Categories
мэдээ нийгэм

Ахмад дайчдад шагнал гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан зарим ахмад дайчдад шагнал гардуулна. Ёслолын ажиллагаа маргааш 11.00 цагаас болох юм байна. Халх голын дайнд оролцсон ахмад дайчдаас эдүгээ 34 нь энх тунх амьдарч байгаа ажээ. Тэдний хамгийн отгон нь 95 настай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар самар түүвэл 2.8 сая хүртэл төгрөгөөр торгоно

Хууль бусаар самар бэлтгэсэн нь тогтоогдвол иргэнийг 2.8 сая хүртэл төгрөгөөр торгох юм байна. Уг нь хуш модны самрыг жил бүрийн аравдугаар сарын 15-наас хойш түүх ёстой байдаг аж. Ингэснээр болц нь гүйцэж, түүхэд ч хүндрэл багатай тусдаг байна. Гэвч наймдугаар сараас эхлэн хүмүүс самар түүж, иргэдийн гар дээрээс худалдаалж эхэлдэг билээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Иргэн бүр 25 кг хүртэлх самрыг түүх эрхтэй байдаг аж.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Д.Батцогт шилдэг сурагчдыг хүлээн авч уулзав

Улсын
Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
хорооны дарга, “Ховдын ирээдүй” сангийн тэргүүн Д.Батцогт Ховд аймгийн шилдэг
сурагчдыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт
шилдэг сурагчдад хандан хэлэхдээ, хичээл сурлагатаа амжилт гаргаж, бусад оюутан
залуустаа үлгэр дуурайлал болох хэрэгтэйг захиад дээд боловсрол эзэмшихийн
зэрэгцээ нийгэмд тустай олон зүйл хийж  нутаг ус цаашлаад улс орныхоо нэр
хүндийг өндөрт өргөсөн сайн мэргэжилтэн болохыг хүссэн юм.

Мөн
тэрээр “Ховдын ирээдүй” сан нь хүүхэд багачуудын оюуны боловсролд
чухал хувь нэмэр оруулахаар ажилладаг гэдгийг онцолсон юм. Тус сангаас энэ
удаад математик, хими, физик, англи хэлний дөрвөн чиглэлээр улсын олимпиадад
амжилттай оролцож, эхний гурван байр эзэлсэн 11 сурагчид тэтгэлэг олгож 
байгааг  Байнгын хорооны дарга Д.Батцогт гардууллаа хэмээн УИХ-ын
Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Categories
гадаад мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ

БНСУ-ын “Ёнхап” агентлаг “Энэ сарын 1-ний өдөр БНАСАУ Солонгосын хойгийн зүүн нутгийн тэнгисийн усан хил рүү богино зайн тусгалтай пуужин харвасан” гэж албаны хүний үгээс иш татан мэдээлжээ. БНСУ-ын цэргийн нэгдсэн штабын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, орон нутгийн цагаар энэ сарын 1-ний өдрийн 10.30 цагт БНАСАУ мэдэгдэлгүйгээр хориотой бүст Солонгосын хойгийн зүүн нутгийн тэнгисийн усан хил рүү богино зайн тусгалтай пуужин харвасан байна.

Нислэгийн байдлаас үзэхэд, шинэ хэлбэрийн дайны пуужин буюу тохируулга хийсний дараах пуужин байж болзошгүй. Зайн тусгалт нь 220 км бөгөөд пуужин далайд унасан гэж БНСУ үзжээ. Одоогоор БНСУ-ын цэргийн тал БНАСАУ-ын харвасан пуужингийн төрөл болон зорилгыг судалж байгаа бөгөөд БНАСАУ-д тавих хяналтаа улам эрчимжүүлж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

ТӨХ-ны дарга “МИАТ” ХК-ийн дарга нарыг дуудаж уулзжээ

Өнөөдөр Төрийн өмчийн хорооны удирдлага “МИАТ” ХК-ийн Тамгын газрын дарга Б.Баасанцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Даваасүрэн нарыг дуудаж уулзсан байна. Уулзалтаар “МИАТ” ХК-ийн 2014 оны хагас жилийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын тайланг сонсчээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс, Ухаалаг төр лүү” санаачлага болоод Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит хуулийн этгээд, компаниудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар талууд ярилцсан байна.

Энэ үеэр холбогдох албаныхан “МИАТ” ХК-ийн одоогийн бүтцийг цогцоор нь сайжруулах, боловсон хүчний чадавхийг ахиулах, ажиллагсдийн ёс зүй, дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар ТӨХ-ны удирдлагын түвшинд санал санаачлага гаргаж ажиллахаа илэрхийлжээ. Мөн “МИАТ” ХК-ийн хариуцлагатай албан тушаалтан болон гадаад улс оронд төлөөлөгчөөр сууж буй зарим хүмүүстэй хариуцлага тооцох, ёс зүйн асуудлыг эргэж ярихаар энэхүү албаны уулзалт өндөрлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-нд дөрвөн хүүхэд зам тээврийн осолд оржээ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд дөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх насны, гурав нь сургуулийн насны хүүхэд байсан аж.

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр сургуульд нь явуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо ногоон гэрлээр гарах ёстой талаар хэлж ойлгуулах хэрэгтэй. Мөн жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал, сонор сэрэмжтэй оролцохыг холбогдох албанаас анхааруулжээ.

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн 7 орон Оросын эсрэг шуурхай ажиллах хүчин байгуулна

НАТО-д багтдаг долоон орон “Украины хэрэгт Орос хөндлөнгөөс оролцож байгаагийн” хариуд батлан хамгаалах хүчээ зузаатгах төлөвлөгөөний хүрээнд түргэн тусгаж, шуурхай ажиллах хүчин байгуулна.

“Financial Times” сонинд бичсэнийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна. Тус сонинд дурдсанаар, шинэ бүтэц нь наанадаж 10 мянган цэрэгтэй байх ажээ.

Энэ хүчин нь шуурхай ажиллаж, тогтмол сургуулилт хийх зорилгоор явуулын хамтарсан ангиуд байгуулах зорилготой юм. Британийн удирдлагад ажиллах бөгөөд агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн анги салбар, түүнчлэн хуурай замын цэрэгтэй байна гэж сонинд бичжээ.

Төсөлд Дани, Латви, Эстон, Литва, Норвеги, Нидерланд зэрэг улсууд оролцоно. Үүнээс гадна, Канад улс оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон есдүгээр сарын 4-5-нд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох Уэльст ийм хүчин байгуулах тухай зарлах төлөвтэй байна. Энэ уулзалтаар тус эвслийн зүүн хил хязгаарыг бэхжүүлэх урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлэхээр төр, засгийн тэргүүн нар тохиролцох бодолтой байгаа ажээ. Оросын дипломатчдыг энэ арга хэмжээнд уриагүй байна.

Украинд болж буй хэрэг явдалтай холбогдуулан Зүүн Европт шинэ цэргийн баазууд байгуулахаар төлөвлөж байгаа тухай НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен лхагва гаригт мэдэгдсэн юм.

Эвслийн тэргүүн энэ алхамыг Балти орчмын нутгийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинээс хамгаалах оролдлого хэмээн тодорхойлжээ. Үүнээс гадна, НАТО Оросын аюулыг сөрөн зогсоход нь зэвсэгт хүчнээ шинэчлэхэд Украинд туслахаар амласан байна.

Categories
гадаад мэдээ

А.Жоли, Б.Пит нар хуримынхаа зургийн дэлгэжээ

Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар албан ёсоор хуримынхаа зургийг “People” сэтгүүлд анх нийтэлжээ. Хосууд хоёр долоо хоногийн өмнө Францын жижигхэн тосгонд нууцаар хуримласан талаар гадаадын сайтуудад бичиж байсан юм.  Өчигдөр худалдаанд гарсан “People” сэтгүүлийн нүүрийг Анжелина Жоли хуримын даашинзтай зургаараа чимсэн байна. 

6Дашрамд дурдахад, Брэд Пит сүйт бүсгүйдээ 500 мянган ам.долларын үнэтэй 16 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт төмсний үйлдвэр барьж байна

“Буянт баялаг өгөөж” ХХК-ийн тариаланчид, болон хувь хүмүүс нийлэн  Ховд аймгийн Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр барьж эхэлжээ.  Тус үйлдвэр нь 150 кг төмс боловсруулах хүчин чадалтай бөгөөд төмсний гурил, цардуул, чипс, шарсан төмс зэрэг бүтээгдэхүүн бэлтгэх юм байна. Энд нийтдээ 25-35 хүн ажиллуулах боломжтой аж. Одоогоор барилгын ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Тус үйлдвэрийг барихад Монгол Улсын Засгийн газраас 269 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газраас эмгэнэл илэрхийллээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар албан үүргээ гүйцэтгэж яваад, автомашины ослын улмаас харамсалтайгаар амий алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь  Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.

 Монгол Улсын Шадар сайд, ажлын алба

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд,

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн