншны хувьд чимхэлт нь автомат машинаар жигд дараад гаргаж байна лээ. “Нүүдэл” брэндийн жорыг танилцуулахад дээд зэрэглэлийн гурил, тарган хонь, үхрийн мах, сүүл, сонгино, гоньд, давс. Яг л бидний гэртээ хийж иддэг буузны жор байгаа биз. Өөр ямар нэгэн амт оруулагч байхгүй. Монгол буузны амт, жорыг хадгалдаг болохоор эдний бууз бусдаас ялгардаг ажээ. Чимхэж бэлтгэсэн буузаа хасах 30 хэмийн хөлдөөгчинд гурван цаг болгоход тэс хөлддөг юм билээ. Ер нь орчин цагт гэртээ ул боов хийдэг айл үлдээгүй шиг бууз хийх завтай хүн тун цөөхөн биз. Цаг заваас гадна зөвхөн Улаанбаатар гэхгүй Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гэх мэт хот суурин газрын хүмүүс бууз хийгээд хөлдөөх аргагүй болсон. Жилээс жилд нэмэгдэж байгаа утаанд уушги, ходоодоо зэрэг хордуулаад яахав. Иймд баталгаатай газар үйлдвэрлэж, зориулалтын орчинд хөлдөөсөн, үндэсний манлай үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн болох “Нүүдэл” брэндийн бууз энэ жилийн сар шинийн баярын буузны амтыг өнгөлөх нь тодорхой. Ер нь тэгээд хүн хүч, явдал чирэгдэл болж гэртээ хийснээс бэлэн бууз худалдаж авсан нь биед амар. Зардал мөнгөний хувьд дүндээ дүн болж байна лээ. Уншигчид маань харьцуулаад үзнэ биз. “Нүүдэл” бууз нэг кг нь 6600 төгрөгийн үнэтэй гэсэн. Мянган ширхгийг авахад 260,000 орчим төгрөг болно. Гэртээ 1000 бууз хийхэд ч ай даа мөн их ажил болно доо. Зах руу явж мах сонгоод, гурилаа шилээд, хамжиж чимхэх хүн дуудаад…
“Мах импэкс”-ийн бууз, банш хийдэг Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехэд бас хуушуур, котлет, бургер, бөөрөнхий мах үйлдвэрлэдэг юм билээ.
ОРГАНИК ОРЦТОЙ ОЛОН ТӨРЛИЙН ХИАМ ШИНЭЭР ХИЙНЭ
“Махимпэкс” компани өнгөрсөн оноос “ISO 9001” чанарын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн бол 2007 оноос техник технологио шат дараатай бүрэн шинэчилжээ. Герман, Австри зэрэг улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нь өдөрт 15 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Бүтээгдэхүүн боловсруулах бүхий л үйл явц дамжлага нь автомат болохоор ажлын бүтээмж ч жигд явагддаг байна. Дээрээс нь ариун цэврийн шаардлага хангахдаа стандартыг давуулан биелүүлнэ үү гэхээс цалгардуулахгүй.
1946 оноос өрхөө татсан “Махимпэкс” гэдэг энэ айл мах бэлтгэх бүхэл бүтэн том баазтай. Хөдөө орон нутгаас мал махаа бэлтгэхдээ тарга тэвээргийг нь чухалчилдаг ажээ. Манай сурвалжлах багийг үйлдвэрт өнжиж байхад мах бэлтгэлийн өрөөнд тарган, тарган хонины гулууз олноор нь өлгөсөн харагдав. Тэнд махны гадна талыг арчиж цэвэрлэж байхад нөгөө талд шулж сортолж байлаа. Үйлдвэрлэж байгаа хиамныхаа төрлөөс хамаарч махнуудаа ангилан ялгадаг байна. Махаа жинлээд холигч машин руу хийх аж. Бүх тохируулга нь автомат болохоор холигчид хийсэн маханд ямар хэмжээний давс, нитрит орох шаардлагатай гээд жорыг нь заадаг. Ингээд жорын дагуу хольсон махаа сэврээх өрөөнд хадгалдаг байна. Энэ өрөө нь стандартын дагуу тохируулсан температуртай. Олон тасалгаатай вандангууд дээр бэлтгэсэн хиамны махаа төрөл бүрээр нь ангилан тавьжээ. Тухайлбал, “Зочид”, “Утлагат”, “Хүслэн”, “Аялал” гэх мэтээр ялгасан харагдав. Ингэж махыг 24 цаг амрааснаар өнгө, ус шингээх чадвар нь сайжирдаг ажээ. Тэнд амарсан мах бүтээгдэхүүн болохоор дараагийн шат дамжлага руу шилжинэ.
Хиаман цехэд ч үйлдвэрлэлт нэлээд эрчимтэй явагдаж байлаа. Ургамлын гаралтай сайн чанарын шар буурцагны уургийг хиамандаа хольдог юм билээ. Ийм байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг болохоор “Махимпэкс”-ийн хиамнууд уураглаг чанар нь өндөр байдаг юм байна. Ингээд төрөл бүрийн хиамнуудаа үйлдвэрлэнэ дээ. Өргөн, нарийн, өндөр, нам гээд л. Гадна талын бүрхэвчээс хамаарч янз бүрийн хэлбэртэй дүрстэй хиамнууд бий болох нь тэр. Бүрхэвчний хувьд ОХУ-ын “Атлантис-Пак” үйлдвэрт захиалж хийлгэдэг. Хэвэнд шахаж бэлэн болгосон хиамнуудаа Германы “Бастра” фирмийн утлага, чаналганы камерт оруулна.
“Махимпэкс”-ийнгайхалтай нэг бүтээгдэхүүн бол төрөл бүрийн утлагат мах. Утлагат махны цехэд ортол гахайн цоройг олноор нь өлгөсөн харагдав. Утаж бэлэн болгосон гахайн цоройг хэрчээд савлаж байлаа. Гахайн махаа тэд Европын холбооны улсуудаас импортолдог гэсэн. Гахайны аж ахуй эрхэлдэг дотоодын компаниудын хувьд эдний хэрэгцээг нь хангаж чадахгүй аж. Мөн тус үйлдвэрийн царцаамаг, гүзээ, цусан хиамнууд нь эрэлт ихтэй байдаг. Дотор махан бүтээгдэхүүний цехийн технологич Б.Туяа энэ талаар ярихдаа “Эдгээр бүтээгдэхүүнүүд нь коллегин, төмөр ихээр агуулсан болохоор цус багадалтаас сэргийлж, эрүүл мэндэд ач тустай” гэлээ.
Аливаа бүтээгдэхүүний амт, чанар нь жорноос шууд хамаардаг. Тэгвэл “Мах импэкс”-ийн хиамнуудын жорыг Ж.Алтанцэцэг хэмээх бүсгүй “барьдаг”. Тэрбээр энэ үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Жорны өрөөний хаалгыг татангуут төрөл бүрийн ногооны үнэр сэнхийв. Германы “Могунциа” фирмийн жор амтлагчийг хэрэглэдэг байна. Найрлагад заасан норм, хэмжээний дагуу тэр жороо бэлтгэдэг байна.
Тус үйлдвэр байнга л шинэ жор бүхий хиамнуудыг туршдаг гэсэн. Лаборатори ч байнгын ажиллагаатай болохоор энэ тал дээр судалгааны ажлууд их хийгддэг байна. Одоогоор дөрвөн шинэ төрлийн хиамны туршилт хийж байгаа аж. Улаан лоольтой, коньяктай, сармистай, өргөст хэмхтэй хиам шинээр худалдаанд гаргахаар бэлтгэж буй гэнэ. Биднийг өнждөг өдөр эдгээр хиамны амталгаа явагдсан юм. Өвөрмөц содон амттай санагдав. Худалдаанд гаргавал борлуулалт ч сайн байх нь дамжиггүй. Гэхдээ технологичид хэсэг хугацаанд олон дахин туршиж байж зах зээлд нийлүүлэх тухай хоорондоо ярилцацгааж байна лээ.
Шинэ төрлийн хиам худалдаанд гаргахаар ийнхүү байнга туршихаас гадна уламжлалт хиамны амтыг хэвээр нь хадгалахыг хичээдэг тухай тэд ярив. Хуучны долоон төгрөг 20 мөнгөний хиам одоо тэр амтаараа “Аялал” нэртэйгээр үйлдвэрлэгдэж байгааг технологич нар онцоллоо.
ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ ӨНӨР ГЭР БҮЛ
“МАХИМПЭКС”
Далан жилийн түүхтэй “Мах импэкс” компанийн хувьд олон зуун айлын амьдралыг “хариуцаж” байгаа. Тиймээс ажилтнуудынхаа ахуй амьдрал, боловсрол, эрүүл мэндэд нь ихээхэн анхаардаг ажээ. Тухайлбал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес клуб ажиллаж байсан. Мөн аэробик танхим, саун, дүш гээд цөм бий. Бас мэргэжлийн багш ажилтнууддаа хичээл заадаг юм билээ. Эрүүл хүн эрүүл хүнс үйлдвэрлэх учраас спортыг чухалчилсан хамт олон ажээ.
Олон жилийн түүхтэй “Махимпэкс” компанийн боловсон хүчнүүдийн тухайд ихэнх нь хуучны гэгдэх хүмүүс. Тэд залуу хойч үеийнхэндээ зааж сургаж өөрсдөө ч, сэтгэл хангалуун ажилладаг ажээ. Түүнчлэн гэр бүлээрээ, 2-3 үеэрээ энэ үйлдвэртэй амьдралаа холбосон хүмүүс ч олон байгаа ажээ. Харин маркетингийн албаныхны хувьд шижигнэсэн залуус байв. Тэд 07.00 цаг гэхэд цуглацгаадаг юм билээ. Ингээд л бүтээгдэхүүнийхээ борлуулалт, судалгаа зэргийг нягт нямбай ярилцаж, санал солилцож байсан шүү.
Өглөө болгон таны ширээн дээр алаглах амтат хиам, бууз, банш, махан бүтээгдэхүүнүүдэд энэ үйлдвэрийн 300 гаруй хүний сэтгэл, хөдөлмөр зүтгэлшингэн бэлэн болдог юм байна. Үүрийн гэгээгээс үдшийн бүрий болтол хэрэглэгчдийнхээ төлөө мандах нартай уралдан ажилладаг “Мах импэкс”-ийнхэнд ажлын амжилт хүсээд сурвалжлагаа өндөрлөсөн юм.
М.МӨНХЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-р хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, АНУ-ын Азийн сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга оролцов. Энэхүү хогийн цэгийг хог тээврийн машин техник хүрэх боломжгүй, хог хаягдал ил задгай ихээр үүсдэг газруудад байгуулж байгаа юм. Тус хогийн цэгт иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна хогийн бункерээс хогны машин хогоо ачихад хялбар байхаар хийжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү хогийн цэгийн ашиглалт, үйлчилгээг хариуцах бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Хоёр дахь боловсон хогийн цэгийг Хан-Уул дүүргийн 13-р хороонд барихаар төлөвлөжээ.
Зөв зүйн хүн
-МЭДЛЭГИЙН АРАЛ, ХҮНИЙ ТУЛХ-
Ажил үйл, зарчим нь анхнаасаа зөв, чин сэтгэлээсээ явсан хүн амьдралын сайхныг алгуураар боловч, төгс төгөлдөр бүтээдэг. Тун саяхан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртэж, төрдөө үнсүүлсэн Алмаликын Тлейхан гуайн амьдрал, замналын түүхийг харахад эрхгүй ингэж бодогдож байна. Түүний явсан зам, өрнүүлсэн үйлс бадрангуй, басхүү бахархмаар.
Тэрбээр эх орны баруун хязгаар Баян-Өлгийн Цэнгэл суманд аавын гэрт, хөх бууцын элгэнд төрсөн хүмүүн юм. Буянт малын өтөг бууц дулаан, халуун илчтэй. Тэрхүү дулаан илчит хөр нуугисан халуун ахуйд төрөхөд Алтайн сүндэрлэн зэвлэгч ноёлог уулс тунгалаг болоод зэрлэг салхиар наадан байсанд юун эргэлзэх. Энэ л утга үүтгэл нь түүнийг эрчим хүчний шинжлэх ухаан, үр өгөөж, бүтээмж, түүний аргачлал үйлдлийг залуурдахуйн үрийг өгсөн мэт санагдана аа.
А.Тлейхан гуай МУИС-ийг Үйлдвэрлэлийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр улирагч 1976 онд төгсөөд, улмаар 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг мөн Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр амжилттай дүүргэсэн юм. Нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэл хэмээх бүхнийг тэтгэгч баялгийг бүтээхүйг нэг мөр оюун тархиндаа дүүргэсэн, өвч эзэмшсэн билээ. Дулаан хангамж, эрчим хүч, эдийн засаг, энэ бүхэн чухамдаа алив улс орон, үндэстний оршихуйн амин тулгуур.
Залуу А.Тлейхан ажлын гараагаа IIIцахилгаан станцын зуухын цехэд ээлжийн мастераар эхлэв. Алив ажлын туршлагыг ширхэглэн мэдэх нь эхний шатаас эхлэх дамжиггүй. Сурах, бүтээлцэх, бүтээлчээр дадах он жилүүд нь ингэж эхэлсэн. Гал асах, дулаан ялгаруулах энэ анхны дамжлага ажилд нэг жил ажиллаад, улмаар мэргэжлээрээ ахин цехийнхээ ашиглалтын мастер, ахлах инженерийг дөрвөн жил эрхлэн гүйцэтгэв. Цагийн, ур чадварын шалгуур хатуу тэр он цагт ийнхүү дэвшин ажиллах нь түүний уйгагүй эрэл, мэргэшин гүйцэтгэх төгөлдөршил, авьяаслаг ажилчин байсны тухайд л зүй ёсоор хамаарна. Үүнээс цааш тэрбээр өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлж, зуухны хоёрдугаар цехийн дарга, станцынхаа үйлдвэр техникийн дарга, ерөнхий инженерийн ажлуудыг шат дараатай тогтвортой эрхэлсээр, дэвшлийг олсоор 1990 оноос таван жил станцынхаа даргын ажлыг хийлээ. Зуухан цехээс эхлээд дарга болтлоо дэвшихдээ бүхий өсөлтийн шат дамжлагыг дамжиж дулааны станцын залуурыг амьдрал практикт бүрнээ эзэмшив. Түүнчлэн станцын ХОТШ төвийн захирлаар ажиллав. Энэ амжилтыг эрдэм мэдлэг, бусдыг үлгэрлэн сайнд манлайлснаараа бий болгосоон. Энэ л сайхан.
1996 оноос А.Тлейханы авьяас чадварыг түлш эрчим хүчний салбарынхан бодлогын түвшинд ашиглахаар шийджээ. Энэ ч зүй юм. Тэр бол бүрэн итгэл даах шалгуурыг хөдөлмөрөөрөө харуулсан. Станцдаа Эдийн засгийн хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр ажилласан түүнийг мөн дараа оноос нь Эрчим хүчний удирдах газарт хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга болгов. Хоёр жил ажиллаад байтал Эрчим хүчний удирдах газрын Захиргаа удирдлагын албаны даргад итгэл хүлээлгэв. Мөн гурван жил ажиллатал Түлш эрчим хүчний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, улмаар Түлш эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч даргын албыг хашив, 2008 оныг хүртэл. Юутай бахархалтай он жилүүд, хөдөлмөрийн хүний яруу зам бэ гэж эрхгүй асуумаар. Нэг албанд хоёроос гурав, гурваас дөрвөн жил тогтвор суурьшилтай үргэлж өсөн дэвжсэн энэ хандлага нь үнэндээ өө, эвийг тэгш даран ээрүүлдэж, өвч төгс эмээл хазаар бэлдэхүйд боловсруулалт ханасан сур лугаа адил юм. Тэр салбартаа өөрийгөө тунхагласан, хүлээн зөвшөөрөгдөх бүх түвшинд зөвшөөрөгдсөний улмаас Монгол төр түүнийг эрх барих сэнтийд урьсан юм. Унаган намаасаа итгэл авч, 2008 оны сонгуульд нэр дэвшээд төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон төрийн түшээ болов.
2008 оноос хойших А.Тлейханы үйлдэл хөдөлгөөн, үг яриа, итгэл үнэмшил бүх ард түмний өмнө ив ил боллоо. Тэр төрийн даацтай, туйлбартай, итгэл үнэмшил төгс, нэр цэвэр, ухаан төгөлдөр түшээгээр ажилласныг төр, түмэн олон дэмжээд эдүгээ хоёр дахь удаагаа парламентад сонгоод ажиллуулж байна. Монгол төрийн хөлгөн түшээ Д.Дэмбэрэл нэгэнтээ “Манай Тлейхан мэдлэгийн арал, хүний тулх том хүн. Энэ түүний ялан дийлэхийн, ихийг бүтээхүйн хөдөлбөргүй зам” гэсэн нь үе үе санаанд ороод байдаг. Энэ үнэн. А.Тлейхан гуай нэг зүтгэсэн итгэл үнэмшилдээ төгс байдаг хүн. Угаас багаас ягштал баримталсан зарчим нь болд мэт ширээгдсэн л дээ. Ямарваа санаачилсан хуулиа батлуулах, түүнийхээ ашиг тус, өгөөжийг байнгын хороод, Их хурал дээр авч гарахын төлөөх мэтгэлцээн, ойлгуулах чадвар тун сийрэг агаад ялалтаар төгсч харагддаг.
Монгол Улсын эрчим хүчний салбар, түүний лугшаа, судасны тэлэлт, чадамж бол төрийн түшээ А.Тлейханы сэтгэлийн, итгэл үнэмжшлийн бай юм. Энэ талаар төрийн бодлого аль болох зөв, менежмент төгөлдөр байхад хууль эрх зүйн орчны тусгалыг Тлейхан эх барьж буй гэвэл хилс үл болно. Бүгд зөвшөөрнө.
А.Тлейханы ажлын үзүүлэлт парламентад чимэг л болно. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн ажлаа тоймлоод хэлэхдээ “Нэгдүгээрт, эрчим хүчний салбараа либеральчлах, зах зээлийн харилцаанд шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг 2010 онд санаачилж, УИХ-ын 72-р тогтоол батлагдсан. Энэ нь салбарыг асар оновчтой харилцаанд шилжүүлэх, өнөөдрийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, улс орны хөгжил тулгуур болсон энэ салбарыг түлхүү хөгүүжлэх чиглэлээр бодлогын томоохон бичиг баримт болсон нь хэрэгжээд явж байна” өгүүлсэн байна лээ. Мөн тэрбээр эрчим хүчний хэмнэлтийн хуулийг санаачлахаар ажиллаж, эрчим хүчний нэгдсэн системийн 2040 он хүртэлх хөтөлбөр дээр бие оюун чилээж, үнэ тарифыг зохисжуулах гээд эх орны язгуур эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр, чөмгөө дундлан зүтгэж байна.
Тэрбээр чөлөөт эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөв зүйг эрхэмлэн, үндэстний үнэнхүү баялаг авч үнэгүйдүүлсээр буй арьс шир, ноос ноолуур, махыг боловсруулж, экспортод гаргах чиглэлээр төрийн бодлоготны хувиар онцгой чармайн ажиллаж байгаа нь нэн тустай. Түүнийг гадаадад энэ чиглэлийн ажлаар, тэр дундаа аж үйлдвэрийн парк байгуулах ажлын гэрээ батлуулалцаж явах үед төр түүнийг аж үйлдвэрийн гавьяат ажилтнаар шагнасан нь чухам цагаа олсон хэрэг болжээ. Энэ тухайд тэрээр бэлгэшээн “Аж үйлдвэрийн парк байгуулах асуудал шийдэгдэж байх цагт төр аж үйлдвэрийн гавьяат болгосныг мэдсэн. Энэ их сонин тохиолдол боллоо” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Сонин тохиолдол” гэсэн түүний үгийн цаана, төр зүтгэж буй ажлын минь зөвийг харж, зөвийг хийж явах үед, зөв л үнсэв ээ дээ гэсэн агуулга харагдахаар. Даруу төлөвийн сайхан чанар түүнийх ээ.
А.Тлейхан гуайн бүхий л чанарыг нэгтгээд хэлэхэд аргагүй л мэдлэгийн арал, хүний тулх юм. Ухаантай хүн ухаантнаа танина гэж үг бий. А.Тлейхан түшээдээ илүү төгөлдөр, илүү саруулаар замнаж, эх орны илч гэгээ, өөдрөг дэвшлийг үргэлж залан чиглүүрдэж явахыг захих нь илүүц буй за. Ийм түшээг бэлтгэхэд, үр тосыг нь бүрнээ хүртэхэд үндэстэн лавтайяа хагас зуун жил зарцуулдаг байна. Саруул ухаан, сайхан үйлс тань илч гэрэл мэт бадарсаар байг.
З.БАЯР
Хаан Чингисийн өлгий нутаг Хан Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Ов товын тал” хэмээх газар “Номт боржигон” овогт халхын их найрагч, ардын билэг зүйч, ерөөлч, магтаалч, дууч Лувсангийн ууган хүү Авгаанжамбал 1923 оны нар хур тэгширсэн өдөр эх дэлхийдээ дуу хадаан мэндэлсэн гэдэг.
Эцэг Лувсан нь нутаг усандаа тал дүүрэн малтай, зэл дүүрэн унагатай нудраган баян Лувсан хэмээх хүн байжээ гэж түүх номонд тэмдэглэсэн байдаг. Авгаанжамбал нь олон түмний сэтгэл зүрхэнд хоногшсон ардын дуу шиг болтлоо алдаршсан олон сайхан дуутай хүн билээ.
Өөрөө үг аяыг нь зохиосон “Алдрайхан чи минь” дууг нь улсын гавъяат жүжигчин Банзрагч, “Ханьдаа дуулах дуу”-г ньулсын гавъяат жүжигчин Өлзий-Орших нар дуулсан байдаг. Түүний урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашнямтай хамтран бүтээсэн “Жонон хонгор”, “Хилэн хар”, “Үйзэн зээрд”, “Дандарын домогт алаг” зэрэг дуунуудыг улсын гавъяат жүжигчин “Морины” хэмээх Нансалмаа, “Бэлчээрт дуулах дуу”-г нь улсын гавъяат жүжигчин Тунгалаг нар дуулж олны хүртээл болгосон байдаг. Түүнчлэн алдарт “Галшарын магтаал” нь урлагийн наадам болгоны язгуур урлагийн номерыг авч гардагбайсан гэдэг.
Монголын ерөөл магтаалын загалмайлсан эцэг гэгддэг Л.Агваанжамбалыг Авьяасыг дэмжих холбооноос “АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ” цол тэмдэгээр шагнажээ. Л.Агваанжамбал нь 1954-1964 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж, улмаар 1990 он хүртэл Хэнтий аймгий соёлын ордон, Хан Хэнтий чуулгад уран бүтээлээ хийж байжээ. Халх даяар авъяас чадвараараа алдартай Хан Хэнтий нутгийн унаган хүүгийн алдрыг нь мөнхөлж Хэнтий аймгийн Баянмөнх сумын соёлын төвийг энэ алдарт хүний нэрэмжит болгохоор нутаг орных нь хүмүүс дэмжиж байгаад талархаж байна.
Монгол улсын төрийн соёрхолт, Гавьяат эмч,
АШУ-ны доктор, профессор М.Амбага
2015 оны 01 сарын 16
Хүн зорилго тэмүүлэл, бүтээж туурвих их хүслээ орхиж гэмээнэ амьдрахуйн сайхан хийгээд цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхгүй нь лав. Бурхан хүмүүн гэгчидэнэ ертөнцөөс буцан буцтал нь оюун ухаан, авьяас билгийн дундрашгүй баялаг заяадгийг биднэгнийхээ туулж өнгөрүүлсэн зам мөрөөс олонтаа хардаг.
“Цэцэн ханы их Лууяа” Дагвын Лувсаншарав гуай “Би найман настайдаа тэмээн тэрэг дагаад ижий аавынхаа хамт мөргөлд явж байлаа. Эрдэнэ зуу хийдэд Автай сайн хааны гэрийн буурин дээр цам харайхыг үзэж биширсэн. Хариннаян настай буурал “Хар хорум” дуурь бичээд яг тэрхүү буурин дээр Монгол төрийнхөө тэргүүнтэй зэрэгцэж суугаад бүтээлээ сонсоно чинээ санаагүй. Амьдрал гэдэг үнэндээ таашгүй юм” хэмээн өгүүлсэн нь бий.
Лувсаншарав гуай 90 хол давж наслахдаа монголчууд бидэнд үлгэр болсон нэгэн байв. Түүний дурсамж “Хүн уран бүтээлдээ сэтгэл ханаж болдоггүй юм” гэдгийг эрхгүй сануулдаг. Наян насны даваан дээр гарчихсан, Монголынхоо төрөөс ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар гээд бүх цолыг нь хүртчихсэн ёстой л нөгөө ханавал ханаж болохоор оргилд хүрсэн ч мөрөөрөө ажлаа хийж байсных нь баталгаа “Хар хорум” дуурь л даа. Уран бүтээлд сэтгэл ханана гэдэг амьдралдаа ханаж буйн илэрхийлэл болно. Тэгэхээр нас өндөр боллоо, авах ёстой бүх зүйлээ авлаа гэж бодож яав ч болохгүй нь. Зүгээр л ажлаа хийж, бүтээлээ туурвиж хүмүүний орчлонгийн өдөр бүрийн сайхныг өөртөө бэлэглэнэ гэдэг их хувь ажгуу.
Н.ГАНТУЛГА
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэн авах тухай, барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, төрийн өмчид шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 тэрбум 125 сая төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгө, барилга байгууламж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байрлаж буй “Моннис” ХХК-ийн 9 давхар орон сууцны барилгын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 1, 2 дугаар давхрын 606 м2 талбайтай барилга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй байгаа стадионы эд хөрөнгийг нийт 8 сая 681 мянган төгрөгийн бүртгэлийн үнээр нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Энэхүү стадионыг 1975 оны үед Зөвлөлт Холбоот Улсын хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ. Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан 6 халуун усны өрөөтэй 100 м2 талбайтай 60 сая төгрөгийн үнэ бүхий халуун усны барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалтыг нь Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд хариуцуулав. Мөн тус дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн балансад бүртгэлтэй нийт 1 тэрбум 488 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг шинээр байгуулж буй 193 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа дүүргүүд дэх Онцгой байдлын хэлтсийн балансанд бүртгэлтэй нийт 205 сая 311 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий аврах гал унтраах тусгай зориулалтын 10 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, төрийн өмчид шилжүүлэв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй нийт 159 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий автогражийн барилга, байгууламжийг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын балансад шилжүүллээ. Тус барилга нь 2003 онд автомашины гараж, засварын зориулалтаар ашиглалтад оржээ.
Б.Төгс
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг өнгөрсөн баасан гаригт баталжээ.
Нэр дэвшсэн 114 хүнээс 47 нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болно. Дээрх сонгуульд хамгийн өндөр санал авсан нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болох болзол хангаж, улмаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар тэднийг батламжлах аж.
Шинээр сонгогдсон Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг цагаан сарын дараа болохҮЗХ-ны хурлаар батламжлах бололтой. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг хүснэгтээс үзнэ үү.
Х.БАТ