Categories
мэдээ нийгэм

Автобусанд мөнгө төлөхийг эсэргүүцэв

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжийг цаашид хэвээр хадгалах талаар мэдэгдэж, УИХ, ЗГ, НИТХ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, болон бусад холбогдох байгууллагуудад хандсан.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 23-нд мэдээлэл хийж, нийтийн тээврээр үнэ, төлбөргүй зорчдог иргэдийн асуудлыг хөндөж, нөхөн олговроос татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэдний зүгээс 30 хувиар бууруулан нийслэлд баталсан төсөвт тааруулан хүн тээвэрлэх эсвэл батлагдсан төсвөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутанд олгож тэдгээр нь нийтийн тээврээр зорчих бүртээ төлбөрөө төлж зорчих гэсэн хувилбарыг дэвшүүлсэн.

Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад 115.000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 33934 нь нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлагатай ба тэдний нөхөн олговорт 10.6 тэрбум төгрөгийг төсөвлөснийг 30 хувиар бууруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хилчид орон сууцтай боллоо

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор НАХЯ-ны системийн байгууллагын барилга байгууламжийг барих, засварын ажил хийж гүйцэтгэх үүрэгтэйгээр 1964 онд байгуулагдсан Хилийн 0119 дүгээр ангийн 50 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Хилийн 0119 дүгээр ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян Цэргийн гавьяаны улаан тугийн одонг ангийн байлдааны туганд зүүж, ангийн бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв. Мөн ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав үе үеийн хилчин барилгачид, одоо ажиллаж буй хамт олонд хандаж баяр хүргэн, ажлын амжилт хүслээ

Хил хамгаалах байгууллага хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц бодлогын хүрээнд эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчдээ орон сууцаар хангах тал дээр сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгаа аж. Энэ онд нийслэлийн БЗД-ийн нутаг дэвсгэрт “Харуул-Алтай” хотхоны 280 айлын орон сууцыг барьж бэлэн болгосноо мөн энэ өдөр ашиглалтад орууллаа. Тус барилгын ажлыг хурдан шуурхай хугацаанд хурандаа Х.Лхагвасүрэн захирагчтай Хилийн 0119 дүгээр ангийн хамт олон гардан гүйцэтгэсэн юм байна.

Хилчин барилгачид ийнхүү 50 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн угтан авч байгаа нь энэ аж. Тус анги хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд санаачилга гарган 2010-2014 онд Улаанбаатар хотод “Хилчин”, “Харуул-Алтай” иж бүрэн цогцолбор хотхон барьж байгуулан 1500 гаруй айл өрхийн ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Гурван улсыг дэд бүтцээр холбох асуудлыг хэлэлцэв

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар зөвлөлдөх уулзалт 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Чөн Гуопин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гурван талыг тэргүүлэн оролцов.
Энэхүү Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-нд Душанбе хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд түвшний гурван талт уулзалтаар тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор хийв.
Талууд Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалтыг эхлүүлсэн нь бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэж санал нэгтэй үзэв.

Гурван улсын хооронд улс төрийн аливаа асуудал байхгүйг талууд тэмдэглэж, цаашид гурван тал бие биенийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой болон анхаарал хандуулдаг томоохон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Цаашид гурван талын худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн болон хүмүүнлэгийн салбарт бодит хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлж, гурван улс хоорондын стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хадгалахын төлөө ажиллахаа талууд онцлон тэмдэглэв.
Талууд гурван улсыг дэд бүтцээр холбох нь гурван талын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үзэж, уул уурхай, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д гишүүнээр элсэхийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс дэмжихээ дахин нотлов.


Талууд цаашид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Уг зөвлөлдөх уулзалтын үеэр Ази, номхон далайн бүс нутгийн өнөөгийн байдал, гурван талын болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үйл явц, харилцан сонирхсон тодорхой асуудлуудаар санал солилцов.
Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2015 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан ОХУ-ын Уфа хотноо болох үеэр зохион байгуулахаар зарчмын хувьд тохиролцов. Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 2 дугаар сард БНХАУ-д зохион байгуулахаар талууд тохиролцов.
– See more at: http://politics.time.mn/content/50662.shtml#sthash…

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагынхан найман кг хар тамхи илрүүлжээ

Цагдаагийн байгууллагууд хар тамхи, мансууруулах бодисын хадгалалт, хэрэглээтэй холбоотой асуудлаар дараахь хэргүүдийг шалгаж байгаа ажээ.

Тухайлбал, өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 27-нд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух иргэн Ч гэгч нь найман кг канабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж авч хадгалж байсныг илрүүлэн, уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байна.

Цагдаагийн байгууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд 11 кг канабис буюу мансууруулах төрлийн ургамал, 34 грамм ICE буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Тодруулбал, Цагдаагийн байгууллага энэ сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах “Playback” интернэт тоглоомын газарт зургаан иргэн 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хэрэглэснийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Мөн энэ сарын 15-ны өдөр иргэн А гэгч нь 23 грамм канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж, иргэн С нь иргэн М, А нартай бүлэглэн мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэдээс нэг кг 629 грамм канабисыг хураан аваад байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л, М,нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэллээ.

2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлджээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн 0119 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хилийн 0119 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр тус ангид болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян одонг тус ангийн байлдааны туганд зүүж, ангийн бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид аа!

Үе үеийн хилчин барилгачид аа!

Та бид өнөөдөр хилийн 0119 дүгээр ангийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан тус ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасан түүхэн тэмдэглэлт үйл явдалд оролцож байна.

Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан хагас зуун жилийн түүхийн хугацаанд төр, засгийн болон цэргийн онц чухал обьект, тусгай зориулалтын барилга байгууламж, хүүхдийн сургууль, цэцэрлэг, зуслангийн олон зуун бүтээн босголтын ажлыг хийж, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэхэд болон улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бахдам сайхан амжилтаа үнэлүүлэн ангийн байлдааны аранзал улаан тугаа төрийн одонгоор мялааж байгаа үе үеийн хилчин барилгачид та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 87 дугаар тогтоолоор аж ахуйн тооцоонд шилжсэнээс хойш улс орны аюулгүй байдлыг хангах, төрийн нууцын зэрэглэлд хамаарах хил хамгаалалтын барилга байгууламж, их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих, засварлах ажлыг амжилттай гүйцэтгэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд санаачилга гарган 2010-2014 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Хилчин”, Баянзүрх дүүрэгт “Харуул Алтай” иж бүрэн цогцолбор хотхон байгуулж, 1500 гаруй хилчин гэр бүлийг гал, голомтоо бадраан ая тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлсэн өрнүүн их ажлыг бүтээснийг цохон тэмдэглэхэд таатай байна.

Хилчин барилгачдын эгнээнээс Монгол Улсын гавьяат барилгачин, ахлах ахлагч Р.Эрдэнэбат, П.Мэндбаяр нарын төр, ард түмэндээ үнэлэгдсэн олон арван алдартан төрөн гарсны зэрэгцээ, энэ хамт олны дунд бэлтгэгдсэн барилгын төрөл мэргэжлийн мянга, мянган боловсон хүчин улс орны өнөөдрийн барилгын салбарын хөгжлийг тодорхойлолцож байгаад баяртай байна.

Танай хамт олны бүтээсэн барилга байгууламж, өнөөдрийн Монгол Улсын бүтээн байгуулалтад зохих байр суурийг эзлэн, нэгээхэн хэсэг болж байдагт талархал илэрхийлэхийн ялдамд та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хуралдаан түр завсарлав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Хаалттайгаар хуралдаж буй тус бүлгийн хуралдаан халуухан болж байна гэсэн мэдээлэл ордноор нэг тараад байна. Учир нь тус бүлгийнхэнд Ерөнхий сайд мэдэгдэл хийж байгаа юм. Ерөнхий сайдын нууц мэдээллийн тухайд Ардчилсан нам дүрмээ өөрчлөөд намын даргын суудлаа өгөх нь гэсэн таамаглал ч байгаа юм. Мөн Их тэнгэрт болсон төрийн гурван өндөрлөгийн нууц уулзалтаар гаргасан шийдвэрийг ч хэлэлцэж буй бололтой.

Яг одоо Ардчилсан намын бүлгийн хуралдаан түр завсарлаад байгаа ч гишүүд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. АН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш дахин үргэлжлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Асрамжийн газрын 1000 хүүхдэд хүндэтгэл үзүүлжээ

Нийслэлийн 32 асрамжийн газарт 900 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан хотын удирдлагууд асрамжийн газар, сэргээн засах үндэсний төв, зарим ТББ-ын 1000 гаруй хүүхдэд хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн тэдэнд зориулж Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг зохион байгуулжээ.

Нийслэлийн өдрөөр ийнхүү асрамжийн газрын хүүхдүүд хотын удирдлагуудаасаа хүндэтгэл хүлээж, нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.

Манай улсын асрамжийн газруудаас хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв нь нэлээд олон хүүхэдтэй буюу 210 хүүхэдтэй аж. Тус төв нь хүүхдүүддээ асран халамжлах, гэр бүлд нь эргэн нэтгэх үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн тэдний авьяасыг хөгжүүлэх зорилгоор дугуйлан хичээлүүлдэг ажээ.

Мөн манай улсын асрамжийн газруудаас гуравт нь төрөөс санхүүжилт олгодог байна. Харин бусад төвүүд нь дотоод болон гадаадын санхүүжилт, хувь хүмүүсийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шаардлагатай бол Шадар сайдын албыг өгнө гэв

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг “Шударга ёс” эвслийн бүлэг болон Шадар сайд Д.Тэрбишдагва дэмжих байр суурьтай байгаа гэх мэдээлэл гарч байсан. Энэ талаар Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “МАХН-ын дарга Н.Энхбаяр ирснээр намайг Шадар сайдын албаа өг гэж шахсан гэх зэрэг зүйл байхгүй. Мөн намын удирдлага, гишүүдийн төвшинд ч бас тийм зүйл яригдаагүй. Хэрвээ намын нөхөд үнэхээр бодитой, үнэн зөв үндэслэл гаргаад, намайг энэ албаа өг гэвэл би өгөхөд бэлэн. Авч болдог, өгч болдог суудал. Ерөнхий сайдыг огцруулах тухайд би хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа Шадар сайдын хувьд эсрэг байр суурьтай байгаа. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.

Манай Эвслийн бүлэг ч бас Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн” гэв.

Categories
гадаад мэдээ

Замби улсын Ерөнхийлөгч нас баржээ

Замбийн Ерөнхийлөгч Майкл Сата орон нутгийн цагаар Мягмар гаргийн 23 цагт Лондон хотын VII Эдвардын нэрэмжит эмнэлэгт нас барсан байна. Энэ сарын эхнээс түүний биеийн байдал ихээхэн муудаж Замбийн Засгийн газар тусгай хөрөнгө гарган түүнийг Лондон хотын эмнэлэг рүү хүргүүлээд байсан юм. Харин ямар өвчний улмаас нас барсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 2011 онд эх орончдын хөдөлгөөнөөс нэр дэвшиж ялалт байгуулсан Майкл Сата нь Хятадын эсрэг үзэлтэй Зимбабын Ерөнхийлөгч Роберт Мугабийг дэмждэг гэдгээрээ олон нийтэд танил болсон юм. Замбийн Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч Гай Скотт ажиллаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сард багтааж Замби улс Ерөнхийлөгчийн суудалд албан ёсоор хүн томилих юм. 77 настай байсан Майкл Сата нь Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа өрсөлдөж 2011 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр есдүгээр сарын 19-ны өдөр парламентын чуулганд хамгийн сүүлчийн удаа үг хэлжээ.

Б.Анужин

Categories
гадаад мэдээ

Цагаан ордны компьютерийг хакерджээ

Цагаан ордны компьютерийн сүлжээнд хакерууд нэвтэрчээ. “Вашингтон пост”-ийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн гүйцэтгэх албаны ажилчдын ашигладаг нууц бус сүлжээнд хакерууд нэвтэрсэн байна. Нууц бус сүлжээний зарим нэг бүрэлдэхүүн хэсэг халдлагад өртсөн хэдий ч компьютерийн сүлжээнд ямар нэгэн гэмтэл учраагүй гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Уг халдлагыг шалгаж байгаатай холбогдуулан ажилчдын компьютерийн сүлжээг түр хаасан байна. Цагаан ордны албаны хүмүүсийн мэдээлснээр сүлжээнд хакерууд нэвтэрснийг 2-3 долоо хоногийн өмнөөс анзаарсан бөгөөдажилчдын сүлжээнд саатал учирч эхэлсэн байна. АНУ-ын засгын газар уг хууль бус үйлдлийг аль нэг улсын эрх баригчдын явуулга байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ халдлагын цаана байх хамгийн их магадлалтай улс нь ОХУ гэжээ. Энэхүү хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Үндэсний аюлгүй байдлын агентлаг шалган ажиллаж байгаа юм байна.

Б.Анужин