Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сэлэнгэ аймагт ажиллахаар өнөөдөр өглөө хөдөллөө. Тус аймагт ажиллах үеэр газар тариалангийн бүс нутгаар явж, газар тариалангийн аж ахуй эрхлэгчид болон, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцана. Ерөнхийлөгчийг дагалдан Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр тэргүүтэй албаны хүмүүс дагалдан явж байна. Ерөнхийлөгч маргааш нийслэлд ирнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэрэлтүүлгийн ажил хийж байсан машин гэр дайрч хүний аминд хүрчээ

Энэ сарын 9-ний орой 19:40 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн
XXV хороо, Одонтын 21-167 тоот хашааг “Фусо” маркийн 11-76 УБЗ улсын дугаартай ачааны
автомашин дайрч гэрт байсан 19 настай Н.Билэгмаа гэх эмэгтэй амиа алдсан юм. Осол
гарсан газар автобусны буудлаас нэлээд зайтай байх ажээ. Мөн уулын энгэр өөд өгсөх
аж. Сонгинохайрхан дүүргийн  XXV хорооны хоёр
гудамжинд гэрэлтүүлэг суулгаж эхэлсэн байна. Осол гарсан газрын ойролцоо сүүлийн
үед гэмт хэрэг гарах болсон гэнэ. Иймд гэмт хэрэг гарах бол­сон харанхуй гудамжинд
гэрэл­түүлэг хийх ажил эхэлсэн байна. Гудамжны автомашин зорчдог хэсгийн хоёр талд
гэрэлтүүлгийн шон суулгахаар нүх ухсан байжээ. 
Ингээд гэрэлтүүлгийн шонг ухсан нүхэнд суулгах ажил хийгдэж эхэлсэн байна.
Автомашиныг 40 настай Буян гэх залуу жолоодож байсан гэнэ. Гудамжны гэрэлтүүлгийн
ажил хийж байсан ажилчид уулын өгсүүр хэсэгт машинаа байрлуулаад данхраадаж байжээ.
Гэтэл машиныхаа гар карданыг татаагүй байсан учир данхраадсан машин газрын уруу
хурдтай өнхөрч эхэлсэн байна. Жолооны хүрдний ард сууж явсан Буян уулын уруу хурдтайгаар
өнхөрсөн машинаа зогсоох үйлдэл хийх гэж оролдсон боловч чадаагүй гэнэ. Ингээд  айлын хашаанд тулаад ирэх үед нь машинаасаа үсэрч
буусан аж. Уулын уруу газарт хурдтай явсан машин Одонтын 21-167 тоот хашааг мөргөж
дөрвөн ханатай гэрийг дайраад зогссон байна.

Харамсалтай нь машинд дайруулсан гэрт 19 настай Билэгмаа ээжийнхээ
хамт байжээ. Машин гэрийг тэр чигт нь хэмх дайрч индүүдсэн байна. Энэ талаар ослыг
харсан иргэдийн хэлж буйгаар “Машин хашаа дайраад ороод ирсэн. Хашаа дайрах чимээгээр
гэрээс гараад иртэл ачааны машин хурдтай явсаар 
хашаанд байсан гурван гэрийн баруун талын  дөрвөн ханатай гэрийг дайрсан. Машин гэрийг хэмх
дайрах үед гэрийн тооноор талийгаач шидэгдэх нь харагдсан. Машин гэр дайрч, эрч
нь сулраад хашаа мөргөөд зогссон. Удалгүй гудамжны гэрэлтүүлэг хийж байгаа гэх залуус
ороод ирсэн” хэмээн ярьж байв. Харин талийгаач эмэгтэйн ээж “Охинтойгоо гэртээ сууж
байсан. Яах ийхийн зуургүй гэрийг машин мөргөөд ороод ирсэн. Гэрийн зүүн талаас
машин мөргөсөн байна лээ. Тэр үед охин минь хөргөгчнийхөө урд гар утсаараа нөхөр
рүүгээ мессеж бичээд сууж байсан. Нэг мэдсэн гэрийн тооно, унинд дарагдчихсан хэвтэж
байсан. Тэгээд л охиноо бур­хан болсныг мэдсэн” гэжээ.

  “МИНИЙ НАЙЗ ИРЖ БАЙНА УУ”  ГЭЖ НӨХӨР РҮҮГЭЭ ХАМГИЙН СҮҮЛД  МЕССЕЖ БИЧЖЭЭ

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар бүрэн бус автомашинаар гэрэлтүүлгийн
ажил хийж байсан гэдэг нь тогтоогдсон байна. Мөн гэрэл­түүлгийн ажилчид машинаа
асаалттай нь данхраадаж  байсан гэнэ. Бүр
гар кардан татаагүй байжээ. Үүнээс болоод машин уулын уруу хурдаа аван өнхөрсөн
байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн мөрдөн шалгах тас­гийн­хан
үргэлжлүүлэн шалгаж байна. “Фусо” маркийн 11-76 УБЗ улсын дугаартай авто­машины
жолооч Буянд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Гэхдээ жолооч Буянг батлан даалтад
гарган гадуур байцаалт авч байгаа юм байна. Хэргийг мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж
байна лээ. 

Талийгаач эмэгтэйн ээжийн биеийн байдал тааруу байна лээ. Сонгинохайрхан
дүүргийн  эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч охиноо
харамсалтайгаар алдсан болохоор “Хэвтэж чадахгүй байна” гээд эмнэлгээс гарчээ. Тэрбээр
толгой, хүзүү, нуруундаа хүнд гэмтэл авсан гэнэ. Харин харамсалтайгаар амиа алдсан
Билэгмаа амьдралаа дөнгөж эхлүүлж байсан юм байна. Нөхөртэйгөө айл гэр болохоор
зэхэж байжээ. Осол гарах үед талийгаач эмэгтэйн 
нөхөр эзгүй байсан гэнэ. Ажлаа тараад эхнэрийнхээ гэрт очихоор явж байхад
нь харамсалтай осол гарсан юм байна. Ослын талаар түүний нөхөр “Бид хуримаа хийж
тусдаа гарахаар болсон юм. Тэгээд осол гарахаас хоёр хоногийн өмнө аав, ээжээс нь
албан ёсоор бэр гуйсан юм. Хоёр талынхан ч бидний хуримлах өдрийг товлож, худ ураг
барилдсан юм. Гэвч эхнэр минь амиа алдчихлаа” гэсэн байна. Тэрээр хамгийн сүүлд
нөхөртөө “Миний найз ирж байна уу. Чамайг хүлээгээд л сууж байна” гэж бичжээ.

ДҮҮГ МИНЬ ХӨНӨӨСӨН ЖОЛООЧ ХОРИГДООГҮ

Ослын талаар талийгаач эмэгтэйн эгчтэй ярилцлаа.

-Осол
гаргасан  компа­нийн ажилчид та бүхэнтэй уулзсан
уу?

-Үнэхээр харам­салтай байна. Хоёр хоногийн өмнө айлын бэр боллоо
гээд баярлаж суусан дүүгээ алдчихлаа. Бид дүүг минь дайрсан жолооч, компанийнханд
гомдолтой байна. Хууль хяналтынхан хэргийг үнэн зөв шийдэж өгөх байх гэж итгэж байна.
Дүүг минь хөнөөсөн жолооч одоо хүртэл хоригдоогүй гадуур байцаагдаж байна. Бидэнтэй
гэрэлтүүлэг хариуцсан компа­нийн ажилчид ирж уулзсан. Гэхдээ ямар нэртэй компани
гэдгээ одоо болтол хэлэхгүй байна.

-Яагаад
хэлэхгүй байгаа юм бэ. Хэргийг шалгаж бай­гаа цагдаа нар ямар нэртэй компани болохыг
хэлээгүй юм уу?

-Цагдаа нар хэргийг шалгаж байгаа. Удахгүй дуудна гэж хэлж байна
лээ. Бид цагдаа дуудахыг хүлээгээд л сууж байна. Талийгаач дүүгийн буяны ажлыг маргааш  (өнөөдөр) дуусга гэсэн. Бид буяны ажлыг нь хийхээр
завгүй байна. Бидэнтэй ирж уулзсан гудамжны гэрэлтүүлэг хийж байсан компанийн ажилчид
“Та нар манай компанийн талаар сөрөг мэдээлэл битгий гаргаарай. Бид та бүхний хохирлыг
барагдуулна. Хэрэв олон нийтэд манай компанийн нэр тодорхой болчих юм бол удахгүй
орж ирэх санхүүжилт байхгүй болчихно. Та нарт мөнгө төгрөгийн туслалцаа өгч чадахгүй
болно гэсэн үг” гэж байна лээ гэв.

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
гадаад мэдээ

Ханхүү Харри осолд оржээ

Британийн ханхүү Харри өнгөрсөн баасан гаригт авто машины осолд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүү болон албаны хүмүүсийн зорчиж явсан цуваа Лондон хотын төвд байрлах амьтны хүрээлэнгийн ойролцоо осолдсон аж. Ханхүүгийн сууж явсан машины дугуй нь хагарч, замаас гарах шахсан байна.

Гэрчүүдийн мэдээлсэнээр ханхүүг хамгаалж явсан цагдаагийн мотоцикл урдаа байсан таксийг мөргөж, хэд хэдэн хүн гэмтээжээ. Ослын үеэр мотоциклтэй цагдаа 10 м орчим газар шидэгдэж, ухаан алдсан байна. Мөн таксины жолооч хүнд гэмтэл авсан бөгөөд тэрбээр хатан хааны нэрэмжит түргэн тусламжийн эмнэлэгт хэвтжээ. Ханхүү ослын дараа шоконд орсон хэмээн “www.telegraph.co.uk” мэдээлжээ. Цагдаагийнхан энэхүү хэргийг шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ спорт

Ч.Санжаадамба Өвөрмонголын барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын заан Ч.Санжаадамба Өвөрмонголд зохиогдсон Хасар бөхийн барилдаанд түрүүлж, Q7 автомашинаар шагнуулжээ. Энэ тэмцээн тун дуулиан шуугиантай болж өнгөрсөн бөгөөд Ч.Санжаадамбыг түрүүлсэн гэж зарим үзэгчид нь ундааныхаа савыг шидэж дургүйцлээ илэрхийлж байжээ. Ямартаа ч заалны барилдаанд сайн гэгддэг Ч.Санжаадамба Өвөрмонгол бөхчүүдтэй хүч үзээд түрүү авчээ.

Тэрбээр Монгол туургатны наадамд дөрвөн удаа түрүүлж байсан. Монгол бөхийг Геннисийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдааны түрүүг авч байсан билээ.

Categories
мэдээ спорт

Монголын баг VI байр эзлэв

Энэ жилийн ДАШТ-ээс Монголын эрэгтэй баг тамирчид сүүлийн 27 жилд анх удаа топ зургаад багтсан (60 орноос), 1985 оноос хойш анх удаа хос медальтай ирсэн амжилт үзүүлсэн бол нэгдсэн дүнгээр эмэгтэй баг ч мөн багийн дүнгээр зургадугаарт бичигдлээ. 

 Ташкентийн дэвжээнд зодоглосон 46 орны багаас Японы бүсгүйчүүд 55 оноогоор тэргүүлж, ОХУ-ын баг 48 оноотой удаалж, АНУ-ын хүүхнүүд 41 оноогоор гуравдугаар байр эзэлжээ. 

 Украин 29, Швед 27, Монгол 24, Польш 22, Азербайжан 18, Ардчилсан Солонгос 16, Канад 16 оноогоор эхний 10-т багтах болж байна.

 Ийнхүү манай хоёр баг хоёулаа 2015 оны “Дэлхийн цом”-д хүч үзэх эрхээ биелүүллээ. 

Categories
булангууд мэдээ нийгэм нэг-ангийнхан

Үндсэн хуулийг бүтээсэн нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа тун өвөрмөц нэг ангийг урилаа.
Өнөөдөр байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 24 жилийн
ой тохиож байгаа түүхэн өдөр. Тиймээс тухайн үедээ “Нэг ангийнхан” болж, анхны Ардчилсан
Үндсэн хуулийг баталж байсан Улсын бага хурлын гишүүдийг энэхүү буландаа урив. Тэднийг
“Монголын түүхэнд улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг
бүрдүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан парламент” хэмээн түүхийн номуудад тэмдэглэсэн
байдаг билээ.

Анхны парламентын гишүүдтэй өчигдөр Төрийн ордноо уулзах боломж тохиосон
юм. Учир нь түүхэн ойг тохиолдуулан өнөөгийн УИХ-ын дэд дарга, тухайн үеийн Улсын
бага хурлын дарга, БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч Р.Гончигдорж  ахмад гишүүдээ хүлээн авч уулзлаа. Энх орныхоо
өнцөг булан бүрээс 53-уулаа цуглаж байсан анхны парламентчидаас энэ өдөр 20 гаруй
хүн иржээ. Тэдний дунд, одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж,
Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Сангийн сайд
асан Ц.Өөлд, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Сангийн дэд сайд асан Т.Очирхүү, иргэн Д.Ламжав
нарын олон эрхмүүд байснаас гадна тухайн үеийн Улсын бага хурлын Тамгын газарт ажиллаж
байсан ажилтнууд хүрэлцэн ирсэн байлаа. Тэр бүр уулзалдаж чаддаггүй ахмад парламентчид
нэг л сайхан дотно, элгэмсэг байдлаар тэврэлдэн уулзалдах нь нүднээ тусч байлаа.

Энэхүү анхны парламен­таас өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын
дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Л.Болд, Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд
асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан С.Баяр, Д.Балдан-Очир, Т.Очирхүү нарын зэрэг
улс төр, нийгмийн олон зүтгэлтнүүд улстөрч байхын анхны “хичээлээ” заалгаж байсан
гэхэд болох билээ. Улсын бага хурал 1990-1992 оны хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж
байв. Ингэхдээ Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Социал демократ нам, Монголын
үндэсний дэвшлийн нам гэсэн дөрвөн намын төлөөлөл болох 53 гишүүнээс бүрдэж байсан
юм. Тэднийг Ардчилсан Үндсэн хууль болон бусад суурь хуулиудыг батлуулах зорилготойгоор
таван жилийн хугацаатай сонгож байсан ч эдгээр үндсэн үүргээ хоёр жилийн хугацаанд
биелүүлж, хуулиудаа баталж чаджээ. Тиймээс ч өөрсдөө хугацаанаасаа өмнө “буух” хуулийг
баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу 76 гишүүнтэй
шинэ парламентдаа суудлаа тавьж өгсөн хэрэг. Үүнийг ч энэ өдрийн уулзалтыг зохион
байгуулсан Р.Гончигдорж дарга хэлж байлаа. Тэрээр “Өөрсдөө сайн дураараа эрхээсээ
татгалзсан энэхүү үйл явдал нь дараа дараагийн парламентад нэгэн жишиг болж чадсан
юм” хэмээж байлаа. Тэд төрийн эрх барих хоёр жилийн хугацаанд 27 хуулийг шинээр
баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж байсан
юм.

Эдгээрээс хамгийн онцлог хууль нь Ардчилсан шинэ Үндсэн хууль. Үндсэн
хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар
ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байсан бөгөөд Бага хурлын байнгын хороодын хэд
хэдэн удаагийн хэлэлцүүлэг, бүх нийтийн санал асуулгын хэдэн арван мянган санал
зэргийг нэгтгэж, жил гаруйн хугацаанд хэлэлцэж байж шинэ Үндсэн хуулийг баталж байлаа.
Ингэхдээ шөнө бүр нэг, хоёр цаг хүртэл хуралдаж, өөрсдийн үзэл бодлоо хамгаалан
хэрүүл, маргаан хийж эвдрэлцэхээс эхлээд эвийн хүчээ нийлүүлэн байж улс эх орныхөө
хөгжлийг чиглүүлэх тулгуур хуулиа баталж байсан гэдэг.

Ийм их нөр хөдөлмөрийг хийж чадсан “Нэг ангийнхан”-ы хувьд малчин,
эксковаторчаас эхлээд хуульч, эдийн засагч, санхүүч, инженер зэрэг салбар салбарын
төлөөлөл багтаж байв. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Г.Лхагважав гуай
малчин ардын төлөөлөл болон Бага хуралд сууж байсан бол барилгачин Б.Искра гуай
жирийн нэгэн ажилчин ангийг төлөөлөн ажиллаж байв. Тэднээс гадна олон багш нар тэнд
багтаж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Түүнчлэн “Үндсэн хуулийн эцэг” хэмээн ард
түмэндээ хүндлэгдсэн Б.Чимид агсан ч энэ парламентын түшиж, тулах туршлагатай хуульч
нь байсан юм.

Парламентын анхдагчдын дунд ердөө хоёрхон бүсгүй ажиллаж байжээ.
Тэдний нэг телевизийн нэвтрүүлэгч Э.Алтангэрэл харамсалтай нь ертөнцийн жамаар бурхны
оронд очжээ. Түүн шиг ангийн нөхдөө орхиод одсон арав гаруй гишүүн бий.

Харин нөгөө бүсгүй болох Ж.Бямбажав гуай Бага хурлын гишүүний албаа
өгснөөс хойш Үндсэн хуулийн Цэц зэрэг өндөр хариуцлагатай хэд хэдэн албан тушаалд
томилогдон, өндөр бүтээлтэй ажилласан нэгэн юм. Тухайн үед хоёрхон эмэгтэйгээ эрхэм
гишүүд маань ихэд хүндэтгэн саналыг нь сайшаан хүлээн авч, дэмждэг байсан хэмээн
Ж.Бямбажав гуай дурсан ярьж байсан билээ. Хоёр бүсгүй маань жендерийн асуудлыг тодорхой
хэмжээгээр хэлэлцэж буй хуулиуддаа оруулж чаддаг байсан гэдэг.

 

ПАРЛАМЕНТЫН ХАМГИЙН ЗАЛУУ ГИШҮҮН С.БАЯРЦОГТДОО СҮҮЛ ҮҮРҮҮЛЖ БАЙЖЭЭ

Булангийн маань зочид тухайн үедээ 23-65 насных байсан юм. Тэдний
хамгийн бага нь өнөөгийн УИХ-ын гишүүн С.Баярцогт гэдгийг олон хүн мэдэх биз ээ.
Дөнгөж их сургуулиа төгссөн шижигнэсэн бор залуу Монголын Залуучуудын холбооны квотоор
парламентын гишүүн болж байв. Түүнээс хойш тэрээр үргэлж төрд ажиллан, УИХ-ын гишүүн,
дэд дарга, сайд гээд хариуцлагатай албан тушаалуудыг хашсаар байгаа юм.

Ангийнхнаасаа хамгийн бага нь байсан тул тухайн үеийн хөгжилтэй олон
дурсамж С.Баярцогт гишүүнтэй холбоотой байдаг. Ардчилсан хувьсгал дөнгөж ялж, эдийн
засаг, нийгмийн байдал хүнд хэцүү байх тэр үед Бага хурлын гишүүдэд өнөөгийн гишүүдийн
эдэлж, хэрэглэж байгаа шиг эрх ямба байсангүй. Зөвхөн “Бага хурлын гишүүн” гэх үнэмлэхээр
автобусанд үнэ төлбөргүй явах л эрхтэй байв. Нэгэн өдөр С.Баярцогт гишүүн автобусанд
суужээ. Тэгсэн тасалбар түгээгч нь учиргүй мөнгө нэхэж, “Чиний бага хурлын гишүүн
гэж юу байдаг юм. Харваас жаахан амьтан байж яасан том ярьдаг юм. Хуурамч үнэмлэх
биз” хэмээн загнасаар тасалбарынхаа мөнгийг авч байсан удаатай гэнэ. Бага хурлын
гишүүн Н.Сампилноровын дурсан ярьснаар С.Баярцогт гишүүн маань хонины таван кг сүүл
үүрээд одоогийн бидний нэрлэж заншсан Сансарын туннелийн байр орж байсан тохиолдол
ч бий. Учир нь Н.Сампилноров гуай Төрийн ордны ресторанд ортол хонины шинэхэн сүүл
зарж байна гэнэ. Өөхөнд нэлээд дуртай тэрээр олдсон дээр нь гэсэн шиг таван кг өөх
авч орхилоо. Гэтэл гэртээ аваачих гэтэл хүч дутжээ. Тэгэхээр нь танхимынхаа залуу
гишүүд болох С.Баярцогт, Сомат хоёрт үүрүүлээд гэр рүүгээ явуулчихаж. “Ямар ч байсан
аваачаад л өгсөн дөө” хэмээн Н.Сампилноров гуай өдгөө хүд хүд инээн сууна. Гэхдээ
бас С.Баярцогт гишүүн  дуугүй байгаагүй гэнэ
лээ. “Улсын бага хурлын гишүүнээр сүүл үүрүүлээд байхдаа яадаг юм” гэж хэлж үзсэн
гэнэ лээ шүү.

Хашиж буй албан тушаалаасаа үл хамааран хаа ч таарсан хөгжилтэй,
хөгжөөнтэй яриа дэлгэж явдаг Ж.Бямбадорж гуай энэхүү уулзалтын үеэр хэзээний бусдыгаа
инээлгэсээр явна лээ. Тэрээр энэ өдрийн уулзалтад орж ирэнгүүтээ л Р.Гончигдорж
дарга, С.Товуусүрэн нарын зэрэгцэн суугааг хараад “Үстэй, үсгүй хоёр зэрэгцээд суучихаж”
хэмээн бусдыгаа инээлгэж байлаа. Үнэхээр ч Р.Гончигдорж дарга урт үсээ боосон байхад
С.Товуусүрэн гуайн толгой харин гялтганаж байсан юм.

Бага хурлын гишүүн Ж.Бямбадорж гуайн хөгтэй явдлууд тун олон. Нэгэн
удаа Боловсролын тухай хуулийн талаар өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Бүр тодруулбал,
Намын дээд сургуулийг татан буулгаж, төр, нийгэм судлалын академи байгуулах тухай
асуудал яригдаж байв. Ж.Бямбадорж гуай ч багш учир үе үеийн удирдагчдыг бэлтгэж
ирсэн сайхан сургуулиа татан буулгуулахгүй гээд л үзэж тарлаа. Бүр нүдээ бүлтийлгэж,
нүүрээ улайлгаж байгаад л хэрэлдсэн гэж байгаа. Түүний эсрэг саналтай байж, тэгтэл
нь уурлуулсан хүн бол МҮДН-аас орж ирсэн н.Батсүх байв. н.Батсүх гуай харин багш
мэргэжилтэй атлаа сургуулийг татан буулгахыг гойд дэмжиж байсан нэгэн. Үүнээс үүдэн
хоёр багш үзэл бодлоо тууштай хамгаалан танхимаар нэг хэрүүл болсон гэдэг. Бүр өөрсдийнхөө
саналыг дэмжүүлэх буюу талдаа урвуулахаар бусад гишүүдээ ч ятгаж байсан гэж байгаа.
Эцэстээ Ж.Бямбадорж гуай дийлсэн гэсэн.

Энэ мэт үзэл бодлынхоо төлөөх тэмцэл нь тэр үеийн Бага хуралд байнга
гардаг үзэгдэл байв. Гэхдээ энэ нь ямар нэг хорон хэрүүл бус Монгол орны ирээдүйг
гэрэлтүүлэхийн төлөөх маргаан байсан юм. Ямартаа л Ж.Бямбадорж, Батсүх хоёр тэрхүү
“хүндхэн” хэрүүлийн дараа танхимаас гарах мөчдөө хувь хүнээрээ уулзалдсан байхав
дээ. Тэдний дунд “Чи багш хүн байж, үгүй би чамд хэзээ ч бууж өгөхгүй за” гэсэн
инээдтэй зэрэгцсэн үгс урсаж, бие биенийхээ мөрөн дээр цохиод өнгөрч байсан өдрүүд
зөвхөн үүгээр дуусахгүй.

Бага хурлын гишүүд олон түмний дунд их нэр хүндтэй. Үүнийг нотлох
нэгэн үйл явдал Ж.Бямбадорж гуайд тохиолдсон байх юм. Тэрээр нэг удаа шөнийн 11
өнгөрч байхад Амгалангаас автобусанд суутал нэгэн танихгүй эр “Хүүе. Бямбадорж гуай
тантай золгоё” хэмээснээр автобусанд явсан 20 гаруй хүн түүнтэй золгох болсон гэдэг.
Автобустай холбоотой өөр нэг дурсамж бол Байнгын хорооны даргынхаа машинд дайгдан
гэр рүүгээ дөхдөг явдал. Эрх биш байнгын хорооны дарга учир Д.Лүндээжанцан гишүүн
маань машинтай байж. Тиймээс ч гуравдугаар хороололд байх гэр рүүгээ явахад нь
“Хамт дөхье” гээд л суучихдаг байсан гэсэн.

Хэзээд мөн чанараа алдахгүй зөв хууль, зөв шийдвэр гаргахын төлөөх
өөр нэг маргаан бол мөнгөн дэвсгэртийн тухай хэлэлцүүлэг байв. Ингэхдээ мөнгөн дээр
ямар хүний зураг байх ёстой талаар гишүүд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байв.
Тэдний дунд “Чингэс хаан, Маршал эсвэл бүр Хубилай, Өгөдэй хааныхаа зургийг тавья”
гэсэн санал ч байв. Тэгсэн гишүүн Н.Сампилноров “Зүс барааг нь харж байгаагүй хаадыг
ямар гэж дүрслэх вэ. Нүдийг нь, хамрыг нь ямар байдлаар зурах вэ. Харин түүний оронд
хэний ч мэдэх одоогийн Ерөнхийлөгч П.Очирбатын зургийг оруулъя” гэж. Түүний энэ
яриа танхимыг инээдээр дүүргэж, хүн бүр өөр өөрийнхөө зургийг тавих уу гэх мэтчилэн
хөгжөөнтэй яриа өрнөсөн гэдэг. Н.Сампилноров гуай мөчөөгөө өгөлгүй дарга Р.Гончигдорждоо
хандан гаргасан саналаараа санал хураалгая гэж. Хуулийн дагуу санал хураалт ч болж,
53 гишүүнээс долоо нь дэмжив. Энэ учир дутагдалтай боллоо дахин хураалгая гэсэн
ч дахиад л нөгөө долоо л дэмжиж байсан түүхтэй.

Түүнчлэн төрийн сүлдэнд шонхор шувууг оруулах гэснээс үүдэн шувуунд
мөргөх болж байна уу гэсэн яриа, шүүмжлэл ч гарч байсан удаатай.

Бага хурлын гишүүдийн олонхи нь хөдөө орон нутгаас ирсэн тул тэднийг
Туннелийн өндөр ногоон байруудад түр зуур суулгадаг байсан гэдэг. Шөнийн нэг, хоёр
цаг хүртэл хуралдчихаад хоорондоо хууч хөөрсөн шигээ гэр рүүгээ алхацгаадаг байсан
нь ахмадуудын маань сайхан дурсамжийн нэгээхэн хэсэг. Ням гаригийн ганцхан амралтын
өдрөөрөө бие биенийдээ орж, айраг цагаа уунгаа шатар тоглон цагийг бас ч үгүй үр
бүтээлтэй өнгөрөөдөг байснаа гишүүд маань дурсан ярьж байсан юм. Гишүүд маань тэр
үед сарын 1300 төгрөгийн үндсэн цалинтай байв. Уг нь үүнийг 3000 болгон нэмэгдүүлэхээр
АИХ-д оруулсан ч “ихэднэ” хэмээсэн тул хуучнаараа тогтжээ. Зарим багш, эрдэмтэн
үүн дээр эрдмийн нэмэгдэл авна. Гэхдээ л төдий нэмэгдэхгүй, 2000 төгрөг л болно.
Өнөөгийнх шиг бусад хангамж байхгүй ч тэдний цалин ямар ч байсан болгоод л байсан
тухай ахмад гишүүд маань хуучилж байна лээ.

Улсын бага хурал албан ёсоор тарах үед гишүүддээ бүгдэд нь орон сууц
хуваарилж өгчээ. Тэгсэн одоогийн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд эзэнгүй
байсан тул уг хуваарилалтаас хоцорчихжээ. Чухам яг хаашаа явсан байсныг нь ангийн
нөхөд нь ярихдаа “Угийн л хэл ус сайтай байсан болохоор гадаадад л тэнэж явсан байх”
хэмээсэн. Нэгийгээ байргүй болчих гээд байхаар нь ангийн нөхөд нь хөөцөлдсөөр түлхүүрийг
нь аваад эгчид нь хүргэж өгч байсан нь анхны парламентын гишүүд маань сонгогдсон
нам энэ тэрээсээ огтхон ч хамааралгүйгээр бие биенийхээ төдийгүй улс орныхоо хөгжлийн
төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг, зүтгэдэг байсны нэг жишээ ажээ.  

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Давж гарах рекорд байдаг л юм бол бүгдийг нь үзээд алд гэж билээ

Энэ оны таван сарын башёд 29 дэх удаагийн түрүүгээ авч, түүхэн
их аварга Тайхогийн 32 дахь түрүүнд тун ойрхон ирээд байгаа Хакухо аваргыг Чөлөөт
бөхөөр таван удаа олимпод оролцож, Мексикийн олимпоос эх орондоо анхны олимпийн
мөнгөн медаль авчирсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатын
хүү гэдгийг хүмүүс андахгүй.

Японы уламжлалт  баярын нэг
“Аавын өдөр”-өөр Ж.Мөнхбат аварга Японд айлчилж, 50 жилийн өмнө дэвжээнд нь барилдаж
байсан Токиогийн Ёоёоги Спортын ордонд хүүтэйгээ зочилжээ. Токио дахь “Сумо” сэтгүүлийн
ажилтан В.Даваагийн тэдэн­тэй хөөрөлд­сөн ярилцлага саяхан тус сэтгүүлд нийтлэгдсэнийг
толилуулъя.

-Өнөөдөр
та хоёр хамт чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн үзэж ээ дээ.

Ж.М:
Ингэж хамт тэмцээн хавьд үзээгүй юм байна.

Хакухо:
Монгол бөх бол үзэж байсаан. Чөлөөт бөхийн барилдаан үзэж байгаагүй юм байна. Аав
нээрээ Токиогийн олимпод барилдаж байлаа шүү дээ.

Ж.М:
Тэр үеийн тэмцээн Комазава Спортын ордонд болж байсан.

Хакухо:
Өнөөдөр Японд “Аавын өдөр” болохоор энэ биеийг минь төрүүлж өсгөсөн аав ээждээ талархаад
ч баршгүй юм даа. Ачийг нь хариулна гэж байдаггүй юм гэсэн. Гэхдээ өнөөдөр ингээд
явж байгаа нь бас нэг талархлын нэг хэлбэр юм уу даа.

Аав Мексикийн Олимпоос монгол хүнийхээ хувьд анх удаа мөнгөн медаль
хүртэж, Наадмын түрүүг зургаан удаа авч, арваад жил бөхийн дэвжээг шуугиулсан. Бөхчүүд
бужигнасан орчинд бага нас минь өнгөрч дээ. Анх Японд ирээд би заавал ч үгүй Эцэг
хүү хоёр аварга болно доо гэж дотроо мөрөөдөж байсан. Энэ хүсэл маань ч биелэлээ.

-Та
монгол бөхөөр ч юмуу чөлөөтөөр барилдъя гэж бодоогүй юу?

Хакухо:
Аав мөнгө авсан юм бол би алтыг авна гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн арван хоёр настайдаа
чөлөөт бөхөөр хичээллэж, хоёр долоо хоног ч болоогүй байхдаа тэмцээнд дөрөвдүгээр
байранд орж, аавд ч баригдчихав. Бөхөөр хичээллэхэд дэндүү эрт байна. Боль гэсэн.

Ж.М:
Их багаасаа хичээллэвэл нэг, хоёр насаар ах хүүхдүүд хамаагүй унагаж, бэртээх аюултай.
Хүүхдийн нэг хоёр насны ялгаа гэдэг маш их зөрүүтэй. Бас амархан айж хулчийдаг болчихдог
талтай учраас би хориглосон.

Хакухо:
Энэ нь бөхийн арвин туршлагатай хүнээс л гарах үг байх даа.

Ж.М:
Бие бялдар, сэтгэл санааны бүрэн өсөлт хөгжилт нь бүрэлдсэн тохиолдолд бөхөөр хичээллэж
болох байсан л даа. Өөрөө дуртай бөхөөр явъя гэсэн бол зөвшөөрөлгүй яахав.

-Хакухо
та яаж яваад сумод орчихов?

-Зургаан настайдаа анх анхны үеийн Ваканахана аварга Монголд айлчилж
ирэхэд нь уулзаж байлаа. Долоо, найман настай байхад “Сумо” сэтгүүл үзэж, Чиёонофүжи
(Одоогийн Коконуэояагата), Таканосато нарын зургийг нь анх харж байлаа. Хүүхэд байхаасаа
л цасан дээр тойрог зурчихаад л барилддаг байлаа. Багаасаа л сонирхож байж дээ.
Тун удалгүй Хавайн хүчтэнүүд, Таканахана ах дүүсүүд гарч ирж, Кёкүшюүзан барилдаж,
монголд телезизээр башёг шууд үзүүлдэг болсон. Японд ирэхэд Сонирхогчдын сумо маягаар долоо хоногт гурваас дөрвөн
удаа л кэйко хийнэ гэж сонсоод хүрээд ирсэн. Явахдаа сургуулиасаа хоёр сарын чөлөө
авч ирсэн юм даг. (Инээв) Тэгээд л гэнэт дэвжээ олдож, сумогийн ертөнц рүү хөл тавьсан
даа.

Ж.М: Арван сарын дундуур яваад арван хоёр сарын
сүүлээр буцах уу үгүй юу гэдэг  яриа гарсан
юм. За чи өөрөө л мэд дээ гэсэн. Хүүгийнхээ хүслийг мохоогоод яахав гэж бодсон.
Яг үнэндээ бол энэ дэрчгэр, туранхай биетэй яаж сумог барах вэ дээ. Удахгүй орхиод
ирэхээс хойш одоо олон юм яриад яахав гэж бодсон л доо.

Хакухо: Нээрэн тийм шүү. Тэр үед анх дэвжээнд
орж байхын 62 кг байсан зургийг одоо энэ залуу хүүхдүүдэд үзүүлбэл зүйтэй юм байна.
Ийм жаахан биетэй ч Ёкозуна болж болдог юм байна гэдгийг ойлгуулж, урам зоригийг
нь өдөөмөөр байна.

-Сумод орсноос хойш та хоёр хэзээ уулзалдсан
бэ?

Хакухо: Бараг хоёр жил хариагүй байж байгаад очтол
аав гудамжинд тааралдвал чамайг танихгүй юм байна гэж хэлэхийн дайтай том болсон
юм. 2004 онд сэкитори болж, аав ээжийг анх удаа Японд урьж байлаа. Аав олимпоос
хойш Японд дөчин жилийн дараа ирж байгаа нь тэр байсан.

Ж.М: Тэр үед янз янзын л юм толгойд орж ирж
байсан. Гэхдээ юутай ч гэсэн хүн дуртай юмандаа бүхнээ зориулж, үхэн хатан тэмцвэл
ямар ч юмыг өөрчилж, агуу хүн болох боломжтой байдаг юм байна гэдгийг мэдэрч байсан
юм. Хүний зүрх сэтгэл гэдэг ийм чухал юм даа.

Хакухо: Сумод дуртай гэж хэлдэг хүн олон л доо.
Сумод дурласан хүн гэвэл би л байгаа байх даа. (Инээв) Ёкозуна болчихсон болохоор
л ингэж хэлж байгаа болов уу?. Сэкиторид орох хүртэлх хэцүүхэн гурван жил их ч цус,
хөлс, нулимс асгаруулсан даа. Гэлээ ч башёд давж байх үед тэр их зовлон хөнгөрч
байх шиг санагддаг байсан. Юутай ч сумод дурлаж ирсэн болохоор өдий зэрэгт хүрлээ.
Сумогийн түүх ярьдаг сумоч одоо надаас өөр байна уу? Яагаад өмнөх үеийн бөхчүүд
тэр гайхалтай Футабаяма аваргын тухай ярьдаггүй байсанд сонин санагдаад байдаг юм.
Тэр гайхалтай сумогийн амьдралыг үзэх гүн ухаан, ур чадвар нь цогцолсон дархан аварга
хүн байсан байхад. Харь орноос ирсэн надаас тэр гайхалтай бөхийн тухай сонсож авч
мэдэж байгаа нь хачин байгаа биз?

-Эхний үед аавтайгаа хэр их ярьдаг байсан?

Хакухо: Тэр үед утсаар ярих их үнэтэй. Нийтийн
телефон утаснаас ярихад нэг зоос хийгээд л сайн байна уу гэж хэлэхийн хооронд л
тасарчихдаг байсан. Хэцүү байсан ч аав ээжийнхээ санааг нь зовоохгүй гээд тэр болгон
ярьдаггүй байлаа. Захиа бол бичдэг байсаан.

-Энэ зуны башёг та үзэж, хүүгийнхээ түрүү
авч байгааг харсан сэтгэгдэл.

Ж.М: Хүн ер нь хийж бүтээж, чармайж зүтгэж
байсан зүйлээ яг эгзэгтэй хэрэгтэй цаг мөчид 
харуулж чадаж байвал тэр бөх хүний хувьд хүч чадал, сэтгэлийн хатан зориг
тэвчээр тэгширч гэж үнэлж болно. Хүү маань бие сэтгэлийн бяр тэнхээ нь бүрэлдэж
ээ гэдгийг нүдээрээ батлан харлаа. Ур чадвар, ухаан зориг, бие бялдар нь эн тэнцүү
болжээ гэсэн үг юмуу даа.

-Бид дараа нь мэдсэн барилдааны 13 дахь
өдрийн талаар ….

Хакухо: Янз янзын юм болоод өнгөрсөн. Башёгийн
дундуур байсан учраас тэр үү даваад гарсан. Сүүлд нь болсон бол одоо ч сэхээгүй
байж магадгүй. Тэр үед хайртай гэр бүл маань байна. Давж туулаад, хийх ёстой ажил
маань байна гэж бодсон.

-Башёгийн сүүлийн өдөр Кисеносатотой үзүүр
түрүүний барилдаан болох болтугай гэж хүсч байсан хүн их байсан. Харумафүжиг дэмжин
уухайлан хашгирах үзэгч дунд та барилдсан.

Хакухо: Түрүү жилийн 11 сард Кисеносатод унасан.
Хүмүүс янз янзаар л боддог байх. Ер нь монгол ч бай япон ч бай маге (сумогийн гэзэгтэй)
үстэй хүн болгон л самурайн зүрх сэтгэл, хатан зоригийг сэтгэлдээ тээж явах ёстой
гэж боддог. Фүтабаяма багшийн хэлсэн “Түрүүлээд (олныг) шуугиулах бус ялагдаад шуугиулах
бөх нь болоорой гэсэн үгийг нь байнга бодож явдаг болохоор сэтгэл санаа тэгтлээ
үймэрч, сандраагүй юм.

Ж.М: Надад юу ч бодогдоогүй. Ухаантай, ул суурьтай,
үнэн сэтгэлээсээ л байвал ялах нь гарцаагүй. Үнэхээр даян аварга л юм бол тэр зэргийн
зовлонг туулаад гарах чадалтай байх байлгүй дээ. Ялагдвал тэр л чинээний бөх байх
болно.

-Өнгөрсөн башёд 29 дэх түрүүгээ авч,
30 дахь, Тайхогийн 32 дахь түрүү ч сэтгэлд багтаж байгаа даа.

Хакухо: Өмнө нь 63 тасралтгүй давж, Футабаямагийн
тасралтгүй 69 давсан рекордод ойртож очих үед энэ их аваргын рекордыг эвдэж болохгүй,
дээр үед жилд хоёр башё л болж байсан. Нэг жил ч хүрэхгүй хугацаанд ийм амархан
рекорд эвдэж болох юм уу зэрэг элдвийн үг яриа гарсан. Эвдэхийн төлөө рекорд байдаг
гэж хэлсэн хүн ч байсан. Тэр үед (агсан)Тайхо багш “Давж гарах рекорд байдаг юм
бол бүгдийг нь үзээд алд” гэж хэлсэн үг нь намайг их зоригжуулж байсан юм. Тайхо
багш намайг 32 дахь түрүүний рекордыг эвдэх байлгүй гэж бодож байсан ч байх. Одоо
ингээд бодоход рекорд эвдэх, тэдэн удаагийн гэсэн тоонд баригдахдаа биш юм. Сүүлийн
хэдэн жил Тайхо багшаас янз янзын зөвлөгөө авч, хайрлуулж, эрхэлж байжээ. Сумогийн
ертөнцөд хэлдэгчлэн багшийнхаа ачийг нь хариулахад л гол нь оршдог юмуу даа. Зөвхөн
тоон рекордод баригдалгүй ачит багш нарынхаа заалгаж, сурч авч мэдсэн зүйлээ бодитоор
хэрэгжүүлж, сумогийн замналаар хүн шиг явах нь хамгийн чухал бол уу.

-Тооны хойноос хөөцөлдөлгүй хүн шиг яв
гэсэн үг байх нь ээ.

Хакухо: Тайхо багшийн өмнө Чиёонуфүжи аврага
/Одоогийн Коконуэояагата/-ийн 31 түрүү байна. Тиймээс ч зуны башё эхлэхээс өмнө
Коконуэ дэвжээнд очиж кэйко бэлтгэл хийсэн юм. Өөрөөсөө өмнөх ахмад хүнийг хүндэлж,
тэднийд очих ёстой. Тэр гавьяатай хүнийг үл хайхарна гэдэг миний хувьд байж болшгүй
зүйл. Чиёонофүжи аварга кейко бэлтгэлийг минь нүдээрээ харж, ийм бөх болсон юм бол
миний рекордыг эвдсэн ч яахав ээ гэж бодуулахгүй бол болохгүй.

Ж. М: Тайхо аваргын  тухай бол барилдаж байсан үеийнх нь байдлыг сайн
мэдэхгүй. Гайхалтай мундаг хүн байсан гэдгийг нь сонсож байсан. Хүүд минь үнэтэй
зөвлөгөө, сургамжаа айлдаж байсан гэсэн. Нас залуу, хугацаа байна. Хүү маань 32
түрүүг давчих байлгүй дээ.

-Та, Монгол бөхийг хөгжүүлэхэд их хувь
нэмэр оруулж, үүрэг хариуцлагыг нь үүрэлцэж явсныхаа хувьд бөх хүний манлайд явах
зүрх сэтгэлийг сайн ойлгож байгаа байх. Ер нь бие сэтгэлийн хаттай явна гэдгийн
талаар?

Ж.М: Үндэсний спорт болтлоо хөгжиж, олныг баясгасан,
ард түмний баяр наадам болтлоо хөгжсөн нь Монгол, Япон хоёр л байх. Би ч ялгаагүй
монгол бөхийн их аварга Ёкозуна болсон. Үүнд бат итгэл найдвар, цөхрөлтгүй хичээл
зүтгэлтэй байж л хүрнэ.

Хакухо: Хүчтэй болно, цөхрөлтгүй зүтгэнэ гэсэн
чин сэтгэл байх ёстой бол уу.

Ж.М: Монгол, Япон аль нь ч бай, ард түмний дэмжин
уухайлж байгаа зүрх сэтгэлд нь хариулахын тулд, итгэл найдварыг нь алдахгүйн төлөө
хариуцлагаа ухамсарлаж, хичээж зүтгэх нь хамгийн чухал юм.

Хакухо: Оозэки байхад “Аваргын сэтгэлийг аварга
болсон хүнээс өөр хүн мэдэхгүй” гэсэн үгийг их сонсдог байлаа. Ойлгодог ч үгүй байв.
Банцүкед гэхэд нэг л зиндаагаар ялгаатай. Юуг нь ойлгохгүй гэж боддог байлаа. Ёкозуна
болоод ямар их ялгаатайг нь ой тойндоо ортол ойлгосон юм. Бяр чадлын хувьд тийм
их зааг байхгүй байж мэднэ. Сэтгэл санаа, хариуцлагын хувьд тэнгэр газар шиг ялгаатай.
Одоо би Оозэки байсан бол Ёкозуна гэж дайрахгүй ээ.(Инээв) Яг одоо аавын хэлж байгаа
үгээр би аваргынхаа нэр төрийг өндөрт өргөж явахын төлөө хичээнэ. Сүүлийн үед их
бодогдож, баримталж байгаа зүйл гэвэл “Мөрөөдөл”, “Хувь заяа”, “Зүрх сэтгэл” гэсэн
гурван үг ханз дүрс бичиг юм. Уужим зүрх сэтгэлээр бүх хүчээ дайчлан хувь заяаныхаа
эзэн нь болж, мөрөөдөлдөө хүр гэсэн утгатай.

-Аваргаа та, цаашид ер нь хүүгээсээ юу
хүлээж байна вэ?

Ж.М: Монгол, Япон ялгаагүй нилээд жил хүү маань
зөвхөн хүчтэй бөх гэдгээрээ гайхагдах бус олон хүнд сэтгэлийнхээ сайхнаар нөлөөлж
яваа гэж бодож байна. Тиймээс зодог тайлсан ч тэр сайхан хүндлэл, хайрыг дааж яваасай
гэж хүсч байна.

-Зодог тайлаад ояагата болно гэсэн бодол
бий юу?

Хакухо: Сүүлийн үед сэтгэлд байнга орж ирээд байдаг
зүйл гэвэл  Монголын уудам их талд төрж мэндлээд
Японы Сумогийн буянаар өсч өндийж, өдий зэрэгт хүрсэн болохоор хоёр улсыг холбох
гүүр нь болох ёстой гэж бодогдоод байгаа. 1300 жилийн түүхтэй сумогийн ертөнцөд
нэрээ мөнхөлж, өсөж, эрийн цээнд хүрсэн болохоор амьдрал минь салшгүй холбоотой
явах бол уу. Сумогийн ирээдүйн хөгжил дэвшилд ч өөрийн хувь нэмрээ оруулах нь гарцаагүй
болох л байх. Одоогоор ийм л юм хэлнэ дээ.

Ж.М: Одоо хүү маань сумогоор барилдаж байна.
Монголд ч бөх бий. Бөхийг хайрлаж, түүнд бүхнээ зориулаж яваасай гэж хүсч байна.
Бөх хүний алдар нэрийг өндөрт өргөж явах хариуцлага бидэнд бий гэдгийг байнга санаж
явах ёстой. Нүдний өмнө байгаа хариуцлагаа юун түрүүнд нэр төртэй биелүүлж, бүх
хүчээ дайчилж яваарай. Чин сэтгэлээсээ хайрлах зүрх сэтгэлийг огтхон ч мартаж болохгүй.
Тэгсэн цагт үр өгөөж нь аяндаа ирнэ.

  Ярилцсан
В.ДАВАА

Орчуулсан Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Пайпэр Кэмбэлл: Эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалах нь чухал

АНУаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй ярилцлаа.

Монгол улс Анутай ойр харилцаатай, бас дэлхийд Анутай зарим асуудал дээр санал нийлдэггүй хоёр том оронтойгоо ч сайн хөршийн харилцаатай улс. Сая дараалаад БНХАУ, ОХУын Ерөнхийлөгч нар Монголд ирээд буцлаа. Ануын Элчин сайдын хувьд энэ айлчлалуудын талаар ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсад өмнөд, хойд хоёр улсын тэргүүнүүд нь айлчиллаа. Монгол Улсын гадаад бодлого хоёр гол тулгуур баганатайг авч үзвэл эдгээр айлчлалууд бол хүн гайхширмаар зүйл биш, энгийн үйл явдал юм. Нэг багана нь хоёр том хөрштэйгөө улс төр, эдийн засгийн түвшинд найрсаг хамтын ажиллагаатай байх нь чухал гэсэн хандлага. Нөгөө нь анхдагч хөршийн бодлоготойгоо зэрэгцүүлээд 25 жилийн турш маш амжилттай хэрэгжүүлж ирсэн гуравдагч хөршийн бодлого. Үнэт зүйлс, туйлын зорилго ижил улсуудтай Монгол Улс харилцаж, анхдагч хөршийн бодлоготойгоо тэнцвэржүүлж байгаа нь чухал явдал юм. Тийм болохоор АНУ Монголын гуравдагч хөрш байдгаараа үргэлж бахархдаг.

эг хэсэг ОХУ их задралын дараа дотооддоо, БНХАУ эдийн засгийн хөгжилдөө анхаараад гадаад нөхцөл байдалдаа тэгтэл анхаарахгүй үе байсан нь бидэнд үүлэн чөлөөний нар шиг байсан. Одоо аль, аль нь гадаад харилцаандаа ихээхэн анхаарч бүс нутагтаа нөлөөллөө тогтоохыг эрмэлзэх болсон нь бидэнд амаргүй байдлыг үүсгэнэ гэж үзэх хүмүүс байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Монгол бол өөрийн гэсэн бахархалтай бие даасан, хараат бус улс үндэстэн.

Монгол Улс ардчилсан замыг сонгох сонголтыг өөрсдөө бие дааж хийсэн түүхтэй улс орон. БНХАУ-ын дарга си Жиньпин сая хийсэн айлчлалынхаа үеэр “Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ” гэж хэлснийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн замаар Монголын Засгийн газарт дарамт шахалт үзүүлэх ч юм уу, Монголын ард түмнийг айлгах зүйл байна гэж бодож байгаа хүмүүсийн хандлага буруу байна аа гэж би хэлмээр байна. Харин энэ бүхэн нь илүү тэнцвэртэй байдал буюу Монголын талаас анхдагч болон гуравдагч хөршийн бодлогоо тэнцвэртэй хэрэгжүүлэх нь чухал юм гэдгийг харуулж байна. АНУ-ын зүгээс сүүлийн үед Азид хандсан дахин тэнцвэржүүлэлтийн бодлогын талаар их ярих болсон.

Дахин тэнцвэржүүлэлтийн бодлого гэж чухам юуг хэлж байна вэ?

-Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Азид баримталж байгаа дахин тэнцвэржүүлэлтийн бодлогынхоо талаар тайлбарласан илтгэлүүд тавьж байсан л даа. Товчхондоо бол Афганистан, Иракт байлдааны ажиллагаа явуулж байсан 10 жилийн хугацаанд улс төр, цэргийн бодлогын аль аль нь тухайн бүс нутагт ихээхэн чиглэж байсныг АНУ хүлээн зөвшөөрөөд, өөрөө ч Номхон далайн бүсэд хамрагддаг улсын хувьд энэ бүс нутаг руу хандах бодлогоо эргэн харах ёстой гэж үзэж байгаа. Энэ бүс нутаг маш идэвхтэй, хөдөлгөөнтэй бүс болж, цаашдын хөгжил дэвшилтэй холбогдож байгаа учраас АНУ анхаарлаа ч, нөөц бололцоогоо ч ийш хандуулж, хуучин баримталж ирсэн бодлогоо дахин тэнцвэржүүлэх ёстой гэсэн хандлагатай байгаа юм. Гэхдээ энэ бодлогодоо Хятад, оросын байр суурийг тооцоолж үзэх нь мэдээж. АНУ-ын Ази руу баримталж буй дахин тэнцвэржүүлэлтийн бодлого нь Ази, Номхон далайн орнуудтай бидний харилцаж ирсэн уламжлалт, бат бэх харилцаан дээр илүүтэй суурилж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Өнгөрсөн долоо хоногт болсон хөрөнгө оруулагчдын хурал дээр хэлсэн таны үг хүмүүсийн анхаарлыг татаж байна л даа. Таны ярианаас та Монголын тусгаар тогтнол бол зөвхөн геополитикийн бус эдийн засгийн тусгаар байдал гэдгийг ойлгох ёстой гэж хэлэх гээд байх шиг санагдсан?

-Тэнд хэлсэн үгэндээ би зөвхөн монголчууд гээгүй, бид бүгд үүнд анхаарах ёстой гэж хэлсэн юм. Ер нь бид, албаны хүмүүс голдуу геополитикийн тал дээр түрүүлж анхаарлаа хандуулчих гээд байдаг. Тийм болохоор заримдаа эдийн засгийн аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдлын хувьд ямар чухал асуудал вэ гэдгийг мартчих гээд байдаг гэж хэлсэн л дээ. Тэнд хэлсэн миний гол санаа бол геополитикийн чиглэлийг тодорхойлогч хүчин зүйл болох эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн өсөлтөө үргэлжлүүлэн хадгалах нь чухал юм шүү гэдгийг онцолсон юм.

Эдийн засгийн тусгаар тогтнол юу, юунаас илүү чухал гэдэг үнэхээр үнэн. Хөрөнгө санхүүгийн асуудал гараад ирэхэд хэн илүү боломж олгосон талын хэлснийг биелүүлэхэд бэлэн болчих тал байдаг. Эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалахын тулд эхний шатанд юу хийвэл зохилтой вэ?

-Удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар хүлээгдэж байгаа хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх байх гэж бид харж суугаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын сонгож авсан замналын талаар тодорхой хийгээд баталгаатай ойлголтыг өгсөн хууль тогтоомжийг батална гэж найдаж байна. Мөн хоёр талт хамтын ажиллагааны хувьд өнгөрөгч онд АНУ болон Монгол Улсын Засгийн газрын үзэглэсэн Ил тод байдлын гэрээг соёрхон батална гэсэн хүлээлттэй байгаа. оюутолгойн төслийг Монголын эдийн засгийг баталгаатай болгож, хөгжилд хөтлөх томоохон төсөл гэж бид үздэг. Монголын Засгийн газар, рио Тинто компанитай хамтран уурхайн олборлолтын хоёрдугаар шатыг цааш хөдөлгөх яриа хэлэлцээр шийдэлд хүрнэ гэж найдаж харж байгаа. Мөн Тавантолгойн төслийг бүрэн хүчин чадлаар нь хэрэгжүүлэх нь Монголын эдийн засагт томоохон түлхэц болох юм. Эдгээрийг би монголчуудын эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулах нааштай алхмууд гэж харж байна. Монголын Засгийн газар эдийн засгаа солонгоруулах буюу төрөлжүүлэх талаар ярьдаг. Гэхдээ ихэнх баялаг нь байгалийн баялаг байгаа

учраас эрдэс баялаг, уул уурхайн салбараа зөв хөгжүүлэхээс олон зүйл шалтгаална.

Манай гуравдагч хөрш гэгддэг орнууд эхнээсээ уул уурхайн салбарын төслүүдэд хамтрах саналаа хүргүүлчихээд байгаа. АНУын хувьд тухайлсан ямар салбарт хамтран ажиллах сонирхол, хүсэл байгаа вэ. Зарим компаниуд оффисоо нээчихээд байдлыг хүлээж суугаа гэсэн яриа ч байдаг?

-Монголын түншүүдтэйгээ хамтран ажиллах хүсэл Америкийн компаниудад байгаа. Гэхдээ хамгийн шилдэг үйл явц бол нээлттэй тендерийн үйл явц байдаг гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна. Засгийн газар нөхцөл байдлыг тодорхойлж, хэрэгцээ шаардлагаа ил тод зарладаг. Харин компаниуд хэрэгцээг нь ямар арга замаар хангах вэ гэдэг талаар бизнесийн саналаа тодорхой илэрхийлж өрсөлдөх ёстой. Тендерийн үйл явц нээлттэй, шударга байдлаар явагдах тохиолдолд Тавантолгойд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцох сонирхолтой байгаа “Пибоди” зэрэг Америкийн компаниуд өөрсдийн давуу талууд дээр тулгуурласан санал буюу шилдэг технологийг тааламжтай үнээр оруулж ирэх, Монголд юу авчирч болох тухай саналаа тавих боломжтой юм. Гэхдээ Тавантолгойд АНУ-ын ямар нэг компанийг оруулах нь бидний найрамдал, найрсаг харилцааны үнэ цэнэ, төлөөс гэж хэлэх гээгүйг энд тодотгоё. Харин бүх тоглогчид адил тоглоомын дүрмээр тоглосон цагт АНУ-ын баг ялах боломжтой гэдгийг л хэлж байгаа юм.

Сүүлийн үедгуравдагчбаанхдагчхөршийн бодлогын талаар та нэлээд дурдаж байгаа нь анзаарагдаж байна л даа. Гуравдагч хөршийн бодлого бидэнд үнэхээр чухал уу?

-Би энэ талаар надаас илүү хариулчихсан нэг монгол хүний үгийг иш татмаар байна л даа.Үүнийг илтгэлдээ дурдаж байсан юм. Тэр хүний үгэнд “Гуравдагч хөршийн бодлого бол бид аль нэг орноос буюу орнуудаас хамааралгүй байхад тус болох бодлого юм. Энэ нь олон улсын харилцаанд Монголын уян хатан байдлыг сайжруулахад чиглэгдэж, бид зөвхөн орос, Хятад төдийгүй аль болох олон тоглогчтой ойр нягт харилцаатай байх гэсэн хүчин чармайлт юм” гэсэн байдаг.

Монгол хүн өөрөө ингээд хэлчихсэн байхад би нэмж хэлэх нь илүүц болов уу.

Та Монголын эдийн засгийн нөхцөлийн талаар баталгаатай бат бэх үндэс суурьтай гэж гадны хөрөнгө оруулагчдад хэлдэг талаараа нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Өнөөгийн нөхцөл байдалд тэд тантай хэр санал нийлж байгаа бол?

-Манай элчин сайдын яам Монгол Улсын боломж чадавхийг ойлгодог компаниудаас мэдээлэл, асуулт тавьсан хүсэлтүүдийг хүлээж авсаар байгаа. Бат бэх үндэс суурь бий эсэх дээр маргаан байхгүй гэж би итгэдэг. Харин хөрөнгө оруулагчдын асуудаг зүйл нь богино хугацааны нөхцөл байдал буюу одоо Монголд яг юу болж байна, хууль тогтоомж, дүрэм журам нь тогтвортой байна уу, баталсан хууль дүрэм нь амьдрал дээр яаж хэрэгжиж байна вэ, бүх хүмүүст ижил тэгш үйлчилж байна уу гэдэгт л анхаарлаа хандуулдаг.

Хөрөнгө оруулагчид биднийг сонирхож байсан алтан үе өнгөрсөн гэж ярих нь бий. Дайжаад явчихсан хөрөнгө оруулагчдыг эргэж татахын тулд хамгийн эхлээд юуг хийвэл зохилтой вэ?

-Одоогийн байдлаар шийдвэрлэгдээгүй байгаа зарим асуудлууд байгаа. Тухайлбал, шүүхийн шатандаа яваа гадаадын иргэд холбогдсон хэргүүд байна. Мөн эрх нь цуцлагдсан 106 лицензийн гээд асуудлууд байна. эд бүгдийг яаж шийдэхийг гадны хөрөнгө оруулагчид харж байгаа. Засгийн газар тэдгээрийг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой алхам болох юм. Мөн хууль тогтоомж тогтвортой хэрэгжих эсэхийг анхаарч байна. Хийсэн гэрээ хэлэлцээр дараагийн нэг өдөр хамаарахгүй болчихдог байх вий гэдгээс хөрөнгө оруулагчид болгоомжилдог. Түүнчлэн дээр хэлсэн Ил тод байдлын гэрээг УИХ-аас соёрхон баталбал Их Хурал, Засгийн Газар нь гадны хөрөнгө оруулагчдад хууль, эрхзүйн орчноо нээлттэй, ил тод болгохын төлөө байгаа гэсэн дохиог тэдэнд өгч чадах юм.

 

 

Та хаа явсан газраа инээд цацруулж явдаг хүн. Өнөөдөр энгийн үе шигээ инээж харагдахгүй байх чинь. Миний асуулт танд таалагдсангүй юу эсвэл Монголд ирсэн хоёр жилийн хугацаа таныг өөрчлөв үү?

-Танд тэгж санагдлаа гэж үү. /инээв/ Бидний өнөөдрийн ярилцлага маань улс төрийн тусгаар тогтнол, эдийн засаг, хүн ардын сайн сайхан амьдрал гээд нарийн ширийн асуудлуудыг хөндөж ярилцсан учраас нухацтай хариулах шаардлагатай байлаа. Чухал сэдвээс нухацтай яриа үүсдэг шүү дээ, тийм л учиртай. Надад Монголд ажиллах маш их таалагдаж байгаа. Энд би аз жаргалтай байгаа шүү.

Та дээр хэлэхдээ хөрөнгө оруулагчид Монголын тухай мэдээллийг байнга хүсч, асууж байдаг гэж хэлсэн. Улс төрийн тогтворгүй байдал, эсвэл Засгийн газрыг огцруулах тухай ээлжит мэдээлэл хөрөнгө оруулагчдын санааг хэр түгшээдэг бол?

-Ямар нэг мэдээлэл гарах бүрийд хөрөнгө оруулагчид Элчин сайдын яамны саналыг асууж, мэдээлэл хүсч байдаг. Бидний зүгээс тэдэнд Монгол Улс аюулгүй байдлаа хангасан, тогтвортой орон гэдгийг хамгийн түрүүнд хэлж байдаг. Хөрөнгө оруулагчид аль ч улсын хувьд улс төрийн нөхцөл байдлын талаар нарийн ширийн мэдээлэл асууж хүсэх нь зүйн хэрэг юм.

Танай яамны албаны хүн манай зарим хуулийн заалтад хувийн компанийн хөрөнгийг төрийн ажилд дайчилж болно гэх мэт хэт нийгэмчилсэн заалтууд байдагт хачирхаж байгаагаа илэрхийлсэн. Үнэхээр та бүхний хувьд ойлгоход хэцүү, пост коммунист орны иргэдэд нэг их хачирхал төрүүлдэггүй зүйлс байдаг уу?

-Манай Элчин сайдын яамнаас Ил тод байдлын гэрээний ач холбогдлыг цохон тэмдэглээд байгаагийн нэг шалтгаан нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд болон төсөл хэлбэрээр байгаа хуулийн төслүүдийн орчуулгыг харахад хоёрдмол утгатай, эргэлзээ төрүүлэх зүйл олон байдаг. Заримдаа нэг хуулийн хэд хэдэн албан бус орчуулга ч явж байдаг. Өчигдөр л гэхэд Монголын нэг хуулинд хэрэглэсэн тодорхой нэр томьёо яг ямар утгатай болох тухай монгол, америк хоёр хүн ярилцаж байхыг би сонссон. Өөр өөр улс орны хүмүүсийн хувьд санал зөрөлдөх, асуудалд өөрөөр хандах зүйл байж л таарна. Харин үгийн утга дээр санал зөрөлдөх, буруу ойлгогдох зүйл байж болохгүй гэж би хувьдаа боддог.

Та морь унах хоббитой нэгэн. Монгол бол морины эх орон. Бас монголчууд хүндтэй зочиндоо морь бэлэглэдэг. Та энд ирээд морь их унаж байна уу, морь бэлгэнд авав уу?

-Тийм ээ, би морь унах дуртай. Хөдөөгүүр ажлаар явах үедээ морь унах боломж надад гардаг. Саявтархан Дорнод,Төв аймгуудаар явах үеэрээ морь унасан. Монголд ирээд морь унахаас гадна би анх удаа тэмээ унаж үзлээ, их таалагдсан. Бэлгэнд мориноос гадна тэмээ ч авсан шүү.

 

Categories
мэдээ спорт

Өнөөдөр аваргын төлөө АНУ-Сербийн шигшээ багууд тоглоно

Өчигдөр Испаний Мадрид хотын “Barclaycard Arena”-д болсон тоглолтод Францын шигшээ Литвийн багийг 95:93 харьцаагаар хожиж, хүрэл медаль хүртлээ. Францын шигшээ багийн Батум 27 оноо авч багаа хожилд хүргэсэн бол Литвийн багаас Валансинас 25 оноо авчээ.

Францын шигшээ баг 1954 оны дэлхийн аваргад 4-р байрт шалгарч байсан бол “Япон-2006”-д V, “Турк-2010”-т XIII байрыг эзэлж байсан тэд “Испани-2014”-т хүрэл медаль хүртлээ.

Францын шигшээ баг 2014 оны дэлхийн аваргын “А” хэсэгт гурван хожил, хоёр хожигдолтой гуравдугаар байраар шалгарч шөвгийн 16-д Хорватын багийг 69:64 харьцаагаар хожсон. Шилдэг дөрөвт багтахын тулд тэмцээнийг зохион байгуулагч Испаний багтай оноолт таарсан бөгөөд хэсэгтээ 64-88-ын харьцаагаар хожигджээ. Гэвч энэхүү тоглолт 65:52 харьцаагаараа францчуудын ялалтаар өндөрлөсөн юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Сербийн багтай тоглож, 85-90-ийн харьцаагаар хожигдож, хүрэл медалийн төлөө тоглох болсон. Тэдний эсрэг олимп, дэлхийн аваргад өндөр амжилтыг үзүүлдэг Литвийн баг АНУ-ын багт ялагдсанаар шалгарсан юм. Өнгөрсөн жилийн Европын аваргын финалд Франц-Литвийн багууд шалгарахад францууд 80-66-ын харьцаагаар илүүрхэж, хожсон юм. Бямба гаригийн тоглолтод хоёр багийн хувьд тэнцүүхэн байж, эцсийн мөчид 95:93 харьцаагаар Францын шигшээ баг ялалт байгуулснаар, дэлхийн аваргын түүхэн амжилтаа үзүүллээ. Энэхүү тоглолтыг “Barclaycard Arena”-д 11 800 хүн үзэж сонирхжээ.

Өнөөдөр аваргын төлөө АНУ-Сербийн шигшээ багууд тоглох юм. 

Categories
мэдээ нийгэм

Таван байршилд зуслангийн газар өмчлүүлнэ

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь энэ сардаа багтаан таван байршилд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлэхээр болжээ. Үүнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт,  Сүхбаатар дүүргийн  Архустай, Цолмон, Цээнэ гэсэн таван ам хамаарагдаж байгаа аж.

Зуслангийн газар өмчлөх иргэн нь тухайн газраа эзэмших эрх авсан байхаас гадна нэг удаа газар өмчилнө гэсэн Газрын тухай хуульд заасан заалттай нийцсэн байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, та ахуйн зориулалтаар газар өмчилсөн бол давхар зуслангийн газар өмчлэх эрх үүсэхгүй. Тиймээс энэ асуудлыг анхаарах ёстойг мэргэжлийн байгууллага анхаарууллаа.