ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөлөглөсөн тусгай үүргийн онгоц дөнгөж сая Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад зургаан цагийн хугацаатай ажлын айлчлал хийхээр ийн ирлээ. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр хоёр тал нийт 13 баримт бичигт гарын үсэг зурах юм . Тодруулбал -Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээр -Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протокол -ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компани болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол иргэдийг сургах талаарх гэрээ -“Оросын төмөр зам” болон Зам, тээврийн яам Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээ -“Аэрофлот” болон МИАТ компанийнхан харилцан ойлголцлын санамж бичиг -“Орос улс өнөөдөр” агентлагтай Монголын Үндэсний Олон Нийтийн радио хамтран ажиллах зэрэг санамж бичгүүдэд гарын үсэг зурна.
Month: September 2014
Баруун Африкийн Либери улсын эмнэлэгт ажиллаж байсан америк эмч эбола вирусын халдвар авчээ. Улмаар Америкийн гурав дахь иргэн эбола вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна.
Тодруулбал, Либерийн нийслэл Монрови хотын ELWA эмнэлэгийн эх барих тасагт ажиллаж байсан америк эмч уг вирусын халдвар авсан нь тогтоогджээ Одоогийн байдлаар түүний овог, нэрийг нь нууцалж байна. Өмнө нь мөн энэ эмнэлэгт ажиллаж байгаад вирусын халдвар авсан Кент Брэнтли, Нанси Райтбол нар америк руугаа буцсан юм.
Тэндээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь дээрдэж, улмаар эмнэлэгээс гарсан тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн. Харин энэ удаа шинээр халдвар авсан эмч эбола цусархаг халууралт өвчинтэй хүмүүстэй харьцдаггүй бөгөөд чухам ямар замаар халдвар авсан нь тодорхой бус байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр Баруун Африкт өнгөрсөн зургаан сарын хугацаанд нийт 3062 хүн эбола цусархаг халууралт өвчнөөр өвчилсөний 1552 нь амиа алджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллаж байна. Мөн дээрх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах болон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хааж эхлээд байгаа төдийгүй зам дагуух барилгуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц буух хугацаа бага зэрэг хойшилжээ. Төлөвлөснөөр бол түүний ирэх тусгай үүргийн нислэг Улаанбаатарын цагаар 12.40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах байсан юм.
Албаны хүний хэлснээр онгоц 14.10 цагт Монголд газардахаар болжээ.
Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж ахмад дайчдыг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ахмад дайчдын төлөөлөлд уг шагналыг гардуулан өгөв.
Халх голын байлдааны ахмад дайчдаас Монгол Улсын баатар төрсөн юм. 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дууриал үзүүлсэн түүхэн гавъяаг нь өндрөөр үнэлж ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд Монгол Улсын баатар цол хүртээж, баатар цолны Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Баяндалайн Сааралдайг,
Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Шагдарын Багаажав, Сүрэнгийн Лхамжав нарыг,
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Гончигийн Батмөнх, Сүхийн Борхүү, ахмад дайчин эмэгтэй Цэрэнгийн Чимэдцэрэн нарыг тус тус шагнав.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн гуай,
Эрхэм ахмад дайчид, ард иргэд ээ,
Та бид энэ жил Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг улс даяараа хүндтэтгэн тэмдэглэж байна.
Монголын ард түмэн түүхэн гавъяа байгуулсан баатарлаг охид хөвгүүдээ эргэн дурсаж байдаг. Мөн Монголчууд бидэнд дайн байлдааны хүнд цагт үнэлж баршгүй тус хүргэсэн, Зөвлөлтийн дайчид, орос анд нөхдийнхөө гавъяаг бид хэзээ ч мартах ёсгүй. Учир нь тэд Монгол Улсын бие даасан байдал, хөгжил дэвшлийн төлөө залуу халуун нас, амь биеэ үл хайрлан тэмцсэн юм.
Өнөөдрийн энэ түүхт өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд айлчлахаар хүрэлцэн ирж байгаа нь бүр ч бэлгэдэлтэй юм. Монгол, Оросын олон ахмад дайчид өнөөдөр гавъяа зүтгэлээ үнэлүүлж байна. Халхын голын байлдааны түүхэн ялалтын ойн өдөр Монгол, Оросын ахмад дайчдын төлөөлөл болсон 38 буурал маань Монгол төрийн хүндэтгэл хүлээж шагнагдлаа.
Шагналаа биеэр ирж авах боломжгүй ахмадуудын шагналыг тусгай төлөөлөл гэрт нь очиж гардуулж өгнө. 1939 онд 18 настай явсан залуу дайчин өнөөдөр 93 насны босго давсан байгаа. Өнөөдөр энд шагналаа гардан авсан хүмүүсийн дундаас би Монгол Улсын баатар цол хүртсэн Пунцагийн Шагдарсүрэн гуайн тухай онцгойлон дурдахыг хүсэж байна. Тэрээр дайны амь өрссөн өдрүүдэд 21-хэн настайдаа 1939 оны гуравдугаар сард Тамсагийн зургадугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, улмаар хороон даргаар томилогдон эх орноо хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан хүчин зүтгэжээ. Тэр Халхын голын байлдаан эхлэхээс дуусах хүртэл эх оронч дайчин нөхдөө удирдан тулалдаж явсан манай домогт залуу дарга нарын нэг юм.
Тэрээр Халхын голын байлдаан төдийгүй, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон манай бахархалт ахмад үеийнхний төлөөлөл-баатар хүн юм. Шагдарсүрэн гуайд олгож байгаа энэ эрхэм хүндтэй цол бол нийт ахмад дайчиддаа Монголын төр, ард түмнээс үзүүлж буй өндөр дээд хүндэтгэл юм. Энэ бол Монголын ард түмэн хойч үе, ахмад үеийнхнийхээ баатарлаг түүх, тэдний гавъяа зүтгэлийг хэзээ ч мартахгүй байнга дурсаж байхын илэрхийлэл юм.
Өнөөдөр мөн төрийнхөө есөн хөлт Цагаан тугийн өмнө шагналаа авсан ахмадуудаа нэр дурдаж хэлэхийг хүсэж байна. Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивизийн хөгжимчин, тагнуулчаар үүрэг гүйцэтгэсэн Гончигийн Батмөнх гуай, Халхын голын дайн төдийгүй Чөлөөлөх дайнд оролцсон Сүхийн Борхүү гуай, тавдугаар дивизийн 13 дугаар морьт хороонд нууцын даргаар үүрэг гүйцэтгэсэн Баяндалайн Сааралдай гуай, 15-хан насандаа өөрийн хүсэл, сайн дураараа Халхын голын байлдаанд сувилагч цэргээр очиж, галын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Цэрэнгийн Чимэдцэрэн гуай, наймдугаар дивизэд их бууны наводчикийн үүрэг гүйцэтгэсэн Шагдарын Багаажав гуай, 14 дүгээр морьт хорооны бага даргаар тулалдаж байсан Сүрэнгийн Лхамжав гуай нартаа чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Мөн Халхын голын байлдаанд оролцож гавъяа байгуулсан мянга мянган зөвлөлтийн ахмад дайчдын төлөөлөл энэ өдөр Монгол Улсын эрхэм дээд цолоор шагнагдсан. Тэдний төлөөлөл болж шагнал хүртэж байгаа ОХУ-ын иргэд болох Халхын голын байлдааны ахмад дайчин Григорьев Петр Осипович, Елизавета Ивановна Чувашова, Ковалев Ефрем Андреевич, Мартыненко Андрей Иванович, Олейников Михаил Федотович, Хулугуров Василий Прокопьевич, Кравец Николай Дорофеевич, Панкратьев Георгий Тимофеевич нарт чин сэтгэлийн талархал дэвшүүлж баяр хүргэе.
Монгол төрийн дээд хүндэтгэл, гавъяа шагналыг өмнө нь болон өнөөдөр хүртсэн нийт ахмад дайчиддаа дайчин нөхөрлөлийн баярын мэнд хүргэж, улам урт удаан насалж бидэндээ үлгэр дууриал болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхний баатарлаг гавъяаг түүх мартахгүй, Монголын ард түмэн мартахгүй” гэлээ.
Социализмын үед манай улсад тухайн үеийн ЗХУ-ын олон арван мянган иргэн ажиллаж амьдардаг байсан нь түүхтэй. Харин 1980- аад оны сүүлээс эхлэн ЗХУ задарч Монгол Улс ч чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжсэнээр Монголд ажиллаж, амьдарч байсан мэргэжилтнүүд, цэргийн албан хаагчид нутаг буцаж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын 2750 гаруй иргэн манай улсад түр болон урт хугацаагаар ажиллаж амьдарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 1500 орчим нь эрт цагаас ажиллаж амьдарсан олны хэлдгээр “местний” иргэд. Харин 600 орчим нь аялал жуулчлалын чиглэлээр, мөн тооны иргэд ажиллах гэрээгээр орж ирсэн бол 130 орчим хөрөнгө оруулагчид байдаг гэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ- ын иргэдийн ажлын байдлыг авч үзвэл Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт 1500 орчим нь ажилладаг аж. Харин хотод оршин суудаг иргэд ихэвчлэн оросын хөрөнгө оруулалттай компани, төмөр зам, барилга, эрдэм шинжилгээ, худалдааны салбарт ажил эрхэлдэг юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийх гэж байна. Тэрбээр хэдхэн хормын дараа Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардах гэж байна.
Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч В.Путины зөвлөх Юрий Ушаков айлчлалын үеэр том хэмжээний 13 хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэж мэдэгджээ. Эдгээрийн дотор хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр багтсан нь тодорхой боллоо. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын шинэчлэл, стратегийн хөгжлийн түншлэлээр Оросын төмөр замын “РЖД” хувьцаат нийгэмлэг болон Монгол улсын Зам тээврийн яамны хооронд мөн хэлэлцээр хийгдэхээр болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Юрий Ушаков “Монголын тал визгүй зорчих асуудлыг 1994 оноос хойш тавьж байгаа хэдий ч манай тал түдгэлзүүлсээр ирсэн билээ. Гэвч энэ удаад манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсноор харилцан ашигтэй бизнес цэцэглэн хөгжиж, соёл урлаг, аялал жуулчлалын харилцаанд чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй” гэжээ.
Үүнээс гадна Хэрлэн, Онон, Улз зэрэг Монголын томоохон голууд цутгадаг Амур мөрний зэрлэг ан амьтны нөөц, Монгол улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай протокол, Хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагаа, худалдаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг, “Аэрофлот” болон “МИАТ”, Монголын иргэний агаарын тээврийн компаниудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг, Газрын тосны “Роснефть” компанийн түнш байгууллагуудад зориулсан сургалттай холбоотой Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон “Роснефть” хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
Харин Оросын талаас эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа ноён Ушаков илэрхийлжээ. Монгол улсын хувьд гадаад худалдааны хоёр дахь томоохон түнш хэдий ч урд хөрштэй харьцуулахад харьцангуй удаашралтай явагдаж байгаа хэмээн үзжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд худалдааны бараа эргэлт хумигдсан үзүүлэлттэй гарсан байна. 2013 оны хоёр орны гадаад худалдааны нийт эргэлт 1.3 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэтэл энэ жилийн эхний хагасын байдлаар газрын тосны бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний худалдаа 13 хувиар буурсан байна.
Иймээс хоёр улсын төрийн тэргүүн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудалд илүү нухацтай хандана гэж олон улсын ажиглагчид бичжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Тээврийн сайд Максим Соколов, Эрчим хүчний сайд Александр Новак, Хууль зүйн яамны сайд Александр Коновалов, Алс дорнод дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, дэд сайд Юрий Трутнев, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской, Барилга хот байгуулалт, нийтийн үйлчилгээний сайд Михаил Мень тэргүүтэй нарын хүмүүс багтаж байгаа ажээ.
Монголын мянга мянган охид, бүсгүйчээс
оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэхь жилдээ зохион
байгуулагдаж буй “Miss Mongolia 2014” тэмцээний бүртгэл эхэлжээ. 2004
оноос хойш тасралтгүй уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн уг
тэмцээнд өөртөө итгэлтэй, гэрлээгүй, хүүхэд гаргаж байгаагүй, 18-25
насны, 165 см-ээс дээш өндөртэй, биеийн тэгш хөгжилтэй охид
бүсгүйчүүдийг урьж байгаа юм.Тэмцээний бүртгэл энэ сарын 12-нийг хүртэл
Монголын үйлдвэрчний эвлэлийн байрны 400 тоотод явагдах бөгөөд онлайнаар
www.MISSMONGOLIA.mn
сайтаар бүртгүүлж болох аж. “Miss Mongolia 2014” уралдаант тэмцээнд
оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг 6 төрлөөр өрсөлдөх
ажээ. Үүнд:
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус шалгаруулна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад ажлын айлчлал хийнэ. Монголд гурав дахь удаагаа айлчилж буй түүний айлчлалын бүрэлдэхүүнд Оросын томоохон бизнесменүүд багтсан гэсэн мэдээлэл байна. Тэрээр 13.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлаад буцсан билээ. Тэрээр УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлсэн. Харин В.Путиныг ирэхэд УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл гараад байсан ч энэ удаад хуралдахгүй юм байна.
Ам.долларын ханш өсөлттэй байна
Тогтмол өсөлттэй байсан ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос эхлэн буурч эхэлсэн. Хоёр хоногийн өмнө /IX.09.01/ Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1811 төгрөгтэй тэнцэж байсан бол “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларыг 1782 төгрөгөөр авч, 1786 төгрөгөөр зарж байсан юм. Харин өчигдөр /IX.02/ үдээс хойш ам.доллар төгрөгийн эсрэг чангарч 1827 төгрөг болжээ.
Яг одоогийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларыг 1830 төгрөгөөр худалдан авч 1835 төгрөгөөр зарж байна. Ам.долларын ханшийг дагаад өсөж байсан юанийн ханш буурч зарах нь 296 төгрөгтэй тэнцэж буй бол авах нь 296.50 төгрөг байна.