ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээж авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр ажлаа хүлээж авсаныхаа дараа хэд хэдэн хүнийг албан тушаалаас нь буулгажээ. Тодруулбал, ЗБГХТГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Month: September 2014
Эрдмийн баяр эхэллээ
Өнөөдөр хүүхэд залуусын эрдэм, номд шамдах 2014-2015 оны их аяллын
гараа эхэлж байна.
Энэ жил сургуулийн өмнөх боловсролд 201 мянга гаруй хүүхэд хамрагдаж
байгаа бол ерөнхий боловсролын сургуульд 511850 сурагч суралцах билээ. Харин дээд
боловсролын тухайд төрийн болон хувийн өмчийн 99 их, дээд сургуульд 168333 оюутан
суралцах тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тус тус судалгаа гаргажээ.
Эдгээр гурван шатны боловсролын байгууллагууд энэ хичээлийн жилд
тус бүртээ нэлээд онцлогтойгоор үйл ажиллагаа явуулах ажээ.
201 МЯНГАН БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГТ ЯВНА
Сургуулийн өмнөх боловсролын хувьд цэцэрлэгт орох ёстой 255 мянга
гаруй хүүхдээс 201 мянга нь хамрагдах гэж байгаа юм. Үүнээс 156 мянга нь улсын цэцэрлэгт
орох бол 20 мянга нь хувийн цэцэрлэгт, үлдсэн 25 мянга гаруй хүүхдийг нь хувилбарт
цэцэрлэгт хамруулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Өнөө жилийн тухайд сургуулийн өмнө боловсролд хамрагдах ёстой хүүхдийн
тоо найман мянгаар нэмэгджээ.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цэцэрлэгийн бүртгэлийн асуудал нэлээд
хэл ам дагуулж байлаа. Өнгөрөгч сарын 25-аас эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхэлж, эцэг
эхчүүд хонон өнжин байж хүүхдээ бүртгүүлж байсан юм. Энэхүү эрэлттэй уялдуулан БШУЯ-наас
энэ жил 60 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсан тухай хэлж байгаа юм. Түүнчлэн
2014 онд 102 цэцэрлэгийг нэмж ашиглалтад оруулна гэдгээ ч хэлж байна. Үүнээс гадна
мөн энэ онд концессын гэрээгээр 82 цэцэрлэг, сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчийг
шалгаруулж, 20-ийг нь эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
12 ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТОГТОЛЦООНД БҮРЭН ШИЛЖИНЭ
Ерөнхий боловсролын сургуулийн тухайд 12 жилийн сургалтын тогтолцоонд
бүрэн шилжиж буйгаар онцлогтой. Түүнчлэн энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид
59352 сурагч шинээр элсэн суралцаж байгаа бөгөөд бага ангиуд сургалтын шинэчилсэн
хөтөлбөрөөр хичээллэхээрээ мөн онцлогтой жил болно. Учир нь өнгөрсөн хичээлийн жилд
1600 гаруй багш бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг зааж, туршиж үзсэн билээ.
Харьяа яамны мэдээлж буйгаар энэхүү бага боловсролын шинэ хөтөлбөр нь хэд хэдэн
шинэлэг зүйлийг агуулж буй. Тухайлбал, сургалтын хөтөлбөр бус боловсролын хөтөлбөр
болж байгаа, мэдлэг шалгахын оронд чадварыг үнэлэх, сургадаг байснаа суралцах, хичээллэхийн
оронд турших, цээжлэн суралцахын оронд бие биедээ нөлөөлж, чадварыг нь нээн илрүүлэх
гэх мэт шинэ агуулгыг оруулж ирж буйгаараа ялгаатай ажээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн тухайд
100 хувь хангагдсан ажээ. Ингэхдээ бага ангийн сурагчид сурах бичгээ үнэ төлбөргүй
ашиглах бол дунд ангийнхны тухайд арван хүүхэд тутмын найм нь төрийн санхүүжилтээр
хэвлэгдсэн сурах бичиг ашиглах юм байна.
Ялангуяа сурах бичиг худалдаж авах бололцоогүй, амьжиргааны баталгаажих
түвшнээс доогуурх орлоготой, нэг өрхөөс гурав ба түүнээс дээш хүүхэд суралцаж байгаа
өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулиараа дамжуулан бүх хичээлийн сурах бичгийг үнэгүй хэрэглэх аж. Гэхдээ эдгээр
бүх сурах бичгийг багцаар нь авахын тулд тодорхой хэмжээний хураамж төлж байж ашиглана
гэдгийг салбар яамныхан хэлж байгаа юм. Тухайлбал, 11 дүгээр ангид ашиглах 12 нэр
төрлийн сурах бичиг зах зээл дээр 45 мянган төгрөг байхад түрээсийн төлбөр 14 мянган
төгрөг байх юм. Өөрөөр хэлбэл, 31 мянган төгрөгийн хэмнэлттэй гэсэн үг ажээ. Харин
ядуурлын түвшин бага бүс нутагт байрлаж буй төрийн өмчийн 115 сургуулийн дунд, ахлах
ангийн 34 мянга гаруй сурагчид сурах бичгээ зах зээлээс худалдаж авах шаардлагатай
болж байна. Тодруулбал, нийслэлийн төвийн сургуулиуд, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай,
Дундговь, Өмнөговь аймгийн төв болон төвийн бүсийн сумдын сурагчид, энэ онд шинээр
байгуулагдсан болон их, дээд сургуулийн лицейд суралцагч сурагчид сурах бичгээ өөрсдөө
бэлтгэх болж байгаа юм. Дашрамд хэлэхэд, энэ жил шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийн
дундаж үнэ 2820 төгрөг байх гэнэ. Харин өнгөрсөн жил хэвлэгдсэн номуудын хувьд хуучин
үнээрээ худалдаалагдах ажээ. Өнгөрсөн жилээс эхлэн Боловсролын сайдын тушаал гарч,
ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид нэг ижил дүрэмт хувцас өмсөхөөр болсон
билээ. Тиймээс ч өнгөрсөн жил нийт сурагчдын 40 орчим хувь нь сурагчийн дүрэмт хувцастай
болсон бол энэ жил 70 гаруй хувийг нь дүрэмт хувцсаар хангахаар салбар яам ажиллажээ.
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧ ОЮУТНЫ ТОО БУУРЧЭЭ
Энэ хичээлийн жилд 99 их, дээд
сургуульд 168333 оюутан суралцах тухай дээр дурдсан билээ. Тэгвэл энэ тоо нь өмнөх
жилийнхээс 7258-аар буурсан үзүүлэлт ажээ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд элсэгч
оюутны тоо буурчээ. Энэ хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс монгол
хэл, бичгийн шалгалт авдаг болсноороо онцлогтой. Түүгээр ч зогсохгүй ирэх хичээлийн
жилээс эхлэх монгол хэлний шалгалт босго оноотой болох билээ. Их, дээд сургуулийн
энэ хичээлийн жилийн өөр нэг онцлог нь өмнөх жилүүдэд олгодог байсан “Оюутны 70
мянга”-н төгрөгийг зөвхөн шаардлага хангасан оюутанд өгдөг болж буй юм. Өөрөөр хэлбэл,
сурлагын чанар буюу голч онооноосоо хамааран сар бүр авдаг байсан 70 мянгыг авах
эсэх нь хамаардаг болж байгаа. Ингэснээр оюутан сурагчдын сурах идэвх нэмэгдэнэ
хэмээн салбар яам үзэж байгаа бололтой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн “Дэлхийн шилдэг
их сургуульд оюутан сургах тухай” зарлиг ёсоор өнөө жил сонгон шалгаруулалтад тэнцсэн
85 оюутан дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцахаар болжээ. Үүнээс гадна Засгийн
газар хоорондын гэрээгээр гадаадын 13 оронд 710 оюутан инженер, технологи, байгалийн
болон анагаах ухааны нарийн мэргэжлээр суралцахаар болсон байна.
Мөн өнөө жилээс эхлэн дэлхийн
жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт монгол оюутнууд суралцахаар болоод байгаа юм.
Тодруулбал, манай улсын Засгийн газар Японы Засгийн газартай хамтран “Инженер, технологийн
дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн хүрээнд 1000 оюутан
Япон улсад суралцах ёстой бөгөөд суралцагчдын бүртгэл энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх
ажээ.
Т.ГЭРЭЛМАА
Хилийн цэргийн дэслэгч найзтайгаа уулзлаа. Ээлжийн амралтаа аваад хотод ирсэн гэнэ. Бид хоёрын яриа улсын минь хил амар тайван байна уу гээд л эхэллээ. Хилчин найз маань “Хилийн зөрчил гарахаа больсон. Сүүлийн үед БНХАУ хилийн зурвас газартаа дөрвөн метр гаруй өндөр төмөр хашаа барьчихсан. Харин манай улс шургаа мод зоогоод өргөстэй төмөр утсаар тор татдаг хэвээрээ байгаа. Олон нийтэд хэлэхгүй байгаа болохоос хилийн цэргийнхэн жилийн дөрвөн улирал өргөстэй төмөр утас залгах ажилтай байдаг болсон. Сүүлийн үед тасарсан төмөр утас сэлбэх өргөстэй төмөр утас ирэхгүй хилчид хэцүүдэж байгаа. Үүнийг хэлж ярьдаг хүн алга байна. Сүүлийн үед олон жил болсон төмөр утас зэврээд байнга тасарч байна” гэв. Шуурганд уруудаж ирсэн мал, цагаан зээр төмөр утсыг тас татаад хилээр гараад явчихдаг. Хил манаж байгаа хэдэн цэрэг үүнээс болоод хэцүүддэг. Нутгийн малчдын малыг хил даваад явсныг нь эргүүлэн авчирч өгөхөөс эхлээд олон ажил ундардаг байна.
Харин урд, хойд хөршийнхөн хилийнхээ зурвасыг төмөр хашаагаар хамгаалсан байдаг. Хилийн зурвастаа тулгаад хот тосгодтой болчихсон байдаг. Мөн хилийн зурвас газраар өндөр цамхаг бариад камер суурилуулсан байна лээ. Харин манайхан төмөр утастай хэвээрээ л байна. Ядахдаа олон жил болсон төмөр утас нь тасраад хэцүүхэн байдалтай байна. Төмөр хашаа хилийн дагуу барьчихвал зөрчил гарахгүй хил даван алга болоод байгаа ан амьтан ч эх нутагтаа байна.
Э.ХҮРЭЛБААТАР