Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах өндөр дээд хэмжээний хэлэлцүүлэгт илтгэл тавив

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын ээлжит чуулганаас манай сурвалжлагч Э.Энэрэл мэдээлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Салбар хуралдаан, өндөр дээд хэмжээний хэлэлцүүлгээр эхэлж, улмаар төрийн тэргүүнүүд ерөнхий санал шүүмжлэлд НҮБ-ын индэр дээрээс үгээ хэлж, байр сууриа илэрхийлж байна. Энэ удаагийн чуулганы хэлэлцэх гол асуудал Сирийн химийн зэвсэг хэрэглэсэн тухай, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Украины асуудал, Ойрхи Дорнодын хэрэг явдал, эбола вирусийн улмаас үүссэн нөлөөллүүд, Мянганы хөгжлийн зорилгоо дүгнэх зэрэг юм. Түүнчлэн цаашдын зорилгоо тодорхойлох тухай мөн цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх явдал байв.

Уур амьсгалын өөрчлөл­тийн асуудлаар дээд хэмжээний уулзалтад зөвхөн өндөр дээд албан тушаалтнууд үгээ хэлээгүй юм. Энгийн иргэдийн төлөөлөл болгож 544 нэр дэвшигчээс дөрвөн хүнийг сонгож санал бодлыг нь сонсохоор төлөвлөжээ. Маршаллын арлуудын залуу найрагч бүсгүй Кэти Жетнил Кижинер нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлтийг “хүн төрөлхтнийг аврах тэмцэл” гэж онцолсон. Түүний хэлсэн үг тэнд цугларсан хүмүүсийн анхаарлыг татаж, дэлхийн хэвлэлүүдээр улс гүрнүүдийн лидерүүдийг ичээсэн залуу бүсгүй гээд бичээд эхэлсэн. Дэлхийн хэвлэлүүдээр гэж бидэнтэй нэг танхимд сууж байгаа, цаг наргүй гүйцгээж, дээшээ доошоо тонголзсон нөхөд бичсэн хэрэг. Жигтэйхэн уран цэцэн ярьдаг 26 настай энэ бүсгүй арлын орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эхний золиос болж байгааг хэлсэн юм. “Далайн салхи шуурга бидний гэр орныг сүйтгэсээр ирлээ. Бас биднээс бидний арлаас өдөр бүр алга болж байгаа өв уламжлалгүй үр хүүхэд минь цаашид яаж өсч том болно гэж аргаа барж сууна” хэмээн НҮБ-ын хуралд мэдэгдэв. Тэрбээр Хавай, Калифорнид сургууль төгсөөд уугуул аралдаа очсон бөгөөд цаг уурын өөрчлөлтийн талаар хүмүүс тэр дундаа хүүхдүүдэд ойлгуулж мэдлэг өгөхөөр төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа ажээ. Тэр бас өөрийн уран бүтээл шүлгээрээ далайн түвшин нэмэгдэж байгаа тухай, цөмийн хог хаягдлын хөнөөлийн тухай гээд олон сэдэв хөнддөг гэнэ. Энэ мэт сонирхолтой хүмүүс маш олон харагдаж байна. Монгол Улс бол уламжлал түүхээрээ цаг уурын өөрчлөлтөд сөргөөр хувь нэмрээ оруулж ирсэн орны тоонд багтдаггүй. Тэгсэн атлаа цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй бүс нутагт тооцогдож байгаа. Энд яригдаж байгаа дулаарал нь цельсийн хоёр С-аас дээш нэмэгдсэн бол ноцтойд тооцогдож байна. Тэгвэл Монгол Улсад 1940 оноос хойш гэхэд 2.1 градусаар нэмэгдээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд хэмжээний уулзалтад үгээ хэлж мөн энэ уулзалтын хүрээнд “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг даргалсан.

Мөн тэрбээр НҮБ-ын ерөнхий санал шүүмжлэлд өөрийн орны байр сууриа илэрхийлэхдээ “Хүчирхийлэл мөргөлдөөн, хэт даврагч бүлгүүдийн террорист явуулга, урьд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг олон төрлийн хямрал хүн төрөлхтөнд тулгараад байна. Энэхүү ороо бусгаа цаг үед олон улсын хамтын нийгэмлэг олон талт хамтын ажиллагааны цөм – Нэгдсэн Үндэстний Байгууллагыг дэмжин хүрээлж, түүний Дүрэм, олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудыг дээдлэх шаардлагатай байна. Бид бүхэнд амар амгалан, хөгжил дэвшил юунаас ч илүү эрхэм байна. Монгол Улсын санаачилгаар 30 жилийн тэртээд баталсан Улс түмэн энх тайван орших эрхийн тухай Тунхаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд хүч чармайлтаа дайчлах цаг ирлээ” гэж яриагаа эхлүүлсэн. Бас Украины тухайд “Украин дахь нөхцөл байдлыг хүчирхийллийн аргаар бус гагцхүү улс төрийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх учиртай”-г тодотгож байв.

Түүний дараагийн өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригийн үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаазаар авах ялыг хориглох асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцсон юм. Энэ хуралдаанд гурван улсын Ерөнхийлөгч үндсэн илтгэл тавьсны нэг нь Монголын Ерөнхийлөгч байв. Бусад улсын төрийн удирдлага түшээд ч хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцаж байсан бөгөөд цаазаар авах ялыг халахын тулд улс төрийн эр зориг гаргаж, манлайлал гаргах ёстойн дээр тэд санал нэгдэж байв. НҮБ-ын албаны хүмүүсийн зүгээс цаазаар авах ялыг XXI зуунд байж боломгүй хоцрогдсон ял шийтгэл гээд үүнийг зогсоохын тулд нэгдэж ажиллах, бусдадаа шахалт үзүүлж ажиллахыг уриаллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд Гадаад хэргийн сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын хүмүүс оролцож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Овог” гэдэг онигоо болжээ

УДМАА МЭДЭЖ ХҮН, УСАА МЭДЭЖ МАЛ

Хүн судлал, гарвал зүйн ухаан (генетик)-аараа манайдаа байтугай дэл­хийд томоохон эрдэм­тэн, доктор профессор Ж.Батсуурь, түүхийн ухааны доктор, Д.Мөнх-Очир, судлаач Ц.Цагаанхүү нарын олон эрдэмтэн, судлаачид эдүгээ бидний иргэний үнэмлэх дээр байгаа “овог” гэдэг нь шал буруу байна, яаралтай залруулахгүй бол үндэсний хэмжээний аюул тарих нь ээ гэж төрийн томчуудад айлт­гаад тусыг эс олжээ. Үнэ­хээр ч бидний иргэний үнэм­лэх дээр байдаг “овог” гэдэг бичилт өөрөө онигоо болжээ. Албан ёсоор тоолоод үзсэн чинь Монголын бүх хүн амын 76,4 хувь нь “боржигон” овогтон болчихжээ.

Сүүлийн 20 жилд сум, зэргэлдээ сум, аймаг дотроо гэрлэх нь даамжирч үүний тоогоор цус ойртолт ихэсчээ. Удмын сангийн алдагдал цус ойртолтоос болж шинээр төрсөн хүүхдийн 34-42 хувь нь ямар нэгэн гажигтай төрж байна гэж эрдэмтэд мэдээлсэн нь түгшүүр биш гэж үү. Эдүгээ дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн гажигтай гэгддэг, хөдөөд бол хот айл болгонд нэг шороо самарсан “амьтан” зогсч байдаг нь үнэн. Түүгээр ч барахгүй “овог” гэдэг үзүүлэлтийг буруу хэрэглэснээс болж ястан, үндэстнээр нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн эрхэм заалт зөрчигдөж байна гэж эрдэмтэд үзэж байна. Үнэхээр тийм байгаа. Түмний мэдэх нэг жишээ санагдаж байна. Монгол Улс Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн үеэр өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчийг тэр нь захчин, энэ нь боржигон гээд телевиз, хэвлэлүүд хашгирч байв даа. Удам судраасаа ичдэг ч юм уу, аль эсвэл мэддэггүйдээ ч юмуу улстөрчид нь хүртэл Чингэс хааны хүргэн, Богд хааны хүргэн болж тоглоно гээч. Нутаг усандаа бол эцгээ мэдэхгүй гэгддэг нэг нөхөр өөрийгөө Чингэс хааны хэддүгээр хүү гэж өргөмжлөөд өөртөө хаан ширээ хийгээд сууж байгаад хэн ч гайхахаа байж дээ. Удам угсаа нь эрлийз цустай (Эрлийз цус байх нь юу нь буруу юм. Г.Д) Түүнийгээ нуух гэсэн ястан үндэстнүүдийн үр сад гадуурхагдахаасаа айгаад иргэний үнэмлэх дээрээ бүгд боржигон гэж бичүүлж байна. Завхрал сүүлдээ бүр дэндэж казак боржигон, буриад боржигон, хятад боржигон гараад иржээ. Судлаачдын үзэж байгаагаар “боржигон” гэдэг угсаа байдаггүй байна.

Харин Монгол угсаа­танд: барга, баяд, буриад, дар­хад, дарьганга, дөр­вөд, захчин, илжигэн халх, монгол урианхай, мянгад, өөлд, сартуул халх, торгууд, түмэд, үзэмчин, халх, харчин, хорчин, хотгойд, цахар ордог байна. Энэ барим­тыг Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар. Улаанбаатар 2010” номын 32 дугаар хуудаснаас авлаа.

Нэгдсэн Монгол Улсын эзэн хаан Чингэсийн байгуул­сан хамгийн том гавьяа бол орондоо орох завгүй олзлон булаалдаж байсан олон монгол овог аймгуудыг нэгтгэсэнд байдаг гэж бахархдаг. Тэгсэн мөртлөө иргэний үнэмлэх дээрээ боржигон, баргаар нь ялгаж бич­чи­хээд л түүгээрээ тал­цаад инээдтэй ч юм даа. Монгол угсаатныг баллахаар санаархсан хамгийн сүүлийн түүх сөхье. Эртний дайчин түүхтэй нэгдсэн Монгол Улсыг зэр зэвсгийн хүчээр эзэлж авах нь Хятад, Манж, Орос улсын хувьд үлгэр байсан юм. Тэд өөр өөрийн аргаар Монголыг мөхөөх гэж үеэс үед санаархсан. 1923 оноос Улаан-Оросууд улаан цайм ийм арга хэрэглэв. Чингэсийн удмын ноёдын сонгох сонгогдох эрхийг хасч аймаглан устгаж байлаа. Энэ бодлогоо Монгол Улсын өөрийх нь Засгийн газраар хэрэгжүүлүүлсэн байдаг. 1925 оны Засгийн газрын 25 дугаар хуралдааны тогтоол гарчээ. “Хар шар феодалуудын эрх ямбыг хасах ба ургийн бичиг сэлтийн хөтлөлтийг зогсоох тухай” гэсэн шийд­вэр байсан. Энэ түүхэн баримт бичгийг үзсэн, судалсан өвгөн эрдэмтэд одоо бараг дуусч дээ. Угсаа залгамжилсан ноёдыг ургийн бичигтэй нь устгах бодлого ам­жилт­тай хэрэгжсэн эмгэ­нэлт түүх энэ. “Алтан ургийнх­ныг толгой дараа­лан устгаснаар “МАХН-ын нэгдүгээр программ амжилттай хэрэгжсэн” гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш 80-90 жил өнгөрөөд дахин ургийн бичиг хөтлөх боло­ход юун алтан ургийнх­ны удам, төр­лийг мэдэх нь битгий хэл аав, аавынхаа аавыг мэдэх­гүй монголчууд үлдсэн. Аргаа ядахдаа аймгаараа, гол усаараа, сум багаараа нэг юм ялгарна. Ийм үед иргэний үнэмлэх дээрээ удам судрынхаа нэршлийг бич гэхэд бүг­дээ­рээ”боржигон” болчихгүй юу. Дэлхийд төрөл нь удам судраа мэддэг, төр нь бүртгэдэг баримтжуулдаг улс орон болгон хөгжиж дэвжсэн. Харин удам судрыг нь санаатай бусниулсан улс орон болгон түүхийн хуудаснаас арчигдсан байдаг байна. Иргэдийг нь удам угшлыг нь мэдэхгүй болгоод 200 жил болоход л тухайн улс үндэстэн өөрийн эрхгүй мөхдөг гэсэн үг. Бүүр энгийн жишээ татъя. Амьдрал дээр ч гэсэн хүү, охин нь гэрлэх болоход удам судар нь ямар хүмүүс юм бол доо гэхээс боржигон юм уу, биш юм уу гэж хэлдэггүй биз дээ. Дэлхийн жишгийг дагах юм бол ямар ч том орон удмын бүртгэл хийж гэр бүлийн пирамид босгож түүнээ эрхэмлэж явдаг болохоос биш хувь хүн ямар ястан үндэстэн, аль аймаг сумынх байх нь хамаагүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар гурван сая хүрэхгүй хүнтэй манай улсад 10-12 мянган томоохон гэр бүл ахан дүүс байна гэнэ. Сүүлийн үед зохиогдож байгаа ургийн баяр дээр очиход 150-300 хүн цуглаж байна. Тэд ах дүүсээ мэдэж удам судар, үр хүүхэд нь танилцаж байна. Ямар ч том улс оронд удмын пирамид гэр бүлийн пирамид ингэж л босдог ажээ. Удам судар гэдэг бол эрхэмлэх үнэт зүйлтэй, айх ичих хүнтэй, ах захтай, өргөж явах нэр төртэй, ариун бэлгэдэлтэй байдаг. Наад зах нь хаа ч явсан бие биенээ энэ бид нэг удмынхан байна гэж амархан олдог юм билээ. 1980-аад оны сүүлчээр Новосибирь хотод миний танил Иван байрлаж байгаа зочид буудлын дэвтэр харснаа “Хөөе энэ буудалд манай хамаатан хоёр нөхөр бай­на” гэж билээ. Тун удалгүй “гурван Иван” бие биенээ олж танилцаж баяр­лан “бут авав”. Үнэ­хээр тэд хамаатан байлаа. Харин манайхан бол жаахан халсан үедээ л за чи аль аймаг вэ гэнэ. Нэг аймгийнх болно. Нэг сумынх болно. Тэрнийг мэдэх үү, энэнийг таних уу гэнэ. Эцэст нь хамаатан болдог хамаатнаа олдог жишээ мөн ч олон бий дээ. Саяхан өдөр тутмын томоохон сонинуудад төрийн гурван өндөрлөгт ханд­сан “Монголчуудын маань удам эрүүл ухаан саруул байх болтугай” гэсэн гарчигтай нэгэн ил захидал нийтлэгджээ. Яг одоо миний энэ бичих санаатай байгаа сэдвийн талаар хөнджээ. “Улаанбаатар” дээд сур­гуулийн захирал академич Ж.Болдбаатар, тус сургуулийн гэр бүлийн судалгааны төвийн дарга доктор профес­сор Т.Намжил, Тэн­химийн эрхлэгч доктор Б.Оюун-Эрдэнэ, доктор профессор И.Пүрэвдорж, доктор И.Мягмарцоож гээд олон судлаачид гарын үсэг зурсан байлаа. Уг судалгааг УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр захиалан хийлгэсэн байна. Уг захидалд … “Сүүлийн жилүүдэд цус ойртсоноос үүдсэн төрөлхийн гажиг нэмэгдсэний зэрэгцээ оюун ухааны хэвийн биш хөгжилтэй хүүхдүүд ч олширч байгаа нь судал­гааны дүнгээс харагдаж байна” гэсэн нь үндэсний хэмжээний аюул биш гэж үү. Эрдэмтэд нэг л зүйл олж харжээ. Үүнээс гарах гарц нь удмын бүртгэл, гэр бүл, ураг төрлийг тогтоож дахин бүртгэн удам суд­раа баталгаажуулах гэжээ. Монголчууд жалга дов, овог, аймаг, орсон элссэн намаараа талцаж ханалаа. Явсаар байгаад удам судраа ч мэдэхээ байсан, мэдье гээд иргэний үнэмлэх дээр тэмдэглэсэн “овог гэдэг онигоо” бүртгэлийн байж байгааг хараач ээ. Нэг эцгийн таван хүү тус тусдаа өөр овог авчих­сан баримт захаас аван байна гээч. Нас тавь гарсан миний хувьд гэхэд овог авахдаа олныг дуурайгаад ч юмуу, боржигон нутагт төрсөндөө ч тэр юмуу “хиад боржигон” гээд авчих­сан юм. Овог бол удам судар биш юм байна. Би өвөг эцгүүдээ мэднэ. Түүнээс дээд үеэ огт мэдэхгүй. Харин хүүхдүүд маань өвөө нараа мэдэхгүй. Одоо удам судраа мэдэж бичих шаардлагатай бол­жээ. Цагаан сараар бүгдээрээ цуглаад удам судраа бүртгэе байз. Ерөн­хийлөгч маань эрдэмт­дийн гаргасан сана­лыг анхааралтай авч үзэх хэрэгтэй юм. Иргэний танхим дээрээ дээрх эрдэмтдийг цуглуулаад хэлэл­цүүлэг явуулаад “үндэс­ний зөв­лөл байгуулаад” айл гэр бүгдийн удам судрын бүрт­гэлийг баталгаажуулаад өгвөл, удмаа мэдэхгүй төөрсөн Мон­гол түмэндээ хосгүй ач болж иргэний үнэмлэх дээр байгаа “овог” гэдэг онигооноос салахсан. Удмаа мэдэж хүн, усаа мэдэж мал болдог гэдэг дээ.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний эвэр, гоёо гаргахыг завджээ

Манай улсын иргэд Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын Зүүн хатавчийн боомтоор хууль бусаар их хэмжээний амьтны эвэр, гоёо гаргаж байгаад Хятадын хилчдэд баригджээ. Цагаан зээрийн эвэр 1.43 тонн, цагаан гоёо 5.05 тонн гэх мэтчилэн зүйлс байжээ. Энэ мэдээ Хятадын телевизүүдээр цацагдсан аж. Бичигт- Зүүн Хатавч боомт Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 1046 дугаар тэмдгийн орчимд байдаг гэнэ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу боомтын хоёр талд оршдог байна.

Categories
гадаад мэдээ

Япон эбола вирус, терроризмтай тэмцэнэ

Япон Ирак дахь терроризмтай хийж байгаа тэмцэлд, Украины хямралыг зохицуулахад, Эбола хижгийн тархалттай тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар болсон тухай Channel NewsAsia мэдээллээ. Японы ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын 26-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ингэж мэдэгдсэн юм. Абэгийн хэлснээр Япон улс Ойрхи Дорнодын хүмүүнлэгийн тусламжинд 50 сая ам.доллар, Украины хямралыг шийдэхэд 1.5 тэрбум ам.доллар, Эболатай тэмцэхэд 40 сая ам.долларыг тус тус гаргах юм байна.

Categories
гадаад мэдээ

Украйн “Газпром”-д хоёр тэрбум долларын өр төлнө

Украин “Газпром”-д хоёр тэрбум ам.долларыг аравдугаар сараас оройтуулалгүй төлнө гэдгийг Эрчим хүчний еврокомиссар Гюнтер Эттингер мэдээллээ. Тэрээр “Энэ жилийн төгсгөл гэхэд Киев гурван тэрбум ам.доллараас багагүй мөнгийг өрөндөө төлнө. Хэрэв Украин ойрын хугацаанд нийт өрийнхөө хоёр тэрбум ам.долларыг нь барагдуулсан тохиолдолд нэг мянган шоо метр хий тутмыг 385 ам.доллараар нийт таван тэрбум шоо метр хий нийлүүлэхийг зөвшөөрсөн” гэж хэлэв. Саадгүй транзит хийхэд Украинд 10-112 тэрбум шоо метр хий хэрэгтэйг еврокомиссар санууллаа. Украин, Орос хоёрын Засгийн газрууд Берлинд хийсэн энэ тохиролцооны талаар хариугаа өгөх ёстой хэмээжээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун чихрийн шижин тусчээ

Өмнөд Солонгосын мэргэжилтэн шинжээчид БНАСАУ-ын лидер Ким Чен Ун тулай өвчтэй болсон байж магадгүй гэж үзсэн байна. Хойд Солонгосын удирдагч тулай өвчнөөс гадна өөхлөлт, сахрын шижин өвчинд ч нэрвэгдсэн гэнэ. Өмнөд Солонгосын YTN телевиз байдлыг сайн мэдэх нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээнд тулгуурлан Кимийн өвчний талаар дамжуулсан байна. Тус телевиз “Явахдаа доголох болсон нь Ким Чен Ун тулай өвчтэй болсныг харуулж байна. Тулайгаас гадна Кем Чен Уныг гиперурикеми (цусан дахь шээсний хүчил ихэссэн), гиперлипидеми (цусан дах липид ба липопротеины өндөр төвшин), өөхлөлт, сахарын шижинтэй төдийгүй өндөр даралттай” хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ спорт

Б.Номин, Э.Нарангэрэл нар яллаа

Азийн спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо үргэлжилж байна. Өнөөдөр наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Dowon Gymnasium” спортын ордонд эхэллээ Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай сугалаа таарч, манай бөх цэвэр яллаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт Вьетнамын бөхтэй оноолт таарч, 3:1-ийн харьцаагаар яллаа.

Categories
мэдээ спорт

Дугуйчин Т.Энхжаргал зургадугаар байранд орлоо

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дугуйн 28 км-ын эмэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаан болж, Азийн аваргын алт, хүрэл медальт Т.Энхжаргал 40:06.68 минутын амжилтаар зургадугаар байранд шалгарсан юм. Энэ зайд БНСУ-ын тамирчин Азийн наадмын аварга болсон бол БНХАУ, Хонгконгын тамирчид мөнгө, хүрэл медальхүртсэн юм. Манай эмэгтэйчүүдийг дахин бөөн гараатай уралдаан хүлээж байна. Азийн наадамд манайхаас Т.Төгөлдөр, А.Алтансүх, Б.Мягмарсүрэн, Б.Наранхүү, Ц.Солонго, Т.Энхжаргал, Б.Орхонтуяа нарын дугуйчид оролцож байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нээлтэнд Ерөнхий сайд ийм үг хэлнэ

УИХ-ын намрын чуулганы нээлт ирэх сарын 3-нд болно. Чуулганы нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараах мэдээллийг хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүдтэй уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр Бүгд Найрамдах Чех улсын Олон Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Олон Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүд өөрийн улсын ногоон хөгжлийн бодлого, өнгөрсөн үеийн сайн болон муу туршлага, өнөөгийн хүрсэн амжилтын талаар товч танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, төрөөс баримталж буй ногоон хөгжлийн бодлого болон хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулаад Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах талаар төр, засгийн зүгээс онцгой хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэв.