Categories
мэдээ нийгэм

Д.Дондогийг батлан даалтанд гаргалаа

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас УИХ гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт ЭХТА-ийн 148.3, 148.4, 149.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээр өнгөрөгч наймдугаар сард хянан шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр тэдний давж заалдах шатны шүүх хурал Давж заалдах шатны аравдугаар шүүхэд болж шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс энэхүү хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Д.Дондогийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн, бусдыг нь гадуур байцаахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

11 аймагт оношлогоо, эмчилгээний төв байгуулснаар хот руу зорих урсгал буурчээ

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын 30 минут” уулзалт өнөөдөр 12.30 цагаас Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож эбола вирус болон энэ өвчнөөс сэргийлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад эбола вирусын нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн 7 хоногт 717 хүн шинээр өвчилж, 322 хүн нас баржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн 8 дугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан.

Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг 10 дугаар сард байгуулсан. ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. ХӨСҮТ-д мэргэжлийн дөрвөн багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ. Сургалт, сэрэмжлүүлэг, гарын авлага, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган иргэдийг мэдээллээр хангаж байна гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Мөн тус салбарт 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар, Ерөнхий сайдын төсвийн багцаас 23,9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан нь оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан. 21 аймаг телемедициний сүлжээнд холбогдлоо. Цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олголоо.

Сүрьеэ өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр 2 цагт оношилдог боллоо. Ерөнхий сайдын төсвийн багцын 2 тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгуулж, зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг боллоо зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн түүхийг өгүүлсэн шинэ номын нээлт боллоо

Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан шинэ номын нээлт өнөөдөр Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Дөрвөн боть бүхий нийслэлийн түүхийг агуулсан шинэ номыг МСГЗ, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат ариутган шүүж, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, АУЗ, СГЗ Ш.Дулмаа, АУЗ, СГЗ До.Нямаа тэргүүтэй зохиолчид өмнөтгөл бичижсэн аж. Номын баярын нээлтэнд нийслэлийн удирдлагууд, номын зохиогчид, нийслэлийн болон улсын архив, номын сангийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм. Нийслэлийн хотын түүх, соёл, барилга байгууламж хийгээд өнгөө цагийн өнгө төрхийг илтгэсэн гэрэл зураг, уран бүтээлийн шилдэг түүврийн дөрвөн боть ном хэвлэгдэн гарч уншигчдийн гарт хүрж байгаа аж. Эдгээр бүтээлийг хийж гүйцэтгэсэн уран бүтээлчид хэлэхдээ “Бид хамтран хуучин түүхийг шинэчилж бүтээлээ. Энэ бол маш их хүч хөдөлмөр, ур ухаан, цаг хугацаа, итгэл зүтгэлийн үр дүнд бий боллоо. Оюутан залуус, хүүхэд багачууддаа нийслэлийн түүхийг баринтаглан үлдээж байгаадаа баяртай байна” гэсэн бол Нийслэлийн ИТХ –ын дарга Д.Баттулга “Бид ямар цаг үед, ямар газар амьдарч байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн хэмжээний хот болоход энэхүү бүтээлүүд түүхийн хувьд маш үнэт баталгаа байх болно. Бидний бүтээсэн түүх дурсгалуудустаад байгаа юм бишүү гэдэг үндэслэлээр энэхүү чухал номуудыг бүтээсэн юм. Энэ бол нийслэлийн ард иргэд болон удирдлагуудын зүгээс хотынхоо түүхийг, өв соёлыг байгаагаар нь авч үлдсэний том илэрхийлэл гэж бодож байна” хэмээсэн юм. Ийнхүү номын нээлтийн дараа номынхоо үзэсгэлэнтэй танилцсан билээ.

З.Батхуяг

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Төмөр замын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан.

Дамжин өнгөрөх тээврийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцлийг тохиролцох, түүнчлэн “Шинэ төмөр зам” төсөл болон түүнтэй уялдаатай хэрэгжих “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг хэлэлцээ үр дүнд хүрсэн тохиолдолд уг боловсруулах үйлдвэрүүдээс БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн зэрэг асуудлыг цогцоор харж шийдвэрлэх боломжтой хэмээн Засгийн газрын зүгээс үзэж тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой. Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга: Хэрвээ аймаг болгоноор хилээ сэтлээд нарийн цариг оруулж ирэх юм бол боловсруулах үйлдвэрийн тухай мартах хэрэгтэй. Өнөөдөр манай улс далайд гарцгүй улсын хувьд төмөр замын асуудлыг дотооддоо боловсруулах үйлдвэр, экспортлох бүтээгдэхүүн гэсэн эдийн засагтайгаа уялдуулж явуулах ёстой. Түүнээс бус компаниудын лоббигоор хилээ сэтлээд нарийн цариг тавих асуудлыг шийдэж болохгүй. Сая Тээврийн яамыг татан буулгасан. Одоо эзэнгүй байна. Иймд сайд нь, төрийн нарийн бичиг нь , ажлаа мэддэг олон жил явсан хүмүүс нь байхгүй байхад Их Хурлаар яаруу сандруу шийдэж болохгүй. Иймд яам нь байгуулагдаж сайд нь тавигдсаны дараа энэ асуудлыг ярья гэсэн горимын саналтай байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга: – Эхлээд зарчим барья, асуудлыг дэс дараатай явуулья. Иймд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ эхэлж өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Х.Баттулга гишүүний тавьсан саналыг дэмжиж байна. Төр ядаж хэлбэрийн хувьд төр шиг байж асуудлаа хэлэлцдэг байх ёстой. Сангийн сайд нь байснаар төсөвөө хэлэлцдэг, Зам тээврийн сайд байснаар төмөр замын бодлого, төмөр замтай холбоотой асуудлаа хэлэлцдэг байх хэрэгтэй байна. Эхлээд бодлогын бичиг баримтаа оруулж ирье. Дараа нь МАК-ын асуудлаа оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг: – Монголын эдийн засгийн хөгжилтэй холбоотой том асуудлуудыг талцаж тойрч ярьсаар байгаад ямар ч асуудал шийдэхгүй улс орныхоо эдийн засгийг хэтэрхий олон жил хойш татаж байна. Дээр нь монголын төрд гадаад бодлого, төрийн бодлого гэж байдаг бол түүндээ үнэнч байх хэрэгтэй. Өнөөдөр төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ утга учиргүйгээр гацаах нь өөрсдөө эдийн засгаа хойш нь татаад зогсохгүй хоёр хөрш оронтойгоо ч цаашид юм ярих эрхгүй хүнд байдалд орно. Тийм учраас төрийн бодлого бол жинхэнэ бодлого болж явах ёстой. Гишүүдийн шүүмжлээд байгаа бидний ажлаа зохион байгуулж байгаа арга хэлбэрт үнэхээр асуудал байна гэдэгтэй санал нэг байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: – Энэ бол нэлээд дуншсан асуудал. Урагшаа зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш. Харин Хятадын нутгаар дамжаад далайн боомтууд руу гаргах, ингэхдээ боломжийн хэмжээний хямдралтай тарифийг Засгийн газрын хооронд тохирч чадсан. Тиймээс энэ асуудлыг дэмжээд шийдээд явья. Одоо маргаад байх зүйлгүй. Далан босчихсон. Иймд нарийн уу, өргөн үү гэдгийг хүлээж байгаа. Үүнийг шууд шийдэх ёстой. Мөн Хөөт гэдэг нь Чойбалсангийн хажуу талаас урагшаа Бичигт рүү явж байгаа чиглэл. Нөгөөх нь Сайншандаас Замын-Үүд. Гэтэл хоёр улсын Ерөнхийлөгч, дарга нарын айлчлалын үеэр бид үндсэн төмөр замдаа модернизаци хийх тухай асуудал хөндөгдсөн учир Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлийг больё гэж үзсэн. Гурван улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж шийдэх учир Засгийн газрын өргөн барьсан төслөөс Сайншанд-Замын-Үүдийн чиглэл хасагдаж, Тавантолгой- Гашуун сухайт, Хөөт-Бичигт гэсэн маршрутаар барья гэсэн. Харин Байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналаар хоёр асуудал нэмэгдсэн байна. Нэгд, Сайншанд-Ханги гэж орж ирсэн. Үүнийг заавал оруулж ирэх шаардлага байна уу. Засгийн газраас оруулж ирсэн асуудлаас зөрүүтэй байгаад болгоомжилж байна. Хоёр дахь нь Нарийн сухайт-Шивээ хүрэн. Энэ бол ойрхон 40 гаруй км. Үүнийг бас заавал өнөөдөр оруулах хэрэг байна уу. Саяхан том зам бариад дууссан байгаа. Иймд Засгийн газраас оруулж ирснээс өөр асуудал явж байгаад та бүхэн бодолтой хандаарай. Ялангуяа Сайншанд-Ханги чиглэлд боломж муутай. Иймд та бүхэн анхаарал хандуулаарай.

Гишүүд асуулт асууж дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Google Street View”-д зураглалаа оруулсан төв Азийн хамгийн анхны хот Улаанбаатар

Нийслэлийн ИТХ-аар батлагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Хотын захиргаа дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan Pointer нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр ажлын эхлэх болох Улаанбаатарын зураглалыг Google Street View – д оруулах нээлтийн үйл ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо. Google компанитай 2 жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр Улаанбаатар зураглалыг албан ёсоор оруулж байгаа юм. Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Google компаний Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan Pointer, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий болон Ухаалаг Уланбаатар төслийн ажлын хэсгийнхэн, бусад албаны төлөөлөгчид, нийслэлийн иргэд оролцсон юм.
УИХ-ын дарга З.Энхболд нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг Дэлхийн хот болгон хөгжүүлэх боломжийг олгож байгаа Google компанид талархал илэрхийлж, Мэдээллийн технологи ашиглан хөгжлөө урагшлуулж Дэлхийн томоохон хотуудын жишигт хүрэх зорилтоо хэрэгжүүлэхээр бүс нутгаа тэргүүлэн ажиллаж байгаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд баяр хүргэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид төв Азиас анхдагч болж Улаанбаатар хотоо Google Street View-д нэвтрүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотын дэлхийн хотуудтай өрсөлдөх чадвар нэмэгдэж, нэг алхам урагшилж байна. Хамгийн өрсөлдөх чадвартай, өндөр технологийн интернэтийн орчин бүрдсэн хот болох зорилтдоо хүрэхэд ойрхон байгааг энэ үйл ажиллагааг харуулж байна” гэлээ
Энэ үеэр Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan Pointer Google компанийн албан ёсны тугийг нийслэлийн Засаг даргад гардуулсан юм.
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод Google Maps-д зориулсан 360 градус зураглал цуглуулах Street View-ийн машиныг явуулж эхлэнэ. Одоогийн байдлаар Street View нь дэлхийн 61 оронд нэвтэрсэн бөгөөд тус орнуудад, хэрэглэгч нь газрын зургийн зүүн гар талд байрлах улбар шар өнгийн тэмдгийг чирч хөх өнгөөр онцолсон гудамж дээр эсвэл Google Maps дээрх хамгийн ойр нарийвчилсан түвшинрүү татах замаар гудамжны түвшний зураглалруу хандаж болно. Төслийг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлээс бүрэн шийдвэрлэсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Малын хулгайтай тэмцэх хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр, М.Зоригт нар болон Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид, малчдын төлөөлөл оролцож малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн малчдын өргөдөл гомдолтой холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа талаар онцлоод төрөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг хэллээ.

Дараа нь Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад малын хулгайн гэмт хэргийн талаарх сүүлийн гурван жилийн судалгааг танилцуулав.

Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн 2011 онд 1169, 2012 онд 1376, 2013 онд 1435 бүртгэгдэж сүүлийн гурван жил дарааллан өссөн ба гэмт хэргийн илрүүлэлт 10,2 хувиар буурчээ. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 52,1 хувь нь ажилгүй иргэд байгаа бөгөөд гарсан хулгайн 80 гаруй нь малаа бэлчээрт эзэнгүй орхисонтой холбоотой аж. Хөдөө орон нутагт ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, орлогын тогтвортой эх үүсвэргүй иргэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж байгааг илтгэлдээ онцлов.

Хэнтий аймгийн Дархан сумын малчдын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Содном малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар хэлэв. Хэнтий аймагт малчин өрхүүд нэгдэж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хоршоо байгуулжээ. Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсооход хамгийн их саад болж буй зүйл нь илэрсэн гэмт этгээдүүдтэй малчид тохиролцож цагдаагийн байгууллагад хандалгүй орхих явдал гэдгийг малчид хэлж байсан юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Г.Бөхчулуун, хөдөө орон нутагт шуурхай ажиллах хангамж муу байгаагаас гадна махны ченж нарын үйл ажиллагаанд тавих хяналт дутмаг талаар онцлоод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах хэд хэдэн санал гаргалаа. Тэрээр малчдын малын хариулга маллагааг сайжруулах, малын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, мах бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт хийх /тууварлах, тээвэрлэлт, нядалгаа, түгээлт, үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэгчдэд албан ёсны зөвшөөрөл олгох/, хулгайн гэмт хэрэгт холбогдогч этгээдүүдэд тавих хариуцлагыг чангатгах зэрэг олон чухал санал хэлэв.

Хууль зүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчдын илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж хариулт авлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн талаархи дуудлагыг 107 тусгай дугаараар авч эхэллээ

Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд дуудлага авах 107 тусгай дугаар ажиллаж эхэллээ. Энэхүү дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаархи бүх төрлийн мэдээлэл дуудлагыг авах юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа тус Түр хамгаалах байранд явуулж байна. Энэ төв нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж хохирогчдыг 3-10 хоног байрлуулан тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Хууль зүйн яам, харьяа байгууллагууд чиглэл чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Хууль зүйн яамны харьяа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх Нэг цэгийн төвд хохирогчдод эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлж байна гэж Хууль зүйн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Америкт хөдөлмөрийн яармаг боллоо

Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд АНУ-ын Чикаго хотод болжээ. Тус арга хэмжээг Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Бирж, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй зургаан хотын Монгол оюутны холбоод, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 200 гаруй оюутан, залуус, Монголын болон АНУ-ын банк, мэдээлэл технологи, хөдөлмөр зуучын компани зэрэг 10 гаруй байгууллага оролцов. Арга хэмжээг нээж ЭСЯ-ны Ерөнхий консул Б.Мөнхжаргал, Хөдөлмөрийн төв биржийн дэд захирал Э.Ган-Эрдэнэ, “Хүний хөгжил” ТББ-ын тэргүүн Г.Галбадрах нар оюутан залууст хандаж үг хэлжээ.

Хөдөлмөрийн яармагийн эхний өдөр арга хэмжээнд оролцогчдын мэдлэгт дусал нэмэх үүднээс Висконсоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр докторантаар суралцаж буй У.Дэлгэржаргал өөрийн туршлагаа хуваалцаж лекц уншсан байна. Мөн Колумбын Их сургуулийн төгсөгч Б.Мөнх-Эрдэнэ, “Apple” компанийн ажилтан Энх-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Висконсны Их Сургуулийн докторант У.Дэлгэржаргал нар оюутан залуустай чөлөөт ярилцлага хийж хийж, ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх, намтараа хэрхэн зөв бичих талаар зөвлөгөө өгч, ажлын карьераа оновчтой сонгох талаар сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсанаас гадна оюутнуудын дунд кейс стади тэмцээнийг зохион байгуулсан юм. Хөдөлмөрийн яармагын хоёр дахь өдөр ажил олгогч компаниуд нээлттэй ажлын байрнуудынхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч, ажилд орох хүсэлтэй оюутан залуустай ганцаарчилсан уулзалт, ажлын ярилцлага хийжээ.

Хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь АНУ-д тэргүүлэгч их дээд сургуулийг төгсөгч болон одоо суралцаж буй оюутан, залуусыг Монголын болон АНУ-ын томоохон аж ахуй нэгж, компаниудтай холбох ба энэхүү Хөдөлмөрийн Яармагт оролцогчид арга хэмжээг үндсэн зорилгодоо хүрч чадсан, үр өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж дүгнэж байлаа. Тус арга хэмжээг жил бүр уламжлал болон зохион байгуулах бөгөөд цаашид хамрах хүрээгээ улам бүр тэлж АНУ-д ажиллаж, сурч буй Монгол оюутан залуусыг хамруулахыг зорьж ажиллахаа мэдэгдэв.

Хөдөлмөрийн яармагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн байгууллага, хувь хүмүүс http://careerfair.oyutan.org/mn/index, jobfair@oyutan.org хаягаар холбогдох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Монголд Унгарын загвар ферм байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Австри, Унгар улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид оролцон эдгээр улстай үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж холбогдох уулзалтыг хийжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Унгар Улсын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзан хоёр орны хөдөө аж ахуйн салбарын уламжлалт хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, хамтын ажиллагааны боломжтой чиглэлүүдийн талаар санал солилцсон байна.
Уулзалтын үр дүнд Монгол Улсад эрчимжсэн үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор загвар фермийн аж ахуй байгуулах, явуулын мах нядалгааны цех нийлүүлэх, махны боловсруулах үйлдвэрийн салбарт евро стандартыг нутагшуулах, Био үйлдвэрт технологийн шинэчлэл хийх боллоо. Мөн монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Унгарт дадлагажуулах, сургахад хамтран ажиллах боломжтой гэдэгт хоёр тал санал нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Бизнес форумд “Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хамтын ажиллагаа, нөөц боломж” сэдвээр илтгэл тавьсан нь Австри, Унгарын бизнес төлөөлөгчдийн сонирхлыг татсан аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

Үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Дараа нь Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлогын баримт бичгийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал чуулганы танхимд танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулаад чуулган түр завсарлаад байна. Чуулганы хуралдаан 14:00 цагт үргэлжилж, Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.