Нэгдүгээр сарын 5-20-н хүртэл нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулна. Энэхүү бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж буй хороон дээрээ очиж хамрагдан бүртгүүлэх юм байна.
Month: December 2014
Ширээ товшин зогсох багшийн чигчий хуруунаас нүд салж ядна. Тэр турк бүсгүйчүүдийн хөлийн хуруундаа зүүдэг бөгжтэй гараараа ширээ товшин зогсох аж. Ахин дахин нягтлан харав, яалт ч үгүй,түрк бүжигчин бүсгүйчүүдийн хөлийнхөө хуруунд зүүдэг эртний хийцтэй, мөнгөнбөгжмөнөөс мөн. Намайг гайхан ширтээд байгааг багш ажиглачихсан бололтой ясархаг хуруутай гараа хурдхан гэгч өмднийхөө хармаанд хийчив. Манай Их сургуулийн хайр хүндлэл болсон, мэдлэг боловсрол өндөр, турк хэлэнд гаргуун, нямбай чамбайбагш маань хөлийн бөгжийг зүгээр нэг саваагүйрхэн зүүх хүн биш, гэвч оюутан хүн ийм зүйлийг хэрхэн асууж зүрхлэхэв. Чимээгүйхэн, гарыг нь ахин харчих санаатай хүлээж суутал хичээл завсарлаж, багш хавтсаа сугавчилсаар гараад явчихлаа. Багш хичээлээ заагаад л би нөгөө бөгжийг хараад л… янз янзын таамаглал ургуулан бодон явтал, нэг мэдэхэд хавар болж, шалгалт эхэллээ. Шалгалтад орох хуваарийн дагуу би хамгийн эхэнд орох ёстой байсан авч, Гомбожавбагш намайг хамгийн сүүлд ор гээд ангиас гаргачихав. Бүх хүний орж дуусахыг хүлээхийн зовлон, дээр нь ганцханнамайг л хамгийн сүүлдор гэж онцолсны учрыг тааж ядан зовнино. Дэмий л хэдэн номоо гүйлгэн харж,ямар асуултаар намайг ороон бүдрээх бол,.. тэр гайт хөлийн бөгжөөс л боллоо,… хүн юугаа зүүнэ, надад юуны хамаа байна,.. хэмээн өөрийгөө зэмлэн, сэтгэл тогтож ядна. Удтал хүлээсэн миний ээлж ч болж, барайхаараа барайсан амьтан орлоо. Цэмцгэр багшийн харааны цагаан шилэн дээр гэрэл ойн гялалзаж, самбарынхаа өмнө зогсон миний орж ирэхийг харна. Би явсаар хамгийн арын ширээнд очин суух гэтэл, тэгэхээс тэгэх мэт яг өөдөөсөө харсан эхний ширээнд ирж суу гэлээ. Тэрхэн зуур “За, за. намайг ёстой зуучихсан юм байна, яалаа гэж энэ вэ? Бөгж харлаа гэж үү” хэмээн гомдох сэтгэл ч бас төрөөд амжив. Гомбожав багш над руу гайхсан бас цаанаа шоолонгуй аястай хараад “Өнөөдөр,чичинь хамаг хөмсгөө зангидаад яачихав? Нүдээ бүлтийлгэчихээд суудагсан” гээд жуумалзана. Би дэмий л “Миний толгой өвдөөд” гэж амандаа сулхан хэлэв. Намайг шалгалтаа өгөн ярьж байхад багш нэг ч их анхаарахгүй шал өөр зүйл бодож байгааг анзаарч би дуугүй болов. Багш хэсэг чимээгүй байснаа, надаас нилээн хэдэн асуулт асууж, заримыг нь намайг хариулж ч амжаагүй байтал “Болно болно” гэж гараараа дохиод зогсоочихов. Тэгснээ нөгөө бөгжөө, чигчий хуруунаасаа суга татан авч миний өмнө тавихад,би өөрийн мэдэлгүй тав хийн цочив. Гомбожав багш намайг ажигласнаа “Энэ бөгжийн талаар чи юу мэдэхэв? Ямар нэгэн хэлэх юм байна уу? Бүтэн жилийн турш нүд салгалгүй ажигласан, үнэн биз” гэв. Миний нүүр гэв гэнэтхэн халуу шатаж, хацрын маань хамагарьс чимчигнэн хорсох мэт час час хийж, ичсэндээ багшийн нүдийг эгцлэн харж чадсангүй. “Энэ, … энэ мөнгөн бөгж, турк бүжигчин хүүхний хөлийн хуруунд зүүдэг болохоор би гайхан хардаг байсан юм, багш аа” хэмээн үнэнээ хэллээ. Тэгсэн багш “Чи наад бөгжөө ав,би чамд бэлэглэе” гэхэд,би авч зүрхэлсэнгүйбас авахыг чхүсээгүйюм.”Тэгээд энэ ямар учиртай бөгж юм бэ? Багш аа” хэмээн мөн л хашрахгүй өөрийн эрхгүй асуучихав.”Чамд үзүүлэх гээд хэдэн юм авчирсан” гэж багш гялгар хавтсаа ухан, нилээн элэгдсэн, хэдэн орос сонингийн хайчилбар гаргаж ирэв. Өтгөн хоёр хөмсөг нь хоорондоо бараг нийлчихсэн шахуу, жигтэйхэн хөөрхөн нүд, сормуустай,бүжигчин охин хөлийнхөө хуруунд нөгөө бөгжийг зүүсэн байгаа нь харагдана. Ширээн дээр байсаар байгаа нөгөө бөгжийг Гомбожав багш авч, миний алган дээр бараг л хүчээр тавьчихаад, босч цонхоор гадагшаа ширтэн зогсов. “Энэ хөөрхөн охин надаас болж ихзовсон юм, хөөрхий”гээд эргэж харалгүй, ганцаараа байгаа мэт зогсох багшийн яриаг дуугүйхэн сонслоо. “Дөнгөж хорь хүрч байсан залуухан хүү би Оросод сурч байхдаа оюутан залуучуудын урлагийн наадамд морин хуураар, энэ охин турк бүжгээрээ шалгарсан юм. Нэгдсэн тоглолт болохын өмнө, орон орноос ирсэн үе тэнгийн шижигнэсэн оюутан залуучууд бид хичээлээсээ чөлөөлөгдөн бэлтгэл сургуулиа хийцгээнэ. Тэр дунд тодоос тод ногоон өнгөтэй цээж бэлхүүсээ ил гаргасан торгон хувцсаа мөнгөн зоосоор чимэн гоёж,хөөрхөн хөлөндөө бугуйвч бас бөгж зүүсэн үзэсгэлэнт турк охин содон онцгой харагдана. Охин задгай тавьсан гил хар торго мэт үсээ намируулан, хүчит бөмбөрийн хэмээр эргэн бүжиглэх нь ёстой гайхалтай. Бүжигчин охин хүрд мэт хурдтай эргэлдэх нь гайхамшигт ногоохонсэнс мэт харагдана.Уянгалаг бишгүүр хөгжим бөмбөрийн хэмнэл аажмаар удаашрахадтурк охин инээмсэглэн ёслон харах нь хээнцэрхэнцэцэг дэлбээ болгоноо нээсээр хамгийн сүүлд үзэсгэлэн гоо цомирлогоо гарган гайхуулахмэт,үгээр зүйрлэхэд багадам. Хөөрхөн охин бүгдийг л соронзон мэт татаж байлаа … хэмээн багшийн дуунддогдолсон байдал анзаарагдавч тэрээр огтхон ч эргэж харсангүй. Турк охины сэтгэл догдлом бүжиг мөн ч олон хүний зүрхэнд гэрэл гэгээг цацрааж, бүсгүй хүний уран налирхай бие гэгч хичнээн үзэсгэлэнтэй болохыг анх удаа надад мэдрүүлж билээ. Хөөрхөн охиныг бүжиж эхэлмэгц бид цөм л амьсгал түгжин харцгаана. Бүжгийн чадварлаг хөдөлгөөн, нарийн нугалааг охид ажиглаж байхад эрчүүд бид түүний гоолиг тэгш бие, үзэсгэлэнт төгс царай, цог золбоонд нь өөрийн эрхгүй татагдан дурлаж, шохоорхсон харцаа үл салгадаг сан. Бороотой зэврүүхэн нэгэн өдөр би оюутны цайны газарт, стакан дүүрэн цөцгий авч, элсэн чихэр нэмж хийгээд шажигнатал хутгачихаад ууж суутал, нөгөө бүжигчин охин хажууд минь ирж сууснаар бид танилцаж,хоромхон зуур дотноссон юм. Хачин шүү, тэр олон сайхан залуучууд байхад над дээр л ирдэг”… гээд багш санаа алданхэсэгхэн чимээгүй болов. Надад ч хэлэх үг олдохгүй чимээгүйхэн байталангийн хэдэн найз охид маань байн байн хаалгаар толгойгоо цухуйлган, нүд хөмсгөө хөдөлгөн зарим нь хуруу гараараа дохин зангаж ” хурдал” хэмээн шавдуулна. Багш цонхоор гадагшаа ширтэн зогсох тул юуг ч үл анзааран :”Сүүлдээ бид хоёр нэгнийхээ хэлэн дороо ёотон тавьж өгөөдл халуун байхуу цай хамтдаа ууцгааж, тэр маань надад турк хэл заана.Хичээлээ тараад оройжингоо кино, концерт үздэг жаргалтай өдрүүд минь, найз охины маань ах ирснээр эцэс болсон юм даа. Бид өдөр болгон уулзана, тэр маань жаахан байж байгаад л эм гаргаж ирээд л залгидаг болсонд би ихэд гайхаж ямар учиртайг асуухад яаж ийж байгаад л хариулахгүй булзааруулна. Гудамжаар явж байгаад бид хоёр их айхтар хүчтэй усархаг бороонд навс цохиуланус гоожуулсан хоёр амьтан гараасаа атгалцангүйсээр нэгэн дэлгүүрт орж толгой хоргодов. Гэтэл дэлгүүрийн цав цагаан шалан дээр цустай холилдсон улаавтар ус тог тог хийн дусаж эхлэх нь тэр. Дэлгүүрт хүн цөөхөн тул орос худалдагч эмэгтэй цусны дуслыг олон харж нүд томорсноо хар хурдаараа сандран гүйж надад алчуур авчирч өгөөд бид хоёрыг хувцас солих өрөөнд оруулав. Ээ …бүү үзэгд, тэрний минь нуруу бие нь хүн харахын аргагүйарьс махтайгаа яз яз цохигдож эрүүл гэхээр газаргүй, шархных нь гүнд цус нь хүрэнтэн нөжирч хатаад, тамаас гарч ирсэн амьтан гэж л ийм байх болов уу гэмээр харагдсанд, би айн цочсондоо алчуураа алдчихав. Борооны усанд норж дэвтсэн шарх нь байж тэсэхийн аргагүй хорсон өвдөхөд хөөрхий минь, нөгөөх өвчин намдаах эмээ авч залгиад байсансан” … гээд багш гүн санаа алдана. Миний хоолой дээр бөөнюм гэнэт тээглэж, хуучин орос сонин дээрх хөөрхөн охины зургийг нулимс дүүрч бүрэлзсэн нүдээрээ ширтэн харав. “Аав ээжийнхээ сонгож өгөөгүй, өөр шашин шүтлэгтэй харийн залуутай найзласан хэмээн тэрийг минь зодож нүдэн, алахаас наагуур байсныг би огтхон ч гадарлаагүй явсан юм. Маргааш нь би ахтай нь очиж уулзахад царай зүс сайхан, эелдэгболовсон зантай гуч орчим насны биерхэг залуу миний ярихыг анхааралтай сонсоод “Гомбожав аа,энэ явдалд чиний буруу огтхон чалга.Бид эрчүүд,хэдэн ч хүүхэнд дурлаж болно, хүсэл чинь хүрдэг юм бол хэдийг ч хайрла, чадал байвал хэдтэй ч амьдарч болно. Харин манай шашныохидын хувьд бол үгүй шүү. Тэр дундаа миний охин дүү, ёстой байж боломгүй. Манайх удам судар сайн, нэр хүндтэй улс, өвөг дээдсийнхээ эртний зан заншлыг ягштал баримтлан дагадаг. Удмынхаа нэр хүндийг арван наймхан настай, гэнэн, энэ тэнэг охиноор сүйтгүүлэхгүй. Би дүүдээ хайртай болохоор л суран бүсийн амтыг багаахан өгч байгаа,надаас өөр хүн бол өдийдалаад хаясан” гэв. Энэ яриа бол үнэхээр үнэн, чин сэтгэлийнх байсныг ухааран хүлээж авахад хүнд хэцүү байсан ч, хөөрхий охиныг орхихоос өөр арга зам, ямар ч сонголт надад олдоогүй. Бүсгүй хүн турьхан чадалгүй мэт хирнээжинхэнэ хайрынхаа төлөөүхэхээс ч айхгүй, өөрсдийгөө золиосложчадахтийм л чанга зүрх сэтгэлтэй улс юм билээ. Тэр маань хамгийн сүүлд намайг байхгүй үеэр оюутны байранд шөнө дөлөөр хөл нүцгэн гүйн ирж, надтай уулзуулж өгөхийг уйлан уйлан гуйж, намайг хүлээн суусаар, буцахдаа хөлийнхөө бөгжийг гээснийг оюутны байрын жижүүр авгай олж надад өгч, хөөрхөн охиныг гомдоолоо гэжбөөн улсын дунд намайгтолгой түрийгүй загнан ихуурлаж билээ. Бодвол надтай уулзах гэж тэр маань ахынхаагэрээс оргож гарсан байх, мөн ч их зодуулсан байх даахөөрхий минь” гэв. Намайг ангиас гарахад багш эргэж харалгүй зогссон хэвээр хоцорч, харин хэдэн найз охид маань бидний яриаг хаалганы завсраар сонсож, зарим нь бүр уйлчихсан харагдав. Дөнгөж лхүнд дурлаж, анхны хайртайгаа учирч байсан бидний хэдэн залуу охид тойрон зогсож байгаад л турк охины бөгжийг гар дамжуулан удталүзэцгээсэн юм, тэр өдөр. Амьдралын учир тавилан гэж үнэхээр сонин, турк охины бөгжийг авсны дарааби найз залуутай болж удалгүй гэрлэлээ.Нөхөр маань монгол залуу хэдий ч гадаадад ажиллаж, бүсгүй хүний хувь заяаны эрхээр түүнийгээ даган лалын шашинт орнуудад олон жил амьдрахдаа тэр турк охины ахынх нь үг хичнээн үнэн болохыг мэдэж билээ. Үеийнхээ залууд хайртай болсныхоо төлөөёс журам алдсан хэрэгт яллагдан, төрсөн аав, ах,эрэгтэй дүү нарынхаа гарт алуулж буй охидыг харан зүрхээ шимшүүрлэн, нулимсаа дусааж байхдаа Гомбожав багшаа бодно.Хүчит бөмбөрийн аянд эргэлдэн бүжиглэх бүсгүйчүүдийн тоглолтыг үзэн суухдаа тэртээх олон жилүүдийн өмнө дэлбээ цомирлогоо дэлгэхцэцэгхэн мэт бүжиж байсан нөгөө турк охиныг дурсдаг юм
Д.АЗЗАЯА
Нийслэлд энэ сард есөн хүн осгож амиа алдсан харамсалтай мэдээг Улаанбаатар хотын цагдаагийн газраас өглөө. Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзэлж, хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь нас, эргүүл мэндээр хохирох нь ихсэх хандлагатай байгаа аж. Тиймээс согтуу байхдаа гэрээсээ гарахгүй байх, энд тэнд согтуу хүн байвал цагдаагийн газарт дуудлага өгч байхыг анхааруулав.
Нийслэлээс “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамж гаргажээ. Захирамжаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”, Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”, Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, А.Сэлэнгийн “Монгол жаал”, Л.Оюунчимэгийн “Буурай ээж”, Р.Дүүрэнжаргалын “Цэнгэлтэй жаалууд”, Д.Оюунчимэгийн “Авьяаслаг багачууд”, Я.Оюунцэцэгийн “Бяцхан хун”, Д.Даваасүрэнгийн “Чигчий бүүвэй”, Г.Төгөлдөрийн “Тонтоолой”, Г.Отгоны “Цэцэн маамуу”, З.Даваасүрэнгийн “Нандин гурван эрдэнэ”, А.Хишигдоржийн “Хулгануудын хотхон” цэцэрлэгүүдийг байгуулахаар болсон байна.
Эдгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллахыг үүсгэн байгуулагч нарт, шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ. Ийнхүү нийслэлд шинээр 15 хувийн хэвшлийн цэцэрлэг үүдээ нээхээр боллоо.
Мэргэжлийн хяналтын байгуллагаас “Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” болон стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгасан билээ. Шалгалтаар бялуу үйлдвэрлэгчдэд багагүй зөрчил илэрсэн. Зарим үйлдвэр шинэ жилээр худалдаалах бялууныхаа бэлдэцийг хийгээд хадгалж байсан нь илэрсэн. Тиймээс дараахь зөвлөмжийг хүргүүлжээ. Үүнд бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бодисыг импортлохдоо “Хүнсний тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасан шаардлагуудыг хангах, Мөн бусад дүрэм журмыг сайтар мөрдөхийг зөвлөсөн байв. Бялууны амтлаг кремийг -180С-с багагүй температурт хадгалж, температурын горим, хадгалах хугацааг тогтмол хянан, бүртгэл хөтөлж, үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө шошгон дээр заасан горимын дагуу гэсгээх, хүнсний нэмэлт бодис, түүхий эдийг шошгон дээр заасан нөхцөл, шаардлагын дагуу шошгожуулан хадгалахыг сануулсан байна. Үүнээс гадна бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглохыг зөвлөсөн байна.
Эвола вируст халдварын тархалт эрчимтэй байгаа улс орнуудад нас баралт нэмэгдсээр байна. Энэ сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Эрүүл мэндийн 666 ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.
12 дугаар сарын 23-наас хойш зөвхөн эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 610 шинэ тохиолдол, 277 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 29-ний байдлаар 20081 хүн өвчилж, 7842 хүн нас баржээ.
Булган нутгийнхныг адуу, айраггүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа Булганы Сайханы айргийн амт шимтийг мэдэхгүй монгол хүн ховор биз ээ.
Улаанбаатар хот дахь Булган нутгийнхны шинэ жил өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн байна. Булган хангай уулсаар овоглодог нутгийн зон олны шинэ жилийн баяр архи дарсгүй, тун ч сайхан болжээ. Булган аймгийн залуучуудын холбооноос өнөө жилийн шинэ жилийн үйл ажиллагааг өмнөх жилүүдийнхээс нэлээд онцгой “архигүй, айрагтай” тэмдэглэх санаачлагыг гарган ийн ажил хэрэг болгосон байна.
Тэд нутгийн брэнд бүтээгдэхүүнээрээ баярын ширээгээ чимжээ. Ширээ бүр дээр хултай айраг мэлтэлзэл, Булган хангай нугийнхан айргаа сөгнөн улиран одсон оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дэнслэн нэгэн үдшийг өнгөрөөсөн байна. Манайхан шинэ жилийн баярыг юу байна түүгээрээ тэмдэглэдэг улс. Идэж уухаараа хүртэл өрсөлдөнө. Хамгийн үнэтэй архи, дарсаар баярын ширээгээ чимэглэх гэж хичээдэг. Харин өнөө жил Булганчуудын санал санаачлага өвөрмөц хийгээд нүдээ олсон зүйл болжээ.
Хямралын энэ үед хамаагүй хямд үнээр баярын ширээгээ мялаах боломж бий гэдгийг харууллаа. Энэ санаачлагыг дараа дараагийн шинэ жил олон газрууд авч хэрэгжүүлэх биз ээ. Өнө эртнээс нааш монголчууд аливаа баяр ёслолд айргаа ууж, дэмбээдсээр ирсэн сайхан уламжлалтай. Энэ сайхан уламжлалыг өнөө цагт хэрэгжүүлсэн Булган нутгийн залуус анхдагчид болж байна.
“Алтан сарнай”-н эзэд өнөөдөр тодорно
Жил бүрийн шинэ жилийн үдэш зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам уламжлал ёсоор өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд болно. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” наадмыг зохион байгуулж эхэлсэн.
Өнөө жил доорх долоон салбарын шилдгүүдийг тодруулах юм байна. Ингэхдээ олон нийтийн санал асуулгыг www.altansarnai.mn сайтаар дамжуулан авчээ.
– Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
– Соёл урлагийн салбарын оны онцлох хүн
– Спортын салбарын оны онцлох хүн
– Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн
– Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн
– Бизнесийн салбарын оны онцлох хүн
– Дэлхийн монгол хүн.
“Лос Анжелес Лейкерс” багийн сагсан бөмбөгч Коби Брайант өнөөдөр “Денвер” багийн эсрэг тоглож хожсоныхоо дараа ингэж хэлжээ. “Яг энэ цаг үед сагсан бөмбөг тоглоход үнэхээр хэцүү байна. Та надаас энэ улиралдаа үргэлжлүүлээд тоглох уу гэж асуувал би тийм гэж хариулна. Харин нь дараа жилээс бол үгүй л болов уу. Бие маань үнэхээр дийлэхгүй байна” гэж хэлжээ. Өдгөө 36 настай Коби саяхан “ядарлаа” гэх шалтгаанаар гурван тоглолт өнжсөн билээ. Хатуу хэлэхэд яг одоо залуучуудад зайгаа тавьж өгөөд шууд зодгоо тайлчмаар юм даа.
Б.ХУЛАН
Өвлийн жавхаа
Цантай өглөө хүлэг морио эмээллэн зогсохуй оломны арал хөрөөний үзүүрийг чимхээд авах шиг часхийтэл хайрна. Цанхтай тарган морь минь цомбон туурайгаараа цас цавчлан эргэцэж мордохоос жаахан халгаах сэтгэл төрүүлнэ. Жолоог хантайрч мордоод дөмөн дөмөн алхуулахуй унаган ижлээ санагалзах мэт янцгаан дүүхэлзэж, хүйтэн амгайгаа халаах гэсэн шиг жард жард зажлан толгойгоо хаялна. Хэсэгхэн алхуулж байгаад дөрөө давирах төдийд туурай яралзан өвсөн толгой намируулан давхихад ар талд онгоцны цагаан зураас шиг цасан будан татаж, хүлгийн минь туурайнаас бумбан тамга шиг дугуй цасан хэвнүүд холоо шидэгдэн үлдэнэм.
Өвлийн, илчгүй цонхигор цагаан наран өвгөн хүн шиг бөгтийж, сацраг нь мөнгөн таяг шиг гялалзана. Суран жолоо атгасан хуруу гар даарч байснаа морины халуун илч, сэгсүүргэн нударга хоёрын ачаар халуу дүүгэн дулаацна. Яралзтал давхин явахуй газар дэлхий жирэлзтэл хажуугаар өнгөрч, тэртээх тал даруйхан дэвтрийн хуудас шиг хумигдан, эзэн хүн өөрийгөө нэгэн гэгээн сайхан судар уншигч хувилгаан лугаа төсөөлнөм. Уулсын орой алсад гялалзаж, түүнээс чинагш цэв цэнхэр тэнгэр мөнгөн ус шиг мэлтэгнэнэ.
Морины хурданд чихний үзүүрт салхи сийгэж үнэгэн лоовуузны сор амьсгалын аяар битүү цан хүүгэтжээ. Салхи исгэрүүлэн давхиж морь, бие халуут жолоо татан алхуулахад өвсөн толгой ч бөхийлгөх өчүүхэн төдий сэвшээ үгүй. Уулсын энгэрт малчны хот бараантаж, ноход пөв пөв хуцах нь сонсогдоно. Цайдам хөндийд тархан идээшлэх үхэр сүрэг”Хаанаас юу гараад ирэв” гэх шиг гайхан харж савхин гөрмөл суран ташуураар падхийтэл шавхуурдахад цантсан духаа сэжин сүүл өргөн пижигнэтэл зугтана. Алсаас адууныхаа барааг харахуй хөгшин бор гүү маань нүдний үзүүрт эс үзэгдэнэ.
Дан бараан адуундаа од шиг содон сүргийн эхээ сүүлтэй сүүлгүй боохойд алдчихав уу гэх адгал хоолойд тулж, харц бүгэлзэнэ. Яаран давхисаар очвол цагаан гүү цас хэмлэн хөгшин шар шүдээ нар руу харуулж эвшээнэ. Адуугаа гилээд хөндий уруудан давхихад дэлхийн дайдыг эрхшээсэн дээдсийн сүнс дэргэд цугаар дөрөө харшуулах шиг бахархан, сэтгэл баясана. Чингэсийн морины уяа хэмээх гозгор хүн чулуудын хажуугаар гарахуй талын цагаан элэгт бялзмарууд бээрсэн аятай бяцхан далавчаа жирэгнүүлэн удаан, удаахан нисэн хөөрнө. Битүү цан цохиж хүүрэг татсан адууд минь үлгэрийн морьд шиг санагдана. Цаа буга л гагц жаргалын нар хүлхдэг гэх шиг өвлийн адуугаа гилэн ирэхэд залуу насны жавхаа тодорч идэр гурван есийн хүйтэнд энгэр задгай тавимаар сайхаан.
Л.БАТЦЭНГЭЛ
Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн
бүтээлүүдээс авч нийтлэв