Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох нь сайшаалтай ч засварын өртөг төсөв дэндүү өндөр юм биш үү?

Засгийн газрын хуралдаа­наас Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гарга­сан. Түүгээр ч барахгүй яамыг нэн даруй нүүлгэн шилжүүлжэмнэлгийн үйл ажиллагааг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний дотор бэлэн болгосон байхыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болголоо. Өвчин зовлондоо шаналж буй хүүхэд багачууд асрагчтайгаа шалан дээр халат дэвсэн хэвтэж буй нүд хальтрам дүр төрхийг бодохоор дээрх шийдвэр нүдээ олсон явдал боллоо гэж баярлах хүн олон байгаа. Ядаж л гаднаа машин зогсо­ход зай талбай сайтай гээд хаа хаанаа ам сайтай байна. Харин эмнэлгийн зориулалттай болгож зас­вар үйлчилгээ хийхэд 6.5 тэрбум төгрөгийн зардал шаардагдана гэсэн тооцоо судалгаа гарсан байна.

Эмнэлэг, тэр дундаа хүүхдийн эмнэлэг гэдэг өрөө бүхэнд угаалтуур, хэвтрийн өвчтөнд бие засах өрөө хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ л ийм их хэмжээний мөнгө яасан ч орохгүй гэж барилга, дулааны сүлжээний мэргэжлийн инженерүүд хэлж байна. Тэр ч бүү хэл 6.5 тэрбум төгрөгөөр 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг канад технологиор барих төсөв гэж байгаа. Ба­риг­даад гуч орчим жил болчихсон хуучин байрыг янзалж 150-хан ортой эмнэлэг болгож байснаас шинээр хоёр зуун хүүхдийн ортой эмнэлэг байгуулбал улсын эдийн засагт хэмнэлттэй. Эмнэлгийн хүйтэн шалан дээр үр хүүхдээ тэврэн суугаа хөөрхий олонд ч нэмэр тустай баймаар. Гэвч, хамгийн гол зүйл төрийн мөнгө идээд сур­чихсан түшмэдүүдийн мөнгө угаагаад сурчихсан арга мэхтэй холбоотой санагдаад байх юм.

Улсын мөнгөний ав­дар дундуурхан, эдийн зас­гийн хямрал хаа сайгүй үргэл­жилсэн сиймхийгээр төрд алба хашигч эрхмүүд ард түмний татварын мөнгөөр хэтэвчээ түнтийлгэх арга саам зохиож байж ч мэдэх юм. 150 ортой эмнэлэгтэй болно гэдэг хэн хүний чихэнд чимэгтэй сайхан л сонсогдож байна. Албан контор байсан барилга байгууламжийг эмнэлгийн зориулалттай болгоход то­дор­хой хэмжээний төсөв шаардагдаж л таараа. Харин засварт 6.5 тэрбум төгрөгшаардагдана гэдэг дэндүү өндөр тоо, бүр нугалсан их үнэлгээ. Үнэнийг шулуухан хэлэхэд төрийн түшмэдийн шунал хэрээс хэтрээд байгаа юм байна. Аливаа төсвийг хэт зарлагадаж тэлэхээс илүү агшаах бодлого барихаас аргагүй байдалд ороод бай­хад хүүхдийн шаналангаар шоудаж мөнгө угаахыг орол­догсод иддэг, иддэг гэхэд ца­гаандаа гарчихсан юм биш үү.

Л.ЦЭНГЭЛ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өвлийн өвгөнтэй шинэ жилийн үдэш

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар жил бүрийн шинэ жилээр өвлийн өвгөнд хувирч, олон зуун багачууд, албан байгууллагын шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд баяр хөөр нэмсээр гуч гаруй жилийн нүүрийг үзэж буй. Өвлийн өвгөний нэг өдөр хэрхэн өнгөрдгийг “Танай өнжье” булангаараа сонирхуулахаар түүнтэй хамт шинэ жилд явлаа.

Товлосон газартаа уулзацгаалаа. “Бөмбөгөр”-ийн ард байрлах “Хархорум” гэх үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт байрлах ресторанд нэгэн байгууллага шинэ жилээ тэмдэглэж байлаа. Уг баярт Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөн болж оролцоно. Н.Нэргүйбаатар гуайгаас “Ямар байгууллагын шинэ жил юм бол” гэж асуувал “Ах нь мэддэггүй шүү дээ. Олон байгууллага, хамт олны шинэ жилд уригддаг болохоор нэр усыг нь ер цээжилдэггүй юм. Тэнд төдөн цагаас ирээрэй гэж манай менежер залуу хэлнэ. Тэнд нь очиж өвгөн болчихоод л дараагийн газар руугаа явчихдаг юм” гэлээ.

Энэ удаад тэрээр Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөнөөр уригджээ. Үйлчилгээний төвийн тавдугаар давхарт шинэ жилд оролцох хамтлаг, дуучид, хөтлөгч нарт гаргаж өгсөн өрөө байна.

Хөтлөгч залуу орж ирээд “Өвлийн өвөө, би тан руу залгаад хувцсаа өмсөөрэй гэж хэлнэ. Тэгээд дуудна шүү” гэчихээд гараад явчихав. Н.Нэргүйбаатар гуай “Зарим байгууллагын шинэ жилийн номер нь ихдээд би дундуур нь гялс орчих санаатай хүлээнэ ээ. Хааяа ч гайгүй байдаг юм” гэлээ.

Н.Нэргүйбаатар гуай олон цасан охидтой байжээ. Энэ жилээс “Peace dance” студийн бүжигчид цасан охинд нь болсон байна. Тэрээр “Би олон цасан охин сольсоон. Харин сүүлийн хэдэн өдөр энэ хэдэн охидтойгоо тууштай явж байна шүү. Цэцэрлэг дээр бол жаахан жаахан юмнууд цасан охид болно. Бүжиглээд байгаа нь мэдэгдэхгүй, шуураад байгаа нь мэдэгдэхгүй, эгдүүтэй гэж. Шуурга шуурлаа шүү гэхээр эргэж байгаа бололтой л байдаг юм. Дуурийн театрын хэдэн охид байна. Харин одоо эд маань орчин үеийн цасан охин юм даг уу даа” хэмээн инээв. Н.Нэргүйбаатар гуай номер болох хүртэл сонин хачин, хуучны сонирхолтой явдлуудаасаа ярьж өгье гэлээ. Цасан охид өвлийн өвгөний яриаг шимтэн сонсохоор ойртон сууна.

Гавьяат жүжигчин маань гуч орчим настайгаасаа л өвлийн өвгөний дүрд хувилсаар иржээ. “Шинэ жил” гэж Монголын анхны шинэ жилийн баярын тухай кино бий. Тэр үеэс л манайхан Оросын Дед мороз буюу өвлийн өвгөний тухай төсөөлөлтэй болж, Монголд шинэ жилийн баяр гэх тэмдэглэлт өдрүүд бий болсон гэж үздэг аж. Дед мороз бол тундра, цас мөсний орноос ойн ан амьтан, цас мөс дагуулсаар хүүхэд багачууд дээр ирдэг хийсвэр дүр. Н.Нэргүйбаатар гуайгаас “Та ямар ан амьтад дагуулж ирдэг вэ” гэвэл “Амьтан дагуулахаа больсон. Амьтад нь алга болчихсон. Хүмүүс ан амьтнаа хайрлахгүй, алж хядсаар байгаад дуусгачихсан юм уу, хаашаа юм” гэж хошигноно.

Шинэ жилийн баяраар хоёр он солигдох торгон мөчид өвлийн өвгөн ирж, хоёр оныг солилцуулж, сүлд модны наадамд нь баяр жаргал бэлгэдэж, ерөөл дэвшүүлнэ. Ингэж л шинэ жилийн баяр жинхэнэ утгаараа өрнөнө. Гэтэл өвлийн өвгөнгүй шинэ жил нэг л гундуу байдаг. Хэдэн хүн хурал хийж байгаа юм шиг үг хэлээд л бэлэг гардуулж алга ташна. Тэгээд ширээнийхээ ард сууцгааж уувал ууж, идчихээд яваад өгнө. Тэр чинь шинэ жил мөн үү. Ерөөсөө л ийм том ялгаа байдаг юм гэж өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай ярилаа.

Цасан охид хувцсаа солихоор өөр өрөө рүү явчихлаа. Баярт дуугаа өргөхөөр ирсэн хамтлагийн залуус гадуур хувцсаа тайлчихаад шинэ жил рүү явчихав.

Н.Нэргүйбаатар гуай том гэгчийн улаан цүнхээ онгойлгоод өвлийн өвгөний малгай, дээл, нөмрөг, сахал зэргээ гаргаж ирлээ. Бас монгол гутал. Бүгдийг нь дэлгэж тавиад нямбайлан зэхнэ.

Гавьяат маань “Өвлийн өвгөнгүй шинэ жилийн баяраар даргын үзэмжээр хэдэн хүнийг шагнана. Зарим нь намайг шагнах болов уу гэж горьдоно. Гэтэл өвлийн өвгөн шинэ жилд нь орж ирж байна гэдэг шагнуулсан болон шагнуулаагүй бүх хүнд том шагнал, урам болдог. Өвлийн өвгөнийг хараад том хүмүүс хүүхэд шиг баярладаг юм. Бүгд өвлийн өвгөнтэй хамт зураг авахуулах гээд л. Тийм сайхан байдаг юм” хэмээн өвлийн өвгөнтэй шинэ жил тэмдэглэхийн сайхныг ярив. “Хэдэн дуучин ирж дуулж болно. Ямар ч баяраар дуулж л байдаг. Харин өвлийн өвгөн ганцхан шинэ жилээр л орж ирдэг. Түүгээрээ л өвлийн өвгөний утга учир аугаа их” гэлээ. Өвлийн өвгөн цэнхэр нөмрөгөө намируулаад шинэ жилийн баяр болж байгаа танхимд орж ирэхэд хүн бүрийн баярын нүд гялалзаад, өвлийн өвгөнөөс бэлэг авах эсэх нь ч хамаагүй бүгд “Өвөө, өвөө” хэмээн угтана. Энэ мөч л өвлийн өвгөн болохын хамгийн сайхан хэсэг нь гэнэ.

Шинэ жилийн баярт өвлийн өвгөн буцах нь бяцхан гуниг төрүүлдэг. Харин Н.Нэргүйбаатар “Өвлийн өвгөн буцахдаа хуран цугласан хүмүүсийг гуниглуулж буцаж байгаа бол муу өвгөний шинж” гэв.

Өвлийн өвгөн “Дахиад олон хүүхдэд бэлэг гардуулна, очих газар олон, олон хүүхэд хүлээж байгаа, за миний хүүхдүүд наадам цэнгэлээ үргэлжлүүлээрэй, энэ л торгон мөчид наргиж, цэнгэж дуу хуураа өргөж, бүжиг наадмаа хийгээрэй” гэж их аятайхан хэлж уур амьсгалыг нь унагаахгүйгээр, сэтгэлийг нь өргөчихөөд явах ёстой гэнэ. Хүн үгээр урамшиж, үгээр амьдардгийн нэгэн том жишээ нь энэ гэлээ.

Дөчөөд жил кинонд дуу оруулчихсан болохоор Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолой ард түмний чихэнд хоногшсон билээ. Байгууллагуудын шинэ жил дээр очоод “Сайн байцгаана уу, миний хүүхдүүд” гээд л мэндлэнгүүт бүгд түүнийг таниад алган ташин баярлаж, хөөр баяр болдог гэнэ. Н.Нэргүйбаатар гуай сарлагийн савгаар хийсэн сахал, хөмсөг зэргээ гаргаж ирээд янзаллаа. Тэрээр гэрийн бүрээсээр хийсэн дээлтэй олон жил явсан гэнэ. Өнөөх нь ихэд муудаж, хуучрахаар нь Гантулга гэдэг шавь нь багшдаа одоо өмсч байгаа энэ дээлийг нь оёулж өгчээ. Тэрээр дээл, малгайгаа янзлах зуураа “Хүмүүсийн баяр дээр баяр нэмэх гэж л ах нь ингэж явдаг юм даа” хэмээнэ. Түүнийг ийн ярих зуур өрөөнд шинэ жилийн баяраасаа хоцорсон нөхөд орж ирж хувцсаа солив. Хувцсаа солих зуураа Н.Нэргүйбаатар гуайн яриаг сонирхон чихээ тавьж, ярьсан зүйлд нь дагаж инээнэ. Баяртаа нэлээд түрүүлж ирээд сэтгэл нь хөдлөөд хэд гурван хундага архи тогтоосон залуус орж ирээд “Өвөө биднийгээ уучлаарай”, “Өвөө бэлгээ авъя”, “Чанга, чанга ярьж анхаарлыг тань сарниулсан бол өвөө минь уучлаарай” гэв. Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөний хувцсаа өмсчихлөө. Харин сахлаа байзнаж байгаад зүүнэ гэв. Сахал зүүгээд удаан суухаар түвэгтэй, их ядардаг гэнэ. Нэг өдөр гурав, дөрвөн шинэ жилд оролцчихоор орой нь маш их ядарчихсан байдаг гэсэн. “Арванхоёрдугаар сар гараад л цагаан дээл, шар бүс, цэнхэр нөмрөг, том малгай чирч аваад л явж өгнө дөө” хэмээн хуучлав. Н.Нэргүйбаатар гуайг жил бүр урьдаг байгууллагууд байдаг гэнэ. Өмнөх жилүүдийг бодвол энэ шинэ жилээр өвлийн өвгөний захиалга харьцангуй бага байгаа аж.

Хамт олон байгууллагаараа захиалга өгөхөөс гадна хувь хүмүүс гэр орондоо өвлийн өвгөн урьж, үр хүүхэд, ач зээ нартаа бэлэг барих дуртай гэнэ.

Цэцэрлэгүүдээр их явна. Хэдхэн хоногийн өмнө “Титэм” хотхоны цэцэрлэгт ой дөнгөж өнгөрч байгаа хүүхдүүдтэй ангид уригджээ. Цагаан, үс сахалтай, цагаан дээлтэй өвгөнийг орж ирэнгүүт өнөө яслийн хүүхдүүд гайхаж, өвөр дээрээ суулгаад зураг авахуулах гэтэл бүгд уйлаад бөөн уйлаан болжээ. “Юун хүүхдүүдийг баярлуулах, жинхэнэ баларч байгаа юм чинь” гэж хөглөснөө ярилаа.

Радиогийн нэвтрүүлэгч Ганбаатар нэг удаа гэртээ урьжээ. Өвлийн өвгөний хувцсаа орцонд нь өмсчихөөд гэрт нь ороод л “Цасан цагаан орны…” гээд л нэг их сүрхий бэлэг гардуулах санаатай шүлэглээд эхэлж. Тэгтэл дэгдийтэл зогсч байсан гурав дөрвөн жаалхан амьтны хамгийн отгон, ой гарантай нь юун бэлэг сэлт авах ухаан жолоогүй өрөө рүүгээ зугтаад орчихжээ.

Хүүхдүүд тэр дундаа гурав, дөрвөн настай хүүхдүүд өвлийн өвгөнийг байдаг гэдэгт хамгийн их итгэдэг юм байна. Тийм ч болохоор тэр үү төдий насны хүүхдүүд дээр өвлийн өвгөн болоод очихоор чин сэтгэлээсээ хүлээж авдаг юм байна. Өвөр дээр нь суугаад, ер салахгүй. Өвлийн өвгөнийг жинхэнэ гээд итгэчихсэн багачууд өвлийн өвгөнд үнсүүлэх биш өөрсдөө үнсэх гэж дайрна. Жаалууд өвөр дээрээс нь буухгүй, бүр бэлэгний чихэрнээсээ илүүчилнэ. За өвөө нь ингээд буцъя даа гэхээр бүгд дагаж уйлна. Н.Нэргүйбаатар гуай “Өвлийн өвгөн болно гэдэг чинь ийм л сонин ажил юм даа. Би үүнийг тоглоом наадам гэж боддоггүй. Хүмүүсийг баярлуулдаг буянтай хамгийн том ажлын нэг юм байгаа юм” гэнэ.

Айлуудаар уригдаж шинэ жилийн баяр дээр баяр нэмээд явж байхад ная, ерэн настай буурайнууд тааралддаг аж. “Миний хүү өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ ав” гэхээр өнөө настай хүмүүс “Хүүе яадаг билээ” гэж хүүхэд шиг баярлаад л гялс ирж бэлгээ авч, үнсүүлдэг гэнэ.

Өвлийн өвгөн гэдэг чинь мөнхийн өвгөн. Тийм болохоор нялх балчраас эхлүүлээд ная, ер гарсан ахмадууд хүртэл хүндэлж, бэлэг горьддог юм шүү дээ гэв. Айлд очоод хүүхдүүдэд нь бэлэг гардуулчихаад шууд гарна. Тэгэхгүй бол хоол унд, архи дарс болно. Хүүхдүүд нь жинхэнээсээ гэрт нь өвлийн өвгөн ирчихлээ гэж итгэж байхад нь сахлаа духдуулчихаад л бууз үмхэлж суугаа харагдвал ямар байх вэ. Тэгээд дээр нь дарс залгилж харагдвал тэрэн шиг муухай юм үгүй учир өвлийн өвгөн болсон үедээ ганц хундагыг ч болтугай тогтоохоос зайлсхийдэг болжээ. Яагаад гэвэл өвлийн өвгөн гэдэг бол хүн бүрийн хувьд хүүхэд байхаасаа тэсэн ядан хүлээдэг ганц хүн нь шүү дээ. Тэгэхээр хүүхэд, том хүн гэлтгүй бүгдэд өвлийн өвгөн муухай харагдаж болохгүй гэдэг дээр Н.Нэргүйбаатар гуай хатуу байр суурьтай нэгэн аж. Өвлийн өвгөний нэрийг муу юмтай ерөөсөө холбож болохгүй шүү гэж хожим хойчийнхоо өвгөдөд захия гэлээ. Түүнтэй ийн ярилцаж суутал цасан охид бүжихэд бэлэн болчихсон орж ирэв. Доор хоёрдугаар давхарт шинэ жил ид дундаа орж байгаа бололтой дуу хөгжим цангинана. Бөмбөрийн нүргээнт дуу сонстоно. Өвийн өвгөн, цасан охид хэдийнэ бэлэн болчихсон. Хөтлөгчийг гар утсаар ярьж дохио өгөхийг хүлээнэ. Цасан охид ерөнхийдөө чөлөөт хэв маягийн бүжиг бүжиглэдэг гэнэ. Толины өмнө зогсч бүжгийн хөдөлгөөнөө давтана. “Мундаг жүжигчний хамт шинэ жилд оролцож байгаадаа баярладаг” гэж байлаа. Тэд “Бид хуучны цэмбийсэн цасан охидоос хувцаслалт, бүжгийн хөдөлгөөнөөрөө арай өөр л дөө. Арай шоу тал руугаа. Биднийг залуус, залуу үеийнхэн их таатай хүлээж авдаг” гэж өөрсдийгөө тодорхойлов.

Н.Нэргүйбаатар гуай сахлаа зүүгээд өрвийж сөрвийсөн хэсгүүдийг нь хоёр талдаа наалттай туузаар наалаа. Хөмсгөө ч наав. Хөмсөгнийхөө сүүл хэсгийг малгайндаа тогтоох аж. Дөрвөлжин жижиг толиндоо нүүр хөмсөг, сахал, малгайгаа тольдож засч янзална.

Нэгэн хэсэг манайхан шинэ жилийн баяр гэхээр учиргүй л архи дарс эргүүлж яагаа ч үгүй байхад халамцдаг байв. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал бага багаар үгүй болсоор байгаа нь өвлийн өвгөнд мэдрэгдэх болсныг сонирхуулав. Саяхан нэлээд хэдэн байгууллагын шинэ жилд очиход арга хэмжээ нь дундаа орчихоод байхад ирсэн зочид нь ширээн дээрх сархдаа дуусгаагүй, зарим нь хундагандаа уруулаа хүргээгүй юм болов уу гэмээр эрүүл саруул харагдаж. Ширээн дээрх шар айрагнаас жаахан амссан болоод л сууж байгаа нь харагдсан гэнэ.

Хөтлөгч залуу утасдаж байна. Нэг номерийн дараа өвлийн өвгөн орж ирээрэй. Гурван давхрын шатан дээр цасан охидтойгоо байж бай гэлээ. Ингээд бүгд өрөөнөөс гарч зогсч бай гэсэн газарт нь очлоо. Тэгтэл хөтлөгч зарлаж байна, өвлийн өвгөнөө урьж байна гээд. Н.Нэргүйбаатар гуай гараа далласаар цасан охидоо дагуулаад ороод явчихлаа. Хүн бүр алга ташин, “Өвлийн өвөө” гэж хашгирч, баярлацгааж байгаа нь илт. Бүгд босч алга ташин өвгөнөө хүлээж авлаа.

Өвлийн өвгөн

… Цасан цагаан орны

Мөсөн туйлын өвгөн би

Цасан охиноо дагуулсаар

Цайдам хөндийн холыг туулж

Цастай өвлийн жаврыг сөрсөөр

Мөнх жаргал дэлгэрсэн

Монгол оронд ирлээ

Өвгөн буурал аав нь

Өдөр хоногийг товлосоор

Хүүхдүүд та нартайгаа уулзах

Хүсэлт өдрийг хүлээсээр

Цасан охиноо дагуулсаар

Цан хүүргээ савсуулсаар

Хоёр оны босгон дээр

Холын тэртээгээс ирлээ хэмээн мэндчилж улиран одож буй ондоо тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад гарын бэлэг гардуулав. Цасан охид шинэ жилийн дууны попури аянд бүжлээ. Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолойг бүгд таньж, түүний ялимгүй хошигносон ярианд бүгд хөгжилдөн инээх аж. Ингээд өвлийн өвөө дараа дараагийн олон газраар орно, олон хүүхэд багачуулд бэлэг өгнө, наадам цэнгээнээ үргэлжлүүлээрэй гээд бүгдэд эрүүл энхийг хүсээд шинэ жилээс гарч ирлээ. Түүнийг гаран гартал бүгд алга ташин баярлацгаав.

Нэг байгууллагын шинэ жилд өвлийн өвгөн болж арван минут хэртэй саатахын тулд бараг гурав дөрвөн цагийн өмнөөс ийн бэлдэж, явдал суудал болдог юм байна. Хүнийг хэдхэн хором баярлуулахын тулд яасан их цаг зав, хөдөлмөр зарцуулдаг юм бэ гэсэн бодол төрж байлаа. Тэрээр өрөөндөө орж ирээд өвлийн өвгөний хувцсаа тайлаад цүнхлэв. Нүүрнийх нь хөлс бурзайж, шанааг нь дагаад урсчээ. Алчуур гаргаж ирж арчина.

Ингэж олны үр хүүхэд, түмэн хүнийг баярлуулж явдаг мөртлөө өөрийнхөө үр, хүүхдэд өвлийн өвгөний дүрээр бэлэг гардуулна гэдэг тун ховор гэнэ. Зээ нартаа нэг удаа бэлэг өгөх гэж баахан л юм болж. Шинэ жил гарахаас өмнө бэлэг өгчихье гэж их л хичээсэн ч замын хөдөлгөөний түгжээнд гацаад арайчүү 31-нд он солигдохоос өмнө гэртээ орж байжээ. Харин зээ нараа цэцэрлэгт байхад нь өвлийн өвөөгийн үүргийг нь нэр төртэй биелүүлдэг байсан гэдэг шүү.

Н.Нэргүйбаатар гуай хүүхэд ахуйнхаа нэгэн шинэ жилээр болсон явдлыг дурслаа. Тэр үед өвлийн өвгөн болж байгаа хүнд одооных шиг жинхэнэ гэмээр сахал, үс байдаггүй байж. Сахал, дээлний хормой зэргээ хөвөнгөөр л аргална. Сургуулийнх нь зааланд өвлийн өвгөн цасан охидтойгоо ороод ирэв гэнэ. Хүүхдүүд баярлаад л. Цасан охид нь бенгалийн гал барьчихсан. Өвгөн “Амар сайн уу” гээд л спортын заалыг нар зөв тойроод явж байв. Тэгтэл өнөө бенгалын гал нь өвлийн өвгөний хормойнд наасан хөвөнтэй авалцаад тэр хавиар л нэл утаа хиншүү гарчээ. Өвлийн өвгөний хормойноос гал дүрэлзээд, өвгөн хурдалж давхиад. Хүүхдүүд барьж авах гэсэн ч гүйцдэггүй гэнэ. Арай гэж дарж авч галыг нь унтраасан аж. Тэгтэл өвлийн өвгөний нэг гуя нь түлэгдчихсэн байж.

Н.Нэргүйбаатар гуай “Надад бас нэг иймэрхүү юм тохиолдож билээ. Шарын голд шинэ жилд оролцоод явж байлаа. Тэгтэл арай л урт нөмрөг таарчихсан юм. Цасан охид миний хойно явж байгаад нөмрөг дээр гишгээд би золтой л савж унасангүй. Хүмүүс сандраад л хөгтэй юм болж билээ” гэлээ. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс хувцас хунартаа сайн анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг туршлагатай өвлийн өвгөний хувьд зөвлөж байлаа.

Н.Нэргүйбаатар гуайд хөдөө орон нутгаас утасдаж өвлийн өвгөн болох урилга ирүүлнэ. Эрдэнэт, Дархан гээд л аймаг, хотуудаас захиалга ирдэг юм байна. Хөдөө орон нутаг руу явахаар бол гурав, дөрөв хоногийн өмнөөс бэлдэж цаг нараа тохируулдаг гэсэн.

Ийн Н.Нэргүйбаатар гуай Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөн нь болчихоод хамаг зүйлсээ цүнхлээд гарлаа. Тэрээр “Би энэ улаан цүнхэндээ өвлийн өвгөний дээл, малгайгаа цүнхлээд хичнээн ч жил алхаж байна гэж бодно. Яах вэ, амьтан хүн баярлуулж явбал боллоо шүү” гэнэ. Зарим захиалга ихтэй үед олон байгууллагын шинэ жилд оролцчихоод гараад ирэхээр авто унаа зогсчихсон байх нь бий. Уг нь хүссэн хүн бүрийн баярт очиж өвлийн өвгөний бэлэг гардуулмаар л байдаг юм. Даанч хотын замын түгжрэл шинэ жилээр оргилдоо хүрдэг болохоор сүүлийн жилүүдэд өдөрт гурваас илүү шинэ жилд оролцохоо байсан гэсээр өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай хөлсний тэрэгт суугаад гэр рүүгээ одсон юм.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж хүргэв

Нийслэлийн эрүүл мэндийн газраас хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмжийг гаргажээ. Хоолны хордлого гарахад нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах аж.

Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг:

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.

Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл доорх арга хэмжээг авна уу.

 Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.

 Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Хоолны хордлогоос сэргийлэх талаар дараах зөвлөмж өгч байна.

Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

 Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох

 Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах

 Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах

 Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах

 Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө,бие зассаны дараа гараа угаах

 Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх

 \Хоол, хүнсийг чанахдаахамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэхийг зөвлөсөн байна.

Худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь:

 Худалдаа, үйлчилгээ явуулах мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлгэх.

 Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй, чанар аюулгүй байдалд өөрчлөлт ороогүй /гадны хольцгүй, тунадас үүсээгүй, амт, үнэр өнгө өөрчлөлт өгөөгүй, хий үүсээгүй/ бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх.

 Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрдүүлж, хөргөх төхөөрөмж, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулгаар хангагдсан байх.

 Гар угаах нөхцлийг бүрдүүлэх, гар халдваргүйтгэх санитол, нойтон сальфеткаар хангагдсан байх.

 Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, хоолны үлдэгдэл, хог хаягдалыг тухай бүрд нь зайлуулах, таглаатай зориулалтын хогын савыг хэрэглэх.

 Шинээр бэлтгэсэн хоолыг 3-аас дээшгүй цаг байлгаж үйлчлүүлэгчдэд борлуулах.

 Бэлэн болсон хоол, зууш хүнсний бүтээгдэхүүнээс дээж авах хөргөгчийг бэлэн байлгаж, дээжийг +6+8 хэмд хадгалж, 48 цагийн дараа устгаж тэмдэглэл хөтлөх.

Categories
мэдээ нийгэм

Булганд малын галзуу өвчин гарчээ

Булган аймгийн Рашаант суманд малын галзуу өвчнөөр нэг үхэр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогийн байдлаар орон нутгийн удирдлагууд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР”-аас зөвлөмж гаргажээ

Шинэ жилийн баярын үеэр хувь хүн, албан байгууллагууд олон хүн цугларсан хүлээн авалтыг ресторан болон бусад нийтийн хоолны газарт тэмдэглэдэг. Энэ баярын өдрүүдэд хоолны хордлого, томуу, осол гэмтлийн улмаас эмнэлгийн ачаалал ихэсдэг. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараахь зөвлөмжийг гаргажээ. Үүнд

 Архи, дарснаас татгалзах,

 Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх.

 Хоол ундыг тохируулан хэрэглэх.

 Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуугаас сэргийлэх.

 Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд илүү анхаарал хандуулах.

 Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах.

 Агаарын бохирдлоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийх.

 Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угааж байх.

 Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах.

 Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх.

Categories
мэдээ цаг-үе

О.Хүрэлбаатар: Тоорил вангийн ариг оросууд үнэхээр сонирхож байсан

ДБЭТ-ын гоцлол дуучин СТА О.Хүрэлбаатар энэ сарын 9-19-ний өдрүүдэд ОХУ-д болсон М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагнал хүртлээ. Тэрбээр 2007 онд ХБК-ийг дуурийн дуучин мэргэжлээр гавьяат жүжигчин А.Бүтэдийн удирдлагад төгссөн, ДБЭТ-ын басс хоолойт дуучин юм.О.Хүрэлбаатар Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны Гран при, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Олон улсын уралдааны Гран при, УГЗ Б.Шаравын нэрэмжит уралдаанд дэд байрын шагналтай. Өнгөрсөн 2012 онд ОХУ-д болсон Ф.Шаляпины мэндэлсний 140 жилийн ойд зориулсан дэлхийн шилдэг театруудын басс хоолойт дуучдын тоглолтод уригдан оролцож байв. Тэрбээр Ж.Вердийн “Риголетто” дуурийн Монтероне, “Аида” дуурийн Рамфис, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Коллен, “Тоска” дуурийн Чезарь Анжелотти, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Цунига, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Хоролдой ноён, Ц.Тараагийн “Чингэс хаан” рок дуурийн Тоорил хаан, Б.Шаравын “Чингэс хаан” дуурийн Мэнлиг эцэгсонгодог болон үндэсний томоохон дуурийн дүрүүдийг бүтээсэн. Түүнтэй ярилцлаа.

-Олон улсын өндөр зэрэглэлийн уралдаанаас басс хоолойт дуучин анх удаа шагнал хүртлээ. Дуурийн басс хоолойгоор ийм уралдаанаас шагнал хүртэх нь олон улсад ч бараг сонсогддоггүй үзэгдэл. Танд баяр хүргэе?

-Би театртаа гурван жил дуулж байна. Өмнө нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад есөн жил дуулсан.

-Глинкийн уралдаанд ямар ямар ари дуулав. Уралдааны явцаас сонирхуулахгүй юу?

-Энэ уралдаанд гавьяат жүжигчин концертмейстр Б.Солонго багш мэргэжлийн багш, гавьяат жүжигчин А.Бүтэд багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийгээд оролцлоо. Баргил буюу басс хоолойтнуудаа төлөөлж анхны том амжилт гаргаж ирсэндээ баяртай байна. Уралдаан их өргөн хүрээтэй, өрсөлдөөнтэй, том тэмцээн боллоо. Ер нь хүмүүсийн ярьж байгаагаар бол урьд урьдынхаасаа оролцогчдын тоогоороо ч, дуучдынхаа чанар чансаагаар ч их том уралдаан болсон. Өмнө нь 120 дуучин оролцдог байсан бол энэ удаа 280 дуучин оролцсон. Дуучдын чанар чансаа өмнөхөөсөө илүү байсан болохоор өрсөлдөөн нэлээн хүчтэй, сайхан тэмцээн боллоо гэж шүүгчид нь ярьж байна лээ. Манай Монголын дуучид бол үнэхээр агуу хоолойтой, үнэхээр сайхан байдаг юм байна гэдгийг тэнд очоод мэдэрлээ. Монгол дуучдаараа, монгол түмэн олноороо бас бахархаж л явлаа. Нэгдүгээр шатанд 280 хүнээс 50 хүн үлдсэн. Эхний шалгаруулалтад хоёр ари дуулсан. “Дон Карлос” дуурийн Филиппийн ари, Дон Жуан дуурийн Лофореллогийн ари дууллаа. Энэ хоёрыг дуулаад хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёрдугаар шатанд таван бүтээл дуулсан. Глинкийн нэг романс, Рахманиновын Алеко, Вердийн “Макбет” дуурийн Банкогийн ари дуулсан. Тэгээд Монголынхоо дууриас Шарав гуайн Чингэс хаан дуурийн Тоорил вангийн ари дуулсан.

-Үндэснийхээ бүтээлээс заавал нэгийг дуулдаг уу?

-1975 оноос хойш зохиогдсон бүтээл гэдэг юм. Тэгэхээр заавал гадаадын юм дуулах албагүй шүү дээ. Монголын дуучин Монголоо бас сурталчлах хэрэгтэй. “Чингэс хаан”-ы Тоорил вангийн ариг дуулахад оросууд үнэхээр гайхаж байсан. Монголын дуурийн урлаг техник, хийцийн хувьд мундаг бүтээл гэдэг тал дээрээ явж байгаа юм байна, мундаг бүтээлүүдийг дуулдаг юм байна гэж сонирхсон. Үүнээс гадна “Баатарцогтын нагац” гэдэг ардын дууг хөгжимгүй дуулсан. Тэгээд хоёрдугаар шатнаасаа 50 дуучнаас 14 дуучин шалгарч гуравдугаар шатанд үлдсэн. Тавин дуучинд манай зургаан дуучин үлдсэн. Манай Дуурийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Гомбо-Очир, Батжаргал, Бат-Эрдэнэ, Бадрал бид зургаа. Гуравдугаар шатанд үлдсэн 14 дуучинд манайхаас гурван эрэгтэй дуучин шалгарч үлдсэн. Бат-Эрдэнэ, Бадрал, бид гурав. Тэгээд финалд үзэгчидтэй, оркестртой хоёр том ари дуулсан. Финалд би “Иван Сузанин” дуурийн Сузанины ари, Россинийн “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ариг дууллаа.

-Хоёр зуун ная гаруй дуучин хичнээн орноос ирж оролцов. Басс хоолойт дуучид хэр олон байв?

-Арван долоон орноос оролцсон. Басс хоолойтой хорь гаруй дуучин оролцсон. БНСУ, Хятад, Орос тэгээд барууны орнуудаас нэлээн олон дуучин харагдсан.

-Улс улсаас очсон басс хоолойт хорин хэдэн дуучин мэдээж бүгд өндөр чансаатай, “би” л гэсэн улс байгаа. Хоолойны төрөл нь өөрөө сүрдмээр шүү дээ. Үнэхээр хүний өөрийнх нь цар хэмжээ гэдэг ч юм уу, жинтэй, хүчтэй дуучин танд мэдрэгдэв үү. Танд хаанахын ямар дуучин сэтгэгдэл төрүүлэв?

-Оролцсон бүх л улсын дуучид бэлтгэлээ сайн хангасан, сайхан дуучид байна лээ.Манайхаас гурван басс явсан шүү дээ. Ерөө багшийн шавь Бат-Эрдэнэ, ардын жүжигчин Жаргалсайхан багшийн шавь бас Бат-Эрдэнэ гэдэг залуу явсан. Ер нь сонсч байхад манай Монголын дуучид бол үнэхээр хүчтэй сонсогдож байна л даа. Мэдээж цаашаа сурах юм их байгаа л даа. Мөн Солонгосын дуучин их сайхан сонсогдож байсан. Сайхан дуучин байна лээ. Казахстаны дуучин, Украины дуучин, Оросын Москвагийн Гнесиний академи, Чайковскийн консерватор төгссөн гээд их сайхан соёлтой, дэгтэй олон сайхан бассууд байна лээ.

-Хэдийгээр та Дуурийн театрт ирээд гурван жил болж байгаа ч гэсэн театрынхаа урын сангийн гол томоохон дууриудад дуулчихсан. Та хэд бол байнгын ачаалал өндөртэй ажилладаг дуучид. Глинкийн тайзан дээр татуршлагаараа ч, зангаргаараа ч арай өөр байгаа даа?

-Авьяас дээр нэмэх нь хөдөлмөр бүгдийг шийддэг гэж багш маань дандаа хэлдэг. Үнэн юм билээ. Дуурийн театртаа ирээд олон сайхан дуурь дууллаа. Мэдээж зангараг бол харагдана. Гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцлоо. Ийш тийшээ уригдаж бас дууллаа. Энэ бүгдээс харж байхад ер нь манай монгол дуучид дэлхийн тайзанд гарахад бэлэн болсон харагддаг юм.

-Монголын дуурийн дуучдын хоолойны тембр нь нэг тийм өтгөндүү, арай л даацтай сонсогдоод байдаг, тийм ээ?

-Өөр шүү. Их уянгалаг, тослог, сонсголонтой, хүчтэй, бяртай, хувь хүн нь зохицуулж явж чадах юм бол асар өргөн бололцоотой, их том цар хэмжээнд хүрсэн байдаг. Тэр агуу хоолойтой Пүрэвдорж, Жагаа багш гэхчлэн дээдсийнхээ залгамж халаа болж гарч ирж байгаа залуучуудын хувьд бол энэ багш нарыгаа цааш нь залгамжилж явах үрийг сайн тарьжээ гэж боддог юм. Бид хэлээ сайн сураад англи хэлтэй болоод ирэх юм бол хаана ч очоод дуулах боломжтой.

-Энэ удаад Украины дуучин түрүүлжээ?

-Тэгсэн. Украины тенор хоолойтой дуучин түрүүлсэн.

-Та хоёр жилийн өмнө Шаляпины мэндэлсний ойн тоглолтод уригдаж очиж байсан. Тэр ямар цугларалт байсан юм бэ?

-Дандаа басс хоолойтнуудын цугларалт болсон. Красноярск хотод. Удирдаач А.Чепурной намайг “Аида”-д дуулж байхад Шаляпины уралдаанд оролцуулъя гээд. Тэр хүний итгэлийг алдалгүй сайхан оролцоод ирсэн. Энд тэндхийн театрын дандаа алдар нэртэй дуучид, гавьяатууд, ардын жүжигчид голдуу цугларсан. Мундаг улсын хажууд би айж л байлаа. Тайзан дээр нь дуулах юмаа дуулаад Оросын үзэгчдээс браво гэсэн үнэлгээ аваад, дахиулаад ирсэн. Тэгэхэд хорин бассцугларсан байх шүү. Тэгэхэд надтай цуг дуулж байсан нэг дуучин нь сая Глинкийн уралдаан дээр шүүгчээр сууж байна лээ. Уралдаан дууссан хойно уулзсан. Сербийн гавьяат жүжигчин юм билээ. Тэр цугларалтыг Шаляпины ойгоор нь хийдэг юм. Дандаа том, том театруудын басс хоолойтнуудыг цуглуулаад үнэхээр гайхалтай наадам хийдэг юм билээ.

-Та энэ жил бүтээл арвинтай байна уу?

-Энэ жил амжилт ихтэй жил байлаа. Америкийн Сан Францискод очиж Вердийн “Реквием” гэж алдартай бүтээлийг дуулсан. Гурван зуун хүний хоортой, зуун хүний оркестртой. Сүмд нь дууллаа. Сүмд дуулахад үнэхээр гайхамшигтай юм билээ. Ардын жүжигчин Пүрэвдорж багшийнхаа нэрэмжит уралдаанд оролцож Гран при авлаа, ардын жүжигчин Банди багшийнхаа нэрэмжит гран при авлаа. Төрийн шагналт Б.Шарав гуайн анхны уралдаан болсон. Түүнд хоёрдугаар байрт орлоо. Ер нь амжилттай жил байлаа.

-Таны дуулсан Ц.Нацагдорж гуайн “Үүлэн заяа” дуурийн Хоролдой ноёны ари их гоё санагддаг юм?

-Гоё ари. Би өөрийгөө ер нь булган сүүлтэй юм болов уу гэж боддог юм. 2010 онд олон улсын уралдааны хамгийн анхны гран при-г би Монголд авчирч байсан. Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанаас. Түүнээс хойш манай бүх л залуу дуучид олон улсын уралдаанд амжилттай оролцож байна. Хэдийгээр айхтар том тэмцээн биш ч гэсэн түүгээрээ бахархаж явдаг юм.

-Уралдаанд оролцсон 280 дуучдын дунд сопрано хоолойтой дуучид нь ямархуу юм. Нэлээн олуулаа байж таарна?

-Бараг дал наяад сопрано байсан шүү. Оросын сопрано түрүүлсэн. Оросын эмэгтэй дуучид үнэхээр хүчтэй юм билээ. Аргагүй далайцтай юм. Юу л байна Оросын эмэгтэй дуучид л байна.

-Та түрүүн англи хэл сурч эхэлж байна гэлээ. Та нар Итали дуурийг италиар нь, Оросынхыг оросоор нь гээд голдуу эх хэл дээр нь дуулж байгаа. Гэхдээ гадагшаа яваад дуулахаар аялга хэр байгаа вэ. Эндээ бол сайн анзаарагдахгүй байх л даа?

-Гологдохгүй. Сая би итали дуурийн ари дуулахад итали шүүгч нь ирээд баяр хүргэж байгаа юм. Итали хэл хаана сурсан бэ гэж асууж байна. Уучлаарай, би италиар маруухан ярина аа. Би итали хэл сураагүй ээ гэсэн чинь чи итали үгийг их гоё, цэвэрхэн хэлж байна. Ийм уралдаан наадмууд дээр би олон ирж байсан. Чиний итали хэл маш цэвэрхэн сонсогдож байна гэсэн. Тэгэхээр нь бид чинь бас зөв л явж байгаа юм байна гэж бодож байлаа.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Өрхийн мэдэллийн нэгдсэн сантай боллоо

2013 онд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, Монгол Улсын нийт өрх, хүн амыг амьжиргааны түвшнээр эрэмбэлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлсэн юм. Энэ сангийн мэдээлэлд тулгуурлан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам” баталлаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг зорилтот бүлгийн хүн амд нийгмийн хамгаалал, халамж, бусад суурь үйлчилгээг хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд салбар дунд ашиглана.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын гал утраах техник, технолгийг сайжруулна гэв

Монгол, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргалд олголоо. Энэ төслийн хүрээнд Австри улсын Засгийн газрын 5,1 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр манай онцгой байдлын албанд гал унтраах иж бүрэн хэрэгсэл нийлүүлэгдэх юм. Улсын хэмжээнд аврах, гал унтраах зориулалтын 198 автомашин ажиллаж байгаагийн 55 хувь нь 1967-1990 онд үйлдвэрлэгдсэн, эдэлгээний норм хугацаа дууссан техник байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ

Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэхэд шинэчлэлийн гол зорилго чиглэсэн байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, санхүүгийн тайланг нь жилд 1-2 удаа цахим хэлбэрээр авдаг болох, энэ цахим санд тулгуурлан бусад төрлийн үйл ажиллагааг шат дамжлагагүй явуулахаар шинэчлэн зохицуулна. Түүнчлэн, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах зэрэг төрийн зарим чиг үүргийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд нэмж шилжүүлнэ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагджээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Энэ өөрчлөлт ирэх онд ч үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар байна. Дээрх нөхцөл байдалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтүүдийг өөрчлөхөөр Засгийн газар шийдвэрлэж, үүнтэй уялдуулж холбогдох хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Бууны албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслүүд энд багтаж байна. Ийм өөрчлөлт хийснээр макро эдийн засгийн суурь үзүүлэлт, түүний дотор Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг зөв тооцож, улсын төсвийг үр нөлөөтэй зөв төлөвлөх, хуваарилах асуудал бодитой болно гэж Засгийн газар үзлээ.