Хэрвээ ойрын үеүдэд хур бороо орохгүй бол гучин жилийн туршид тохиолдож байгаагүй өргөн хэмжээний гал түймэр дэгдэх магадлал өндөр байгааг Австралийн засаг захиргаа онцлов. Энэ жилийн зун хэтэрхий хуурайшилтай байгаа тул зарим нутгуудаар нилээд өргөн хэмжээний талбай хамарсан гал түймэр аль хэзээний аюул дагуулаад дэгдчихсэн мөлхөж байгаа аж. Жишээ нь Аделаидыгаас зүүн хойш асч түймэрийг цурманд нь оруулж эс чадан олон хоногийг өнгөрөөсөн гэлээ. Ер нь Өмнөд Австралийн гал түймэрийн албаны даргын хэлснээр бол одоо л шуурхай арга хэмжээ авахгүй бол 1983 онд тохиолдсон шиг гамшиг нүүрлэхэд ойрхон багаа бололтой.
Month: January 2015
Баярын өдрүүдээр цаг агаар тогтуун байсан учраас улс орны хэмжээнд ямар нэгэн ноцтой осол гэмтэл, хүний амь настай холбоотой гэмт хэрэг гараагүй, харьцангуй тайван байсан гэж Онцгой байдлын газраас мэдээлэв. Харин яаралтай түргэн тусламжийн 103 төвд ирдэг дуудлага жирийн үеийнхээс 200-300 орчмоор нэмэгджээ. Гэхдээ хүний амь настай холбоотой хурц өвчлөл, хордлогын дуудлага одоогийн байдлаар гараагүй байгаа гэв.
Орос, Монголын хооронд харилцан визгүй зорчдог болсноос хойш хойд хөршийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Иргэд наймаа хийхээс гадна, Итгэлт хамба, Байгаль нуур орчмоор аялах, хүүхдээ унаган орос хэл сургах зорилгоор зорчих болсныг албаны хүмүүс ярина лээ. Ийн өдөрт хоёр мянга гаруй иргэн Алтанбулагийн боомтоор гарч байгаа нь Улаан-Үд дэх Консулын газрын албан хаагчдын ажлын ачааллыг нэмжээ. Байнгын оршин суугч гэгдэх мянга орчим хүнд Консулын газар үйлчилдэг байсан бол одоо сард 30-40 мянган иргэн хилийн цаана Буриадын нутгаар зорчиж байна. Хүмүүс 30 хоногт визгүй зорчино гэдгээрээ очсон газраа бүртгүүлдэггүй нь бас зөрчил болдог ажээ. Очсон газартаа долоо хоногийн дотор бүртгэл хийлгэх ёстой аж. Хэрвээ бүртгэлээ хийлгэхгүй бол зөрчилд тооцогдоно. Цахилгаан холбооны салбар дээр очсон ч энэ төрлийн үйлчилгээг хийгээд өгдөг байна. Тэгэхээр Монголын талаас хойд хөршид дүрэм, журам зөрчихгүй байх хуулийн танилцуулгыгхийж өгдөг болох шаардлагатай байгааг иргэд ч тэр, албаныхан ч тэр хэлж байлаа.
Ер нь 1990 оноос хойш монголчууд Эрээн хотыг хөгжүүлсэн шиг одоо Итгэлт хамбын хийд орчмыг хөгжүүлэх төлөвтэй байгаа бололтой. Яагаад гэвэл Итгэлт хамбын шарилыг жилд найман удаа гаргахад хэдэн мянган монгол иргэн очоод өргөл барьцаа харамгүй тавьдаг аж. Харин гадаалуулах ёслолгүй өдрүүдэд цөөхөн ч гэлээ монгол жуулчид тасрахгүй байгаа нь ингэж хэлэхэд хүргэжээ. Тэр ч бүү хэл буриадууд монгол иргэдийг хараад өглөгийн эзэд хэмээн нэрийдэх болсон байна. Энэ нь “Итгэл хамбад мөргөвөл хүссэн бүхэн тань биелнэ” гэсэн жуулчлалын компаниудын худал сурталчилгаатай холбоотой бололтой. Итгэл хамбын хийд дээр очиход “хадаг 150 рубль, арц 20 рубль, өргөлд хэдэн рубль өгөхөө өөрсдөө мэд” гээд өөдөөс тань баахан мөнгө ярина. Энэ бүхнийг авахгүй бол, өргөл өргөхгүй бол таны хүсэл биелэхгүй гээд буриадууд арц хүжнээс эхлээд хамаг л бараагаа шахчих бололтой юм. Үүний зэрэгцээ жуулчлалын компаниуд нь “Итгэл хамбад мөргөсөн өдрөө мацаг барих хэрэгтэй” гээд нэгдсэн аяллаар яваа иргэдийн хоолыг хүртэл зувчуулж дундаас нь мөнгийг нь саах байдал гарсаар байгаа гэнэ. Хэзээнээсээ нэрэлхүү монголчууд багадаа 50-100 мянган төгрөгтэй тэнцэхүйц мөнгийг хийдэд үлдээгээд л явдаг байна. Шүтэх, эс шүтэх эрх нь нээлттэй ч асуудалд шинжлэх ухааны үүднээс хандах хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ерөөсөө л монголчуудын занданшуулах соёлыг судалж мэдсэн нь Итгэлт хамба байсан гэнэ. Тэгээд өөрийгөө энэ бүхэнд бэлдээд 70 жилийн дараа гаргаж үзээрэй гээд хэлчихсэн нь өнөөдөр түүнийг амьд бурхан гэж хэлэхэд хүргэж байгааг асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг олон ч хүн хэлж байна билээ. “В.Путин өнгөрсөн жил ирж мөргөсөн” гэдэг сурталчилгааны тухайд гэвэлшарын шашинт иргэдийнхээ саналыг татах зорилгыг өвөрлөж ийм алхам хийсэн гэнэ. Түүнчлэн Итгэлт хамбад мөргөх аялалд багтсан хоёр ч иргэн нас баржээ. Нэг нь зүрхний дутагдалд орсон бол нөгөө нь авто осолд өртсөн гэнэ. Энэ явдалд ар гэрийнхэн нь гомдолтой байхад Монголын талын жуулчлалын компанийнхан “Итгэлт хамбад ирж, зорилгоо биелүүлээд буцлаа” хэмээн ил далд ярьж эмгэнэлээр реклам хийж байгаа нь зүйд нийцэх үү гэдгийг ч хүмүүс ярьж байна. Ер нь энэ бүх асуудлыг жижиг гэлтгүй хаа хаанаа анхаарах хэрэгтэй байгааг Консулын газрын удирдлагууд өгүүлж байв.
УЛААН-ҮДИЙН МАХ КОМБИНАТ НЬ ХААЛГАА БАРИХАД ХҮРЧЭЭ
Монголоос Оросыг зорих иргэдийн тоо ингэж эрс нэмэгдэж Улаанбаатараас Улаан-Үд рүү зарагдсан барааг эргүүлэн ачиж байгаа бол Буриадууд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн, махны төрлийн хүнсийг хүсч байна. Буриад улсад малтай иргэн төдийлөн байхаа больж. Гарын хуруунд тоологдохоор мянгат малчин байснаа бүгд малаа арилжаалаад төвд суух болжээ. Ер нь энэ нутгийн хамгийн олон малтай иргэн л 300 орчим богтой байдаг гэнэ. Үүнээс улбаалаад Улаан-Үдийн мах комбинат түүхий эдийн дутагдалд орж дампуурахад хүрээд байгаа юм байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй монгол малын мах Улаан-Үд орчимд таван жилийн дараа гэхэд саадгүй экспортлогддог болох боломж байгааг учир мэдэх хүмүүс өгүүлж байна. Уг нь Монгол малын махыг авах сонирхол буриадуудад байдаг ч Оросын салбарын бодлогыг тодорхойлогчид гаднаас үнэтэй, эрүүл, аюулгүй гэж тодорхойлогдсон мах нийлүүлдэг нь саад болдог аж. Гэсэн ч зах хязгаарын Буриад зэрэг бүсэд нь махны олдоц тун ховор учраас хоорондоо зөв ойлголцож чадвал нийлүүлээд эхлэхэд эрэлт нь хангалттай байна. Угаасаа Путиныг Монголд айлчлахаас өмнө тэд манай зах зээлийг судалж байсан ажээ. Зөвхөн мах гэлтгүй Монголд үйлдвэрлэсэн адууны махан хиам, элэгний нухаш гээд энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлбэл эрсдэл багатай гэдгийг буриадууд ярьж байна. Ер нь “Та нар хиамаа хилээр оруулаад ирвэл бид бензинээр ч болов тооцоог нь хийнэ ш дээ” гээд инээлдэх. Буриадуудын рублийн ханш нь уначихсан, мах комбинат нь түүхий эдийн дутагдалд орсон гээд манайхаас ч илүү хямралтай дүр ноёлж байлаа. Харин манайхан наймаа хийх, үнэ ханшийг нь судлах зорилгоор хойшоо цувсаар байв.
Л.МӨНХТӨР
Юуны өмнө “Алтан бөмбөг” хэмээх шагнал яаж үүссэн, ямар зорилготой, ямар хүмүүс хэрхэн хүртэж байсан тухай түүх өгүүлье.
Францын “France Football” сэтгүүлийн санаачлагаар бүтэн жилдээ сайн тоглосон европ тивийн европын иргэн хөлбөмбөгчинд энэ шагналыг анхлан олгохоор шийдвэрлэж байлаа. Английн Стэнли Мэтьюз анхны шагналыг хүртэж байсан нь 1956 он. 1995 оноос эхлээд Европын аль нэг лигт тоглож байгаа л бол тэр хүн аль тивийнх байх нь хамаагүй гэсэн нь 2007 оноос хойш дэлхийн аль ч тивийн ямар ч багийн шар хар хэнбугай нь ч хамаагүй шилдэг л бол “Алтан бөмбөг” -ийн эзэн болох нигууртай хэмээн өргөтгөсөн ажгуу. Тийм учраас хөлбөмбөгөөр дагнан бичдэг европ тивийн 52 сэтгүүлчийн саналаар шилдгийг сонгодог байснаа больж шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ахлагч нараас гадна олны танил болсон 96 сэтгүүлчийн үзэгний үзүүрээр асуудлыг шийдвэрлэдэг боллоо. Энэ олон сэтгүүлч ОУХХ-ноос нэрлэсэн хөлбөмбөгчид дотроос шилдэг гурвыг нь сонгоод сар орчим хуйвалдан байж шилдгийн нь тодорхойлдог бөлгөө. Энэ жилийн шилдгийг ирэх жилийн нэгдүгээр сарын 12-нд цоллоно гээд оршил хэсгээ дуусгая.
Уг нь энэ шагнал анх үүсч байхдаа их цэвэр, шударга, гэгээлэг гэж хэлж болохоорбайсан юм шүү. Хэн нэгэн хүн, байгууллага, улс гүрэн зэргээс үл шалтгаалан очих ёстой хүндээ очиж чаддаг, сэтгүүлчид ч бусдаас үл хамааран сайныг нь сонгож чаддаг байлаа. Ийм байдалтай удаан хугацаанд оршин тогтносон юм. Үүнийг өндөр жил буюу ДАШТ-тэй жилүүдэд “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорч байсан хөлбөмбөгчдийн нэрс батална. 1962 онд Чехословакын Масопуст, 1986 онд ЗХУ-ын Беланов, 1994 онд Болгарын Стоичков, 2006 онд Италийн Каннаваро нарын хөлбөмбөгчид тэр жилийнхээ улиралын тоглолтын туршид гойд сайн тоглож байсан гэж хэлэхгүй ч гэлээ ДАШТ-д онцгойрч чадсаны үр дүнд “Алтан бөмбөг”-ийн эзэд болцгоож байв. Энэ нь ч зөв. Белановын хурдан довтолгоо, багаа зөв удирдсан Стоичковын авьяас, Каннаварогийн найдвартай хамгаалалт зэрэг нь эдгээр хүмүүсийн үндэсний шигшээг ДАШТ-д дээгүүр байр эзлэхэд асар өндөр үүрэг гүйцэтгэсэн.
2008 оноос эхлээд хөлбөмбөгийн ертөнц туйлтай боллоо. Бүтэн зургаан жилийн туршид үргэлжилж байгаа энэ туйлуудыг Роналду, Месси гэж нэрлэдэг. Мэдээж энэ хоёрыг шилдэг үү гэвэл шилдгээ хэмээн хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас энэ зургаан жилийн хугацаанд Месси дөрвөн удаа, Роналду хоёр удаа “Алтан бөмбөг”-ийг авчээ. Зургаан жил гэдэг хөлбөмбөгчийн хувьд урт хугацаа бөгөөд энэ хугацаанд мэргэжлийн төвшинд бөмбөг өшиглөдөг зургаан сая залуус дотроос энэ хоёртой өрсөлдөх хэмжээний авьяастан төрөөгүй гэж үү. Яагаад Месси,Роналду хоёр клубтээ байхдаа бусдыг “хяргах” шахам тоглоод байдаг мөртлөө шигшээдээ ирэхээр “алга” болчихдог юм бэ. Үүнийг өөрийнхээ хэмжээнд тайлбарлья.
Роналду ч тэр Месси ч тэр дэлхийн агуу багуудад тоглодог. Энэ багууд дээрхи хөлбөмбөгчдийг дэлхийн шилдэг гэж хэлүүлэхийн тулд зөв, буруу бүхнийг хийдэг болсоор удаж байна. Тоглох тактик, бүрэлдэхүүн, санхүү менежмент бүгд дээрхи хоёрыг шилдэг гэж харуулахын төлөө зүтгэнэ. Оны төгсгөл дөхөөд ирхээр “Реал” болон “Барса”-гийнхан өөрийн талын хүмүүсээ хэвлэлүүдээр тараан тэдгээр нь “Месси мундаг” “Роналду гайхамшиг” гэх утгатай ярилцлага мэдээг шидэж өгнө шүү дээ. Албаны томчууд айгаад дуугарахгүй. Ноднин ОУХХ-ны ерөнхийлөгч Блаттер “Мессиг шүтдэг” гэж буруу үед буруу хугацаанд хэлснээсээ болж хичнээн шүүмжлэлд өртөж дараа нь тэрийгээ цайруулах гэж ямар өрөвдөм байдалд орж байлаа даа. Энэ жил Европын хөлбөмбөгийн холбооний тэргүүн Платини “шагналыг Германы шигшээ багийн гишүүн авах ёстой”гэж хэлээд “алуулж л” байна. Ибрагимович, Это, Дэвид Вилла нар мундаг довтлогчид. Гэхдээ бүгд Мессиг шилдэг болоход саад болсон учраас “Барса”-гаас явсан. Одоо тэдний хувь заяаг Суарес үүрээд гүйж байна. Роналду ч адилхан. Түүнийг шилдэг хэмээн хэлүүлэхэд саад болсон Рууд ван Нистелройгоос эхлүүлээд Ди Мария хүртэлх хөлбөмбөгчдийг нэрлэвэл овоо урт жагсаал гарна шүү. Нөгөө талаас нь аваад үзвэл үүнийг ч бас буруутгах аргагүй юм. Дээрх хоёр хичнээн алдартай байх тусам багуудын нэр хүнд өсч үзэгч хөгжөөн дэмжигчид олширно, мөнгө аривжина. Энгийн логик шүү дээ. Харин улсынхаа шигшээд бол шал өөр дүр зураг гарна шүү. Тэнд баг багаас ирсэн тухай байрлал бүрдээ өөрийгээ шилдэг гэж боддог залуусирэх тул тэр бүр Роналду ба Мессигийн “хөгжмийн аясаар бүжиглэхгүй”. Ийм л дүр зураг байна. Одоо 27, 29-тэй эдгээр залуус энэ жилийн “Алтан бөмбөг”-ийг горьлогч гурвын эгнээнд багтаад чимээ чагнаад сууж байна. Тэр хоёрын дундуур Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойерхавчуулагдаад ороод ирсэн байгаа. Хэрвээ хэрүүл уруул хөшигний цаана явагдах луйвраа гээж чадвал энэ жилийн шагналыг хүртэх ёстой хүн нь Нойер яах аргагүй мөн юм. Түүнийг Буффон, Чех, Куртуатай харьцуулвал шалихгүй л гэж дүгнэнэ. Гэхдээ түүний баг энэ жилийн Германы аварга, цомын аварга, Аваргуудын лигийн “заан” хамгийн гол нь дөрвөн жилд ганц удаа тохиох ДАШТ-ий тасархай аварга гэдгийг нь үндэслэж Нойерт “Алтан бөмбөг”-ийг өгөх ёстой юм. Түүний оронд Лам, Мюллер, Швайнтейгер байсан ч ялгаагүй үүргээ умартаад байгаа “Алтан бөмбөг” шагналын эзэд байхаар хүмүүс билээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ
Өчнөөн жил ярьсан чшийдэж чадалгүй өнөөг хүрсэн Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчид тодорчихлоо. Засгийн газар нэгдүгээр сарын 5-ндхөрөнгө оруулагч талтай хэлэлцээ эхлүүлнэ гээд дуугарчихлаа. “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” бол дажгүй хослол. Таван толгойн менежмэнтийг өлхөн хийчихээр хүч, цараатай компаниуд. Долоон тэрбум тоннын нөөцтэй Таван толгойн ордын түүхийг сөхвөл анхнаасаа хувийн компаниудын мэдэлд байсныг нь харж болно. Дэлхийн уул уурхайн томчуудын нэг BHP энэ ордын эхний эзэмшигч. Азаар 1998 оны эдийн засгийн хямралын үеэр “Майн Инф” гэдэгмонгол компани Таван толгойн лицензийг авч таарсан. Тухайн үеийн Кадастрын удирдлагууд ч Монголын компанидаа энэ лицензийг өгсөн байдаг. Өмнөх Ерөнхий сайд “Ийм том орд газрыг гадаадын компаниас авч мэдэлдээ оруулсных нь төлөө төр засаг талархал илэрхийлэх ёстой” гэж хэлсэн удаатай. Дараахан нь хэд хэдэн компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Энержи ресурс”-т энэ ордын лиценз очиж байлаа. Тэд Таван толгойн лицензийг өчнөөн жил хадгалсны эцэст төрд булаалгаж байв. Эх орончид ард түмэнд өгнө гээд хувийн компанийн эзэмшиж байсан лицензийг авсан нь тийм ч эртний түүх биш. Ард түмэнд өгнө гэдэг сонсоход гоё үг л дээ. Популистуудын энэ үгийг анх сонссон хэнд ч сайхан байсан. Нуулгүй хэлэхэд гэнэт л өчнөөн мөнгөтэй болох юм шиг сэтгэж хүлээж авсан. Гэхдээ шууд май гээд өгчихдөг эд биш, ингэх ч бололцоо байхгүй гэдгийг нийгэм сүүлийн жилүүдэд хангалттай мэдэрлээ. “Эрдэнэс Таван толгой”-гмэддэг, хариуцдаг байсан хэдэн дарга нар л мөнгөжсөн байх. Өмнөх даргын үед шахсан хэдэн тэрбумын дугуй, Дэнзэнгийн өчнөөн тэрбум гээд төрийн эрх мэдэлтнүүдийн халаас зузаарснаас Таван толгойгоос иргэдэд наалдсан юм лав байхгүй. Иргэн бүрт хувьцаа тараалаа гэж нэг хэсэг шуугиулсныг эс тооцвол Таван толгойгоос гялайж гялтайх юм алга. Өнөө хувьцаа нь өдгөө шилний цаанаас чихэр долоолгох дайны юм болчихсон. Олон улсын зах зээл дээр IPO гаргачихвал хувьцаа асуудалгүй гэсэнганцхан тайлбарыг албаныхан өгсөөр хэчнээн ч оныг үдэв.
Төр хамгийн муу менежер гэж эдийн засагчид хэлдэг. Төрийн өмчийн компаниудаас энэ л гайгүй гялалзаж байна даа гэх компани байдаггүй нь ийм учиртай. Горыг нь өнгөрсөн жилүүдэд амссан учраас Таван толгойн өмчлөл нь төрд хэвээрээ ч, менежмэнтийг нь хувьд өгье гэсэн шийдлийг засгаас гаргасан. Стратегийн хөрөнгө оруулагч нь тодорхой болсон Таван толгойн ордын хэлэлцээр яг энэ эрчээрээ явбал ирэх хавар гэхэд Өмнийн говьд их бүтээн байгуулалт өрнөнө. Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гээд бодоход л ямар том хэмжээний бүтээн байгуулалт өрнөхийг багцаалдаж болно. Төмөр зам тавигдана, тэр хэрээр нүүрсний тээврийн зардал багасч үнэ цэнэ нь өснө. Энэ үед л харин Таван толгойн өгөөж иргэдэд жинхэнэ утгаараа мэдрэгдэнэ дээ. Таван толгойд ханган нийлүүлэлт хийдэг компаниудын бизнес өргөжөөд ирнэ. Төмөр замаас эхлээд бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл өчнөөн хүн ажилтай болно. Улсын төсөвт орох татварын хэмжээ ихэснэ. Төсөв зузаарвал цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихаас эхлээд иргэдэд наалдацтай ажлуудыг ч хийх боломж гарна.
Одоо нэг аюул бий. Таван толгой овоо хөдлөх гэж байгаа энэ үед “эх орончид” цээжээ дэлдээд босоод ирж мэднэ. УИХ-д гэхэд хэд хэдэн эх оронч сууж байгаа. Таван толгойг мөнгө болгож харсан эрх мэдэлтнүүд ч саарал ордонд олон. Төдийгөөс өдий хүртэл Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шийдээгүй ньч үүнтэй холбоотой. Таван толгойгоос хэн ахиу юм унагах вэ гэсэн уралдаан өнөөг хүртэл хөшигний ард өрнөсөн нь нуугаад байх зүйл биш. Тэд наанаа Таван толгойг “Ард түмэнд л очих ёстой орд” гэж ярьцгаадаг. “Ганцхан компани баяжих нь. Ард түмэн юу ч үгүй хоосон хоцрох нь” гэж ирээд хашгиралдаж мэдэх нөхөд гудамжинд бол бүр олноороо хөлхөж яваа. “Ард түмний төлөө” гэсэн гоё үгээр бамбай хийдэг энэ эрхмүүдэд бол Таван толгойг хувийн компани зах зээлийн жамаар нь хөдөлгөж, монгол нүүрсийг үнэд хүргэх нь нэг их чухал зүйл биш.
Ямар ч байсан Таван толгой хөдлөх нь тодорхой боллоо. Нүүрсний зах зээлдээ том гэсэн компаниуд энэ ордод хөрөнгө оруулна гэсэн мэдээг дэлхий сонсчихлоо. Мөнгөө тас атгачихаад Монгол руу эргэлзэнгүй харж суугаа хөрөнгө оруулагчдын итгэл наашлахад нөлөөлөхөөр сайн мэдээ, эерэг дохио. Хурдан хүлэгтэйгээрээ нийгэмд илүү танигдсан, чуулганы хуралдааны үеэр дуугардаггүй шахам нэг эрхэм УИХ-д бий. Дундговиос сонгогдсон Наранхүү. Энэ эрхэм сүүлд овоо үнэн үг унагана лээ. “Төр засаг нэгэнт л гэрээ байгуулж гарын үсэг зурсан бол тэрэндээ үнэнч баймаар юм. Засаг солигдонгуут л үгнээсээ буцаад эхэлдгээ болих хэрэгтэй. Биднийг ингээд байхаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдраад гараад явчихаад байна шүү дээ” гэсэн үгийг нь Таван толгой дээр онцолмоор байна. Үнэн л дээ. Монголчууд байгуулсан гэрээнээсээ буцсан нь муухай харагдсан учраас, аймаар санагдсан болохооргадаадын хөрөнгө оруулагчид Монголыг орхисон.
Харин одоо төр хэлсэн амнаасаа буцахгүй, энэ эрчээрээ Таван толгойгоо хөдөлгөх хэрэгтэй. Засаг солигдсон ч гэлээ Таван толгой дээр яг энэ бодлогоосоо ухрахгүй байх учиртай. Тэгж байж л бид улсын дайтай хөгжинө.
Өдийд популистууд “Муусайн олигархиуд” гэж ирээд босоод ирвэл гайхаад байх зүйлгүй. Эх орончдын хувьд Таван толгойн менежмэнтийг компаниуд хийнэ гэсэн засгийн шийдвэр ард түмэнд хайртайгаа харуулах сайхан боломж. Азаар иргэд нэг үеэ бодоход тэднийг таньж эхэлсэн л дээ. Ард түмний нэр барьж хамгийн чанга дуугарсан иргэний хөдөлгөөнийхөн нүдэн дээр нь чинээлэг амьдраад эхэлсэн учраас иргэдэд эргэлзээ төрж эхэлсэн. Уул уурхайн нэг компанийн ажилтан “Иргэний хөдөлгөөнийхөн манай уурхай дээр эхлээд фургонтой очиж байсан, дараа нь суудлын тэрэгтэй очдог болсон. Одоо жип хөлөглөөд ирэх байна. Тэр хөдөлгөөнийг тэргүүлдэг нөхөр нь Зайсанд хаусанд амьдардаг. Ажил хийдэггүй мөртлөө 9911-тэй дугаартай” гэж яриад толгой сэгсэрч байсан.Монголыг хөгжүүлэхгүй гэсэн хэн нэгний, ямар нэг орны түлхээс, санхүүжилтээр өчнөөн мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулаад, бужигнаан шуугиан дэгдээгээд явдаг юм биш үү гэсэн хардлагыг батлахаар энэ мэт жишээ өчнөөн бий. Тэгэхээр эх орончдын худлаа үгэнд ач холбогдол өгөхгүйгээр Таван толгойгоо хөдөлгөх нь л ашигтай гээд бодчих хэрэгтэй. Үгийг нь хэн ч сонсохгүй, үнэлэхгүй, итгэхгүй байхаар эх орончдын тоо цагийн жамаар цөөрөөд ирнэ.
Таван толгой дэлхийн акул компаниудын тоонд зүй ёсоор багтдаг “Шинхуа”, “Сумитомо”, Монголын “Энержи ресурс”-ын менежмэнтээр ажиллаж эхэлбэл ашгаа өгөөд эхлэх нь гарцаагүй. Зах зээлийн жамаар хөдөлсөн ямар ч төсөл ашгаа өгдөг. Тэр дундаа Таван толгой шигкоксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гайхагдсан орд дээр хэрэгжиж буй төслийн хувьд алдагдал гэсэн ойлголт бүр байхгүй. Ашигтай ажиллаад ирэхээр одоохондоо шилний цаанаас долоох чихэр төдий байгаа Таван толгойн хувьцаа маань ч амь орно. Тавантолгойн хувьд төрд өмчлөл нь үлдсэн учраас хувьцаа эзэмших эрх маань хэвээрээ байгаа.
Ц.БААСАНСҮРЭН
Нефтийн үнэ унасан хэвээр
Яг одоо brent маркын нефть 56,58 ам долларын ханштайгаар арилжаалагдаж байна. Лондонгийн бирж хэмээх бүхнийг тодорхойлогч “зах” дээрх өчигдөрийн арилжааны үер энэ төрлийн нефть 1,5 хувиар унасан нь өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй. Саудын Арабын сайд Али аль-Нуйами нефтийн үнэ 20 ам. доллар болсон ч борлуулалтаа буулгахгүй гэж хэлж байсан бол одоо “Байдал сайжирлаа гээд нефть хэзээ ч 100 ам.долларын төвшинд дахин очихгүй ” гэсэн нь зах зээлийг дахин чичрүүлсэн бололтой. WTI маркын нефтийн хувьд байдал бүр ч дорой. Энэ төрлийн нефтийг өнөөдөр Нью-Йоркын бирж дээр 53,20 ам. доллараар худалдаж байна.
Б.Бүжин
1921 оны Ардын хувьсгалын дараа Гэгээрлийн яамыг анх байгуулж манай боловсролын салбар үүсэн байгуулагдсан түүхтэй. Жамьян гүнг Гэгээрлийн сайдаар томилсон боловч тэрээр гурван сарын дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Түүний оронд Гусиное озёрскоос Хүрээнд ирээд удаагүй байсан Эрдэнэбатхааныг томилсонтухай түүний отгон хүү Э.Агваандорж гуай ярьсан юм. Э.Агваандорж гуай Эрдэнэбатхааны отгон хүү, ардын жүжигчин, төрийн шагналт нэрт зохиолч, орчуулагч Э.Оюуны дүү. Өдгөө 90 шүргэж яваа ч тун ануухан харагдах бууралтай аав, ээж, эгч, ах нарынх нь талаар яриулах завшаан тохиосон юм.
Эрдэнэбатхаан Эрхүүгийн гимнази, дараа нь багш нарын семинарыг дүүргэсэн. Түүний жинхэнэ нэр Никита Федорович Бутуханов. Монголд ирээд Эрдэнэбатхаан хэмээн нэрээ монголчилжээ. 1905 онд Орост ажилчин тариачдын бослого гарснаас хойш улс орны байдал тогтворгүй хэвээр байсан үе. Орост хаант засгийг эсэргүүцэн нэлээд бужигнаж байсан тухайн үед Эрдэнэбатхаан тэрс үзэлтнүүдтэй нийлдэг байсан тул улс төрийн хувьд найдваргүй хэмээгдэж Эрхүүгээс Русино озёрскт цөлөгджээ. Цөллөгт байхдаа Хүрээнээс очсон соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсрановтой танилцав.”Монгол тусгаар улс болсон. Нийслэл Хүрээ их гоё байгальтай сайхан газар. Баруун, зүүн талаар нь гол урссан, ой, модтой. ЭхнэртэйгээМонголд очижамьдар. Монголд хийх ажил их байна” хэмээн ятгасаар түүнийг Хүрээнд авчирсан гэдэг. Эхэн үедээ Эрдэнэбатхаан эхнэр Цэцэгийнхээ хамт Судар бичгийн хүрээлэнд өдөр болгон сууж нэг жилийн дотор хуучин монгол бичгийг сурчээ. Олон хэл мэддэг байснаас гадна аргагүй л хэлэнд авьяастай тул хурдан сурсан байх хэмээн Э.Агваандорж гуай ярив. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын анхны дарга байхдаа ч, Гэгээрлийн сайд болсныхоо дараа ч тухайн үеийн Монголын Засгийн газрынбичиг баримт, тогтоол зэргийг тэрээр ихэд нямбайлан бичсэн нь одоо болтол улсын архивт хадгалагдаж байдаг.
Эрдэнэбатхааныг Монголд ирэхэд Бодоо, Догсом гээд боловсролтой хүмүүс байсан аж. Тэр дундаа Бодоо бусдаасаа гойд илүү байсан гэдэг. Орос хэлтэй, Оросын Элчин сайдын яаманд сүрхий нэр хүндтэй. Эрдэнэбатхаан 1929 онд хүртэл Гэгээрлийн сайдын албыг хашихдаагэрийн бараа хардаггүй байсан тухай ээж Цэцэг нь хожим хүүхдүүддээ дурсан ярьдаг байжээ. Батсүмбэр, Мандал зэрэг сумдад анхны сургуулийг байгуулснаар энэ ажлынх нь хүрээ тэлжээ. Хөдөө явахдаа хөтөлгөө морьтой гараад л явна. Гэртээ байхдаа бичгийн ширээний араас салахгүй.Сайд Эрдэнэбатхаан монгол залуус Орост бус, харин барууны өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмших ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан хүн. Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Түүний хичээл зүтгэлээр анх удаа Монголын залуус баруун Европт Франц, Германд суралцахаар явсан. Сайд өөрөө хүүхдүүдээ сонгож, сургуулиудад нь хүргэж,айлуудаар тарааж өгөөд, Берлинд хэсэг хугацаанд ажиллаж, Монголын газрын зураг хэвлүүлэх, сурах бичиг, хэвлэлийн үйлдвэр, бичгийн машин захиалах, киноны тоног төхөөрөмж, цахилгаан дизель станц авчрах зэрэг маш чухал ажлуудыг амжуулаад иржээ.Анхны 29 хүүхдийн хоёр нь Францад, үлдсэн нь Германд сурч, хожмоо Монголын шилдэг сэхээтнүүд болсон.Д.Нацагдорж, Наваан-Юндэн гээд тэднийг монголчууд андахгүй.
ОРОСТ СУРАХААР ЯВААД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ
Гэгээрлийн яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа чамлахааргүйихийг хийсэн түүнийг Монгол Ардын Намыг МАХН хэмээн нэрлэсний дараа 1929 оны Их хурлаар “баруунтан” хэмээнбуруутган ажлаас нь халсан байна. Угийн сурч боловсрохыг эрхэмлэдэг байсан тэрээр Ленинградын Дорно дахины дээд сургуульд монгол хэл соёл заах, улмаар философийн ухааны доктор хамгаалахаар явсан байна. Орост суралцаж байхдаа 1931 онд нутагтаа иржээ. Тэгэхэд отгон хүү Э.Агваандорж нь дөрөвхөн настай байжээ.Удаан хугацаагаар хол байсан болохоор бяцхан хүү эхэндээ ааваасаа ихэд бишүүрхэж байжээ. Эрдэнэбатхаан хамгийн сүүлчийн удаа гэртээ ирж, эхнэр хүүхдүүдтэйгээ уулзаж байсныг хэрхэн мэдэх билээ. Удалгүй Орос руу буцсан бөгөөд аймшгийн хэлмэгдүүлэлт түүнийг хүлээж байсан юм. Түүнээс хойш өдөр алгасалгүй хүлээж суусан хань, таван хүүхэд нь түүнийг хилс хэргээр баригдсан гэдгийг огт мэдээгүй гэдэг. Сураггүй болоод 19 жил өнгөрсний дараа буюу 1956 онд нөхрийг ньцагаатгасан бөгөөд түүнээс хожууэхнэрт нь дуулгасан байна. Тэгэхэд лнас барсан гэдгийг нь анх мэдсэн гэдэг.
Эрдэнэбатхааныг 1937 оны есдүгээр сарын 22-ны өдөр баривчилсан аж. Амруулах нэрээр Крымд аваачсан Эрдэнбатхаан,Элдэв-Очир, Мэргэн гүн Гомбожав, Цэвээн Жамсранов, Ц.Дамдинсүрэн, Гэндэн гээд Монголын төр засгийн зүтгэлтнүүдийг Крымд бүгдийг нь цувуулан дуудаж баривчилсан байдаг. Эрдэнэбатхааныг Ленинградын аймшигт гяндангуудаар хоёр жил хагасын хугацаанд эрүү шүүлт тулган байцаасны эцэст 1940 оны хоёрдугаар сард найман жилийн ял өгөхдөө Зөвлөлт засгийг унагаах гэсэн, Сталины амь насанд халдах зорилготой Троцкийн бүлгийн гишүүн, Германы тагнуул, Японы тагнуул, Панмонголизм буюу Японы удирдлагаар Монголын их гүрнийг байгуулахыг санаархсан гэсэн хэргээр яллажээ. Түүнийг олон жил шоронд хорьж, байцаан тамлан яргалж, эцэст нь ГУЛАГ-т явуулж, 1942 оны нэгдүгээр сард нас барсан болохыг нь гуч охин А.Саруул нь 2000 оны эхээр архивт олон хоногийн туршид сууж бүх бичиг баримттай танилцаж мэдсэн аж. Түүнийг Зөвлөлтийн шүүхээс цагаатгасан ба нэгэнт амь насаа алдсан түүний үйлдсэн гэгдэх хэрэг нь нотлогдоогүй гэсэн хагас хуудас цаас л үлджээ. 19 жил сураггүй байх хугацаанд нь гэргий Цэцэгийнх нь чихэнд “Эрдэнэбатхаан өөр эхнэртэй болсон. Орост амьдарч байгаа” гэсэн янз бүрийн цуу яриа хүртэл хүрч байсан гэдэг.
ЭРДЭНЭБАТХААНЫ ШАР ОХИН
Эрдэнэбатхаан амьд сэрүүндээ хүүхдүүдээ заавал бичиг үсэгтэй боловсролтой болгохыг захидаг байжээ. Ялангуяа ууган охин Э.Оюуныг юм сурах хүүхэд хэмээн онцолно. Тэрээр Ленинградыг зорихдоо охин Оюуныг аваад явжээ. Гэвч нэг жилийн дараа “гэрээ санаад байна” гэснээр буцаажээ. Нөхрийнхөө захисныг Цэцэг гуай биелүүлсэн. Нөхөр нь сураггүй болсны дараа хөөцөлдсөөр охин Оюуныг Эрхүүгийн Рабфакт явуулсан байна. Догсом, Лосол хоёр ч их тусалж дэмждэг байжээ. Гэвч гурван жилийн сургуулийг Э.Оюун ердөө нэг жилийн дотор суралцаж бүх шалгалтыг нь өгчихөөд буцаад ирсэн гэнэ. Учир нь Ленинградад аавтайгаа байхдаа бүгдийг нь заалгачихсан байжээ. Ингээд Эрхүүгээс эргэж ирэхэд Э.Оюун гуайд сурах газар байсангүй. Өөрөө заавал театрт ажилд орно гэхэд ээж нь “Чи авьяасгүй шүү дээ” гэнэ. Хариуд нь”Би шанз тоглож чадна” хэмээн тайлбар хийдэг байв. Санасандаа хүрч театртаа ч орж. “Хий гэсэн бүхнийг нь хийнэ” гэсэн болзолтойгоор ажилд оржээ. Үнэндээ бол анх цэвэрлэгчийн орон тоон дээр авсан байдаг. Тоос шороогоо арчиж дуусчихаад жүжигчид хэрхэн сургуулилт хийж байгааг хараад суучихдаг байсан жижигхэн шар охин удалгүй сургагч Робинович гэгч театр ажиллахаар ирсэн Зөвлөлтийн мэргэжилтний хэлмэрч болов. Бөмбөгөр ногоон театр дөнгөж нээгдэж байсан тэр үед Цагааны Цэгмид,Цэвээн, Ичинноров, Чимид-Осор, Цэндээхүү гээд манай нэртэй жүжигчидтэй цуг ажиллаж байлаа. Сургагч Робинович нь Оюун гуайг найруулагч болоход нь маш их нөлөөлсөн. Түүний хэлмэрчээр ажиллаж байхдаа анхныхаа жүжгээ орчуулсан гэдэг. Бямбын Ренчин гуай нэг удаа “Эрдэнэбатхааны шар охин юм орчуулна гэж үзүүлэх юм. Бөөсийг нь түүх гэж би их ядарч байна” хэмээн ярьж байсныг Э.Агваардорж гуай дурсан ярихдаа инээж байлаа. Аав шигээ уйгагүй хөдөлмөрч, үргэлж л ном шагайж юм бичиж сууна. Оросын их зохиолч С.Грибоедовын”Горье от ума”-г орчуулахдаа “Ухаантайгаасаа болж их зовж байгаа хүн гэлтэй биш дээ” хэмээн бөөн бодол болж байсан гэдэг. Ингээд “Ухаантны зовлон” хэмээн маш оновчтой орчуулсан бүтээл төрсөн. Бидний сайн мэдэх, үзэх дуртай “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй” зэрэг кинонуудыгЭ.Оюун гуай орчуулсан юм. Тэрээр Б.Ренчин зэрэг Монголын нэртэй номын хүмүүсээс ихийг суралцжээ. Намдаг гуайгаас зохиол бичихийг сурна хэмээн Сөгнөгөрт цуг зусланд гардаг байжээ. Э.Оюун гуайг найруулагч болоход нь Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Уварова ихэд нөлөөлсөн гэдэг. Хожим нь Э.Оюун ГИТИС буюу Москвагийн театр урлагийн дээд сургуульд Данзанравжаагийн бүтээлээр докторын зэрэг хамгаалахаар очсон. Түүний докторын ажилтай танилцсан багш нар нь “Та аль хэдийнэ доктор болчихсон хүн байна шүү дээ” гэж байжээ. Э.Оюун гуайг Намын Төв Хорооны үзэл суртлын дарга бол гэхэд”Би дийлэхгүй” гээд ихэд дургүйлхэж байжээ. Ардын жүжигчин, төрийн шагнал олгосны дараа Хөдөлмөрийн баатар болгоё гэхэд нь “Надад хүндэднэ” гээд аваагүй байна. Одон тэмдэг, шагнал, магтаалд тун дургүй, зөвхөн хийж бүтээхийн төлөө уйгагүй ажилладаг байсан эгчийнхээ тухай Э.Агваандорж гуай ярихдаа “Арай дэндүү ихажилладаг байсан” хэмээж байв.
Эрдэнэбатхааны хүүхдүүд болох Оюун, Карма, Зандармаа, Раднаа, Агваандорж гуай нар бүгд л салбар салбартаа тэргүүлж явсныг хүмүүс сайн мэднэ. Аав нь “баруунтан” хэмээн буруутгагдан хавчигдаж явсан ч ээж Цэцэг нь хөөцөлдөж байж хүүхдүүдээ сургууль соёлоор явуулсны ач тус юм. Э.Агваандорж гуай ч ялгаагүй. Тэднийх одоогийн Гадаад хэргийн яамны ард байсан бөгөөдЭлдэв-Очир, Догсом, Лосол гуайнхтай айлбайж хүүхдүүдтэй нь цуг тоглож өсчээ. Э.Агваандорж гуай Орост цахилгааны инженер мэргэжлээр сурч ирээд тухай үеийн Гэрлийн хороонд ажилд орж насаараа энэ салбарт ажилласан. III цахилгаан станцын даргаар олон жил ажилласан буурлын зээ охин нь нэрт загвар өмсөгч С.Төгс. Хилийн чинадад Монголын нэрийг гаргаж яваа сайхан бүсгүй. Харин Э.Агваандорж гуай эхнэр Ичинхорлоогийнхоо хамт нэрт загвар өмсөгч зээ охиныхоо бяцхан охиныг хэрхэн өсөн торниж байгааг харж суугаа азтай буурлууд юм.
Ю.ДЭЛГЭРМАА
Канад улсад зохиогдож буй залуучуудын хоккейн ДАШТ үргэлжэлсээр байна. Өнгөрөгч шөнө хагас шигшээд шалгарахын төлөөх гал гарсан дөрвөн тоглолт зэрэг шахуу явагдаж ялагчдаа тодруулсан. Энэ тоглолтууд ОХУ-АНУ 3:2, Швед-Финлянд 6:3, Чех-Словак 3:0, Канад-Дани 8:0 гэсэн харьцаагаар өндөрлөжээ. Дараачийн тоглолтууд маргааш Торонто хотод явагдах бөгөөд ОХУ-Швед, Канад-Словак гэсэн хослол мөнгөн медалийн “тавцан”-д зогсохын төлөө үзэлцэх нь. Энэ хосууд хэсгийн тэмцээнд өмнө нь таарч хоорондоо нэг нэг удаа тоглоод үзчихсэн бөгөөд тэгэхэд ОХУ, Канадын багууд өрсөлдөгчдөө ялж байсан юм.
Б.Хулан
Энэ сарын 5-20-ны хооронд нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулах юм байна. Энэхүү бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч. Мөн гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж буй хороон дээрээ очиж хамрагдах боломжтой аж.
Жил бүрийн эхээр Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт зохион байгуулагддаг автомашин, мотоциклийн олимп болох “Дакар Ралли” маргааш эхэлнэ. Энэ уралдааны автомашины төрөлд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан анх удаа уралдахаар болсон билээ. Тэд машинаа үзлэгт оруулж, уралдахад бэлэн болжээ. Унгар, Монголын хамтарсан “Uniqa Sandlander” баг нийт 25 хүнээс бүрдэх бөгөөд багийн бүрэлдэхүүнд Монголын талаас 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикчаар спортын мастер Б.Батболд ажиллаж байгаа юм. Харин 355 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах аж. Энэ удаагийн “Дакар Ралли” уралдаанд нийт 138 автомашин 9111 км замыг туулж уралдах юм.
“Дакар Ралли” уралдааныг дараах сувгуудаар шууд үзэж болно.
Argentina: canal7, Bolivia: bolivia tv, Chile: la red, USA: NBC sports, Brazil: Fox, China: hunan tv, Japan: J sports, France: France tv, Spain: TVE/TV3, Netherlands: Rtl7, Poland: TVN, Italia: sportitalia, Australia: SBS, Asia: Fox & Eurosport, Latin America: Fox, Africa: Supersport, Middle east: Be in sport.