УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 төсвийн тухай хууль болон холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүн Г.Уянга “Сангийн сайд бахйгүй байхад төсөв хэлэлцэнэ гэж их сонин байна. Эхлээд Засаг төрөө байгуулчихаад төсвөө баталвал яасан юм бэ” гэлээ. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд “Г.Уянга гишүүнийг байхгүйд хэлэлцэнэ гээд тохирчихслн юм. Сангийн сайдыг Ерөнхий сайд орлоно” гээд асуудлыг хэлэлцэж эхлүүлэв.
Хуулийн төслүүдийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулав. Таницуулгаас онцлох ишлэлүүдийг хүргэвэл:
ДНБ-ий 2015-2017 оны төсөөлөлд Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүд тогтвортой, хэвийн үргэлжилнэ гэж тооцоолсон.
2015 онд ДНБ-ий бодит өсөлт 7.1 хувь, 2016 онд 9.1 хувь, 2017 онд 10.8 хувь тус тус өсөхөөр байна.
Ажиллагчдын тоо 2015-2017 онд жилд дунджаар 1.5 хувиар өсөж, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 34.0-35.0 мянга орчим байхаар төсөөлөгдөж байна. Ажилгүйдлийн түвшин 2015 онд 7.0 хувьд, 2016 онд 6.6 хувьд, 2017 онд 6.2 хувьд тус тус хүрэхээр байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 3,798.0 тэрбум төгрөг буюу 85.9 хувьд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар буюу 347.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2015 онд инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогийг харгалзан индексжүүлж нэмнэ.2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,160.4 тэрбум төгрөг байхаар тооцсон.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2015 онд 16.4 хувиар, 2015-2017 онуудад дунджаар 8.9 хувь өсөхөөр таамаглаж байна.
2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын 82.4 хувь буюу 5,900.5 тэрбум төгрөг нь татварын орлого, үлдэх 17.2 хувь буюу 1,259.9 тэрбум төгрөг нь татварын бус орлого, хөрөнгийн орлого болон тусламжийн орлогоос бүрдэхээр байна.
Танилцуулга дууссаны дараа гишүүд асуулт асууж хариулт авч байна.