Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг ус, цаг уурын орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Ингээд энэ сарын 19-ны өдрийг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

Энэ сарын 25-нд ихэнх нутгаар 26, 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Бурхантын хурд уралдаан шинийн таванд болно

Дархан-ажнай МСУХолбоо ээлжит хуралдаанаа хийж хаврын уламжлалт уралдаан болох Бурхантын хурд уралдааны товыг зарласан байна. Тус уралдаан ирэх сарын 23-нд буюу билгийн улирлын тооллын XVII жарны Галзууруулагч хэмээх хөхөгчин хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр Хонгор сумын нутаг Цайдмын хөндийд болохоор ажээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Билгүүний чандарыг эх оронд нь авчирна

“Шинэ Үе” продакшны жүжигчин Т.Билгүүн авто ослын улмаас урд хөршид харамсалтайгаар амиа алдсан билээ. Тус хамтлагийнхан Өмнөд Монголд цагаан сарын тоглолын бичлэгэнд ороод буцах үедээ осолд орсон юм. Ослын улмаас хамтлагийн хоёр жүжигчин гэмтэж бэртсэн байна. Т.Билгүүний чандарыг эх оронд нь авчирах юм байна

Categories
мэдээ улс-төр

Ээжүүд хүүхдүүдийн мөнгийг хэвээр үлдээв

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 20 цаг 35 минутаас үргэлжлүүлэн хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хийсэн юм. Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6 их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал 7 их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 1 их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхээр байна гэдгийг дурдав.

Төсвийн тодотголоор Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60 тэрбум, өмч хувьчлалын орлогыг 17.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ. Түүнчлэн улсын төсвийн урсгал зардалд “Алдарт эх”-ийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19.4 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардалд 9.1 тэрбум, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын санд улсаас олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж тооцжээ. Улсын төсвийн урсгал зардлыг улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг 5 хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулж тооцсон байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардалд 35,473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68,161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төслөөс хассан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг дуусгалаа.

Үүний дараа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд хуулиудын төслийн зүйл, заалт нэг бүрийг уншиж танилцуулан санал хураалгав.

Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 41 нь буюу 91.1 хувь нь дэмжлээ. Мөн Хүний хөгжил сангийн 2015 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 84.4 хувийн саналаар баталлаа.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдан бүрэн хэрэгжиж дууссан боловч гэрээний үлдэгдэл санхүүжилтээ аваагүй төсөл, арга хэмжээнүүд болон бодит гүйцэтгэл нь 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг вексель гарган санхүүжүүлэх, тендер шалгаруулалт зарлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг дахин хянасны үндсэн дээр зориулалтын дагуу үргэлжлүүлэх, дуудлага худалдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх, улс төрийн албан тушаалтны урсгал зардлын норм, норматив тогтоосон тогтоол, шийдвэрүүдийг хянан үзэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Төсвийн байнгын хороо уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжсэн бөгөөд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 87 хувь нь дэмжлээ.

Хуралдааны эцэст “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Тус байнгын хороо энэ сарын 21-ний өдөр хуралдаж, уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн анхны хэлэлцүүлгийн явцад санал хурааж шийдвэрлэсний дагуу тогтоолын төслийн 1 дэх заалтын Цайдамнуурын хүрэн нүүрсний ордтой холбоотой дэд заалт болон мөн ордтой холбоотой 3 дахь заалтыг төслөөс хасах өөрчлөлтүүдийг тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэнээр чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан 21 цаг 45 минутад өндөрлөв.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахад санаачлагатай оролцсон эрхэм гишүүд, ажлын хэсгийнхэн болон Сангийн яамны хамт олонд талархал илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарын оны шилдгүүдийг нэрлэв

“Дандаа шүүмжлүүлэх амаргүй. Харин энэ шалгаруулалт дээр манай ололтыг олж тэмдэглэсэнд таатай байна” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь онцлов.

Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалт энэ жил 5 дахиа болов. Энэхүү шалгаруулалт мэргэжлийн Шүүгчдийн хараат бус үнэлгээнд үндэслэн, онооны нийлбэрээр шилдгийг тодруулдаг.

Дээр дурдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд үйл ажиллагаагаа явуулж буй 3 жил дөрвөн сарын хугацаанд хийсэн ажил олонтой ч, хэл ам ихтэй ажилласаар ирсэн. Харин 2014 оны эцэст 4.3 сая тонн нүүрс экспортолж, зардлаа 20 хувиар бууруулж чаджээ. Цагаан хадны гаалийн хэсгийг дамжилгүй, уурхайн гүний гаалиас шууд экспортод бүтээгдэхүүнээ ачсанаар тээврийн зардал хэмнэсэн амжилтаар энэхүү шалгаруулалтын нэг номинаци болох “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт”-д хамгийн өндөр оноо авчээ. Ажлын байрыг тогтвортой хадгалсан, хэмнэлтийн горимд шилжсэн, Цанхи хотхоныг ашиглалтад оруулсан, Зүүн Цанхийн гэрээт олборлогч компанитай зардал бууруулах талаар тохиролцож чадсан зэрэг амжилт нь Mining Journal Awards-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тогтвортой үйл ажиллагааг төрийн буруу бодлогоор тасалдуулсаар ирсэн боловч зах зээл дээр үнэ 40 хүртэл хувиар унасан хүнд жилд хамгийн их экспорт хийж, хэмнэлтийн менежмент хэрэгжүүлснийг нь салбарын мэргэжлийн Шүүгчид бодитой өгүүлсэн юм.

“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинаци нь хямрал эхэлсэн 2013 оноос Mining Journal Awards-т шинээр нэмэгдсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гадна өөр нэг компани ижил оноогоор уг номинацид тэргүүн байрын шагнал авчээ. “Саусгоби сэндс” ХХК-г мөн л шүүмжилсэн, хардсан хандлага давамгайлж ирсэн. Тэгвэл тус компани нүүрсний зах зээлд үнэ унасан өнгөрсөн жил хэмнэлтийн горимд шилжин ажиллаж, ажлын байрыг тогтвортой хадгалжээ. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 24 см цементбетон хучилттай, 43 км автозамыг ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэн, хөрөнгийн зах дээр санхүүжилт босгож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг 98.4 хувьтай дүгнүүлсэн амжилтаараа “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид шагнал хүртсэн юм.

Эдүгээ хэвлэлүүдээр цацагдаж байгаа асуудал нь 2007-2011 оны татвар төлөлттэй холбоотой маргаан ба мөн хугацаанд тус компани нийт олсон орлогынхоо 22 хувийг татварт төлсөн атал дахин их хэмжээний татвар торгууль ногдуулж буй нь үндэслэлгүй хэмээн үзсээр иржээ. Харин Mining Journal Awards-т өрсөлдсөн 2014 оны ажлын үзүүлэлтийн тухайд Саусгоби Сэндс ХХК нь олборлолтын шууд мөнгөн зардлыг 10.30 ам. доллар болтол бууруулсан хэмнэлтийн амжилтаа тайлагнав. Уг зардал 2012 онд 25.10 ам. доллар байжээ.

Уул уурхайн салбарын үйл ажиллагааг сайн, муугаар нь мэргэжлийн түвшинд бодитой үзүүлэлт дээр ялган дүгнэдэг ийм хандлага асар их үгүйлэгдсээр байгааг, нийгмийн ерөнхий уур амьсгал дор бүгдийг нэгтгэн харлуулдаг нь салбарын хамт олны зүтгэлийг үнэгүйдүүлж байгааг энд үг хэлсэн олон Компанийн захирал онцолж байлаа.

2014 оны дүнгээр манай улсын экспортын нийт орлогод ашигт малтмалын бүтээгдэхүүний эзлэх хувь 2013 оноосоо нэмэгдэж, 89 хувийг бүрдүүлж байна. Хямралт хэмээн нэрлээд байгаа 2014 онд алт үйлдвэрлэгчид 13 тонн алт Монголбанкинд тушаасан, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг салбарынхан мөн онцлов.

Mining Journal Awards-ийн хамгийн олон оролцогчтой номинаци нь “Эко уурхай”. Өмнөх жилүүдэд уг номинцид 30 хүртэл компани өрсөлдөж байсан удаатай. Энэ удаа Монполимет групп хамгийн өндөр оноо авч, оны шилдэг “Эко уурхай” боллоо.

Тус компани 2014 онд 74.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 37.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, их хэмжээний мод бут суулган, орон нутгийн иргэдийг энэ ажилдаа хамруулж, ажлын байраар хангасан байна. Уул уурхайн компани болгон байгалийг эвдэн сүйтгэдэггүйг ялган салгаж, сайныг нь урамшуулж, саарыг нь шахаж шаардаж явах ёстойг Шүүгчдийн Зөвлөлийн эрдэмтэд тэмдэглэлээ. “Эко уурхай” номинацийг дүгнэх шалгуур 9 үзүүлэлтийг Байгаль орчны яамны мэргэжилтнүүд гаргасан ба хамгийн хатуу шалгууртай номинаци гэдгийг уул уурхайнхан өгүүлж байлаа.

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар зэрэг төрийн захиргааны байгууллагын захиргаадалт, үзэмж дор явагддагүй, харин мэргэжлийн Шүүгчдийн үнэлгээний зарчмаар, хараат бус дүгнэгддэг тул Mining Journal Awards-ийн нэр хүнд салбартаа өндөр байсаар иржээ.

Оны шилдэг технологи” номинацид “Бэрэн метал” ХХК төмрийн хүдрийг гүн боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн сайхан амжилтаараа, “Фокус метал майнинг” компани 2014 онд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулсан төмрийн нойтон баяжуулах үйлдвэрээрээ хүчтэй өрсөлдөв. Шүүгчдийн үнэлгээгээр “Фокус Метал майнинг” оны технологийн компани болжээ.

Харин “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид Оюутолгой ХХК 2014 онд Баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, 27.5 сая тонн хүдэр боловсруулсан үзүүлэлтээрээ, аюулгүй ажиллагааны дэлхийн түвшний стандартыг Монголд нутагшуулж буй хөдөлмөрөөрөө тэргүүлэв. “Байнга шүүмжлүүлсээр иржээ. Гэхдээ манай хамт олны хийж бүтээснийг бодитой харж ийнхүү үнэлж буйд гүнээ талархаж байна” хэмээн Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх тэмдэглэлээ.

Уул уурхайн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал “Оны шилдэг уурхай“-н шагналыг “Алтан Дорнод Монгол” ХХК 2014 оны төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлэн, борлуулалтын орлогоо өмнөх оноос 60 хувиар нэмэгдүүлсэн, 15 сая куб метр уулын цул хөндөж, 1548 кг алт олборлон, улс орон нутгийн төсөвт 3.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн зэрэг амжилтаар шалгарчээ.

Хямралын жил гээд гар хумин суугаагүй ажилласаар, төсөвт орлого оруулсаар ирснийг уул уурхайн салбарын том, жижиг олон компанийн үйл ажиллагааны үзүүлэлт ийнхүү харуулав. Mining Journal Awards 2014 Ёслолын хүндтэй зочдын нэг академич П. Очирбатын өгүүлснээр “Уурхайчид маш сайн ажиллаж, харин төрийн буруу бодлого энэ салбарыг тасралтгүй бужигнуулсаар” иржээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Зоригт гишүүн жиргэж, зураг авахаас өөрийг хийдэггүй хүн л дээ

М.Зоригт гишүүний өөрийнх нь нэрлэснээр”Коммандлагч” гэдэг зураг

М.Зоригт гишүүн УИХ-аар ямар ч чухал ажил хэлэлцэж байсан хайхрахгүй өөрийг нь сонгосон тойрог болох Сүхбаатар аймаг руу хүлгийн жолоо залчихдаг нэгэн. Сүүлийн үед шинэ замтай болсон гээд бүр их явж байгаа бололтой. Тэрбээр энэ өдрүүдэд ч гэсэн Сүхбаатар аймагтаа ажиллаж байгаа гэдгийг нь түүний твиттер, фэйсбүүк хуудаснаас мэдлээ. Харин ч тааваараа нутгийн телевизэд ярилцлага өгч, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан шиг нийслэлийн утаанаас холдон явааг нь харлаа. Одоо ч хөдөө очсон түүнийг “Дарга дээшээ, бид яахав” хэмээн өнгөтэй өөдтэйгээ өмнө нь барьж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Учир нь М.Зоригт гишүүн бол УИХ-ыг төлөөлж яваа төрийн түшээ тул тэгж хүндэтгэхээс ч яахав.

Гэхдээ мань хүнийг хараад байхад зөвхөн жиргэдэг, зураг авдаг л хүн шиг харагдах болсоор удлаа. Хүний хобби байж болох ч УИХ ямар ч асуудал хэлэлцсэн зургаа авсаар, гар утсаараа жиргэсээр байдаг юм. Нэг талаасаа талбайн зурагчид болон хэвлэл мэдээллийн бусад зурагчдыг үнэндээ ажилгүй болгосон гэхэд болно. М.Зоригт гишүүн ямар ч хаалттай хуралдааныг нээлттэй болгож чаддаг хүн. Түүнийгээ зүгээр л гэрэл зургаар өгүүлчихдэг.

Түүний жиргэсэн болон авсан зурагнуудыг нь харахаар бас л маапаантэй хөөний эр гэдэг нь харагдаад байдаг юм. Жишээ нь олны анхаарлыг татаад авсан уулан дээр үүлэн борооны ажил хийж байгаа хоёр хүний зураг юм. Эл зургаа “Ретвийт хийхгүй байж чадсангүй. Гоё зураг” хэмээн тайлбарласан бол “Mongolian Kama Sutra” хэмээн өөр нэг зургийг жиргэж байх жишээтэй. Өөрийг нь тасарчихсан хэвтэж байхад нь наад талд нь хоёр бүсгүй селфи хийж байгаа гэх мэтээр түүний элдэв зураг үргэлжилнэ. Хүмүүс түүнийг нээлттэй гишүүн гэдэг ч үнэндээ чухам юу хийж явдаг, ямар анзааны гишүүн бэ гэдгээ өөрөө л цахим хуудсаараа илэрхийлчихдэг гэхэд хилсдэхгүй. Ер нь энэ хүн гишүүнийхээ хувьд юу хийж явдаг нь бүү мэд. Төрийн ордноор чемодан чирэх моод дэлгэрүүлсэн гэж байгаа.

Нэг зүйл сонирхуулахад М.Зоригт гишүүний талаар нэг онигоо гарсан байна лээ. Тэр нь “Талбайн зурагчдыг хоёр ангилдаг. Тэгэхдээ ордонд байдаг, ордны гадаа байдаг” гэсэн онигоо гарчээ. Тэгэхээр манай хүн ордны зурагчин болж таарч байгаа юм.

Нөгөө хэдэн гишүүд нь эдийн засаг хүнд байгаа үед төсвийн тодотголоо хийх гэж шөнийн нэг хоёр цаг хүртэл ордонд сууж байгаа тухайгаа байнгын хороон дээр гомдоллон ярьж байхад тодотголоос холуур яваа гишүүн Сүхбаатар аймагт хутга тавилгүй мах идэж, хааяадаа ядам хуруугаараа сэржим өргөсөн шигээ явна. Ер нь бол энэ хүн үүнээс өөрийг хийдэггүй хүн л дээ.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баячууд хүүхдүүдээ моринд байтугай Монголд ч ойртуулдаггүй

Өвлийн морин уралдааныг хориглоё гэж манай “Өдрийн сонин” сүүлийн 25 жил тэмцэж байна. Эхэндээ биднийгдэмждэггүй, буруутгадаг, шүүмжилдэг нь дийлэнх байв. Монгол ёс заншлаа уландаа гишгэгсэд гэж хараадаг.Хужаа хүн хуузын эрлийз гэх мэтийн элдэв доромж үг чулуудаж,ад үздэг байлаа.Харин сүүлийн арван жил манайтэмцэл төрийн бус байгууллага, олон түмний дэмжлэгийг авдаг боллоо.Өвлийн морин уралдааныг хориглоё, хүүхдийн эрхийг хамгаалъя гэсний төлөө зүхэж, харааж, элдвээр хэлж зүрхлэх хүн орчин үед алга болсон байна.Энэ нь цаг үе өөрчлөгдсөнийг, ард түмэн асуудлыг ойлгодог, төр засаг нь мэдэрдэг болсны илрэл юм. Жишээ нь өнгөрсөн 2013 онд Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглох шийдвэр гаргаж байсныг санаж байна.

Гэхдээ өвөл морь уралдсан хэвээрээ байгаа нь асуудал.Уяачид, морь сонирхдог, морьд хайртай гэж өөрсдийгөө эрхлүүлэх дуртайбаячууд юунд ч захирагдсангүй.Чөмөг царцаам тэсгим хүйтэнд нүүрэндээ үстэй адгуус уралдуулж зугаагаа гаргахдаа хүүхдийн эрхийг зөрчсөөр байна. Морьд уралдуулж хийморио сэргээх нь тэдэндюу юунаас эрхэм гэнэ. Адгуус хурдлуулж бай шагналын их багыг хэмжиж, баярхажсуух нь хамгаас чухал юм байна. Хүүхдийн эрүүл мэнд, амь нас бол тэдэнд юу ч биш бололтой.Тийм учраас тэд сар шинийн баяраар далимдуулжморь уралдуулдаг.Амихандаа өвөл дуусангуут хаврын эхэн сард морь уралдуулж жудагтай загнаж байгаа царай нь. Гэвч манай сар шинийн баяр ихэвчлэн нэг, хоёрдугаар сард болдог.

Билгийн тооллоороо бол бидэнд хавар ирлээ гэдэг дохиог өгдөг нь үнэн.Гэхдээ тэр үедгазар гэсч, халтиргаа гулгаа арилж, хүмүүс дан цамцтай гүймээр урин цаг ирсэн байдаг билүү гэвэл үгүй. Дүн хүйтэн өвлийн жавар тачигнаж, иддагжруулдаг цаг.Ийм л үед хавар ирлээ гэж хөөрцөглөөд хурдан морины нуруун дээр хуруун чинээ хүүхдүүдийг хүлж тавиад ташуурддаг харгис хүмүүс.

Хөлдүү газар давхиж байгаа адгуус халтирна. Унажяваа хүүхдээ унагаана, гэмтээнэ, гишгэнэ. Морины нуруун дээр баглуулсан нялх хүүхдүүд хүйтэн жавар залгиж, хацраа хайрч,гар хуруугаа хөлдөөнө. Эсвэлурд давхиа морины туучсан шавар ард яваа хүүхдийгнүүр нүдгүй “ороолгоно”. Шороотой цасанд нүдүүлж нүдүүлж барианд орсон хүүхдүүдийн нүүр царай танигдахын аргагүй шавар шавхай болсонбайдгийг бид цөм мэднэ.Хамраас нь цус гарах, нүүрээ шалбалах зэрэг нь гэмтэлд тооцогддоггүй биз. Ер нь яаж ч бодсон алгын чинээ хүүхдэд ахадсан, санаанд багтамгүй хүнд хөдөлмөр гэж энэ.Наймхан настай балчир хүүхдийг хэл мэдэхгүй адгуусны нуруун дээр хүлж явуулчихаад эцэг, эх нь юу бодож хоцордог бол гэхээс гол зурмаар.

Мориноос унаж амиа алдсан хүүхдүүдийн тухай ярих ч юм биш.Хэдэн зуугаараа тоологдоно. Тэгж тархи нь цөмөрсөн гэнэ, ингэж элэг нь бяцарсан байна гэх мэтийн зүрх зүсэм яриа хүмүүсийн амнаас ам дамжин сонсогдоно.Эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд ч олон.Тал дундуур туучаад гарах адуун сүрэг дунд ойччихоод босч чадахгүй байсаар машинд дайруулж хорвоог орхисон бяцхан хүүгийн тухай ч шуугиж л байлаа. Энэ мэтээр яриад байвал хар дарсан зүүд шиг аймшигтай жишээ олон.

Харин морь уралдуулж таашаал авагчиддаанч тоосон шинж үзүүлэхгүй. Энэ бол монгол ёс заншил, эртнээс уламжилсан өв соёл гэж хээвнэг хэлнэ. Бид ч морин дэл дээр өссөн. Хурдан морь унаж байгаа нь монгол хүүхэд болж төрсний бахархал гэх ухааны юм ярьж, өрөөлийгдэвэргэж, өөрсдийгөө хамгаална. Хүүхдээр морь унууллаа гэж зэмлэгсдийгморь мэдэхгүй монголоор нь дуудна. Хурдан морь унахын сайхныг та нар яаж мэдэх юм гэж загнах шахна. Өөрсдөөхээгүй, гүндүүгүй монголоороо үлдсэнээшагшина. Тэрний морь тэнд түрүүллээ, тэдэн айраг авлаа, тийм бай шагнал хүртлээ, дэнж хотойтол сайхан наадлаа. Аймаг, улсын цол хэргэм авлаа гэдгээрээ сайрхахаас биш тэдэн хүүхэд бэртлээ. Ингэж хүүхдийн эрх зөрчлөө гэж ам ангайхгүй. Хурдан хүлэг хаа нэгтээ байна гэж дуулбалнутаг харгалзахгүй хайж, үнэ харамлахгүй шилж сонгоно.Найр наадмын цаг хүлээж тэсэхгүй бол өвөл ч хамаагүй морио уралдуулж, хүүхэд, мал зовоодог болжээ.

Нийгмээрээ ярьж, хэлж, төр засгийг шахаж шаардахаас нааш адгуус уралдуулан цэнгэлддэгбаячууд хэзээ ч хүүхдийн эрхийг бодохгүй нь эндээс ойлгомжтой байна.Тиймээс өвлийн уралдааныг хориглох, бага насны хүүхдээр морь унуулахгүй байх талаардорвитой өөрчлөлт хийе. Хурдан морины унаач хүүхдийн насны хязгаарыг нэмэх тухай байнга л ярьдаг.Гэлээ гээд ямар ч дорвитой өөрчлөлт гарсангүй.Хүүхдүүд морь унасан хэвээрээ байна. Тэгвэл хүүхдийг 16 нас хүрэхээр нь хурдан морь унуулдаг болгох шийдвэр гаргаж, ямар дүрэм, журам байдаг юм түүнд нь оруулъя. Бие жижигтэй том хүнээр хурдан морь унуулдаг болох дүрэм гаргая. Морин уралдаан зохион байгуулж ирсэн дэлхий дахины жишиг ийм л байдаг. Эхийнхээ өврөөс ч гараагүй шахам нялх үрээ адгуусны нуруун дээр тавиад явуулчихдаг бөх зүрхтэй ард түмэн дэлхий дээр манайхаас өөр хаана ч үгүй.

Дээрээс нь морин уралдааны замын уртыг наашлуулъя. Одоо бол манайхан нэг өртөө гаруй газар хурдан морио давхиулж байна. Ийм урт замд үхэн хатан давхисан морь барианд орохдоо шогшоод, зарим нь бахардаад унахаасөөр яах юм. Ингэж барианд орсонадуу, хүүхэд хоёрын аль алиныг өрөвдөхгүй, хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй.Энэ талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагууд олигтойхонтайлбар, таниулга хийж,гадны байгууллагуудадсурталчилмаар байна. Гэвч ийм хэмжээнд хүрчажиллаж чадахгүй байгаагийн баталгаа ньөнөөдрийг хүртэл хүүхдүүд хурдан морь унасаарл байна.

Тэр дундааядуу айлын хүүхдүүд хурдан морь унадаг.Алдар цуутай уяачид, баячуудхүүхдээ морь унуулах нь байтугай Монголд ч ойртуулахаа байсан.Монгол шиг утаа, униартай, соёлгүй, бүдүүлэг, хөгжилгүй газар алга гэж үздэг учраас тэр.Хүүхдээ боловсролтой, соёлтой болгоё гэвэл гадаадад сурга гэдэг ганцхан бодолтой.Тийм учраас тэдний хүүхдүүдморь унах нь битгий хэл Монголоос дайжин зугтаж байна.Оронд нь бид мэтийн энгийн ардын хүүхдүүд амь өрссөн “дайнд” хатаагдаж,адгуусны нуруун дээр халуун хүйтэн аль ч улиралд гагнаастай мэт давхиж, амьтан хүнийг зугаацуулах үүргийг гүйцэтгэж явна.

Мөнгөтэй нь мөнгөгүйгээтав, арван цаасаар аргалж,нялх үрсийнх нь нүдийг хуурч, наадам цэнгэлдээ ашиглажбайна.Гэтэл үүнийг нь дэлхийн соёлт ертөнцөдхүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцчихсон байгаа. Хүний эрхийн үндэсний комисс ийм дүгнэлт хийчихсэн байдаг.Мэдээж алгын чинээ хүүхэд адгуус амьтны нуруун дээр хүлэгдээд нэг өртөө газар давхиж, барианд түрүүлэхийн тулд баруун солгойгүй ташуурдаж, гар хөлөө хөлдөөнө гэдэг байж боломгүй, тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь ойлгомжтой. Үүнийг таслан зогсооё. Насанд хүрээгүй хүүхдийг морь унуулж, малд ганцааранг нь явуулахыг хориглосон хатуу заалтыг Эрүүгийн хуульд оруулъя.Хориглосоор байталзөрчөөд байвал эрүүгийн хэрэг үүсгэж, ял үүрүүлдэг байя. Ингэхээс нааш хүүхдээр хурдан морь унуулдаг байдлаа зогсохгүй юм байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Дугуйчин Ч.Мөнгөндалай хүнд өвчтэй охинд хандив өргөжээ

Ч.Мөнгөндалайн Монгол орныхоо баруун 15 аймгийн 210 сумаар нийт 6200 км замыг унадаг дугуйгаар туулсан аяллын тухай манай “Өдрийн сонин” цуврал тэмдэглэл хүргэж байв. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч, мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж яваа тэрээр нурууны хүнд мэс засалд орж байгаа О.Ундрал охинд 100 мянган төгрөг хандивлаж, чин сэтгэлийн бэлэг, захидлын хамт өгчээ.

О.Ундрал охин төрөлхийн цээж цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй ч амьдралын эрч хүч, итгэл үнэмшлээ алдалгүй хүнд өвчинтэй тэмцэж буй юм. Охины нэг удаагийн хагалгааны төлбөр дунджаар 23-25 сая төгрөг, нийтдээ 200 гаруй сая төгрөг болох аж. Иймд сайхан сэтгэлт монголчуудаа нэгдэн бяцхан охинд сэтгэлийн дэм хайрлаж, хагалгааны зардлын хагасыг нь ч болов олоход туслахыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Долоон давхар гарааш барина

Эхний ээлжийн 22 барилга нь энэ оны 2-р улиралд ашиглалтад орох “Буянт-Ухаа II” хорооллын авто машины дулаан гараашийг зохих норм дүрмийн дагуу шийдэж өгчээ. Тодруулбал “Буянт-Ухаа II” хороололд нийт 2 мянга орчим авто машины дулаан гарааш байхаар төлөвлөсөн байна. Нэгдсэн 7 давхар 409 авто машины дулаан гарааш, Орон сууцны барилгын доод F1 давхарт нийт 1090 машины дулаан гарааш, хорооллын гадна 400-500 орчим машины ил зогсоолыг тус тус шийдэх аж.

Нэгдсэн 7 давхар дулаан гарааш нь галын аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин үеийн автомат системээр тоноглогдоно. Мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн камержуулахаас гадна харуул хамгаалалтыг 24 цагаар шийдэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Компаниудад мах экспортолж, импортлох зөвшөөрөл олгов

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2015 оны эхний хагас жилд гадаадын улс орнуудад мах экспортлох болон гаднаас мах импортоор оруулж ирэх эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Гадаадын улс орнуудад монгол малын махыг экспортлох эрхийг нийт найман аж ахуйн нэгжид олгосон бол импортын зөвшөөрөлтэй гурван аж ахуйн нэгж байгаа юм.

Экспортын эрх бүхий аж ахуйн нэгж:

-Баатарууд тэнгэр ХХК /1256 тонн үхрийн мах, 613 тонн адууны мах/

-Махимпекс ХХК /160 тонн адууны мах/

-Махэкспорт ХХК /242 тонн адууны мах/

-Эй Эн Ди Эм /220 тонн үхрийн мах, 500 тонн адууны мах/

-Мон тува ХХК /100 тонн үхрийн мах, 200 тонн адууны мах, 100 тонн ямааны мах/

-Бумномин ХХК /200 тонн адууны мах/

-Соотон ХХК /100 тонн үхрийн мах, 240 тонн адууны мах/

-ЭДГС ХХК /120 тонн адууны мах/ Энэ жилийн эхний зургаан сард манай улс нийтдээ 4051 тонн мах экспортлохоос 1676 тонн үхрийн мах, 2275 тонн адууны мах, 100 тонн ямааны мах гадаадын улс орнууд руу гаргах ажээ.

Харин махны импортын зөвшөөрлийг “Баатарууд тэнгэр”, “Гүрмэ”, “Ургамал од” ХХК-уудад өгсөн бөгөөд дан үхрийн мах импортлохоор болсон байна.