Categories
гадаад мэдээ

Путин Алтайн хязгаарт ажиллаж байна

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Алтайн хязгаарт ажиллаж байна.
Өнөөдөр тэрээр Оросын хязгаар нутгуудад 2013 онд болсон үерийн ул мөрийг
арилгах ажилд зориулсан зөвөлгөөн хийж байна.

 

Алтай улсын болон Алтайн хязгаарын захирагчдийн үүргийг түр гүйцэтгэгч
Александр Бердников, Александр Карлин нарын ажлын тайланг тэр сонслоо.
Мөн тэрээр Кош-Агачийн нарны цахилгаан станцын нээлтийн видео хурал
хийлгэж байна.

 

Сибирь, Алс Дорнодын үерийн үр дагаварыг арилгах ажил

 

Алс Дорнодын үерийн ул мөрийг арилгах ажиллагааг Путин байнгын хяналтдаа авсан

Сибирийн шар усны үер

 

Путин 2013 оны үерт автсан бүх бүсээр орон нөхцөл байдалтай нь
танилцсан юм. Түр хорогдох байрнуудад амьдарч байсан хүмүүсийн хамт
Путин шинэ оноо Алс Дорнодод угтсан ба тэрээр гамшигт нэрвэгдсэн
районууд өвлийг хэрхэн даваж буйтай нь танилцжээ.

В.Путин гамшигт нэрвэгдэгсэдэд туслах талаар есдүгээр сарын 1-нд Якутск
хотод ярилцсан байна. Тэрээр гамшигт нэрвэгдэгсэдийн ихэнх нь шинэ
сууцтай болсныг хэлээд энэ сарын сүүлч гэхэд бүх асуудал шийдэгдсэн байх
ёстойг сануулжээ. Алтай улсад Путин баасан гариг хүртэл ажлаад бямба
гаригт Кызыл хотод очин Тыва улсын Оросын бүрэлдэхүүнд орсоны 100 жилийн
ойн арга хэмжээнд оролцоно.

 

ЛАВЛАХ: Алс Дорнодын үер

 

Алс Дорнодод маш их өргөн уудам нутгийг хамарсан үер 2013 оны зун намар
болсон билээ. Найман сая кв.км нутгийг хамаарсан гэдгээр тэр үер Оросын
дээд амжилтын номонд бичигдсэн юм. Үерт Амур, Еврейн автономын муж ба
Хабаровскийн хязгаар нэрвэгдсэн. 180 мянган хүнийг үерийн хохирогч гэж
үзсэн ба нийт хохирлын хэмжээ нь 500 тэрбум рубль болжээ. Үерт 12 мянган
сууц, 20 мянган эдлэнгийн газрууд ба 400 гаруй нийгмийн зориулалтын
байгууламжууд живсэн. Гамшгийн бүсээс 32 мянган хүнийг нүүлгэж байжээ.

Categories
гадаад мэдээ

Обама Ирак руу 350 цэргээ илгээв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Эстон
улсад төрийн айлчлал хийхээсээ өмнө зарлиг гаргаж Иракийн хойд хэсэг рүү
350 цэргээ илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Тэрбээр
“Washington post” сонины сэтгүүлч Стевен Сотлофф амиа алдсаны дараа
дээрх шийдвэрийг гаргасан хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жае
Карнеу ярьжээ. Обама дээрх үйл явдлын дараа “Халифын вант улс”
бүлэглэлийн эсрэг явуулж буй гэнэтийн ажиллагааныхаа цар хүрээг
өргөжүүлэхээр болсон байна. Мөн  ойрын болон дунд тусгалын хэд хэдэн
пуужинг Иракт байрлаж буй АНУ-ын цэргийн баазад хүлээлгэн өгөх шийдвэрт
гарын үсэг зуржээ.

Обама ямар ч аргаар хамаагүй тус алан
хядах бүлэглэлтэй тэмцэж, тэргүүн Бакар аль-Багдадыг дарангуйлагч Саддам
Хусейн шиг хороохоо мэдэгджээ. 2003 оны сүүлээр АНУ болон Их Британийн
армийн цэргүүд Иракт гэнэтийн ажиллагаа явуулж 2005 оны долоодугаар сард
Саддам Хусейныг баривчилсан юм. Түүнийг 2006 оны арваннэгдүгээр сарын
5-ны өдөр “Хүн төрөлхтөний эсрэг алан хядах ажиллагаа явуулж, олон
мянган хүний амь насанд хүрсэн” гэж дүүжлэн хороосон билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Их эрдэмтэн Онходын Жамъяны тухай ном хэвлэгдэн гарлаа

Их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Онходын
Жамъяны мэндэлсний 150 жилийн ойд зориулан “Онходын Жамъян: Монгол хэл
бичгийн ухаан”, ”Их эрдэмтэн Онходын Жамъян” бүтээлүүд хэвлэгдэн гарч
өнөөөдөр ШУА дээр шинэ бүтээлийн нээлт боллоо. Тус номын зохиогчоор
Шинжлэх ухааны Академийн монгол хэл, бичгийн эрдэмтэн, доктор Э.Пүрэвжав
ажилласан бол редактораар ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин,
академич Д.Төмөртогоо нар тус тус ажилласан байна.

Номын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч,
академич Б.Энхтүвшин, академич Т.Төмөртогоо, ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, академич Ш.Бира зэрэг монголын
хэл бичгийн нэрт эрдэмтэн, судлаачид оролцлоо.

“Онходын Жамъян: Монгол хэл бичгийн
ухаан” номын хувьд их эрдэмтний амьд ахуй цагтаа хэвлүүлсэн 10 бүтээлийг
анх удаа нэгтгэн нэгэн боть болгосон аж. Өнөөдрийг хүртэл Онходын
Жамъяны бүтээлүүдийг зангидсан бүтээл гарч байгаагүй бөгөөд тус бүтээл
нь монгол хэл, бичгийг зааж сургахад бас нэгэн судалгааны шинэ
хэрэглэгдэхүүн болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Харин ”Их
эрдэмтэн Онходын Жамъян” бүтээлийн тухайд орчин үеийн монголын шинжлэх
ухааны ууган байгууллагыг анх үүсгэн байгуулж, хөгжүүлэн дэлгэрүүлэх,
үндэсний утга соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, түүхийн дурсгалт
зүйлийг судлан, хойч залуу үеийг сурган хүмүүжүүлэх үнэтэй хувь нэмэр
оруулсан ажээ.

Түүнчлэн монгол хэл бичиг судлалын
бүтээл бичиж туурвих ариун үйлсэд бие лагшин сэтгэл зүрх, билиг авъяасаа
бүрэн зориулсан агуу их соён гэгээрүүлэгч, их бичгийн хүмүүн, агуу
эрдэмтэн Онход овогт Сангажавын Жамъян гүнтний амьдрал, үйл ажиллагааны
үүх түүхийн тухай өгүүлсэн судалгааны ганц сэдэвт бүтээл аж. Тус
бүтээлүүдийг ШУА-ийн грант төслөөс санхүүжүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Г.Болдбаатарыг гурван өрөө байр, 25 сая төгрөгөөр шагналаа

ОХУ-ын
Челябинск хотноо өнгөрөгч сарын 25-29-нд болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнээс “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд”  спорт клуб,
Үндэсний шигшээ багийн тамирчин ОХУМ
Г.Болдбаатар 60 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болсон билээ. Тэгвэл
Ганбатын Болдбаатарыг
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн хүлээн авч уулзахдаа
гурван өрөө байрны түлхүүр гардуулан өгч, Эрдэнэт үйлдвэрийн дотоод журмын
дагуу 25 сая төгрөгөөр түүнийг шагнасан юм.

Г.Болдбаатар дэлхийн
аваргад “D” хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд
эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг ялан,
гуравдугаар тойрогт Тайванийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах
эрхтэй болсон юм. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх
Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр
мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж ялалт
байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановыг нутгийн
дэвжээн дээр нь ялж, дэлхийн аварга болсон билээ.  Г.Болдбаатар жүдо бөхөөр 14 жил хичээллэж буй бөгөөд
2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр, гран при,
грандслам тэмцээний аваргын алтан медаль хүртэж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайд хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга
З.Энхболдод өнөөдөр /2014.09.04/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ   Эрүүл мэндийн албан
журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол
Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах
тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай болон Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өргөн барилаа.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”
хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа
асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг
хамгаалан тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг
даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын
харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх
мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд
дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Тиймээс “Иргэний эрүүл мэндийн
даатгалын тухай” хуулийг шинэчлэн найруулж “Эрүүл мэндийн албан журмын
даатгалын тухай хууль”-ийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад
хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн боловсруулсан
байна. Түүнчлэн 2004 онд батлагдсан Хүн амын хөгжлийн бодлого 2000 оны
хүн амын тооллогын баримтад суурилсан бол 2010 оны Хүн ам, орон сууцны
тооллогоор тоо мэдээлэл, нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг тусгахаас
гадна 2010 оны тооллогын дүнг үндэслэсэн хүн амын хэтийн тооцоог
үндэслэн хүн ам зүйн бодлогын асуудлыг тодорхойлох шаардлагатай байна.
Иймээс Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц
бодлогыг батлах зайлшгүй шаардлагатай байгааг Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын  сайд С.Эрдэнэ УИХ-ын даргад танилцуулав.

Мөн 2013 оны эцсийн байдлаар
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 5,8
орчим мянган тэтгэвэр авагч тахир дутуугийн тэтгэвэр авч байна. Эдгээр
тэтгэвэр авагчдын зарим нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын
шимтгэлийг үргэлжлүүлэн төлдөг ч төлсөн шимтгэлтэй нь уялдуулан
тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох зохицуулалт одоогийн мөрдөж буй
хуульд байхгүйгээс тэтгэвэр авагчдын зүгээс санал гомдол ихээр гаргаж
байгаа зэргээс үүдэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна
хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

А.Гансүх хуулийн төслүүд өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Зам, тээврийн сайд А.Гансүх хоёр
хуулийн төсөл өргөн барилаа. Тодруулбал, Гаалийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль
болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг тус тус өргөн барьсан байна. Бүтээн байгуулалтын
салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга
хэмжээг хэрэгжүүлэх хугацаа нь авто замын барилгын төслүүдэд 2-3 жил
байгаа бөгөөд гэрээнд заасан баталгаат засварын хугацааг нэг жил байгааг
тооцож үзэхэд замын барилгын ажлын гүйцэтгэгч нь доод тал нь гурван
жилийн хугацаанд машин механизм, тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг
дэвсгэрт түр хугацаагаар байршуулах шаардлагатай болдог. Гаалийн тухай
хуулийн 97 дугаар зүйлд энэхүү хугацааг нэг жилээр тогтоосон байгаа нь 1
жилээс дээш хугацаагаар хэрэгжих төслийн хувьд жил бүр хилээр оруулж
гаргах, эсхүл татвар, хураамж төлж бүр мөсөн оруулах горимд шилжүүлэх
хүндрэлийг үүсгэж байгаа юм. Иймд энэхүү хугацааг гадаадын зээл,
тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай үндсэн
техник, тоног төхөөрөмжийн хувьд хоёр жил хүртэл байхаар дээрх хуулийн
төсөлд тусгасан байна.

Түүнчлэн одоо дагаж мөрдөж буй Гаалийн тариф, гаалийн татварын
тухай хуулийн 38.1.9 дэх заалт болон Нэмэгдсэн өртгийн албан татварын
тухай хуулийн 13.1.7 дахь заалтаар иргэний агаарын зорчигч тээврийн
хөлөг онгоц, түүний сэлбэг нь гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөж
байгаа. Энэ нь зорчигч тээврийнхээс бусад ачаа тээвэр, уул уурхай,
аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хортон шавьжтай тэмцэх, эмнэлэгийн
түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх, нисгэгч боловсон хүчин бэлтгэх
зэрэг сургалтын зориулалтын агаарын хөлөгт хамаарахгүй байгаа тул
хуулийн төслөөр нийгэм, эдийн засаг, аж ахуйн бусад салбарын хөгжлийг
хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх зориулалтын иргэний агаарын
хөлөгт хамаарахаар өөрчлөлтийг тусгасан байна. 
Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин сайд “Лицензийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Шинэчлэлийн Засгийн газар цагдаагийн байгууллагын эрх зүйн
шинэчлэлийн хүрээнд цагдаагийн байгууллагаас олгогддог зарим
зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор 2014-09-01 нд
“Лицензийн төв” шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлэж, нээлтээ хийсэн. 

Цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ
мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг
төгөлдөржүүлэхэд чиглэгдэн ажиллаж байгаа тус төвийн анхны
үйлчлүүлэгчид сэтгэгдэл өндөр байна.

Нөгөө талаар цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд түргэн
шуурхай хүргэх, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлэх, ил тод
байдлыг хангах талаар шинэлэг ажил болсон юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Лицензийн төв”-ийн үйл ажиллагаатай
танилцах үйл ажиллагаанд ЦЕГ-ын удирдлагууд оролцон санал бодлоо
солилцон шинэ төвөө танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

ОХУ руу төмөр замын шинэ гарц нээнэ

Халхын голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга
хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол
Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр хоёр талын харилцааны олон чухал асуудлаар хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын баримт бичгүүдийг байгуулав.
Зам, тээврийн салбарын хувьд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн
Монголын талын хувь нийлүүлэгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Монгол Улсын
Зам, тээврийн сайд А.Гансүх, нийгэмлэг дэх ОХУ-ын эзэмшлийн хувьцааг
итгэмжлэн захирагч В.И.Якунин нар Улаанбаатар төмөр замын шинэчлэл,
хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт, Монгол Улсын
Зам, тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов нар
Иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны тухай протоколд,
ОХУ-ын “Аэрофлот” компанийн Ерөнхий захирал В.Савельев, МИАТ ХК-ийн
Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нар хамтын ажиллагааны тухай санамж
бичигт тус тус гарын үсэг зурав.
Эдгээрээс хамгийн ач холбогдолтой нь улс, орны хөгжлийн зүтгүүр
болсон Улаанбаатар төмөр замын ирэх 50 жилийн хөгжлийг тодорхойлсон
баримт бичиг байв. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”
нийгэмлэгийг үүсгэн байгуулсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа
билээ. Ойн жилд талууд Улаанбаатар төмөр замын шинэчлэлийг цаашид
далайцтай өрнүүлэх, сүлжээг өргөжүүлэх, тээвэрлэлтийг үлэмж нэмэгдүүлэх
цаашдын олон жилийн хөгжлийн стратегийг тохиролцов.
Талууд Улаанбаатар төмөр замын одоо байгаа коридорыг жилд 100 сая
тн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, цахилгаанжуулах, хоёр
дахь замыг барих, Салхит-Эрдэнэтийн салбар төмөр замын шугамыг баруун
хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж ОХУ руу төмөр
замын шинэ гарц нээх, ингэснээр цаашид ОХУ-ын Тува Улсын Кызылтэй
холбогдож ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан
БНХАУ-д гаргах шинэ замнал бий болгох, Монгол Улсын нутаг дэвсгэрээр
дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын
баруун бүс нутгаар дайран өнгөрөх босоо чиглэлийн шинэ коридор байгуулах
боломжийг судлах зэрэг бусад асуудлыг тохиролцлоо.
Дашрамд дурдахад, түүхт ойн жилийн босгон дээр талууд нийгэмлэгийн
дүрмийн санг 250 сая ам. доллараар амжилттай нэмэгдүүлсэн. Түүнчлэн
Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн 2015 он хүртэлх эхний
шатны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд хөтөлбөрийн
хүрээнд Монгол Улсаас нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд оруулсан
125 сая ам. долларын хөрөнгөөр шинэ зүтгүүр, вагон, гол замын холбоо,
дохиолол, хориглолын шинэ систем худалдан авах зэрэг шинэчлэлийг хийж,
2015 оны сүүл гэхэд замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал даруй 60 хувиар
нэмэгдэж жилдээ 34 сая тн. ачаа тээвэрлэх чадвартай болно. 2013 онд
Улаанбаатар төмөр зам 21 сая тонн ачаа тээвэрлэсэн юм.
Айлчлалын үеийн яриа хэлэлцээний үеэр Монгол Улс БНАСАУ дахь ОХУ-ын
хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах зарчмын
тохиролцоонд хүрэв. Ингэснээр Монгол Улс анх удаа өөрийн далай боомттой
боллоо.
Мөн түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын
дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол
Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн ачаа тээврийн
хэмжээг 2015 он гэхэд 6 сая тонн, 2020 он гэхэд 20 сая тоннд хүргэж
ажиллахаар тохиролцлоо.
Categories
мэдээ нийгэм

Увс, Ховд аймагт цахилгааны хязгаарлалт хийж байна

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 76
хувийг ОХУ-аас авдаг бөгөөд Дөргөн, Тайширын усан цахилгаан станц үлдсэн
хувийг хангадаг байна. Энэ сарын 2-ноос эхлэн Увс, Ховд аймагт
цахилгаан тасарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-аас өвөлжилтийнхөө
бэлтгэлийг хангахаар цахилгаан станцууддаа засварын ажил хийж байгаатай
холбоотой гэнэ. Хэдэн хоногийн хугацаатай цахилгаан хязгаарлаж байгааг
тус аймгийн иргэн Б.Цолмонгоос тодруулахад “Энэ сарын 2-ны өдөр
цахилгаан тасарсан. Долоо хоногийн хугацаатай хязгаарлалт хийнэ.
Өглөөний 05.00-23.00 цаг хүртэл хязгаарлалт хийж байгаа. Манай аймаг
ОХУ- аас цахилгаан авч хэрэглэдэг. ОХУ өвөлжилтийн бэлтгэлээ хангахын
тулд цахилгаан тасалж байгаа гэх мэдээлэл гарч байна. Дөргөн цахилгаан
станц зарим нэг албан байгууллагуудын цахилгааныг өгч байгаа” гэв. Харин
ОХУ цахилгааны шугам сүлжээндээ засвар хийж байгаа тул эрчим хүчийг түр
хугацаагаар хязгаарлах талаар бичгээр мэдэгдсэн байна. Ингэхдээ Ховд,
Увс аймгийн, эрчим хүчийг тасалжээ. Ховдын цахилгааныг өглөө 05-23.00
хүртэл хязгаарлаж байгаа учраас Дөргөний усан цахилгаан станцаас
цахилгаан авч байгаа гэнэ. Гэхдээ оргил ачааллын үед хүчин чадал нь
хүрэлцэхгүй байгаагаас аймгийн төв, эмнэлгийг л цахилгаанаар хангаж
байгаа аж. 

  

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк санхүүгийн тайландаа аудит хийлгэжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны 2013
оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “PricewaterhouseCoopers” ХХК-ийн
хийсэн олон улсын аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцээд, аудитын
дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар тогтлоо. Хөгжлийн банк санхүүгийн
тайландаа Үндэсний аудитын газраар жил бүр, олон улсын хөндлөнгийн
аудитын байгууллагаар сүүлийн 2 жил дараалан аудит хийлгэжээ.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны 29 тоот тогтоолоор 2013, 2014, 2015
онуудын хагас жил, жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны
тайланд олон улсын хөндлөнгийн аудит хийх компаниар
“PricewaterhouseCoopers”-ыг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байна.
Гэрээний дагуу эхний удаад тус байгууллага Хөгжлийн банкны 2013 оны
эхний хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийгээд
“Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Хөндлөнгийн аудитын энэ дүгнэлтийг Үндэсний
аудитын газраас давхар хянаж баталгаажуулсан байна.
Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулсан гурван жилийн хугацаанд дотоодын
болон олон улсын аудитын гурван компаниар санхүүгийн тайлангаа шалгуулж
байгаа аж.