Categories
мэдээ соёл-урлаг

Blue Mon галерейд дуудлага худалдаа болно

Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөө орой 18:30 цагт “НЭГ ЧИГЛЭЛ” хандивын хүлээн авалт болно.Хөөрхөн зүрхтэй уран бүтээлчдийн дэмжлэгээр цугласан уран зургууд, бүтээлүүдийг дуудлагаар худалдаалах юм. Дуудлага худалдаанаас олсон орлогыг Б.Энхжаргалын БНСУ-д явж эмчлүүлэх эмчилгээний зардалд зориулж, нэгэн залуу бүсгүйн ирээдүйг асаахад дэмжлэг үзүүлэх ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын соёлын өдрүүд” болно

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яамны хооронд 2014 онд байгуулсан “Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах тухай” протоколын дагуу хоёр орны “Соёлын өдрүүд” харилцан зохион байгуулж байна.

БНХАУ-ын дарга Ши Жин Пин Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохион ажилттай зохион байгуулагдаж Хятадын соёлын өвийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэн, урлагийн тоглолтоор Монголын үзэгчдэд бэлэг барьсан. “Монголын соёлын өдрүүд” 2014 оны 12 дугаар сарын 5-наас 14-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдаж “Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг толилуулахаар бэлтгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас цахилгааны үнэ нэмэгдэнэ

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоолоо. Шинэ тарифыг 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ.”Үнийг индексжүүлсэн” гэдэг нь гадаад болон дотоод зах зээлийн олон нөлөөллийг харьцуулан судалж, дүгнэсний үндсэн дээр дундажлан гаргасан шинэ тариф гэж ойлгож болох юм. х УИХ-аас 2010 онд эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэх, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, цаашид үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг тусгасан тогтоолыг баталсан. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлд үнэ тарифын зохицуулалтыг хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлого баримталж байна гэж нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээллээ.

Төвийн бүсийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад болон айл өрхөд борлуулах цахилгааны тариф

ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

1. Үйлдвэр, аж ахуйн нэгж болон бусад байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Ангилал Хэмжих нэгж Тариф
1 Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр
Үүнд: Нүүрс олборлолт. Боловсруулалт Газрын тос, шатдаг хий олборлолт, боловсруулалт Төмрийн хүдэр олборлолт, боловсруулалт Бусад ашигт малтмал олборлолт, боловсруулалт
1.1 Энгийн тоолууртай Төг/кВт.ц 138.00
1.2 3 тарифт тоолууртай
а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 138.00
б Оройн хэрэглээ /оройн 17.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 244.00
в Шөнийн хэрэглээ /шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 66.30
2 Бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага
2.1 Энгийн тоолууртай Төг/кВт.ц 113.00
2.2 3 тарифт тоолууртай
а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 113.00
б Оройн хэрэглээ /оройн 17.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 187.00
в Шөнийн хэрэглээ /шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 66.30
2.3 “Цахилгаан тээвэр” ХК Төг/кВт.ц 66.30
3 Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн зориулалттай зам талбайн гэрэлтүүлэг болон нийтийн зориулалттай орон сууцны орцны гэрэлтүүлэг
3.1 10, 11, 12, 1, 2 ,3 дугаар саруудад
а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 113.00
б Орой, шөнийн хэрэглээ /оройн 19.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 66.30
3.2 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад
а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 22. 00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 113.00
б Орой, шөнийн хэрэглээ /оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 66.30

АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ 1.Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Хэрэглэгчдийн ангилал Хэмжих нэгж Тариф /НӨАТ-гүй/
1 Энгийн тоолууртай
а Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг Төг/кВт.ц 85.70
б Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи хэрэглээг Төг/кВт.ц 103.60
2 2 тарифт тоолууртай
а Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 91.00
б Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 66.30
3 Сарын суурь тариф Төг/сар 1000.00

АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ

1. Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Ангилал Хэмжих нэгж Сарын хэрэглээ
1 Айл өрх кВт.ц 350
Categories
мэдээ нийгэм

Дүүргийн прокурорт хяналт тавина

Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд шинээр гарсан хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд шинэ бүтцээр ажиллаж байна. Энэ хүрээнд дүүргийн нэг, хоёрдугаар прокурорын газарт прокурорын орлогч, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын I, II, III хэлтсийн дарга ажиллуулахаар болжээ. Энэ тухай тушаалыг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өчигдөр гаргасан байна. Хэлтсийн дарга нар нь эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, ажлын уялдааг сайжруулах чиг үүрэгтэй аж.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр нийслэлийн 2015 оны төсвийг батална

Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн 2015 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батална.

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгтэй хамтатган нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад баярын цахилгаан илгээжээ

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Ахмет Давутолу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн цахилгаан утас ирүүлсэн байна. А.Давутолу цахилгаан утсандаа Монгол, Туркийн бэхжин гүнзгийрч буй ах дүүгийн нөхөрсөг харилцааг шинэ Засгийн газар улам дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Х.Бадамгэрэл шилдэг топ модель боллоо

Монголын загварын ертөнцийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гоёл-2015” наадам өндөрлөлөө. Энэ жилийн Гоёл наадмын шилдэг топ моделиор Х.Бадамгэрэл тодорчээ. “Гоёл-2015” наадамд 120 гаруй загвар өмсөгч мэдүүлгээ өгснөөс 70 загвар өмсөгч шалгарч загварын шоунд оролцжээ. Тэднээс сүүлийн шатанд 50 загвар өмсөгч шалгарч үлдсэнээс Х.Бадамгэрэл ийн шилдгээр тодорчээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Телевизүүдэд таван тэрбум төгрөг хувааж өгчихөөд өөрсдийнхөө дохиогоор хөдөлгөх нь ээ

УИХ-аар “Монгол контент” хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжээд байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Соёлын тухай хуульд нэмэлтээр орж буй “Монгол контент” хөтөлбөр батлагдвал хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдаж, боомилсон явдал болно. Таны хувьд энэ хуулийн төсөлд ямар байр сууртай байна?

-Монголын төр аливаа бизнест оролцохгүй байхыг хаа хаанаа ярьж байгаа. Тиймээс миний хувьд “Монгол контент” хөтөлбөрийг дэмжихгүй. Хувийн телевиз, хэвлэлүүд өнөөдөр төрөөс ямар ч татаас авалгүйгээр өөрсдийгөө авч яваа салбар. Өнөөдөр 140 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Өрсөлдөөн дундаас сайн телевизүүд нь шалгараад л гараад ирнэ. Тиймээс төрийн оролцоо заавал байх шаардлагагүй гэж бодож байгаа. “Монгол контент” хөтөлбөр нь нэг ёсондоо редакцийн бодлогод шууд нөлөөлж байна шүү дээ. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь эх оронч үзэл, хүмүүжил, монгол ёс заншил, өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй гэж байна л даа. Үүнийг телевизээр нэвтрүүлснээс ард түмнээс сонгогдсон улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө үлгэрлэж харуулах ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт асар их холбогдож байна. УИХ-ын гишүүд ёс зүйтэй баймаар байна. Аливаа асуудлыг нам болоод албан тушаал харгалзахгүй шийдэж байх хэрэгтэй л дээ. Гэтэл найзан дундаа, нам дундаа хийгээд явж байгаа тохиолдолд Монголын ёс суртахуун, хүмүүжлийн талаар телевизээр ухуулна гэж хичнээн яриад ч нэмэргүй. Тиймээс төр биелэгдэхгүй хуулийг гаргах шаардлагагүй юм.

-Телевизүүдэд гадаадын кино, нэвтрүүлэг зонхилж, тархи угаалт явагдаж байна, гадны нөлөөнд орлоо гэхчилэн Ц.Оюунгэрэл сайд “Монгол контент”-оо батлуулахаар тэмцэж байгаа шүү дээ…

-Гадаадын кино үзээд тархи угаагдана гэж ойлгохгүй байна. Харин ч чөлөөтэй байх ёстой. Тэгж байж монголчууд бидний оюун ухаан дархлаатай болно. Хойт Солонгос шиг бүх юмыг хорьчихоод нэг тавибал юу болох нь тодорхой. Өнөөдөр сайн муугаараа дуудуулдаг телевизүүдийн чанар сайжирч байгаа. Бүх телевиз хүүхдэд зориулсан өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болсон байна. Монгол ёс заншлыг сурталчилсан, үлгэр домгийн цаг, нэвтрүүлгийн цагтай. Өөрийнхөө зах зээлийн жамаар явж байгаа энэ салбарт төр оролцоод хэрэггүй гэдгийг дахин хэлмээр байна.

Бид гадны нөлөөнд орлоо гээд байгааг ойлгохгүй юм. “Компьютер”-ийг дэлхий нийтээр ингэж л нэрлэдэг. Бид ч адилхан “компьютер” гэдэг шүү дээ. Өөрөөр юу гэж хэлэх вэ. Үүнийг тэгээд гадны нөлөөнд орж байна гэх үү. Туйлшрахдаа хэмжээндээ л туйлшрах хэрэгтэй.

-Харин ч манайхны хийдэг кино харгис хэрцгий балмад үйлдэлтэй байдаг. Тэгсэн атал эфирийн 50 хувийг заавал үндэсний нэвтрүүлэг байхаар төсөлд тусгасан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хэрэгжих боломжийг нь та хэрхэн харж байгаа вэ?

-Монгол ёс заншил, ахуй соёл монголчууд бидний цусанд, генд бий. Тиймээс телевизээр тэгтэл нь гаргаад байх шаардлагагүй. Харин ч бид дэлхийн сонгодог урлаг, кино бүтээл, уран зохиол зэргийг түлхүү нэвтрүүлэх хэрэгтэй. Дэлхий нийт хоног цаг хугацаагаар хөгжиж байна. Бид үүнтэй хөл нийлүүлмээр байна.

-Дэлхий чигтээ даяар­шиж байхад манай телевизүүдийн нэвтрүүлгийн тэн хагас нь монгол агуулгатай болбол бид хөгжлөөс ухарч байгаа хэрэг юм биш үү?

-Даяаршлын үед бид дэлхий нийттэйгээ улам ойртох ёстой. Ц.Оюунгэрэл сайд хэвлэлийн салбар руу биш жуулчдыг хэрхэн эх орондоо татаж, тэдний ая тухыг хангахад анхаараасай. Тухайлбал, Оросын жуулчид манайд ихээр ирж байна. Адаглаад л тэднийг дэлгүүр ороход нь хөтөч байх хэрэгтэй. Энэ бүгдийг салбарын сайд нь анхаарч, зохицуулах ёстой баймаар.

-Ямартай ч ирэх оны төсөвт “Монгол контент” хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван тэрбум төгрөгийг суулгасан. Энэ дүнг 140 телевизэд хуваахаар юу ч болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр олигтой уран бүтээл гарах уу гэдэг асуудал байна?

-Уран бүтээлчдийг чөлөө­тэй орхичихвол тэднээс олон сайхан бүтээл төрнө. Ингэж телевизүүдийн эфирийн цагаас хугаслаж байхаар харин ч Монголын урлаг соёлыг гадаадад сурталчлаад ирсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ ажлыг салбарын яам нь хиймээр байна. Ерөнхийлөгч олимпод түрүүлсэн тамирчдад насан туршид нь мөнгөн дэмжлэг үүзүүлдэг болсон. Үүн шиг л эх орныхоо соёл урлагийг дэлхий дахинд таниулж, амжилт гаргасан уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлмээр байгаа юм.

-Ц.Оюунгэрэл сайд телевизүүдтэй таван тэрбумаар хаалтын гэрээ хийх гэлээ гэж шүүмжлэлд өртөж байна. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Төрөөс мөнгө авсан телевиз чинь төрийн заавраар явахаас өөр аргагүй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, телевизүүдэд таван тэрбум төгрөг хувааж өгчихөөд өөрсдийнхөө дохиогоор хөдөлгөх нь ээ. Эрх баригч нам нь телевизийн эфирийг хянаад байхаар тухайн хэвлэлийн байгууллага амаа бариулна. Нөгөөтэйгүүр тухайн намын мэдэлд байдаг телевизүүд ч тэр мөнгийг авах гэж зүтгэнэ. Энэ зэргээс “Монгол контент” төсөл орж ирсэн нь угаасаа буруу. Хамгийн гол нь мэргэжлийн холбоод нь асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр Телевизүүдийн холбоо өөрсдийнхөө үйл ажиллагааг мэдэг л дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тендер зарлавал тэнд жинхэнэ авлига хээл хахууль явагдана. Тиймээс энэ салбарыг зүгээр л орхичих гэж хэлмээр байна. Ёс суртахууныг Монголын ард түмэн өөрсдөө шүүнэ.

-Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал манайд үйл ажиллагаа явуулж буй CNN, Bloomberg гэх мэт гадаадын томоохон телевизүүд мөрдөхгүй нь ойлгомжтой. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа уг хуулийн төсөлд уг асуудлыг хэрхэн тусгасан юм бол?

-Ер нь хуулийн төсөлд ойлгомжгүй асуудлууд байна л даа. Хуулийг баримтлахгүй байгаа телевизийг яах ёстойг төсөлд тусгаагүй байна лээ. Тухайн телевизийн эрхийг нь хаах юм уу, тун ойлгомжгүй байгаа юм. Хэрэв хууль мөрдөөгүй телевизийн үйл ажиллагааг зогсоовол хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг болно.

Мэдээж манайд үйл ажиллагаа явуулж буй CNN зэрэг гадны томоохон телевизүүд хууль батлагдлаа гэхэд дагахгүй нь тодорхой. Ер нь таван тэрбум төгрөгийг хэдэн телевизэд тарааж өгч байхаар гадаадын нэр хүндтэй телевизүүдэд Монголоо сурталчлахад зарцуулах ёстой санагдаж байна. Монгол ёс заншлыг ингэж л сурталчилмаар байгаа юм.

-Ер нь АН гарснаас хойш ХМХ-ийг хааж боож, өөрсдийнхөө хувийн эрхшээлд байлгах гэсэн, бизнес эрхлэгчид рүү халдаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оорлцсон хуулийн төслүүд орж ирж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-АН гараад ард түмний нуруун дээрээс ачаа авдаг гэж ойлгогддог байсан. 1996 онд үнэхээр бид ачааг нь авсан. Харин 2012 оноос хойш намтайгаа олон зүйл дээр санал нийлэхгүй байна л даа. Ялангуяа хэвлэл мэдээлэл дээр авч байгаа арга хэмжээний хувьд Засаг хийх ажлаа л хийж, бизнест бага оролцооч ээ. Нэг ёсондоо тэд хэвлэлийн мэдээлэл түгээх эрхэнд халдах гэж байна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан тугны суурийг хонины сэвстэй гүзээгээр гуяджээ

Төрийн далбаа мандуулдаг газар хонины толгой, шийр тавьсан байлаа

-МОНГОЛЧУУДЫН ШҮТЭЭН БОЛСОН ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ МАЛ НЯДАЛЖ БУЗАРЛАЖ БАЙНА-

Монголын Үндэсний их баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэн мал нядалгааны газар болон хувирчээ. “Зил 130” маркийн авто машины чиргүүл дүүрэн хонь, ямаа ачиж ирээд тус хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээн дээр хашиж байгаад нэг нэгээр нь гаргаж ирэн нядлах болжээ. Хэдэн жилийн өмнө Афганистан улс төрийн эргэлт хийх үед иргэдээ цэнгэлдэх хүрээлэндээ хорьж байгаад буудаж амь насыг нь хөнөөж байсан гашуун түүх бий. Бүр хөлбөмбөгийн хаалгандаа хүний толгой өшиглөн гоол оруулж байсан байдаг. Үүнтэй адил Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг заларч, хүчит бөхчүүдийн ид хаваа гайхуулан барилддаг сэтгэлийн нандин газрыг хонины сэвстэй гүзээгээр гуядсан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон дэвжээн дээр мал нядлах болсон талаар тэр хавьд амьдардаг хүн болгон ярьж байна. “Хурд” хотхонд амьдардаг иргэдтэй уулзлаа.

Бог малын хорголыг цэвэрлэж амжаагүй байна

Иргэн Г.Цэдэн-Иш ингэж ярилаа.

-Хэдийнээс бог мал авчирч Төв цэнгэлдэх хүрээлэнд нядлах болсон бэ?

-Манай орон сууцны цонхоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай их тод харагддаг юм. Зун наадмаар гэрийнхээ цонхыг онгойлгож байгаад л дурандаад суучихдаг. Бөхчүүдийн барилдаан сайхан харагддаг юм. Төв цэнгэлдэх хүрээлэн монголчуудын сүлд хийморь шингэсэн хамгийн нандин газар гэж боддог. Бүгд надтай санал нийлэх байх. Гэтэл өнгөрсөн ням гаригийн шөнө “Зил 130” автомашин цэнгэлдэх рүү ороод ирсэн. Машин хаазлаад дуу чимээ гаргаад байхаар нь цонхоороо хартал хүмүүс бужигналдаад байлаа. Тухайн үед өвөл болгон энд мөсөн гулгуур хийдэг болохоор ус зөөж байгаа юм байна гээд унтаад өгсөн юм. Өглөө эрт босч ирээд харсан чинь арав гаруй хүмүүс ирчихсэн хонь, ямаа төхөөрч байсан.

-Багцаагаар хэдэн хонь, ямаа нядалсан бол?

-Дурангаар тоолоход зуу гаруй бог хашчихсан байх шиг байсан. Зургаан эрэгтэй хүн төхөөрөөд хэдэн эмэгтэй хүмүүс гэдсийг нь цэвэрлэж байна лээ. Бөхчүүдийн барилддаг дэвжээн дээр нь сэвс, баасыг нь асгаад байсан. Махаа гулуузаар нь өлгөөд, толгой шийрийг нь тэр хавиар тараагаад хаячихсан байсан. Их үдийн алдад мал нядалж байсан хүмүүс гүйлдээд сандралдаад эхэлсэн. Хашаанд байсан хонь, ямаагаа машин дээр ачаад аваад явчихсан. Тэгээд шөнөжин ус асгаад хоносон. Дэвжээн дээр асгасан ус тэр хавиар нэг уур манан татаад хоносон. Өглөө дутуу хөлдөөд хоносон байна лээ гэв.

“ӨВЛИЙН СПОРТЫН БАГ ТАМИРЧДЫН ИДЭХ ХООЛ ХҮНСИЙГ ЗЭХЭЖ БАЙНА ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН” ГЭВ

Биднийг цэнгэлдэх хүрээлэнд очиход манаач дотогш нэвтрүүлэхгүй байв. Манаач “Манайх энд гэр бариад өвөлд нь манадаг. Олон хонь мал хийсэн зүйл байхгүй. Өвлийн идэшний нэг хонь гэрийнхээ гадаа хийсэн” гэв. Тэрбээр үүнээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Харин Төв цэнгэлдэхийн явган хүн явдаг зам орчимд хонь, ямаа хашиж байсан ул мөр үлджээ. Хонь, ямааны хоргол энд тэндгүй харагдаж байлаа. Улаан хошуут, шаазгай зэрэг шувууд тэр хавьд цугларчээ. Өвлийн идэш буюу улай хийх үед л дээрх шувууд махны өвдөл, цөвдөл олж идэхээр ирдэг билээ. Харин мал нядалж сэвс, цус нөжийг нь гоожуулсан талбайг битүүд нь ус асгаж мөстүүлжээ. Өвлийн спортын баг тамирчид мөсөн гулгуурын талбайг засч янзлаад бэлтгэл сургуулилтаа хийх гэнэ. Ийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр зогсч байтал 40 гаруй насны нэгэн эмэгтэй ирсэн юм. Өөрийнхөө нэрийг нууцалж мэдээлэл өгч болно гэснээр бидний дунд ийм яриа өрнөлөө.

-Та өчигдөр энд гэдэс арилгахаар ирсэн юм уу?

-Тийм ээ. Мөнгө төгрөгийг нь өгье. Хонь, ямааны гэдэс арилгаад өгөх хүн хэрэгтэй байна гэхээр нь ирсэн юм. Мал төхөөрч мөнгө олдог хүмүүс ирчихсэн сурмаг гэгч нь хонь, ямаа нядалж эхэлсэн. Бид ч гэдсийг нь арилгасан. Төв цэнгэлдэх хүрээлэнд малын амь тасалж болж байгаа юм болов уу гэсэн. Хувийн өмч болчихсон. Хүн хувийн өмчдөө юу ч хийсэн болно гээд миний үгийг тоохгүй байсан юм. Ингээд арав гаруй хонь төхөөрч байсан чинь нүдний шилтэй нэг эмэгтэй, залуугийн хамт ороод ирсэн. Бид ч хонь төхөөрч гэдэс арилгах гэж яваа хүмүүс юм байна гэж ярилцаж байтал гэнэт л камер гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Ингээд л тэнд хонь, ямаа хийхээ болиод цус нөжийг нь шороогоор дараад ус асгасан юм.

-Хаанаас ирсэн хонь, ямааг нядалсан юм бол оо. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Яг хэн гэгч хүн олон мал хотын төвд оруулж ирээд нядалж байгааг мэдээгүй. Тэнд байгаа хүмүүсийн ярьж байгаагаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас л авчирсан мал юм гэсэн. Өвлийн спортоор хичээллэж байгаа баг тамирчдын идэх хоол хүнс гэж ярьж байсан. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн чинь хувьд шилжсэн гэсэн биз дээ гэлээ.

ЦАГДАА НАР МАЛ НЯДАЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс Төв цэнгэлдэх хүрээлэнд мал нядалсан талаар шалгаж эхэлжээ. Цагдаа нар цэнгэлдэх хүрээлэнд нядалсан мал гарал үүслийн гэрчилгээ байгаа үгүйг шалгаж байгаа юм байна. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ажилтнууд болон Өвлийн спортын шигшээ багийн дарга нарыг шалгаж байгаа аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газраас мөн л шалгалт хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэх эрхэм эзэмшдэг юм байна. 1993 онд нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл нийслэлийн ИТХ тогтоол үйлдэж хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Мөн павильоны үнэ буюу 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэрийг гаргажээ. Харин Т.Нямдаваа гэгч сүүлд Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмших болсон юм байна. Хувийн эзэмшилд очсон ч гэсэн Монгол түмэн олон жилийн турш баяр наадмаа тэмдэглэж ирсэн газар.

Наадмын өглөө Төрийн ордноос есөн хөлт цагаан тугийг шарга морьтой торгон цэргүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг. Ард иргэд есөн хөлт цагаан тугийг харан баясч тэр жилийнхээ сүлд хийморийг даатган, зүлэг ногоон дэвжээн дээр нь бөхчүүд ид хавийг гайхуулан барилдаж монгол түмэн их цэнгэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс л мэдэрдэг. Монгол түмний шүтээн болсон энэ газар гэдсээ цувуулсан хонь орилоод гүйж явсан юм биш байгаа гэж сэжиг төрөх аж. Хэн гэгч бөх зүрхтэн ингэж цэнгэлдэх хүрээлэнгийн дэвжээн дээр мал нядалж, цус нөжийг нь гоожуулж, есөн хөлт цагаан туг залдаг суурийг сэвстэй гүзээгээр гуядах эрх олгов. Ийм эрх мэдэл олгосон этгээдэд хатуу арга хэмжээ аваасай билээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэгчид

Ажил хэрэгч эрхэм та гар утасгүй, интернэтгүй, телевизгүй хэд хонож чадах вэ? Энэ нь ус уухгүйгээр хэр удаан тэсэх вэ гэдэгтэй ижил шахам сонсогддог болж. Өнөөдөр дэлхий ертөнцийн хөгжлийн хурд, технологийн шинэ дэвшил хүн төрөлхтөнд төсөөлж байгаагүй олон боломжуудыг олгосоор бай­на. Харин мэдээллийн зуу­ны энэ их хурд, хувь­сал өөрчлөлттэй хөл ний­лүүлэн алхах боломжийг Монголчууддаа олгож байгаа Юнител группыг онцлон танилцуулж байна.

Үндэсний үйлдвэрлэл гэхээр зөвхөн гар урлал эсвэл архи, идээ ундаа гэсэн материаллаг зүйлс бидний санаанд илүүтэй бууж Юнителийн харилцаа холбоо, мэдээллийн техно­логийн салбарт хийсэн хувьслыг төдийлөн анзаа­рахгүй байх шиг. Арав хүрэхгүй жилийн өмнө бид ямаршуухан хурдаар цахим ертөнцөд холбогдож, зурагтын гаргасан нэвтрүүлэг бүрийг үздэг байв? Хуучин нэвтрүүлгүүдийг ухраан үзэж болно гэж төсөөлж байсан гэж үү? Хамгийн сүүлийн үеийн Холливудын киног эх хэл дээрээ, дуртай үедээ гэрээсээ үзэж болно гэж бодож бас байл уу? Гэтэл одоо энэ бүхэн бидний энгийн хэрэглээ болж үргэлж ийм байсан мэт хэдийн дасал болжээ. Тиймээс энэ группын үүсэл хөгжил, брэндээ хэрхэн бий болгосон, технологийн ямар шинэчлэл хийсэн талаар уншигчдадаа танилцуулахыг хичээлээ.

Дэлхийн хөгжлийн ирээ­­дүй “Ногоон” өнгөөр илэр­хийлэгдэнэ гэдгийг тэртээ найман жилийн өмнө Юни­телийнхэн гярхай ажиглаж эерэг бүхний бэлгэ тэмдэг болсон цайвар ногоон өн­гийг имижээ болгон анх компаниа байгуулж байжээ. Өнгөний маркетингийг үл­гэр жишээ хийж чадсан хэмээн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан тэдний бизнесийн кэйс 2010 оны бизнесийн шилдэг номоор шалгарч байсан, ШУТИС-КТМС-ийн багш Д.Баярмаагийн “Маркетингийн Онол Хэрэг­лээ” сурах бичигт орсон байдаг юм байна. Ногоон өнгийг шуудхан л Юнителээр төсөөлдөг болтол бидний амьдралын салшгүй хэсэг болсон, ICT-ийн №1 энэхүү групп компанийг Р.Ганболд хэмээх эрхэм удирддаг. Тэрбээр хэзээнээсээ ажилласан сал­барынхаа шинэчлэгч ман­лайлагч нь байж. ШУТИС-ийн харьяа хуучнаар КТМС-ийг анх үүсгэн байгуулалцаж, сургуульдаа багшилж байгаад мэдээлэл технологийн “Интерактив” компанийг байгуулан хэдэн жил удирджээ. 2004 онд “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар” гэх төрийн агентлаг байгуулагдахад сал­барынхаа хөгжилд бодлогын түвшинд хувь нэмрээ оруу­лахаар удирдах ажил эрхэлж, “Цахим Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Улмаар үүрэн холбооны салбар луу шилжиж өдгөөг хүртэл үүрэн холбооны операторын бизнесийг удир­­­даж иржээ. Тэр үеийн ЗХУ болон Тайланд улсад сургууль төгссөн, мэдээлэл тооцооллын инженер мэргэ­жилтэй тэрээр ярихаасаа илүү хийхийг эрхэм болгодог, ганц хүний эрдэм чадлаас илүү багийн тоглолтыг эрхэмлэдэг нэгэн аж.

Үүрэн холбооны зах зээлд Мобиком, Скайтел гэсэн хоёр хүчирхэг компани ноёрхож байсан 2006 онд гурав дахь оператор болон гарч ирсэн тэднийг яах аргагүй технологийн эр зоригтонгууд гэж хэлж болно. Анх бүх ажилчид нь нийлээд нэг фургонд багтдаг байсан компани өнөөдөр үүрэн харилцаа холбооноос гадна дотоодын болон дэлхий дахины мэдээ, мэдээллийг Монголчууддаа цаг алдалгүй хүргэдэг, 1388 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн улсынхаа эдийн засаг, бизнест нөлөө бүхий, мэдээллийн техно­логи, харилцаа холбооны салбарын хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ICT-ийн шилдэг групп компани болон өргөжсөн байна. 2013 онд Монгол улсын бүх сум, суурин газарт үүрэн холбооны сүлжээгээ 100 хувь, 2014 оны байдлаар нийслэлд харилцаа холбооны суурин холбооны сүлжээг 100 хувь оруулж, хэрэглэгчдэдээ байн­гын харилцаа холбоотой амьдрах боломжоор хангасан тус групп улсын хэмжээнд нийт 64 салбар, 10,000 гаруй гэрээт борлуулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш улсын төсөвт нийт 73.6 тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа энэ компани найман жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна.

Юнител групп удирдах, гүйцэтгэх аль аль түвшиндээ ч Монгол хүмүүсийн ур ухаан, авьяас чадвараар ажлаа явуулдаг. Тус групп наймхан жилийн хугацаанд яаж ийм өндөрлөгт хүрч чадсаныг асуухад Р.Ганболд захирал “Манай ажилтнууд, манай залуус. Компанийн уур амьсгал, орчин нөхцөл” хэмээн бодож түгдрэлгүй хариулсан юм. “Багийн тоглолт”, “хамтдаа” зэрэг үгсийг олонтаа дурдах түүний яриа “Энэ группын засаглал, хүний нөөцийн бодлого амжилтынх нь салшгүй хэсэг байж дээ” гэсэн бодлыг эрхгүй төрүүлнэ. Группын олон арван инженер залуучууд нь Р.Ганболд захирлын үүсгэн байгуулалцаж явсан КТМС болон бусад их дээд сургуулиудыг төгссөн байдаг бөгөөд компанийг инновацилаг, IT-лаг байлгах гол хүчин зүйл нь болдог ажээ. Тэд гаднын хэн нэгэн мэргэжилтэнгээр бүхнээ хийлгэнэ гэж гар хумхин суусангүй. Бараг бүх инже­нерүүд нь гадаадад мэргэжил дээшлүүлэх курст суралцаж, гадаадын технологийн том том компаниудтай өөрсдөө очин танилцаж “ноу хау” технологийг суралцаж байсан гэнэ. Анх 2006 онд Юнител групп байгуулагдах үед ажилтнуудын дийлэнх нь 20-иод насны залуучууд байсан гэдэг. Залуучууд гэдэг асар их эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй, аливаа өөрчлөлтөд дасан зохицомтгой, шинийг санаач­лагчид байдаг учраас тэд өнөөдрийн “Юнител” группыг байгуулж чадсан хэмээн онцолж байлаа. Одоо ч группын ажилтнуудын дун­­даж нас нь 27 бөгөөд тэд хоорондоо найзалж нөхөрлөж, шударгаар өр­сөл­­дөж, компаниа урагш­­луулж явна. Мөн тэдний ажлын орчин мэргэж­лээсээ шалтгаалаад өөр өөр. Инженер техникийн ажилчид дуу шуу багатай, анхаарлаа төвлөрүүлэх боломжтой өрөөнд суудаг бол маркетинг, контент хариуцсан мэргэжилтэнгүүд эрээвэр цоохор ханатай, хүн хөдөлгөөн ихтэй амралтын гэмээр өрөөнд суудаг нь чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог байна.

“Шударга өрсөлдөөнөөс хэрэглэгч хожих ёстой” гэсэн тэдний зарчим зүгээр нэг уриа төдийхөн бус бидний өдөр тутмын амьдралд мэдрэгдэж байдгийг Юнивишнийн хэ­рэг­лэгч миний бие бардам хэлж чадах юм. Сүүлийн үед хүмүүсийн хошуураад байгаа GG-г мөн хурдан шуурхай “customer service”-ийг нь онцолж болно. Тэгвэл Юнивишнийн гурвалсан үйлчилгээг хэрхэн бий болсон талаар товч өгүүлье.

2011 онд Юнител групп Монголд байгаагүй нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ бол харилцаа холбоо, мэдээллийн технологи, ме­диа гурвыг нэгэн дор цогцло­осон гурвалсан үйл­­чилгээ байв. IPTV, интернэт, суурин утаснаас бүрдэх энэ үйлчилгээг тухайн үед Европын зарим улс, Хятадын зарим муж, Солонгос, Тайвань зэрэг хэдхэн улсад л ашигладаг байж. Р.Ганболд захирал энэ тухай “Гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх нь асар их хөрөнгө оруулалт шаардсан ажил байсан юм. Ямар нэг өрсөлдөгчгүй ажиллалаа гэхэд 7-8 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх төлөв харагдаж байсан ч бид аливаа зүйлд анхны алхмыг нь хийхийг зорьдгийн хувьд зориглон Монголдоо энэ үйлчилгээг анхлан оруулж ирсэн” хэмээн ярилаа. Тийнхүү 2011 онд “Юнивишн” ХХК байгуулагдаж 444,700 метрийн урттай шилэн кабелийг газар доогуур татаж шилэн кабелийн анхны дэд бүтцийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд нийт зуу гаруй компани туслан гүйцэтгэгчээр оролцсон ба ойролцоогоор 3000-аад хүн ажилласан байна. Гурвалсан үйлчилгээ гарснаас хойш интернэт хэрэглэгчдийн тоо зургаа дахин өссөн гэнэ. Одоо Юнившнийн гурвалсан үйлчилгээг 80-аад мянган өрх ашиглаж байгаа нь тэднийг “гол тоглогч” болсныг гэрчилнэ.

Маркетингийн зөв ший­дэл, технологийн дэвшлийг хос­луулж чадсан энэхүү групп улсын төсөвт төлдөг татвараас гадна өөрсдийн санаачлагаар нийгмийн хариуцлагын хүрээнд олон төслүүдийг хэрэгжүүлдэг байна. Төслүүдээс нь цухас дурдахад “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг санаачлан 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Уг төслийн хүрээнд хуучны Монгол кинонуудыг HD формат руу шилжүүлэн засварласан байна. Нэг ёсондоо Монголын хэл, соёлын өв болсон хуучин кинонуудыг мөнхөд хадгалах боломжтой болгож Архивын Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гадна Юнител групп “Таван байр” хөтөлбөрийг гурван үе шат­тайгаар хэрэгжүүлж, 15 хэрэглэгчээ өөрийн гэсэн байртай болгожээ. Мөн өнгөрсөн хугацаанд улсын эмнэлгүүдэд иж бүрэн компьютер, сүүлийн үеийн программ хангамжууд бэ­лэг­лэж, мэдээллийн тех­нологийн олон улсын тэмцээнүүдэд Монголын их дээд сургуулийн оюутнуудыг спонсорлож оролцуулах, Европын хөл бөмбөгийн авар­га шалгаруулах тэм­цээн, Английн премьер лигийг шууд дамжуулах зэрэг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын салбарт олон арван үлгэр жишээ ажлуудыг тус групп санаачлан хэрэгжүүлжээ.

Юнител групп оюуны өмчийг дээдлэх, кино урлагийг шинэ түвшинд гаргаж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Монголын киночид одоо Юнивишнийн кино сув­гаар өөрсдийн уран бү­тээлийг байршуулж тө­сөөлж байснаасаа их ашиг олж байна хэмээн киноны мэргэжилтнүүд ам сайтай байдаг юм билээ. Мөн тэдний продюсерээр ажилласан “Үргээлэг” кино маш амжилттай болж ашиг орлогоороо дээд амжилтыг тогтоожээ. Цаашдаа ч энэ чиглэлээр илүү дорвитой ажлууд хийнэ хэмээн Р. Ганболд захирал хэллээ. Мөн тэд зөвшөөрөлгүй, хууль бус кино гаргах байдлыг цэгцлэх үүднээс Холливудын зургаан том студитэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, бүх л киног нь албан ёсны эрхтэйгээр дамжуулах эрхийг өндөр үнээр худалдан авчээ. Гадаадын үнэтэй контентыг авах болсон нь оюун өмчийг дээдлэх сэтгэлгээг хэрэглэгчиддээ болон бусад компани байгууллагуудад харуулсан, удаан хугацаанд орхигдож ирсэн энэ салбарыг зөв замаар хөгжих эхлэлийг тавьж өгсөн явдал юм.

Энэ жил УИХ-аар батлагдсан, хэрэглэгчид үүрэн холбооны операторууд хооронд дугаараа хадгалан шилжих тухай хуулийн төсөл Юнителд ямар нөлөө үзүүлэх бол хэмээн асуухад Р.Ганболд захирал “Энэ асуудлыг төр засаг үүрэн холбооны компаниудын санал бодлыг авалгүйгээр шийдсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Тэр мөнгө нь хаанаас гарах нь тодорхойгүй. Гэхдээ тэр бүхэн шийдэгдэж хэрэгжлээ гэхэд Юнител группын хувьд энэ өөрчлөлтийг боломж хэмээн харж, эерэгээр хүлээн авна” хэмээн хариулсан юм.

“Зорилго тодорхой бол зам шулуун” гэдэг шиг тэд урдах ажлаа хийж явсаар төсөөлж байснаасаа ч илүү амжилтад хүрч чаджээ. Гэвч энэ бол зөвхөн эхлэл ажээ. Нэг зорилго биелэхэд дараагийн зорилго дахиад л гараад ирнэ. Юнител групп ойрын ирээдүйд хэрэглэгчийнхээ авсан өмнөх үйлчилгээнүүдэд үндэслэн хэрэглэгч бүрт тухайлсан үйлчилгээ санал болгох зорилготой аж. Хамгийн энгийн жишээ гэвэл, та Юнивишнийн кино сангаас уран зөгнөлт кино түлхүү үздэг бол энэ төрлийн шинэ кино нэмэгдэхэд гар утсанд тань мессеж явуулах гэнэ. Ерөөс ирээдүйд компаниуд CRM буюу хэрэглэгчээ таних энэ технологийг өргөнөөр ашиглах төлөвтэй байгаа бөгөөд энэ үйл явцад Юнител групп бусдыгаа түүчээлэхээр хэдийн бэлтгэж эхэлжээ.